Эх сурвалж: gogo.mn, 2009.11.27
Нийслэлийн төв хэсгийг бид элдэв нэмэлт тодотголгүйгээр дөч, тавин мянгат гэхэд л ойлгодог. Их хотын гал голомт, соёл, урлаг, үйлчилгээний том төв болсон энэ хэсэг Улаанбаатарыг орчин үеийн том хот болох хамгийн анхны шанг татсан газар.
Анхны орон сууцны хороолол бүрэн утгаараа энд бий болж, нийслэлийн гэх унаган хүн ам чухам эндээс үүссэн гэхэд хилс болохгүй юм. Энэ хорооллыг Монгол-Зөвлөлт хоёр улсын Засгийн газрын төлөөлөгчдийн хэлэлцээрээр ЗХУ-ын санхүү, материал-техникийн тусламжаар Улаанбаатар хотод 40 мянган ам метр ашигтай талбай бүхий орон сууцны барилгыг соёл үйлчилгээний газруудын хамт барьж байгуулахаар тохиролцсоноор барьж босгосон юм. Уг хэлэлцээрийн дагуу Москва хотын ГИПРОГОР институтээс нэгдүгээр 40 мянгатын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөөг зохиожээ.
Тэр төлөвлөгөөгөөр 1958-1961 онд 1093 айл амьдрах орон сууцны гурван давхар орчин үеийн тохилог олон арван байшингаас гадна сургууль, хүүхдийн цэцэрлэг, ясли, дэлгүүр, гуанз зэрэг соёл үйлчилгээний хэд хэдэн барилгыг барьж ашиглалтад оруулсан. Тэдгээрийн дотроос 30 айлын сууцны байшин /22 дугаар байр/-г 1958 оны наймдугаар сарын 29-нд анх ашиглалтад оруулжээ. Нэгдүгээр 40 мянгатын орон сууц бол нийслэл хотын хорооллын журмаар барьсан анхны барилга байгууламж юм.
Дөч, тавин мянгат хэмээн энэ хорооллыг чухамдаа эзлэн оршиж буй талбайн хэмжээнээс нь хамааран нэрлэсэн юм билээ. 40 мянган ам метр ашигтай талбай бүхий орон сууцны гурав дөрвөн давхар барилгууд, БНХАУ-ын тусламжаар 50 мянган ам метр ашигтай талбай бүхий хорооллыг босгосон. Сүхбаатарын талбайгаас баруун тийш хуучин Их Хүрээний баруун хорооны өмнөд хэсэг, мөн Баруун дамнуурчны өмнөд хэсэг, Түшээт ханы болон Ханд чин вангийн хашаа, Усны гудамж, бараан зах, хуучин худалдааны гудамжуудыг буулгаж нэгдүгээр 40 мянгат хэмээх газар доороо зоорьтой, гол төлөв дөрвөн давхар, төмөр бетон суурьтай 64 см зузаан тоосгон ханатай адрын хөндий бүхий нимгэн төмөр хуудсаар бүрсэн дээвэртэй орон сууцны хорооллыг ЗХУ-ын зураг төслөөр барьжээ.
Цаашид үргэлжлүүлэн хоёрдугаар 40 мянгат хэмээх орон сууцны хорооллыг мөн газар доороо зоорьтой төмөр бетон суурьтай 64 см зузаан тоосгон ханатай, давхар хоорондын хучилтыг төмөр бетон хавтангаар хучсан дээвэртэй, гол төлөв дөрвөн давхар сууцны барилгуудыг ЗХУ-ын төслөөр хятад ажилчид барьжээ. Үүний зэрэгцээ 50 мянгат хэмээн нэрлэгдсэн сууцны барилгуудыг Улсын барилгын зургийн газартай хамтран хийсэн зураг төслөөр хятад барилгачид Энхтайваны гудамжны хоёр талаар барьжээ.
Эдгээр хороололд сууцны барилгуудыг хашаа мэт хороолсон байршилтай, тэдний дунд хүүхдийн цэцэрлэг, ясли, 23,24 дүгээр сургуулийн хичээлийн хичээлийн байр, мөн мэргэжилтний 20 дугаар дэлгүүр /одоогийн Голомт банкны картын төв/ баригджээ. Нэг, хоёрдугаар 40 мянгатын орон сууцны хорооллыг барих үед хуучин худалдааны гудамжийг өргөтгөж, гудамжны хойт талд үйлчилгээний нэгдсэн төвийн барилгыг архитектор Б.Дамбийнямын зураг төслөөр босгосон нь Урт цагаан хэмээн олны дунд нэрлэгдэх болжээ.
Г.Очбаяр