Showing posts with label infrastructure. Show all posts
Showing posts with label infrastructure. Show all posts

УЛААНБААТАР ХОТЫН ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЭР БАРИХ ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 80 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Эх сурвалж: Барилга, хот байгуулалтын яам. 2023.10.10


















Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж хоногт 250,000м3 ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг Монгол улсын MNS:4943-2015 стандартын түвшинд цэвэршүүлэх хүчин чадалтай байна. Тус байгууламжийг Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин цэвэрлэх байгууламжийн баруун талд 17.6 га талбайд барьж байна.


Тус байгууламжийг БНХАУ-ын 262.7 сая ам.долларын хөнгөлөлтэй зээлээр түлхүүр гардуулах нөхцөлтэй /ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралт, тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах ажил/-өөр олон улсын "ЕРС" гэрээний зарчим дээр үндэслэн байгуулж байгаа билээ.


Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тисижу сивил инженеринг групп” ХХК, “Бээжин констракшн инженеринг групп” ХХК-ийн консорциум, ажлын нарийвчилсан зураг төслийг БНХАУ-ын Шанхай хотын “Инженерийн зураг төслийн институт” ХХК /Shanghai municipal engineering design institute Co,LTD/ гүйцэтгэж, Монгол улсын болон Олон улсын стандартад нийцүүлэн зургийг хөрвүүлэх ажлыг “Сивил инженеринг консалтинг” ХХК, “Криетив монголиа” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж байна.


Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн хүрээнд нийт 35 барилга байгууламжийг барьж байгуулах бөгөөл инженерийн шугам сүлжээ дэд бүтэц, барилга угсралтын ажилд ерөнхий гүйцэтгэгч талаас 520, Монгол талаас туслан гүйцэтгэгч компанийн 310 инженер техникийн ажилчин ажиллаж байна.


2023 онд төслийн барилга угсралтын ажлын явцыг 85 хувьд тоног төхөөрөмжийн татан авалтыг 60 хувьд хүргэх зорилттой ажиллаж байна. Мөн барилгын бүтээцийн ажил дууссан байгууламжуудад битүүмжлийн гидравлик туршилтыг хийж эхэллээ.

"Шинэ цэвэрлэхийн барилгын ажил 426 хүний хүчээр 67%-тай өрнөж байна. Ирэх оны 10 сард ашиглалтад оруулна"

Эх сурвалж: Б.Манлай, www.ikon.mn, 2023.05.03





Шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил тавдугаар сарын 1-нээс үргэлжилнэ хэмээн Хотын инженерийн байгууламжийн хэлтсээс мэдээлж байв. Харин шинэ байгууламжтай болсноор Улаанбаатарт өмхий үнэр гарахгүй байх эсэх, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн технологийн инженер Б.Анхбатаас тодрууллаа.


- Цэвэрлэх байгууламжийн барилгын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн үү, ажлын явц хэдэн хувьтай байгаа вэ?


- Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын бэлтгэл ажил 2023 оны гуравдугаар сарын 28-наас эхэлсэн. Үндсэн 17 барилгыг угсрах ажил 67%-тай хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын талбай дээр нийт 426 хүн ажиллаж байгаагийн 200 орчим нь хятад ажилчин. Үлдсэн нь монголчууд.


Энэ жил барилга угсралтын ажлыг 85%-д хүргэж, дуусгах төлөвлөгөөтэй. Ирэх жил тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах, тохируулах, турших ажлууд хийгдэнэ. Ингээд шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг 2024 оны аравдугаар сард дуусгахаар төлөвлөж байна. Ямар нэг саад гарахгүй бол хугацаандаа ашиглалтад орно.


Өнгөрсөн жилүүдийн хувьд цар тахлаас шалтгаалаад ажиллах хүчний хомсдолд орж, бараа материалын татан авалт гацаж, ашиглалтад орох цаг хугацаанаас хойш татсан. Мөн тээврийн өртөг, цемент, арматурын үнэ өссөн нь төслийн үйл ажиллагаанд нөлөөллөө.


Энэ жилийн хувьд хил нээгдэж, бараа материалын татан авалт, барилгын бүтээн байгуулалтын ажил хэвийн явагдаж байна. Санхүүжилт гүйцэтгэлээр тооцогддог. Гэхдээ ханшийн зөрүүгээс шалтгаалсан санхүүжилтийн асуудал гарч байна.


- Шинэ цэвэрлэх байгууламж нь хэдэн объекттой байх бол?


- Төслийн хүрээнд нийт 33 объект баригдана. Харуулын байр, дулаан хуваарилах, үнэргүй болгох систем, цахилгааны дэд станц, гарааш, агуулах, захиргааны гээд барилгууд бий.


Технологитой холбоотой 25 барилга байна.


- Технологийн хувьд өмхий үнэр гарахгүй байх уу, ямар онцлогтой вэ?


- Одоо баригдаж байгаа цэвэрлэх байгууламж нь битүү. Өөрөөр хэлбэл, ашиглалтад орсны дараа өмхий үнэр гарахгүй.


Хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй байна. Манайд тусгайлан зориулж тоног төхөөрөмж үйлдвэрлэж байгаагаараа онцлогтой. Азидаа эхний 10-т орох томоохон байгууламж. 


Байгууламжийн тоног төхөөрөмж Герман, Швед, Япон зэрэг улсаас нийлүүлэгдэнэ. Зарим тоног төхөөрөмж Хятадад байдаг хамтарсан үйлдвэрээс ирнэ. Тухайлбал, насос гэхэд атомын цахилгаан станцын насос үйлдвэрлэдэг үйлдвэрүүдээс авна. Хамгийн сайн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг сонгож байгаа.


Шинэ цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хоногт 250,000 метр куб бохир ус хүлээн авч цэвэрлэнэ. Одоо ажиллаж байгаа цэвэрлэх байгууламж хоногт 180,000 орчим метр куб бохир ус цэвэрлэдэг. Хүн амын тоогоор нь авч үзвэл, нэг сая орчим хүнд тохирсон хүчин чадалтай. ААН, үйлдвэрийн бохирыг тооцоололд оруулсан.


Технологийн хувьд механик болон биологийн цэвэрлэгээтэй, лагийн бүрэн боловсруулалт хийгдэнэ. Лагийн бүрэн боловсруулалт гэдэг нь лагийн тодорхой хэсгийг эсгээд хий гарган шатааж өөрийн дотоодын дулаан, цахилгаанаа хангах ашигт үйлийн коэффициент өндөртэй байгууламж гэж ойлгож болно.


Гэхдээ үйлдвэрүүдийн урьдчилан цэвэрлээгүй ус буюу стандарт хангаагүй өндөр бохирдолтой ус нийлүүлэгдвэл цэвэрлэх байгууламж ажиллахгүй. Учир нь үйлдвэрийн хэт өндөр бохирдолтой ус нийлүүлж болохгүй. Өөрөөр хэлбэл, үйлдвэрүүд үс ноос байвал цэвэрлэх, бүх хогоо бохиртоо хийхгүй, ангилах стандартаа барих хэрэгтэй, бүх хогоо 00 руугаа хийхгүй байхыг хичээнэ гэсэн үг.


Бусад улсад үйлдвэрүүд хэт бохирдолтой ус цэвэрлэх байгууламжид нийлүүлбэл шууд хааж, торгууль ногдуулдаг туршлага байдаг. 


Одоо гарч байгаа өмхий үнэрийг арилгах ажлыг Ус Сувгийн Удирдах Газар хариуцдаг. Бохирыг дөрвөн жил байгалийн аргаар хатаадаг байсныг өдөрт нь хатаадаг болгосон байсан. Хуучин цэвэрлэх байгууламжийн хүчин чадлаас хэд дахин их бохир нийлүүлэгдэхээр цэвэрлэж чадахгүй байгаагаас өмхий үнэртэж байгаа байх.


Цэвэрлэх байгууламж нь нэг хүнээс гарах бохирдлыг тооцоолоод цэвэрлэдэг стандарттай. Дэлхийн бүх улсад ингэж тооцоолдог.


Манай улсад мах, ноос боловсруулах үйлдвэрүүд, эмнэлгүүд бохироо урьдчилсан цэвэрлэх байгууламжтай байх ёстой. Одоо ажиллаж байгаа цэвэрлэх байгууламж ахуйн зориулалттай. Тиймээс эко үйлдвэр байхын тулд заавал бохироо урьдчилсан цэвэрлэх байгууламжийг хийх хэрэгтэй. Энэ стандартыг мөрдөх нь сул байна.


- Байгууламжийн төслийн нийт өртөг нь хэд вэ?


- Төслийн нийт өртөг 262.7 сая ам.доллар. БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр баригдана. 262.7 сая ам.долларын 95%-ийг Хятадын зээлээс үлдсэн 5%-ийг Монгол Улсын Засгийн газраас гаргаж байгаа.


Байгууламжийн бүтээн байгуулалтыг БНХАУ-ын "Төмөр зам IV анги" гүйцэтгэж байна.

Нийслэлийн гэрэлтүүлгийг автомат унтраалгатай болгохоор судалж байна

 Эх сурвалж: Д.Төгөлдөр, gogo.mn, 2023.03.13






Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. 


Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох журам боловсруулах, Нийслэл Улаанбаатар хотын гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалт, үйлчилгээний журам боловсруулах ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мэдээлэл өгөв. 


Тэрбээр “Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох журам боловсруулах Ажлын хэсэг байгуулагдаж, мэргэжлийн байгууллагуудаас саналаа аваад явж байна. Гэрэлтүүлгийн хувьд мөн Ажлын хэсэг байгуулагдсан. Дүүргүүдийн хариуцсан байгууллагуудтай уулзаж, өмнө нь хоёр байгууллага хамтран гэрээ байгуулдаг байсан бол одоо УБЗАА-тай хамтран гурвалсан гэрээ байгуулахаар ажиллаж байна. Гэрэлтүүлгийн асалт 98.3 хувьтай байгааг 100 хувь болгоно. Цаашид нэгдсэн автомат унтраалгатай болгох ажлыг судалж байгаа” гэв. 

ГУТАЛ #18: "Төрийн банк хаалтаа намсгаасай, автобусны жолооч нар бордюрт шахаад зогсож байгаасай"

Эх сурвалж: Г.Тэгшсүрэн, gogo.mn, 2023.03.12


Гуталгүй, гутал өмсөх боломжгүй ч хүн байгаа.



Хар, цагаан. Бор, шар. Майжиг, жайжиг. Гялгар, гялтгар. Шороотой тоостой...Энэ хотод, эргэн тойронд хэчнээн олон хэлбэр маягтай гутал холхино вэ.


Гадаа хүйтэнд өдөржин хөл хавсран суух худалдаачны гутал. Баасан гарагийн орой бүдчин байж гэртээ харих шоучны гутал. Хавартай хамт хайр мөрөөсөж яаралгүй алхах залуугийн хөлдөө жийсэн байдаг л нэг ботинк.


Гутал бүр хаа нэг тийш яаравчилна. Зорилгогүй тэнэж яваа бололтой зүүн тийш, тэгснээ баруун тийш буцаж эргэн холхих гуталтай ч таарлаа. Ер нь энэ гутлууд хаа хүрдэг бол?.


Хүн бүр гуталтай. Гутал бүрийн цаана амьдрал бий. Үгүй ээ, бас гуталгүй, гутал өмсөх боломжгүй ч хүн байгаа.


"Би ажлынхаа хүнд "ГУТАЛ" нэртэй буланд оролцоно гэж ярьтал "Чи хамгийн гоё гутлаа өмсөх үү" гэж асуусан. Өвөл, хавар, намар, зун. Цастай, бороотой, шавхайтай, шавартай аль ч үед солилгүй өмсдөг ганц гутал минь миний тэргэнцэр шүү дээ" гэж тэр ярив. Түүний гутал том размертай. Үүнээс болж энэ хотод амьдрахын тулд эзэн, гутал хоёр нүд үзүүрлэгдэх тохиолдол цөөнгүй.


Өнөөдөр Мартын-8. Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Иймд тэргэнцэр гэх том "гутал"-тай, 30 гаруй насны залуу эмэгтэйн зөрчигддөг эрхийг Улаанбаатарын гудамжнаас хамт хайв.


1. Хавдрын эмнэлгийн хажуугийн байранд тэр амьдардаг. Автобусны ойрхон буудал бий. Гэвч тэндээс налуу шаттай автобус явахгүй тул Зүүндөрвөн замын автобусны буудал руу хүрч очно. Очих замд асуудлууд тулгарах юм аа. Авто замын бордюрыг явган хүний замтай уусгалгүй огцом налуу барьж, байгуулснаас болж хэн нэгнээс тусламж хүсэх шаардлага тулгарч байна. Ойр хавьд хүнгүй бол тэргэнцрээ эргүүлж байгаад ухарна. Ингэж гарахгүй бол хойш савж унах эрсдэлтэй.


Явсаар автобусны буудал дээр хүрч очоод олноос зайдуу захад зогсов. Уулзварын цаанаас ирж буй автобус руу алсаас гараа өргөвөл жолооч түүнийг харж бордюр руу шахаж зогслоо. Автобусны арын хаалга онгойвол зорчиж явсан хоёр залуу бууж ирж бүсгүйд тусалснаар тэр суулаа. Ингэж сэтгэлээрээ, санаачилгаараа тусалсан хүмүүс "Эмнэлэг орох гэж яваа юм уу" гэж асуух нь цөөнгүй гэнэ. Үгүй ээ, тэр ажилдаа явж байгаа юм. Түүний ажил ТБД андуудад.


Автобусны жолооч нар өнөөдрийнх шиг үргэлж найрсаг байдаггүй, орхиод явчихдаг тохиолдол бишгүй. Тэргэнцэртэй хүн тэр болгон нийтийн тээврээр үйлчлүүлэхгүй. Хаа нэг үйлчлүүлсэн тохиолдолд автобусны жолооч нар сэтгэлээсээ хандаад,  налуу зам байдаг бол гаргаж өгөөд замын бордюр руу шахаж зогсож суулгах, буух газрыг нь асуучихвал бүр ч тустай аж.


Төв замаар зөвхөн Ч:1 чиглэлийн урт автобусанд л сууж ажилдаа явах боломжтой байсан бол сүүлд шинэ автобуснууд оруулж ирснээр хоёр давхар, урт, улаан гэх сонголттой болжээ. Гэхдээ техникээ, автобусаа шинэчилж хүртээмжтэй нийтийн тээвэртэй боллоо ч жолооч нар налуу замаа дэлгэхээс залхуурдаг, зарим нь үүнийг хэрхэн ашиглахыг ч мэддэггүй, мөн тэргэнцэртэй хүнийг суулгаж, буулгахад сэтгэл нь дутдаг хэвээр аж. "Бид ч гэсэн нийгэмдээ идэвхтэй оролцоод ажиллаж, амьдармаар байна шүү дээ".


2. Хааяа таксидна. Гэтэл таксины жолооч нарын төвөгшөөх хандлага түүнийг хамгийн ихээр шантраана. Такси дуудлагын компанитай холбогдож километр нь таван мянгаар явах тав тухтай үйлчилгээг захиалсан. Нэмээд "Би тэргэнцэртэй юм аа" гэдгээ хэлэхэд зөвшөөрсөн. Лифтээр нэг давхарт буугаад, орцны үүдээр гарахын өмнө таван шат бий. Энэ шатыг ганцаар давах боломжгүй тул таксины жолоочийг "Та намайг буулгаад өгөх боломжтой юу" гэж тусламж хүсэхэд тийм үйлчилгээ тусдаа, түүнийг дуудахгүй яасан юм" гэж төвөгшөөжээ.


Зарим таксины жолоочийн бүдүүлэг үйлдэл бүр ч хэцүү аж. Хэд хэдэн таксины жолооч "Хөл чинь мэдрэх үү" гээд гуянд нь хүрсэн. Цаашлаад бэлгийн харилцаанд ороход яаж мэдэрдэг вэ гэх зэргээр хүний эрхэд маш бүдүүлгээр халдаж үг, үйлдлээрээ хүчирхийлсэн тэнэглэлтэй тэр таарчээ. "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өрөвдөөд, хөөрхийлөөд, даапаалаад ч байгаа юм шиг үйлдэл, хандлагаа болиосой".


3. Дараагийн асуудалтай банканд нүүр тулна. Жишээ нь, 13 дугаар хороолол, 25 дугаар эмийн сангийн орчимд байрлах Төрийн банкны ажилтан, үйлчлүүлэгч хоёрын дундах хаалт маш өндөр. Ингээд тэргэнцэртэй хүн үйлчлүүлэхэд ажилтны царай ч харагддаггүй гэнэ. "Хаалт нь өндөр учраас теллер хамт яваа хүнтэй минь л яриад байдаг. Уг нь би үйлчилгээ авч байгаа шүү дээ. Энэ мэтчилэн биднийг хүн биш юм шиг хандах нь таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Төрийн банкныхан хаалтаа намхан болгоосой".


4. Түүний амьдрах эрхийг зөрчдөг дараагийн нэг асуудал нь хандлага. Гадуур явж байхад нь 50-60 орчим насныхан гэнэтхэн толгойг нь илээд эвийлнэ. Эсхүл мөнгө өгнө. Тэр гуйгаагүй. Амьдарч буйнх нь төлөө бусдаас өөрөөр мэдрүүлэх гэсэн энэ мэт хандлагууд дахиад л таагүй сэтгэгдэл төрүүлдэг байна. "Автобусанд суух, довжоо давах зэрэг жижигхэн саад таарахад л найрсгаар туслаад өгчих. Тэгээд л боллоо, түүнээс битгий өрөвдөөрэй" гэж тэр хүссэн. Залуу хүн юм хойно, хааяа ажлынхантайгаа бүжгийн клуб орно. Гэтэл "Ямар мундаг юм бэ" гэж магтдаг. Хүрч ирээд тэвэрч аваад гар барина. Хөгжлийн бэрхшээлтэй хүн шоудах эрхгүй мэт хардаг. "Бид чинь бусадтай адил гармаар, ормоор байдаг. Амьдарч л байгаа юм чинь та бүхний мэдэрч буйг адилхан мэдэрмээр байдаг юм аа. Гэтэл харц чинь үнэхээр "аймар" байдаг шүү.


5. Түүний гутал нь тэргэнцэр. Бид таараагүй гутлаа өмсөхөд хөл холгодог. Үүнтэй адил тохирсон тэргэнцэр дээр суухгүй бол хүний ташаа, ахар сүүл, нуруу холгодог байна. Энэ нь даамжраад ясыг гэмтээх зэрэг илүү том асуудал үүсгэх магадлалтай гэнэ.


Монгол Улсад 20 гаруй мянган тэргэнцэртэй иргэн бий. Тэдэнд гурван жилдээ нэг удаа 250 мянган төгрөгийн үнэтэй тэргэнцэр олгодог аж. Хүн 250 мянган төгрөгийн үнэтэй гутал аваад түүнийгээ өвөл, зун, намар, хавар. Бороотой, шороотой, цастай гээд бүхий л хугацаанд өмсвөл гурван жил хэрэглэж чадах болов уу? Үүнийг тэрбээр халамж  батлаад сууж буй хүмүүсээс асуусан юм. "Тэргэнцэргүй бол бид нийгэмд оролцож чадахгүй, гадуур гарахгүй л гэсэн үг шүү дээ".


Түүний зөрчигддөг таван эрх бас таван хүсэл энэ. Өрөвдөхгүй тусалж, гайхдаг хандлагаа халж, Төрийн банк хаалтаа намхан болгоод, автобусны жолооч нар налуу замаа дэлгэж, бордюрт шахаад зогсоод өгөхөд л бүсгүй энэ хотод бэрхшээлгүй амьдарчихна.


Тэр 2013 онд хүзүүний нугас дарсан хавдрын мэс засалд орсон. Хагалгааг 100 хувь амжилттай болно гэж бодсон ч, хөл дээрээ босож чадахгүй болоод гарч иржээ. Хожим Францын хүзүү, нуруу, нугасны мэргэшсэн эмчид үзүүлэхэд "Харамсалтай, хагалгааг буруу хийсэн байна" гэжээ.


Нэг эмчийн хариуцлагагүй үйлдэл нэг амьдралыг өөрчилснөөс хойш 10 жил өнгөрчээ. "Өдий зэрэгтэй сэтгэлийн тэнхээтэй амьдралд хүрэх гэж би маш олон зүйл туулсан. Ээж байхгүй бол би байхгүй.  Эмч нар намайг асаргаа сайтай байна гэдэг. Энэ бол ээжийн минь намайг гэх хайр" гэж бүсгүй ярьсан.












Улсын хэмжээнд 500 гаруй киоск машин ажиллах эхлэх бэлтгэлийг хангажээ

Эх сурвалж: Б.Чимэг, gogo.mn, 2023.03.10


Орон нутгийн иргэн төрийн үйлчилгээ авахын тулд хот ордог шаардлагагүй болгох нь төрийн үйлчилгээний нэг цэгүүдийн зорилго.


Төр, хувийн хэвшлийн түншлэлээр улсын хэмжээнд 500 гаруй киоск машин ажиллах эхлэх бэлтгэл ажлыг хангажээ. Систем хөгжүүлж, төрийн үйлчилгээг нэвтрүүлэхэд бэлэн болсноор Ерөнхий сайдад болон аймаг орон нутгийн удирдлагууд, иргэдэд өнөөдөр танилцуулсан байна.


Цахим шилжилтийн ажил 2019 оноос эрчимтэй өрнөж, нийслэл, 21 аймаг, 330 суманд төрийн 815 үйлчилгээг операторын горимоор үзүүлэхээр “Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар” ажиллаж байна.


Нэг цэг нэртэй ч нэгэн дээвэр доорх олон цэгийн үйлчилгээ үзүүлж, иргэдэд хүндрэл учруулдаг байдлыг халж, аль ч цэгт очсон цаас бичиг нэхэлгүй иргэний зөвшөөрлөөр төрийн үйлчилгээг үзүүлнэ гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээлэв.





"Монгол Улс гэнэтийн эрсдэл, хүндрэлд тэсвэртэй эрчим хүчний шугам сүлжээг бий болгох нь чухал асуудал"

Эх сурвалж: www.ikon.mn. 2023.01.18. Б.Билгүүн







АНУ-ын эрчим хүчний зохицуулагчдын үндэсний холбоо болон ЭХЗХ хамтран туршлага солилцох семинарыг өнөөдөр зохион байгууллаа. 


АНУ-ын Төрийн департаментын дэргэдэх Эрчим хүчний нөөцийн товчооны (ENR) дэмжлэгтэйгээр тус улсын эрчим хүчний зохицуулагчдын үндэсний холбоо (NARUC), Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хороотой зохицуулалтын түншлэлийн хүрээнд хамтран ажиллаж буй. Хамтын ажиллагаа нь эрчим хүчний зохицуулалтын чадавхыг бэхжүүлж, Монгол Улсад тогтвортой, үр ашигтай, ил тод, өрсөлдөх чадвартай эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр үзүүлэх зорилготой аж.


Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос мэдээлэхдээ "Семинарыг зохион байгуулагчид болон оролцогчдын хувьд хуваалцсан мэдлэг зөвлөмжийг хэрэгжүүлж, Монгол Улсын цахилгаан, эрчим хүчний салбарын зохицуулалтыг сайжруулах, эрчим хүчний чиглэлээр дэвшүүлээд буй зорилго, зорилтын биелэлтийг хангах нь хоёр орны эрчим хүчний салбарын түншлэлд оруулах чухал хувь нэмэр юм.


Монгол Улсын Засгийн газар нийт эрчим хүчний үйлдвэрлэл дэх Сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2023 он гэхэд 20%, 2030 он гэхэд 30%-д хүргэх зорилт тавьсан.


Энэ зорилт нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалыг өөрчлөлтийг сааруулах зэрэг Парисын хэлэлцээрийн хүрээнд өргөн мэдүүлсэн Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмэртэй нийцэж байгаа. Үүний тулд Монгол Улс гэнэтийн эрсдэл, хүндрэлд тэсвэртэй бөгөөд шинэ зууны сорилтуудыг даван туулах чадвар бүхий шугам сүлжээг бий болгож шинэчлэх нь амин чухал асуудал болоод байна.


Сүлжээний шинэчлэл нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чухал хэрэгсэл болох сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг сүлжээнд холбоход илүү дөхөмтэй, хялбар болгоно" хэмээв.


Түүнчлэн семинарын үеэр Монгол Улсын ЦШС-ний шинэчлэл, Тархмал эх үүсгүүр, Нөөцийн нэгдсэн төлөвлөгөөний талаарх ерөнхий тойм, Хойд Америкийн ЦШС шинэчлэх стратеги, төлөвлөлт, Хавайн ЦШС-ний шинэчлэл - Стратеги ба процесс, АНУ-ын ЦШС шинэчлэлийн ажлын хэрэгжилтэд хийж буй хяналт шинжилгээ, үнэлгээ зэрэг сонирхолтой сэдвээр илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг өрнөжээ.


С.Алтанцэцэг: Бидний хэрэглэж байгаа цахилгаан гэрэл асаах түвшинд л байна. Халаалт шийдвэрлэхэд хүрэлцэхгүй

Эх сурвалж: www.ikon.mn. 2023.01.16. П.Сайнжаргал





“Угаартсаар байх уу, Улаанбаатарчууд аа” нээлттэй хэлэлцүүлэг АШУҮИС-д өнөөдөр боллоо.


Хэлэлцүүлэгт нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Хавдар Судлалын Үндэсний Төв(ХСҮТ), НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад холбогдох байгууллагын төлөөллүүд оролцсон юм. 


Улаанбаатарын утаа нь хүн амын эдийн засагт хэрхэн нөлөөлж буй судалгааг НҮБ-ын Хүүхдийн Сангийн Цэвэр агаар хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн С.Алтанцэцэг танилцуулав.


Тэрбээр "2020 оны эдийн засагтай холбоотой судалгааны ажил байдаг. Нэр бүхий найман компанийн 20,764 ажилтны цалин хөлс болон өвчлөлийн мэдээлэлд тулгуурлаж анализ хийсэн байна. Тэдгээр компани таван жилийн хугацаанд 7.5 сая ам.долларын алдагдал хүлээжээ. Энэ нь агаарын бохирдлын улмаас өвдсөн ажилчдын өвчлөлтэй холбоотой.


Ажилчид нь хүүхдийнхээ өвчлөлтэй холбоотой чөлөө авах тохиолдол нэлээд гарсан. Улмаар тухайн үеийн ханшаар ажилтнууд дунджаар 875,000 төгрөг буюу 317 ам.долларын алдагдал хүлээсэн байдаг. Эдийн засгийн хувьд ингэж хохирч байгаа талаарх судалгааны дүн байдаг. Үүнийг одоогийн ханшаар бодвол сая гаруй төгрөгийн алдагдалтай. 


Өнөөгийн зах зээлд эм тарианы үнэ, инфляцтай холбоод тайлбарлавал хоёр сая төгрөг рүү дөхсөн болов уу хэмээн таамаглаж байна" гэлээ. 


"МОНГОЛ УЛСАД АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДАЛ БАРАГ ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ХЭМЖЭЭНД ОЧСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ"

Мөн "2017 онд анх Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталж байсан. Агаарын бохирдлын сөрөг нөлөө нь тэр үеийнхээс дээрдсэн үү гэвэл, үгүй.


Агаарын бохирдол хүний эрүүл мэнд болон эдийн засагт үзүүлж буй асуудлын үр дагаврыг нь авч үзвэл дараах асуудал байна. Бараг НҮБ-ын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хэмжээнд очиж, иргэдийн эрх зөрчсөн асуудал болж байна уу хэмээн авч үзэх шаардлагатай. 


Нүүрс шатаах болгонд л утаа гарна гэдэг бол үнэн. Нүүрс байтугай өөр юу ч шатаасан утаа ялгарна. Утаагүй шаталт гэж байхгүй. Азийн хөгжлийн банкны судалгааны үр дүн гарч, улмаар агаарын бохирдлыг бууруулах бодлогын зөвлөмжийг манайд өгсөн. Тухайн зөвлөмжид "Монгол Улсыг цахилгаанжуулах хэрэгтэй" гэдгийг тодорхой дурдсан байдаг.

Үнэндээ бидний хэрэглэж байгаа цахилгаан зүгээр л гэрэл асаах түвшинд байна. Өөрөөр хэлбэл, халаалтыг бүрэн шийдвэрлэх түвшинд хүрэлцэхгүй байгаа юм. Өмнө нь НҮБ-ын Хөгжлийн Сангаас монгол гэрийн дулаалга, халаалтын багц зэрэг янз бүрийн арга хэмжээг хэрэгжүүлж байсан. Үүнийг 1,500 өрхөд хүргээд л цахилгаан хүрэхгүй болсон.Цахилгаан хүрэхгүй учир цэвэр технологи ашиглах боломж байхгүй, зогсохоос өөр аргагүй болсон. 


Тус арга хэмжээг таван аймаг, нийслэлийн хоёр дүүрэгт хэрэгжүүлсэн ч түр зогсоосон. Яагаад гэвэл, цахилгаан хангамж, эрчим хүчний хангамжийг нэмэхгүйгээр технологийн шийдэл рүү орохгүй нь ээ гэх асуудал тулгарч байгаа" хэмээв. 

Цэрэг татлага зохион байгуулах зургаан байршил

Эх сурвалж: ikon.mn, 2022.05.02







Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны татлагыг тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулах талаар мэдээлсэн. Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг дараах сургуулиудад зохион байгуулахаар болжээ. Үүнд: 


Баянгол дүүргийн 96 дугаар сургууль

Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль

Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль

Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургууль

Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль

Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуульд тус тус цэрэг татлага явагдана. 

КОВИД-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан дүүрэг бүрийн Цэргийн штаб бэлтгэлээ хангаж, Улсын Онцгой комиссын зөвлөмж, зааврын дагуу цэрэг татлагын байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байна. Цэргийн албанд татагдагч нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, их, дээд сургууль төгссөн диплом зэрэг бичиг баримтыг авчирч, тогтоосон хугацаанд цэрэг татлагын байранд ирэх үүрэгтэй хэмээн мэдээллээ.


"Нийслэлийн цэрэг татлагыг төвийн зургаан дүүрэгт зохион байгуулна"


НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт "Энэ жил цэрэг татлагыг нийслэлийн зургаан дүүрэгт явуулж, алслагдсан гурван дүүргийг ирэх намрын цэрэг татлагад хамруулна. Мөн иргэдийг зөвхөн хилийн цэрэг болон дотоодын цэргийн анги, салбаруудын хугацаат цэргийн албанд татна" хэмээн хэлсэн юм.


"Цэргийн алба хааснаар төрийн албанд ажиллах, төрийн үйлчилгээг авах зэрэг олон гарц нээгддэг"


НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер М.Мөнгөнтулга “Залуучуудын хувьд цэргийн алба хаах сонирхол их болсон. Цэргийн алба хааснаар төрийн албанд ажиллах, төрийн үйлчилгээг авах зэрэг олон гарц нээгддэг. Зэвсэгт хүчинд алба хааж буй залуус эх орныхоо бүтээн байгуулалтад оролцож, өөрийн гэсэн мөнгөн хуримтлал бий болгож, бие бялдрын хувьд ч мөн өв тэгш болж хүмүүждэг. Энэ мэт олон шалтгаанаар залуусын цэрэг татлагад оролцох идэвх нэмэгдэж байгаа” гэв.


Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Бохир усны шугам хоолойд гэмтэл гарсны улмаас халилт үүсэж, Сэлбэ голд нийлж байсныг засварлуулж байна

Эх сурвалж: ikon.mn, 2022.05.01






Шугам хоолойд гэмтэл гарснаас Сэлбэ голд бохир ус нийлүүлж байсныг засварлуулж байна.


Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, "Сэлбэ голд бохир ус нийлүүлж байна" гэсэн мэдээллийг иргэд Туул голын сав газрын захиргаанд цахимаар дамжуулжээ.


Мэдээллийн дагуу шалгахад Ус суваг удирдах газрын хамаарал бүхий бохир усны шугам хоолойд гэмтэл гарсны улмаас халилт үүсэж бохир ус нийлж байсныг шуурхай удирдлагын төвд нь мэдээлэл өгч засварлах ажлыг хийлгэж байгаа аж.


“Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Хаягдал ус. Ерөнхий шаардлага MNS 4943:2015” стандартын шаардлагыг хангасан ус нийлүүлэх ёстой.


Стандартаас давсан агууламжтай хаягдал усанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/635 дугаар тушаалаар батлагдсан “Ус бохирдуулсны нөхөн төлбөрийг шатлан өсгөх хэлбэрээр ногдуулах журам”-ын дагуу төлбөр тооцдог гэж Туул голын сав газрын захиргаанаас мэдээллээ.


Түүнчлэн иргэд Нээлттэй туул нэртэй фэйсбүүк хуудсаар иргэний хяналтаа хэрэгжүүлэх боломжтой аж.


“Туул голыг сувагчилж хотод усан замын тээврийг хөгжүүлэн, усан буудал байгуулна”

Эх сурвалж: ikon.mn, 2022.04.22






"НИЙСЛЭЛД УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ 153 КМ БАЙДГААС 92,7 КМ НЬ 30 ЖИЛЭЭС ДЭЭШ НАСЖИЛТТАЙ БОЛСОН"


Эх дэлхийн өдрийг тохиолдуулан нийслэлийн усны салбарын тулгамдсан асуудлыг холбогдох талуудын оролцоотойгоор хэлэлцэж, цаашид баримтлах бодлого, системтэйгээр хэрэгжүүлэх арга хэмжээний цогц үйл ажиллагааг тодорхойлох зорилго бүхий “Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл 2022” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.


Нийслэлийн Ерөнхий Архитетор Н.Нацагдорж УБ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ус хангамж, инженерийн бэлтгэл арга хэмжээний төлөвлөлтийг танилцуулахдаа Туул гол дагуух төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө.


Тэрбээр "Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг 1954 онд боловсруулж, 125 мянган хүнтэй байхаар төлөвлөсөн байдаг. Үүнээс хойш таван үе шаттай ерөнхий төлөвлөгөө хийж, 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хотын хүн амыг 500 мянга байна гэж төсөөлж байсан. Гэтэл өнөөдөр 1.6 сая хүн амтай болсон. Нийслэлчүүд бүх хэрэглээндээ маш сайн гүний ус хэрэглэдэг ч дамжуулах шугамаараа муу болж иргэдэд очдог.


Нийслэлчүүдийн усны хоногийн хэрэглээ 160 мянган метр куб байна. Цэвэр усны шугамын урт 586 км ч 40-өөс дээш жилийн насжилттай 68.9 км, 20 жилийн насжилттай 229 км шугам бий. 2040 оны ерөнхий төлөвлөгөөнд нийт усны хэрэглээний 50 хувийг гүний уснаас, 25 хувийг гадаргын уснаас, үлдсэн хувийг цэвэршүүлсэн уснаас хангахаар тусгасан.


Мөн хотын үерийн ус зайлуулах шугамууд маш их муудсан. Ус зайлуулах шугам 153 км байдгаас 30 жилээс дээш насжилттай 92,7 км шугам байгаа буюу тэдгээр нь үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон. Сүүлийн жилүүдэд Улаанбаатарт бороо орохоор л зам, талбайд ус их хэмжээгээр бий болдгийг бүгд мэднэ. Тиймээс засаж янзлах, шинээр байгуулах ажлуудыг шат дараатай хийнэ. 2040 он гэхэд 270 км үер далангийн шугам барина, зам талбайгаас борооны ус зайлуулах 464 км шугам, хөрсний ус зайлуулах 82 км шугам байгуулахаар төлөвлөөд байна.


Сүүлийн үед Улаанбаатар хот барилгажиж байна. Хөрсний ус хөрсөөр дамжин агаараа чийгшүүлж байдаг. Барилгажсанаас болж агаараа чийгшүүлэх нь багасдаг. Агаар хуурайшихаар хур тунадасны хэмжээ багасдаг. Тэгэхээр Туул, Улиастай, Сэлбэ голоо сувагчилж, тогтмол урсацтай болгон, нуур, цөөрөм хийж, агаараа чийгшүүлэх хэрэгтэй. Мөн ногоон байгууламжаа нэмэгдүүлж, гэр хорооллын айлуудаа моджуулбал агаар чийгшиж, энэ хэрээр хур тунадасны хэмжээ нэмэгдэнэ.


Дэлхийн томоохон хотуудын жишгээр Туул голоос сувагчлаад нийт 57 км-ээс хотын урд хэсэгт 11 км сувагчлах төслийг хийж байна. Ийнхүү тогтмол урсацтай болохоор усан зам, моторт завины тээврийг хөгжүүлэх боломжтойгоос гадна, усан буудлыг байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь хотын барилгажсан хэсэгт агаарт өгөх чийгшлийг нэмэгдүүлэх давуу талтай. Хуурайшихын хэрээр орох хур тунадасны хэмжээ ч багасдаг, өвөл ч багасах үзэгдэл гарах болсон.


Нийслэлд 229 булаг, 38 нуур, 19 рашаан бий. Нуур, цөөрөм гэх мэтээр чийгшил өгөх байгууламжуудыг нэмэх шаардлагатай байна. Хотын ундны усны эх үүсвэр зүүн талдаа байдаг. Баруун талд Мянганы сорилтын сангаас хоногийн 140 мянган метр куб нөөц бүхий усан санг бий болгож, дамжуулах шугамын ажил 50 хувьтай байгаа. Мөн саарал усыг цэвэршүүлэх бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна." гэлээ.


Б.Батсүх: Төв цэвэрлэх байгууламжийн хажууд ус дахин боловсруулах үйлдвэр барина

Эх сурвалж: ikon.mn, 2022.04.22


“Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл-2022” хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. Энэ үеэр Мянганы Сорилтын Сангийн /МСС/ Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирал Б.Батсүх илтгэл тавилаа. Тодруулбал, Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд ярьсан юм. 


Тэрбээр "Мянганы сорилтын сангийн судалгааны ажил 2015 оноос эхэлсэн. Бид гурван төсөл хэрэгжүүлэхээр зорьж байгаа.


Нэгдүгээрт, Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх баруун эх үүсвэрийн төсөл. Энэ нь жилдээ 50 сая шоо метр усыг нийслэлийн унд ахуйд шахаж өгөх юм. 

Хоёрдугаарт, төв цэвэрлэх байгууламжийн хажууд цэвэршүүлсэн усыг дахин цэвэршүүлэх үйлдвэрийг ашиглалтад оруулах төсөл

Гуравдугаарт, нийслэлийн усны салбарын тогтвортой байдлыг хангах зөөлөн дэд бүтцийн төсөл хэрэгжиж байгаа. 


Шинэ зуун мод, Майдар, Аргалант, Рашаант зэрэг хотын баруун хэсгийн шинэ суурьшлын бүсүүдийг дээрх эх үүсвэрээс усаар хангана" хэмээн төслийн талаар танилцуулав. 


Мөн тэрбээр "Дараагийн том төсөл бол хаягдал ус дахин боловсруулах ажил юм. Төв цэвэрлэх байгууламжийн хажууд ус дахин боловсруулах үйлдвэр барина. Энэ нь хоногт 50 мянган шоо метр усыг цэвэршүүлнэ.


Түүнчлэн усны сангийн тогтвортой байдлыг хангах төсөл бий. Энэ хүрээнд Ус сувгийн удирдах газрын хариуцаж байгаа 182 ус түгээгүүрийн байрыг ухаалаг болгох ажлыг гүйцэтгэж байна. Ус түгээгүүрийн байр буюу худгийг ухаалаг болгосноор иргэд 24 цагаар чөлөөтэй усаа авах боломжтой.


"Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлж байгаа хаягдал бохир ус стандартын MNS6561:2015 шаардлагыг хангахгүй байна"


Монголын Мянганы Сорилтын сангийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал нийслэлийн үйлдвэрийн хаягдал, усны бохирдлыг бууруулах төлөвлөгөөний хүрээнд мэдээлэл өгөв. Хаягдал бохир усны бохирдлын агууламжийг 2013 оны түвшинд бууруулах энэ нарийвчилсан төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байна. 


Тэрбээр хэлэхдээ "Ус Сувгийн Удирдах Газартай гэрээтэй үйлдвэр, аж, ахуйн нэгжүүдээс долоон нэр төрлийн байнгын ажиллагаатай 284 үйлдвэр болон бусад 202 үйлдвэр, аж, ахуйн нэгжийн хаягдал бохир усанд хийсэн шинжилгээний дүнгээс харахад Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлж байгаа хаягдал бохир ус стандартын MNS6561:2015 шаардлагыг хангаж чадахгүй байна.


Аж ахуйн нэгж, үйлдвэрүүд байгаль орчныг бохирдуулж байгаа үүрэг хариуцлагаа хүлээгээд урьдчилан цэвэрлэх байгууламжтай болсон тохиолдолд бохирдлын агууламж 2013 оны түвшин рүү дөхөх юм.  Одоогоор Ус сувагтай гэрээтэй арьс шир боловсруулах, ноос ноолуурын 11 үйлдвэрт урьдчилан сэргийлэх байгууламжтай. Дээрээс нь дахин зургаан үйлдвэр тоног төхөөрөмжөө суурилуулаад явж байна" хэмээн хэллээ.





Ус зайлуулах шугам, худгийг засаж, нөхөн сэргээж байна

Эх сурвалж: ikon.mn, 2022.04.14


Геодези, усны барилга, байгууламжийн газар нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний худгийн засвар, нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэдэг.


Энэхүү ажлын хүрээнд шүүрт болон үзлэгийн худгийг таглах, эвдэрч муудсан, цөмөрсөн хэсгийг нөхөх зэргээр тухай бүрд нь шуурхай засварлаж, нөхөн сэргээлтийг хийж байна.


Мөн авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын засвар ашиглалтын ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 25-р хороо Нарны замын такси зогсоолын эвдэрсэн хэсэгт дан шүүр тавин гагнажээ.


Геодези, усны барилга, байгууламжийн газар нь Улаанбаатар хотын хэмжээнд,


Үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан суваг

Авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээ 

Өргөлтийн насос станц

 Мониторингийн цооногийн ашиглалт, засвар арчлалт 

Өндөржилт төлөвлөлтийг мөрдүүлж, инженерийн зураг төсөл зөвшилцөх зэрэг үндсэн таван чиглэлийн ажил үйлчилгээг үзүүлдэг бөгөөд иргэд 77200200 дугаарт 24 цагийн хугацаанд шуурхай мэдээлэл өгөх боломжтой аж.









Шинээр байгуулагдсан “Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт” компани НЗД-ын шууд удирдлага дор үйл ажиллагаагаа явуулна

Эх сурвалж: ikon.mn,  2022.03.25





НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар “Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт” ХХК байгуулах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн танилцуулж, хэлэлцүүлэв.


Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөх, тойрог замыг бий болгох, нийтийн тээвэрт шинэчлэл хийх, багтаамж ихтэй нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх төсөл, арга хэмжээг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хурдан шуурхай хэрэгжүүлэх зорилгоор тус компанийг байгуулахаар болжээ. Компани нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шууд удирдлага доор үйл ажиллагаа явуулах юм.

Намын бүлгийн гишүүд нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэхэд хувь нэмэр оруулах “Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт” ХХК байгуулахыг дэмжиж, харин явцын үр дүнг бодит гүйцэтгэлээр баталгаажуулж, санхүүгийн тайлан, гүйцэтгэлийг иргэдэд нээлттэй мэдээлэхийг хүслээ. Мөн НИТХ-ын төлөөлөгчид төвлөрлийг задалж, түгжрэлийг бууруулах, дэд бүтцийг сайжруулах зорилготой тус компанийг байгуулах ёстойг дурдаад, зорилтоо тодорхойлж, шуурхай ажиллах хэрэгтэйг хэлж байв.


Төлөөлөгчид 100 хувийн саналаар “Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт” ХХК байгуулахыг дэмжжээ.

Койзүми Тайга: Түгжрэлийг бууруулах чиглэлээр гүүрэн зам, түвшин зөрүүлэх уулзваруудын бүтээн байгуулалтыг санал болгож байна

Эх сурвалж: ikon.mn,  2022.03.25





Монголын эдийн засгийн чуулганаас зохион байгуулж буй "Хот, хөдөөгийн сэргэлт" урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлого чиглэл, шийдвэрлэх арга замын талаар салбарын төлөөллүүд хэлэлцсэн юм. 


"Гүүрэн байгууламж, нүхэн гарцыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн"

Нийслэлийн Засаг даргын орлогч, Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Одсүрэн хэлэхдээ "Улаанбаатар хотод тулгамдаж буй гол асуудлын нэг нь түгжрэл юм. Дэлхийн улс орны хотууд замынхаа хөдөлгөөнийг зохицуулахдаа цаг бага алдаж, төлөвлөлтийг оновчтой болгох гэх мэт цогц арга хэмжээг хэрэгжүүлдэг. Манай улсын хувьд замын хөдөлгөөний багтаамж, сүлжээ даацыг яаралтай нэмэгдүүлэхгүй бол нийслэлийн гол гудамж замууд 1970 оноос хойш огт нэмэгдээгүй" гэв. 


Мөн тэрбээр замын түгжрэлийг бууруулах чиглэлд хийж хэрэгжүүлэх ажлыг танилцуулахдаа "Сургууль, цэцэрлэг эхлэхтэй зэрэгцэн замын хөдөлгөөн илт нэмэгддэг. Үүний тооцооллыг бид гаргасан байгаа. Энэ хүрээнд хамран сургах тойрогтоо сургуулийг бий болгох, сургуулийн хүртээмжийг сайжруулах шаардлага үүссэн.


Түүнчлэн хотын үндсэн гурван чиглэлд баруунаас зүүн тийш нэвт хөдөлгөөнд оролцох боломжтой нийтийн тээврийг хөгжүүлэх сүлжээтэй болох ёстой. Мөн хотыг хувааж буй Туул, Сэлбэ гол болон төмөр замуудыг стандартын дагуу шийдвэрлэх хэрэгтэй.Тодруулбал, 1-2 километрийн шатлалтай гүүрэн байгууламж, нүхэн гарц гэх мэтчилэн замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн. Энэ чиглэлд ажиллаж байгаа хэмээн ойлгож болно.


Улаанбаатар хот руу дөрвөн захаас цагийн хуваарийн дагуу орж ирэх зорчилтыг бий болгох үүднээс хүн галт тэрэг төслийг нэвтрүүлж ажиллах юм.


Хөдөө орон нутгаас орж ирж буй автомашины урсгалын баруун, зүүн чиглэлд нийтдээ 30,000 автомашины зогсоол бүхий терминал гаргаж, худалдаа ложистикийн зохион байгуулах ажлыг мөн төлөвлөж байна" гэв.


  "Баянбүрдийн тойргоос гүүр болон агаарын замыг барьснаар түгжрэлийг 101 секундээр хорогдуулах боломжтой"

Японы ЖАЙКА олон улсын байгууллагаас Улаанбаатарын авто тээврийн чиглэлд хийсэн судалгааг үндэслэн хэд хэдэн саналыг хүргүүлсэн юм.  Үүнтэй холбоотойгоор  ЖАЙКА-ын Монгол Улс дахь Дэд бүтэц, хувийн хэвшлийн салбар хариуцсан төлөөлөгч Койзүми Тайга "Манай байгууллагын зүгээс Улаанбаатар хотын төвлөрлийг багасгаж, түгжрэлийг бууруулах чиглэлд бүтэн жилийн турш судалгаа хийж, дүн шинжилгээ гаргаад таван гол төслийг санал болгож байна. Мөн ирээдүйд хэрэгжүүлэх урт хугацааны гурван төслийг хэлэлцүүлгийн хүрээнд сонгон авлаа. Нийслэлийн түгжрэлийг цогцоор нь шийдэхийн тулд авто замын сүлжээг сайжруулах гүүрэн зам болон түвшин зөрүүлэх уулзваруудын бүтээн байгуулалтыг санал болгож байна. Энэ нь гүүр суурилуулж агаарын хурдны замыг бий болгох төсөл юм.


Нийслэлийн зүүн талын замын сүлжээг Нарны замтай холбох төсөл

Саппорогийн тойргийн замыг өргөжүүлэх төсөл

Баянбүрдийн тойргоос гүүр болон агаарын зам бий болгоно гэж тооцож байгаа.

Ингэснээр Яармагийн бүсээс - Улаанбаатарын вокзал хүртэл 60 минутаар зорчих тээврийн хугацааг багасгана хэмээн тооцож байна. Агаарын гүүрийг бий болговол Саппорогийн тойргоос түгжрэлийн цагийг 120 секундээр багасгана.  Баянбүрдийн тойргоос гүүр болон агаарын замыг бариад түгжрэлийг 101 секундээр бууруулах тооцоо бий.

10 жилийн өмнө барьсан Нарны гүүр, Нарны замын талаар Улаанбаатар хотын иргэд талархалтай хандаж байдаг. Зөвхөн зам бариад орхих бус, ашиглалтад онцгой анхаарах хэрэгтэй.


 "Замын түгжрэлээс үүдсэн алдагдлыг эцсийн бүлэгтээ хэрэглэгчид л төлж байдаг"

Архитектур З.Туяа "Түгжрэл бол алдагдлууд юм. Тэгэхээр алдагдлаа тодорхойлж, хэмнэлтээ ярих ёстой. Бид түгжрэхгүй болсноор юу хэмнэх вэ. Юун түрүүнд цаг хэмнэнэ. Хэмнэлтээ дагаад бүтээмж яригдах болно. Хүн амын 50 хувь нь амьдарч байгаа юм бол ажиллах хүчний хэдэн хувь нь энд байна вэ гэдгийг тооцох ёстой юм. Замын түгжрэлээс үүдсэн алдагдлыг эцсийн бүлэгтээ хэрэглэгчид л төлж байдаг. Одоо байгаа бүсүүддээ тулгуурлан нийтийн тээврийн төлөвлөлтөө хийх нь зүйтэй болов уу. Үүн дээр дөрвөн дэд төвийн уялдааг бодох ёстой. Тиймээс салбар хоорондын уялдаа хамгийн чухал. Улаанбаатар хотыг дагуул хот болон хөдөөгийн хотуудтай холбон хөгжүүлэхийн тулд мэдээлэл нэн чухал байдаг" хэмээн хэллээ.


"Ухаалаг удирдлагын систем байхгүй бол замаа өргөтгөөд, шинэ зам бариад ч үр дүн санаснаар гарахгүй"

“Шунхлай” группийн “Цахим хот” төслийн зөвлөх Б.Бямбасайхан "Хүн амын хувьд Улаанбаатар хоттой ойролцоо 110 хот байна. Эдгээр хот бүгд түгжрэлийн асуудалтай. Олон хот түгжрэл бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн дотор их өгөгдөлд суурилсан цахим системийг нэвтрүүлж буй юм. Ухаалаг удирдлагын систем байхгүй бол замаа өргөтгөөд, шинэ зам бариад ч үр дүн санаснаар гарахгүй. Дижитал шилжилт хийж байж төслүүд үр дүнтэй болох юм.  Түүнчлэн судалгаа, төлөвлөгөө маш их бий. Үүнийг түргэтгэхийн тулд хувийн хэвшлийн салбарын дэмжлэгийг авах хэрэгтэй. Хотын хөгжил, түгжрэлийг бууруулах тал дээр хувийн хэвшлийнхэн оролцох эрх нь нээгдсэн гэдгийг Хотын дарга түрүүн хэлсэн. Энэ бол дэвшил.


“Цахим хот” төслийн тухайд их өгөгдөлд суурилсан бодлогын шийдвэрийг гаргахад туслах зорилго бүхий төсөл юм. Жишээ нь, хотын төв рүү ороход татвар нэмэх нь зөв үү, буруу юу гэдгийг ухаалаг удирдлагын системээр шийддэг байх учиртай юм" гэв.


Д.Сумъяабазар: Тулгуурт гүүрэн байгууламжийн эхний 21.2 км-ийг 2024 оны тавдугаар сард ашиглалтад оруулна

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.17





Монголын Өдөр тутмын сонинуудын холбоо, Нийслэлийн ЗДТГ хамтран Түгжрэлийн шийдэл хэлэлцүүлгийн зохион байгуулж байна.


Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар түгжрэлийн гарц, шийдэл, боломжуудыг танилцууллаа.


Тэрбээр “Улаанбаатар хотын төлөвлөлтөд 1990-ээд оны үед алдаа гарсан гэж ойлгож болно. 30 орчим жилийн алдааг гурван сар, гурван жилийн дотор шууд шийдэх боломжгүй.


Улаанбаатар хотод шинэ тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх төслийн ажил маш амжилттай явж байгаа.


Тухайлбал, гуравдугаар сарын 31-нд эхний техник эдийн засгийн үндэслэл буюу бидний хийх эдийн засгийн тооцоолол, ажлын зураг бэлэн болж буй.


Ингээд 2022 оны тавдугаар сарын 15-нд Улаанбаатарт тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх төслийн ажил эхэлж, 2024 оны тавдугаар сарын 31-нд эхний 21.2 км-ийг туршилтын байдлаар ашиглалтад өгөхөөр төлөвлөгөө гаргаад Ерөнхий сайдад энэ сарын 26-нд танилцуулахаар бэлдэж байгаа.


Бид 2023 оны есдүгээр сарын 30-нд төмөр зам, бусад тулгуур байгууламжуудыг дуусгана. 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нд тулгуур байгууламжийн тавцан буюу дээд талын явах тавцанг дуусгах төлөвлөгөөтэй байна. Улмаар 2024 оны тавдугаар сарын 30-нд дохиолол, цахилгааны холболтуудыг хийгээд эхний туршилтын вагоныг явуулахаар төлөвлөн ажиллаж байгаа.


Хөрөнгө санхүүгийн хувьд төсөвт дарамт болохгүй, Засгийн газрын өрийн хязгаарт орохгүй байдлаар зохицуулалт хийхээр гарц шийдэл гарган танилцуулж буй.


Бидэнд бүрэн боломж бий. Бид зөв санхүүгийн графикийг 10 жилээр гаргаж, олон улсын санхүүгийн байгууллагад өөрсдийнхөө төсвийн орлогын тооцооллуудыг үзүүлээд LRT болон хурдны замын төслийг эхлүүлэхээр бэлдэж байгаа" хэмээн ярилаа.


Хэлэлцүүлэг үргэлжилж байна...

"Улаанбаатарыг үер усны эрсдэлгүй байлгахад 300 километр гаруй инженерийн байгууламж, шугам сүлжээ тавих шаардлагатай"

Эх сурвалж: ikon.mn. 2022.03.15





Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд үер усны аюултай бүс, голын ай сав, үерийн байгууламж орчимд аж төрж буй 2,800 гаруй өрх байна. Тэдгээр өрхийн олонх нь зөвшөөрөлгүй бөгөөд болзошгүй аюулаас сэргийлж шилжин суурьших шаардлагыг ч үл тоон аж төрсөөр өнөөг хүрчээ.


Жил бүрийн хаврын улиралд цөөнгүй айл өрх уруйн болон усны үерт автаж, булаг шанд, голын усны халиа дошин үүссэнээс болж хохирол амсдаг. Тиймээс Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг хөрсний ус, уруйн болон усны үерийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, үерийн хамгаалалтын далан, сувгийг таглан байрласан объект, байгууламж, үерийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан айл өрх, аж ахуйн нэгжид хяналт тавих, зөрчлийг арилгуулах үүргийг холбогдох албадад өгөөд байна.


Ц.Нямцэвээн: Үерээс хамгаалах 158 км далан суваг бий

УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Ц.Нямцэвээнээс нийслэл хотын үерийн барилга байгууламжийн өнөөгийн нөхцөл болоод энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын талаар тодрууллаа.   


-Улаанбаатар хотын хэмжээнд үерээс хамгаалах 158 км далан суваг, инженерийн байгууламж, авто замын борооны болон хөрсний ус зайлуулах 176.2 км шугам, хөрсний ус зайлуулах 18.8 км шугам сүлжээ бий. Нийслэл хотыг үер усны эрсдэлгүй байлгахын тулд нэмэлтээр 300 км гаруй инженерийн байгууламж, шугам сүлжээ тавих  шаардлагатай.


Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн болон орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт халиа дошин үүсдэг цэгүүдэд дренажийн систем болон үерийн ус зайлуулах байгууламжуудыг барьж ашиглалтад оруулсан.


Энэ жилийн хувьд Хан-Уул дүүргийн Жаргалантын аманд үерээс хамгаалах байгууламжийн иж бүрэн засвар шинэчлэлт болон одоогийн ашиглаж буй шугам сүлжээний шинэчлэлд нийтдээ 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөөд байна.


Зүүн бүс буюу Баянзүрх дүүргийн 8, 17 дугаар хороог хамарсан Шар хадны эцсээс Амгалан дулааны станц хүртэлх айлууд хавар, намрын улиралд халиа дошинд өртөх эрсдэлтэй байдаг. Тэдгээр  сувгуудыг  иж бүрэн шинэчлэх,  хөрсний усыг боловсруулж, дулааны цахилгаан станцын технологийн хэрэглээний ус болгон ашиглах ажлын ТЭЗҮ, зураг төслийг  Дэлхийн банкны санхүүжилтээр боловсруулж дууссан. Энэ ажлыг хийж гүйцэтгэснээр зүүн бүсийн халиа дошин, хөрсний усны асуудал шийдэгдэнэ. Сонгинохайрхан дүүргийн Толгойт гол орчмын ТЭЗҮ, зураг төслийг мөн боловсруулсан.


Ер нь бол үерээс хамгаалах инженерийн байгууламж нь асар өндөр өртөгтэй, эргэж зардал нөхөх боломжгүй байдгаас хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй.


Түүнчлэн үерийн байгууламжийг 100 жилд тохиолдох хамгийн өндөр үерийн давтамжаар тооцоолж барьж байгуулдаг тул хөрөнгө оруулалт өндөр гардаг юм хэмээн өгүүлж байна.


Л.Алтангэрэл: Улаанбаатар хот орчмын хөрсний усны иж бүрэн судалгаа хийсэн

Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн Л.Алтангэрэлийн тухайд “2018 оноос дэлхий дээр усан эрин эхэлж байна гэж эрдэмтэд үздэг. Гэтэл хөдөөнөөс ирсэн хүмүүс суурьших газар нутгаа нарийн судлалгүй хашаа хатгадаг. 1950-1970 оноос өмнө булаг шанд байсан газрууд хатаж ширгэснээс хүмүүс төдийлөн мэдэхгүйгээр суурьшсан тохиолдол цөөнгүй. 10-20 жил зүгээр амьдарч байсан газарт булаг шанд бий болж, халиа дошин үүсэж байна гэдэг гомдол ийм учиртай. Нийслэлийн хэмжээнд жилдээ халиа дошинг арилгахад 200 сая гаруй төгрөг зарцуулдаг.


2011-2013 онд Улаанбаатар хот орчмын хөрсний усны иж бүрэн судалгаа хийсэн. Энэ судалгааны хүрээнд Толгойт, Зүүн уулын суваг орчимд болон хотын төвд хөрсний ус зайлуулах 18.8 км шугам сүлжээг барьж байгуулсан” гэлээ.


Р.Баянжаргал: Иргэд суурьших газар нутаг, амьдрах орчноо  зөв сонгох шаардлагатай байна

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбэ голын зүүн эрэгт үүссэн халиа дошинг хэрхэх талаар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, хошууч Р.Баянжаргалтай ярилцлаа. Тэрбээр хэлэхдээ:


-2016-2020 онд Баянзүрх дүүргийн хэмжээнд халиа дошингийн байдал маш хүнд байсан. Дүүргийн 2, 4, 5, 7, 9, 12, 17, 21, 23 дугаар хорооны нутагт халиа дошин их хэмжээгээр үүсэж, ялангуяа 2018-2021 онд их хэмжээний хүч хөрөнгө зарцуулж байж халиа дошинг арилгах ажлыг хийж байсан. Энэ жилийн хувьд байгаль дэлхийн онцлогоос хамаарч байдал өмнөх жилээс харьцангуй гайгүй байна.


Ялангуяа дүүргийн 23 дугаар хорооны нутагт Баатархайрханы баруун талын Олон булаг оргилж их хэмжээний газар нутагт халиа дошин үүсгэдэг байсан бол энэ жил их эрт арванхоёрдугаар сард хөлдсөн. Мөн дүүргийн 4,5 дугаар хорооны булаг хөлдөж оргилоогүй.


Харин 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Сэлбэ голын дагуух айлууд усанд автах нөхцөл үүсээд байна. Одоогоор аюултай хэмжээнд хүрээгүй хэдий ч голын баринтаг тавигдаад, мөс гэсээд ирэхээр хүндрэл үүсэх магадлалтай. Байгалийн зүй тогтлоос шалтгаалаад булаг шанд оргилоогүй ч голын эрэг дагуух өрхүүд усанд автахыг үгүйсгэх аргагүй.


-Халиа дошинг арилгаж, айл өрхийн амьдрах боломжтой нөхцөл бий болгохын тулд жилд хэдий хэрийн хөрөнгө зарцуулдаг вэ?


-Манай дүүргийн тухайд 2020 онд 81 сая төгрөг, 2021 онд 51 сая төгрөг зарцуулсан. Энэ мөнгө айлуудын хашаа, гэр байшин усанд автахаас сэргийлэхийн тулд зориулалтын техник, механизм дайчлах түрээслэн ажиллахад зориулагддаг гэсэн үг. Энэ жилийн хувьд 14 дүгээр хорооны нутаг СЭМҮТ-ийн саарал уснаас үүдсэн дошинг арилгах ажилд дүүргийн ТҮК болон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвийн ажилтнуудыг дайчлан ажиллуулсан.


Энэ жил Сэлбэ голын зүүн эрэг дагуу далан байгуулах, иргэд суурьших газар нутаг, амьдрах орчноо  зөв сонгох шаардлагатай байна. Голын сав газар, эрэг дагуу, гуу жалга,  усны голдиролтой газарт буучхаад дараа нь төр, орон нутгийн байгууллагыг буруутгах болон жил бүр улсын хөрөнгө гаргаж халиа дошин арилгахыг шаардах нь учир дутагдалтай санагддаг. Татвар төлөгчдийн мөнгө үргүй зүйлд зарцуулагдаж буйн нэг хэлбэр шүү дээ. Цаашид голын ай сав, үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан суваг, хөрсний болон булгийн ус урсах жалга, сайр, зам, талбайн ус зайлуулах шугам сүлжээний хамгаалалтын зурваст суурьшсан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг нүүлгэн шилжүүлж, аюулгүй бүсэд суурьшуулах ажил хамгийн чухал гэлээ.  


Жилийн жилд үерт автаж, халиа дошин үүсдэг газарт айл өрхүүд нутагласаар байгаа юм. Тэдгээр иргэд амьдрах орчин нөхцөлөө сайжруулахад сэтгэл зовнидоггүйн дээр ус урсах суваг шуудуу гаргах, элстэй шуудай тавих зэргээр гэр байшингаа хамгаалахад анхаардаггүй гэнэ. Иргэд өөрсдөө санаачилгатай байвал амьдрах нөхцөлөө сайжруулж болдог гэдгийг Сэлбийн 7, 8 дугаар гудамжинд нутагласан айл өрхүүдийн жишээ харуулж байна. Тэдгээр айл барилга барьж буй  аж ахуйн нэгж, байгууллагаас шороо авч буулган далан үүсгэсэн тул энэ жилийн хувьд усанд автаагүй хаваржиж буй аж.


Мөн Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, Монелийн 11 дүгээр гудамжинд халиа дошин үүсгэдэг булгийн усыг зайлуулах суваг, дренажийг  бий болгосноор тухайн орчмын айл өрхүүд ая тухтай өвөлжиж, хаваржих болжээ. Энэ мэт сайн жишээ цөөнгүй ч саар жишээ ч мундахгүй. 


Ноднин жил гэр нь усанд автаж, зурагт хөргөгч нь тэр чигтээ мөсөнд барьцалдсан нэгэн айлын тухай мэдээлэл цахим орчин болоод телевизээр цацагдсан. Тэрхүү айл энэ жил ч нөгөө л сууриндаа амьдарч байлаа. Усны халиа үерийн ус шиг гэнэт их хэмжээгээр үүсдэггүй бөгөөд хоногт 1.5-2 см-ээр нэмэгддэг гэнэ. Тиймээс тухайн айлын хувьд голын халиа гэр дүүргэх хэмжээнд хүртэл хүлээх бус эд хогшлоо нүүлгэх, өөр газарт шилжин суурьших боломж байсан гэдгийг тодотгож байлаа.


Автомашин засвар хувиараа ажиллуулдаг нэгэн иргэний ойр орчимдоо тарьсан хог, машины сэгийг та бүхэн харж байна. Хүн бүхэн амьдарч буй орчноо эрүүл аюулгүй байлгахад анхаарч, багахан ч гэсэн сэтгэл, зүтгэл гаргавал нийслэлийн харьяа алба агентлагийн зүгээс дэмжиж, шаардлагатай тусыг үзүүлэхэд бэлэн гэдгийг албаны эх сурвалжууд хэлж байна. Түүнчлэн голын хөрсний усны нэвчилттэй болон голын ай сав газарт амьдарч буй айл өрхүүдийн бохирын цооног, жорлон нь усаар дүүрч хальснаас халдварт өвчин үүсгэх нөхцөл бүрддэг нь хамгийн эрсдэлтэй юм.


 


Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Замын цагдаагийн гүүрийн 295 метр явган хүний замыг наадмаас өмнө нээнэ

Эх сурвалж: ikon.mn. 2022.03.15

 

Замын цагдаагийн гүүрэн гарц буюу Олимпын гудамж, Их Монгол Улсын гудамжийг холбосон, дөрвөн эгнээтэй, 477 метр урт, төмөр бетон гүүрийн хөдөлгөөнийг 2019 оны есдүгээр сард нээсэн боловч явган хүний замгүй учраас иргэд шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Тэгвэл цар тахлын улмаас үүдэн удаашраад байсан гүүрийн ажлыг Улсын баяр наадмаас өмнө дуусгахаар төлөвлөсөн талаар нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэв.


Ингэснээр тус гүүрээр явган болон тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой 295 метр урт явган замыг налуу байдлаар шийдэж байгаа аж.