Showing posts with label traffic. Show all posts
Showing posts with label traffic. Show all posts

Өнөөдрөөс эхлэн дөрвөн өдөр түр хаагдах замууд

Эх сурвалж: Б.Манлай, www.ikon.mn, 2023.05.04




Унгар улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны тавдугаар сарын 4-7-ны өдрүүдэд Монголд албан ёсны айлчлал хийнэ.


Уг айлчлалын үеэр зарим замын хөдөлгөөнийг түр хаахаар болсныг ТЦА мэдээллээ.


Тодруулбал, өнөөдрөөс эхлэн Ням гарагт Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Их Монголын гудамж, Жанжин Д.Сүхбаатарын талбай, Бага тойруу орчмын замын хөдөлгөөнийг зочин зорчих үед аюулгүй байдлыг хангах зорилгоор тодорхой хугацаанд түр хязгаарлах юм байна.


Замын хөдөлгөөнд оролцогчид эдгээр өдрүүдэд хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, шаардлагагүй тохиолдолд хөдөлгөөнд оролцохгүй байх, бусад хөдөлгөөнд оролцогч нарт хүндэтгэлтэй хандаж, анхаарал болгоомжтой явахыг зөвлөлөө.

Улаанбаатарын замын түгжрэлийг ирэх онд 50 хувиар бууруулах зорилт тавьжээ

Эх сурвалж: Э.Оргил, www.gogo.mn, 2023.05.02






Засгийн газрын тогтоолын дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээнд жил бүр 420 тэрбум төгрөгөөс доошгүй санхүүжилтийн эх үүсвэрийг 2022-2024 оны улсын төсөвт тусган үе шаттайгаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.


Уг арга хэмжээний хүрээнд 12 багц ажил хийхээр төлөвлөж, 2024 онд багтаан Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 50 хувь бууруулах зорилт дэвшүүлсэн. Энэ чиглэлд хийж хэрэгжүүлэх ажлын 50 хувийг гүйцэтгээд байна.


Тухайлбал:


Авто замын гэрлэн дохиотой 161 уулзварт 455 радио давтамж тодорхойлох /RFID/ tag уншигч төхөөрөмж, 1036 уншигч антен суурилуулсан бөгөөд RFID системийг хэрэглээнд нэвтрүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болголоо.

Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар зургаан байршилд 26.7 км зам барих ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгэж байна.

“Шинэ тойрог зам” төслийн хүрээнд хот тойрсон авто замын хөдөлгөөнийг хоёр жилийн хугацаанд 93 км тойрог замыг бий болгохоор төлөвлөсөн.

Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахаар Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийг дамнасан Чингэлтэйн замын 5.1 км коридорт хэрэгжиж байна.

Түгжрэлийг бууруулахаар хамран сургах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2022 онд сургуулийн долоон барилга, цэцэрлэгийн 11 барилга, бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын есөн барилгын ажлыг эхлүүлээд байна.

Хотын төвийн замын нягтралыг бууруулах зорилгоор эхний ээлжинд 468 машины багтаамжтай ухаалаг системээр тоноглосон их багтаамжийн авто зогсоолыг байгуулахаар судалгаа, тооцооллыг гаргалаа.

Дүүжин замын тээврийн төслийн хоёрдугаар шугам буюу 4.2 км дүүжин замыг 2024 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх зорилгын хүрээнд 2021-2022 онд 27.669 км шинэ авто зам, гол болон туслах авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 34 км авто зам, 1500 метр Олимпын гүүрэн гарц, 537.2 метр хоёр гүүр, хоёр байршилд нүхэн гарцыг ашиглалтад орууллаа.

Улаанбаатарын төвлөрлийг задалж, нэг төвт хотоос олон төвт хотын тогтолцоонд шилжүүлэн орон сууц, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.

Н.Тэмүүжин: Улаанбаатарын түгжрэлийг 10 замын төлөвлөлтөөр шийднэ

Эх сурвалж: Б.Манлай, www.ikon.mn, 2023.05.01








Автотээврийн салбарт 15 жил ажиллаж буй иргэн Н.Тэмүүжин сүүлийн 8-9 жил зам тээврийн судалгаа, төлөвлөлтийг бие даан гүйцэтгэж байгаа аж. Тэрбээр автомашины түгжрэлийг бууруулах төсөл боловсруулснаа өнөөдөр танилцууллаа.


Тэрбээр "Түгжрэлд алдагдсан боломжийн өртөг 2022 онд 3.8 их наяд төгрөг буюу Монгол Улсын ДНБ-ний 10%-тай тэнцэж байна.


Мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй эдийн засаг, эрүүл мэнд, цаг хугацаа, байгаль орчин зэрэг хохирлыг бид амсаж байна.


Цаг хугацааны хохирлыг онцолбол, нийслэлийн нэг иргэн жилдээ 718 цаг буюу бүтэн нэг сарыг зам дээр өнгөрүүлдэг. Үүнийг дэлхийн түгжрэлтэй хотуудтай харьцуулахад Улаанбаатарчууд 3-7 дахин их хугацааг зам дээр өнгөрүүлж байна.


Түгжрэлийг бууруулахад иргэд олон нийтийн дунд багтаамж ихтэй тээврийн хэрэгслийг явуулах, хувийн тээврийг хязгаарлах, зах, худалдааны төв болон их, дээд сургуулийг хотын төвөөс гаргах асуудлыг ярьдаг. Зорчих урсгал руу хүргэх, зорчуулах хэрэгслийг өөрчлөх зохион байгуулалт хийгээд түгжрэл буурахгүй.


Замбараагүй газар олголт, эмх цэгцгүй тогтолцооны илрэл нь түгжрэл болдог. Зам өөрөө ачааллаа даахгүй байгаа нь түгжрэлийн нэг асуудал.


Замын болон автомашины гээд түгжрэл хоёр өөр. Дэлхийн улс орнууд замаа эхэлж төлөвлөөд барилга байгууламжаа шийддэг бол манай улсад энэ нь эсрэгээрээ байдаг.


Улаанбаатарын газарзүйн байршил, хүрээний онцлог байдал, хот төлөвлөсөн мөчлөг, хот төлөвлөлт алдагдсан зэрэг дөрвөн зүйлийг ярина.


Төрийн бүх салбарын төвлөрөл нь Улаанбаатарт байдаг. Өглөөдөө төв рүү, оройдоо зах руугаа гэдэг хөдөлгөөнтэй.


Гаднын зээл тусламжаар Нарны гүүр, Олимпын гүүрний бүтээн байгуулалтыг хийлгэсэн. Ингэхэд тухайн улс орнууд өөр, өөрийн орны стандартыг барьдаг.  Үүнээс болж зам тээврийн осол, түгжрэл үүсдэг. Эдгээр асуудлыг 10 замын төлөвлөлтөөр шийднэ.


10 замын төлөвлөлт гэдэг нь хэвтээ болон босоо тэнхлэг дэх өргөн чөлөө бүхий шууд холбогдох гол замын төлөвлөлтийг хэлнэ. Үүнд хотхон, хороолол доторх, туслах, холбоос замыг оролцуулаагүй.


20 орчим хэсгээс бүрдсэн 60 орчим км урттай авто замыг барьж, зөв холбовол Улаанбаатар хот хэвтээ болон босоо тэнхлэг дээрээ 10 өргөн чөлөөтэй болно. Геометрийн талаас харвал Улаанбаатарын зам төгс болж чадна. Таван кольцо бүхий тойрог үүсэж байгаа.


Улаанбаатар ганц том Энхтайваны өргөн чөлөөтэй. Нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт зорчих эрхийг өгсөн. Тэгвэл энэхүү төсөл хэрэгжсэнээр10 зам дээр нийтийн тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээгээр явах давуу эрхтэй зорчино.


Энхтайваны, Чингисийн,  Их Тойруу, Чингисийн өргөн чөлөөний гол замуудыг баруун, зүүн дөрвөн зам, төв шуудан, 32-ын тойргийн уулзварууд холбодог. Эдгээр уулзварт түгжрээ үүсдэг.


Баруун дөрвөн замын нэвтрүүлэх чадвар гурван эгнээ, хүлээн авах чадвар нь хоёр эгнээ болж явж байгаа. Өгөөжийн уулзвараас урагш Нарны замтай холбогдох үед нэг эгнээ болж бөөгнөрөл үүсдэг.


Зүүн дөрвөн замын хөдөлгөөн мөн ялгаагүй байна.


Гандангийн уулзвар дээр л гэхэд нэг эгнээнд хоёр тээврийн хэрэгсэл багтаж явдаг. Үүнээс болж мөргөлдөх, шүргэлцэх асуудал үүсдэг. Төслийн ач холбогдол эдгээрийг бууруулахаас гадна түгжрэлээс шалтгаалсан тээврийн үнийн өсөлт, агаар орчны бохирдлыг бууруулах, хүн амаа орон сууцжуулах гээд төр засгийн хэмжээний бодлогуудтай шууд уягдана.


Улаанбаатарын хаана ч амьдардаг байсан тэгш хүртээмжтэй тээврийн дэд бүтцээр бүрэн хангадах төлөвлөлтийг боловсруулсан" хэмээн танилцуулав.


"Өргөн чөлөө бүхий замын трасст барилга барьж болохгүй. Улсын нөөцөд авч үлдэхийг хэлээд энэхүү төслийг санаачилснаараа хувийн ашиг хонжоо хараагүй"-г нэмж хэллээ.

Ким Жун Гү: Түгжрэлийг бууруулаад буй БНСУ-ын технологийг Улаанбаатарт нутагшуулахад дэмжин ажиллана

Эх сурвалж: Б.Билгүүн, www.ikon.mn, 2023.04.28


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Бүгд Найрамдах Солонгос Улсаас /БНСУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр уулзлаа.


Шинээр томилогдсон Элчин сайдтай танилцах уулзалтын үеэр талууд Улаанбаатар болон Сөүл хотын харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын ажлын талаар санал солилцжээ. 


БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү нь энэ оны нэгдүгээр сарын 24-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид Жуух бичгээ өргөн барьсан билээ.


Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон танд баяр хүргэж, амжилт хүсье. БНСУ-ын Засгийн газрын зүгээс өнгөрсөн хугацаанд Монгол Улсын ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэн. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий гуравдагч хөрш болох БНСУ-тай хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд таатай байх болно" хэмээлээ.


Мөн Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах чиглэлд хийж, хэрэгжүүлж буй ажлуудын талаар тэрбээр танилцуулж, тэдгээрийг төсвийн болон олон улсын байгууллагын санхүүжилт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг онцолсон юм.


БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү "Түгжрэл, төвлөрөл бол аль ч улсын нийслэлд тулгамдаж байдаг томоохон асуудал. Иймд манай улсад нэвтрээд буй технологи, инновацыг Монгол Улсад, Улаанбаатар хотод нутагшуулахад дэмжин ажиллах болно. Түүнчлэн KOICA зэрэг байгууллагын Улаанбаатар хоттой хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжихэд анхаарч ажиллан, тусламж үзүүлэхийг хүсэж байна" гэсэн юм.


Монгол Улс болон БНСУ нь 1990 онд дипломат харилцаа тогтоосон билээ. Харин Улаанбаатар хот нь БНСУ-ын нийслэл Сөүл хоттой 1995 онд, Инчон хоттой 2017 онд ах дүүгийн харилцаа тогтоосон бөгөөд Намянжү, Пусан, Кёнсанбуг, Тэжон хоттой найрамдалт харилцаатай.

 








Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Д.Мөнх-Эрдэнэ: Театрын өмнөх машины зогсоолын асуудлыг ирэх долоо хоногт шийднэ

Эх сурвалж: П.Сайнжаргал, www.ikon.mn, 2023.04.27


Драмын театрын урд талын талбайн автомашины зогсоолын талаарх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд өрнөсөн.


Тэгвэл театрын өмнөх зогсоолыг хэрхэн ашиглаж, ямар арга хэмжээ авах талаар Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.


Тэрбээр "Төлбөртэй, төлбөргүй ч бай төв театрынхаа өмнө машины зогсоол ажиллуулж байгаа нь зохимжгүй. Театрын өмнөх талбай нь өргөн цэлгэр, тохилог орчин байх ёстой. Гэтэл шороотой олон машины тоосыг арчаад л явцгааж байна. 


Зогсоолын зориулалтаар ашиглах бус, уужим талбай байх нь зүйтэй. Энэ талаар ирэх долоо хоногоос шийдвэр гарна. Тэр үед мэдээлэл өгөх боломжтой" хэмээн хэлэв. 







Н.Намуу: Зайсан тойруугийн гудамжны зам энэ сарын 21-нээс нэг чигийн хөдөлгөөнтэй болж, уулын замын ачаалал буурна

 Эх сурвалж: www.ikon.mn. 2023.01.18. Т.Саран










Нэгдүгээр сарын 21-нээс Зайсан тойруугийн гудамж замын хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулах болсон талаар мэдээлэл өглөө. 


Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт хяналтын хэлтсийн дарга Н.Намуу "Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга үүрэг өгсний хүрээнд Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнд оруулах, ХААИС-ийн зүүн хойд талын уулзварын хөдөлгөөн зохицуулалтын талаар мэдээлэл өгье.


Зайсан тойруутай огтлолцож байгаа Дүнжингаравын буюу уулын зам, Туулын гүүр, Оргил гээд энэхүү замын хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотой асуудал юм. Энэхүү хөдөлгөөн зохион байгуулалтын ажил 2023 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 06:00 цагаас эхэлнэ. Нэг чиглэлийн хөдөлгөөнд оруулах схемийн хувьд ХААИС-ийн баруун хойд уулзвар, Хийморийн овоо талаасаа буюу Дүнжингаравын гудамж баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэлтэй урагшаа хойшоо чигээрээ явна. Харин хойноос зөвхөн чигээрээ буюу баруун эргэнэ. Яагаад гэвэл зүүн тийшээ нэг чигийн хөдөлгөөнтэй. Дугуй цагаан руу явдаг гурван замын уулзвар байдаг. Энэ хэсэг бас нэг чигийн хөдөлгөөнд орж байгаа. 


Нэг чиглэл гэдэг нь сөрөг хөдөлгөөн байхгүй учраас тухайн хөдөлгөөнд оролцогчид тэмдэг, тэмдэглэлийн заалтыг сайн баримталж хөдөлгөөнд оролцохгүй бол хөдөлгөөний аюулгүй байдал хангагдахгүй байх эрсдэлтэй. 


Хөдөлгөөний нөхцөл байдлын хувьд яагаад тухайн зохион байгуулалтын хийж байгаа вэ гэвэл Улаанбаатар хотын гол төвлөрлийн бүс болох Их болон бага тойруугийн хөдөлгөөн урагшаа буюу Зайсан чиглэлд зорчих хөдөлгөөн их байдаг.


Зайсан чиглэлийн хөдөлгөөн зохион байгуулалтын хийх явцад Туулын гүүрээр ганцхан эгнээгээр урагшаа оруулдаг. Орой, өглөө болгон сөрүүлэх хөдөлгөөн зохион байгуулалтаар тээврийн цагдаагийн алба тус хөдөлгөөнийг зохион байгуулдаг. Тэгэхээр энэ ажлыг хийснээр хотын төвлөрлийн бүсийн түгжрэл багасна гэж хэлэхгүй. ХААИС-ийн уулзвар огтлолцолгүй болоод, Зайсан тойруугаа тойроод баруунаас зүүн чиглэлд зорчих иргэд ХААИС дээр гэрэл дохионы хүлээлтгүйгээр баруун эргэх боломжтой болж байна. Ингэснээр уулын замын ачаалал буурна. Уулзварын нэвтрэх чадвар 35.5 хувь сайжирна гэж үзэж байгаа" гэдгийг хэллээ. 




Б.Гомбосүрэн: Зайсан тойруугийн гудамжны замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулахад 47 уулзвар, орц, гарцад 55 түр тэмдэг тавина


Эх сурвалж: www.ikon.mn





Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн цагдаагийн газрын замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Б.Гомбосүрэн Зайсан тойруугийн гудамжны замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. 


Тэрбээр "Нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн гаргасан шийдвэрийн дагуу нийт 47 уулзвар, орц, гарц дээр 55 түр тэмдэг тавина. Зайсан тойруугийн хөдөлгөөн зогсонги байдгаас Төв шуудангийн уулзварын хөдөлгөөн явдаггүй. Үүнээс шалтгаалж Энхтайваны өргөн чөлөө, баруун дөрвөн зам, зүүн дөрвөн зам, хойд тал, талбайн баруун талын хөдөлгөөн урагшлахгүй хөдөлгөөн хязгаарлагддаг. 


Энэ бүхнээс шалтгаалж иргэд гомдол гаргадаг. Тээврийн цагдаагийн алба хаагчид хөдөлгөөнийг хязгаарлаж байна гэсэн нөхцөл байдал үүсдэг. Нэгдүгээр сарын 21-нээс Зайсан тойруугийн гудамжны замын хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулах болсноор уг нөхцөл байдал арилах боломжтой.


Уулын замын тухайд баруун тал нь Яармагийн гүүр, зүүн тал нь Их тэнгэрийн ам гэж хөдөлгөөн хязгаарлагддаг. Тухайн хөдөлгөөн тэнцвэртэй явагдах давуу талтай" гэсэн юм. 




Б.Тамир: ХААИС-ийн зүүн талын автобусны буудлыг танктай хөшөөний баруун хойд талд шилжүүлнэ


Эх сурвалж: www.ikon.mn.





Зайсан тойруугийн гудамж замын хөдөлгөөний зохион байгуулалтыг өөрчилснөөр нийтийн тээвэрт ямар өөрчлөлт орох талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир мэдээлэл өглөө. 


Тэрбээр "Нийтийн тээврийн зургаан чиглэлийн 61 автобусанд тодорхой хэмжээний өөрчлөлт орж байгаа. Зайсан тойрууг тойруулснаар нийтийн тээврийн автобус явах чиглэлийн зам 600 метрээр урт болж байна. ХААИС-ийн зүүн талын автобусны буудлыг хойшоо Зайсангийн гудамж буюу танктай хөшөөний баруун хойд чиглэл рүү шилжүүлэх ажил хийгдэнэ. Хоёр автобусны буудал хоорондын зай 350 метр байгаа учраас явган зорчигч автобус хүлээж буй иргэд уг зайд түүртэхгүй явах боломжтой. 


Өөрчлөлт орох нийтийн тээврийн зургаан чиглэл:


Ч42: Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан 

Ган хийц-Ханын материал-Зайсан,

Зайсан-Дэнжийн мянга-Засгийн газрын авто бааз-Ссогоотын гудамж,

Зайсан-Офицеруудын ордон

Зайсан- Цэцэг төв-11 дүгээр хороолол

Богдхан амралт-Сүхбаатарын талбай гэсэн чиглэлүүд бий" гэлээ.



"Улаанбаатарын гол авто замыг өргөтгөж, 11 уулзварын огтлолцол бүхий шинэ тойрог зам барина"

Эх сурвалж: ikon.mn,  2022.03.28





Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Улаанбаатар хотод есөн үйл ажиллагаа бүхий нийт 26 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснийг танилцуулав.


Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх үндсэн болон гол авто замын сүлжээг хөгжүүлэн, өргөтгөж, шинэчилнэ. Ингэснээр авто замын түгжрэлийн индекс 15-20 хувиар буурч, авто замын нэвтрүүлэх чадвар 35 хувиар сайжрах юм.


Зам, тээврийн хөдөлгөөний удирдлага, хяналтын нэгдсэн ухаалаг системийг байгуулна. Үүний үр дүнд тээврийн хэрэгслийн зорчилтын бодит цагийн мэдээллийн системийг бий болгоно.


Нийтийн тээврийн чанар, стандартыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх багтаамж ихтэй нийтийн тээврийн шинэ төрөл нэвтрүүлнэ. Улмаар нийтийн тээврээр зорчигчдын тоо 2020 онтой харьцуулахад 30 хувиар нэмэгдэж, замын хөдөлгөөнийг 50-60 мянган автомашинаар бууруулах юм.


Түгжрэлийг бууруулах чиглэлээр арга хэмжээ авсан аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.


Нийслэл Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий “Шинэ тойрог зам”-ыг барьж байгуулна. Энэ нь нийт 71.5 км урттай, 11 олон түвшний уулзвартай бөгөөд авто замын түгжрэлийн индексийг 15-20 хувиар бууруулах юм.


Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, суурь дэд бүтцийг барьж байгуулна. Энэ хүрээнд гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг дуусгаж, хотын дөрвөн шинэ дэд төв, олон нийтийн долоон төвийг байгуулахаар төлөвлөжээ.


Шинэ суурьшлын бүс, эдийн засгийн чөлөөт бүс, дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ.


Хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, газар тариалан, хөдөө аж ахуй, барилгын материалын үйлдвэрлэлд түшиглэcэн орон нутгийн логистикийн төвүүд, Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төв байгуулна.


Зарим их, дээд сургуулийг мэргэжлийн чиглэл, салбараар нь төрөлжүүлж, их дээд сургуулиудыг үе шаттайгаар Улаанбаатар хотоос гаргаж, орон нутаг, дагуул хаяа хот, тосгодод шилжүүлнэ.


Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд зөвхөн нийслэл Улаанбаатар хотын асуудлыг бус, орон нутгийн хөгжлийг салбар бүрээр нь давхар шийдэх цогц төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгааг Хотын дарга онцолжээ.

Койзүми Тайга: Түгжрэлийг бууруулах чиглэлээр гүүрэн зам, түвшин зөрүүлэх уулзваруудын бүтээн байгуулалтыг санал болгож байна

Эх сурвалж: ikon.mn,  2022.03.25





Монголын эдийн засгийн чуулганаас зохион байгуулж буй "Хот, хөдөөгийн сэргэлт" урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлого чиглэл, шийдвэрлэх арга замын талаар салбарын төлөөллүүд хэлэлцсэн юм. 


"Гүүрэн байгууламж, нүхэн гарцыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн"

Нийслэлийн Засаг даргын орлогч, Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Одсүрэн хэлэхдээ "Улаанбаатар хотод тулгамдаж буй гол асуудлын нэг нь түгжрэл юм. Дэлхийн улс орны хотууд замынхаа хөдөлгөөнийг зохицуулахдаа цаг бага алдаж, төлөвлөлтийг оновчтой болгох гэх мэт цогц арга хэмжээг хэрэгжүүлдэг. Манай улсын хувьд замын хөдөлгөөний багтаамж, сүлжээ даацыг яаралтай нэмэгдүүлэхгүй бол нийслэлийн гол гудамж замууд 1970 оноос хойш огт нэмэгдээгүй" гэв. 


Мөн тэрбээр замын түгжрэлийг бууруулах чиглэлд хийж хэрэгжүүлэх ажлыг танилцуулахдаа "Сургууль, цэцэрлэг эхлэхтэй зэрэгцэн замын хөдөлгөөн илт нэмэгддэг. Үүний тооцооллыг бид гаргасан байгаа. Энэ хүрээнд хамран сургах тойрогтоо сургуулийг бий болгох, сургуулийн хүртээмжийг сайжруулах шаардлага үүссэн.


Түүнчлэн хотын үндсэн гурван чиглэлд баруунаас зүүн тийш нэвт хөдөлгөөнд оролцох боломжтой нийтийн тээврийг хөгжүүлэх сүлжээтэй болох ёстой. Мөн хотыг хувааж буй Туул, Сэлбэ гол болон төмөр замуудыг стандартын дагуу шийдвэрлэх хэрэгтэй.Тодруулбал, 1-2 километрийн шатлалтай гүүрэн байгууламж, нүхэн гарц гэх мэтчилэн замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн. Энэ чиглэлд ажиллаж байгаа хэмээн ойлгож болно.


Улаанбаатар хот руу дөрвөн захаас цагийн хуваарийн дагуу орж ирэх зорчилтыг бий болгох үүднээс хүн галт тэрэг төслийг нэвтрүүлж ажиллах юм.


Хөдөө орон нутгаас орж ирж буй автомашины урсгалын баруун, зүүн чиглэлд нийтдээ 30,000 автомашины зогсоол бүхий терминал гаргаж, худалдаа ложистикийн зохион байгуулах ажлыг мөн төлөвлөж байна" гэв.


  "Баянбүрдийн тойргоос гүүр болон агаарын замыг барьснаар түгжрэлийг 101 секундээр хорогдуулах боломжтой"

Японы ЖАЙКА олон улсын байгууллагаас Улаанбаатарын авто тээврийн чиглэлд хийсэн судалгааг үндэслэн хэд хэдэн саналыг хүргүүлсэн юм.  Үүнтэй холбоотойгоор  ЖАЙКА-ын Монгол Улс дахь Дэд бүтэц, хувийн хэвшлийн салбар хариуцсан төлөөлөгч Койзүми Тайга "Манай байгууллагын зүгээс Улаанбаатар хотын төвлөрлийг багасгаж, түгжрэлийг бууруулах чиглэлд бүтэн жилийн турш судалгаа хийж, дүн шинжилгээ гаргаад таван гол төслийг санал болгож байна. Мөн ирээдүйд хэрэгжүүлэх урт хугацааны гурван төслийг хэлэлцүүлгийн хүрээнд сонгон авлаа. Нийслэлийн түгжрэлийг цогцоор нь шийдэхийн тулд авто замын сүлжээг сайжруулах гүүрэн зам болон түвшин зөрүүлэх уулзваруудын бүтээн байгуулалтыг санал болгож байна. Энэ нь гүүр суурилуулж агаарын хурдны замыг бий болгох төсөл юм.


Нийслэлийн зүүн талын замын сүлжээг Нарны замтай холбох төсөл

Саппорогийн тойргийн замыг өргөжүүлэх төсөл

Баянбүрдийн тойргоос гүүр болон агаарын зам бий болгоно гэж тооцож байгаа.

Ингэснээр Яармагийн бүсээс - Улаанбаатарын вокзал хүртэл 60 минутаар зорчих тээврийн хугацааг багасгана хэмээн тооцож байна. Агаарын гүүрийг бий болговол Саппорогийн тойргоос түгжрэлийн цагийг 120 секундээр багасгана.  Баянбүрдийн тойргоос гүүр болон агаарын замыг бариад түгжрэлийг 101 секундээр бууруулах тооцоо бий.

10 жилийн өмнө барьсан Нарны гүүр, Нарны замын талаар Улаанбаатар хотын иргэд талархалтай хандаж байдаг. Зөвхөн зам бариад орхих бус, ашиглалтад онцгой анхаарах хэрэгтэй.


 "Замын түгжрэлээс үүдсэн алдагдлыг эцсийн бүлэгтээ хэрэглэгчид л төлж байдаг"

Архитектур З.Туяа "Түгжрэл бол алдагдлууд юм. Тэгэхээр алдагдлаа тодорхойлж, хэмнэлтээ ярих ёстой. Бид түгжрэхгүй болсноор юу хэмнэх вэ. Юун түрүүнд цаг хэмнэнэ. Хэмнэлтээ дагаад бүтээмж яригдах болно. Хүн амын 50 хувь нь амьдарч байгаа юм бол ажиллах хүчний хэдэн хувь нь энд байна вэ гэдгийг тооцох ёстой юм. Замын түгжрэлээс үүдсэн алдагдлыг эцсийн бүлэгтээ хэрэглэгчид л төлж байдаг. Одоо байгаа бүсүүддээ тулгуурлан нийтийн тээврийн төлөвлөлтөө хийх нь зүйтэй болов уу. Үүн дээр дөрвөн дэд төвийн уялдааг бодох ёстой. Тиймээс салбар хоорондын уялдаа хамгийн чухал. Улаанбаатар хотыг дагуул хот болон хөдөөгийн хотуудтай холбон хөгжүүлэхийн тулд мэдээлэл нэн чухал байдаг" хэмээн хэллээ.


"Ухаалаг удирдлагын систем байхгүй бол замаа өргөтгөөд, шинэ зам бариад ч үр дүн санаснаар гарахгүй"

“Шунхлай” группийн “Цахим хот” төслийн зөвлөх Б.Бямбасайхан "Хүн амын хувьд Улаанбаатар хоттой ойролцоо 110 хот байна. Эдгээр хот бүгд түгжрэлийн асуудалтай. Олон хот түгжрэл бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн дотор их өгөгдөлд суурилсан цахим системийг нэвтрүүлж буй юм. Ухаалаг удирдлагын систем байхгүй бол замаа өргөтгөөд, шинэ зам бариад ч үр дүн санаснаар гарахгүй. Дижитал шилжилт хийж байж төслүүд үр дүнтэй болох юм.  Түүнчлэн судалгаа, төлөвлөгөө маш их бий. Үүнийг түргэтгэхийн тулд хувийн хэвшлийн салбарын дэмжлэгийг авах хэрэгтэй. Хотын хөгжил, түгжрэлийг бууруулах тал дээр хувийн хэвшлийнхэн оролцох эрх нь нээгдсэн гэдгийг Хотын дарга түрүүн хэлсэн. Энэ бол дэвшил.


“Цахим хот” төслийн тухайд их өгөгдөлд суурилсан бодлогын шийдвэрийг гаргахад туслах зорилго бүхий төсөл юм. Жишээ нь, хотын төв рүү ороход татвар нэмэх нь зөв үү, буруу юу гэдгийг ухаалаг удирдлагын системээр шийддэг байх учиртай юм" гэв.


Эх сурвалж: ikon.mn, 2022.03.17





Өдөр тутмын сонинуудын холбооноос “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулж байна.


Хэлэлцүүлгийн эхэнд Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн түгжрэлийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцууллаа.


Улаанбаатар хот 1.6 сая орчим иргэнтэй, 414 мянган өрхтэй. Хотын хүн амын тоо жилд дунджаар 80 мянгаар нэмэгдэж байна. Өдгөө 659 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа. Энэ чигээрээ хоёр жил болоход Улаанбаатар хот тэг зогсолт хийхэд хүрчээ.

Тэрбээр "Их тойруу, Бага тойрууд буюу хотын төвд аж ахуйн нэгж, байгууллага, их сургуулийн олонх нь үйл ажиллагаа явуулж байгаа нь нягтаршил үүсгэж, нэг төвт хот болгож буй. Мөн сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ нь түгжрэлд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Тодруулбал, 100 мянга орчим хүүхэд сургууль, цэцэрлэгтээ хувийн тээврийн хэрэгслээр хүргүүлж байгаа юм. Иймээс сургууль, цэцэрлэгийг нэмэгдүүлж, нэг төвт хотоос олон төвт хот болгох, төвлөрлийг сааруулах дэд төвүүдийг байгуулах, уулзваруудыг хоёр түвшинд оруулах гэх мэт ажлуудыг хийж байгаа" хэмээн онцоллоо.


Түгжрэлийн гарц, шийдэл, боломжуудын талаар Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар танилцуулсан юм.


Тэрбээр “Улаанбаатар хотын сүүлийн 30 жилд төлөвлөлтийн алдаатай явж ирсэн. Энэ алдааг гурван сар, гурван жилийн хугацаанд шийднэ гэвэл эндүүрэл. Харин үе шаттай, судалгаа, төлөвлөгөөтэй ажлуудыг хийх шаардлагатай байна. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулсан. УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороо байгуулагдлаа. Засгийн газар, УИХ-аас нийслэлийг маш сайн дэмжиж байгаа.


Түгжрэлийг бууруулахад зөвхөн зам, гүүр, зогсоол тавиад, дугаарын хязгаарлалт хийгээд шийдчихгүй. Сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойрог, төлөвлөлт, зөв зохицуулалт, нийтийн тээврийн шинэ соёлыг нэвтрүүлэх, парк шинэчлэх, явган болон дугуйн замын тохижилт зэрэг маш олон хүчин зүйлээс хамааралтай. Бүх зүйл цогцоороо явж байж, энэ түгжрэлийг шийднэ” хэмээлээ.


2022-2024 онд нийслэлд шинээр 41 км гол гудамж зам, 43.2 км туслах гудамж зам, уулзварын дахин инженерчлэл 30 байршилд, мөн 98 км явган, дугуйн зам хийхээр төлөвлөөд байна.

Улаанбаатарын зогсоолуудыг ангилалтай болгох, нэгдүгээр эгнээнд машинаа тавьсан зөрчлийг төлбөрөөр зохицуулах санал боловсруулжээ

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.17





“Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо Энэ үеэр нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж 32 байршилд тохижилт бүхий газар доорх автомашины зогсоолын судалгааг хийсэн гэсэн мэдээллийг өглөө.


Тэрбээр "Улаанбаатар хотын түгжрэл бол хэт бага талбай дээр хотжиж, бөөгнөрснөөс үүдэлтэй. Одоогийн 1 сая 560 мянга гаруй хүн амд 1,990 га газар гэдэг хэт бага талбар. Үүнийг шийдэхийн тулд дагуул хот үүсгэх төлөвлөлтүүд хийсэн.


Улаанбаатар хотын төвийн хэсэгт төвлөрлийг бууруулж, түгжрэлийг багасгах үүднээс олон давхар авто зогсоолын судалгааг 16 байршилд 4,320 автомашин, 3 га газрыг хамруулан хийсэн.


Мөн 32 байршилд тохижилт бүхий газар доорх автомашины зогсоолын судалгааг хийсэн. Социализмын үед хувийн өмч, хувьдаа машинтай хүн бараг байгаагүйгээс орон сууцны хорооллуудыг авто зогсоол, байшин доорх гараашгүйгээр төлөвлөсөн байдаг.


1990 оноос хойш хүмүүс хувьдаа машинтай болж, маш олон гараашийг төлөвлөлтгүйгээр барьж эхэлсэн. Эдгээр зөвшөөрөлгүй, өнгө үзэмжгүй гараашнуудыг буулгаж байгаа. Ингэхдээ томоохон талбайтай газруудад дээрээ ногоон байгууламжтай, доошоо олон давхар авто зогсоол байгуулахаар төлөвлөсөн.


Ил зогсоолын судалгааг 22 байршилд хийсэн. Улаанбаатар хотын зогсоолуудыг төлбөрийн ангилалтай болгоё, авто замын нэгдүгээр эгнээнд машинаа тавьдаг зөрчлийг төлбөрөөр зохицуулах санал боловсруулсан" хэмээн танилцууллаа.

Судалгаа: Иргэд буруу хүрдтэй машиныг хориглох, төв замаас хураамж авахыг дэмжжээ

Эх сурвалж: news.mn, 2022.02.24





Автозам дээрээ амьдардаг анхны бөгөөд цор ганц улс бол Монгол. Түгжрэлийг бууруулна гэж үе, үеийн дарга нар дээш гарч ардынхаа замыг хаагаад ард олон нь зам дээрээ аж төрж байна гэлтэй. Монголд амьдрахгүй ганц том шалтгааныг нэрлэ гэвэл мэдээж автозамын түгжрэл гэнэ. Иргэдээ гадагшаа туучихгүйн тулд бидэнд түгжрэлийг бууруулах тооцоо судалгаа хэрэгтэй. Тиймээс Нийслэлийн Засаг даргын тамгын газраас авто замын түгжрэлийг бууруулах шийдлийн талаар иргэдийн дунд судалгаа явуулж, түүндээ үндэслэн тодорхой шийдвэрүүд гаргахаар зэхэж байгаа аж. 


Уг судалгааны зарим үр дүнг танилцуулбал, замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийн 55 хувь нь хувийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцдог. Нэг үгээр бол, нийслэлийн хоёр хүн тутмын нэг нь машинтай аж. Иргэдийн унаж байгаа машинууд дунджаар 2008 он болон түүнээс доош онуудад үйлдвэрлэгдсэн байдаг байна.


Энэхүү судалгааны үр дүнг харвал хэд хэдэн хүчин зүйлсээс болж нийслэл тэг зогсолт хийх нөхцөл үүсгэж байна гэжээ.


Нэгд, гурван хүүхэд тутмын нэг нь харьяа сургуульдаа явдаггүй. Харин тэднийг хүргэж өгөхийн тулд хотын төв рүү явах иргэдийн 26 хувь нь хувийн унаагаар хүргэж өгдөг байна. Энэ нь түгжрэл үүсэхэд голлон нөлөөлдөг гэжээ.


Хоёрт, томоохон зах худалдааны төвүүдээс үүдэлтэй түгжрэл байна. Учир нь, нийслэлийн том гэх бүхий л худалдааны төвүүд хотын төвд байрладаг байна. Судалгааны дүнгээр хотын төв рүү орж буй иргэдийн 40 хувь нь худалдаа, наймаа хийх, дэлгүүр хэсэх гэж явдаг гэсэн тооцоо гарсан байна.


Гуравт, 10 өрх тутмын нэг нь такси үйлчилгээнд явдаг гэсэн байна. Тэгвэл нийслэлд 414 мянган өрх бий гэвэл 41400 машин нийслэлийн түгжрэлд томоохон нөлөө үзүүлж байна гэдгийг онцолсон байна. 


Харин түгжрэлийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авбал үр дүнтэй вэ гэдгийг иргэдээс асуухад дараах таван саналыг хамгийн их хэлжээ. Үүнд:


Иргэдийн 61-76 хувь нь гэрийн ойролцоо цэцэрлэг, сургууль шинээр барьж, хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх,


Нарантуул, Хүчитшонхор, Бөмбөгөр, 100 айл зэрэг томоохон худалдааны төв, захуудыг дэд төвүүдэд тархаан байрлуулах,


Нийтийн тээврийн парк шинэчлэл хийх, метро их багтаамжит масс транзит барьж нэвтрүүлэх,


Авто замын сүлжээг нэмэгдүүлэх


Ухаалаг гэрлэн дохионы системийг нэвтрүүлж оргил цаг болон, ачаалалтай уулзваруудын хөдөлгөөнийг оновчтой зохицуулалтыг хийх зэрэг ажлуудыг хийвэл түгжрэл бууруулсан гэж үзнэ хэмээжээ.


Судалгаанд оролцсон иргэдийн 82 хувь нь 100 айлыг хотоос гаргах, 73-75 хувь нь Нарантуул захын өргөтгөлийг, Өгөөмөр захыг хотоос гаргаж задлахыг дэмжжээ. Нарантуул орчмын бүсийг хотоос гаргавал түгжрэлийг бууруулахад бодитой үр дүн гарна гэсэн байна.


Түүнчлэн, Нарантуул, Бөмбөгөр, 100 айл, Хүчитшонхор захуудад өдөртөө давтамжтайгаар 138 мянган иргэн үйлчлүүлдэг гэх тооцоо гарсан байна. Мөн иргэдийн дэмжиж буй метро их хэмжээий багтаамжит транзит хөнгөн галт тэрэг Яармагийн чиглэлд барих юм бол судалгаанд оролцогсдын 56 хувь нь Яармагт амьдрана гэжээ.  


Нийслэлчүүд ярихдаа хувийн машинаас татгалзаж нийтийн тээвэр болон явганаар замын хөдөлгөөнд оролцвол түгжрэл буурах боломжтой гэлцдэг. Тэгвэл явган болон нийтийн тээврээр зорчиход гардаг хүндрэлүүдийн талаар судалгаанд оролцогчид ингэж хариулжээ. Үүнд:


-Автобусаар хэт олон хүн зорчдог тул шахдалцдаг, суудал олддоггүй.


-Автобусаар зорчиход тав тух муутай/хүйтэн, муухай үнэртэй, жолооч огцом тормозлодог гэх мэт/.


-Хүйтний улиралд автобус хүлээх хэцүү байдаг.


-Автобусны буудал хол байдаг.


-Зуны улиралд явган хүний зам усанд автдаг тул харайж,усаар туулах шаардлагатай.


-Авто замын хажуугаар явахад жолооч нар шавхай цацдаг гэх мэт хүндрэлүүд гардаг гэсэн байна.


Нэгэнт нийтийн тээвэр, явганаар явахад хүндрэлтэй байгаа тул бусад зохицуулалтыг хийх нь зүйтэй. Иймд нэгэн шийдэл байж болох бүсчлэлийн хураамж авахыг зөвшөөрөх үү гэх судалгааг хийхэд бүсчлэлийн хураамж 500 төгрөг авах болбол хотын төв рүү орох автомашинтай иргэдийн 30 хувь буюу 57.5 мянган иргэн нийтийн тээврээр үйлчлүүлэхийг илүүд үзнэ гэсэн хариулт өгсөн нь сайшаалтай юм.


Мөн буруу хүрдтэй машиныг хориглохыг дэмжихийг иргэдээс асуудахад дийлэнх нь дэмжинэ гэж хариулсан байна.


Гэхдээ нийслэлчүүдэд ганц бус багц шийдэл хэрэгтэй. Энэ мэтээр нэгдүгээр эгнээнд байрлуулсан иргэдийн автомашины ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болговол нийт жолооч нарын 73 хувь нь хаа хамаагүй газар машинаа байрлуулж түгжрэл үүсгэхгүй гэх тооцоог энэхүү авто замын түгжрэлийг бууруулах шийдлийн судалгаанд дурджээ.


Иргэдийн дунд явуулсан энэхүү судалгааг үндэслэн түгжрэлийг бууруулах чиглэлд Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тодорхой шийдвэрүүдийг ирэх долоо хоногт гаргах юм байна. 











Замын хөдөлгөөний ачаалал 06-07 цагт 23 хувиар нэмэгдсэн

Эх сурвалж: news.mn, 2022.02.21





Хотын төв, түгжрэл ихтэй орчинд буюу Их тойруу болон Яармагт байрлалтай 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулж, өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Нийт 59 сургуулиас төрийн өмчийн сургуулиуд цагийн хуваарийн дагуу орж байгаа бол зарим хувийн сургууль өөрсдийн цагийн хуваариар хичээллэжээ. Мөн өнөө өглөө замын хөдөлгөөний ачаалал 06-07 цагm 23 хувиар өссөн. Бусад цагуудад ачаалал буурсан байна гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ. 

Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох: Нийслэлийн хэмжээнд 59 сургуулийн хичээл эхлэх цагийг өөрчилсөн. Төрийн өмчийн бүх сургуулиуд цагийн хуваарийг сайн хэрэгжүүллээ. Харин төрийн бус зургаан сургууль заасан цагийн хуваарийн дагуу хичээллээгүй. Үүнд, Үй цай, Сакура, Бритиш, Хобби зэрэг сургууль орж байна. Хүүхдүүд хичээлдээ хоцрох нь харьцангуй бага байсан гэж сургуулиудаас мэдээлэл ирсэн. 


Замын хөдөлгөөний удирдах газраас хөдөлгөөний ачааллыг өнгөрсөн долоо хоногийн даваа гаригтай харьцуулжээ. 06-07 цагт зам дээр зорчих тээврийн хэрэгслийн тоо өмнөх долоо хоногоос 23 хувиар их байсан бол 07-08 цагт 17 хувиар бага байсан байна. Харин 08-10 цагуудад 21 хувиар бага байна. 


Нийслэлийн 59 сургуулийн хичээл эхлэх цагийг өөрчиллөө

Эх сурвалж: news.mn, 2022.02.18


Хотын төв, түгжрэл ихтэй орчинд буюу Их тойруу болон Яармагт байрлалтай 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх талаарх санал асуулгыг www.ulaanbaatar.mn сайтад өрнүүллээ. Үүний үр дүнд нийслэлийн хэмжээнд 59 сургуулийн хичээл эхлэх цагийг өөрчиллөө.








ТЦА: Шинийн 1-ний өглөө нийслэлээс 11792 тээврийн хэрэгсэлтэй 31093 иргэн гарчээ

 Эх сурвалж: gogo.mn, 2022.02.03





Цагаан сарын шинийн нэгний өдөр нийслэлийн шалган нэвтрүүлэх долоон цэгээр Улаанбаатар хот руу нийт 6575 тээврийн хэрэгсэлтэй 17390 иргэн орж, 11792 тээврийн хэрэгсэлтэй 31093 иргэн гарсан байна.


Цагдаагийн ерөнхий газрын даргын өгсөн үүргийн дагуу олон улсын болон улсын чанартай 10200 км хатуу хучилттай автозам болон 360 сум, суурин газрыг холбосон замуудад цагийн менежментээр цагдаагийн төрөл, мэргэжлийн алба хаагчид 50, 100 км тутамд удирдах бүрэлдэхүүн хяналт тавин 24 цагаар ажиллажээ.


Орон нутагт 231 хяналтын цэгт 550, нийслэл хотод 247 цэгт 800-1000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.


Мөн цагдаагийн байгууллагаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барих, тээврийн хэрэгслийн хурд зөрчих зөрчилд түлхүү анхаарч байгаа бөгөөд энэ арга хэмжээ нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хүний амь нас хохирох, гэмтэх, эд материалын хохирлыг бууруулахад чиглэж буй юм.


Сарын шинийн нэгний өдөр хүний амь нас хохирсон зам тээврийн осол бүртгэгдээгүй нь үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид болон хөдөлгөөнд оролцогч иргэдийн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан оролцсонтой холбоотой хэмэгээд замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг ТЦА-наас анхаарууллаа.

ФОТО: Хотын зах, нийслэлээс гарах чиглэлд хөдөлгөөний ачаалал өндөр байна

 Эх сурвалж: gogo.mn, 2022.02.02


Нийслэлийн хэмжээнд хөдөлгөөний ачаалал ямар байгаа талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодрууллаа. Одоогоор Таван шараас Ханын материал, 21-р хороолол, Баянхошуу орчмын зам ачаалалтай байна. Мөн нийслэлээс гарч байгаа хөдөлгөөн их байгаа талаар тэрээр хэллээ.


Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир:


"Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх хандлагатай байна. Цагдаагийн байгууллагаас 247 цэгт тээврийн цагдаагийн болон хэв журмын нийт 1000 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэж, иргэдийг аюулгүй зорчуулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар нийслэлд зүүнээсээ баруун чиглэлд Баруун дөрвөн замаас Таван шарын уулзвар хүртэл хөдөлгөөний эрчим үүссэн ч таг зогсоогүй, хөдөлгөөн жигд, 20-30 км цагийн хурдтай урсаад явж байна.


Яармагийн болон уулын зам ачаалалтай байсан ч алба хаагч нар хэвийн байдалд оруулсан. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Хайлааст, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Долоон буудал замын хөдөлгөөн ачаалалтай байж байгаад хэвийн болж байна.


Таван шараас Ханын материал, 21-р хороолол, Баянхошуу орчмын зам ачаалалтай байна. Нийслэлээс гарч байгаа хөдөлгөөн их байна. Товчоодод ажиллаж байгаа цагдаа нараас мэдээлэл авахад одоогийн байдлаар 5800 автомашин гарч, хот руу 1200 орчим тээврийн хэрэгсэл орсон байна. Ихэвчлэн гэр бүлээрээ орон нутгийг зорьж байна. 


Цагдаагийн байгууллагаас техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж байгаа. Орон нутгийн хэмжээнд хяналт шалгалт тавьж, байнгын пост, хөдөлгөөнт эргүүлээр 100 км тутамд шалгаж, зөвлөмж өгч ажиллаж байна. Ингэснээр орон нутгийн замд хурд хэтрүүлэх, хориглосон нөхцөлөөр гүйцэт түрүүлэх, мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохыг таслан зогсоох, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой юм. 


Хол замд жолооч ядарсан үедээ жолоо барьдаг. Тиймээс жолоочийг 5-10 минут зогсоогоод амрааж, аль зам руу явж байгааг нь тодруулан, автомашины бүрэн бүтэн байдлыг шалгаад, зөвлөмж хүргэж байна. Алба хаагч нар хөдөлгөөний зохицуулалт хангахад бүгд жигд сайхан ажиллаж байна" гэлээ.