Showing posts with label housing. Show all posts
Showing posts with label housing. Show all posts

Г.Батсүх: Орон сууцны үнэ цаашид буурах хандлагатай

Эх сурвалж: Б.Манлай, www.ikon.mn, 2023.05.04





Барилгын хөгжлийн төвөөс өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулах үеэр барилгын салбарын сэргэлт, орон сууцны үнийн талаар мэдээлэл өглөө.


Барилга.мн-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Г.Батсүх "Эдийн засгийн өсөлт, бууралтаас барилгын салбарын өсөлт, бууралт хоцорч явдаг. Цар тахлын үед бага зэргийн уналттай байсан. Одоо барилгын ажлууд төдийлөн эхлээгүй. Энэ сараас барилгын ажил эхэлж, сэргэж байна.


Цар тахлын үед эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөр, ипотекийн зээлийн хэмжээ нэмэгдэж, бэлэн мөнгөний урсгал их орсонтой холбоотойгоор орон сууц, үл хөдлөх хөрөнгийн эрэлт огцом нэмэгдсэн юм. Үүнээс шалтгаалаад шинэ, хуучин орон сууцны үнэ өссөн.  Зах зээлийн хоёр дахь арилжаа явагдаж байгаа учраас ямар нэгэн зохицуулалт байдаггүй. Иргэдийн хувьд эрэлт, нийлүүлэлтийн зарчмаараа үнийн өсөлт бууралтаа хариуцаад явдаг.


Барилгын материалын үнэ цар тахлын үед дунджаар 85%-аар өссөн. Төсөвт өртөг ч энэ хэмжээгээр өссөн учир шинэ орон сууцны үнэ нэмэгдсэн. Шинээр орон сууц барьж буй компаниуд үнээ өсгөсөн тал бий.


2023 он гараад ипотекийн зээлийн хэмжээ буурч, эдийн засаг дахь бэлэн мөнгийг хумих бодлого явагдсан. Үүнийг дагаад өнөөдрийн байдлаар орон сууц, үл хөдлөх хөрөнгийн үнэ бага зэрэг буурч байна.


Импортын барилгын материалын үнэ буурч байгаа болохоор орон сууцны үнэ цаашид харьцангуй буурах хандлагатай байна гэж ойлгож болно" хэмээн ярилаа.

Ц.Ууганбаяр: ТОСК-тай хамтарсандаа харамсдаг. Эцэст нь зээлийн гэрээ, компани, бүгдийг ТОСК-ын өмч болгох санаатай байсан байх

Эх сурвалж: Н.Эрхэмбаяр, www.ikon.mn, 2023.05.02





Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 12 дахь өдрөө үргэлжилж байна. 


Энэ долоо хоногийн шүүх хуралдаанаар яллагдагчаар татагдсан 80 хүн, дөрвөн хуулийн этгээдээс прокурор, өмгөөлөгч, асуулт асууж, хариулт авч байгаа юм. 

Өнөөдрийн үдээс хойших шүүх хуралдаанаар “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн "ТОСК-аар дамжуулан авсан Хөгжлийн Банкны зээлийн асуудлыг хэлэлцэв.


Энэ үеэр тус компанийн захирал Ц.Ууганбаяраас Хөгжлийн Банкны төлөөлөгч Гүрбазар асуулт асууж, хариулт авлаа.


- Эксим банкнаас зээл олгох нөхцөл шаардлагыг биелүүлээгүй гол буруутан хэн бэ? 


- Манай компани одоо хүртэл хохирчхоод явж байгаа. Миний бодлоор ТОСК буруутай. 


- Та төсөл санаачлагч, хэрэгжүүлэгчийн хувьд Хөгжлийн Банк, ТОСК хоёр төрийн байгууллага хоорондын зээлийн гол буруутан юм биш үү? 


- Таны цуцалсан баталгаа, ханшийн өсөлт, битүүмжтэй гэж хэлчхээд оруулаагүй мөнгө гээд бүх юмны мөнгийг би хариуцаад иргэний шүүхээр яваад дууссан. Хөгжлийн Банк зээлийн баталгаа гаргачхаад цуцалсан. Цуцалдаг баталгаа гэж байхгүй. Та зээлийн баталгааг цуцлуулсан хүний нэг хэмээн ярьж байна. Тэгэхээр та энэ төслийг гацаасан хүний нэг. 


Манай аваагүй зээлийн маань ханш 40 хувь өссөн байсан. Тийм байхад та нар дахиад үзэх шаардлага тавьсан. 


Бүх хугацаанд явсан мөнгийг иргэний шүүхийн маргаанаар дуусгавар болгоод төлбөрийг нь төлсөн. Арилжааны зээл аваад явсан бол энэ төсөл аль эрт дуусаад бүрэн ашиглалтад орох байсан. 


- ТОСК зүгээр байсан байгууллага, Танай баталгааны асуудал 2012 оноос эхэлж 2019 онд цуцлагджээ. Гэтэл 2012 оноос эхэлсэн асуудалд ТОСК-ыг Засгийн газрын тогтоолын дагуу оруулж, гэрээ байгуулах замаар танай төслийг санхүүжүүлсэн байна. Төрийн байгууллагууд ажлаа бүрэн хийжээ. 2015 оноос нөхцөл шаардлагаа хангаж чадахгүй байтал банк 18 сарын дараа татсан асуудал байгаа. ТОСК-ын битүүмжтэй байсан мөнгөөр танайх зээлээ төлүүлчхээд байгаа юм биш үү? 


- ТОСК биднийг татаж оруулсан. Тухайн үед гаднын зээлээ хөөцөлдөөд бүтээсэн компани байхгүй. Миний мэдэх 10 гаруй компани зээл хөөцөлдсөн. Хөгжлийн Банк дөнгөж байгуулагдчихаад баталгаа цуцалсан учир цаашдаа муу жишиг тогтоохгүйн тулд ТОСК бидэнд санал тавьсан. 


Би ТОСК-тай хамтарч ажилласандаа харамсаж байна. Өөрийнхөөрөө явсан бол илүү мөнгө төлөөд суухгүй байсан байх. Зээлийн шаардлага хангаагүй газартай гаднын банк зээлийн гэрээ зурдаггүй юм. Манайхаас шимтгэл авдаггүй, Монгол шиг биш. 


Чи нөхцөлөө аваад ир гэсэн. Наад мөнгийг чинь зарцуулаад юмаа хийхгүй юм уу гэхэд үгүй ээ битүүмжтэй байгаа ашиглаж болохгүй гэсэн ТОСК-ын санаагаар ийм зүйл болсон. 


Эцсийн дүндээ зээлийн гэрээ, компани, бүгдийг ТОСК-ын өмч болгох санаа байсан юм шиг байна. Би сайн тааж мэдэхгүй. Сүүлдээ өгсөн, өгөөгүй ч юм шиг зээл нь гацаад байдаг. Би хилийн хоригтой байгаа. Нөгөө төлсөн зээлийн шимтгэлээ авч ирмээр байна. 


- Иргэний хэргийн шүүх хурлаар төсөл хэрэгжүүлэгч 61 тэрбумаа төл гээд, гэрээ байгуулсан ТОСК юунд ч оролцоогүй атал 21 тэрбумыг төлөх шийдвэр гарсан. Битүүмжтэй хугацааг дахин сунгаад өнөөдрийг хүртэл байлгах байсан уу, Банк батлан даасан хугацаагаа сунгасан бол зээл олгох нөхцөлөө хангаж чадахаар байсан уу? 


- Бидний гарын үсэг, төлбөрийн таамаг, тамга байхгүйгээр арванхоёрдугаар сарын 20-ны өдөр дансанд байсан мөнгө маань байхгүй болсон. Энэ мөнгөө ашиглуулахгүй бол буцааж аваад манай барьцааг өгөөч гэж Хөгжлийн Банканд хэлж байсан. Эцсийн дүндээ би хохирч байна. Та нар манай гарын үсэггүйгээр гүйлгээ хийсэн учир буруутаж байгаа. Энэ маргааныг Хөгжлийн Банк дандаа хойшлуулдаг. Нэг хүн хариуцаж байгаад дахиад шинээр эхэлдэг. Танай банк шийдвэр гаргахгүй нөхцөлөөс болж бид ингээд явж байна. 

"Бага, дунд орлоготой иргэдэд зориулсан хямд өртөгтэй орон сууцны төсөл хэрэгжүүлнэ"

Эх сурвалж: П.Зоригт, www.ikon.mn, 2023.04.30






Нийслэлийн орон сууцны корпорац ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан, БНСУ-ын Кёнги Хот байгуулалт, орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал Ким Суншиг нар Нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах, ухаалаг хотыг байгуулах хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулав.


Санамж бичиг зурах үйл ажиллагаанд Монголын талаас Нийслэлийн орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү болон БНСУ-ын талаас Кёнги Хот байгуулалт, орон сууцны корпорацын удирдлагууд оролцлоо.


Хамтын ажиллагааны хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцны томоохон бүтээн байгуулалт болон бага, дунд орлоготой иргэдэд зориулсан хямд өртөгтэй орон сууцны төсөл хамтран хэрэгжүүлэх аж.


Түүнчлэн орон сууцны түрээсийн олон талт үйл ажиллагаа, удирдлагын тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан форум зохион байгуулах, хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллах гэх мэт олон зорилтыг тусгажээ.


Агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтийн тулгамдсан асуудал болсон энэ үед иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн ухаалаг хотыг байгуулахад хамтран ажиллах нь тус хамтын ажиллагааны гол ач холбогдол оршиж буй аж.


 


Эх сурвалж: Нийслэлийн орон сууцны корпорац

М.Балдандорж: Шинээр ашиглалтад орж байгаа барилгын шугам хоолой, бусад материал чанаргүй байна

Эх сурвалж: Б.Манлай, www.ikon.mn, 2023.04.28


Зарим орон сууцны хорооллоос зэвтэй ус гарч байгаа асуудлаар холбогдох байгууллагуудад хариуцлага тооцсон эсэх талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж мэдээлэл өглөө.


Тэрбээр “Хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд холбогдох байгууллагад шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх албан бичиг хүргүүлсэн. Одоо шугам угаах гэх мэт түр арга хэмжээ авч байгаа. Гүйцэтгэгч компани болон орон сууцны конторуудад шугам сүлжээгээ шинэчлэх шаардлага тавьсан. Холбогдох материал олдохгүй байгаатай холбоотойгоор хууль, хяналтын байгууллагад мэдээлэл өгч, хамтран ажиллаж байна.


Шинээр ашиглалтад орж байгаа барилгын шугам хоолой, бусад материал чанарын шаардлага хангахгүй байна. Иймээс норм, дүрэмтэй нь уялдуулах, хяналт тавих механизмыг сайжруулах зэргээр Барилга, хот байгуулалтын яамтай уулзаж, хүсэлт тавин, хамтран ажиллаж байна” гэв.




"270 тэрбум төгрөгөөр дэд бүтэц байгуулбал гэр хорооллын 128 мянган өрхийг орон сууцанд оруулах боломжтой"

Эх сурвалж: ikon.mn, 2022.05.03








Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл 2010 оноос хэрэгжиж эхэлсэн.


Өдгөө гэр хорооллын нийт 28 байршилд 43 төсөл хэрэгжүүлэгч шалгаран ажиллаж, энэ хугацаанд 2,519 нэгж талбарт газар чөлөөлөн, 11,755 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна. Тэгвэл өнөөдөр гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн анхны хаалтын ажиллагаа болж, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлсэн “Монтед констракшн” ХХК-ийн ажлыг дүгнэж, төслийн үр дүнг хүлээн авлаа.


Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл нь Сүхбаатар дүүргийн долдугаар хороолол орчимд газар чөлөөлснөөр анх эхэлж байсан. 2014 онд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Монтед констракшн” ХХК өнөөдөр ажлаа хүлээлгэн өгч байна. Компаниуд маань эхнээсээ ийн ажлаа хүлээлгэж өгч байгаатай зэрэгцээд олон талбарт гэр хорооллыг орон сууцжуулах ажил эхэлж байна. Инженерийн шугам сүлжээ татах, түүний төсөвт өртгийг нийслэлээс үе шаттай шийдэж байгаа” хэмээлээ.


“Монтед констракшн” ХХК нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо “Ү” хэсэгчилсэн талбайн нийт 4.8 га, 79 нэгж талбар бүхий газарт үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд 36 айлын газар чөлөөлж, нийт 875 айлын 11 блок орон сууц барьж, ашиглалтад оруулжээ. Инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц татах нь л хамгийн хүндрэлтэй байсан гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал, төслийн удирдагч Г.Энхболд хэлж байлаа.


Нийслэлийн иргэдийн 50 хувь нь орон сууц, 50 хувь нь гэр хороололд амьдарч байна. Гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд дэд бүтэц хүрэх боломжтой 128 мянган өрхийг хамруулах боломж бий. Үүнд 270 тэрбум орчим төгрөг шаардлагатай. Инженерийн шугам сүлжээ хүрэх боломжгүй үлдсэн талбарт гэр хорооллын шинэчилсэн зохион байгуулалт төслийг хэрэгжүүлнэ гэдгийг албаныхан онцолж байлаа.


Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар


Дэнжийн мянгад ногоон орон сууцны жишиг хотхон ашиглалтад орлоо

Эх сурвалж: ikon.mn, 2022.04.27





Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянга орчимд эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд гурван айлын 2,100 ам.метр орчим газрыг чөлөөлж, долоон айлын жишиг хотхоныг өнөөдөр ашиглалтад оруулсан байна. Уг төслийг Нийслэлийн Орон сууцны корпорац, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, “Хабрид хауз” компани хамтран хэрэгжүүлжээ.


Уг орон сууцны гол онцлог нь гүний цэвэр устай, бохироо 98 хувь хүртэл цэвэршүүлэн, дахин ашиглах боломж бүхий цэвэрлэх байгууламжтайгаас гадна нарны илчийг өөртөө шингээн халаах технологитой учраас эрчим хүч хэмнэх давуу талтай. Мөн агаар болон хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллын өнгө үзэмжийг сайжруулахад эерэгээр нөлөөлж, өрх бүр эрүүл, тохилог орчинд амьдрах боломжийг бүрдүүлж байгаа юм.


Иргэдийн хувьд тус ногоон орон сууцны байгаль орчин, эдийн засагт ээлтэй чанарт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.


Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар “Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн төвийн инженерийн шугам сүлжээ хүрэхгүй хэсгүүдэд ногоон орон сууц барихтай холбоотойгоор иргэдэд зориулсан зээл гаргах, Ногоон орон сууцны санг байгуулах гэх мэтээр санхүүжилтийн үйл явцыг бэлдсээр байгаа.


Бид стандартын дагуу ногоон орон сууцыг нутагшуулан, олон улсын сертификат авахаар ажиллаж байна. Ингэснээр олон улсын банк, санхүүгийн байгууллагаас бага хүүтэй зээл авах боломж бүрдэж, иргэд ч мөн хүү багатай ипотекийн зээлд хамрагдан, орон сууцаа авах боломжтой болно” гэсэн юм.


Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн алслагдсан хэсгүүдэд ногоон орон сууцнууд барина


Энэ жилийн хувьд 10 мянган айлын ногоон орон сууц барих төсөл хэрэгжиж, Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн алслагдсан хэсгүүдэд ногоон орон сууцнууд барих юм байна. Төслийн хүрээнд иргэд жилийн зургаан хувийн хүүтэй, 170 сая төгрөг хүртэлх Ногоон орон сууцны зээлд хамрагдах боломжтой аж.


Нэг айлын байр ойролцоогоор 78 сая төгрөгийн үнэтэй болсон


Төслийн гүйцэтгэгч “Хабрид хауз” компанийн захирал Ц.Бат-Эрдэнэ “Нэг айлын байр ойролцоогоор 78 сая төгрөгийн үнэтэй болсон. Иргэд урьдчилгаа 10 хувийг төлөөд, Германы хамтын нийгэмлэгийн төсөлд хамрагдан 18 сая төгрөгийг суутгуулна. Ингэснээр үлдэгдэл 52 сая төгрөгийг ногоон зээлд хамрагдан сард дунджаар 490-630 мянган төгрөг төлж, таун хаустай болох боломжийг бүрдүүлсэн. Энгийнээр тайлбарлавал жилд төлдөг халаалт, түлшний зардалтай дүйцэхүйц төсвөөр байраа өмчлөх боломжтой гэсэн үг” гэв.


Төсөлд хамрагдсан иргэн П.Мандахбаяр “Хүү маань тус компанийн амины сууцны анхны захиалагч. Хүүгийн маань байшин надад их таалагдсан. Гэр хороололд эрчим хүчний өндөр хэмнэлттэй, ийм сууцанд амьдарч болох юм байна гэж бодоод энэ удаагийн төслийг дэмжин, захиалга өгсөн. Эхлээд ямар ч халаалтгүйгээр дулаахан байна гэдэгт итгээгүй ч хүүгийнхээ байшинг хараад итгэл төрсөн. Энэхүү төслийн хүрээнд ийм сайхан орон гэртэй болж буйдаа баяртай байна” хэмээн ярилаа.


Тус жишиг хаус нь -40 хэм хүртэлх хүйтэнд халаагуур ашиглахгүй, гал түлэх шаардлагагүйгээр дулаан өвөлжих технологийн шийдлийг ашиглажээ.









Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны үнэ хамгийн өндөр буюу нэг метр квадрат нь дунджаар ₮3.4 сая байна

Эх сурвалж: ikon.mn, 2022.04.14






Үндэсний статистикийн хороо болон Монголбанк хамтран орон сууцны үнийн хэлбэлзлийг тодорхойлжээ. 


Үүнээс үзэхэд, Улаанбаатар хотод шинээр ашиглалтад орсон орон сууцны үнэ 2022 оны гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар, өмнөх сараас 3.7 хувиар тус тус өссөн байна. 


Тодруулбал, өнгөрсөн сард шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 3.12 сая төгрөг болсон бөгөөд байршлаар нь ангилбал Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.39 сая төгрөг байна.

Харин хуучин орон сууцны хувьд өмнөх жилээс үнэ нь 29 хувиар өсөж, 1 м.кв талбайн дундаж үнэ 3.05 сая төгрөг болжээ. Хуучин орон сууцны үнэ Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу нэг метр квадрат нь 3.75 сая төгрөг байгаа юм.

Улаанбаатарт орон сууцны үнэ өмнөх сараас нэг хувиар буурчээ

Эх сурвалж: ikon.mn. 2022.03.15

 

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2022 оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар өсөж, өмнөх сараас нэг хувиар буурчээ.


Өнгөрсөн сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.08 сая төгрөг болсон бөгөөд Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 3.58 сая төгрөг байна.


Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 2.94 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 3.52 сая төгрөг байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд үнэтэй байна хэмээн ҮСХ-ноос мэдээллээ.







Э.Батшугар: Орон сууцжуулах хөтөлбөр нийгмийн чанартай учраас төр ашиг харах ёсгүй

 Эх сурвалж: sonin.mn, 2022.02.10





УИХ-ын гишүүн Э.Батшугартай ярилцлаа.

 

-Намрын чуулганы турш парламен­тад гишүүдтэй мөр зэрэгцэж хууль батлалцлаа. Чуулган, байнгын хороо, ажлын хэсэг гээд яг “тогоонд” нь “чанагдахад” ямар сэтгэгдэл төрөв. Та гишүүд дундаа залуучуудын тоонд орж байгаа. Суралцахаас гадна шүүмжлэлтэй хандах зүйл байв уу?

 

-Нөхөн сонгуулийн дараа буюу аравдугаар сарын сүүлчээр албан ёсоор тангараг өргөж, ажилдаа орсон. Ингэж тооцвол хоёр сар хагасын хугацаанд чуулганы хуралдаан, байнгын хороо гээд УИХ-ын өдөр тутмын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон байна. УИХ-ын гишүүдийг шүүмжлэхээс илүү сурах зүйл их байгааг мэдэрлээ. Надтай адил 1980-аад оны гишүүд парламентад цөөнгүй байгаа. Залуу хүмүүсийн хувьд санал бодлоо солилцож гар нийлэхээс гадна реформ хийхийг зорьж илүү хүчтэй, тэмүүлэлтэй ажиллахыг хичээж байна. Цаашид ч энэ хүсэл зорилго, тэмүүллээ алдахгүй байх гэдэгт итгэж байгаа.

 

-Намрын чуулганы үр дүнг хэрхэн харж, юуг илүүтэй онцолмоор байна?

 

-Намрын чуулганы хугацаанд Улсын Их Хурал Үндсэн хуульд заасны дагуу 75 удаа хуралдахдаа улс орны хэмжээний бодлогын томоохон асуудлуудыг гаргаж ирж, судалж шийдвэрлэлээ. Оюутолгойн төслөөс Монгол Улс ашиг хүртэх тогтоолыг  баталсан нь түүхэн үйл явдал, ахиц дэвшил байлаа. Ингэснээр Монгол Улс 2.3 тэрбум ам.долларын гадаад өрөө тэглэхээс гадна Оюутолгойн бүтээн байгуулалттай холбоотойгоор ирээдүйд үүсэх төлбөрөөс сэргийлж чадсан. 2.3 тэрбум ам.доллар буюу Монгол Улсын гадаад өрийн 20 хувийг шийдэж чадсанаар зээлжих зэрэглэлээс эхлээд олон талын ач холбогдолтой. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эрчимтэй явагдсанаар өнөөгийн Оюутолгойн экспорт гурав дахин өсөх юм. Үр дүнд нь гадаад валютын урсгал нэмэгдэхийн хэрээр дотоодын үйлдвэрлэл тэлнэ. Ингэснээр төгрөгийн ханш чангарч долларын үнэ сулрах суурь нөхцөл бүрдэнэ.

 

Хоёрдугаарт, Засгийн газраас өргөн барьсан Шинэ сэргэлтийн бодлогыг онцолмоор байна. Энэ бодлогыг хэрэгжүүлж чадвал Монгол Улсын эдийн засагт томоохон өөрчлөлт, эерэг үр дүн авчирна гэж харж байгаа. Шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулсан багийнхны хэлж буйгаар эдийн засаг тэлж, экспорт нэмэгдэж, ажлын байр олноор бий болох юм.

 

 

Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжсэнээр дотоодын нийт бүтээгдэхүүн богино хугацаанд хоёр дахин тэлнэ. Эдийн засгийн урт хугацааны өсөлтийг зургаан хувьд барих төлөвтэй байна. Мөн боомтын хөрөнгө оруулалтыг бүрэн хэрэгжүүлж чадвал экспорт ойрын хугацаанд хоёр дахин нэмэгдэх, эрчим хүчнээс бүрэн хамааралтай байдлыг халж, дотооддоо үйлдвэрлэдэг болох нь эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлж буй хэрэг юм.

 

 

 

Богдхан төмөр зам баригдвал Улаанбаатарын түгжрэл буурах, хот хөдөөгийн хөгжлийн зөрүү арилахаар байгаа. Ирэх жилүүдэд 5000 км төмөр зам барихаар төлөвлөсөн нь баруун, зүүн талын алслагдсан хэсгийг холбож том зургаар харвал Монгол Улсыг бүхэлд нь бүрхэнэ гэж харж байна. Эдийн засгийн үр дагавар хэмжээлшгүй. Алтанбулагаас Эрээн хүртэл хөндлөн гулд хурдны зам баригдсанаар транзит улс болох зорилт хангагдана гэж харж байгаа.

Мөн социал демократ үзэл бодол буюу нийгмийн дундаж давхаргыг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлнэ гэдгээ МАН зарлалаа. Өөрөөр хэлбэл, нийгэм болон газрын баялгийг тэгш хүртээх, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ тэгш, чанартай байна гэж ойлгож болно.

Ард иргэд нь аз жаргалтай сэтгэл тэнэгэр байдаг улс орнуудад эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ үнэ төлбөргүй, хүртээмжтэй, чанартай байдаг. Улсын төсөв нэмэгдэж байж л ахмадуудын тэтгэвэр өсч, Монгол Улс хангалттай ажлын байртай үйлдвэрлэгч орон болох зорилго биелнэ. Хамгийн чухал нь эдийн засаг талаасаа гадаад валютын нөөц нэмэгдэж, төгрөгийн ханш чангарч, доллар хямдрах үр нөлөө үзүүлнэ гэж харж байгаа. Харамсалтай нь өнөөдрийн байдлаар Монгол Улсын экспорт Гашуунсухайт, Эрээн гэсэн хоёрхон боомтоос бүрэн хамааралтай байна. Импортын 70 хувь нь урдаас, шатахуунаа хойд хөршөөс авч байгаа. Үүний горыг цар тахал бидэнд ойлгууллаа. Урд хил хаагдахад Монгол Улсын эдийн засаг бараг тэр чигтээ зогсч байгаа гашуун үнэнтэй нүүр туллаа. Тиймээс Шинэ сэргэлтийн бодлогын хамгийн эхэнд боомтын шинэчлэлийг онцолж байгаа нь учиртай. Боомтод хөрөнгө оруулж дэд бүтцийг холбож чадвал хил хаагдсан ч өнөөдрийнх шиг бэрхшээлтэй тулгарахгүй. Импорт, экспортоо тасалдахгүйгээр явуулах бүрэн бололцоотой болно.

 

-УИХ-ын гишүүний хувьд хуулийн төсөл, ажлын хэсгийн хуралдаанд ямар үүрэг оролцоотой ажиллав. Богино хугацаа ч гэсэн бүтээмжээ хэрхэн дүгнэж байна вэ?


-Юуны түрүүнд УИХ-ын чуулган, байнгын хороодын хуралдаанд бүрэн ирцтэй суулаа. Ямар нэг шалтгаанаар таслах, чөлөө авах зүйл байсангүй.

Энэ удаагийн чуулганаар Монгол Улс анх удаа Виртуал хөрөнгийн хуулийг баталлаа. Миний бие ч энэ хуульд нэлээн анхаарал хандуулж судалж, үүрэг оролцоотой байхыг хичээлээ. Чуулганы хуралдаан дээр тодорхой байр сууриа удаа дараа илэрхийлж ирсэн. Виртуал хөрөнгө дэлхий нийтэд арваад жилийн өмнө үүсч, сүүлийн хоёр жил маш хурдацтай хөгжиж эрчээ авч байгаа санхүүгийн хэрэгсэл учраас үүнтэй холбоотой  хууль эрхзүйн зохицуулалтыг аль нэг улс одоогоор бүрэн төгс хийсэн практик байхгүй. Энэхүү санхүүгийн хөрөнгийг зохицуулах хууль эрхзүйн орчин манай улсад байхгүйтэй холбоотойгоор сүүлийн нэг жилд койнууд борооны дараах мөөг шиг гарч ирлээ. Энэ олон зах замбараагүй койноос болж виртуал хөрөнгийн хөөсөнд хууртсан хөрөнгө оруулагчид, иргэдэд томоохон санхүүгийн эрсдэл үүсч болох тул УИХ яаравчлан Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийг баталлаа. ФАТФ-ын зөвлөмж ч үүнд хамааралтай.

 

 

Мөн Нийгмийн даатгалын багц хуульд нэлээн ач холбогдол өгч судалж оролцоотой ажиллахыг хичээж байна. Энэ хууль батлагдсанаар иргэдийн олон жилийн турш ярьж ирсэн ирээдүйд тэтгэвэр өвлөгдөх боломж бүрдэнэ.

 

 

Тэтгэврийг хэрэглээний үнийн индекстэй холбох, суурь тэтгэвэр, хувийн тэтгэврийн сан гэсэн шинэ тулгуур бодлого яригдаж байна. Монгол Улсын иргэн бүрт хамаатай, зөв батлагдаж чадвал үр өгөөжийг нь одоо болон ирээдүйд олон хүн хүртэх учраас онцгой анхаарах ёстой. Өнөөдөр ажлын гараагаа эхэлж байгаа залууст хамгийн чухал хууль болж байна.

Уул уурхайн биржийн хуулийг хэлэлцэж эхэлсэн үеэс нь дэмжсэн. Монгол Улсад уул уурхайн бирж байгуулах нэн шаардлага бий болсон. Хэдийгээр 100 жилээр хоцорсон ч өнөөдөр ч болтугай хөндөж байгаа нь сайн хэрэг. Монгол Улсад бүрэн утгаараа хэрэгжиж олон улсын IT системтэй холбогдож, стандарттай болж чадвал дэлхийн биржийн бүх тоглогчид орж ирэх бололцоо нээгдэнэ. Чикагогийн уул уурхайн бирж дээр өдөрт нэг триллион ам.долларын арилжаа явагдаж байдаг нь эдийн засаг, хөрөнгө оруулалтын ямархуу эх үүсвэр гэдэг нь харагдаж байгаа байх. Зөв менежмент, хөгжүүлэлт хийж чадвал эдийн засгийн тулгуур болох ч боломжтой. Энэ бүхний үр шимээр эдийн засаг тэлж, төсөв нэмэгдсэнээр Монгол Улсын иргэн бүрт өгөөж нь очно. Орон сууцжуулалт, зам, гэрэлтүүлэг илүү олон баригдаж, тэтгэвэр тэтгэмж нэмэгдэнэ.

 

Мөн хаврын чуулганы хэлэлцэх асуудалд чухал хуулиуд орсон. Тэдгээр хуулиудад үүрэг оролцоотой байхаас гадна хууль санаачлахад анхаарч ажиллана.

 

 

ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ИРГЭДИЙГ ОРОН СУУЦЖУУЛАХ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ БОЛНО

 

 

-Таны сонгогдсон тойрог бол гэр хороолол ихтэй. Агаарын бохирдол, замын түгжрэлтэй тэмцэх гарц шийдлийг хэрхэн харж байна вэ?

 

-Улаанбаатарчууд нийтээрээ утаа, замын түгжрэлд бухимдаж байна. Нэг түлшийг нөгөөгөөр сольсноор утаа богино хугацаандаа багасч болох ч урт хугацааны шийдэл биш. Өөрөөр хэлбэл, утааг бодитоор бууруулахын тулд орон сууцжуулахаас өөр арга байхгүй. Хямд хүртээмжтэй орон сууцжуулж чадвал зөвхөн утаа биш хөрсний бохирдлыг давхар шийдвэрлэснээр иргэдийн амьдралын чанар дээшилнэ. Иргэдийн эрүүл аюулгүй орчин бол амьдралын нэг баталгаа шүү дээ. 2013 онд Улаанбаатарт 350 мянган иргэн гэр хороололд амьдарч байсан. Харин тухайн жил ипотекийн зээлийн тогтолцоо үүссэнээс хойшхи 8-9 жилд 100 мянган иргэн буюу гуравны нэг нь банкны найм болон зургаан хувийн хүүтэй зээлээр орон сууцанд орсон байна. Үүнээс харахад гэр хорооллын иргэдийг богино хугацаанд орон сууцжуулах бүрэн боломжтой.

 

 

Манай 28 дугаар тойрогт 29 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Энэ олон орон сууцыг нэг, хоёр жилийн дотор барьж иргэдийг оруулах хэцүү. Гэхдээ ямар ч байсан санхүүгийн механизмыг сайжруулж илүү хүртээмжтэй болгох суурь нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана. Ипотекийн зээлийн хүү, урьдчилгаа төлбөрийг багасгахад анхаарна.

 

 

 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх нь зүйтэй. Гэхдээ айл бүрийг орон сууцанд оруулна гэж шахахаас илүү хаус хотхонд амьдрах боломжоор хангах хэрэгтэй. Төвийн дэд бүтцийг татаж өгөх ёстой. Яг энэ цаг үед авах арга хэмжээ бол утаа ихэсч байгаа шалтгаан нөхцлийг тодруулж, шат дамжлага, дүрэм журам болгон дээр дүн шинжилгээ хийх ёстой. Ямар нэг гарц гаргалгаа байж л таарна. Тойргийн гишүүний хувьд холбогдох байгууллагуудаас тодруулж, шахаж, шаардаж ажиллаж байгаа.


-Ипотекийн зээлийн хүүг дахин бууруулах боломжтой юу?

 

-Ипотекийн зээл иргэдэд илүү хүртээмжтэй байх ёстой. Барьцаа хөрөнгө болон урьдчилгаа төлбөрийг багасгаж, зээлийн хүүг бууруулах шаардлагатай. Ипотекийн зээлийн хүүг зургаан хувиас бууруулах бололцоотой гэж харж байгаа. Учир нь иргэдийг орон сууцжуулна гэдэг ашгийн бус нийгмийн чанартай ажил учраас төр ашиг харах ёсгүй. Иргэдийн амьдралын чанар дээшлэхээс гадна агаар, хөрсний бохирдлыг давхар шийдвэрлэнэ гэдэг цэвэр нийгмийн чанартай зүйл юм. Харин ашгийг нь монголчууд нийтээрээ хүртэж байгаа юм.

 

Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэхийн тулд дан ганц ипотекийн зээл гэхгүйгээр түрээсийн орон сууц, ахмад болон тусгай хэрэгцээт иргэдэд чиглэсэн хөтөлбөр байж болно.

 

-Хямд үнээр орон сууцжуулья гэхээр төр санхүүжилт дээрээ гацчихдаг л даа. Бусад улс орны туршлагаас харахад өөр ямар гарц шийдэл байж болох вэ?

 

-Монгол Улсын эдийн засаг, төсөв хязгаартай. Тэгэхээр санхүүгийн механизмыг шийдвэрлэхийн тулд өөр хувилбаруудыг хайж гадны туршлагыг Монголын хөрсөнд зөв буулгах ёстой. Миний судалж мэдсэнээр гадны хөрөнгө оруулалтаар иргэдийг орон сууцжуулах асуудлын нэг хэсгийг шийдвэрлэж болно. Тиймээс 2022 онд яг энэ чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Хөрөнгө оруулалтаас гадна зээлийн тогтолцоогоо эргэж харах ёстой гэж боддог. Ялангуяа, ашгийн бус нийгмийн чанартай хөтөлбөрийг санхүүжүүлэх зээлийн зарчмыг дахин бодож үзэх нь зүйтэй.

Олон улсад нийгмийн чанартай төсөл хөтөлбөрийг санхүүжүүлдэг агаарын бохирдлыг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих зэргээр төрөл бүрийн сангууд байдаг. Тэдэнтэй холбоо тогтоож санхүүжилт хүсэх бололцоотой. Иргэдийг орон сууцжуулсны үр дүн нь байгаль дэлхийд ээлтэй, агаарын бохирдлыг бууруулах онцгой ач холбогдолтой гэдгээ таниулж, холбоо тогтоох арга хэрэгсэл, механизмаа хайх хэрэгтэй.

 

-Дан ганц ипотек ч  биш. Банкны зээлийн хүү нийтээрээ манай улсад хэт өндөр байгаа нь бизнес эрхлэгчдээс эхлээд иргэдийг сөхрүүлж байна. Зээлийн хүүг бууруулахын тулд гадны банкийг оруулж ирэх асуудал парламентаар удаа дараа яригдаж байсан. Эдийн засагчийн хувьд гадны банкийг оруулж ирэх эрсдэл, ач холбогдлыг хэрхэн хардаг, ямар байр суурьтай байдаг вэ?

 

-Банкны хүү буурах суурь нөхцөл бүрдэх ёстой. Үнийн өсөлт, инфляциа тогтвортой байлгаж чадвал хадгаламжийн хүү буурна. Хадгаламжийн хүү мөнгөний эрэлттэй шууд холбоотой. Банкинд хадгалуулсан мөнгөний хүү дотоодын үнийн өсөлтөөс өндөр байдаг. Ингэж байж ард иргэд, аж ахуйн нэгжийн мөнгийг хадгалж байна шүү дээ. Гэхдээ хадгаламжаас өндөр хүүтэй зээл олгож байж банк тогтвортой үйл ажиллагаа явуулна. Инфляц тогтвортой байх эсэх нь дан ганц банкны хүү биш иргэдийн бодит орлоготой ч холбоотой.

 

 

Гадны банкийг оруулж ирэх нь тодорхой хэмжээнд санхүүгийн системийг либералчилж байгаа учраас нэг их буруудахгүй гэж боддог. Гэхдээ манай улсын өнөөдрийн нөхцөл байдал ямар байгааг бодолцох хэрэгтэй. Гадны банкийг оруулж ирснээр зээлийн хүү буурах уу үгүй юу гэдгийг баттай хэлэх боломжгүй.

 

 

 

Гадны банкийг оруулж ирэхтэй холбоотой Балтыкийн орнуудын гашуун туршлага байдгийг хэлэх хэрэгтэй байх. 2008-2009 онд Балтыкийн орнуудын санхүүгийн системийн 80-90 хувийг гадны банк санхүүгийн байгууллага бүрдүүлж байсан. Гэтэл санхүүгийн хямрал болоход гадны банкуудын толгой компаниуд дампуурснаас Балтыкийн орнуудад үйл ажиллагаа явуулж байсан банкуудын үйл ажиллагаа зогсчихсон. Үүний улмаас санхүүгийнх нь систем тэр аяараа нурж эдийн засгийн цунами болсон харамсалтай жишээ бий. Энэ мэтээр гадны орнуудын сайн, муу жишээг сайн судлах хэрэгтэй болов уу. Түүнчлэн санхүүгийн системийн тусгаар тогтнолын байдлаа тодорхой хэмжээнд хадгалах нь зүйтэй гэж бодож байна.

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАР ДЭЛХИЙТЭЙ ИЖИЛ ГАРААНААС ТЭГШ ХӨГЖИХ БОЛОМЖ ОЛГОЖ БАЙНА


-Нөхөн сонгуулиар тойрогтоо нэлээн олон удаа очсон байх. Тангараг өргөж гишүүн болсноос хойш тойргийнхоо иргэдтэй харилцаа холбоо ямар байна вэ. Нийслэлийн тойрог арай илүү ойр ажиллах онцлогтой шүү дээ?

 

-Тойргийн гишүүд, сонгогчид, дүүрэг, хорооны удирдлагуудтайгаа байнга холбоотой байдаг. Тойрогт хийх ажлуудаа зөвлөдөг. Ер нь боломж гарвал уулзахаас гадна санал хүсэлтийг нь ямар нэг хэлбэрээр сонсох, эргэх холбоотой байх нь УИХ-ын гишүүний зайлшгүй хийх ёстой ажлын нэг гэж боддог. УИХ-ын гишүүн хууль батлахаас гадна сонгогчдоо төлөөлөх үндсэн үүрэгтэй.

Тойргийн иргэдээс ирүүлсэн өргөдлийг ямар нэг байдлаар нэг бүрчлэн шийдвэрлэхийг хичээж байна. Ажил албаны шугамаар холбогдох байгууллагууд руу нь уламжлахаас гадна хувиараа ч шийдвэрлэж байгаа зүйлүүд бий. Үүнийхээ эрчийг алдахгүй, цалгардуулахгүй гэж боддог. Чуулган завсарласан, завсарлаагүй аль ч үед анхаарах асуудлын гол цөм нь байх болно.

Нийслэлийн тойргоос сонгогдсон нь арай илүү боломж юм болов уу. Өглөө, оройдоо, амралтын өдрөөр, ажлын зав чөлөөгөөр давхиад очиж болдог. Мөн миний бие төлөөлөгч тойрогтоо байнгын үйл ажиллагаа явуулж, иргэдтэй эргэх холбоотой ажиллаж байна.

 

-Оны өмнөхөн төсөв батлагдсан. Сонгинохайрхан дүүрэгт энэ жил бүтээн байгуулалт хэр өрнөх вэ. Тэр дунд иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг тэлсэн ямар ажил байна вэ?

 

-Дүүргийн удирдлагууд, хот, Засгийн газар, УИХ-ын түвшинд гар нийлж хамтарч ажиллаж чадвал хамгийн хурдтай хөгжиж цэцэглэсэн жишиг дүүрэг болох боломжтой. Агаар, хөрсний бохирдол, ажилгүйдэл, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг хамгийн сайнаар шийдвэрлэхийн төлөө гар бие оролцож болох бүхий л хүмүүстэй хамтарч хичээж ажиллана.

Манай дүүрэгт бусдыг бодвол харьцангуй өндөр төсөв батлагдсан. Энэ нь хүн амын тоотой ч холбоотой. Энэ онд хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалт гэвэл Баянхошуу дэд төв байна. Иргэд заавал хотын төв рүү явж цаг зав, хугацаа алдахгүйгээр хамгийн ойроос төв, хувийн хэвшлийн үйлчилгээг авах боломж бүрдэх юм. Төвийг дагасан дэд бүтэц хөгжиж байна. Мөн Хүүхэд залуучуудын театр баригдаж энэ онд багтаж ашиглалтад орно. 1990-ээд онд татан буугдсан театрыг 30 гаруй жилийн дараа  Сонгинохайрхан дүүрэгт сэргээн барьж, хүүхэд залуусын сурч хөгжих, аятай таатай нөхцлийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой. Нэгдүгээр хорооллын байрнуудын фасадны асуудал энэ ондоо багтаад шийдэгдэж дуусна. Дулаарахаар барилгын ажлууд хийгдэж эхэлнэ. Мөн 28 дугаар тойрогт 2022-2023 онд зургаан сургууль, 11 цэцэрлэг баригдана гэж тооцвол хүртээмж, анги дүүргэлт, ачаалал улсын дундаж руу орох юм. Нэг багшид оногдож байгаа хүүхдийн тоо өнөөдөр 24 байгаа. Харин олон улсын жишгээр нэг багшид 15.5 гэж тооцдог. Ингэж харвал ойрын хугацаанд дэлхийн стандартад хүрэх болов уу гэж харж байна. Улаанбаатарын хоёр дахь том мөсөн ордон Сонгинохайрхан дүүрэгт баригдаж эхлэх гэж байна. Ингэснээр тэшүүр өмсөхийг хүсдэг хүүхэд болгоны мөрөөдөл биелэх сайхан боломж бүрдэнэ. Энэ мэтээр яриад байвал олон зүйл бий.

 

Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих шаардлага маш өндөр байна. Уул уурхай экспортын 94 хувийг эзэлж байгаа хэрнээ ажлын байрны 24-хөн хувийг бүрдүүлж байх жишээтэй.

Тиймээс ажлын байрны 70 гаруй хувийг бүрдүүлж байгаа жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжиж чадвал ажлын байр нэмэгдэж, эдийн засаг тэлнэ. Тухайлбал, ЖДҮ эрхлэгчдийн хамгийн том сорилт болох эргэлтийн хөрөнгийг шийдвэрлэж өгөхийн тулд ипотекийн зээлтэй ижил санхүүгийн механизмыг нэвтрүүлж болно. Дэмжлэг олгох зээлээ зорилтот хэрэглэгчдэд хүргэх хамгийн сайн хувилбарыг олох ёстой. Өмнөх гашуун туршлагыг давтаж хэрхэвч болохгүй.

 

-Залуу хүний хувьд нийгмийн юуг өөрчлөхийг хамгийн ихээр хүсдэг вэ. Ямар амбиц байна вэ?


-Бусад орны сайн туршлагыг Монголын хөрсөнд нийцүүлж, нутагшуулахыг хүсдэг. Үүний тулд хамгийн түрүүнд чанартай боловсрол эзэмшиж, тэр хэрээр цалин хангамж өндөр байгаасай. Тэр тусмаа залуу гэр бүлийг дэмжих санхүүгийн оновчтой механизмыг нээж өгөхийг зорьж байна.

Монгол Улс байгалийн баялаг арвинтай. Экспортод гарч байгаа түүхий эд ямар ч боловсруулалт, нэмүү өртөг шингэхгүйгээр гарч байна. Гэтэл ган хайлуулаад экспортод гарах бүрэн бололцоотой. Ядаж өөрсдөд маань төмрийн хүдэр байгаа учраас арматураа дотооддоо үйлдвэрлэж болно шүү дээ. Хүнд үйлдвэрийн технологийг авчраад хөгжүүлж чадвал эдийн засаг хурдтай тэлэх бололцоотой. Зэсийг шороогоор нь гаргахгүйгээр хайлуулах үйлдвэр бариад зэс утас хийж яагаад болохгүй гэж. Сүүлийн 30 жилд олон боломжоо алдлаа. Цаашид алдагдсан боломжоо давтахгүйгээр шинэ сэргэлтийн бодлогыг салбар тус бүрээр нь хэрэгжүүлээсэй гэж бодож байна.

Монгол Улсын эдийн засгийг зөвхөн уул уурхайгаар биш олон төрлөөр солонгоруулж, эдийн засгийн бүтцээ өөрчилж эрчимтэй хөгжүүлэх цаг ирсэн. Дэлхий нийтэд эдийн засгийн тэсрэлт хийж байгаа мэдээллийн технологи, ногоон хөгжлийн салбарт манлайлж чадвал  асар их ирээдүй харагдаж байгаа. Цаашид эдийн засгийн бас нэг тулгуур багана нь мэдээллийн технологийн салбар болж байна. Крипловалют, блокчейн технологи гэрлийн хурдаар хөгжиж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас Виртуал хөрөнгийн хуулийг баталсан нь нэг том алхам боллоо. Энэ салбарт хугацаа алдахгүй хөдөлж байж л үр шимийг нь хурдан хүртэхээс гадна олон улсын жишигтэй хөл нийлүүлж чадна. Мэдээлэл технологи, программ хангамжийн салбарт дэлхийд өрсөлдөх  нь хамаагүй хялбар байдаг.

Учир нь энэ салбар бол дэлхийн улс орнуудад ижил гараанаас эхлэх тэгш боломжийг олгодог. Хамгийн гол нь бид боловсон хүчнээ сайн сургаж бэлтгэж чадвал их хэмжээний хөрөнгө оруулалт шаардахгүйгээр дэлхийтэй хөл нийлүүлж, түрүүлж алхаж чадна.Жишээлбэл, Энэтхэгийн мэдээллийн технологийн сургуулийн оюутнууд Японы шинэ онгоцны буудлын программ хангамжийг боловсруулж олон улсын жишигт нийцсэн маш өндөр цалинтай болох зэргээр цахиур хагалж байна. Ийм боломж монгол залуучуудад ч нээлттэй байгаа. Энэ мэтчилэн бодож зорьж байгаа олон зүйл байна.

 

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

"Ипотекийн зээл авах иргэд харилцагч банкандаа хандан хүсэлтээ гаргана"

Эх сурвалж: ikon.mn, 2022.02.10





Хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 онд Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 1,012 тэрбум төгрөгийн зээлийг 13 мянга гаруй өрхөд олгосон байна. 


2022 онд нийт 700 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээл олгогдохоос оны эхний 2 сарын санхүүжилтэд зориулж Монголбанк болон банкны эх үүсвэрээр 103 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хөтөлбөрт оролцогч банкуудад хуваарилаад байна. Хөтөлбөр хэвийн үргэлжилж байгаа тул зээл хүссэн иргэн өөрийн харилцагч банкандаа хандан хүсэлтээ гаргаж болно хэмээн Монголбанкнаас мэдээллээ. 


Дүрслэл 1. Ипотекийн хөтөлбөрийн зээлийн дүн (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо, оноор


Орон сууц худалдан авахдаа банкны барьцаанд байгаа эсэхийг судалж худалдан авахыг АТГ-аас анхаарууллаа

Сурвалж: isee.mn, 2022.02.10


АТГ-аас Хөгжлийн банктай холбоотой асуудлаар мэдээлэл хийх үеэрээ иргэд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа бүртгэлийн маргаантай эсэх, аль нэг банкны барьцаанд байгаа эсэхийг анхаарч худалдан авалт хийхийг анхаарууллаа. 


Тодруулбал, иргэд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа бүртгэлийн маргаантай эсэх, аль нэг банкны барьцаанд байгаа эсэхийг анхаарч худалдан авалт хийхийг АТГ-аас анхааруулав. 


Учир нь Хөгжлийн банкны кээлийн барьцаанд нэлээд хэдэнд орон сууж байгаа аж. Тухайлбал, "Гантиг вилла хотхоны есөн блок нь Хөгжлийн банкны барьцаанд байна. Мөн хуулийн байгууллага хязгаарлалт тогтоосон байна. Энэхүү хотхон нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий компанийн барьж байгуулсан барилга аж.  




Хан-Уул дүүрэгт орон сууцны түрээс хамгийн өндөр байна

 Эх сурвалж: gogo.mn, 2022.02.07


Монголбанкнаас 2021 оны  арван хоёрдугаар сарын байдлаар нийслэлд түрээсийн орон сууцны үнэ ямар байгааг танилцуулав.


Хан-Уул дүүрэгт түрээсийн нэг сарын төлбөр хамгийн өндөр буюу 1.1-1.3 сая төгрөг байна. Харин Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд буюу тавилгатай, эсэхээс хамаарч 650-770 мянган төгрөг байна.    


 





Орон сууцгүй 1000 багш тус бүрд 10 сая төгрөгийн тусламж олгохыг шаарджээ

Эх сурвалж: gogo.mn, 2022.01.28


Монголын Багш нарын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Д.Мөнхбаатар БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнд хандан дараах шаардлагыг хүргүүлжээ.


"Монголын Багш нарын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо нь боловсролын салбарт МУ-ын Үндсэн хуувьд заасан хүний эрхийг дээдлэх, хууль дээдлэх ёс, шударга байдал, тэгш эрхийн зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Иймээс дараах шаардлагуудыг хүргүүлж байна.


1. 2020 оны 12-р сард тус яамны 110 албан хаагчийн эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгийг Сөүл сениорс товер ХХК-ийн Сонгдо эмнэлэгт 26 сая 444 мянган төгрөгийн өртгөөр хийлгэжээ. Энэ нь нэг албан хаагчид дунджаар 240 мянган төгрөг оногдож байна. Яамны зүгээс ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарсан сайн жишгийг дэмжинэ. Гэвч боловсролын салбарын нийт ажилтан, алба хаагчид ийм хөнгөлөлт, дэмжлэгийг хүртэж чадахгүй байгаа нь үндсэн хуулийн тэгш эрхийг зөрчсөн. Иймд энэ оны эхний улиралд багтаан салбарын багш албан хаагчдыг хувийн эмнэлэг болон гурав дахь шатлалын улсын эмнэлэгт 240 мянган төгрөгөөс доошгүй өртөг бүхий эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулахыг шаардаж байна.


2. Мөн дээрх хугацаанд яамны нэр бүхий 15 албан хаагчид орон сууцны дэмжлэг нэрийн дор 10-40 сая төгрөг олгожээ. Эдгээр алба хаагчдын АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг нягтлан үзэхэд дийлэнх нь орон сууцтай болох нь тогтоогдож байгаа нь албан тушаалын давуу байдал бий болгосон байх үндэслэлтэй. Манай холбооноос багш, ажилтнуудыг орон сууцад хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулахыг шаардаж байсан ч шийдвэрлэж өгөөгүй хэр нь яамны алба хаагчдад давуу эрх олгосон нь ялгаварлан гадуурхалтыг бий болгож, үндсэн хууль зөрчсөн үйлдэл болох нь харагдаж байна. Иймээс энэ оны эхний улиралд багтаан өөрийн гэх орон сууцгүй мянган багшид тус бүрд 10-аас доошгүй сая төгрөгийн мөнгөн тусламж олгохыг шаардаж байна.


3. БШУЯ-ны дансыг үзэхэд 2016 оноос хойш НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудаас ихээхэн хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байх бөгөөд тэдгээрийн тайлан, түүнийг хэрхэн зарцуулсан нь тодорхой бус байна. Иймд НҮБ болон тэдгээр байгууллагуудаас үзүүлсэн хандив тусламжийн санхүүгийн зарцуулалтын тайланг тус бүр бичгээр гаргаж өгнө үү" гэжээ.





Сард дунджаар 78.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгож байна

 Эх сурвалж: Б.Болд, www.montsame.mn, 2021.08.24




Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон сууцын ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд энэ оны эхний 7 сард Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр 554.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 7470 өрхөд олгожээ. Энэ оны 8 дугаар сард 100 тэрбум төгрөг олгохоор ажиллаж байна. Энэ онд сард дунджаар 78.6 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа бөгөөд орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилт, зээл олголт хэвийн үргэлжилж байна.





Ипотекийн хөтөлбөрийн зээлийн дүн (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо, сараар


Энэ оны 8 дугаар сард Монголбанкнаас 60 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкуудад хуваарилж, холбогдох гэрээний дагуу банкууд өөрийн эх үүсвэрээр 40 тэрбум төгрөгийг нэмж, нийт 100 тэрбум төгрөгийн ипотекийн хөтөлбөрийн зээл олгохоор ажиллаж байна.

Угсармал орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэл

 Эх сурвалж: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, 2021.08.24







Угсармал орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэлийг хийх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 7, 8, 10 дугаар хороодын зайлшгүй засвар хийх шаардлагатай 3, 5а, 9/1, 13, 21, 34, 50 дугаар байруудад гадна фасад, дулаалгын ажлыг гүйцэтгэж байна.


Угсармал орон сууцны барилгын дулаан алдагдлыг бууруулснаар оршин суугчдын эрчим хүч, дулааны хэрэглээ буурч хэрэгтэй газарт тэрхүү илүүдэл цахилгаан зарцуулагдах боломжтой юм.


Барилгын гадна талын ханыг сүүлийн үеийн технологи болох дулаан тусгаарлалтын хөөсөнцөр тавьж, иж бүрэн шавардлага хийж дулаалсан бөгөөд гүйцэтгэгчээр Моксан ХХК, Үүлэн сүндэр ХХК-иуд ажиллаж байна.

Баянхошуу дэд төв

Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.05.027


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүргийн наймдугаар хороонд байх Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Баянхошуу дэд төвийн хүрээнд 5.6 га талбайг чөлөөлж, дэд бүтцийг шийджээ. Газрыг орон сууцаар сольж, чөлөөлсөн байна. 94 нэгж талбарын 280 өрх бүгд орон сууцанд хамрагдсан гэнэ. Энэ хэрээр яндангийн тоо буурч, төлөвлөлтийг бэрхшээлгүй хийх нөхцөл бүрджээ. Түүнчлэн 1.5 га-д ногоон байгууламж төлөвлөсөн байна.







Баянголын ам

Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.05.027


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүргийн Баянголын аманд барих орлогод нийцсэн орон сууц хорооллын төсөлтэй танилцлаа. Гурван газарт нийт 7000 айлын орон сууц барихаар болсноос Баянголын аманд 2000 айлын орон сууц барих юм.






2020 онд дахин төлөвлөлт хийх гэр хорооллын 13 байршил

2020 оны 2 сарын 7-нд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар (ХБХГ) Барилгын загвар зураг батлуулах, тавигдах шаардлага, түр хашааны стандарт болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр нийслэлийн 13 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтөд оруулах тухай ХБХГ-ын Хэвлэл мэдээлэл, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхтуул танилцууллаа. 
“Хот байгуулалтын хөгжлийн газраас 2020 онд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин барилгажуулах болоод гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах гэсэн хоёр төсөл дээр анхаарч ажиллах юм байна. Үүнтэй холбоотойгоор 2020 оны 3 сарын 20-ныг хүртэл төсөл хэрэгжүүлэгч нэгжийг сонгон шалгаруулалтыг зарласан байна.

Байршлуудын мэдээлэл

Баянзүрх дүүрэг












Сонгинохайрхан дүүрэг




Чингэлтэй дүүрэг