Showing posts with label archaeology. Show all posts
Showing posts with label archaeology. Show all posts

Хүннүгийн язгууртны булш бүхий дурсгалт газрын хамгаалалтын бүсийг тогтоов

Эх сурвалж: www.shuud.mn, 2021.08.09 





Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн нарын албаныхан “Улаанбаатар хотын Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа” төслийн явцтай газар дээр нь очиж танилцлаа. Энэхүү төслийг НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй юм.

 

Хүннүгийн язгууртны булш, оршуулга бүхий томоохон дурсгалт газар нь  Улаанбаатар хотын нутаг дэвсгэр Бэлхийн амны эхэнд оршдог. Төслийн хүрээнд тус дурсгалыг малтан судалж, онцлог, он цагийн хамаарлыг тогтоон, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох олон талт ажлыг хэрэгжүүлэх юм. Төслийн судалгааны ажил 70 хувьтай хэрэгжиж байна.  Унгарын хамтарсан судалгааны хүрээнд Н.Сэр-Оджав,  Т.Хорват нарын удирдлага дор язгууртны булшны гурван дагуул булшинд  малтлага, судалгаа хийж,  морины тоног хэрэгсэл, зэр зэвсгийн үлдэгдэл, хүний ясны хэсгүүдийг олж илрүүлжээ.  Өнөөг хүртэл уг дурсгалын бүтэц, он цаг, соёлын хамаарлыг тогтоох нарийвчилсан археологийн малтлага, судалгааны ажил хийгдээгүй байсан юм.


Тус судалгааны баг дурсгалын агаарын зургийг авч, нарийвчилсан хэмжилт, тодорхойлолтыг хийж,  язгууртны зургаан булш,  дагуул дөрвөн булшны дэвсгэр зургийг хийж байна. Судалгааны үр дүнд одоогийн байдлаар баруун урагш чиглэсэн дөрвөн метр урт үүдэвчтэй, 6.5х5 метр хэмжээтэй тэгш өнцөгт дөрвөлжин хэлбэрийн оршуулгын нүх, 3.5 метр гүнд язгууртны хэрэглэж байсан тэрэгний эд ангиуд болох хүрэл тоноглолын хэсгүүдийг илрүүлжээ. Цаашид хамгийн том хэмжээтэй булшийг ил үзмэр болгохоор төлөвлөж байгаа бөгөөд уг булшны гаднах нүсэр бүтэцтэй чулуун хүрээний баруун урд хэсгийг цэвэрлэж байна. 

 

Малтлага судалгааны үр дүнд Туул голын саваар нутаглаж асан Хүннүгийн язгууртан, ихэс дээдсийн талаарх олон талт мэдээлэл өгөхүйц олдвор хэрэглэгдэхүүн, он цаг тогтоох материал илэрч байгаа юм.  Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Ажлын хэсэг уг дурсгалын хамгаалалтын бүсийг тогтоосон бөгөөд дурсгалын хадгалалт хамгаалалт, ил үзмэр, мэдээллийн төв, үйлчилгээний хэсгийг харуулсан төлөвлөлт бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох урьдчилсан эскиз зураг хийж эхэлжээ.  


Мөн албаныхан Сүхбаатар дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт орших улсын хамгаалалтын зэрэглэлд байдаг түүх соёлын үл хөдлөх дурсгал болох Дамбадаржаалан хийдийн хадгалалт хамгаалалтын нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн уг дурсгалыг сэргээн засварлах, орчин нөхцөлийг сайжруулах талаар  холбогдох байгууллагуудад тусгай төсөл боловсруулж,  нийслэлийн төсөв болон төсөл хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэх боломжийг судлах чиглэл өглөө.

 

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“Туулын Хар Түнэ” төслийн судалгаагаар уран тансаг, гоёмсог хийцтэй байгууламжийн үлдэгдлийг илрүүлжээ

 Эх сурвалж: Б.Оюундэлгэр, www.montsame.mn, 2021.08.03


ШУА-ийн Археологийн хүрээлэн, нийслэлийн Соёл урлагийн газар хамтран “Туулын хар түнэ” төслийн хүрээнд энэ оны долоодугаар сарын 10-нд эхэлсэн малтлага,  судалгааны ажлынхаа урьдчилсан үр дүнг танилцуулжээ.


Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орших Түргэний голын киданы үеийн балгас буюу судлаачдын үзэж буйгаар “Ван хааны Туулын Хар Түнийн орд” нь дундад зууны үеийн археологийн дурсгал юм. Уг дурсгалыг малтан судалснаар архитектурын онцлог, он цаг, хамрах хүрээг тогтоон, хамгаалах арга зүйг боловсруулж, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох олон талт ажлыг хэрэгжүүлэхэд чиглэгдэх аж.


Тус малтлага, судалгаагаар дурсгалын агаарын зургийг авч, нарийвчилсан хэмжилт, тодорхойлолт хийжээ. Хотын туурийн хэрэм, түүний дотор орших төв барилга, жижиг барилга байгууламжийн бүтэц, рельефийг харуулсан дэвсгэр зураг хийж байна.


Мөн хотын хэрэмний хэсэгт бүтэц, он цагийг тодорхойлохоор 2 х 26 м сувгийн малтлага хийн, 4 м өргөн, 70 см өндөр шавар үелэн дагтаршуулсан шороон хэрэм, түүний гадна талаар 4 м өргөн, 60 см гүн сувагтайг тогтоосон байна. Сувгийг ус нэвчихээс сэргийлэн улаан өнгийн шавраар нямбайлан доторлосон нь хэрмийн гадуур ус зайлуулах суваг зориуд хийсэн инженерийн байгууламж болохыг илтгэж байгаа аж. Хэрмийн дотор талд мал, амьтны ясны хаягдал бүхий нүх илэрсэн нь лабораторийн нарийвчилсан шинжилгээ хийх, хэрмийн он цагийг баттай тогтоох чухал хэрэглэгдэхүүн болжээ.


Хэрмийн дотор орших төв ордны дээд хэсгийг цэвэрлэж, дэвсгэр зургийг үйлдэн, суурийн хэсэгт зүсэлт явуулж бүтэц зохион байгуулалтыг тодорхойлов. Ордны туурь нь шороон хэрэмний ерөнхий тэг, чиглэлтэй давхцахгүй байгаа нь өөр цаг үед холбогдохыг илэрхийлж байна. Ордныг байгуулсан шороон суурь нь 34 х 18.5 м хэмжээтэй, тэгш өнцөгт хэлбэртэй, цайвар өнгийн шавар дагтаршуулан дэлдэж 2.5 м өндөр шороон давцан үүсгэн, шатаасан тоосгоор нямбайлан шалласныг тодорхойллоо. Шалны тоосгон өрлөгөөс харахад уг барилга нь үүдний угтах хэсэг, хэд хэдэн томоохон тасалгаанаас бүрдэнэ.

Барилгын материал болох дээврийн ваар, нүүр ваар, тоосго, барилгын гоёл чимэглэл багагүй илэрсэн нь нарийн мэргэжлийн урчуудын оролцоотой, инженерийн хэмжилт тооцоо, төлөвлөлтийн дагуу баригдсан архитекторын уран тансаг шийдэлтэй, гоёмсог хийцтэй ордон байсныг илэрхийлнэ. Малтлагын явцад ордны шалыг тоосгоор шахаж хийснээс гадна хээ чимэглэл бүхий шигтгэмэл (мозаика) шалны арга зүйгээр үйлдсэн болохыг анх удаа илрүүлсэн нь эрдэм шинжилгээний хувьд ховор тохиолдох баримт хэрэглэгдэхүүн гэдгийг судалгааны багийн дүгнэлтэд онцолжээ. Ордны суурийн зүсэлтийн малтлагаар он цаг тогтоох модон байгууламжны үлдэгдэл илэрч олдоод байгаа аж.


Түүнчлэн, малтлага судалгаанд үндэслэн ордныг тухайн үеийн байдлаар нь сэргээн зурж эхлээд байна.

Ордны туурийн орчимд барилгын материалын үлдэгдэл ихээр илэрч байгаа. Тэдгээрийн дотор мянгаас дээш хэмд хэт шатаасан тоосго, дээврийн ваар зэрэг үйлдвэрлэлийн хаягдал цөөнгүй олдсон нь ордноос холгүй, Туул голын савд орон нутгийн түүхий эд ашиглан барилгын материалын үйлдвэрлэл явуулж байсныг гэрчилж байгаа аж.


Нийслэлийн Засаг даргын дэргэдэх ажлын хэсэг уг дурсгалын хамгаалалтын бүсийг тогтоосон бөгөөд дурсгалын хадгалалт хамгаалалт, ил үзмэр, мэдээллийн төв, үйлчилгээний хэсгийг харуулсан төлөвлөлт бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох урьдчилсан эскиз зураг гаргаж байгаа юм.


Археологийн малтлага судалгааг цаашид тогтмол явуулж, түүхэн дурсгалт газрыг хадгалан хамгаалж, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон, олон нийтэд зөв зохистой сурталчлан таниулах шаардлагатай байгааг ч бичжээ.


Түүнчлэн, судалгааны талаар тоймлохдоо, "1966 онд Х.Пэрлээ нарын судлаачид анх илрүүлж, 1979 онд гүймэг шинжилж олдвор хэрэглэгдэхүүнд тулгуурлан “Түргэний голын кидан балгас” хэмээсэн. Харин 2005-2006 онд МУИС-ын НШУС-ын Археологи-антропологийн тэнхим, Чингис хаан дээд сургууль хамтран археологич Д.Навааны удирдлагаар төв барилгын хэсэгт бага хэмжээний малтлага судалгаа явуулж, илэрсэн олдвор хэрэглэгдэхүүн, дурсгалын байршилд тулгуурлан Хэрэйдийн Ван Тоорилын Туулын Хар Түнийн ордны туурь хэмээн үзсэн байдаг.

​Уг дурсгалын бүтэц, он цаг, соёлын хамаарлыг тогтоох нарийвчилсан археологийн малтлага судалгааны ажил өнөөдрийг хүртэл хийгдээгүй байгаа" гэжээ.