Showing posts with label ger horoolol. Show all posts
Showing posts with label ger horoolol. Show all posts

Нүүрсний хэрэгт холбогдуулан 7,457 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 142 нэгжлэгийн ажиллагаа явуулжээ

 Эх сурвалж: www.ikon.mn. 2023.01.18. П.Зоригт





Улсын Ерөнхий Прокурорын Газар(УЕПГ)-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 


Энэ үеэр нүүрсний хэрэгт холбогдуулан 92 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Үүнээс 44 нь нийтийн албан тушаалтан, 48 нь аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх, удирдах албан тушаалтан болон бусад иргэн байгааг Нийслэлийн Прокурорын Газар (НПГ)-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од хэллээ. 


Тэрбээр "Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргүүдийг шалгаж, шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор УЕПГ-ын шийдвэрээр АТГ болон цагдаа, тагнуулын байгууллагын мөрдөгч нар ажиллаж байна.


Тодруулбал, НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 11 прокурор, орон нутгаас зургаан прокурор нэмэлтээр ажиллаж байгаа юм. Хамтарсан ажлын хэсгээс нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой нийт 46 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүний 28 нь хэрэг бүртгэлтийн хэрэг, 18 нь мөрдөн байцаалтын хэрэг юм" гэлээ. 


Үргэлжлүүлэн "Одоогийн байдлаар дээрх 46 хэргээс 23 хүнд холбогдох дөрвөн хэрэгт нь НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Хэрэг бүртгэлтийн 28 хэрэг, мөрдөн байцаалтад 12 хэрэг бий.


Прокурорын байгууллага 28 хүнд холбогдох хоёр хэргийг хянаж байна. Тухайлбал,


Гашуунсухайт дахь Гаалийн газрын улсын байцаагч болон Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын хилийн шалган нэвтрүүлэх албан хаагчдад холбогдож байгаа юм.

Хил хамгаалах ерөнхий газрын хилийн 131 дүгээр ангийн 0325 дугаар салбарын алба хаагчид албаны чиг үүрэгт хамааралгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд хахууль авсан хэрэгт холбогдуулан НПГ-аас хянаж байна.

Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргүүдэд АТГ-ын 25 мөрдөгч, цагдаагийн байгууллагын 78 нийт 103 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Өнгөрсөн хугацаанд хамтарсан ажлын хэсгийн мөрдөгчид нийт 7,457 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 331 үзлэг, 142 нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.


Цагдаагийн байгууллага 90,941 хуудас цаасан баримт, АТГ 547 хавтас, цаасан суурьтай баримтыг тус тус хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэдгийг хэлэв.

Н.Шинэбаатар: Өнгөрсөн онд угаарын хийн 457 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, 26 хүн амь насаа алдсан

Эх сурвалж: www.ikon.mn. 2023.01.17. П.Зоригт





ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Шинэбаатартай иргэдийг угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.



-Өнгөрсөн онд угаарын хийд хордож амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол цагдаагийн байгууллагад хэд бүртгэгдсэн бэ?


-Гадаа хүйтэрч, галлагааны улирал эхэлсэнтэй холбоотой айл өрхүүд угаарын хийд хордох, цаашлаад амь насаараа хохирох эрсдэл нэмэгддэг.


Угаарын хийд хордож, амь нас эрүүл мэндээрээ хохирсон гэх дуудлага мэдээллийг өнгөрсөн онтой харьцуулахад 2022 онд 457 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, үүнээс хүний амь нас хохирсон 26 тохиолдол бүртгэгдсэн байна.


-Он гарснаас хойш угаарын хийд хордсон гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн үү?


-Цагдаагийн байгууллагад сүүлийн гурван хоногийн хугацаанд гэхэд л 39 хүн хүнд болон хөнгөн хэлбэрээр угаартаж, гурван хүний амь нас хохирсон дуудлага, мэдээлэл бүртгэгдээд байна. Угаарын хийн хордлогын шалтгаан, нөхцөлийг цагдаагийн байгууллагаас судалж үзэхэд хувь хүний өдөр тутмын дадал, амьдралын хэв маягаас шалтгаалж угаарын хийн хордлогод өртөж амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох асуудлууд гарч байна. Тухайлбал: Зуух, ханан пийшин эвдэрсэн, битүүмжлэл муутай, зуух яндангийн холбоос засвартай, яндан их хэмжээний хөө тортогтой, түлш буруу түлсэн гэх зэргээс шалтгаалан угаарын хийд хордох тохиолдол гарч байна.


-Иргэд угаартсан гэдгээ мэдэх боломжтой юу?


-Угаарын хий нь өнгөгүй, үнэргүй, амтгүй учир иргэд өөрсдийгөө угаартаж байгаагаа мэдэх боломжгүй. Харин угаарын хий мэдрэгч төхөөрөмж угаарын хийг мэдрэн дохио өгдөг. Тиймээс л айл, өрхүүдийг угаарын хий мэдрэгчээ тогтмол ажиллуулахыг зөвлөж байгаа юм.


Засгийн газрын шийдвэрийн дагуу нийслэлийн гэр хорооллын 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулсан.


Угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь улаан, ногоон, шар гэсэн гурван өнгийн гэрэлтэй. Ердийн үед 30 секунд тутамд ногоон өнгийн гэрэл асна. Энэ нь тухайн төхөөрөмж хэвийн ажиллаж байна гэсэн үг. Шар гэрэл анивчиж байвал төхөөрөмж алдаа заасан, улаан гэрэл анивчиж дохиолол дуугарвал тухайн орчинд угаар байна гэсэн үг. Төхөөрөмжид улаан гэрэл асаж, дуут дохио өгсөн тохиолдолд иргэд гэртээ  агаар сэлгэлт хийх, угаарын хийн агууламжийн найрлагыг дэлгэц дээр гарч буй тоон үзүүлэлтээс харах, хэрэглэгчийн гарын авлагад буй заавар, зөвлөгөөг харах хэрэгтэй. Тиймээс иргэд угаарын хий мэдрэгчийн хэвийн үйл ажиллагааг хянаж шалган, анхааралтай байхыг зөвлөж байна.


-Цагдаагийн байгууллагаас угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үе шаттай ажил, арга хэмжээ зохион байгуулсан. Энэ нь үр дүнгээ хэр өгч байна вэ?


-Цагдаагийн байгууллага угаарын хийн хордлогод өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулах чиглэлээр аян, арга хэмжээнүүдийг жил бүр шат дараатайгаар зохион байгуулж ирсэн. Тухайлбал: Байгаль, орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, бусад төрийн болон төрийн бус байгууллагаас “Яндангаа хөөлье”, “Утааг үдье”, “Орчны бохирдлыг бууруулъя”, “Өнтэй өвөлжье” зэрэг хэд хэдэн нөлөөллийн ажил, арга хэмжээг зохион байгуулсан.


Энэ онд угаарын хийн хордлогын шалтгаан нөхцөл, хор аюулын талаар иргэд, олон нийтэд ойлголт, мэдээлэл өгөх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, зөв галлагаа, угаар мэдрэгчийг хэрхэн зөв ажиллуулах талаарх заавар, зөвлөгөө, зөвлөмж өгөх зорилгоор зөвлөмж, сэрэмжлүүлэг бүхий 31 төрлийн зурагт хуудас, богино хэмжээний 13 төрлийн видео, 3 нэвтрүүлэг, 3 нийтлэл, нийт 50 мэдээ, мэдээлэл бэлтгэн цахим орчинд түгээсэн нь 1.098.640 хүнд хүрч, угаарын хийн хордлогын улмаас амь насаа алдсан тохиолдол өмнөх оны  мөн үетэй харьцуулахад 15 нэгжээр буюу 36.6 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.


-Угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд зөвлөгөө өгнө үү.


-Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд зуух, яндангийнхаа бүрэн бүтэн байдлыг шалгах, угаарын хий мэдрэгч дохиоллыг гэртээ байршуулах, зай нь дууссан бол аюулгүй байдлаа хангаж яаралтай солих шаардлагатай. Мөн яндангаа тогтмол хөөлөх, гал түлэх аюулгүй ажиллагааг бүрэн эзэмшиж, галлагааны үед зөв галлах зааварчилгаа баримталснаар таны болон гэр бүлийн тань аюулгүй байдал хангагдах учиртайг анхаарах хэрэгтэй.


 


Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар

С.Алтанцэцэг: Бидний хэрэглэж байгаа цахилгаан гэрэл асаах түвшинд л байна. Халаалт шийдвэрлэхэд хүрэлцэхгүй

Эх сурвалж: www.ikon.mn. 2023.01.16. П.Сайнжаргал





“Угаартсаар байх уу, Улаанбаатарчууд аа” нээлттэй хэлэлцүүлэг АШУҮИС-д өнөөдөр боллоо.


Хэлэлцүүлэгт нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Хавдар Судлалын Үндэсний Төв(ХСҮТ), НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад холбогдох байгууллагын төлөөллүүд оролцсон юм. 


Улаанбаатарын утаа нь хүн амын эдийн засагт хэрхэн нөлөөлж буй судалгааг НҮБ-ын Хүүхдийн Сангийн Цэвэр агаар хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн С.Алтанцэцэг танилцуулав.


Тэрбээр "2020 оны эдийн засагтай холбоотой судалгааны ажил байдаг. Нэр бүхий найман компанийн 20,764 ажилтны цалин хөлс болон өвчлөлийн мэдээлэлд тулгуурлаж анализ хийсэн байна. Тэдгээр компани таван жилийн хугацаанд 7.5 сая ам.долларын алдагдал хүлээжээ. Энэ нь агаарын бохирдлын улмаас өвдсөн ажилчдын өвчлөлтэй холбоотой.


Ажилчид нь хүүхдийнхээ өвчлөлтэй холбоотой чөлөө авах тохиолдол нэлээд гарсан. Улмаар тухайн үеийн ханшаар ажилтнууд дунджаар 875,000 төгрөг буюу 317 ам.долларын алдагдал хүлээсэн байдаг. Эдийн засгийн хувьд ингэж хохирч байгаа талаарх судалгааны дүн байдаг. Үүнийг одоогийн ханшаар бодвол сая гаруй төгрөгийн алдагдалтай. 


Өнөөгийн зах зээлд эм тарианы үнэ, инфляцтай холбоод тайлбарлавал хоёр сая төгрөг рүү дөхсөн болов уу хэмээн таамаглаж байна" гэлээ. 


"МОНГОЛ УЛСАД АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДАЛ БАРАГ ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ХЭМЖЭЭНД ОЧСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ"

Мөн "2017 онд анх Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталж байсан. Агаарын бохирдлын сөрөг нөлөө нь тэр үеийнхээс дээрдсэн үү гэвэл, үгүй.


Агаарын бохирдол хүний эрүүл мэнд болон эдийн засагт үзүүлж буй асуудлын үр дагаврыг нь авч үзвэл дараах асуудал байна. Бараг НҮБ-ын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хэмжээнд очиж, иргэдийн эрх зөрчсөн асуудал болж байна уу хэмээн авч үзэх шаардлагатай. 


Нүүрс шатаах болгонд л утаа гарна гэдэг бол үнэн. Нүүрс байтугай өөр юу ч шатаасан утаа ялгарна. Утаагүй шаталт гэж байхгүй. Азийн хөгжлийн банкны судалгааны үр дүн гарч, улмаар агаарын бохирдлыг бууруулах бодлогын зөвлөмжийг манайд өгсөн. Тухайн зөвлөмжид "Монгол Улсыг цахилгаанжуулах хэрэгтэй" гэдгийг тодорхой дурдсан байдаг.

Үнэндээ бидний хэрэглэж байгаа цахилгаан зүгээр л гэрэл асаах түвшинд байна. Өөрөөр хэлбэл, халаалтыг бүрэн шийдвэрлэх түвшинд хүрэлцэхгүй байгаа юм. Өмнө нь НҮБ-ын Хөгжлийн Сангаас монгол гэрийн дулаалга, халаалтын багц зэрэг янз бүрийн арга хэмжээг хэрэгжүүлж байсан. Үүнийг 1,500 өрхөд хүргээд л цахилгаан хүрэхгүй болсон.Цахилгаан хүрэхгүй учир цэвэр технологи ашиглах боломж байхгүй, зогсохоос өөр аргагүй болсон. 


Тус арга хэмжээг таван аймаг, нийслэлийн хоёр дүүрэгт хэрэгжүүлсэн ч түр зогсоосон. Яагаад гэвэл, цахилгаан хангамж, эрчим хүчний хангамжийг нэмэхгүйгээр технологийн шийдэл рүү орохгүй нь ээ гэх асуудал тулгарч байгаа" хэмээв. 

Дэнжийн мянгад ногоон орон сууцны жишиг хотхон ашиглалтад орлоо

Эх сурвалж: ikon.mn, 2022.04.27





Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянга орчимд эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд гурван айлын 2,100 ам.метр орчим газрыг чөлөөлж, долоон айлын жишиг хотхоныг өнөөдөр ашиглалтад оруулсан байна. Уг төслийг Нийслэлийн Орон сууцны корпорац, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, “Хабрид хауз” компани хамтран хэрэгжүүлжээ.


Уг орон сууцны гол онцлог нь гүний цэвэр устай, бохироо 98 хувь хүртэл цэвэршүүлэн, дахин ашиглах боломж бүхий цэвэрлэх байгууламжтайгаас гадна нарны илчийг өөртөө шингээн халаах технологитой учраас эрчим хүч хэмнэх давуу талтай. Мөн агаар болон хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллын өнгө үзэмжийг сайжруулахад эерэгээр нөлөөлж, өрх бүр эрүүл, тохилог орчинд амьдрах боломжийг бүрдүүлж байгаа юм.


Иргэдийн хувьд тус ногоон орон сууцны байгаль орчин, эдийн засагт ээлтэй чанарт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.


Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар “Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн төвийн инженерийн шугам сүлжээ хүрэхгүй хэсгүүдэд ногоон орон сууц барихтай холбоотойгоор иргэдэд зориулсан зээл гаргах, Ногоон орон сууцны санг байгуулах гэх мэтээр санхүүжилтийн үйл явцыг бэлдсээр байгаа.


Бид стандартын дагуу ногоон орон сууцыг нутагшуулан, олон улсын сертификат авахаар ажиллаж байна. Ингэснээр олон улсын банк, санхүүгийн байгууллагаас бага хүүтэй зээл авах боломж бүрдэж, иргэд ч мөн хүү багатай ипотекийн зээлд хамрагдан, орон сууцаа авах боломжтой болно” гэсэн юм.


Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн алслагдсан хэсгүүдэд ногоон орон сууцнууд барина


Энэ жилийн хувьд 10 мянган айлын ногоон орон сууц барих төсөл хэрэгжиж, Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн алслагдсан хэсгүүдэд ногоон орон сууцнууд барих юм байна. Төслийн хүрээнд иргэд жилийн зургаан хувийн хүүтэй, 170 сая төгрөг хүртэлх Ногоон орон сууцны зээлд хамрагдах боломжтой аж.


Нэг айлын байр ойролцоогоор 78 сая төгрөгийн үнэтэй болсон


Төслийн гүйцэтгэгч “Хабрид хауз” компанийн захирал Ц.Бат-Эрдэнэ “Нэг айлын байр ойролцоогоор 78 сая төгрөгийн үнэтэй болсон. Иргэд урьдчилгаа 10 хувийг төлөөд, Германы хамтын нийгэмлэгийн төсөлд хамрагдан 18 сая төгрөгийг суутгуулна. Ингэснээр үлдэгдэл 52 сая төгрөгийг ногоон зээлд хамрагдан сард дунджаар 490-630 мянган төгрөг төлж, таун хаустай болох боломжийг бүрдүүлсэн. Энгийнээр тайлбарлавал жилд төлдөг халаалт, түлшний зардалтай дүйцэхүйц төсвөөр байраа өмчлөх боломжтой гэсэн үг” гэв.


Төсөлд хамрагдсан иргэн П.Мандахбаяр “Хүү маань тус компанийн амины сууцны анхны захиалагч. Хүүгийн маань байшин надад их таалагдсан. Гэр хороололд эрчим хүчний өндөр хэмнэлттэй, ийм сууцанд амьдарч болох юм байна гэж бодоод энэ удаагийн төслийг дэмжин, захиалга өгсөн. Эхлээд ямар ч халаалтгүйгээр дулаахан байна гэдэгт итгээгүй ч хүүгийнхээ байшинг хараад итгэл төрсөн. Энэхүү төслийн хүрээнд ийм сайхан орон гэртэй болж буйдаа баяртай байна” хэмээн ярилаа.


Тус жишиг хаус нь -40 хэм хүртэлх хүйтэнд халаагуур ашиглахгүй, гал түлэх шаардлагагүйгээр дулаан өвөлжих технологийн шийдлийг ашиглажээ.









"Гэр хорооллын 100 га газарт 10,000 айлын эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барих төслийг долоон жилийн хугацаанд хэрэгжүүлнэ"

Эх сурвалж: ikon.mn,  2022.03.24


“Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн Төслийн удирдах хороо хуралдлаа.


Төслийн удирдах хорооны хуралдаанаар нийт долоон асуудлыг хэлэлцэв. Тодруулбал, төслийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төслийн худалдан авах ажлын төлөвлөгөө, төсөл хэрэгжих байршлыг тодорхойлон батлуулах зэрэг асуудлыг баталлаа.


“Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл” нь Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сан болон Өндөр технологийн сангийн санхүүжилтээр 2020 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд гэр хорооллын 100 га газарт 10,000 айлын эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бүхий эко хорооллыг байгуулах бөгөөд нийт долоон жилийн хугацаанд хэрэгжих юм байна.





Залуу инженерүүд худгаас ХАЛУУН УС авах технологийг бий болгожээ

 Эх сурвалж: gogo.mn, 2022.02.01









Худгаас шууд халуун ус авах техник, технологийн боломжит хувилбарыг монголын залуу инженерүүд хийсэн байна.


Тэд туршилтаа Налайх дүүргийн I хороонд байрлах усны дөрөвдүгээр худагт нэвтрүүлжээ. Улмаар тус дүүргийн зургаан худагт байршуулахаар төлөвлөжээ.


Энэхүү халуун ус олгодог худгийн шийдэл болон, зохион бүтээгчидтэй нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр очиж (2022.02.01) танилцсан юм.


Тодорхой хугацааны давтамжтайгаар нэг удаад 100 литр усыг автомат халаагчаар халааж, иргэдэд түгээх юм байна. Өмнө нь ус түгээх худгуудад түгээгч суух шаардлагагүй буюу смарт цэнэглэгч картын систем нэвтрүүлж эхлээд байсан. Ингэснээр иргэд цагт баригдалгүйгээр өдөр, шөнийн алинд ч худгаас ус авах боломжтой болж байгаа. Тэгвэл энэ удаад ахуйн хэрэгцээний халуун усыг гэрийнхээ ойролцоох худгаас авах боломж бий болжээ.


Мөн иргэд смарт цэнэглэгч карт ашиглаж халуун ус олгодог худгаар үйлчлүүлэхээс гадна хүсвэл E-Mongolia цахим мэдээллийн сангаас авдаг төрийн үйлчилгээг худгийн ухаалаг төхөөрөмжөөс авах боломжийг давхар шийдсэн аж.


Зохион бүтээгчдийн хувьд цаашид Улаанбаатар хотын хамгийн их амтай дүүргүүдийн гэр хорооллын дундах худгуудад байршуулах бүрэн боломж байгааг онцолж байв. Монгол залуу инженерүүдийн төлөөлөл “SEM” /Systems Enjineering Mongolia/ компанийн гүйцэтгэх захирал Г.Тулга “Бидний ажил Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг 220 мянган өрхийн халуун, хүйтэн усны дэд бүтэц, бохирын шугамыг шийдэх эхний бодит алхам болно гэж харж байгаа. Нийслэлийн иргэдийн шүдний өвчин болсон агаар, хөрсний бохирдол, гэр хорооллын дэд бүтцийг шийдэхэд эхний ээлжид хувь нэмрээ оруулсан шийдэл юм” гэсэн юм.


БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ санаачилгаа бодитоор хэрэгжүүлж, гэр хорооллын айл өрхөд халуун ус олгох шийдлийг нэвтрүүлсэн инженерийн багтай ирэх долоо хоногт албан ёсны уулзалт хийж, БОАЖЯ-ны ажлын хэсэгт танилцуулахаар боллоо.

НОБГ: Үнс нурам ил задгай асгасан зөрчил их илэрч байна

Эх сурвалж: gogo.mn, 2022.01.27





Нийслэлийн Онцгой байдлын газраас гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг есөн дүүрэгт зохион байгуулж байна.


Энэ нь угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, галлагаанаас үүдэлтэй болзошгүй гал түймрийн аюул, хүүхдийг болзошгүй аюул ослоос хамгаалах мэдээлэл, сурталчилгааг иргэдэд хүргэх зорилготой юм.


Хяналт, шалгалтаар


цахилгааны холболт, ашиглалт, угсралтын аюулгүй байдал алдагдсан,

гэр хооронд, бусад объект хоорондын аюулгүйн зай хэмжээ зөрчигдсөн,

үнс нурам ил задгай асгасан, үнсний сав таггүй, пийшин зуух гэмтэлтэй, яндангийн хамгаалалт хийгдээгүй, залгаас буруу,

бага насны хүүхдийг гэртээ цоожилж орхидог,

шуурхай албаны автомашин очих боломжгүй мухар гудамж, өндөрлөг газар, өндөр хүчдэлийн шугаман дор буусан зэрэг зөрчил илэрсэн айл өрхөд аюулгүй байдлыг хангах талаар зөвлөмж, анхааруулга өгч ажиллаж байна.

Нэгдсэн арга хэмжээг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, хэлтэс, хороодын Засаг дарга, түүний ажлын алба, “Таван толгой түлш” ХХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн инженер, техникийн ажилтан нар хамтран зохион байгуулж буй юм.

Байшин сууцны чанарыг сайжруулахад зориулсан зээл олгох, хүүг бууруулах цогц шийдлийг салбар яамд Засгийн газарт танилцуулна

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.26






Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн мягмар гарагт Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо болон тус яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Гүнболд нарыг хүлээн авч уулзжээ. Мөн уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж, Орчин бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Алтанзул, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Энхмөнх нар оролцсон байна. 


Хоёр яамны удирдлагуудын уулзалтын зорилго нь агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд эдийн засагт дарамт үүсгэхгүйгээр инженерийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх боломжийг судлах, хийж буй ажлуудаа танилцуулж харилцан санал солилцох байв. 


Уулзалтын эхэнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “2021 байдлаар ипотекийн зээлд хамрагдсан өрхийн 30 хувь нь гэр хорооллоос орон сууцанд шилжсэн бол 70 хувь нь орон сууцнаас орон сууцанд шилжсэн байна. Гэр хорооллын иргэд орон сууцанд орох гэхэд урьдчилгаа төлбөр бүрдүүлэхэд хүндрэлтэй, өрхийн орлого банкны шалгуурт хүрдэггүй зэрэг олон шалтгаан байдаг. Иймд зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг бодлогоор дэмжих шаардлагатай. Айл өрхүүдэд эдийн засгийн дарамт үүсгэлгүй амьдарч буй байшин сууцанд инженерийн дэд бүтцийг шийдэх, хийн болон бусад шинэ технологийг нэвтрүүлэх, олон улсын хөрөнгө оруулалт татаж төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг салбарын яамд хамтран эхлүүлэх нэн шаардлагатай байна” хэмээн онцоллоо. 


Мөн тэрбээр агаарын бохирдол, утааны асуудлаас гадна Улаанбаатар хотын хөрсний бохирдол аюул дагуулж байгааг дурдаад “Ногоон стандартын эрхзүйн орчныг бүрдүүлж, төрөөс татварын бодлогоо гаргаж олон улсын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх боломжийг нээхэд салбарын яамд хамтран ажиллах нь зүйтэй. Иргэд өрхийн орлогоороо зээлээ төлөх боломжийг бүрдүүлж өгснөөр тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд ихээхэн түлхэц болно” гэдгийг дахин тодотгов. 


"Гэр хорооллын 220 мянган өрхийн 1% нь бие даасан байдлаар цахилгаан, дулаан, бохирын дэд бүтцээ шийдсэн"

Энэ үеэр Барилга хот байгуулалтын яамнаас танилцуулга хийсэн юм. Танилцуулгад “Нийслэлийн гэр хороололд буй 220 мянган айл өрхийн нэг орчим хувь нь өөрсдөө бие даасан байдлаар цахилгаан, дулаан, бохирын дэд бүтцээ шийдсэн байдаг. Харин төрөөс бодлогоор гэр хорооллыг дахин төлөвлөх хүрээнд 25 байршилд 74 хэсэгчилсэн талбайд орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх, эдгээрийн инженерийн шугам сүлжээг шийдвэрлэх үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд жишээлбэл, Чингэлтэй дүүргийн VII хороонд дулаан, цахилгааны асуудлыг шийдвэрлэх Дэд төв байгуулж гэр хорооллын айл өрхийг дэд бүтцээр хангах төслийг хэрэгжүүлж байгаа” тухайг дурдсан юм. 


Танилцуулгатай холбогдуулан хоёр яамны удирдлагууд гэр хорооллуудыг бүхэлд нь нэг дор төвийн шугамд холбох боломжгүй. Иймд Дэд төвүүдийг байгуулах ажлыг эрчимжүүлэх, захын хорооллуудын дэд бүтцийг сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдвэрлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.


Улмаар “Гэр хорооллын нийт айл өрхийн 100 мянга орчим нь монгол гэрт, үлдсэн 110 мянга гаруй нь байшин сууцанд амьдарч байна. Байшин сууцны чанарыг сайжруулж, дулаан алдалтгүй болгож стандартад нийцүүлэн барих, “С” ангиллаас дээш амины орон сууц барихад хөнгөлөлттэй зээл олгох, ногоон технологийг дэмжих, зээлийн хүүг бууруулах зэрэг цогц шийдлийг салбар яамд нэгдсэн бодлогоор гаргаж Засгийн газарт танилцуулан шийдвэрлэх нь зүйтэй” гэдэг дээр санал нэгдэв.  

Уулзалтын төгсгөлд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Төсөв хүрэлцээгүй, газрын асуудал маргаантай гэх мэт шалтаг тоочоод хойш суугаад байвал хэзээ ч урагшлахгүй. Тиймээс олон улсын туршлага, дотоод бололцоондоо тулгуурлан шийдэл гаргаж бодит ажилд хамтран ажиллахыг чухалчилж байгаа” гэдгийг онцлон хэлээд жишээ болгож ӨМӨЗО-ны Ордос хотыг богино хугацаанд барьж, хүн амын төвлөрлийг сааруулах хүрээнд нүүлгэн шилжүүлэлтийг амжилттай зохион байгуулж байсан туршлагыг дурдсан  байна.

Халиа үүсэж, айлуудын хашаа руу ус орсон хэсэгт шуудуу татаж, 184 тонн мөсийг зөөвөрлөжээ

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.24









Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Мандал-Овоо 31-р гудамжны Их нарантай холбогдсон авто замын гүүрний ар, урд хэсэгт хөрсний ус ихээр гарч ойр орчмын өрхүүдийн хашаа руу ус орох зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсжээ.


Иймд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ болон Геодез усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид хамтран тус хэсэгт энэ сарын 21-23-ны өдрүүдэд ажилласан байна.


Албан хаагчид тус гүүрний усыг чөлөөтэй урсгах зорилгоор гүүрний хойд талд 1.5 километр, урд талд 2 километр орчим шуудуу татаж, 184 тонн мөсийг зориулалтын техникээр зөөвөрлөжээ.


Мөн усны урсцыг сайжруулах зорилгоор гүүрний хойд хэсэгт тогтсон усанд давс, мөс хайлуулах бодис зэргийг хийсэн байна.


Хөрсний ус ихээр гарч халиа дошин үүсэх нь байгалийн хүчин зүйлээс шууд хамааралтай тул нөхцөл байдал дахин хүндэрсэн тохиолдолд тус ажлын хэсгийнхэн үргэлжлүүлэн ажиллана гэж Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.


"Гэр хороолол хөдөлгөөнөөс Нийслэлийн Засаг дарга асан С.Батболд, С.Амарсайхан нарыг АТГ-т шалгуулахаар өгч байна"

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.17





"Гэр хороол хөдөлгөөн"-өөс тус хөдөлгөөний тэргүүн Э.Бат-Үүлийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.


Тус хөдөлгөөний төлөөлөл “2012-2016 онд нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийх санал санаачилгыг гаргаж байв. Ингэснээр анх удаа Улаанбаатарчууд өөрсдийн газраа эдийн засгийн эргэлтэд оруулах бололцоо бий болж байсан юм.


Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлснээр иргэдийн газрыг үнэ цэнтэй болгосон төдийгүй иргэд газар дээрээ бизнес хийх, орон сууцаар солих боломжийг бий болгосон цорын ганц хүн.


Гэвч түүний хийсэн ажлыг харлуулж, гутаахын тулд гэр хорооллын дахин төлөвлөлт хууль бус, хийх шаардлагагүй зүйл байсан гэж МАН-ынхан Засгийн эрх авснаас хойш өнөөдрийг хүртэл дайрч, улмаар гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоосон.


Ялангуяа, тухайн үед нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан С.Батболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан нар гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоосон. Тэд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хууль бус гэж эсэргүүцэж байсан хүмүүс.


Э.Бат-Үүл хотын дарга байх үед гэр хорооллын иргэдийн өмч болсон газрыг зах зээлийн үнээр нь бодож орон сууцаар солих харилцан тохиролцсон гэрээг нийслэл баталгаажуулж гурван талт гэрээ байгуулж байв. Гэтэл МАН 2012 оноос өмнөх бизнесээ хийхийн тулд энэ ажлыг зогсоож, харлуулсан.


Тухайлбал, С.Батболд хотын дарга байх үедээ Улаанбаатар хотын 1, 2 дугаар бүсэд амьдарч байсан иргэдийн хашааны газрыг орон сууцны урьдчилгааны 30 хувьд тооцож авах захирамж гаргаж байсан. Түүнээс болж өрөнд орон байж газраа хотын төвөөс зайдуу орон сууцаар сольсон хэд хэдэн иргэн бий.


Тиймээс С.Амарсайхан, С.Батболд нарыг АТГ-д шалгуулахаар өгч байна.


Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн Э.Бат-Үүлд хилс хэрэг тохон хуурамч хохирол бий болгож хэлмэгдүүлсэн. Түүнийг гэр хороололтой нь хамт хорьсон гэж бид үзэж байгаа.


Гэр хороололд дахин төлөвлөлт хийхгүйгээр агаар, хөрсний бохирдлоос бид салах аргагүй. Тиймээс үүнийг санаачилсан Э.Бат-Үүлийг хорьсон явдалтай бид хатуу тэмцэхээ илэрхийлье” гэлээ.


Гэр хороолол хөдөлгөөний УЗГ Я.Мөнгөнцэцэг “Бид Э.Бат-Үүл гэдэг хүнийг гэр хорооллын дахин төлөвлөлтийг санаачилсан учраас яллах ёсгүй гэж байгаа юм биш. Гол нь түүний улсад учруулсан хохирол нь шүүхээр тогтоогдоогүй.


Мөн 409 дүгээр анги бол дамжин өнгөрүүлэх хорих анги бөгөөд хэрэг нь бүрэн шийдэгдээгүй хүмүүс хоригддог. Гэвч түүний хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хаасан.


Түүнээс гадна, шахмал түлш нэртэй бизнесийг шалгаасай гэж хуулийн байгууллагаас шаардмаар байна. Учир нь өмнө нь нүүрс түлдэг байхад хэзээ гэр хорооллын айлуудын гэр ийм тортогтой байдаг байсан юм бэ” хэмээн ярилаа.


Мөн тэрбээр хорих ангиас Э.Бат-Үүл гэр хорооллынхонд хандаж уриалга гаргасныг уншиж танилцууллаа.


Тус уриалгад


"Гэр хорооллын иргэд ээ!  Та нар минь битгий ялагдаарай.


Миний бие, 2002 оны арваннэгдүгээр сард Сүхбаатар талбайд "Трактортой цуглаан" зохион байгуулж, Төв, Сэлэнгэ, Дорнод аймгийн тариаланчдын дэмжлэгтэйгээр гэр хорооллын иргэдийн эрх ашгийг хамгаалан тэмцсэн билээ. Үүний үр дүнд Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн хашаа "газарт оролгүй" хамгаалагдаж үлдсэн.


Тэр цагаас хойш 20 жилийн турш гэр хорооллын иргэдийн хашааны газрыг хамгаалахын төлөө тэмцэж ирлээ. 2012 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийг 17 байршилд эхлүүлж, хотоос тогтоосон захиргааны үнээс хашааны газрыг чөлөөлж, газрын эзэд газраа чөлөөт үнээр худалдаж байх шийдвэрийг гаргасан.


Улмаар хөрөнгө оруулах сонирхолтой компаниудыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтын ажилд оролцуулсан. Үр дүнд нь хашааны газрын үнэ огцом өсөж, хашааны газраа бүтэн орон сууцаар солилцдог болсон билээ.


Харамсалтай нь 2016 оны нийслэлийн сонгуулиар Ардчилсан нам ялагдаж, Монгол Ардын нам нийслэлийг эргэн удирдах болсон. Олигархиуд буцаж ирэнгүүтээ гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүх ажлыг зогсоосон.


Энэ ажлын зориглон хийж эхэлсэн компаниудын санхүүжилтийг гацааж, тэднийг өрөнд оруулсан.  Тэдний цаад зорилго нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг бүхэлд нь гутааж, бүх бурууг нэгэн аав, хүү хоёрт тохож иргэдийн итгэл үнэмшлийг үгүй хийж, хөрөнгө оруулагчдыг айлгаж, хашааны газрыг үнэгүйдүүлэн эздээс нь дээрэмдэн авч ашиг олох шунал юм. Үүнийг нь шүүх хурлын үеэр "Дэвшүүлсэн бодлого үйл ажиллагааны чинь төлөө таныг яллаж байна" гэсэн прокурорын үг нотолж байна.


Олигархиуд гэр хорооллын утааг арилгаж, ядуурлыг бууруулах нэрээр олон их наядаар хөлжлөө. Гэр хорооллыг үеийн үед төрийн дарга нарын мөнгө хийх бизнес болгон ашигласаар ирлээ. Үүнийг өнөөдрийн гамшиг болсон утаа, ядуурсан гэр хороолол гэрчилнэ.


Гэр хорооллын иргэдээ, та нар битгий ялагдаарай. Хашааны газраа хамгаалаарай! Тэдэнд бүү хууртаарай.


Та нарын хашааны газар дээр ирээдүй үе чинь аз жаргалтай амьдрах Шинэ Улаанбаатар босох ёстой. Та бүгдийн төлөө тэмцсэн миний 20 жилийн тэмцлийг битгий үнэгүйдүүлээрэй.


Би ямар ч үр дүнгүй тэмцэл хийсэн баймааргүй байна! Үүний төлөө ямар ч хатуу ширүүн залхаалтыг давахад бэлэн байна. Намайг зүгээр ч гэр хорооллын Бат-Үүл гээгүй юм шүү! Би та нарынхаа төлөө тэмцсээр дуусна аа.


Эрдэнийн Бат-Үүл" гэжээ.

Хоёр сайдаар ахлуулсан Ажлын хэсгийн шалгалтаар шахмал түлш стандартын шаардлага хангаж байгаа нь тогтоогдсон гэв

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.17





Агаарын чанарын талаар БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, ЦЕГ, ОБЕГ, НМХГ, ЦУОШГ, Таван Толгой түлш ХХК болон бусад холбогдох албаныхан долоо хоног бүрийн Даваа гарагт мэдээлэл хийж байгаа.


Энэ долоо хоногийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр "Таван толгой түлш" компанийн үйлдвэрийн дарга Х.Галымбек сайжруулсан шахмал түлшний технологи, үйлдвэрлэл, түгээлтийн талаар мэдээлэл өглөө. 


Тэрбээр "Таван толгой түлш компанийн хоёр үйлдвэр нийтдээ 22 шугамтай. Одоогийн байдлаар 17 шугам ажиллаж байна. Гурван шугамд засвар үйлчилгээ хийж байгаа бол хоёр нь нөөц шугам юм. Өдөрт 3,400 тонн түлш үйлдвэрлэж, 600 гаруй борлуулалтын цэгээр борлуулж байгаа. Барьцалдуулагч бодис болон шуудайн нөөц хангалттай буюу энэ өвлийн хэрэгцээг хангахаар хэмжээнд байна. 


Түлшний үйлдвэр стандартын дагуу түлшээ үйлдвэрлэж байгаа" гэдгийг хэллээ. 


"Таван толгой түлш" компанийн Түлшний чанарын хяналтын хэлтсийн дарга н.Баттулга "Компанийн чанарын хяналтын хэлтэс үйлдвэрээс гарч байгаа бүх бүтээгдэхүүнд нэг бүрчлэн хяналт тавьж ажилладаг. Ингээд чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг ард иргэдэд нийлүүлэн ажиллаж байгаа. 


Өнгөрсөн долоо хоногт БОАЖ-ын сайд Н.Уртнасан, ЭХ-ний сайд Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын хэсэг сайжруулсан шахмал түлшний чанар стандартад хяналт шалгалт хийсэн. Уг шалгалтын дүнгээр Таван толгой  түлш компанийн бүтээгдэхүүн стандартын хэмжээнд байгаа нь тодорхойлогдсон. Мөн айл өрхүүдээр гэнэтийн байдлаар орж хяналт шалгалтууд хийсэн. Ингэхэд нунтгийн агууламж, чийг өндөртэй тохиолдол гарсангүй. Ажлын хэсгийнхэн баруун, зүүн бүсийн үйлдвэрийн үйл ажиллагаатай мөн танилцсан. 


Чанарын хяналтын хэлтэс гарч байгаа шуудай бүрийг хянаж гаргадаг" хэмээн ярилаа. 


Мэргэжлийн хяналтын байгууллагаас сайжруулсан шахмал түлшний орц найрлага, үйлдвэр болон агуулах дахь түлшнээс дээж авч шинжилжээ. Уг шинжилгээний дүнгээр стандартын шаардлага хангаагүй зүйл байгаагүйг мэдээллээ. 

"Айл өрхийн дулаан алдалтыг 70 хувиар багасгаснаар агаарын бохирдлыг бууруулахад бодит нөлөө үзүүлнэ"

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.16







Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр олон улсын санхүүжилттэй хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр дүнд үнэлэлт өгөх ажлыг салбарын яамнаас зохион байгуулж байна.


Энэ хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Европын холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Аксель Никэйз нар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд ажиллажээ.


Европын холбооноос 2018-2021 онуудад хэрэгжүүлсэн “Дулаан шийдэл төсөл нь” нийт 2.1 сая Еврогийн санхүүжилтээр хэрэгжсэн бөгөөд гэр байшингийн дулаан алдалтыг бууруулах, дэвшилтэд технологийг айл өрхүүдэд нэвтрүүлэн, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж байгаагаараа давуу талтай.


Цаашид төслийн үр дүнг нэмэгдүүлэх, ард иргэдэд бодит хүртээмжтэй байх чиглэлээр салбарын сайд анхаарч ажиллахаа онцоллоо. Айл өрхийн гэр байшингийн дулаан алдалтыг багасгаж эрчим хүчний зарцуулалтыг 70 хүртэл хувиар бууруулах төслийг үргэлжлүүлэх асуудлыг хэлэлцэж, Европын холбооноос нийт 2 сая гаруй еврогийн санхүүжилтийг шийдвэрлэн хамтран ажиллахаар боллоо.


Сүхбаатар дүүргийн 16 хорооны иргэн Эрдэнэбилэгийн 8:10 метрийн харьцаатай байшингийн бүрэн дулаалгыг төслийн хүрээнд шийдвэрлэхэд нийт 8 сая гаруй төгрөг зарцуулагдсан байна. Ингэснээр түлшний хэрэглээ өмнөхөөс 50-60 хувиар буурч эдийн засгийн хэмнэлттэй, ая тухтай амьдарч байгааг гэрийн эзэгтэй ярьж байна.