Showing posts with label legal. Show all posts
Showing posts with label legal. Show all posts

Улаанбаатарын замын хөдөлгөөнд ачааны машин оролцуулах зөвшөөрлийг цахимаар олгодог болжээ

Эх сурвалж: www.ikon.mn. 2023.01.18. Б.Манлай





Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалтайгаар оролцуулах түр зөвшөөрлийг цахимаар олгодог болжээ. Түр зөвшөөрөл авах иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь www.smartcar.mn болон www.e-mongolia.mn веб сайтаар дамжуулан цахимаар хүсэлтээ илгээх боломжтой. 


НИТХ-аас баталсан Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалтайгаар оролцуулах түр зөвшөөрөл олгох журмын дагуу B, C болон C, E ангиллын машинууд журамд заасан байршлууд дахь замын хөдөлгөөнд 08:00-21:00 цагийн хооронд оролцохдоо түр зөвшөөрөл авдаг. Тэгвэл уг зөвшөөрлийг авахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлэх юм байна.


 Аж ахуйн нэгж, байгууллага:


Хүсэлт гаргасан албан бичиг

Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, ажил эхлүүлэх зөвшөөрлийн хуулбар

Ачааны автомашин, чиргүүлийн ерөнхий байдлыг харуулсан, дөрвөн талаас авсан зураг /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтад зааснаар гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалт, эсвэл улаан өнгийн гэрэл ойлгуурыг нэмж байрлуулах, тэвшний улсын дугаарын бичиглэл байх/

Ачааны машин, чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар

Тухайн компанитай хамтарч ажиллаж байгаа гэрээний хуулбар 

Хувь хүн:


Түр зөвшөөрөл авах хувийн хүсэлт

Цагийн хязгаарлалт тогтоосон гудамж зам руу зайлшгүй зорчих шаардлагыг нотлох

Баримт бичиг /ачаа тээвэрлэлтийн гэрээ гэх мэт/

Хамтран ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, ажил эхлүүлэх зөвшөөрлийн хуулбар

Ачааны автомашин, чиргүүлийн ерөнхий байдлыг харуулсан, дөрвөн талаас авсан зураг /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтад зааснаар гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалт, эсвэл улаан өнгийн гэрэл ойлгуурыг нэмж байрлуулах, тэвшний улсын дугаарын бичиглэл байх/

Ачааны машин, чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар гэсэн бичиг баримтыг бүрдүүлэн илгээнэ.

Материалуудыг бүрэн илгээсэн тохиолдолд хүсэлтийг өдөрт нь шийдвэрлэж байгаа бөгөөд цахимаар авсан зөвшөөрлийг хэвлэн ашиглах боломжтой. Түр зөвшөөрлийн хураамжийг Q-Pay, интернэт банк болон төлбөрийн бусад системээр Төрийн сангийн 100200051055 дансанд тушаах аж.

Авто зам сэтлэх, орц, гарц гаргах эрх зүйн бичигт өөрчлөлт оруулахаар болжээ

Эх сурвалж: ikon.mn, 2022.04.14





Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Авто зам сэтлэх болон авто замын орц, гарц шинээр гаргах ажлын эрх зүйн баримт бичгийн талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан танилцуулав.


Улаанбаатар хотод авто замын зурвас газар, инженерийн шугам сүлжээ шинэчлэх, шинээр байгуулахдаа Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/926 дугаар Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах, хамгаалах журам, 2017 оны А/300 дугаар захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны А/192 дугаар тушаалыг мөрдлөг болгодог.


Дээрх захирамж, тушаалын хэрэгжилтийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хангаж зохион байгуулахаар тусгасан байдаг боловч бодит байдал дээр Нийслэлийн Замын хөгжлийн газар голлон ажилладаг байна. Үүнээс болж иргэд, аж ахуйн нэгж төдийгүй төрийн байгууллагуудын дунд үл ойлголцол үүсдэг аж.


Хотын дарга нэг жил зам тавьдаг, дараа жил нь тавьсан замаа хуулдаг. Стандартын дагуу зам тавьж чаддаггүй гэдэг асуудал байнга яригддаг. Мөн үүнээс болж төсвөөс гаргаж байгаа зардал үр дүнгүй болдог. Иймээс холбогдох байгууллагууд уялдаатай ажиллах хэрэгтэйг хэллээ.


Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, “Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах, хамгаалах журам”-ыг Авто замын тухай, Зөрчлийн тухай хууль, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дүрмийн холбогдох заалтуудад нийцүүлж, зөвхөн авто зам, замын байгууламжид хамаарах хэсгийг Нийслэлийн Замын хөгжлийн газар зохион байгуулахаар тусгаж, Нийслэлийн Засаг даргын захирамжуудад өөрчлөлт оруулан батлуулахыг Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэнд үүрэг болгов.


 


Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

"Хашаа, хайс барихыг зөвшөөрсөн 16 төрлийн байгууллагын жагсаалтад ороогүй бол хашааг буулгана"

Эх сурвалж: ikon.mn, 2022.04.06






Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор тус Ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсэг нийтийн эзэмшлийн газарт болон ашиглаж, эзэмшиж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүй хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх арга хэмжээг хариуцан зохион байгуулах юм.


Ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ ажиллана.


Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хотын стандарт, хяналтын газар, Хот тохижилтын газар зэрэг холбогдох 17 байгууллагын удирдлага, албан тушаалтнууд багтжээ. 


Сургууль, цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн, түүх, соёлын дурсгалт газар, инженерийн дэд бүтцийн барилга, зах зэрэг хашаа, хайс барихыг зөвшөөрсөн 16 төрлийн байгууллага байдаг.


Энэ жагсаалтад багтаагүй барилгын гадна хашаа барих ёсгүй. Өөрөөр хэлбэл, оффис, орон сууц, хотхонууд бүгд хашаагаа буулгах шаардлагатай гэсэн үг. Зөвхөн Бага тойрууд л гэхэд зөвшөөрөлгүй 1,779 хашаа, хайс байгаа бөгөөд ажлын хэсгийнхэн газрын зөрчил арилгах арга хэмжээг маргаашаас хэрэгжүүлж эхлэх юм байна.


 


Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Улаанбаатар хотод мөрдүүлэх 38 стандартыг НИТХ баталлаа

Эх сурвалж: ikon.mn,  2022.03.24





Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан өнөөдөр болж байна.


Хуралдааны эхэнд хотын есөн төрлийн, 38 нэр төрлийн стандартыг хэлэлцжээ. 


Энэ талаарх танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва танилцуулсан бөгөөд, тэрбээр “Иргэдийн амьдрах орчин, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээнд тавигдах шаардлагыг тодорхойлж, тэдгээрийг төлөвлөх, гүйцэтгэх, ашиглахад үндэсний стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлт, шаардлагад нийцсэн эхний ээлжийн есөн бүлгийн 38 хотын стандартыг боловсрууллаа” гэдгийг тодотгосон юм. 


Хотын стандартад нийгмийн дэд бүтэц, ногоон байгууламж, чанарын дэд бүтэц, худалдаа үйлчилгээний газрын гадна орчин, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, зорчигч тээврийн үйлчилгээ, хог хаягдлын менежмент, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл, хот төлөвлөлт- хот байгуулалт, бие даасан инженерийн дэд бүтэц зэрэг багтжээ.


Тухайлбал, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийн стандартыг баталснаар нийтийн эзэмшлийн 90 мянга гаруй гэрэлтүүлгээс ил гарсан цахилгааны утас, гэрэлтүүлгийн  тоног төхөөрөмжийн эвдрэлээс шалтгаалан иргэдэд осол гэмтэл учруулж болзошгүй нөхцөл байдлыг үнэлж, байнгын хяналт, үнэлгээ хийж, засвар үйлчилгээг тогтмол явуулж байх юм. Мөн худалдаа, үйлчилгээний газрын гадна орчны стандартыг баталснаар 30,500 үйлчилгээний байгууллагын гадна орчин сайжрахыг тэрбээр хэлсэн юм. 


Хотын стандартыг баталснаар ойрын хугацаанд буюу 1-2 жилд төсвийн зардлын хяналтын тогтолцоо сайжрах, хөрөнгө оруулалтын үр ашиг нэмэгдэх, өмч, хөрөнгийн ашиглалт хамгаалалт дээшлэх аж. Харин урт хугацаандаа  үйлдвэрлэл өсөж, хотын нийт орлого нэмэгдэх, иргэдийн амьжиргаа сайжирна гэж үзэж байна. 


Улмаар тогтоолын төслийг Төлөөлөгчдийн  олонх нь дэмжсэнээр нийслэлийн хэмжээнд мөрдүүлэх 9 бүлгийн 38 стандартыг баталлаа. 


“Нийгмийн дэд бүтэц” бүлэгт л гэхэд ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, эрүүл мэндийн байгууллага, төрийн байгууллагын гадна орчны ерөнхий шаардлагууд багтжээ. Энэ нь нийслэлийн хэмжээний 281 сургууль, 674 цэцэрлэг, эрүүл мэндийн 356 байгууллага, төрийн 1,170 байгууллагын гадна орчныг стандартын дагуу тохижуулж, иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэхэд чиглэсэн стандарт юм.  Удаах бүлэг стандарт нь Худалдаа, үйлчилгээний байгууллагын гадна орчны стандарт юм. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 18,664 байгууллагын гадна орчин болоод худалдаа, үйлчилгээний байгууллагын гадна хаяг, сурталчилгааны байгууламжийн ерөнхий шаардлагын энд багтаажээ.

Бас нэгэн анхаарал татсан бүлэг стандарт бол Зорчигч тээврийн стандарт юм. Энэхүү бүлэг стандартад Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд тавигдах шаардлага, Нийтийн тээврийн үйлчилгээ, тээврийн хэрэгсэлд тавигдах шаардлага, Хүүхдийн автобусанд тавигдах шаардлага, Такси үйлчилгээ, такси зогсоолд тавигдах шаардлагууд багтжээ. Өнөөдөр Улаанбаатар хот 1,169 нийтийн тээврийн зогсоолтой бөгөөд нийтийн тээврийн 19 компанийн 1,243 тээврийн хэрэгслээр өдөр тутамд 400-500 мянган иргэдэд үйлчилж байна. Эдгээрийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настанд хүртээмжтэй болгох, ангилал зэрэглэл, тоноглол, өнгө загварыг тодорхой болгохоор стандартад тусгажээ. Автобусны агааржуулагчаас эхлээд зориулалтын бариул, зорчих зай талбай, эрүүл ахуйн болон жолоочид тавигдах шаардлага  гэхчлэн зорчигчдын ая тухыг хангахад чиглэсэн бүхий л шаардлага багтсан байна.


Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж. Батбаясгалан  “...Одоо хэрэгжилтийг хангах нь чухал. Энэхүү баримт бичгийн тулгын гурван чулуу нь хэрэгжилтийг хангах, хяналт тавих, хариуцлагыг сайжруулах юм. Бид цаашлаад нийслэлийн хэмжээнд мөрдүүлэх 90 гаруй стандартыг батална.


Мөн бид давхардуулсан олон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийг гаргаад удаагүй байна. Харин өнөөдөр баталж байгаа стандартаар дахин нэг тусгай зөвшөөрөл бий болгох вий гэж санаа зовох хэрэггүй. Харин аливаа үйл ажиллагааны зөвшөөрлийг хүнд сурталгүйгээр буюу хялбаршуулсан аргаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад өгч буй хэлбэр гэж ойлгож болно...” гэдгийг тайлбарласан юм.


Хотын стандарт ирэх аравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.


Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан үргэлжилж байна. 

Их багтаамжийн болон байгалийн хийн хөдөлгүүртэй, цахилгаан автобусны машин/цагийн зардлын тарифыг шинэчлэн баталлаа

Эх сурвалж: ikon.mn,  2022.03.24





Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар "Машин цагийн зардлын тариф шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа.


Нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагуудын 2021 оны гүйцэтгэлээс харахад нийт зардалд шатахуун 35 хувь, тос 2 хувь, сэлбэг хэрэгсэл 10 хувь, цалингийн зардалд 29 хувь, НДШ-ийн зардалд 4 хувийг зарцуулжээ. Харин бусад зардал 13 хувийг эзэлж байна.


Инфляцын түвшин, гадаад валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан тос, тослох материал болон сэлбэг хэрэгсэл, бусад бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Мөн шатахууны үнэ, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдсэн зэрэг нь “Машин цагийн тариф”-т өөрчлөлт оруулах шаардлага бий болсныг нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хэлэв.


Уг тогтоолын төсөлд машин цагийн зардлын тарифыг их багтаамжийн автобус 44,024 төгрөг, дунд багтаамжийн автобус 39,676, байгалийн хийн хөдөлгүүртэй автобус 48,924, цахилгаан автобус 45,210 төгрөг байхаар тусгасан байна. Харин угсраа автобус болон троллейбусны тарифт өөрчлөлт орохгүй аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгч П.Ганзориг цахилгаан автобусны хэрэглээг хэзээ нэмэгдүүлэх талаар тодрууллаа.


Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхэд санхүүгийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.  Энэ талаарх ажлын хэсгийг миний бие ахалж, парк шинэчлэлийг үе шаттай хийхээр төлөвлөн ажиллаж байна. Цахилгаан автобусны тухайд дэд бүтцийг бэлэн болгох  шаардлагатай.


Автобусны эцсийн зогсоолууд болон алслагдсан  цэгүүдэд цэнэглэгч байгуулах боломж, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнээс цэнэглэгч байршуулах хүчин чадлыг  тооцож, судалгааг хийсэн. 


2024 он гэхэд нийтийн тээврийн үйлчилгээнд  явж буй автобуснуудын 50-иас дээш хувийг цахилгаан автобус руу шилжүүлэхээр зорьж байна” гэв.  


 


Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Паркийн чөлөөлсөн газрыг нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгох саналыг БОАЖЯ-наас гаргажээ

Эх сурвалж: ikon.mn,  2022.03.22






Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн чөлөөлөгдсөн талбайг нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгох саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргажээ.


Энэ тухай албан бичгийг өчигдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хүргүүлсэн байна. 


Энэ талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Нийслэлд барилга, байгууламж багадаагүй. Харин иргэдэд очоод суух ногоон талбай, зугаалж алхах цэцэрлэгт хүрээлэн, чөлөөт цагаа өнгөрөөх газар талбай дутаж байна. Тиймээс "Үндэсний соёл, амралтын хүрээлэн"- ийн чөлөөлөгдсөн талбайг иргэдэд ээлтэй, нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгох саналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Долгорсүрэнгийн Сумъяабазарт Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хүргүүллээ. Дэмжинэ гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

РЦНК-ийн орчимд ямар нэгэн барилга барих зөвшөөрөл өгөөгүй гэв

Эх сурвалж: ikon.mn,  2022.03.22


Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, РЦНК-ийн орчимд өчигдөр машины зам хааж хашаа татан, барилга барих гэж байна гэх мэдээлэл тус дүүргийн оршин суугчдаас редакцад ирсэн юм.


Энэ талаар холбогдох албанаас лавлахад "Сингапур эзэмшигчтэй компани барилга барихаар хашаа барьсан гэсэн. Тухайн газар дээр ямар нэгэн барилга барих зөвшөөрөл өгөөгүй" гэв.

Өчигдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Хотын дарга РЦНК орчмын талбайг ногоон байгууламж болгон тохижуулах шийдвэр гаргаж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад үүрэг өгсөн талаар мэдээлсэн.


Тус дүүргийн оршин суугчид РЦНК орчмын талбайг ногоон байгууламж болгон тохижуулах талаар мэдээлэл гарахтай зэрэгцэн ийнхүү хашаа барьсан хэмээн хэлж байв. Мөн оршин суугчид өнөөдөр 18:00-19:00 цагт цугларч, эсэргүүцлээ илэрхийлнэ гэлээ.









Нэг газрыг гурван иргэнд давхардуулан олгосон зөрчил илэрчээ

Эх сурвалж: ikon.mn,  2022.03.22







Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж өнөөдөр НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл” салбарт иргэдтэй уулзав.


Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэн Д.Атарболд “Миний бие 2021 оны есдүгээр сараас өөрийн өмчлөлийн дөрвөн давхар барилгадаа давхар нэмэх барилгын ажлыг эхлүүлсэн.


Гэтэл барилга барьж эхлээд гурав хонож байтал Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас барилгын ажлыг зогсоосон. Уг нь Хот байгуулалт, хөгжлийн газраас зөвшөөрөл авсан байсан. Барилгадаа давхар нэмэхийн тулд банкнаас зээл авсан. Одоо урин цагт барилгаа үргэлжлүүлж барих асуудлыг шийдэж өгнө үү” гэсэн юм.


Тухайн иргэний асуудлыг нарийвчлан судлахад давхар нэмж барьж буй барилгыг Д.Атарболд дангаар өмчилдөггүй, давхар бүрийг бусдад худалдсан бөгөөд тэдгээр өмчлөгчдийн нэг нь давхар нэмж бариулахгүй хэмээн гомдол гаргасан байжээ.


Иргэн төрийн байгууллагад анхнаасаа мэдээллээ үнэн зөв өгөөгүй, ганцхан өөрийн өмч мэтээр шийдвэр гаргуулснаас энэхүү асуудал үүссэн болохыг Ерөнхий архитектор Н.Нацагдорж тайлбарласан юм. Тиймээс тухайн иргэнийг өмчлөгчийн маргаанаа зохих журмын дагуу шийдвэрлэж, барилгын давхар нэмэхийг эсэргүүцээд буй иргэнтэй зөвшилцөхийг санал болгосны сацуу холбогдох хууль, дүрэмд захиалагч байгууллага үнэн зөв эсэхийг бүрэн хариуцна гэж заасан байдгийг сануулав. 


Харин Налайх дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Ц.Болд 2015 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт 1,610 ам метр газрыг амины орон сууцны зориулалтаар таван жил эзэмших эрх авсан. Мөн ондоо эзэмших эрхээ үйлчилгээний зориулалтаар сольжээ.


Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар уг газрыг гурван иргэнд давхцуулан олгосон байна. Энэхүү асуудлыг шийдэж өгөхийг Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдоржоос хүсэв. 


Ерөнхий архитектор Н.Нацагдорж “Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албадтайгаа уялдаатай ажиллахгүй бол энэ  мэт гомдол санал тасрахгүй. Үүнээс үүдэн иргэд хохирдог байж таарахгүй. Иргэн Ц.Болдод Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмших эрх өгсөн байтал дүүргийн Засаг дарга өөр бусдад өмчлүүлэх шийдвэрийг давхардуулан гаргасан байна. Тэгэхээр иргэн Ц.Болд шүүхэд хандан, асуудлаа шийдүүлэх боломжтой” гэв.


Иргэдтэй уулзсан уулзалтын мэдээллийг тэмдэглэл хөтлөн Нийслэлийн Засаг дарга болон холбогдох албаныханд танилцуулж, шийдүүлэх ажлыг шуурхай зохин байгуулдаг гэдгийг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хэлж байв.


Хүүхдийн паркийг хүн бүрд нээлттэй байлгах үүднээс хашааг нь буулгаж эхэллээ

Эх сурвалж: Нийслэлийн Мэдээ. 2022.03.18


Хүүхдийн парк буюу Үндэсний соёл, амралтын хүрээлэн /ҮСАХ/-гийн газрыг зориулалтын дагуу ашиглах, нийслэлийн иргэн бүрд нээлттэй байлгах  үүднээс хашаа, хайсыг буулгаж эхэллээ. ҮСАХ нь нийслэлийн иргэдэд хамгийн ээлтэй орчин байх ёстой гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр хашаа, хайс буулгах ажлыг эхлүүлэх үедээ онцолсон юм.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:


- ҮСАХ-гийн бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард эхэлнэ.

-“Иргэн төвтэй жил”-ийн хүрээнд юун түрүүнд паркийн хашааг буулгаж байна. Соёл амралтын хүрээлэн нь хашаатай, иргэд нь орж чаддаггүй ийм хот дэлхийн хаана ч байхгүй. Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх эхний алхам нь хашаа, хайснаас салгах юм. Өнгө үзэмж муутай, өндөр сараалжин хашаа барьснаас болж иргэд парк руу нэвтэрч чадахгүй олон жилийг үдсэн. 

Парк бол Улаанбаатар хотын уушги. Гэтэл ногоон байгууламжгүй, тав тухтай орчингүйн дээр хашиж, хааснаас болж паркийг иргэдэд зориулаагүй мэт,  иргэдийнх биш юм шиг болсон. Тиймээс ҮСАХ-гийн захиргаанд шуурхай ажиллаж, бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард яаравчлан эхэл гэсэн үүргийг өгсөн. Гүйцэтгэлийн хяналтыг илүү өргөн хүрээнд тавина. Иргэд ч бүтээн байгуулалтад хяналт тавих хэрэгтэй.


Үндэсний соёл, амралтын хүрээлэн ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мэндбаяр:


-Манай ҮСАХ нь нийтдээ 31 га газартай. Эхний ээлжийн хөгжүүлэлтийн дагуу өдгөө 14.89 га талбайд 22 тоглоомтойгоор ажиллаж байгаа. Энэ ондоо багтаж дөрвөн  шинэ тоглоом, ирэх 2023 онд дахин 5-6 шинэ тоглоом суурилуулж хүүхэд, залууст үйлчлэхээр төлөвлөсөн.  

Түүнчлэн хөгжүүлэлтийн II шатыг энэ онд эхлүүлнэ. Гурван жилийн хугацаанд өрнөх бүтээн байгуулалтын хүрээнд нийт 6.9 га газарт битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кино театр, музей, галерей, “Түмэн эх” чуулгын шинэ байр, хоол үйлчилгээ болон худалдаа үйлчилгээний төвүүд, 1000 автомашины газар доорх зогсоол зэргийг барих юм. ҮСАХ-д дөрвөн улирлын турш ажилладаг үйлчилгээний газруудыг нээнэ. Үлдэж буй газрыг бүхэлд нь Улаанбаатар хотын иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байдлаар хөгжүүлэхээр төлөвлөсөн. 

.















.


Эх сурвалж: ikon.mn

Нийслэлийн Засаг дарга 2022 оныг "Иргэн төвтэй жил" болгон зарласантай холбоотой нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хийж байгаа. Үүний дагуу өнөөдөр Хүүхдийн паркийн тохижилт хийгдээгүй хэсгийн хашааг нурааж, нийтийн эзэмшил, цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах ажлыг эхлүүлж байна. 

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Хүүхдийн парк хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн нэртэй 1966 онд ашиглалтад орж байсан. Энэ газарт нэг ч барилга байгууламж нэмж барихгүй. Ногоон байгууламжаар ашиглагдана. 

Ногоон байгууламж нэмж зүлэгжүүлэлт хиймээр байна. Барилга байгууламж барих эсэх асуудал дээр иргэдийн саналыг сонсож байж зөвшөөрөл өгөх ёстой.

Энэ ажил 2021 онд 29 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай байсан бол энэ онд 900 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт буюу 31 дахин нэмсэн. Тиймээс шуурхай ажиллах хэрэгтэй" гэлээ. 

Хүүхдийн паркийн тохижилт хийгдээгүй хэсгийн хашааг буулгах ажил одоо эхэлж байна. Тохижилтын зураг төслийн даалгавар өгсөн. Дөрөвдүгээр сарын 15-наас энэ ажил эхэлнэ гэсэн тайлбарыг албаны хүн өгөв. 











ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23-Р СУРГУУЛИЙН БАРУУН ТАЛЫН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ГАРААШ

Эх сурвалж: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба. 2022.03.18


Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 захирамжийн дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газрын зөрчил арилгах арга хэмжээг  зохион байгуулан ажиллаж эхэлсэн.  Энэ сарын 15-ны өдөр Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй газар ашиглаж байсан гараашуудыг буулгаж эхэлсэн бол өнөөдөр Чингэлтэй дүүргийн дүүргийн газар зохион байгуулалтын алба газрын зөрчил арилгах ажлыг эхлүүлээд байна . Энэ жил Чингэлтэй дүүргийн 12 байршилд  нийт 168 гарааш буулгахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдөр 1-р хорооны нутаг дэвсгэр 23 дугаар сургуулийн баруун талд байрлах 34 гараашийг буулгаж  байгаа юм.





Сүхбаатар дүүргийн 3, 7, 8, 10 ДУГААР ХОРОО

Эх сурвалж: Болормаа Хөххүү. 2022.03.18


Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Газрын зөрчил арилгах” тухай захирамжаар төвийн зургаан дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн орчим болон орц, гарц хаасан, авто замын үзэгдэх орчин хязгаармагдмал байршил бүхий зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашуудыг буулгаж, газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлээд байгаа. Уг захирамжаар Сүхбаатар дүүргийн хэмжээнд 24 байршилд 551 гарааш буулгах шийдвэр гарсан. Энэ дагуу өнөөдөр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Х.Болормаа холбогдох хэлтсийн дарга нарын хамт 3, 7, 8, 10 дугаар хороонд ажиллалаа. Энэ үеэр гарааш эзэмшигчидтэй уулзаж, газар чөлөөлөх явц, чөлөөлсөн талбайд ямар тохижилт, бүтээн байгуулалт хийх талаарх тэдний саналыг сонсов. Цаашид тухайн талбайн газар чөлөөлөлтийг эхлэхээс өмнө дүүргийн ЗДТГ-аас Ажлын хэсэг байгуулан иргэдтэй уулзалт хийж, санал, хүсэлтийг нь хүлээн авна. Үүний дараа иргэдийн саналд үндэслэн чөлөөлсөн газарт ногоон байгууламж, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай бүхий тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж байгаа гэдгийг Засаг дарга хэлсэн юм.