Showing posts with label regional. Show all posts
Showing posts with label regional. Show all posts

“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын нэр өөрчлөгдөв

Эх сурвалж: ikon.mn,  2022.03.25





“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ыг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ болгон өөрчиллөө. Энэ шийдвэрийг өчигдөр НИТХ-аас гаргажээ.


Эко парк нь бизнес инкубатор, үйлдвэр сургалтын төв, тээвэр, хөнгөн үйлдвэр, худалдааны төв, агуулахын аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, ойн аж ахуй, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгаа үнэлгээ хийх зэргээр үйл ажиллагаа явуулах юм байна.


Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ нь 2014 онд байгуулагдсан. Энэ хугацаанд үерийн усны барилга байгууламж, борооны ус цуглуулах төв шугамын зураг төсөв, паркийн хамгаалалтын бүсийн зураг төсөв, паркийн дотор инженерийн шугамын зураг төсөв, технологийн усан хангамжийн зураг төсөв, гидрогеологийн  судалгаа зэрэг ажлыг гүйцэтгэж ирсэн.


Тус газрыг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” нийслэлийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах санал гаргаж, дүрмийг шинэчлэн боловсрууллаа. Ингэснээр дэлхийн жишигт нийцсэн хөдөө аж ахуйн паркийг байгуулах замаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийн өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх, экспортын чиг баримжаатай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм” гэв.

Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулснаар 150 мянган иргэн, 50 мянга орчим өрх шилжин суурьших боломжтой гэв

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.16





Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 


Уг тогтоолын төсөлд:


Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх “Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс” байгуулсугай.

“Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс”-ийн газрын талбайн хэмжээг 1,000 га-аар тогтоож, газрын байршил, хилийн заагийн эргэлтийн цэгийн солбицлыг  хавсралт ёсоор баталсугай гэжээ. 

Хуулийн төслийн танилцуулгад “Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах нь газар зүйн байрлал, нутаг дэвсгэрийн сонголтын хувьд Чөлөөт бүсийн тухай хууль болон үзэл  баримтлалд нийцэж байгаа бөгөөд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх суурь болох юм.


“Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс”-д тогтвортой аялал жуулчлал, амралт зугаалгын ресорт, соёлын бүтээлч үйлдвэрлэл, олон улсын худалдааны төвүүд, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн бүсийг байгуулж, Евро-Азийг холбосон олон улсын тээвэр логистикийн төвийг хөгжүүлснээр уул уурхайн салбарын хамаарлаас хараат бус олон тулгуурт эдийн засагтай байх бодлогод нийцсэн алхам болно.


Түүнчлэн Хөшигийн хөндийд төлөвлөсөн шинэ суурьшлын бүс болох “Шинэ зуун мод”, “Их дээд сургуулиудын хотхон” байгуулах ажил бодитоор хэрэгжих боломж бүрдэнэ. Эдгээр хотыг орчин үеийн загвараар хүрээлэн байгаа орчинд ээлтэй, эдийн засгийн ашигтай, хүний амьдрах, ажиллах нэн таатай орчин бүрэлдсэн, тогтвортой, ногоон, эко ухаалаг хот байлгахаар төлөвлөж байна.


Хөшигийн хөндийд байгуулагдах дагуул хотод 150 мянган иргэн, 50  мянга орчим өрх шилжин суурьшиж, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол 10 орчим хувиар, замын түгжрэл 20 орчим хувиар буурна. Түүнчлэн 1 мкв талбайд оногдох хүн амын нягтрал 20 хувиар буурна.


Чөлөөт бүсэд нэвтрэх визийн тусгай дэглэмийг дагаж газар зүйн хувьд ойрхон, харьцангуй бага зардлаар ирэх боломжтой аялал жуулчлал, бизнес, эдийн засгийн бүсэд ая тухтай амрах, зугаалах, худалдан авалт хийх бололцоо бүрдэх тул жуулчдын тоо нэмэгдэж, гадаад худалдаа, үйлдвэрлэл хурдацтай хөгжих давуу тал бий болно.


Татварын таатай орчинд гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болсноор эдийн засаг, нийгмийн үр өгөөж өгч, 50.0-60.0 мянган ажлын байр шинээр бий болж, “Халамжаас-Хөдөлмөрт” шилжих Засгийн газрын бодлого хэрэгжихэд түлхэж болно.


Мөн тогтвортой хөгжлийн зорилтыг хангасан, дэлхийн жишигт нийцсэн, үндэсний соёл иргэншлийг хадгалсан эрүүл, ногоон, эко хот байгуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна" хэмээн дурджээ. 


УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Б.Энхбаяр: Дамбын Хишгээ гэдэг нөхөр Хөшигийн хөндийд газар авчхаад түүнийгээ улсад зарах гээд байна

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.16





Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийллээ.


Тэрбээр “Чөлөөт бүс байгуулах асуудлыг дэмжиж байгаа. Гэхдээ хуулийн төслийн үзэл баримтлалд “Хөшигийн хөндийд төлөвлөсөн шинэ суурьшлын бүс болох Шинэ зуун хот, Майдар хотуудыг байгуулах ажил бодитоор хэрэгжих боломж бүрдэнэ” гэдэг өгүүлбэр байна.


Майдар гэдэг хот байгуулсан төрийн шийдвэр байгаа юу. Үндсэн хуульд УИХ-ын шийдвэрээр хот байгуулдаг. Майдар хотыг байгуулсугай гэдэг УИХ, Засгийн газрын шийдвэр байхгүй. Энэ хаана байдаг хот вэ.


Нэг хүн цаасан хот байгуулаад баахан хүнээс мөнгө татсан. Энэ төрийн байгуулж байгаа хот уу, хувь хүний хот уу.


Майдар хот нэрээр баахан бурхан зарсан байгууллага нь төрийн бус байгууллагын халхавчаар олон хүнээс мөнгө татсан. Эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулснаар Майдар хот албан ёсных болох уу.


Үүнээс гадна Дамбын Хишгээ гэдэг нөхөр Хөшигийн хөндийд маш том газар авсан. Тэнд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах гэтэл улсад газраа шахах гэж байна гэж ойлгоод байгаа. Улсын төсвөөс Дамбын Хишгээ гэдэг нөхөрт мөнгө өгөх үү. Энэ нөхөр хэдэн га газар авчхаад улсад зарна гээд мөнгө угаалт хийгээд байгаа юм гэдгийг тодруулмаар байна" гэв.


Түүний асуултад Эдийн засаг, хөгжлийн яамны газрын дарга н.Батжаргал: 2012 онд найман жилийн хугацаатай Майдар хотын төлөвлөлтийг хийх Засгийн газрын шийдвэр гарсан байдаг.


Харин Шинэ зуун мод хотын тухайд “ЖАЙКА”-ийн судалгааны багийн оролцоотойгоор урьдчилсан судалгаанууд хийж байсан. Энэ судалгааны дата мэдээллийг Хөшигийн хөндийд шинэ суурьшлын бүс байгуулах асуудалд ашиглаж байгаа.


Түүнээс биш Майдар хот, Шинэ зуун мод хотуудад улсын төсвөөс ямар нэгэн төсөв зардал суулгаагүй.


Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол: Орон нутгийн зэрэглэлтэй Майдар, Шинэ зуун мод хотыг байгуулах УИХ-ын 2020 оны тогтоол гарсан байдаг.


Улсын тусгай хэрэгцээнд авсан 12 мянган га газарт Майдар хотыг төлөвлөн, тодорхой ажил эхлүүлсэн юм билээ.


Хөшигийн хөндийд улсын тусгай хэрэгцээнд авсан 31 мянган га газарт Майдар хотын газар орохгүй. Шинэ зуун мод хотын газар ч мөн орохгүй.


Хөшигийн хөндийн чөлөөт бүсийн 31 мянган га газарт Дамбын Хишгээгийн 500 га газар бий. Тус аж ахуйн нэгжид 41 байршилд газар олголт хийсэн байсан.


Гурван шатны шүүхийн шийдвэрээр энэ газар маргаангүй, үйл ажиллагаа явуулах боломжтой гэдэг шийдвэр гарсан байдаг.


Тухайн хүмүүс бидэнтэй уулзаж Засгийн газраас гаргасан ерөнхий төлөвлөлттэй уялдуулан хамтран ажиллана гэдэг байдалтайгаар ажил үргэлжилж байна.


100 хувь төрийн өмчийн 1,000 га газрын асуудлыг өнөөдөр хэлэлцэж байна. Энд маргаантай газар огт байхгүй.


УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Энэ Дамбын Хишгээ гэдэг хүн аймгийн Засаг дарга, сумын Засаг даргын шийдвэрээр газар аваад байдаг юм уу. Монгол Улс Хөшигийн хөндийд бүтээн байгуулалт хийгээд байдаг. Гэтэл мэдээлэлд ойр байдлаа ашиглан газар авчхаад түүнийгээ улсад зарах гээд суугаад байдаг.


Энэ хүн 500 га газраа хэдэн төгрөгөөр зарах гээд суугаад байдаг юм бэ.


Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол: Дамбын Хишгээ өөрөө Засгийн газар бодлогоор хот төлөвлөлт хийнэ гэвэл газрыг бүтнээр нь авч болно гэдэг санал тавьдаг юм билээ. Гэхдээ үнэ хэлж байхыг нь би сонсоогүй.


О.Одбаяр: Хөшгийн хөндийд 58 мянган ажлын байр шинээр болно гэсэн урьдчилсан тооцоо гарсан

Эх сурвалж: barilga.mn, 2022.01.17









Барилгын хөгжлийн төвийн тэргүүн дэд захирал О.Одбаяртай ярилцлаа.


Хөшигийн хөндийд шинэ хот  байгуулах чиглэлээр өнгөрсөн хугацаанд УИХ, Засгийн газраас ямар шийдвэрүүдийг  гаргаад байна вэ. Одоо ямар ажил үргэлжилж байна вэ гэдгээс ярилцлагаа эхэлье? 


2020 оны дөрөвдүгээр сард УИХ-аас Хөшигийн хөндийд  “Шинэ зуун мод”, “Майдар” хотыг байгуулах  тухай шийдвэр гарч байсан.  Дээр нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийн дагуу Төв аймгийн Сэргэлэн сум, Зуун модыг оруулаад дөрвөн хэсэг газарт дөрвөн шинэ хот байгуулах төлөвлөлтийг анх тус тусад нь хийсэн байсан юм. Хотууд хоорондоо 8-15 километрийн зайтай ойр байрлаж байгаа учраас төлөвлөлтийг нь нэгтгэх саналыг БХБЯ-наас гаргаж, нэгдсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, хот байгуулалтын концепцийг 2021 оны зургадугаар сарын 30-нд Засгийн газрын хуралдаанаар оруулж, улмаар дэмжигдсэн. Нэгтгэснээрээ  нэг нутаг дэвсгэрт, нэгдсэн инженерийн шугам сүлжээний шийдэлтэй цогц хот болон хөгжих боломж бүрдэх юм. Одоо нэгдсэн төлөвлөлтийн концепцийг боловсруулах ажил үргэлжилж байна. Оны эхний Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн.  Мөн шинэ оны өмнөхөн Хөшигийн хөндий  дэх бүтээн байгуулалтын ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 111 дүгээр захирамжаар байгуулаад байна.


Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулах нөхцөл, нөөц бололцоог хэрхэн  төлөвлөж тусгасан бэ?


“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах нь газар зүйн байрлал, нутаг дэвсгэрийн сонголтын хувьд Чөлөөт бүсийн тухай хууль болон үзэл баримтлалд нийцэж байгаа бөгөөд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх суурь болох юм. Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд тогтвортой аялал жуулчлал, амралт зугаалгын ресорт, соёлын бүтээлч үйлдвэрлэл, олон улсын худалдааны төвүүд, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн бүсийг байгуулах, Евро азийг холбосон олон улсын тээвэр логистикийн төвийг хөгжүүлснээр уул уурхайн салбарын хамаарлаас хараат бус олон тулгуурт эдийн засагтай байх бодлогод нийцэх юм.  “Богд хаан” төмөр зам, Босоо тэнхлэгийн олон улсын АН-3 авто замууд энэ бүс нутагт  тавина. Эдгээр замуудыг түшиглэн олон улсын хуурай зам, агаарын болон төмөр замын холимог ачаа болон зорчигч тээврийн логистикийн төвийг байгуулах юм. Олон улсын жишигт нийцсэн, эдийн засгийн хөгжлийн шинэ бүс байгуулах томоохон зорилт, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан. Тэнд интертаймент төвүүд, өндөр зэрэглэлийн зочид буудал, бооцоот тоглоомын газар, орчин үеийн загвар стандарттай үзэсгэлэнгийн танхим заалууд байгуулна.   Мөн шинжлэх ухаан, инновацид түшиглэсэн үйлдвэрүүдийг барьж, нано технологи, мэдээллийн технологиудыг дэмжиж   хөгжүүлнэ. Томоохон компаниудаас гадна гарааны компаниудыг ч дэмжих чиглэлийн үйлдвэрлэлийн бүсийг байгуулах төлөвлөлтүүдийг хийсэн гэсэн үг. Мөн “Майдар” хотыг аялал жуулчлал, интертаймент, соёл урлаг, кино урлагийн чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөсөн.  Майдар бурхны сэрэг дүрийг бариад  дуусах шатандаа орж байсан.  Үүнийг эхний аялал жуулчлалын бүтээгдэхүүн нь бослоо гэж харж байна. Хойд талд нь Манзуширын хийд байдаг. Хуучин сүм хийдийн туурийг засаж, сэлбэж сайжруулах, шинэ аялал жуулчлалын бүтээгдэхүүн гаргах, дээрээс нь жуулчдыг татах интертаймент төвүүд, томоохон хурал, бясалгал хийх павильон, гар урлалын цехүүдийг төлөвлөж өгсөн.


Хотын дэд бүтцийн асуудал хамгийн чухал. Тэгэхээр цахилгаан дулаан, ундны усны эх үүсвэрүүдийг хэрхэн шийдэх вэ?


Шинэ хотууд бүхэлдээ олон улсын стандартад нийцсэн ухаалаг эко хот байхаар төлөвлөгдсөн. Ногоон байгууламжтай, амьдрах таатай орчинг бүрдүүлсэн,  саарал усыг дахин ашиглах орчин үеийн ухаалаг нэгдсэн системтэй компакт хот байх юм.  Өөрөөр хэлбэл, амьдрах таатай орчин, аялал жуулчлал, худалдаа арилжаа, үзвэр үйлчилгээ бүгд нэг дор цогцолсон хотыг компакт хот гэж хэлээд байгаа юм. Дэд бүтэц, эрчим хүч, ундны усны асуудлыг мэдээж нарийн судалж төлөвлөсөн. Хүн амын тоог ундны усны эх үүсвэр, нөөцөөс хамаарч тооцож гаргасан.  Дээд, доод хоёр эх үүсвэрээс  усны хангамжийг  шийднэ. Дээд үүсвэрийг  Туулын  голын эх үүсвэрээс татаж, доод эх үүсвэрийг Био орчмоос үйлдвэрлэлийн усыг цэвэрлэн ахуйн хэрэглээнд ашиглах шинэ технологийн ус цэвэршүүлэх үйлдвэрүүд, усан сангууд барьж шийднэ.  Өөрөөр хэлбэл, саарал усыг  ашиглана. Харин дулаан, цахилгааны эх үүсвэрийг төвлөрсөн буюу биеэ даасан эх үүсвэрээр шийдэхээр тооцоо судалгааг хийлээ. 


Хөшигийн Хөндийд бүтээн байгуулалтууд хийгдсэн дараах оршин суух хүн амын тоо,  ажлын байрны судалгааг хэрхэн тооцож гаргасан бэ?


Бүтээн байгуулалт хийгдсэний дараагаар 150 мянган хүн ам, 45 мянган өрх оршин сууж, 2040 он гэхэд 58 мянга орчим ажлын байр шинээр бий болно гэсэн урьдчилсан тооцоо гараад байна. “Олон улсын хуурай зам, агаарын болон төмөр замын  ачаа болон зорчигч тээврийн логистикийн төв байгуулагдсанаар жилд 15 сая тонн ачаа тээвэр хийгдэж, зөвхөн ачаа болон зорчигч тээврийн салбарт 2890 ажлын байр шинээр бий болно гэж тооцоолсон. Дээр нь “Нарантуул” олон улсын худалдааны төв,  бусад томоохон захуудыг Улаанбаатар хотоос гаргах замаар тэнд төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Худалдааны төвүүд замуудын огтлолцол дээр байрласнаар орон нутгийн иргэд заавал Улаанбаатар хотыг зорихгүйгээр, үйлчлүүлээд буцах боломжтой гэх зэрэг олон давуу талууд харагдаж байгаа.


Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтыг хариуцаж ажиллах, ашиглалтын өмнөх захиргаанд ямар хүмүүс орж ажиллаж байгаа вэ?


Ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайд ахалж байгаа. Эрчим хүчний яам, Соёлын сайд, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Төв аймгийн засаг дарга, Үндэсний хөгжлийн газар, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга зэрэг албан тушаалтнууд орсон. Ажлын хэсэг томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зориулалтаар шаардлагатай бүтээн байгуулалтын ажил хэрэгжих газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хэмжээ, заагийг тогтоох саналыг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар оруулж танилцуулаад байна.  Мөн бүтээн байгуулалтад шаардлагатай  хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллах, бүтээн байгуулалтын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлага, зохион байгуулалт, менежментээр хангах, төслийн хэрэгжилтийн явцад хяналт, мониторинг хийх зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг цаг хугацаанд нь шийдвэрлүүлж ажиллаж байна.


Хөшигийн хөндийд орон сууцны хороолол  барих ажил ямар шатандаа явж байна вэ?


Нисэх онгоцны буудалд ажиллаж байгаа үйлчилгээний ажилтнууд болон төрийн албан хаагч, хил гааль, онцгой байдлын албан хаагчдад  зориулсан эхний ээлжийн 600 айлын орон сууцны зураг төсөл нь дуусаж, одоо барилгын ажил нь эхлэх гэж байна. Энд онцолж хэлэхэд, Олон улсад нисэх онгоцны буудал орчимд онгоц хөөрч,  буух зурвасын стандарт гэж байдаг. Хөшигийн хөндийд олон улсын стандартын дагуу төлөвлөлтүүд хийгдэж, байшин барилгуудыг  барина. Нисэх буудлын орчимд нам давхар барилгууд барьж эхлээд алсрах тусмаа өндөр барилгууд барина гэж ойлгож болно.


Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт ямар ажлаас эхлэх вэ. Зураг төсөл, газар доорх дэд бүтцээ сайн төлөвлөж хийх нь чухал гэж БХБ-ын сайд Б.Мөнхбаатар онцолж байсан. Энэ тухайд?


Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтыг 4 үе шаттай хэрэгжүүлнэ. Нэгдүгээр үе шатанд үерийн далан, инженерийн  шугам сүлжээ, дулаан, цэвэр усны шугам сүлжээ тавина.   БХБЯ дээр инженерийн шугам сүлжээтэй холбоотой тендерийн ажил зарлагдаад, компаниудын сонгон шалгаруулалт хийгдээд явж байна. Олон улсын жишигт хамгийн эхэнд  зам, инженерийн шугам сүлжээгээ хийж дуусаад, үүний дараа барилга байгууламжуудаа барьдаг  ийм дараалал жишиг бий. Олон улсын энэ жишгийн дагуу Хөшигийн хөндийд бүтээн байгуулалтуудыг хийнэ гэсэн үг. Замаа бариад, инженерийн шугам сүлжээгээ тавиад, шугам сүлжээнийхээ хүчин чадалд тохируулж байшин барилгууд төлөвлөж барих юм.





Барилгын хөгжлийн төв 

Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.14





Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр (2022.01.14) Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.


Тэрбээр “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу УИХ-д өргөн мэдүүлж байна" гэв. УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан "Алсын хараа - 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн Зорилт 9.5-д "Үндэсний онцлог бүхий аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, худалдаа, үйлдвэрлэлийг бий болгосон, Зүүн хойд Азийн тээвэр, логистикийн болон олон улсын харилцааны зангилаа төв болсон дагуул хотуудыг хөгжүүлэх”, 4.5-д заасан “Олон улсад өрсөлдөх чадвартай бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.” гэсэн зорилтын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 4.5.14-т "Чөлөөт бүсийг хөгжүүлж, хил дамнасан худалдааны байнгын сүлжээг байгуулна” гэж тусгасан.


Мөн Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.1.17-д “Чөлөөт бүсүүдийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хийж, экспорт болон дотоодын зах зээлд чиглэсэн худалдаа, үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллана" гэж заасан.


Дээрх зорилт, бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын 2021 оны 234 дүгээр тогтоолоор Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа байгуулагдан ажиллаж байна хэмээн танилцуулав.


Хөшигийн хөндийд Эдийн засгийн чөлөөт бүс байгуулснаар:


Нүүдлийн соёлын үнэт зүйлсийг харуулсан аялал жуулчлал, төлбөрт таавар бусад бооцоот тоглоом, дагалдах үйлчилгээ, соёлын бүтээлч үйлдвэрлэл, худалдаа, олон улсын банк санхүүгийн төв бүхий аялал жуулчлал, бизнес, эдийн засгийн бүстэй болох;

Шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаанд суурилсан экспортын баримжаатай үйлдвэрлэл, инновацын бүс бий болох;

Ази-Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээврийг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг дэмжсэн санхүү эдийн засгийн зангилаа “Транзит Монгол Улс" болох зэрэг олон боломж бүрдэнэ гэж үзэж байна.

“Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах нь газар зүйн байрлал, нутаг дэвсгэрийн сонголтын хувьд Чөлөөт бүсийн тухай хууль болон түүний үзэл баримтлалд заасан “чөлөөт бүс байрлах бүс нутагт авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал зэрэг шаардлагатай дэд бүтэцтэй байх” гэсэн шаардлагад нийцэж байгаа юм. Иймд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүсье гэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Суурьшлын хөгжлийн хөтөлбөрийг АХБ-тай хамтран хэрэгжүүлнэ

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.07







Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын холбогдох албан тушаалтнууд АХБ-ны “Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн хөтөлбөр” техник, туслалцааны төслийн Зөвлөх багийн дэд ахлагч Ш.Энхцэцэг, Вэбэд суурилсан газрын зураглалын мэргэжилтэн П.Алтанцэцэг нартай уулзаж, санал солилцлоо.

“Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн хөтөлбөр” техник, туслалцааны төсөл нь Монгол Улсад хамгийн дээгүүр эрэмбэлэгддэг хот төлөвлөлт, хот байгуулалт, орон зайн цогц төлөвлөгөө болох “Хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төсөл”-ийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Төсөл 5 бүрэлдэхүүн хэсгийг багтаажээ. Үүнд:

Аймгийн хөгжлийн чиг баримжаа, 21 aймаг тус бүрт нутаг дэвсгэрийн дүн шинжилгээ, хөгжлийн хөдөлгөх хүч, өрсөлдөх давуу байдал, стратегийн алсын хараа, хот суурины тогтолцоо болон үйл ажиллагааны хөтөлбөр багтана.

Үндэсний цогц стратеги, бодлогыг Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагатай хамтран боловсруулах,

Үүнд үндэсний болон бүс нутгийн түвшинд зориулсан Жайка байгууллагын чиг хандлагад нийцсэн бүс нутгийн хөгжлийн ерөнхий бүтэц бэлтгэл ажил орно.

Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, дагалдах дүрэм, журам боловсруулах;

Вебэд суурилсан зураглал болон аймгийн И-атлас гүйцэтгэх юм.

Төслийг хот төлөвлөлт болон хот байгуулалтын чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийн зохицуулалтаар 2019 оны 8 дугаар сард хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ оны 6 дугаар сард дуусах төлөвлөгөөтэй байна. Ковид цар тахлын улмаас 2019 оны 12 дугаар сараас хойш 2021 оны 10 сар хүртэл олон улсын зөвлөхүүд орон нутагт томилолтоор ажиллах, аймаг, сумдын газар дээрх судалгааг хийх боломжгүй болсон. Харин үндэсний зөвлөхүүд аймаг, сумдын газар дээрх судалгааг 21 аймгийн 100 гаруй суманд хийж гүйцэтгээд байна.

"Майдар эко хот” болгоно гэж улсын мөнгөөр бүтээсэн цогцолбор, "БУРХНЫ ХӨШӨӨ, СУВАРГА" болон дуусаж байна

Эх сурвалж: 2021.10.20, www.isee.mn


Эл хотод  54 метр өндөр Майдар бурхны бие лагшныг орчин цагийн урлагийн бүтээл болгон, 108 метр өндөр суварган байгууламжийн хамт босгож буй. Тэгвэл төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус хотын бүтээн байгуулалтын ажил хэрхэн өрнөж буйг бид сурвалжиллаа.


ХОТ БАЙГУУЛАХААР УЛСЫН ТӨСВӨӨС МӨНГӨ АВСАН Ч ХӨШӨӨ, СУВАРГААС ӨӨР ЗҮЙЛ БАРИГДААГҮЙ БАЙНА -


Улаанбаатар хотын ачааллыг багасгах, хүн амын төвлөрлийг сааруулах зорилгоор шинэ хот барих уг төсөл олон жил яригдсан. Дээр дурдсанчлан Ерөнхийлөгч асан Х.Баттулга анх санаачилга гаргаж, “Майдар эко хот” төслийг эхлүүлсэн байдаг. Гэвч санхүүжилтийн асуудлаас болж хот байгуулах дорвитой ажил хийгдэлгүй олон жилийг элээсэн. Харин Их Майдар бурхны бодьсатва дүрийг бүтээхэд Их Майдар сан төрийн бус байгууллага иргэдээс хандив цуглуулсан ч мөн л амжилт олоогүй, барилгын ажил гацсан. Улмаар Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос нэг жилийн дараа буюу 2018 онд Майдар хот сүндэрлэх 12 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж эхэлсэн юм.


Хотыг  дөрвөн үе шаттай барихаар төлөвлөсөн байдаг. Эхний үе шатанд хотод байх ёстой бүхий л зүйлс баригдана. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, театр, музей, эмнэлэг, онцгой байдлын газар цогцоороо баригдах бөгөөд 80-100 мянган оршин суугчтай байхаар төлөвлөжээ. Уг ажил 2030 он хүртэл үргэлжилж, эрэлт их байвал хоёрдугаар үе шатыг эхлүүлнэ гэж байв.


Төлөвлөгөө ёсоор бүтээн байгуулалтын ажлын эхний үе шат 2016 онд ашиглалтад орох байсан. Гэвч 2019 оны есдүгээр сарын 20-ны өдөр манай сурвалжлах багийг тус газар очиход “Их Майдар” бурхны биеийг дөнгөж босгож байсан юм. Тэгвэл өнөөдөр/2021.10.19/ Зарлиг увдисын суварга босгох барилгын ажил үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд Их Майдар бурхны бодьсатва дүр, Зарлиг увдисын суварга босгох ажил хийгдсэн ч хамгийн чухал зүйл болох “Майдар эко хот”-ын бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажил гэхээр зүйл хийгдээгүй байгаа юм. 


“МАЙДАР ЭКО ХОТ”, “АНДЛАЛЫН ӨРГӨӨ”-НИЙ ТҮҮХИЙГ ДАВТАХ УУ?


Ерөөс манай улсад хөшөө, суваргаар түрий барьж улсын мөнгө гарлагаддаг нь энгийн үзэгдэл мэт болсон. Үүний нэг сонгодог жишээ нь Андлалын өргөө. Тус цогцолборын нийт төсөв 5 тэрбум төгрөгөөр хэмжигдсэн гэх бөгөөд улсын төсвөөс 1.9 тэрбум орчим төгрөгийг зарцуулсан гэдэг. Харин анд бололцож буй биш тулалдаж буй мэт хоёр хүний хөшөө барилгыг Чингис хаан, хүлэг баатар Боорчи хоёрынх хэмээн ирсэн жуулчдад тайлбарлах нь даанч “нүүр улайм” хэмээн зарим иргэн шүүмжилж,  шоглосоор ирсэн. Тус хөшөө нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, барималч Д.Эрдэнэбилэг агсны бүтээл. Иймд түүний оюуны өмчийг янз бүрээр шоглож, шүүмжилж байгаад гэр бүл нь эмзэглэж, хөшөөг цааш нь үргэлжлүүлэн барих, оюуны өмчийг нь ашиглуулахгүй хэмээж, улсын төсөвт мөнгийг нь буцаан төлж, тус бүтээлийг Өвөрмонголд ашиглуулахаар болсон. Улмаар Андлалын өргөө цогцолборыг буулгасан билээ. Үүнийг өгүүлсний учир нь “Андлалын өргөө”,  “Их Майдар” цогцолбор нь нэг хүний бүтээл юм.


Төсөв, өртгийн хувьд Майдар эко хот “босоход” ойролцоогоор 40 тэрбум ам.доллар шаардлагатай гэж буй. Харин эхний үе шатыг хийхэд ойролцоогоор 2 тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагатай хэмээн Төслийн удирдагч Л.Баяртуул мэдэгдэж байж. Гэвч улсын төсвийн мөнгийг хот босгоход бус дахин нэгэн хөшөө, суварга босгоход зарцуулан “Андлалын Өргөө”-ний түүхийг давтах уу гэдэг болгоомжлол энд төрж байна.






Хөшигийн хөндий орчимд газартай 76 иргэн, аан-ийн газар ашиглах эрхийг эхний ээлжид цуцлахаар болсон

 Эх сурвалж: Солонго, www.barilga.mn, 2021.08.02


"Хөшигийн хөндийн хот төлөвлөлтийг хийх гол шалтгаан нь олон улсын нисэх онгоцны буудал баригдсантай холбоотой. Шинэ Зуунмод хот, Майдар хотын ерөнхий төлөвлөгөө зэрэг гурван газар нь хоорондоо 10-15 километрийн зайтай. Иймээс эдгээр ерөнхий төлөвлөгөөг нэгтгэх саналыг БХБЯ-наас гаргаж, Хөшигийн хөндий орчимд нэгдсэн төлөвлөлтийг боловсруулсан.


Өөрөөр хэлбэл Хөшигийн хөндий орчмын 50 мянга орчим га талбайд хийх хот төлөвлөлтийг боловсруулж байна. Үүний 19 мянга орчим га талбайг улсын тусгай хэрэгцээнд авах шаардлагатай" гэдгийг Барилгын хөгжлийн төвийн тэргүүн дэд захирал О.Одбаяр хэллээ.


Тэрбээр үргэлжлүүлэн “Хөшигийн хөндийн хот төлөвлөлтийн тухайд,


Шинэ Зуунмод хотыг дайраад “Богд хаан” төмөр зам, RH3 буюу Ази Европыг холбосон хурдны зам тавигдана. Дээрээс нь нисэх онгоцны буудал баригдаж байгаа учраас тээвэр логистикийн том төв болох юм байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл 2,000 орчим га газар нь тээвэр логистикийн төв болно.


Ажлын байрны хангамжийг уялдуулахын тулд үйлдвэр технологийн парк барихаар төлөвлөж байгаа. Худалдаа үйлчилгээний томоохон төвүүд байна.


Хөшигийн хөндийд 150 мянга орчим хүн амтай дагуул хот болох төлөвлөлт гарсан.


Шинэ нисэх буудлыг түшиглэсэн аялал жуулчлал, эдийн засгийн төв болно. /Олон улсын зэрэглэлд нийцсэн эдийн засгийн тусгай бүс байна./


Сэргэлэн сумыг хоёр дагуул хотын эдийн засгаар дэмжих хүнс хөдөө аж ахуйн чиглэлд хөгжсөн хот байлгахаар төлөвлөсөн.


Ирэх аравдугаар сард багтан ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар оруулж батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.


Улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж буй 19 мянган га газарт газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахаар Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны 160 дугаар тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагджээ.


Энэ тухай Газар зохион байгуулалт, геодози, зураг зүйн газрын орлогч дарга М.Буяндэлгэр "Газар чөлөөлөх ажлын хэсэг ажиллаад эхний үр дүнгээ танилцуулсан байна. Тодруулбал уг бүсэд 3,173 иргэн, ААН байгууллага газрын эзэмшигч, ашиглагч, өмчлөгч бий. Эдгээр иргэн, ААН байгууллагын газартай холбоотой асуудлыг Засгийн газрын 2017 оны 318 дугаар тогтоолоор батлагдсан Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах журмын дагуу газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж ажиллана. Үүнтэй холбоотойгоор газрыг нөхөн олголтоор солих, хууль бус газар олголтуудыг цуцлах арга хэмжээ зохион байгуулагдана.


Судалгаагаар эхний ээлжид 76 иргэн, ААН байгууллагын газар ашиглах эрхийг цуцлах бэлтгэл ажил хангагдаж байгаа.


Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумдын нутаг дэвсгэрт газар эзэмшиж, ашиглаж, өмчилж буй иргэн, ААН байгууллагын сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйл заасны дагуу долдугаар сарын 29-нөөс буюу өнөөдрөөс наймдугаар сарын 15-ны хугацаанд Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт зохион байгуулахаар болсон байна.




МОНГОЛЫН ХОТУУДАД ЗЭРЭГЛЭЛ, СТАТУС ТОГТООХ АСУУДАЛ

2020.11.04


Энэхүү нийтлэл нь “Монголын үнэн” сонины

2020.11.03-ны өдрийн №211-д хэвлэгдсэн болно.


МОНГОЛЫН ХОТУУДАД ЗЭРЭГЛЭЛ, СТАТУС ТОГТООХ АСУУДАЛ

ХӨГЖЛИЙН ОРОН ЗАЙН АНАЛИЗ-СУДАЛГААНЫ ҮР ДҮНД ТУЛГУУРЛАСАН БОДЛОГЫН САНАЛ, ЗӨВЛӨМЖ

ҮНДЭСЛЭЛ, ЛОГИК ОЙЛГОЛТ 

Хүн ам цөөн, газар нутаг том, далайд гарцгүй Монгол Улсын хувьд байгалийн болон хөдөө аж ахуйн арвин нөөц, газар зүйн байршлын давуу талаа ашиглан бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэх, хөрш орнуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гүүр болох, эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдээ дэмжих, хурдацтай өсгөх бүрэн боломж бий. Үүний тулд Үндэсний түвшинд нийт нутаг дэвсгэрийн хөгжлийн бодлогын орон зайн төлөвлөлтөө шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох, эрэмбэлэх, төлөвлөх, төсөвлөх зайлшгүй шаардлага байна. 

Эдийн засгийн орон зайн тэлэлт, тогтвортой өсөлтийг бий болгох үндсэн концепц бүхий Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн бодлого, мөн “зоос”-ны нөгөө тал болох хүн амыг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлж, тогтвортой хот байгуулах, нутаг дэвсгэрийн хэмжээнд бүс нутаг, хот, засаг захиргааны оновчтой бүтэц, тогтолцоог бүрдүүлэх үндсэн концепц бүхий Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн бодлого (ууд) нь Үндэсний хэмжээнд хөгжлийн орон зайн нэгдсэн төлөвлөлтийн баримт бичиг бөгөөд салбар хоорондын уялдааг хангаж, хамгийн гол нь Үндэсний хөгжлийн эрх ашгийн үүднээс хөрөнгө оруулалтын эрэмбийн тодорхойлдог.

Тус хүрээлэнд 1) Хот, сум суурингийн хөгжлийн потенциалыг тодорхойлох үнэлгээ; 2) Хот, суурин газарт зэрэглэл, статус тогтоох, тэдгээрийн чиг үүргийн тодорхойлох; 3) Үндэсний хэмжээнд дэд бүтцийн босоо болон хэвтээ тэнхлэг тодорхойлох үнэлгээ; 4) Дотоодын болон хил дамнасан аялал жуулчлалын чиглэлүүдийн хөгжлийн потенциалын үнэлгээ; 5) Бүс нутгийн түвшинд хот хоорондын кластер хөгжүүлэх боломж, тэдгээрийн хэлбэрийг тодорхойлох; 6) Бүс нутгийн эдийн засгийн интеграци, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын асуудлаар орон зайн анализ судалгаа хийгдэж байна. Эдгээр нь Үндэсний хэмжээнд хөгжлийн орон зайн нэгдсэн төлөвлөлт хийхэд зайлшгүй харгалзан үзэх физик хүчин зүйлс юм.

Энэхүү цуврал нийтлэлээр Монгол Улсын хот, сууринд зэрэглэл, статус тогтоох, тэдгээрийн чиг үүргийг тодорхойлох асуудлыг хөндөж байна.  

ХОТЫН ЭРХЗҮЙН БАЙДАЛ

2019.11.14-ний өдрийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотууд, мөн тосгон байж болох эрхзүйн үндсийг тогтоож өгсөн. Мөн 1993 онд батлагдсан Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд хотын зэрэглэл, статусын хувьд  500-15000 оршин суугчтай бол тосгон, 15000-гаас доошгүй оршин суугчтай бол улсын болон аймгийн зэрэглэлтэй хот, 50000-гаас дээш (шаардлагатай гэж үзвэл 50000 хүртэл) оршин суугчтай хотод Улсын зэрэглэл тогтоож болохоор зохицуулж өгсөн.

Хэдийгээр хот, тосгоны эрхзүйн үндэс бүрдсэн ч Үндэсний хэмжээнд улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд гүйцэтгэх үүрэг, газарзүйн байршил, бүсчилсэн хөгжил, эдийн засгийн интеграци, коридор, хотжилтын хөгжлийн түвшин зэргийг харгалзан аль нэг хотод Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот болгох статус олгоогүй өдийг хүрчээ.  Одоо энэ асуудлаар Төрөөс бодлогын шийдэл гаргахаар хэлэлцэгдэж байгаа бөгөөд энэхүү нийтлэлээр бодлогын хувилбар, шийдэл дэвшүүлж байна.

Хөгжлийн үүднээс “хот”-той холбоотой тулгамдсан асуудлыг товч дурьдвал...

Өнгөрсөн 30 жил төлөвлөлтгүй явж ирсний үр дагавар. Бид суурьшлын хувьд хот, хөдөөг хосолсон эдийн засаг, амьдралын хэв маягтай орон. 1970 онд 44% нь хотод, 1990 онд 57% нь, харин 2019 оны байдлаар нийт хүн амын 68% нь хот суурин газарт суурьшиж байгаа бөгөөд үүнээс Улаанбаатар хотод 46% нь амьдарч байна. Шилжилт хөдөлгөөний хувьд 1995-2015 онд (20 жил) нийт 500 орчим мянган иргэн хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод шилжин ирсэн бөгөөд энэ нь бүтэн 6 аймагтай тэнцэх хүн ам юм. Цаашид энэхүү тодорхойгүй байдлаар үргэлжилбэл, нийт хүн амын 65 орчим хувь нь зөвхөн Улаанбаатар хотод суурьшиж, бусад бүс, орон нутгийн түвшинд ямар ч өсөлт харагдахгүй байх сөрөг үр дагавар хүлээж байна. Энэ хачир дээрээ том хотын боловсрол, эрүүл мэнд, соёл, эдийн засгийн татах хүч мэт боловч, начир дээрээ Үндэсний хэмжээнд хөгжлийн орон зайн төлөвлөлтгүй явж ирсэн, хүн нутагшилт суурьшил, хот байгуулалтын бодлого алдагдсан, батлагдсан (2001) Бүсчилсэн хөгжлийн бодлогоо хэрэгжүүлээгүйн сөрөг үр дагавар юм.

Сумын статустай аймгийн төв хотууд. Бид одоогийн 21 аймгийн төвийг “хот” гэдэг ч эрхзүйн байдлын хувьд сумын статустай. Дархан-Уул аймгийн төв Дархан хот нь Дархан сум, Ховд аймгийн төв Ховд хот нь Жаргалант сум, Дорнод аймгийн Чойбалсан хот нь Хэрлэн сум болно.  Эрхзүйн хувьд сумын статустай байх нь хөгжлийн бодлого төлөвлөлтийн хувьд хот нь бүс, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой үүрэг, рольтой оролцогч байх агуулгаар төлөвлөлт хийх ёстой байтал асуудалд уялдаа холбоог авч үзэхгүйгээр сумын түвшинд хандах сөрөг үр дагавар,  мөн төсөв боловсруулах, хөрөнгө оруулах, батлах, зарцуулахтай холбогдсон асуудалд сумын статусаар харилцааг зохицуулахад хүргэж байна. Хотын төлөвлөлт, төсөвтэй холбоотой хууль, эрхзүйн орчин ийм зохицуулалттай байна.

“ХОТ”-ын хөгжилд гүйцэтгэх үүргийн тухай. Дэлхийн хуурай газрын 2%-ийг хот суурин газар эзэлж буй хэдий ч Дэлхийн нийт хүн амын 55% нь хотод амьдарч, эдийн засгийн 70%-ийг хотод үйлдвэрлэж, эрчим хүчний 60%-ийг хотод хэрэглэж, хүлэмжийн хийн ялгаруулалтын 70%-ийг хот, суурин газраас ялгаруулж байна. Цаашид 2050 он гэхэд Дэлхийн хүн амын 68% нь хотод суурьшихаар байна. Энэхүү хотжих процесс нь Монголд ч бас  явагдаж байгаа. Энэ агуулгаар Дэлхийн түвшинд хотуудыг хөгжүүлэх асуудалд анхаарч НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн 17 зорилгын хүрээнд “хот, хүн амын суурьшил”-тай холбоотой 11 дахь зорилгын дэвшүүлж, тодорхой зорилт, шалгуурыг тодорхойлсон байдаг. 2016 онд Эквадор Улсын Кито хотноо болсон НҮБ-ийн ХАБИТАТ III хурлаас “Шинэ хотжилтын хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд Монгол бас энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Товчхондоо, “хот” бол Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтуудын хэрэгжилтийг хангахад тодорхой үүрэгтэйгээр оролцогч байхын зэрэгцээ Үндэсний болоод бүс, орон нутгийн түвшний нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой үүрэг гүйцэтгэгч байх ёстой. Энэхүү гүйцэтгэх үүрэг нь тухайн хотод тогтоосон зэрэглэл, статусын түвшинд харгалзуулан тодорхойлсон чиг үүргийн тухай ойлголт бөгөөд энэ нь тухайн хотын хөгжлийн төлөвлөлт хийх үндэс болдог.

Гэтэл Монголын аль ч “хот”-д зэрэглэл, статус олгоогүй бөгөөд хотууд нь сумын статустай явж ирсэн. Энэ нөхцөлд Монголын хотуудаас хөгжил, дэвшил, үр дүн хүлээх боломжгүй юм. Иймд хотуудад зэрэглэл, статус тогтоох, тэдгээрийн чиг үүргийг тодорхойлох нь цаг үеэ олсон чухал асуудал бөгөөд энэ асуудалд Үндэсний аюулгүй байдал болон Үндэсний хөгжлийн эрх ашгийн үүднээс шинжлэх ухааны үндэслэл, судалгаатай хандах ёстой бөгөөд зөвхөн Дархан, Эрдэнэтийг хот болгох асуудал хөндөгдөхгүй юм. 

ХОТУУДАД ЗЭРЭГЛЭЛ, СТАТУС ТОГТООХ СУДАЛГААНЫ ДҮН, БОДЛОГЫН САНАЛ, ЗӨВЛӨМЖ

Юуны өмнө Монголын онцлог нөхцөлд тохирсон “Хотын зэрэглэл, статус, чиг үүрэг”-ын тогтолцоо, тэдгээрийн гол үзэл санаа, шалгуур үзүүлэлтийг оновчтой тодорхойлох ёстой. Улсын болон аймгийн зэрэглэлтэй хотуудын нийт 5 эрэмбэ бүхий статус, тэдгээрт харгалзах хүн ам, эдийн засаг, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээ болон газарзүйн байршлын шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлж, уг шалгуурын дагуу орон зайн анализ хийсэн. Судалгааны дүнд тулгуурлан Монголын хотуудад тогтоох зэрэглэл, статус, тэдгээрийн чиг үүргийг тодорхойлж, бодлогын санал, зөвлөмж өгч байна. 

Хотын зэрэглэл

Хотын эрэмбэ, статус

Хотууды чиг үүрэг

Улсын зэрэглэлтэй хот

I

Улсын нийслэл хот

Олон үүрэгтэй Нийслэл хот

II

Хөгжлийн стратегийн төв хот

Засаг захиргаа, бүсийн эдийн засаг, аж үйлдвэр, тээвэр, логистик, үйлчилгээний олон үүрэгтэй хот

III

Улсын чанартай хот

Засаг захиргаа, аж үйлдвэр, үйлчилгээний үүрэгтэй хот

Аймгийн зэрэглэлтэй хот

IV

Орон нутгийн хөгжлийн төв хот

Засаг захиргаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн үүрэгтэй хот

V

Орон нутгийн хот

Засаг захиргаа, үйлчилгээний үүрэгтэй хот

Үндэсний хэмжээнд эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой үүрэг рольтой, Улаанбаатар хоттой өрсөлдөхүйц, бүсийн түвшинд боловсрол, эрүүл мэнд, соёл, шинжлэх ухаан, эдийн засаг, үйлдвэрлэлийн төвлөрөл бүхий Улсын зэрэглэлтэй Хөгжлийн стратегийн төв 3 хотыг эхний ээлжид хөгжүүлэх саналыг дэвшүүлж байна. Үүнд Дархан, Ховд, Чойбалсан хотуудыг тодорхойлж байна. Харин Улсын зэрэглэлтэй Улсын чанартай хотын статус олгох 5 хотыг дэвшүүлж байна. Бусад хотууд аймгийн зэрэглэлтэй хотын хүрээнд орон нутгийн хөгжлийн төв хот болон Орон нутгийн хотын статустай байхаар судалгааны үр дүнг дэвшүүлж байна (зураг харна уу).

Ийнхүү хотуудад зэрэглэл, статусыг тогтоож өгснөөр бүс нутгйин түвшинд эдийн засгийн нийтлэг болон ялгавартай бодлого явуулах суурь нөхцөл, мөн Үндэсний хэмжээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн дараах боломжууд нээгдэнэ гэж харж байна. Үүнд, 

-          Монголын 21 аймгийн төв хотыг, бүсийн хөгжлийн тулгуур төв 8 хотыг нэгэн зэрэг жигд хөгжүүлэх эдийн засгийн чадавх нөөц, боломж хомс. Иймд эхний ээлжид Улсын зэрэглэлтэй хотуудыг үе шаттайгаар хөгжүүлэх бодлого баримтлах нөхцөл бүрдэнэ. 

-          Газарзүйн байршлын давуу талаа ашиглан Бүс нутгийн эдийн засгийн интеграци (Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (CAREC), Их түмэн санаачлага, GTI)-д нэгдэхэд, мөн Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга, ОХУ-ын Засгийн газраас “Евразийн эдийн засгийн холбоо”-ны хүрээнд хэрэгжүүлж байгаа зам тээвэр, эрчим хүч, дэд бүтцийн төслүүдтэй уялдуулан Үндэсний хэмжээнд хөгжлийн орон зайн төлөвлөлтийг хийхэд Улсын зэрэглэлтэй хотууд түлхүү үүрэг, хариуцлага хүлээж оролцох боломж нээгдэнэ. Тодруулбал, Монгол Улс Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн интеграцид харилцан үр ашигтай, идэвхи санаачилгатайгаар нэгдэхэд Улсын зэрэглэлтэй хөгжлийн стратегийн төв Ховд хот, харин Зүүнхойд Азийн бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэхэд мөн Улсын зэрэглэлтэй хөгжлийн стратегийн төв Чойлбалсан хот гол зангилаа, тулгуур, түшиц, холбоос бүхий хотууд байх ёстой.

-          Улсын зэрэглэлтэй хотуудын хөгжлийн төлөвлөлтийг Үндэсний хэмжээнд бүс нутгийн тувшинд уялдаа холбоотой бодлогын төлөвлөлт хийх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар Үндэсний болоод бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжилд гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. 

-          Улсын зэрэглэлтэй хотуудад татвар, хөнгөлөлт, урамшууллын ялгаатай бодлого хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Тухайлбал, Улсын зэрэглэлтэй хотод бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж ажлын байр нэмэгдүүлсэн компанид татвар, хөнгөлөлтийн ялгаатай механизм үйлчилж болно.

-          Улсын зэрэглэлтэй хотуудад эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн байгууллагууд, тэдгээрийн салбарыг түлхүү байгуулах, шилжүүлэх боломжтой. Тухайлбал, Улаанбаатар хотын их, дээд сургуульд элсэх оюутны тоог эрс хязгаарлах бүсчилсэн бодлого баримтлах.  

-          Улсын зэрэглэлтэй хотуудад дэд бүтцийн хүрэлцээ, орон сууцны хангамжийг эрс нэмэгдүүлэх, улмаар хөнгөлөлттэй зээл, тусламжаар олгох замаар Хөгжлийн стратегийн төв хотуудад шилжин ирж суурьших, ажлын байр нэмэгдүүлэхийг дэмжих боломжтой. 

-          Эдгээр нь Улаанбаатар хотын хүн амын механик өсөлтийг бууруулах, тогтвортой байдлыг хангах суурь нөхцөл болно. 

М.Алтанбагана, Ph.D, дэд профессор.

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн

 Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын дарга