Showing posts with label construction sector. Show all posts
Showing posts with label construction sector. Show all posts

“INTERNATIONAL FAIR” олон улсын оролцогчдын үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ

Эх сурвалж: www.ikon.mn, 2023.05.04






Монголын барилгын салбарын хөгжлийг түүчээлэгч аж ахуй нэгж байгууллагууд, барилгын салбартай ажил үйлсээрээ холбогдсон мянга мянган барилгачид болон үзэгчид нэгэн дээвэр дор  цугладаг “BARILGA EXPO 2023” олон улсын үзэсгэлэн, яармаг 16 жилийн туршид тасралтгүй зохион байгуулагдаж, жил ирэх тусам оролцогчдын тоо, борлуулалтын хэмжээ өссөөр, Монгол улсын эдийн засагт хувь нэмрээ оруулаад зогсохгүй барилгын салбарт томоохон дэмжлэг болсоор ирсэн билээ.  


Бид 2023 оны үзэсгэлэнгээ өргөжүүлэн Монголын барилгын зах зээлд олон улсын нэр хүндтэй брэндүүдийг танилцуулахаар BARILGA EXPO үзэсгэлэнгийн 2-р хэсгийг “International fair” олон улсын оролцогчдын үзэсгэлэнг анх удаа зохион байгуулах гэж байна.


Тус олон улсын оролцогчдын үзэсгэлэн нь 5 дугаар сарын 05-07-ны хооронд “Мишээл экспо” төвд зохион байгуулах ба маргааш 12 цагт нээлтээ хийнэ. Үзэсгэлэнд Хятад, Солонгос, Казакстан, Итали, Турк, Герман зэрэг улсын 80 орчим компанийн оролцогчид барилгын материал, дэвшилтэт технологио танилцуулна.


Манай улсын барилгын салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 3.7 хувийг эзэлдэг бөгөөд барилгын үйлдвэрлэлд ашиглаж байгаа материал бүтээгдэхүүнийхээ 60-70 орчим хувийг импортоор хангадаг “хэрэглэгч орон”. Тиймээс дотоодын зах зээлд гаднын барилгын материал, бүтээгдэхүүний эрэлт өндөр бөгөөд “International fair” 2023 олон улсын үзэсгэлэн, яармагаар дамжуулан барилгын салбарын томоохон брэндүүдийг монголын зах зээлд таниулан нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтийн нэмэгдүүлэх цаашлаад дотоодод үйл ажиллагаа явуулж буй компаниуд олон улсын компаниудтай хамтын ажиллагааны харилцаа холбоо тогтоох, туршлага судлах боломжууд бий болж байна.


Үзэсгэлэнгийн өдрүүдэд гаднын зочид төлөөлөгчид, салбарынхандаа зориулан Монголын барилгын салбарын зах зээл, бизнесийн орчныг танилцуулах, гаднын компаниудын дэвшилтэт технологийн талаарх илтгэл, семинарыг “Мишээл экспо” - ийн хурлын танхим болон тайзан дээр зохион байгуулна.

Д.Батням: Арматурын үнэ буурсан бол цементийнх тогтворжсон

Эх сурвалж: Б.Манлай, www.ikon.mn, 2023.05.04





Барилгын материалын үнэ ханш, чанарын талаар Барилгын хөгжлийн төвөөс өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.


"Монгол Улсын хэмжээнд импортолж буй барилгын материалын ихэнх хувийг БНХАУ, ОХУ-аас авдаг. Энэ жилийн барилгын олон улсын үзэсгэлэнд БНСУ, Итали, Турк, Казахстан улсын барилгын технологийг нэвтрүүлэхээр оролцуулж байна. 


Барилгын материалын үнийн судалгааг 2-3 төрлөөр гаргадаг. Цар тахлын үед барилгын материалын үнэ өссөнөөс ААН-үүдэд дарамттай их байлаа.


Сайдын өгсөн тушаалын дагуу 890 нэр төрлийн барилгын материалын үнийн судалгааг гаргаж, ААН-үүдийн үнийн өсөлтийг мөн тооцож ажилласан.


Одоогийн байдлаар барилгын материалын үнэ харьцангуй тогтворжсон. Арматурын үнэ 12%-аар буурсан бол цементийн үнэ тогтвортой байна. Гэхдээ цар  тахлын өмнөх үеийн үнэд хүрээгүй. Цаашид барилгын материалын үнэ буурах хандлагатай.


Барилга экспо үзэсгэлэнд БНХАУ болон бусад улсын барилгын материал үйлдвэрлэгчдийг оролцуулж байгаа. Ингэснээр барилгын материалыг үйлдвэрээс нь шууд авах боломжтой болж байгаа юм" хэмээн Барилгын Хөгжлийн Төвийн Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батням мэдээллээ.


Барилгын материалын чанарын тухай тэрбээр "Барилгын чанарт анхаарч, шалгалт хийдэг. Сая арматурын шалгалтыг хийж багагүй зөрчил илрүүлсэн. Барилгын тухай хуульд зааснаар тохирлын гэрчилгээгээр барилгын материалын чанарыг тодорхойлдог. Тохирлын гэрчилгээ авах шаардлагыг дотоодын болон импортын бараанд тавьдаг" гэв.

Г.Батсүх: Орон сууцны үнэ цаашид буурах хандлагатай

Эх сурвалж: Б.Манлай, www.ikon.mn, 2023.05.04





Барилгын хөгжлийн төвөөс өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулах үеэр барилгын салбарын сэргэлт, орон сууцны үнийн талаар мэдээлэл өглөө.


Барилга.мн-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Г.Батсүх "Эдийн засгийн өсөлт, бууралтаас барилгын салбарын өсөлт, бууралт хоцорч явдаг. Цар тахлын үед бага зэргийн уналттай байсан. Одоо барилгын ажлууд төдийлөн эхлээгүй. Энэ сараас барилгын ажил эхэлж, сэргэж байна.


Цар тахлын үед эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөр, ипотекийн зээлийн хэмжээ нэмэгдэж, бэлэн мөнгөний урсгал их орсонтой холбоотойгоор орон сууц, үл хөдлөх хөрөнгийн эрэлт огцом нэмэгдсэн юм. Үүнээс шалтгаалаад шинэ, хуучин орон сууцны үнэ өссөн.  Зах зээлийн хоёр дахь арилжаа явагдаж байгаа учраас ямар нэгэн зохицуулалт байдаггүй. Иргэдийн хувьд эрэлт, нийлүүлэлтийн зарчмаараа үнийн өсөлт бууралтаа хариуцаад явдаг.


Барилгын материалын үнэ цар тахлын үед дунджаар 85%-аар өссөн. Төсөвт өртөг ч энэ хэмжээгээр өссөн учир шинэ орон сууцны үнэ нэмэгдсэн. Шинээр орон сууц барьж буй компаниуд үнээ өсгөсөн тал бий.


2023 он гараад ипотекийн зээлийн хэмжээ буурч, эдийн засаг дахь бэлэн мөнгийг хумих бодлого явагдсан. Үүнийг дагаад өнөөдрийн байдлаар орон сууц, үл хөдлөх хөрөнгийн үнэ бага зэрэг буурч байна.


Импортын барилгын материалын үнэ буурч байгаа болохоор орон сууцны үнэ цаашид харьцангуй буурах хандлагатай байна гэж ойлгож болно" хэмээн ярилаа.

"Шинэ цэвэрлэхийн барилгын ажил 426 хүний хүчээр 67%-тай өрнөж байна. Ирэх оны 10 сард ашиглалтад оруулна"

Эх сурвалж: Б.Манлай, www.ikon.mn, 2023.05.03





Шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил тавдугаар сарын 1-нээс үргэлжилнэ хэмээн Хотын инженерийн байгууламжийн хэлтсээс мэдээлж байв. Харин шинэ байгууламжтай болсноор Улаанбаатарт өмхий үнэр гарахгүй байх эсэх, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн технологийн инженер Б.Анхбатаас тодрууллаа.


- Цэвэрлэх байгууламжийн барилгын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн үү, ажлын явц хэдэн хувьтай байгаа вэ?


- Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын бэлтгэл ажил 2023 оны гуравдугаар сарын 28-наас эхэлсэн. Үндсэн 17 барилгыг угсрах ажил 67%-тай хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын талбай дээр нийт 426 хүн ажиллаж байгаагийн 200 орчим нь хятад ажилчин. Үлдсэн нь монголчууд.


Энэ жил барилга угсралтын ажлыг 85%-д хүргэж, дуусгах төлөвлөгөөтэй. Ирэх жил тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах, тохируулах, турших ажлууд хийгдэнэ. Ингээд шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг 2024 оны аравдугаар сард дуусгахаар төлөвлөж байна. Ямар нэг саад гарахгүй бол хугацаандаа ашиглалтад орно.


Өнгөрсөн жилүүдийн хувьд цар тахлаас шалтгаалаад ажиллах хүчний хомсдолд орж, бараа материалын татан авалт гацаж, ашиглалтад орох цаг хугацаанаас хойш татсан. Мөн тээврийн өртөг, цемент, арматурын үнэ өссөн нь төслийн үйл ажиллагаанд нөлөөллөө.


Энэ жилийн хувьд хил нээгдэж, бараа материалын татан авалт, барилгын бүтээн байгуулалтын ажил хэвийн явагдаж байна. Санхүүжилт гүйцэтгэлээр тооцогддог. Гэхдээ ханшийн зөрүүгээс шалтгаалсан санхүүжилтийн асуудал гарч байна.


- Шинэ цэвэрлэх байгууламж нь хэдэн объекттой байх бол?


- Төслийн хүрээнд нийт 33 объект баригдана. Харуулын байр, дулаан хуваарилах, үнэргүй болгох систем, цахилгааны дэд станц, гарааш, агуулах, захиргааны гээд барилгууд бий.


Технологитой холбоотой 25 барилга байна.


- Технологийн хувьд өмхий үнэр гарахгүй байх уу, ямар онцлогтой вэ?


- Одоо баригдаж байгаа цэвэрлэх байгууламж нь битүү. Өөрөөр хэлбэл, ашиглалтад орсны дараа өмхий үнэр гарахгүй.


Хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй байна. Манайд тусгайлан зориулж тоног төхөөрөмж үйлдвэрлэж байгаагаараа онцлогтой. Азидаа эхний 10-т орох томоохон байгууламж. 


Байгууламжийн тоног төхөөрөмж Герман, Швед, Япон зэрэг улсаас нийлүүлэгдэнэ. Зарим тоног төхөөрөмж Хятадад байдаг хамтарсан үйлдвэрээс ирнэ. Тухайлбал, насос гэхэд атомын цахилгаан станцын насос үйлдвэрлэдэг үйлдвэрүүдээс авна. Хамгийн сайн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг сонгож байгаа.


Шинэ цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хоногт 250,000 метр куб бохир ус хүлээн авч цэвэрлэнэ. Одоо ажиллаж байгаа цэвэрлэх байгууламж хоногт 180,000 орчим метр куб бохир ус цэвэрлэдэг. Хүн амын тоогоор нь авч үзвэл, нэг сая орчим хүнд тохирсон хүчин чадалтай. ААН, үйлдвэрийн бохирыг тооцоололд оруулсан.


Технологийн хувьд механик болон биологийн цэвэрлэгээтэй, лагийн бүрэн боловсруулалт хийгдэнэ. Лагийн бүрэн боловсруулалт гэдэг нь лагийн тодорхой хэсгийг эсгээд хий гарган шатааж өөрийн дотоодын дулаан, цахилгаанаа хангах ашигт үйлийн коэффициент өндөртэй байгууламж гэж ойлгож болно.


Гэхдээ үйлдвэрүүдийн урьдчилан цэвэрлээгүй ус буюу стандарт хангаагүй өндөр бохирдолтой ус нийлүүлэгдвэл цэвэрлэх байгууламж ажиллахгүй. Учир нь үйлдвэрийн хэт өндөр бохирдолтой ус нийлүүлж болохгүй. Өөрөөр хэлбэл, үйлдвэрүүд үс ноос байвал цэвэрлэх, бүх хогоо бохиртоо хийхгүй, ангилах стандартаа барих хэрэгтэй, бүх хогоо 00 руугаа хийхгүй байхыг хичээнэ гэсэн үг.


Бусад улсад үйлдвэрүүд хэт бохирдолтой ус цэвэрлэх байгууламжид нийлүүлбэл шууд хааж, торгууль ногдуулдаг туршлага байдаг. 


Одоо гарч байгаа өмхий үнэрийг арилгах ажлыг Ус Сувгийн Удирдах Газар хариуцдаг. Бохирыг дөрвөн жил байгалийн аргаар хатаадаг байсныг өдөрт нь хатаадаг болгосон байсан. Хуучин цэвэрлэх байгууламжийн хүчин чадлаас хэд дахин их бохир нийлүүлэгдэхээр цэвэрлэж чадахгүй байгаагаас өмхий үнэртэж байгаа байх.


Цэвэрлэх байгууламж нь нэг хүнээс гарах бохирдлыг тооцоолоод цэвэрлэдэг стандарттай. Дэлхийн бүх улсад ингэж тооцоолдог.


Манай улсад мах, ноос боловсруулах үйлдвэрүүд, эмнэлгүүд бохироо урьдчилсан цэвэрлэх байгууламжтай байх ёстой. Одоо ажиллаж байгаа цэвэрлэх байгууламж ахуйн зориулалттай. Тиймээс эко үйлдвэр байхын тулд заавал бохироо урьдчилсан цэвэрлэх байгууламжийг хийх хэрэгтэй. Энэ стандартыг мөрдөх нь сул байна.


- Байгууламжийн төслийн нийт өртөг нь хэд вэ?


- Төслийн нийт өртөг 262.7 сая ам.доллар. БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр баригдана. 262.7 сая ам.долларын 95%-ийг Хятадын зээлээс үлдсэн 5%-ийг Монгол Улсын Засгийн газраас гаргаж байгаа.


Байгууламжийн бүтээн байгуулалтыг БНХАУ-ын "Төмөр зам IV анги" гүйцэтгэж байна.

Д.Батзориг: Газар хөдлөлтийн идэвхжил өндөр байгаа энэ үед барилгын үндсэн бүтээцэд ордог арматур чанарын шаардлага хангахгүй байна

Эх сурвалж: П.Зоригт, www.ikon.mn, 2023.05.02






Барилга, Хот Байгуулалтын Яам (БХБЯ)-наас барилгын үндсэн хийц бүтээцэд ордог арматурын чанарыг сайжруулах чиглэлээр хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулжээ. 


Газар хөдлөлтийн идэвхжил өндөр байгаа энэ үед барилгын үндсэн бүтээцэд ордог арматур чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй байна.


Импортын болон дотоодын үйлдвэрлэлийн арматуруудыг зарж, борлуулж байгаа 16 ААН-ийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн. Арматурын чанарын шалгалтын хүрээнд лаборатори болон бодит туршилтыг явуулахад хэд хэдэн нийтлэг зөрчил илэрсэн гэдгийг БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг хэллээ. 


Тэрбээр "Хяналт, шалгалтаар зах зээлд худалдан борлуулж байсан зарим компанийн арматур гадаад, дотоод хөндлөн огтлол, чихний өргөн, онолын жин зэрэг механик үзүүлэлтүүдийг хангаагүй. 


"Цамхаг гүүр" ХХК, "Тэргүүн тэгш төмөр" ХХК-ийн борлуулж байсан импортын арматур нь мөр хоорондын зайн стандарт шаардлага хангаагүй. 

"Агь трейд" ХХК-ийн борлуулж буй 14 ба 16-ийн диаметрийн хэмжээтэй арматурууд мөр хоорондын зайн стандарт хангаагүй. 

Импортын арматур зарж байгаа байгууллагуудын дийлэнх нь тохирлын гэрчилгээгүй байна. Өөрөөр хэлбэл, баталгаагүй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, борлуулж байгаа нийтлэг зөрчил илэрч буй. Мөн тонн тутамдаа 40 орчим килограммын дутуу асуудлууд илэрсэн. 


16 ААН, байгууллагын зарим нь монгол арматуруудыг зарж байсан. Дотоодын гурван үйлдвэрийн нийлүүлж байгаа арматурт томоохон асуудлууд гарч ирсэн. Иймд үйл ажиллагааг нь зогсоож, арматуруудыг лацадсан. 


Илэрсэн зөрчлүүдийг хэлбэл, 


14-ийн арматур нэг багцаасаа 202 килограмм дутуу, нэг тонн тутмаас 65.3 килограмм дутуу

18-ын арматур нэг багцдаа 252 килограмм, нэг тонн тутмаас 71 килограммын дутуу 

20-ийн арматур нэг багцаасаа 277 килограмм, нэг тонн тутамдаа 78.5 килограммын дутуу асуудлууд илэрч байгаа.

Том масстай барилга байгууламж барихад арматур нь нэг тонн тутмаас 40 килограмм бага байна гэдэг бол чанар, аюулгүй байдалд шууд нөлөөлнө. Хэдэн зуун килограмм арматур тухайн барилгад дутуу орох асуудал. Тиймээс анхаарах шаардлагатай" гэлээ. 


Хяналт, шалгалтыг хариуцаж буй улсын байцаагч "Дотоодын үйлдвэрийн нэр бүхий гурван ААН стандарт шаардлага хангахгүй байсан. Иймд гурван үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, улсын байцаагчийн акт үйлдсэн. Мөн нэг үйлдвэрт нь Зөрчлийн хэрэг нээсэн" гэлээ. 


Арматурууд тонн жиндээ хүрэхгүй байх, лабораторийн шинжилгээнд хамруулаагүй гэх мэт нийтлэг зөрчлийг ААН-үүд гаргаж байна. Эдгээр нь Барилгын тухай хуулиар зохицуулагддаг гэдгийг Ажлын хэсгийн төлөөлөл хэлж байв. 


“BARILGA EXPO 2023” үзэсгэлэнгийн “Барилгын материал, техник технологи” хэсэг нээлтээ хийлээ

Эх сурвалж: www.ikon.mn, 2023.04.28


Барилгын салбарын шилдэг аж ахуй нэгжүүдийн бүтээгдэхүүн, барилгын материал, дэвшилтэт техник, технологи, хаус болон шинэ орон сууцны шилдэг төслүүдийг танилцуулдаг “BARILGA EXPO 2023” үзэсгэлэн, яармаг 16 дахь жилдээ та бүхнийхээ өмнө өндөр үүдээ нээлээ.


“BARILGA EXPO 2023” олон улсын үзэсгэлэн, яармагийн “Барилгын материал, техник технологи” хэсгийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийж, 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Нээлтийн арга хэмжээнд БХБЯ, БХТ, салбарын холбоодын төлөөллүүд болон үзэсгэлэн, яармагийн ерөнхий ивээн тэтгэгч, ивээн тэтгэгч компаниудын удирдлагууд оролцлоо.


Тус хэсэгт барилгын материал үйлдвэрлэгч болон ханган нийлүүлэгч 100 гаруй ААНБайгууллагууд барилгын салбарт хамгийн сүүлийн үед нэвтрүүлсэн шинэ техник, технологио танилцуулах болно.


Барилгын салбарын сүүлийн үеийн дэвшилтэт техник технологитой танилцан, урамшуулалтай худалдан авалт хийж, мэргэжилтнүүдийн үнэ төлбөргүй илтгэлийг “Барилгын материал, техник технологи” үзэсгэлэн, яармагаас авах боломжтой.


Харин олон улсын оролцогчид болон шинэ орон сууцны үзэсгэлэн дараах өдрүүдэд Мишээл экспод зохион байгуулагдана.


5-р сарын 05-07-нд “International fair”,

5-р сарын 12-14-нд “Шинэ орон сууц, Үл хөдлөх хөрөнгө”

Иймд, Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж, барилгын салбарын хөгжил, дэвшилтэй танилцахыг урьж байна.


Ерөнхий зохион байгуулагч: БАРИЛГА МН


Хамтран зохион байгуулагч:


БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ

ИТАЛИ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ


Ерөнхий ивээн тэтгэгч:

“ACTIVE GARDEN RESIDENCE”

“ХОВД ЭКО ЦЕМЕНТ” ХХК


Ивээн тэтгэгч:


“GREEN GARDEN RESIDENCE”

“МОНЦЕМЕНТ БИЛДИНГ МАТЕРИАЛС” ХХК

“МОНКОН КОНСТРАКШН” ХХК


www.barilgaexpo.mn







М.Балдандорж: Шинээр ашиглалтад орж байгаа барилгын шугам хоолой, бусад материал чанаргүй байна

Эх сурвалж: Б.Манлай, www.ikon.mn, 2023.04.28


Зарим орон сууцны хорооллоос зэвтэй ус гарч байгаа асуудлаар холбогдох байгууллагуудад хариуцлага тооцсон эсэх талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж мэдээлэл өглөө.


Тэрбээр “Хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд холбогдох байгууллагад шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх албан бичиг хүргүүлсэн. Одоо шугам угаах гэх мэт түр арга хэмжээ авч байгаа. Гүйцэтгэгч компани болон орон сууцны конторуудад шугам сүлжээгээ шинэчлэх шаардлага тавьсан. Холбогдох материал олдохгүй байгаатай холбоотойгоор хууль, хяналтын байгууллагад мэдээлэл өгч, хамтран ажиллаж байна.


Шинээр ашиглалтад орж байгаа барилгын шугам хоолой, бусад материал чанарын шаардлага хангахгүй байна. Иймээс норм, дүрэмтэй нь уялдуулах, хяналт тавих механизмыг сайжруулах зэргээр Барилга, хот байгуулалтын яамтай уулзаж, хүсэлт тавин, хамтран ажиллаж байна” гэв.




Э.Золбоо: Нийт дөрвөн үйлдвэр цементийн үнийг 16-28 хувиар өсгөсөн байна

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.16





Барилга хот байгуулалтын яамны /БХБЯ/ удирдлагууд цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хүргэв. Тодруулбал, цементийн үйлдвэрүүд бараа материалын үнийг шалтгаангүй нэмсэн тухай Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо хэлэхдээ "Манай улс өнөөдрийн байдлаар цементийг зуун хувь дотоодоосоо ханган нийлүүлж байгаа. Энэ төрлийн бараа хомстолгүй байгаа ч өнгөрсөн долоо хоногт цементийн үнийг дотоодын үйлдвэрүүд өсгөсөн. Тухайлбал, нийт дөрвөн үйлдвэр 16-28 хувиар үнийг өсгөсөн үзүүлэлттэй байна.


Энэ өсөлт бодит эсэхийг яаралтай шалгаж тогтоохоор ажлын хэсэг ШӨХТГ-т чиглэл өгсөн. 


Бид цементийн үйлдвэрүүдийн төлөөлөлтэй уулзахад тэдний зүгээс "Өнгөрсөн онд цементийн үнийг огт нэмээгүй, алдагдалтай ажилласан. Тиймээс 2022 оны бүтээн байгуулалтад оролцохын тулд заавал тодорхой хэмжээнд үнэ өсгөхөөс өөр аргагүйд хүрсэн" хэмээх байр суурийг илэрхийлсэн.

 Үйлдвэрүүд тохиролцсон ёсоор энэ оны үнийн өсөлтийг холбогдох яамандаа мэдэгдэх ёстой. Гэвч өссөний дараа хойноос нь хөөцөлдөж байгаа нь үнэн Жишээлбэл,


Цементийг бүрдүүлдэг түлш 30 хувь

Үнс 14 хувь

Сэлбэг тээвэр 70 хувь

Нүүрс 20 хувь, төмрийн хүдрийн үнэ 25 хувь тус тус өссөн хэмээн үйлдвэрүүдийн зүгээс тайлбарласан. Энэ асуудлыг ШӨХТГ-аас чиг үүргийнхээ дагуу удахгүй шалгалтаа хийж бодит өсөлт мөн эсэхийг тодорхойлох байх" гэв.

Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хэлэхдээ "2021 онд үнийн барилгын материалын үнэ тодорхой түвшинд өсөж, бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулсан нь үнэн. Улмаар төсөвт өртөг хүрэлцэхгүй болж, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа зогсонги байдалд орох асуудлууд тулгамдсан. Тийм учраас БХБЯ санаачилж үнийн индекс боловсруулах, төсөвт өртөгт өөрчлөлт оруулах санаачилгыг Сангийн яамтай хамтарч ярилцсан. Улмаар 2022 оны улсын төсвийг батлан гаргахдаа дагалдаж 88 дугаар тогтоолыг батлуулсан. Үүнд:


Нэгдүгээрт, Барилгын материалын үнийн индексийг тооцож батлуулах,

Хоёрдугаарт, Төсөвт өртөгт нөлөөлөх хүчин зүйлийг судалж тодорхой өөрчлөлтийг УИХ-д танилцуулах үүргийг өгсөн" хэмээн хэллээ.


"Төрийн уялдаа холбоогүй байдлаас болж барилгын материал үйлдвэрлэгчид дампуурлын ирмэгт ирээд байна"

 Эх сурвалж: А.Төгөлдөр, www.ikon.mn, 2021.08.27




Төрийн буруу бодлогын уршгаар үндэсний 70 гаруй үйлдвэр хаалгаа барихад хүрсэн талаар "Үндэсний технологийн уур үйлдвэрлэгчдийн холбоо"-ноос мэдээлэл хийлээ. Тодруулбал, нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглосноор барилгын материалын үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон талаар олон нийтэд хандав.

Тус холбооны тэргүүн Б.Саруул-Эрдэнэ “Үндэсний үйлдвэрлэлүүд устах аюулд ороод байгаа талаар мэдээлэл хийж байна.

Засгийн газрын 62 дугаар тогтоолоор зөвхөн сайжруулсан шахмал түлшийг Улаанбаатарт түлэхээр болсон. Ингэхдээ нийслэлийн агаарын чанарыг бүсэд шахмал түлшнээс бусад түүхий нүүрс оруулахгүй болсон. Үүнээс үүдэлтэйгээр Улаанбаатарт байрладаг технологидоо түүхий нүүрс ашиглан бүтээгдэхүүн боловсруулдаг үйлдвэрүүд зогсонги байдалд ороод байна.

Агаарын бохирдол бидэнд тулгамдаад байсан асуудал. Бид агаарын бохирдлыг бууруулахыг дэмжиж байгаа. Гэхдээ гаргасан шийдвэр нь ямар ч уялдаа холбоогүй, цаашид шат дараатай авч хэрэгжүүлэх арга зам байхгүй байна. Засгийн газраас цар тахлын үед жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэг ч гаргасан тушаал, шийдвэр нь бодит байдалтай нийцэхгүй байна.

Өнгөрсөн жил хотын ерөнхий менежер Т.Гантөмөртэй уулзахад бидэнд “Та нар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ямар нэгэн техникийн дэвшил хий” гэсэн. Бидний ШУТИС-ийн эрдэмтэн, багш нартай хамтарч хийсэн судалгаагаар түүхий нүүрсний оронд шахмал түлшний найрлагын 95 хувийг хангадаг мидлингийг түлснээр агаарын бохирдлыг 30-50 хувиар бууруулах боломжтой гэж гарсан. Энэ дагуу бид мидлингийг ашиглаж эхлэх гэсэн боловч хот руу оруулахыг хориглосон хэвээр байна.  

Манай холбоонд түүхий нүүрс ашиглан уур гаргаж тоосго, хөөсөнцөр, блок, бетон хийц үйлдвэрлэдэг компаниудаас гадна махны үйлдвэрүүд багтаж байгаа. Бид технологидоо нүүрс шатааж, уур үүсгэн, тэрхүү уураар бүтээгдэхүүнээ боловсруулдаг.

Гэтэл сайжруулсан шахмал түлш бидний технологид шаардлагатай даралтыг үүсгэж чаддаггүй. Бид энэ оны тавдугаар сарын 15-наас хойш зогсонги байдалтай байна. Сүүлийн үед барилгын материалын үнэ өсөж, хомсдол бий болоод байгаагийн нэг шалтгаан нь үүнтэй холбоотой.

Тиймээс Засгийн газар болон Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд хандаж бидэнтэй уулзаж, тулгамдаад байгаа асуудлыг маань шийдэж өгөөч гэж хүсч байна.

Яаралтай арга хэмжээ авахгүй бол бид ажилчдаа алдаж, эдийн засгийн боломжгүй болж байна. Түүнээс гадна үйлдвэрийн район буюу төвийн ууртай холбоотой бүсэд хятадын хөрөнгө оруулалттай компаниуд газар аваад, үйлдвэрээ бариад, бидний бүтээгдэхүүнийг орлох бүтээгдэхүүнийг хийж эхэлж байна.

Бид дампуурлын ирмэгт ирээд байгаа учраас энэхүү мэдээллийг хийж байна” гэв.