Showing posts with label transportation. Show all posts
Showing posts with label transportation. Show all posts

Түрээсийн скүүтэр хэрэглээнд нэвтэрч эхэллээ

Эх сурвалж: Jet sharing Mongolia facebook page. 2023.05.28





3000ш түрээсийн scooter-ийг УБ хотын хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ.

Scooter хэрхэн ажилладаг вэ? 

1. Appstore болон Playstore-с Jet Scooter application-ийг татах.

2. Хэрэглэгчээр бүртгүүлэх.

3. Зүүн доор байрлах меню хэсэгээс wallet цэсэн дээр дарснаар хэтэвч-ээ цэнэглэх. ( Хамгийн багадаа 4000 төгрөгөөр) 

4. Жолоон дээр байрлах QR кодийг Jet application-аар уншуулснаар аялалаа эхлэх боломжтой. 

5. Тариф-аа сонгон эхлэх товчийг дарна уу. 

6. Газрын зураг дээр байрлах "P" үсгээр тэмдэглэгдсэн бүх зогсоол дээр Scooter-ийг байршуулан аялалаа дуусгах боломжтой.

Дүрэм:

1. Замын хөдөлгөөний дүрмийг зөрчилгүй, бусдад саад болохгүй газар scooter- ээ байршуулна уу.

2. Газрын зураг дээрх улаанаар тэмдэглэгдсэн бүс рүү орохыг хориглоно. 

3. Зөвхөн 18 нас хүрсэн хүн-д түрээслэхийг зөвшөөрнө.

4. Scooter-ийг нэг-ээс дээш хүн унахыг хориглоно.

5. Зам гарахдаа scooter-ээ аюулгүй байдлийг хангаж явган гарна уу.

Ашиглах дүрэмийг зөрчсөн тохиолдолд таны аккаунт хаагдах боломжтойг анхаарна уу!

1 минут 200₮-өөс эхэлнэ

App Store болон Google Play - ээс Jet Scooter application-ийг татна уу.





Эх сурвалж: tseg.mn facebook хуудсанд 2023 оны 5 дугаар сарын 29-нд нийтлэгдсэн бичлэг

Өнөөдрөөс эхлэн дөрвөн өдөр түр хаагдах замууд

Эх сурвалж: Б.Манлай, www.ikon.mn, 2023.05.04




Унгар улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны тавдугаар сарын 4-7-ны өдрүүдэд Монголд албан ёсны айлчлал хийнэ.


Уг айлчлалын үеэр зарим замын хөдөлгөөнийг түр хаахаар болсныг ТЦА мэдээллээ.


Тодруулбал, өнөөдрөөс эхлэн Ням гарагт Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Их Монголын гудамж, Жанжин Д.Сүхбаатарын талбай, Бага тойруу орчмын замын хөдөлгөөнийг зочин зорчих үед аюулгүй байдлыг хангах зорилгоор тодорхой хугацаанд түр хязгаарлах юм байна.


Замын хөдөлгөөнд оролцогчид эдгээр өдрүүдэд хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, шаардлагагүй тохиолдолд хөдөлгөөнд оролцохгүй байх, бусад хөдөлгөөнд оролцогч нарт хүндэтгэлтэй хандаж, анхаарал болгоомжтой явахыг зөвлөлөө.

ГЕГ: Он гарсаар Монгол Улсад 18780 ширхэг суудлын автомашин импортлогджээ

Эх сурвалж: Э.Оргил, www.gogo.mn, 2023.05.03





ГЕГ-аас 2023 оны эхний дөрвөн сарын экспорт, импортын мэдээг нэгтгэн хүргэлээ.


Монгол Улсын хэмжээнд 2023 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт импорт 2.7 тэрбум ам.долларт хүрч 311 сая ам.доллар буюу 13.2 хувиар өссөн. Үүнд нөлөөлсөн гол зүйл нь нефтийн бүтээгдэхүүн бөгөөд 44 хувиар өссөн байна.


Мөн машин, тоног төхөөрөмж, тэдгээрийн эд ангийн импорт 31.5 хувиар өссөн нь импортын өсөлтөд голлон  нөлөөлжээ. Импортын бүтцийг авч үзвэл нийт импортын:


10.8 хувийг хүнсний бүтээгдэхүүн

21.1 хувийг нефтийн бүтээгдэхүүн

37.3 хувийг автомашин, машин механизм, техник тоног төхөөрөмж тэдгээрийн эд анги

30.8 хувийг бусад бараа бүтээгдэхүүн эзэлж байна.

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улсад 18780 ширхэг суудлын автомашин, 5712 ширхэг ачааны автомашин импортлогдсон байна.


Номын баяртай давхацсан тул автомашингүй өдөр, марафоныг зургаадугаар сарын 3-нд болгожээ

Эх сурвалж: Б.Манлай, www.ikon.mn, 2023.05.03






Олон улсын марафон тавдугаар сарын 27-нд болно, энэ өдөр автомашингүй өдөр байна хэмээн Нийслэлийн Биеийн тамир спортын газраас мэдээлж байв. Гэвч уг арга хэмжээ хойшлогдсон байна.


Энэ талаар тус газраас лавлаж асуулаа.


Нийслэлийн Биеийн тамир спортын газрын Спорт, нийтийн биеийн тамирын хэлтсийн дарга С.Саранцэцэг "Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагт олон улсын марафоныг зохион байгуулдаг.


Өнгөрсөн жил Соёлын тухай хуульд тавдугаар сарын гурав дахь долоо хоногт Сүхбаатарын талбайд номын баяр зохион байгуулахаар хууль батлагдсан тул 2022 онд тавдугаар сарын дөрөв дэх долоо хоногт олон улсын марафоныг зохион байгуулж байсан юм. Энэ жил мөн энэ хугацаандаа зохион байгуулахаар удирдамжаа гаргаад төлөвлөсөн байсан.


Гэвч тавдугаар сарын 20-д гаргаад манай улсад хоёр улсын ерөнхийлөгч ирэх гэж байгаа юм билээ. Энэ айлчлалтай холбогдуулаад номын баярыг хойшлуулах асуудал гарсан ч хуульчлагдсан учир хойшлуулаагүй. Харин олон улсын марафоныг 2023 оны зургаадугаар сарын 3-н хүртэл хойшлуулаад байна.


Олон улсын марафонд ирж оролцох гадаадын тамирчдын онгоцны тийз, зочид буудлын захиалгыг хойшлуулах ажлыг зохицууллаа. Кени улсаас хоёр эрэгтэй, нэг эмэгтэй элит тамирчин ирэхээр тийзээ захиалсан байсан.


Энэ жилийн гүйлтэд Япон, ОХУ, Кенийн тамирчид оролцоно.


Зургаадугаар сарын 3-ны Бямба гарагт болох Улаанбаатар марафон 09:00-17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тамирчид Сүхбаатарын талбайгаас барианаас гарна. Марафоны үеэр өглөө 06:00-18:00 цаг хүртэл маршрутын дагуу замын хөдөлгөөнийг хаадаг" гэв.


Харин Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө цахим хуудсандаа "Улаанбаатар марафон - 2023 олон улсын гүйлт 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр болно. Жич: Автомашингүй өдөр" хэмээн бичсэн байна.


Түүний мэдээлснээр, зургаадугаар сарын 3-нд олон улсын гүйлт болж, автомашингүй өдөр байх нь.


Гүйлтэд оролцох иргэдээс харьяа эрүүл мэндийн төвдөө даралтаа үзүүлж гүйж болох эсэх тухай эмчийн бичиг шаарддаг. Тухайн өдөр иргэний даралтыг бид үзсэн ч эрсдэлтэй байж болно. Бэлтгэлгүйгээр огцом гүйхэд булчин шөрмөс татах, толгой эргэх, даралт ихсэх хүндрэлүүд гардаг болохыг зөвлөв.


“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн онлайн бүртгэл, хураамжийг 2023 оны тавдугаар сараас 10-30-ны өдрийн 17:00 цаг хүртэл http://ubmarathon.hipay.mn цахим хуудас, hipay аппликэйшнээр явуулж байгаа аж.


Энэ жилийн марафонд 30,000 орчим хүн оролцох юм байна. Өнгөрсөн жил 24,000 хүн оролцож гүйжээ.

Улаанбаатарын замын түгжрэлийг ирэх онд 50 хувиар бууруулах зорилт тавьжээ

Эх сурвалж: Э.Оргил, www.gogo.mn, 2023.05.02






Засгийн газрын тогтоолын дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээнд жил бүр 420 тэрбум төгрөгөөс доошгүй санхүүжилтийн эх үүсвэрийг 2022-2024 оны улсын төсөвт тусган үе шаттайгаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.


Уг арга хэмжээний хүрээнд 12 багц ажил хийхээр төлөвлөж, 2024 онд багтаан Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 50 хувь бууруулах зорилт дэвшүүлсэн. Энэ чиглэлд хийж хэрэгжүүлэх ажлын 50 хувийг гүйцэтгээд байна.


Тухайлбал:


Авто замын гэрлэн дохиотой 161 уулзварт 455 радио давтамж тодорхойлох /RFID/ tag уншигч төхөөрөмж, 1036 уншигч антен суурилуулсан бөгөөд RFID системийг хэрэглээнд нэвтрүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болголоо.

Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар зургаан байршилд 26.7 км зам барих ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгэж байна.

“Шинэ тойрог зам” төслийн хүрээнд хот тойрсон авто замын хөдөлгөөнийг хоёр жилийн хугацаанд 93 км тойрог замыг бий болгохоор төлөвлөсөн.

Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахаар Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийг дамнасан Чингэлтэйн замын 5.1 км коридорт хэрэгжиж байна.

Түгжрэлийг бууруулахаар хамран сургах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2022 онд сургуулийн долоон барилга, цэцэрлэгийн 11 барилга, бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын есөн барилгын ажлыг эхлүүлээд байна.

Хотын төвийн замын нягтралыг бууруулах зорилгоор эхний ээлжинд 468 машины багтаамжтай ухаалаг системээр тоноглосон их багтаамжийн авто зогсоолыг байгуулахаар судалгаа, тооцооллыг гаргалаа.

Дүүжин замын тээврийн төслийн хоёрдугаар шугам буюу 4.2 км дүүжин замыг 2024 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх зорилгын хүрээнд 2021-2022 онд 27.669 км шинэ авто зам, гол болон туслах авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 34 км авто зам, 1500 метр Олимпын гүүрэн гарц, 537.2 метр хоёр гүүр, хоёр байршилд нүхэн гарцыг ашиглалтад орууллаа.

Улаанбаатарын төвлөрлийг задалж, нэг төвт хотоос олон төвт хотын тогтолцоонд шилжүүлэн орон сууц, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.

Н.Тэмүүжин: Улаанбаатарын түгжрэлийг 10 замын төлөвлөлтөөр шийднэ

Эх сурвалж: Б.Манлай, www.ikon.mn, 2023.05.01








Автотээврийн салбарт 15 жил ажиллаж буй иргэн Н.Тэмүүжин сүүлийн 8-9 жил зам тээврийн судалгаа, төлөвлөлтийг бие даан гүйцэтгэж байгаа аж. Тэрбээр автомашины түгжрэлийг бууруулах төсөл боловсруулснаа өнөөдөр танилцууллаа.


Тэрбээр "Түгжрэлд алдагдсан боломжийн өртөг 2022 онд 3.8 их наяд төгрөг буюу Монгол Улсын ДНБ-ний 10%-тай тэнцэж байна.


Мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй эдийн засаг, эрүүл мэнд, цаг хугацаа, байгаль орчин зэрэг хохирлыг бид амсаж байна.


Цаг хугацааны хохирлыг онцолбол, нийслэлийн нэг иргэн жилдээ 718 цаг буюу бүтэн нэг сарыг зам дээр өнгөрүүлдэг. Үүнийг дэлхийн түгжрэлтэй хотуудтай харьцуулахад Улаанбаатарчууд 3-7 дахин их хугацааг зам дээр өнгөрүүлж байна.


Түгжрэлийг бууруулахад иргэд олон нийтийн дунд багтаамж ихтэй тээврийн хэрэгслийг явуулах, хувийн тээврийг хязгаарлах, зах, худалдааны төв болон их, дээд сургуулийг хотын төвөөс гаргах асуудлыг ярьдаг. Зорчих урсгал руу хүргэх, зорчуулах хэрэгслийг өөрчлөх зохион байгуулалт хийгээд түгжрэл буурахгүй.


Замбараагүй газар олголт, эмх цэгцгүй тогтолцооны илрэл нь түгжрэл болдог. Зам өөрөө ачааллаа даахгүй байгаа нь түгжрэлийн нэг асуудал.


Замын болон автомашины гээд түгжрэл хоёр өөр. Дэлхийн улс орнууд замаа эхэлж төлөвлөөд барилга байгууламжаа шийддэг бол манай улсад энэ нь эсрэгээрээ байдаг.


Улаанбаатарын газарзүйн байршил, хүрээний онцлог байдал, хот төлөвлөсөн мөчлөг, хот төлөвлөлт алдагдсан зэрэг дөрвөн зүйлийг ярина.


Төрийн бүх салбарын төвлөрөл нь Улаанбаатарт байдаг. Өглөөдөө төв рүү, оройдоо зах руугаа гэдэг хөдөлгөөнтэй.


Гаднын зээл тусламжаар Нарны гүүр, Олимпын гүүрний бүтээн байгуулалтыг хийлгэсэн. Ингэхэд тухайн улс орнууд өөр, өөрийн орны стандартыг барьдаг.  Үүнээс болж зам тээврийн осол, түгжрэл үүсдэг. Эдгээр асуудлыг 10 замын төлөвлөлтөөр шийднэ.


10 замын төлөвлөлт гэдэг нь хэвтээ болон босоо тэнхлэг дэх өргөн чөлөө бүхий шууд холбогдох гол замын төлөвлөлтийг хэлнэ. Үүнд хотхон, хороолол доторх, туслах, холбоос замыг оролцуулаагүй.


20 орчим хэсгээс бүрдсэн 60 орчим км урттай авто замыг барьж, зөв холбовол Улаанбаатар хот хэвтээ болон босоо тэнхлэг дээрээ 10 өргөн чөлөөтэй болно. Геометрийн талаас харвал Улаанбаатарын зам төгс болж чадна. Таван кольцо бүхий тойрог үүсэж байгаа.


Улаанбаатар ганц том Энхтайваны өргөн чөлөөтэй. Нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт зорчих эрхийг өгсөн. Тэгвэл энэхүү төсөл хэрэгжсэнээр10 зам дээр нийтийн тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээгээр явах давуу эрхтэй зорчино.


Энхтайваны, Чингисийн,  Их Тойруу, Чингисийн өргөн чөлөөний гол замуудыг баруун, зүүн дөрвөн зам, төв шуудан, 32-ын тойргийн уулзварууд холбодог. Эдгээр уулзварт түгжрээ үүсдэг.


Баруун дөрвөн замын нэвтрүүлэх чадвар гурван эгнээ, хүлээн авах чадвар нь хоёр эгнээ болж явж байгаа. Өгөөжийн уулзвараас урагш Нарны замтай холбогдох үед нэг эгнээ болж бөөгнөрөл үүсдэг.


Зүүн дөрвөн замын хөдөлгөөн мөн ялгаагүй байна.


Гандангийн уулзвар дээр л гэхэд нэг эгнээнд хоёр тээврийн хэрэгсэл багтаж явдаг. Үүнээс болж мөргөлдөх, шүргэлцэх асуудал үүсдэг. Төслийн ач холбогдол эдгээрийг бууруулахаас гадна түгжрэлээс шалтгаалсан тээврийн үнийн өсөлт, агаар орчны бохирдлыг бууруулах, хүн амаа орон сууцжуулах гээд төр засгийн хэмжээний бодлогуудтай шууд уягдана.


Улаанбаатарын хаана ч амьдардаг байсан тэгш хүртээмжтэй тээврийн дэд бүтцээр бүрэн хангадах төлөвлөлтийг боловсруулсан" хэмээн танилцуулав.


"Өргөн чөлөө бүхий замын трасст барилга барьж болохгүй. Улсын нөөцөд авч үлдэхийг хэлээд энэхүү төслийг санаачилснаараа хувийн ашиг хонжоо хараагүй"-г нэмж хэллээ.

Ким Жун Гү: Түгжрэлийг бууруулаад буй БНСУ-ын технологийг Улаанбаатарт нутагшуулахад дэмжин ажиллана

Эх сурвалж: Б.Билгүүн, www.ikon.mn, 2023.04.28


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Бүгд Найрамдах Солонгос Улсаас /БНСУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр уулзлаа.


Шинээр томилогдсон Элчин сайдтай танилцах уулзалтын үеэр талууд Улаанбаатар болон Сөүл хотын харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын ажлын талаар санал солилцжээ. 


БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү нь энэ оны нэгдүгээр сарын 24-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид Жуух бичгээ өргөн барьсан билээ.


Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон танд баяр хүргэж, амжилт хүсье. БНСУ-ын Засгийн газрын зүгээс өнгөрсөн хугацаанд Монгол Улсын ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэн. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий гуравдагч хөрш болох БНСУ-тай хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд таатай байх болно" хэмээлээ.


Мөн Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах чиглэлд хийж, хэрэгжүүлж буй ажлуудын талаар тэрбээр танилцуулж, тэдгээрийг төсвийн болон олон улсын байгууллагын санхүүжилт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг онцолсон юм.


БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү "Түгжрэл, төвлөрөл бол аль ч улсын нийслэлд тулгамдаж байдаг томоохон асуудал. Иймд манай улсад нэвтрээд буй технологи, инновацыг Монгол Улсад, Улаанбаатар хотод нутагшуулахад дэмжин ажиллах болно. Түүнчлэн KOICA зэрэг байгууллагын Улаанбаатар хоттой хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжихэд анхаарч ажиллан, тусламж үзүүлэхийг хүсэж байна" гэсэн юм.


Монгол Улс болон БНСУ нь 1990 онд дипломат харилцаа тогтоосон билээ. Харин Улаанбаатар хот нь БНСУ-ын нийслэл Сөүл хоттой 1995 онд, Инчон хоттой 2017 онд ах дүүгийн харилцаа тогтоосон бөгөөд Намянжү, Пусан, Кёнсанбуг, Тэжон хоттой найрамдалт харилцаатай.

 








Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Ч.Батсуурь: Шинэ автобус 30 суудалтай. Босоо зорчигчдыг нэмээд нийт 70 хүний багтаамжтай

Эх сурвалж: www.ikon.mn. 2023.01.18. Г.Мөрөн






Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн жил 100 орчим автобус шинээр авсан.  


Харин он гарснаас хойш 117 шинэ автобус оруулж ирснээс 30 автобусыг зургаан чиглэлд үйлчилгээнд явуулж эхлээд буй. Тэгвэл дараагийн 30 автобусыг энэ долоо хоногт багтаан үйлчилгээнд гаргахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Шинээр ирсэн автобуснуудыг зорчигч тээврийн үйлчилгээнд явуулах бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Техник технологийн хэлтсийн дарга Ч.Батсууриас тодрууллаа.


-Энэ сард оруулж ирсэн эхний 30 автобус үйлчилгээнд явж эхэлсэн. Дараагийн ээлжийн автобус хэзээ үйлчилгээнд гарах вэ?


-Шинээр орж ирсэн автобусыг хүлээн авах, үйлчилгээнд гаргах бэлтгэл хангах ажлын комисс томилогдсон. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас эхний 30-ыг нь үйлчилгээнд гаргасан байгаа, дараагийн 30-ыг нь хүлээн аваад бэлтгэл ажлыг дэс дараатай хангаж байна.


Шинэ автобуснуудад улсын бүртгэлийн дугаар авч, нийтийн тээврийн бүртгэлийн нэгдсэн санд бүртгэдэг. Үүний дараа “Улаанбаатар Смарт карт” компанийн цахим төлбөрийн системийг суурилуулна.


-Бэлтгэл ажилд хэр хугацаа зарцуулж байна вэ?


-Нэг автобусанд цахим төлбөрийн төхөөрөмж угсрахад дунджаар 1-2 цаг болж байна. Дараагийн 30 автобусны тоноглол, суурилуулалтыг даруй дуусгаад, маргааш, нөгөөдрөөс буюу энэ долоо хоногтоо багтааж үйлчилгээнд гаргах юм. Төхөөрөмж угсрах, суурилуулах ажил дууссаны дараа улсын байцаагч хүлээн авч, дүгнэлтээ гаргана.


-Өнгөрсөн онд оруулж ирсэн 60 автобуснаас шинэ автобуснууд юугаараа ялгаатай байна вэ. Үзүүлэлт нь ямар вэ?


-2022 онд орж ирсэн 60 автобусыг мөн энэ компани нийлүүлсэн. Шинэ автобусны хувьд техникийн үзүүлэлтүүд, хүчин чадал нь сайжирсан. Тухайлбал, өмнөх автобусны моторын багтаамж 6,400 cc байсан бол шинийнх нь 8,400 сс болсон. Мөн жолоочийн суудал хий нумтай, арьсан бүрээстэй болсон тул илүү тухтай.


Нийтийн тээврийн үйлчилгээнд явах шинэ автобусны хяналтын систем илүү сайжирсан нь зорчигчдын аюулгүй байдал талаасаа маш чухал. Тухайлбал, хяналтын камерын тоо болон багтаамж нэмэгдсэн, мөн онлайнаар холбогдох, хянах боломжийг бүрдүүлсэн.


-Автобусны багтаамж нь хэр вэ. Хэдэн суудалтай вэ?


-Зорчигчийн 29, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нэг буюу нийтдээ 30 хүний суудалтай. Босоо зорчигчдыг нэмээд нийт 70 хүний багтаамжтай.


Бид энэ удаад суудлын бүрээс, тоноглолын материалыг илүү сайжруулж захиалсан тул эдэлгээ удаан. Өмнө нь оруулж ирсэн автобуснууд нэг шаттай байсан. Харин энэ бол шууд нам шаттай, тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, энгийн зорчигчид ч бууж, суухад хялбар. Мэдээж цонх цантахгүй, агааржуулалттай гээд тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн.


-Автобус эвдэрсэн тохиолдолд хэрхэх вэ. Сэлбэг хэрэгслийн олдоц хэр бол?


-Гэрээний дагуу үйлдвэрээс хоёр жил, 150 мянган км-ийн баталгааг өгч байгаа. Түүнчлэн хурдан элэгддэг сэлбэг хэрэгслийн хувьд тодорхой хугацааны баталгааг ч гаргасан. Ямар нэгэн байдлаар эвдэрч гэмтсэн тохиолдолд сэлбэг хэрэгслийг үйлдвэрээс захиалаад нийлүүлэх нөхцөлийг гэрээндээ тусгасан.


 


Эх сурвалж: Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Улаанбаатарын замын хөдөлгөөнд ачааны машин оролцуулах зөвшөөрлийг цахимаар олгодог болжээ

Эх сурвалж: www.ikon.mn. 2023.01.18. Б.Манлай





Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалтайгаар оролцуулах түр зөвшөөрлийг цахимаар олгодог болжээ. Түр зөвшөөрөл авах иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь www.smartcar.mn болон www.e-mongolia.mn веб сайтаар дамжуулан цахимаар хүсэлтээ илгээх боломжтой. 


НИТХ-аас баталсан Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалтайгаар оролцуулах түр зөвшөөрөл олгох журмын дагуу B, C болон C, E ангиллын машинууд журамд заасан байршлууд дахь замын хөдөлгөөнд 08:00-21:00 цагийн хооронд оролцохдоо түр зөвшөөрөл авдаг. Тэгвэл уг зөвшөөрлийг авахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлэх юм байна.


 Аж ахуйн нэгж, байгууллага:


Хүсэлт гаргасан албан бичиг

Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, ажил эхлүүлэх зөвшөөрлийн хуулбар

Ачааны автомашин, чиргүүлийн ерөнхий байдлыг харуулсан, дөрвөн талаас авсан зураг /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтад зааснаар гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалт, эсвэл улаан өнгийн гэрэл ойлгуурыг нэмж байрлуулах, тэвшний улсын дугаарын бичиглэл байх/

Ачааны машин, чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар

Тухайн компанитай хамтарч ажиллаж байгаа гэрээний хуулбар 

Хувь хүн:


Түр зөвшөөрөл авах хувийн хүсэлт

Цагийн хязгаарлалт тогтоосон гудамж зам руу зайлшгүй зорчих шаардлагыг нотлох

Баримт бичиг /ачаа тээвэрлэлтийн гэрээ гэх мэт/

Хамтран ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, ажил эхлүүлэх зөвшөөрлийн хуулбар

Ачааны автомашин, чиргүүлийн ерөнхий байдлыг харуулсан, дөрвөн талаас авсан зураг /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтад зааснаар гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалт, эсвэл улаан өнгийн гэрэл ойлгуурыг нэмж байрлуулах, тэвшний улсын дугаарын бичиглэл байх/

Ачааны машин, чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар гэсэн бичиг баримтыг бүрдүүлэн илгээнэ.

Материалуудыг бүрэн илгээсэн тохиолдолд хүсэлтийг өдөрт нь шийдвэрлэж байгаа бөгөөд цахимаар авсан зөвшөөрлийг хэвлэн ашиглах боломжтой. Түр зөвшөөрлийн хураамжийг Q-Pay, интернэт банк болон төлбөрийн бусад системээр Төрийн сангийн 100200051055 дансанд тушаах аж.

Н.Намуу: Зайсан тойруугийн гудамжны зам энэ сарын 21-нээс нэг чигийн хөдөлгөөнтэй болж, уулын замын ачаалал буурна

 Эх сурвалж: www.ikon.mn. 2023.01.18. Т.Саран










Нэгдүгээр сарын 21-нээс Зайсан тойруугийн гудамж замын хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулах болсон талаар мэдээлэл өглөө. 


Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт хяналтын хэлтсийн дарга Н.Намуу "Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга үүрэг өгсний хүрээнд Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнд оруулах, ХААИС-ийн зүүн хойд талын уулзварын хөдөлгөөн зохицуулалтын талаар мэдээлэл өгье.


Зайсан тойруутай огтлолцож байгаа Дүнжингаравын буюу уулын зам, Туулын гүүр, Оргил гээд энэхүү замын хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотой асуудал юм. Энэхүү хөдөлгөөн зохион байгуулалтын ажил 2023 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 06:00 цагаас эхэлнэ. Нэг чиглэлийн хөдөлгөөнд оруулах схемийн хувьд ХААИС-ийн баруун хойд уулзвар, Хийморийн овоо талаасаа буюу Дүнжингаравын гудамж баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэлтэй урагшаа хойшоо чигээрээ явна. Харин хойноос зөвхөн чигээрээ буюу баруун эргэнэ. Яагаад гэвэл зүүн тийшээ нэг чигийн хөдөлгөөнтэй. Дугуй цагаан руу явдаг гурван замын уулзвар байдаг. Энэ хэсэг бас нэг чигийн хөдөлгөөнд орж байгаа. 


Нэг чиглэл гэдэг нь сөрөг хөдөлгөөн байхгүй учраас тухайн хөдөлгөөнд оролцогчид тэмдэг, тэмдэглэлийн заалтыг сайн баримталж хөдөлгөөнд оролцохгүй бол хөдөлгөөний аюулгүй байдал хангагдахгүй байх эрсдэлтэй. 


Хөдөлгөөний нөхцөл байдлын хувьд яагаад тухайн зохион байгуулалтын хийж байгаа вэ гэвэл Улаанбаатар хотын гол төвлөрлийн бүс болох Их болон бага тойруугийн хөдөлгөөн урагшаа буюу Зайсан чиглэлд зорчих хөдөлгөөн их байдаг.


Зайсан чиглэлийн хөдөлгөөн зохион байгуулалтын хийх явцад Туулын гүүрээр ганцхан эгнээгээр урагшаа оруулдаг. Орой, өглөө болгон сөрүүлэх хөдөлгөөн зохион байгуулалтаар тээврийн цагдаагийн алба тус хөдөлгөөнийг зохион байгуулдаг. Тэгэхээр энэ ажлыг хийснээр хотын төвлөрлийн бүсийн түгжрэл багасна гэж хэлэхгүй. ХААИС-ийн уулзвар огтлолцолгүй болоод, Зайсан тойруугаа тойроод баруунаас зүүн чиглэлд зорчих иргэд ХААИС дээр гэрэл дохионы хүлээлтгүйгээр баруун эргэх боломжтой болж байна. Ингэснээр уулын замын ачаалал буурна. Уулзварын нэвтрэх чадвар 35.5 хувь сайжирна гэж үзэж байгаа" гэдгийг хэллээ. 




Б.Гомбосүрэн: Зайсан тойруугийн гудамжны замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулахад 47 уулзвар, орц, гарцад 55 түр тэмдэг тавина


Эх сурвалж: www.ikon.mn





Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн цагдаагийн газрын замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Б.Гомбосүрэн Зайсан тойруугийн гудамжны замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. 


Тэрбээр "Нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн гаргасан шийдвэрийн дагуу нийт 47 уулзвар, орц, гарц дээр 55 түр тэмдэг тавина. Зайсан тойруугийн хөдөлгөөн зогсонги байдгаас Төв шуудангийн уулзварын хөдөлгөөн явдаггүй. Үүнээс шалтгаалж Энхтайваны өргөн чөлөө, баруун дөрвөн зам, зүүн дөрвөн зам, хойд тал, талбайн баруун талын хөдөлгөөн урагшлахгүй хөдөлгөөн хязгаарлагддаг. 


Энэ бүхнээс шалтгаалж иргэд гомдол гаргадаг. Тээврийн цагдаагийн алба хаагчид хөдөлгөөнийг хязгаарлаж байна гэсэн нөхцөл байдал үүсдэг. Нэгдүгээр сарын 21-нээс Зайсан тойруугийн гудамжны замын хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулах болсноор уг нөхцөл байдал арилах боломжтой.


Уулын замын тухайд баруун тал нь Яармагийн гүүр, зүүн тал нь Их тэнгэрийн ам гэж хөдөлгөөн хязгаарлагддаг. Тухайн хөдөлгөөн тэнцвэртэй явагдах давуу талтай" гэсэн юм. 




Б.Тамир: ХААИС-ийн зүүн талын автобусны буудлыг танктай хөшөөний баруун хойд талд шилжүүлнэ


Эх сурвалж: www.ikon.mn.





Зайсан тойруугийн гудамж замын хөдөлгөөний зохион байгуулалтыг өөрчилснөөр нийтийн тээвэрт ямар өөрчлөлт орох талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир мэдээлэл өглөө. 


Тэрбээр "Нийтийн тээврийн зургаан чиглэлийн 61 автобусанд тодорхой хэмжээний өөрчлөлт орж байгаа. Зайсан тойрууг тойруулснаар нийтийн тээврийн автобус явах чиглэлийн зам 600 метрээр урт болж байна. ХААИС-ийн зүүн талын автобусны буудлыг хойшоо Зайсангийн гудамж буюу танктай хөшөөний баруун хойд чиглэл рүү шилжүүлэх ажил хийгдэнэ. Хоёр автобусны буудал хоорондын зай 350 метр байгаа учраас явган зорчигч автобус хүлээж буй иргэд уг зайд түүртэхгүй явах боломжтой. 


Өөрчлөлт орох нийтийн тээврийн зургаан чиглэл:


Ч42: Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан 

Ган хийц-Ханын материал-Зайсан,

Зайсан-Дэнжийн мянга-Засгийн газрын авто бааз-Ссогоотын гудамж,

Зайсан-Офицеруудын ордон

Зайсан- Цэцэг төв-11 дүгээр хороолол

Богдхан амралт-Сүхбаатарын талбай гэсэн чиглэлүүд бий" гэлээ.



Нийтийн тээврийн 224 автобусыг БНХАУ-аас 59.5 тэрбум төгрөгөөр авчээ

Эх сурвалж: www.ikon.mn. 2023.01.17. Б.Манлай





Улаанбаатарын нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийж 117 шинэ автобус авчраад байгаа. Ирэх сард 107 автобусыг авснаар нийт 224 шинэ автобустай болохыг албаныхан мэдээлээд буй. Харин эдгээр автобусыг ямар үнээр авсныг ил болгохыг олон нийтийн сүлжээгээр иргэд шаардаж байсан. НЗДТГ-аас шинэ автобусны үнийг нийтэд зарлажээ.


Тодруулбал, БНХАУ-ын "Xiamen Golden Dragon" үйлдвэрээс шинэ автобусыг нэг ширхгийг нь 561,081 юань буюу 265,300,000 төгрөгөөр авчээ. Ингэснээр 224 автобусыг 59.5 тэрбум төгрөгөөр гэрээлсэн байна. Эрээн хотоос автобуснуудыг зөөж авч ирэх зардал нь 11,825,000 төгрөг.

Автобус худалдан авах тендерт БНСУ, БНХАУ-ын нийт долоон компани саналаа ирүүлснээс хамгийн хямд үнэтэйг нь сонгосон гэв.


Энэ долоо хоногт эхний 30 шинэ автобусыг техникийн хяналтад оруулан үйлчилгээнд гаргасан бол үлдсэнийг нь Лхагва, Баасан гарагт явуулах аж.


Шинэ автобусны техникийн үзүүлэлтүүд:


Евро стандартын шаардлага хангасан, 8,400 cc хүчин чадалтай, евро V дизель хөдөлгүүртэй

Хана, тааз, шал зэрэг эд анги нь гал, усанд тэсвэртэй, туршилтаар нотлогдсон

Хажуу цонх нь нэг комоос бүрдсэн, бууралттай, цантдаггүй, давхар вакум шилтэй, гулсаж онгойдог

Заал агааржуулалтын болон иж бүрэн дулаацуулгын системтэй

Жолоочийн суудал зөөлрүүлэгчтэй, зориулалтын арьсаар бүрсэн, чанга яригчтай

Нийтийн тээвэрт тавигдах хотын стандартын дагуу уламжлалыг хадгалсан өнгө үзэмж, гадна загвартай

Тусгай хэрэгцээт иргэнийг тээвэрлэхэд зориулагдсан налуу шат болон тэргэнцрийн бэхэлгээтэй

Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн дугаар, хаяг бүхий цахим дэлгэцийг автобусны урд, баруун, хойд талд байрлуулсан

Хөдөлгүүрийн хэсэгт галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчтай юм байна. 

Б.Тамир: Хотын төвөөр шинэ автобус явуулаад зах руугаа явуулахгүй гэсэн зорилго байхгүй

Эх сурвалж: www.ikon.mn. 2023.01.16. Б.Манлай






Улаанбаатарт БНХАУ-аас 117 шинэ автобус авчраад буй. Эдгээр автобусны 30-ыг нь өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд гаргажээ. Энэ талаар холбогдох албаны хүн мэдээлэл өглөө.


Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Б.Тамир "Өнөөдрийн байдлаар зургаан чиглэлд тус бүр таван шинэ автобусыг үйлчилгээнд гаргасан. Тодруулбал, “Чингэлтэй-Зүрх уул”, “Хайлааст-МУБИС”, “Таван шар-Ботаник” чиглэлд явж байгаа.


Нийтийн тээврийн газраас шинэ суурьшлын бүс рүү иргэдэд 19 чиглэлд 56, богино эргэлтээр 10 чиглэлд 44 автобусыг үйлчилгээнд гаргахаар төлөвлөсөн. Тухайлбал, Шинэ Яармаг хороолол, Нисэхийн эцэс, Туул гарден, Хан хилс хотхон руу нийтийн тээврийн автобус явуулна.


Богино эргэлтийн тухайд Тоосгоны үйлдвэр-Сансрын тойрог-Жанжин клуб-Кино үйлдвэр гээд нэг уртын чиглэлийг Тоосгоны үйлдвэр-Сансрын тойрог, Жанжин клуб-Кино үйлдвэр гэсэн хоёр хэсэг болгосон. Ингэснээр тухайн чиглэлд явж байгаа автобусны хурд нэмэгдэж, зорчигчийн хүлээгдлийн хугацаа багасаж байгаа юм.


Шинэ автобусыг Улаанбаатарын нийт зорчигчдодоо хүргэнэ. Хотын төвөөр шинэ автобус явуулаад зах руугаа явуулахгүй гэсэн зорилго байхгүй. Гол гол үндсэн чиглэлд шинэ автобуснуудаа явуулна.


Ирэх хоёрдугаар сард орж ирэх 107 автобусыг шинэ төлөвлөлтөөр явуулна. Хотын хэмжээнд шинэ автобуснуудыг явуулах цогц төлөвлөгөө хийгдэж байна" хэмээн ярилаа.

Авто зам сэтлэх, орц, гарц гаргах эрх зүйн бичигт өөрчлөлт оруулахаар болжээ

Эх сурвалж: ikon.mn, 2022.04.14





Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Авто зам сэтлэх болон авто замын орц, гарц шинээр гаргах ажлын эрх зүйн баримт бичгийн талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан танилцуулав.


Улаанбаатар хотод авто замын зурвас газар, инженерийн шугам сүлжээ шинэчлэх, шинээр байгуулахдаа Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/926 дугаар Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах, хамгаалах журам, 2017 оны А/300 дугаар захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны А/192 дугаар тушаалыг мөрдлөг болгодог.


Дээрх захирамж, тушаалын хэрэгжилтийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хангаж зохион байгуулахаар тусгасан байдаг боловч бодит байдал дээр Нийслэлийн Замын хөгжлийн газар голлон ажилладаг байна. Үүнээс болж иргэд, аж ахуйн нэгж төдийгүй төрийн байгууллагуудын дунд үл ойлголцол үүсдэг аж.


Хотын дарга нэг жил зам тавьдаг, дараа жил нь тавьсан замаа хуулдаг. Стандартын дагуу зам тавьж чаддаггүй гэдэг асуудал байнга яригддаг. Мөн үүнээс болж төсвөөс гаргаж байгаа зардал үр дүнгүй болдог. Иймээс холбогдох байгууллагууд уялдаатай ажиллах хэрэгтэйг хэллээ.


Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, “Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах, хамгаалах журам”-ыг Авто замын тухай, Зөрчлийн тухай хууль, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дүрмийн холбогдох заалтуудад нийцүүлж, зөвхөн авто зам, замын байгууламжид хамаарах хэсгийг Нийслэлийн Замын хөгжлийн газар зохион байгуулахаар тусгаж, Нийслэлийн Засаг даргын захирамжуудад өөрчлөлт оруулан батлуулахыг Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэнд үүрэг болгов.


 


Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Нийтийн тээврийн орлого 2017 онд ₮50 тэрбум байсан бол 2021 онд ₮25 тэрбум болсон гэв

Эх сурвалж: ikon.mn, 2022.04.14





Нийслэлийн нийтийн тээврийн газар болон “Сити баз консалтинг” ХХК-тай байгуулсан гэрээний биелэлтийг шалгаж, үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулах Ажлын хэсэг тайлангаа танилцуулав.


Тус компани таван чиг үүрэгтэйгээр анх 2017 онд байгуулагджээ. Анх 324 хүний орон тоотой байсан бол өдгөө 189 хүн ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны захирамжаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчийг ажиллуулах гэрээ байгуулах эрхийг Нийтийн тээврийн газрын даргад олгосон байдаг. Энэ дагуу 2017 оны гуравдугаар сард байгуулагдсан “Сити баз консалтинг” ХХК-тай наймдугаар сарын 18-нд гэрээ байгуулжээ.


Гэрээ есөн зүйл, заалтаас бүрдсэн бөгөөд дөрвөн удаа гэрээг сунгаж, өөрчлөлт оруулсан байна. Гэрээний гол зорилго нь нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогыг нэмэгдүүлэх байсан ч гэрээ байгуулснаас хойш орлого жил бүр буурчээ. Өөрөөр хэлбэл, гэрээгээр хүлээсэн үүргээ нэг ч удаа биелүүлээгүй гэсэн үг юм.


2017 онд нийслэлийн нийтийн тээврийн орлого 50 тэрбум байсан бол 2018 онд 43 тэрбум, 2019 онд 36, 2020 онд 27, 2021 онд 25 тэрбум болж, 50 хувиар буурчээ. Гэсэн атлаа нийслэлийн төсвөөс гарч байгаа мөнгөн дүн нэмэгдсээр ирсэн байна. 2017 онд нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн байгууллагуудад 50 тэрбум төгрөг олгож байсан бол 2021 онд 105 тэрбум болж өсжээ. 2015 оноос хойш 360 тэрбум төгрөгийг дээрх аж ахуйн нэгжүүдэд өгчээ.

Нийслэлийн нийтийн тээврийн газраас “Сити баз консалтинг” компанитай байгуулсан гэрээгээ сар тутам дүгнэдэг ч хангалттай, бүрэн хангалттай гэж дүгнэдэг. Үзүүлэлтийг дүгнэх дүрэм, журам байдаггүй. Шүүхийн шийдвэр энэ гэрээг хууль бус, ашиг сонирхол, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж гарсан ч одоог хүртэл гэрээ үргэлжилж байгаа юм. Тус компанид гэрээ байгуулсан цагаас хойш 17.1 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвийн орлогоос өгчээ. Жил бүр 3-4 тэрбум төгрөг өгсөн боловч төсвийн орлогыг сайжруулах үүргээ биелүүлээгүй байна. Иймээс гэрээний хэрэгжилт бүрэн биелээгүй тул гэрээг цуцлах саналыг Ажлын хэсгээс гаргасан байна.


Нийтийн тээврийн хотоос мөнхийн татаастай байдлыг цэгцэлж, зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй байгааг онцолж байв. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн тус гэрээг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд цуцлахыг нийслэлийн Нийтийн тээврийн газарт Хотын даргын зөвлөлөөс үүрэг болгожээ.


 


Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

"Автобусны парк шинэчлэлийг наймдугаар сарын 25-ны дотор хийнэ"

Эх сурвалж: 2022.04.14, ikon.mn





Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн тайлан болон тусгайлан өгсөн үүргийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.


Ажлын хэсгийн зорилго нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, замын хөдөлгөөний хэт ачаалал, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийн салбарт байгаль орчинд ээлтэй, цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх тооцоо, судалгаа хийж, авах арга хэмжээний санал боловсруулах юм.


Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн 101 чиглэлд 985 автобус үйлчилгээнд явж байна. Нийтийн тээврийг хүртээмжтэй болгохын тулд 124 чиглэлд 1,432 автобус явуулах буюу чиглэлийн тоог 23, автобусны тоог 447-гоор нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Мөн цаашид ямар автобусыг үйлчилгээнд нэвтрүүлбэл ашигтай вэ гэдгийг судалжээ. Цахилгаан автобус анхны хөрөнгө оруулалт өндөр боловч удаан хугацаандаа ашигтай гарсан байна.


Өдгөө нийтийн тээвэрт бүртгэлтэй байгаа 1,240 автобусны 75 хувь нь 10-аас дээш жил болсон бол 18 хувь нь 7-9 жил болжээ.


Харин таван хувь нь 4-6 жил, 0.7 хувь нь 1-3 жилийн насжилттай байна. 2009 онд хуучин 400 автобусыг оруулж ирснээс хойш томоохон парк шинэчлэл хийгээгүй. Энэ жил 500 гаруй автобус жагсаалтаас гарахаар байгаа бөгөөд шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарсан. Тиймээс энэ онд цахилгаан хөдөлгүүртэй 150, дизель хөдөлгүүртэй 441, нийт 591 автобус авч, парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар 60-ыг худалдан авсан боловч хил дээр саатаад байгаа юм.


Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор такси тээврийн үйлчилгээг хөгжүүлж, менежментийг сайжруулах болон гадаад, дотоодын санхүүгийн эх үүсвэрээр нийтийн тээврийн автобусны паркийг шинэчлэх асуудлыг Засгийн газар, НИТХ-д танилцуулахаар боллоо. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн худалдан авах ажиллагааг наймдугаар сарын 25-ны дотор багтаан, холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах, Засгийн газар, холбогдох эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэхийг үүрэг болгов.


Нийтийн тээврийн шинэчлэлээр орж ирэх цахилгаан болон дизель  хөдөлгүүртэй автобусны гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх саналыг боловсруулж, 14 хоногийн дотор Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэхийг даалгалаа.


Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах захирамж гарна

Мөн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ танилцуулав.


Тэрбээр “Автобусны чиглэлийг богиносгох, бүсчилж богино эргэлттэй болгох шаардлагатай байна. Мөн Хотын стандартад туссан жолооч нарын үйлчилгээ, соёлыг сайжруулж, сургалт зохион байгуулах, дүрэмт хувцастай болгох хэрэгтэй.


Түүнчлэн камерын хяналтын нэгдсэн системийг хөгжүүлнэ. Бүх автобус камертай ч онлайнд холбогддоггүй. Ингэснээр жолооч үйлчлүүлэгчтэй хэрхэн харилцаж байгаа, бэлэн мөнгө авч байгаа эсэх, тамхи татаж байгаа зэргийг хянах боломжтойгоос гадна төлбөр шалгагч ажиллах шаардлагагүй болно.  Богино эргэлт хийснээр чиглэлийн урт 25 хувиар богиносож, давхцал 30 хувиар буурч, автобус хүлээх хугацаа 5-8 минут болно” гэв.


Түүнчлэн нийтийн тээрийн орлого буурахад төлбөрийн олон сонголтгүй, бэлэн мөнгөөр төлбөр авдаггүй болсон зэрэг нь нөлөөлж, нийслэлийн төсөвт орох орлогын 22-25 хувь нь жолоочийн халаасанд ордог гэсэн судалгаа гарчээ. Жолооч нарт бэлэн мөнгө өгдөг зөрчил өдөрт гарч байгаа зөрчлийн 49 хувийг эзэлж байна. Мөн автобусны буудлаа шинэчлэх шаардлага бий болжээ.


Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай саналыг зарчмын хувьд дэмжиж, редакцын засвартайгаар Нийслэлийн Засаг даргын захирамж гарахаар болов.


Койзүми Тайга: Түгжрэлийг бууруулах чиглэлээр гүүрэн зам, түвшин зөрүүлэх уулзваруудын бүтээн байгуулалтыг санал болгож байна

Эх сурвалж: ikon.mn,  2022.03.25





Монголын эдийн засгийн чуулганаас зохион байгуулж буй "Хот, хөдөөгийн сэргэлт" урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлого чиглэл, шийдвэрлэх арга замын талаар салбарын төлөөллүүд хэлэлцсэн юм. 


"Гүүрэн байгууламж, нүхэн гарцыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн"

Нийслэлийн Засаг даргын орлогч, Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Одсүрэн хэлэхдээ "Улаанбаатар хотод тулгамдаж буй гол асуудлын нэг нь түгжрэл юм. Дэлхийн улс орны хотууд замынхаа хөдөлгөөнийг зохицуулахдаа цаг бага алдаж, төлөвлөлтийг оновчтой болгох гэх мэт цогц арга хэмжээг хэрэгжүүлдэг. Манай улсын хувьд замын хөдөлгөөний багтаамж, сүлжээ даацыг яаралтай нэмэгдүүлэхгүй бол нийслэлийн гол гудамж замууд 1970 оноос хойш огт нэмэгдээгүй" гэв. 


Мөн тэрбээр замын түгжрэлийг бууруулах чиглэлд хийж хэрэгжүүлэх ажлыг танилцуулахдаа "Сургууль, цэцэрлэг эхлэхтэй зэрэгцэн замын хөдөлгөөн илт нэмэгддэг. Үүний тооцооллыг бид гаргасан байгаа. Энэ хүрээнд хамран сургах тойрогтоо сургуулийг бий болгох, сургуулийн хүртээмжийг сайжруулах шаардлага үүссэн.


Түүнчлэн хотын үндсэн гурван чиглэлд баруунаас зүүн тийш нэвт хөдөлгөөнд оролцох боломжтой нийтийн тээврийг хөгжүүлэх сүлжээтэй болох ёстой. Мөн хотыг хувааж буй Туул, Сэлбэ гол болон төмөр замуудыг стандартын дагуу шийдвэрлэх хэрэгтэй.Тодруулбал, 1-2 километрийн шатлалтай гүүрэн байгууламж, нүхэн гарц гэх мэтчилэн замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн. Энэ чиглэлд ажиллаж байгаа хэмээн ойлгож болно.


Улаанбаатар хот руу дөрвөн захаас цагийн хуваарийн дагуу орж ирэх зорчилтыг бий болгох үүднээс хүн галт тэрэг төслийг нэвтрүүлж ажиллах юм.


Хөдөө орон нутгаас орж ирж буй автомашины урсгалын баруун, зүүн чиглэлд нийтдээ 30,000 автомашины зогсоол бүхий терминал гаргаж, худалдаа ложистикийн зохион байгуулах ажлыг мөн төлөвлөж байна" гэв.


  "Баянбүрдийн тойргоос гүүр болон агаарын замыг барьснаар түгжрэлийг 101 секундээр хорогдуулах боломжтой"

Японы ЖАЙКА олон улсын байгууллагаас Улаанбаатарын авто тээврийн чиглэлд хийсэн судалгааг үндэслэн хэд хэдэн саналыг хүргүүлсэн юм.  Үүнтэй холбоотойгоор  ЖАЙКА-ын Монгол Улс дахь Дэд бүтэц, хувийн хэвшлийн салбар хариуцсан төлөөлөгч Койзүми Тайга "Манай байгууллагын зүгээс Улаанбаатар хотын төвлөрлийг багасгаж, түгжрэлийг бууруулах чиглэлд бүтэн жилийн турш судалгаа хийж, дүн шинжилгээ гаргаад таван гол төслийг санал болгож байна. Мөн ирээдүйд хэрэгжүүлэх урт хугацааны гурван төслийг хэлэлцүүлгийн хүрээнд сонгон авлаа. Нийслэлийн түгжрэлийг цогцоор нь шийдэхийн тулд авто замын сүлжээг сайжруулах гүүрэн зам болон түвшин зөрүүлэх уулзваруудын бүтээн байгуулалтыг санал болгож байна. Энэ нь гүүр суурилуулж агаарын хурдны замыг бий болгох төсөл юм.


Нийслэлийн зүүн талын замын сүлжээг Нарны замтай холбох төсөл

Саппорогийн тойргийн замыг өргөжүүлэх төсөл

Баянбүрдийн тойргоос гүүр болон агаарын зам бий болгоно гэж тооцож байгаа.

Ингэснээр Яармагийн бүсээс - Улаанбаатарын вокзал хүртэл 60 минутаар зорчих тээврийн хугацааг багасгана хэмээн тооцож байна. Агаарын гүүрийг бий болговол Саппорогийн тойргоос түгжрэлийн цагийг 120 секундээр багасгана.  Баянбүрдийн тойргоос гүүр болон агаарын замыг бариад түгжрэлийг 101 секундээр бууруулах тооцоо бий.

10 жилийн өмнө барьсан Нарны гүүр, Нарны замын талаар Улаанбаатар хотын иргэд талархалтай хандаж байдаг. Зөвхөн зам бариад орхих бус, ашиглалтад онцгой анхаарах хэрэгтэй.


 "Замын түгжрэлээс үүдсэн алдагдлыг эцсийн бүлэгтээ хэрэглэгчид л төлж байдаг"

Архитектур З.Туяа "Түгжрэл бол алдагдлууд юм. Тэгэхээр алдагдлаа тодорхойлж, хэмнэлтээ ярих ёстой. Бид түгжрэхгүй болсноор юу хэмнэх вэ. Юун түрүүнд цаг хэмнэнэ. Хэмнэлтээ дагаад бүтээмж яригдах болно. Хүн амын 50 хувь нь амьдарч байгаа юм бол ажиллах хүчний хэдэн хувь нь энд байна вэ гэдгийг тооцох ёстой юм. Замын түгжрэлээс үүдсэн алдагдлыг эцсийн бүлэгтээ хэрэглэгчид л төлж байдаг. Одоо байгаа бүсүүддээ тулгуурлан нийтийн тээврийн төлөвлөлтөө хийх нь зүйтэй болов уу. Үүн дээр дөрвөн дэд төвийн уялдааг бодох ёстой. Тиймээс салбар хоорондын уялдаа хамгийн чухал. Улаанбаатар хотыг дагуул хот болон хөдөөгийн хотуудтай холбон хөгжүүлэхийн тулд мэдээлэл нэн чухал байдаг" хэмээн хэллээ.


"Ухаалаг удирдлагын систем байхгүй бол замаа өргөтгөөд, шинэ зам бариад ч үр дүн санаснаар гарахгүй"

“Шунхлай” группийн “Цахим хот” төслийн зөвлөх Б.Бямбасайхан "Хүн амын хувьд Улаанбаатар хоттой ойролцоо 110 хот байна. Эдгээр хот бүгд түгжрэлийн асуудалтай. Олон хот түгжрэл бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн дотор их өгөгдөлд суурилсан цахим системийг нэвтрүүлж буй юм. Ухаалаг удирдлагын систем байхгүй бол замаа өргөтгөөд, шинэ зам бариад ч үр дүн санаснаар гарахгүй. Дижитал шилжилт хийж байж төслүүд үр дүнтэй болох юм.  Түүнчлэн судалгаа, төлөвлөгөө маш их бий. Үүнийг түргэтгэхийн тулд хувийн хэвшлийн салбарын дэмжлэгийг авах хэрэгтэй. Хотын хөгжил, түгжрэлийг бууруулах тал дээр хувийн хэвшлийнхэн оролцох эрх нь нээгдсэн гэдгийг Хотын дарга түрүүн хэлсэн. Энэ бол дэвшил.


“Цахим хот” төслийн тухайд их өгөгдөлд суурилсан бодлогын шийдвэрийг гаргахад туслах зорилго бүхий төсөл юм. Жишээ нь, хотын төв рүү ороход татвар нэмэх нь зөв үү, буруу юу гэдгийг ухаалаг удирдлагын системээр шийддэг байх учиртай юм" гэв.


Их багтаамжийн болон байгалийн хийн хөдөлгүүртэй, цахилгаан автобусны машин/цагийн зардлын тарифыг шинэчлэн баталлаа

Эх сурвалж: ikon.mn,  2022.03.24





Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар "Машин цагийн зардлын тариф шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа.


Нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагуудын 2021 оны гүйцэтгэлээс харахад нийт зардалд шатахуун 35 хувь, тос 2 хувь, сэлбэг хэрэгсэл 10 хувь, цалингийн зардалд 29 хувь, НДШ-ийн зардалд 4 хувийг зарцуулжээ. Харин бусад зардал 13 хувийг эзэлж байна.


Инфляцын түвшин, гадаад валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан тос, тослох материал болон сэлбэг хэрэгсэл, бусад бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Мөн шатахууны үнэ, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдсэн зэрэг нь “Машин цагийн тариф”-т өөрчлөлт оруулах шаардлага бий болсныг нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хэлэв.


Уг тогтоолын төсөлд машин цагийн зардлын тарифыг их багтаамжийн автобус 44,024 төгрөг, дунд багтаамжийн автобус 39,676, байгалийн хийн хөдөлгүүртэй автобус 48,924, цахилгаан автобус 45,210 төгрөг байхаар тусгасан байна. Харин угсраа автобус болон троллейбусны тарифт өөрчлөлт орохгүй аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгч П.Ганзориг цахилгаан автобусны хэрэглээг хэзээ нэмэгдүүлэх талаар тодрууллаа.


Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхэд санхүүгийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.  Энэ талаарх ажлын хэсгийг миний бие ахалж, парк шинэчлэлийг үе шаттай хийхээр төлөвлөн ажиллаж байна. Цахилгаан автобусны тухайд дэд бүтцийг бэлэн болгох  шаардлагатай.


Автобусны эцсийн зогсоолууд болон алслагдсан  цэгүүдэд цэнэглэгч байгуулах боломж, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнээс цэнэглэгч байршуулах хүчин чадлыг  тооцож, судалгааг хийсэн. 


2024 он гэхэд нийтийн тээврийн үйлчилгээнд  явж буй автобуснуудын 50-иас дээш хувийг цахилгаан автобус руу шилжүүлэхээр зорьж байна” гэв.  


 


Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Д.Сумъяабазар: Тулгуурт гүүрэн байгууламжийн эхний 21.2 км-ийг 2024 оны тавдугаар сард ашиглалтад оруулна

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.17





Монголын Өдөр тутмын сонинуудын холбоо, Нийслэлийн ЗДТГ хамтран Түгжрэлийн шийдэл хэлэлцүүлгийн зохион байгуулж байна.


Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар түгжрэлийн гарц, шийдэл, боломжуудыг танилцууллаа.


Тэрбээр “Улаанбаатар хотын төлөвлөлтөд 1990-ээд оны үед алдаа гарсан гэж ойлгож болно. 30 орчим жилийн алдааг гурван сар, гурван жилийн дотор шууд шийдэх боломжгүй.


Улаанбаатар хотод шинэ тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх төслийн ажил маш амжилттай явж байгаа.


Тухайлбал, гуравдугаар сарын 31-нд эхний техник эдийн засгийн үндэслэл буюу бидний хийх эдийн засгийн тооцоолол, ажлын зураг бэлэн болж буй.


Ингээд 2022 оны тавдугаар сарын 15-нд Улаанбаатарт тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх төслийн ажил эхэлж, 2024 оны тавдугаар сарын 31-нд эхний 21.2 км-ийг туршилтын байдлаар ашиглалтад өгөхөөр төлөвлөгөө гаргаад Ерөнхий сайдад энэ сарын 26-нд танилцуулахаар бэлдэж байгаа.


Бид 2023 оны есдүгээр сарын 30-нд төмөр зам, бусад тулгуур байгууламжуудыг дуусгана. 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нд тулгуур байгууламжийн тавцан буюу дээд талын явах тавцанг дуусгах төлөвлөгөөтэй байна. Улмаар 2024 оны тавдугаар сарын 30-нд дохиолол, цахилгааны холболтуудыг хийгээд эхний туршилтын вагоныг явуулахаар төлөвлөн ажиллаж байгаа.


Хөрөнгө санхүүгийн хувьд төсөвт дарамт болохгүй, Засгийн газрын өрийн хязгаарт орохгүй байдлаар зохицуулалт хийхээр гарц шийдэл гарган танилцуулж буй.


Бидэнд бүрэн боломж бий. Бид зөв санхүүгийн графикийг 10 жилээр гаргаж, олон улсын санхүүгийн байгууллагад өөрсдийнхөө төсвийн орлогын тооцооллуудыг үзүүлээд LRT болон хурдны замын төслийг эхлүүлэхээр бэлдэж байгаа" хэмээн ярилаа.


Хэлэлцүүлэг үргэлжилж байна...

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.17





Өдөр тутмын сонинуудын холбооноос “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулж байна.


Хэлэлцүүлгийн эхэнд Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн түгжрэлийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцууллаа.


Улаанбаатар хот 1.6 сая орчим иргэнтэй, 414 мянган өрхтэй. Хотын хүн амын тоо жилд дунджаар 80 мянгаар нэмэгдэж байна. Өдгөө 659 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа. Энэ чигээрээ хоёр жил болоход Улаанбаатар хот тэг зогсолт хийхэд хүрчээ.

Тэрбээр "Их тойруу, Бага тойрууд буюу хотын төвд аж ахуйн нэгж, байгууллага, их сургуулийн олонх нь үйл ажиллагаа явуулж байгаа нь нягтаршил үүсгэж, нэг төвт хот болгож буй. Мөн сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ нь түгжрэлд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Тодруулбал, 100 мянга орчим хүүхэд сургууль, цэцэрлэгтээ хувийн тээврийн хэрэгслээр хүргүүлж байгаа юм. Иймээс сургууль, цэцэрлэгийг нэмэгдүүлж, нэг төвт хотоос олон төвт хот болгох, төвлөрлийг сааруулах дэд төвүүдийг байгуулах, уулзваруудыг хоёр түвшинд оруулах гэх мэт ажлуудыг хийж байгаа" хэмээн онцоллоо.


Түгжрэлийн гарц, шийдэл, боломжуудын талаар Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар танилцуулсан юм.


Тэрбээр “Улаанбаатар хотын сүүлийн 30 жилд төлөвлөлтийн алдаатай явж ирсэн. Энэ алдааг гурван сар, гурван жилийн хугацаанд шийднэ гэвэл эндүүрэл. Харин үе шаттай, судалгаа, төлөвлөгөөтэй ажлуудыг хийх шаардлагатай байна. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулсан. УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороо байгуулагдлаа. Засгийн газар, УИХ-аас нийслэлийг маш сайн дэмжиж байгаа.


Түгжрэлийг бууруулахад зөвхөн зам, гүүр, зогсоол тавиад, дугаарын хязгаарлалт хийгээд шийдчихгүй. Сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойрог, төлөвлөлт, зөв зохицуулалт, нийтийн тээврийн шинэ соёлыг нэвтрүүлэх, парк шинэчлэх, явган болон дугуйн замын тохижилт зэрэг маш олон хүчин зүйлээс хамааралтай. Бүх зүйл цогцоороо явж байж, энэ түгжрэлийг шийднэ” хэмээлээ.


2022-2024 онд нийслэлд шинээр 41 км гол гудамж зам, 43.2 км туслах гудамж зам, уулзварын дахин инженерчлэл 30 байршилд, мөн 98 км явган, дугуйн зам хийхээр төлөвлөөд байна.

Улаанбаатарын зогсоолуудыг ангилалтай болгох, нэгдүгээр эгнээнд машинаа тавьсан зөрчлийг төлбөрөөр зохицуулах санал боловсруулжээ

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.17





“Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо Энэ үеэр нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж 32 байршилд тохижилт бүхий газар доорх автомашины зогсоолын судалгааг хийсэн гэсэн мэдээллийг өглөө.


Тэрбээр "Улаанбаатар хотын түгжрэл бол хэт бага талбай дээр хотжиж, бөөгнөрснөөс үүдэлтэй. Одоогийн 1 сая 560 мянга гаруй хүн амд 1,990 га газар гэдэг хэт бага талбар. Үүнийг шийдэхийн тулд дагуул хот үүсгэх төлөвлөлтүүд хийсэн.


Улаанбаатар хотын төвийн хэсэгт төвлөрлийг бууруулж, түгжрэлийг багасгах үүднээс олон давхар авто зогсоолын судалгааг 16 байршилд 4,320 автомашин, 3 га газрыг хамруулан хийсэн.


Мөн 32 байршилд тохижилт бүхий газар доорх автомашины зогсоолын судалгааг хийсэн. Социализмын үед хувийн өмч, хувьдаа машинтай хүн бараг байгаагүйгээс орон сууцны хорооллуудыг авто зогсоол, байшин доорх гараашгүйгээр төлөвлөсөн байдаг.


1990 оноос хойш хүмүүс хувьдаа машинтай болж, маш олон гараашийг төлөвлөлтгүйгээр барьж эхэлсэн. Эдгээр зөвшөөрөлгүй, өнгө үзэмжгүй гараашнуудыг буулгаж байгаа. Ингэхдээ томоохон талбайтай газруудад дээрээ ногоон байгууламжтай, доошоо олон давхар авто зогсоол байгуулахаар төлөвлөсөн.


Ил зогсоолын судалгааг 22 байршилд хийсэн. Улаанбаатар хотын зогсоолуудыг төлбөрийн ангилалтай болгоё, авто замын нэгдүгээр эгнээнд машинаа тавьдаг зөрчлийг төлбөрөөр зохицуулах санал боловсруулсан" хэмээн танилцууллаа.