Showing posts with label open space. Show all posts
Showing posts with label open space. Show all posts

Н.Сугар: Гарааш чөлөөлсөн газар олон нийтийн амралт, зугаалгын талбай болно. Барилга барихгүй

Эх сурвалж: Б.Манлай, www.ikon.mn, 2023.04.28


Улаанбаатар хотын зарим байршлын гараашийг буулгаж буй. Уг ажлын талаар Хотын ерөнхий менежер мэдээлэл өглөө.


Ерөнхий менежер М.Баяраа "Нийслэлийн Засаг даргын захирамжаар 132 байршлын 2,355 гараашийг буулгаж, 46,418 га талбайг чөлөөллөө. Гарааш буулгах ажил нийслэлийн зургаан дүүрэгт явагдсан.


Баянгол дүүрэгт 33 байршлын 782

Баянзүрх дүүрэгт 21 байршлын 273

Чингэлтэй 5 байршлын 29

Сүхбаатар 30 байршлын 715

Хан-Уул дүүрэгт 21 байршлын 155

Сонгинохайрхан дүүрэгт 22 байршлын 401 гараашийг буулгаж, газрыг чөлөөллөө.

Тухайн чөлөөлсөн газарт оршин суугчдын хүсэлтийг харгалзан авто зогсоол, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын , спортын талбай байгуулах эсэхийг шийдэх юм.


Дөрөвдүгээр сарын 21-ний байдлаар зургаан байршилд тохижилтын ажлыг хийхээр төлөвлөсөн" хэмээн танилцууллаа.


Нийслэлийн Засаг даргын зөвлөх Н.Сугар "Гарааш буулгах ажил нь түгжрэлтэй холбоотой. Учир нь алхах орчин, амарч суух талбай тухтай болсноор иргэдийн алхах сонирхол нэмэгддэг. Тэгснээр ойрхон газарт тээврийн хэрэгслийг сонгохоос татгалздаг болох нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байгаа.


Гарааш чөлөөлсөн талбай дээр оффис, барилга байгууламж, орон сууц барихгүйг эхнээсээ хэлж байсан.


Хувь хүн эзэмшлийн газар дээрээ гарааш барьчихсан байж байгаад өөрийн газраа чөлөөлөөд объект барих цөөн тохиолдол бий.


Зарим байршилд тухайн ойр орчмын иргэд хорооны байр, өрхийн эмнэлэг барьж өгөх хүсэлтийн дагуу хийгдэж байгааг хэлье. Гэхдээ энэ нь маш цөөхөн.


Гарааш чөлөөлсөн газар олон нийтийн амралт, зугаалгын талбай болно гэдгийг нийслэлийн удирдлагуудын зүгээс хэлж байгаа юм" хэмээн мэдээллээ.




28 ширхэг гараашийг буулгаж, газрыг бүрэн чөлөөллөө

 Эх сурвалж: Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын алба, 2022.04.02





Дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/69 дүгээр "Газар албадан чөлөөлөх" захирамжийн дагуу дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 39 дүгээр байрны зүүн талд нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байсан 28 ширхэг гараашийг буулгаж, газрыг бүрэн чөлөөллөө.







РЦНК орчимд зөвшөөрөлгүй татсан хашааг буулгалаа

Эх сурвалж: ikon.mn,  2022.03.25







Баянзүрх дүүргийн I хорооны нутаг дэвсгэр РЦНК төвийн баруун урд байрлах зам, талбайд “Эдд энд Эдд констракшн” ХХК зөвшөөрөлгүйгээр стандартын бус хашаа татсан байсан юм.


Иймээс Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, тус хашааг өчигдөр буулгалаа.


Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.Бат-Өлзий “Өмнө нь тухайн газар “Эс энд Ви Юү” ХХК-ийн эзэмшилд байсан. Өдгөө “Эдд энд Эдд констракшн” ХХК-ийн нэр дээр байгаа. Барилга барих болон хашааны стандартын талаар НИТХ-аас баталсан журам байдаг. Тус журмын дагуу түр хашааг зөвхөн барилга барих үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган татах ёстой. Гэтэл энэ компанид барилга барих зураг төсөл батлагдаагүй гэдгийг Хот байгуулалт, хөгжлийн газраас мэдэгдсэн” гэлээ.


Мөн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Ц.Отгонбямба "Хашаа барьсан даруйд иргэдээс маш их гомдол ирсэн. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын хашааг албадан буулгах захирамж гарсан. Өнөөдөр захирамжийн дагуу хашааг буулгаж байна. Албадан буулгахаас өмнө компанийн удирдлагуудтай уулзан, мэдээлэл өгсөн. Мөн Газрын тухай хуулийн дагуу шаардах хуудас хүргүүллээ. Газрын анхны зөвшөөрөл нь 2004 оных. Хэд хэдэн удаа эрх шилжсэн. Газрыг нийтийн эдэлбэр болгохоор эзэмших эрхийг цуцлах тухай тус компанид мэдэгдэл хүргүүлсэн хэмээв.


Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Батбаатар  “Тухайн газар дээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авч, барилгын ажлыг эхлэхээс өмнө хашаа барих үүрэгтэй. Гэтэл тус аж ахуйн нэгж барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэлгүй хашаа барьсан нь Барилгын тухай хуулийг зөрчиж байна” гэв.


Иргэд “РЦНК орчим өмнө нь цэцэрлэгт хүрээлэн байсан. Мод ихтэй, зам талбайтай, хүүхдүүд тоглох газартай байлаа. Одоо гэтэл барилгын талбай боллоо” хэмээж байв. Мөн барилга барих биш, ногоон байгууламж байдлаар тохижуулах хүсэлтэйгээ илэрхийлж байлаа.


 


Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар


Зөвшөөрөлгүй контейнер, гараашийг чөлөөлөх ажил үргэлжилж байна

Эх сурвалж: Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын алба, 2022.03.24














Хан-Уул дүүрэгт зөвшөөрөлгүй контейнер, гараашийг чөлөөлөх ажил үргэлжилж байна. 

Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр талбайд зөвшөөрөлгүй газар ашиглаж байсан 22 контейнер, гараашийг чөлөөлөөд байна. 

Чөлөөлсөн байршлууд дээр иргэдэд нэн шаардлагатай ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын талбайн тохижилтын ажлыг эхлүүлнэ.

Эцэг эхчүүд таггүй траншей болон ухсан 76 нүх, эзэнгүй нохойтой зургаан байршлыг илрүүлжээ

Эх сурвалж: ikon.mn,  2022.03.24





Хүүхдийг орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Нэгдүгээрт шалга” аяныг Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан НЗДТГ-тай хамтран зохион байгууллаа.


Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн захиргааны 88 байгууллагын 5,012 ажилтан, албан хаагч оролцож,  нийслэлийн хүүхэд бүрийн төлөө эрсдэл болгоныг арилгуулах, илрүүлэх ажилд  хамтран оролцжээ.


Түүнчлэн цахим орчинд таны гэр болоод гэрийн тань орчимд болон сургууль, цэцэрлэг явах замд хүүхдэд ээлгүй зүйлс бий эсэхийг тодруулах “Гэрийн аюулгүй байдлын үнэлгээг” зохион байгуулахад нийт 22,600 эцэг эх оролцсон байна. Энэ нь мөн тооны хүүхдийг гэртээ болон гэрийнхээ ойр орчимд ахуйн хүрээний эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж чадлаа гэж Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.


Эцэг эхчүүд оршин суугаа газар болон гэрээс сургууль хүртэлх орчны аюулгүй байдлыг үнэлэхэд  хүүхдүүд өндрөөс унаж бэртэж болзошгүй  32, тог цахилгаанд цохиулах эрсдэлтэй 14, хүнд зүйлд дарагдаж мэдэх 10, автомашины эрсдэлтэй 19, таггүй траншей, ухсан 76 нүх, эзэнгүй нохойтой зургаан байршлыг илрүүлж, орчны байдлыг гэрэл зурагт буулган мэдээлсэн байна. Зөрчил бүрийг зураг, хаяг байршлаар нь тодотгон, холбогдох байгууллагуудад нь мэдэгдэн, зөрчлийг арилгаж эхэлжээ.  


Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 836 хогийн сав, 41 хөшөө баримлыг угааж цэвэрлэжээ

Эх сурвалж: ikon.mn,  2022.03.24


Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн албаны ажилчид өнгөрсөн долоо хоногоос 48 гудамжны 50.5 га ногоон байгууламжийн арчлалт хамгаалалт, нөхөн сэргээлтийн ажлыг хийж эхэлжээ.


Тодруулбал, Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 111 гудамж, нийтийн эзэмшлийн 183.5 километр авто зам болон гудамж зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хийх аж.


Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 41 хөшөө баримал, 328 авто замын босоо тэмдэг тэмдэглэгээг угааж цэвэрлэсэн байна. Түүнчлэн,


9,221,182 ам метр талбай бүхий гэр хорооллын гудамж

836 хогийн сав, сандал, 22,337 метр урт хашлага

3,945 аж ахуйн нэгж байгууллагын гадна фасад хаягийн байгууламж

195,221 ам метр үерийн хамгаалалтын далан суваг

654,354 ам метр талбай дахь ногоон байгууламжийг тус тус цэвэрлэсэн байна.


Эх сурвалж: Нийслэлийн хот тохижилтын газар







Паркийн чөлөөлсөн газрыг нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгох саналыг БОАЖЯ-наас гаргажээ

Эх сурвалж: ikon.mn,  2022.03.22






Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн чөлөөлөгдсөн талбайг нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгох саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргажээ.


Энэ тухай албан бичгийг өчигдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хүргүүлсэн байна. 


Энэ талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Нийслэлд барилга, байгууламж багадаагүй. Харин иргэдэд очоод суух ногоон талбай, зугаалж алхах цэцэрлэгт хүрээлэн, чөлөөт цагаа өнгөрөөх газар талбай дутаж байна. Тиймээс "Үндэсний соёл, амралтын хүрээлэн"- ийн чөлөөлөгдсөн талбайг иргэдэд ээлтэй, нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгох саналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Долгорсүрэнгийн Сумъяабазарт Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хүргүүллээ. Дэмжинэ гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Хүүхдийн паркийн 6.9 га талбайг зөвхөн ногоон байгууламж болгохыг санал асуулгад оролцсон иргэдийн 96% нь дэмжив

Эх сурвалж: ikon.mn,  2022.03.22





Хүүхдийн паркийн тохижилт хийгээгүй үлдсэн талбайн 6.9 га газарт бүтээн байгуулалт хийх, эсвэл зөвхөн ногоон байгууламж бүхий амрах хүрээлэн болгох талаар iKon.mn санал асуулга явуулав. 


Нэг өдөр үргэлжилсэн санал асуулгад 4,727 хүн оролцсон бөгөөд 96.2 хувь нь "Зөвхөн ногоон байгууламжтай, амрах цэцэрлэгт хүрээлэн болгохыг дэмжиж байна" гэж хариулжээ. Харин 2.1 хувь нь кинотеатр, музей, галерей болон газар доорх 1,000 автомашины зогсоол барихыг дэмжсэн бол 1.7 хувь нь "Бусад" гэсэн саналтай байгаагаа илэрхийлэн байна. 


Хүүхдийн паркийн тохижилт хийгээгүй хэсэгт битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кинотеатр, музей, галерей, “Түмэн эх” чуулгын шинэ байр, хоол үйлчилгээ болон худалдаа үйлчилгээний төвүүд, 1,000 автомашины газар доорх зогсоол зэргийг барихаар төлөвлөсөн тухай Хотын дарга Д.Сумъяабазар өнгөрсөн Баасан гарагт мэдээлсэн. 


Нийт 6.9 га газарт дээрх төлөвлөлтийн дагуу газар зохион байгуулж, үлдсэн 20 гаруй га газрыг бүхэлд нь Улаанбаатар хотын иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байдлаар хөгжүүлнэ гэдгээ хотын дарга илэрхийлээд буй. 


Гэвч хотын төвийн ногоон байгууламж бүхий энэ том талбайд цементээр нэмж юу ч барихгүй, зүгээр л ногоон байгууламж бүхий соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэн болгох хүсэлтэй байгаагаа цахим орчин иргэд илэрхийлсээр байна. 

РЦНК-ийн орчимд ямар нэгэн барилга барих зөвшөөрөл өгөөгүй гэв

Эх сурвалж: ikon.mn,  2022.03.22


Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, РЦНК-ийн орчимд өчигдөр машины зам хааж хашаа татан, барилга барих гэж байна гэх мэдээлэл тус дүүргийн оршин суугчдаас редакцад ирсэн юм.


Энэ талаар холбогдох албанаас лавлахад "Сингапур эзэмшигчтэй компани барилга барихаар хашаа барьсан гэсэн. Тухайн газар дээр ямар нэгэн барилга барих зөвшөөрөл өгөөгүй" гэв.

Өчигдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Хотын дарга РЦНК орчмын талбайг ногоон байгууламж болгон тохижуулах шийдвэр гаргаж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад үүрэг өгсөн талаар мэдээлсэн.


Тус дүүргийн оршин суугчид РЦНК орчмын талбайг ногоон байгууламж болгон тохижуулах талаар мэдээлэл гарахтай зэрэгцэн ийнхүү хашаа барьсан хэмээн хэлж байв. Мөн оршин суугчид өнөөдөр 18:00-19:00 цагт цугларч, эсэргүүцлээ илэрхийлнэ гэлээ.









Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд 25 гарааш буулгажээ

Эх сурвалж: ikon.mn,  2022.03.22





Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо 57 байрны хойно байрлах 25 гараашийг буулгаж, газрыг чөлөөлж байна.


Тухайн чөлөөлсөн газарт тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийхээс өмнө иргэдээс санал авна. Өөрөөр хэлбэл оршин суугчдын өгч байгаа саналыг үндэслэж тохижилтын ажил хийгдэх юм.


Гарааш эзэмшигч иргэдэд гарааш буулгаж, газрыг чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн. Иргэд үүнийг дэмжиж, хороондоо ногоон байгууламж болон бусад бүтээн байгуулалтын ажил хийхийг зөвшөөрсөн.


Тухайн бүсийг иргэдийн хэлж заншсанаар “МИКР” гэж нэрлэдэг. Микрээс урлаг соёлын олон алдартанууд төрсөн. Тэр ч утгаараа зарим уран бүтээлчид, урлаг соёлын алдартнууд тус чөлөөлсөн газарт “Урлагийн музей” барьж байгуулах хүсэлт байгааг дүүрэгт ирүүлсэн байна.


Баянзүрх дүүргийн удирдлагуудын зүгээс иргэдийн дэмжлэг авсан тохиолдолд шийдвэр гаргаж ажиллахаа илэрхийлсэн хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Д.Мөнх-Эрдэнэ: Хүүхдийн паркийн талбай дээр театр, галерей, музей зэрэг үйлчилгээний барилгыг шинээр барихгүй

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.21





Хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн /ҮСАХ/ хашааг өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр буулгасан.  Үүнтэй холбоотойгоор паркийн 6.9 га газарт битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кино театр, музей, галерей барина гэх мэдээлэл бий. Хүүхдийн паркийн үйл ажиллагааг чухам ямар зориулалтаар явуулах, цаашид ногоон байгууламж хэлбэрээр тохижилт үйлчилгээ хийх эсэх асуудлаар Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.


-Хүүхдийн паркийн хашааг өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт нурааж, буулгасан. Улмаар энэхүү нийтийн эзэмшлийн талбайд барилга байгууламж барина гэх мэдээлэл байна. Тэгвэл цаашид ҮСАХ-гийн үйл ажиллагааг ногоон байгууламж хэлбэрээр ашиглах уу, эсвэл бүтээн байгуулалт хийх юм уу?


-Хүүхдийн паркийн 31.4 га газар дээр оффис, орон сууц, зочид буудал гэх мэтчилэн барилга байгууламж бариулахгүй. Харин талбай дээр нь байрлах хуучны модон барилгыг засаж шинэчлэх ажлыг хийх төлөвлөгөөтэй байгаа.


Өөрөөр хэлбэл, цоо шинэ барилга барих бус, одоо байгаа барилгыг шинэчилнэ хэмээн ойлгох нь зүйтэй. Хамгийн гол нь нийслэлийн иргэд тоглодог, цугладаг, амардаг, тухалдаг газар болгон тохижуулахыг зорьж байгаа. Дээр дурдсан 31.4 га газрын 5.8 орчим га газар нь тоглоомын бүс юм. Түүнчлэн нуур болон тоглоомын бүсийг оруулж тооцвол нийт 14.9 орчим га газар тохижилттой байгаа гэсэн үг. Харин үлдсэн хэсэг нь ямар нэгэн тохижилт байхгүй.


-Тэгэхээр кино театр, галерей, музей гэх мэтчилэн үзвэр үйлчилгээний газрыг шинээр барихгүй хэмээн ойлгож болох уу?


-Тийм ээ. Одоо байгаа барилга дотроо л үйл ажиллагаа явуулна. Түүнчлэн 1,000 автомашины газар доорх зогсоолыг шийдэх тухай яригдаж байгаа. Өнөөдрийн байдлаар паркийн 2.2 га газар дээр автомашины ил зогсоол бий. Энэ ил зогсоолыг далд зогсоол хэлбэр рүү шилжүүлбэл тухайн газар нь чөлөөлөгдөх боломжтой. Тиймээс тэр хавийн газарт ногоон байгууламж, тохижилт хийх хувилбарыг ярьсан. Гэхдээ тус бүтээн байгуулалтын ажлыг иргэдийн санал асуулгыг авч шийдвэрлэнэ хэмээн хотын захирагч хэлсэн. Хэрэв шаардлагагүй гэж үзвэл заавал автомашины далд зогсоол барихгүй.


Дэлхийн жишиг паркууд жилийн дөрвөн улиралд нээлттэй ашиглагддаг. Тиймээс иргэд нь хэзээ ч ороод амрах бүрэн боломжтой байдаг. Ийм орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Хотын даргын зүгээс 20 гаруй га газрыг тохижуулж, жилийн дөрвөн улиралд хүүхэд залуус нь ирж амардаг тоглодог газар болгохоор шийдвэрлэж, хашааг нь буулгасан.


- Тохижилтын ажлын хүрээнд 2022 онд нийслэлээс 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ гэх мэдээлэл бий. Үүнийг тодруулбал?


-Мэдээж ногоон байгууламжийн ажлыг зүй ёсоор хийнэ. Мөн явган хүний зам, дугуйн зам, спортын талбай бий болгоно.


Өнөөдөр /2022.3.21/ Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хот байгуулалт хөгжлийн газар, Нийслэлийн зураг төслийн хүрээлэнд үүрэг даалгавар өгсөн. Энэ хүрээнд 20 гаруй га газарт төлөвлөлт хийнэ. Мөн төсөв боловсруулна.


Хэний ч өмнө нь нүүр улайхгүй, эрүүл аюулгүй тохилог орчныг бий болгож тохижуулах нь бидний зорилго.


Хүүхдийн паркийг хүн бүрд нээлттэй байлгах үүднээс хашааг нь буулгаж эхэллээ

Эх сурвалж: Нийслэлийн Мэдээ. 2022.03.18


Хүүхдийн парк буюу Үндэсний соёл, амралтын хүрээлэн /ҮСАХ/-гийн газрыг зориулалтын дагуу ашиглах, нийслэлийн иргэн бүрд нээлттэй байлгах  үүднээс хашаа, хайсыг буулгаж эхэллээ. ҮСАХ нь нийслэлийн иргэдэд хамгийн ээлтэй орчин байх ёстой гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр хашаа, хайс буулгах ажлыг эхлүүлэх үедээ онцолсон юм.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:


- ҮСАХ-гийн бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард эхэлнэ.

-“Иргэн төвтэй жил”-ийн хүрээнд юун түрүүнд паркийн хашааг буулгаж байна. Соёл амралтын хүрээлэн нь хашаатай, иргэд нь орж чаддаггүй ийм хот дэлхийн хаана ч байхгүй. Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх эхний алхам нь хашаа, хайснаас салгах юм. Өнгө үзэмж муутай, өндөр сараалжин хашаа барьснаас болж иргэд парк руу нэвтэрч чадахгүй олон жилийг үдсэн. 

Парк бол Улаанбаатар хотын уушги. Гэтэл ногоон байгууламжгүй, тав тухтай орчингүйн дээр хашиж, хааснаас болж паркийг иргэдэд зориулаагүй мэт,  иргэдийнх биш юм шиг болсон. Тиймээс ҮСАХ-гийн захиргаанд шуурхай ажиллаж, бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард яаравчлан эхэл гэсэн үүргийг өгсөн. Гүйцэтгэлийн хяналтыг илүү өргөн хүрээнд тавина. Иргэд ч бүтээн байгуулалтад хяналт тавих хэрэгтэй.


Үндэсний соёл, амралтын хүрээлэн ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мэндбаяр:


-Манай ҮСАХ нь нийтдээ 31 га газартай. Эхний ээлжийн хөгжүүлэлтийн дагуу өдгөө 14.89 га талбайд 22 тоглоомтойгоор ажиллаж байгаа. Энэ ондоо багтаж дөрвөн  шинэ тоглоом, ирэх 2023 онд дахин 5-6 шинэ тоглоом суурилуулж хүүхэд, залууст үйлчлэхээр төлөвлөсөн.  

Түүнчлэн хөгжүүлэлтийн II шатыг энэ онд эхлүүлнэ. Гурван жилийн хугацаанд өрнөх бүтээн байгуулалтын хүрээнд нийт 6.9 га газарт битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кино театр, музей, галерей, “Түмэн эх” чуулгын шинэ байр, хоол үйлчилгээ болон худалдаа үйлчилгээний төвүүд, 1000 автомашины газар доорх зогсоол зэргийг барих юм. ҮСАХ-д дөрвөн улирлын турш ажилладаг үйлчилгээний газруудыг нээнэ. Үлдэж буй газрыг бүхэлд нь Улаанбаатар хотын иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байдлаар хөгжүүлэхээр төлөвлөсөн. 

.















.


Эх сурвалж: ikon.mn

Нийслэлийн Засаг дарга 2022 оныг "Иргэн төвтэй жил" болгон зарласантай холбоотой нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хийж байгаа. Үүний дагуу өнөөдөр Хүүхдийн паркийн тохижилт хийгдээгүй хэсгийн хашааг нурааж, нийтийн эзэмшил, цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах ажлыг эхлүүлж байна. 

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Хүүхдийн парк хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн нэртэй 1966 онд ашиглалтад орж байсан. Энэ газарт нэг ч барилга байгууламж нэмж барихгүй. Ногоон байгууламжаар ашиглагдана. 

Ногоон байгууламж нэмж зүлэгжүүлэлт хиймээр байна. Барилга байгууламж барих эсэх асуудал дээр иргэдийн саналыг сонсож байж зөвшөөрөл өгөх ёстой.

Энэ ажил 2021 онд 29 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай байсан бол энэ онд 900 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт буюу 31 дахин нэмсэн. Тиймээс шуурхай ажиллах хэрэгтэй" гэлээ. 

Хүүхдийн паркийн тохижилт хийгдээгүй хэсгийн хашааг буулгах ажил одоо эхэлж байна. Тохижилтын зураг төслийн даалгавар өгсөн. Дөрөвдүгээр сарын 15-наас энэ ажил эхэлнэ гэсэн тайлбарыг албаны хүн өгөв.