Showing posts with label issue. Show all posts
Showing posts with label issue. Show all posts

Натурын замыг өнөөдөр ТҮР ХААНА

 Сурвалж:  gogo.mn, 2022.02.09






Дулааны шугамын гэмтлийг засахын тулд Натурын замыг өнөөдөр 10:00-22:00 цагийн хооронд хаахаар болсон талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.


Тодруулбал, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны өгсөн зөвшөөрлийн дагуу Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж буюу Натурын замд дулааны шугамын гэмтэл гарсныг яаралтай засварлах шаардлагатай болсон тул өнөөдөр буюу 2022.02.09-ний 10:00-22:00 цагийн хооронд зорчих хэсгийн баруунаас зүүн чиглэлийн хоёр эгнээг түр хааж засварын ажил хийгдэх тул зургийн дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

“Алтай центр” худалдааны төв нийтийн эзэмшлийн авто зогсоолыг хашсан зөрчлийг арилгалаа

 Эх сурвалж: gogo.mn, 2022.02.09






Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Алтай центр” худалдааны төвийн зүүн талын нийтийн эзэмшлийн авто зогсоолыг хашиж, хаасан зөрчлийг арилгажээ. Иргэд, оршин суугчдаас удаа дараа гомдол ирсний үндсэн дээр 2021 онд уг талбайд байрлуулсан төмөр хашлагыг  тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас албадан буулгасан байдаг. Гэвч “Алтай центр” худалдааны төвөөс нийтийн эзэмшлийн зогсоолыг дахин хашаалжээ.


Иймд зөрчлийг арилгуулахаар Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тус байгууллагад газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн. Албан мэдэгдлийн дагуу “Алтай центр” худалдааны төв зөрчлөө арилган, төмөр хашлагыг буулгалаа. Газрын зөрчлийг дахин арилгахад нийслэл, дүүргийн төсвөөс ямар ч төсөв, хөрөнгө зарцуулагдаагүй гэдгийг холбогдох албан тушаалтнууд мэдэгдсэн юм.


Нийтийн эзэмшлийн зам, талбайг хувийн өмч мэт хашаалсан, удаа дараагийн шаардлага биелүүлээгүй аливаа аж ахуй нэгжид холбогдох байгууллагаас албан мэдэгдэл хүргүүлдэг. Албан мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авдаг байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хариуцлага тооцдог журамтай.

ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан иргэдийг илрүүлэн, шалгаж байна

 Эх сурвалж: gogo.mn, 2022.02.01





Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргүүдийг илрүүллээ.


Тухайлбал Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 26 байранд энэ оны нэгдүгээр сарын 29-ний өдөр 18 иргэний дунд хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүлжээ. Уг хэрэгт иргэн 29 настай, эрэгтэй Т болон 49 настай, эрэгтэй Э нарыг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.


Мөн Баянгол дүүргийн 12 дугаар хороо 7/3 дугаар байранд  нэгдүгээр сарын 23-ны өдөр 16 иргэний дунд хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүлж, иргэн 33 настай, эрэгтэй Ж-г холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэллээ.


Эдгээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэргүүд юм.


Иймд иргэд, олон нийт орон сууц болон ажлын байраа бусдад түрээслүүлэхдээ таны объектод хууль бус үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавих, таны ажиллаж, амьдарч буй орчинд сэжигтэй тохиолдол илэрвэл цагдаагийн байгууллагад хандана уу.


Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв

Залуу инженерүүд худгаас ХАЛУУН УС авах технологийг бий болгожээ

 Эх сурвалж: gogo.mn, 2022.02.01









Худгаас шууд халуун ус авах техник, технологийн боломжит хувилбарыг монголын залуу инженерүүд хийсэн байна.


Тэд туршилтаа Налайх дүүргийн I хороонд байрлах усны дөрөвдүгээр худагт нэвтрүүлжээ. Улмаар тус дүүргийн зургаан худагт байршуулахаар төлөвлөжээ.


Энэхүү халуун ус олгодог худгийн шийдэл болон, зохион бүтээгчидтэй нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр очиж (2022.02.01) танилцсан юм.


Тодорхой хугацааны давтамжтайгаар нэг удаад 100 литр усыг автомат халаагчаар халааж, иргэдэд түгээх юм байна. Өмнө нь ус түгээх худгуудад түгээгч суух шаардлагагүй буюу смарт цэнэглэгч картын систем нэвтрүүлж эхлээд байсан. Ингэснээр иргэд цагт баригдалгүйгээр өдөр, шөнийн алинд ч худгаас ус авах боломжтой болж байгаа. Тэгвэл энэ удаад ахуйн хэрэгцээний халуун усыг гэрийнхээ ойролцоох худгаас авах боломж бий болжээ.


Мөн иргэд смарт цэнэглэгч карт ашиглаж халуун ус олгодог худгаар үйлчлүүлэхээс гадна хүсвэл E-Mongolia цахим мэдээллийн сангаас авдаг төрийн үйлчилгээг худгийн ухаалаг төхөөрөмжөөс авах боломжийг давхар шийдсэн аж.


Зохион бүтээгчдийн хувьд цаашид Улаанбаатар хотын хамгийн их амтай дүүргүүдийн гэр хорооллын дундах худгуудад байршуулах бүрэн боломж байгааг онцолж байв. Монгол залуу инженерүүдийн төлөөлөл “SEM” /Systems Enjineering Mongolia/ компанийн гүйцэтгэх захирал Г.Тулга “Бидний ажил Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг 220 мянган өрхийн халуун, хүйтэн усны дэд бүтэц, бохирын шугамыг шийдэх эхний бодит алхам болно гэж харж байгаа. Нийслэлийн иргэдийн шүдний өвчин болсон агаар, хөрсний бохирдол, гэр хорооллын дэд бүтцийг шийдэхэд эхний ээлжид хувь нэмрээ оруулсан шийдэл юм” гэсэн юм.


БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ санаачилгаа бодитоор хэрэгжүүлж, гэр хорооллын айл өрхөд халуун ус олгох шийдлийг нэвтрүүлсэн инженерийн багтай ирэх долоо хоногт албан ёсны уулзалт хийж, БОАЖЯ-ны ажлын хэсэгт танилцуулахаар боллоо.

Халиа үүсэж, айлуудын хашаа руу ус орсон хэсэгт шуудуу татаж, 184 тонн мөсийг зөөвөрлөжээ

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.24









Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Мандал-Овоо 31-р гудамжны Их нарантай холбогдсон авто замын гүүрний ар, урд хэсэгт хөрсний ус ихээр гарч ойр орчмын өрхүүдийн хашаа руу ус орох зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсжээ.


Иймд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ болон Геодез усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид хамтран тус хэсэгт энэ сарын 21-23-ны өдрүүдэд ажилласан байна.


Албан хаагчид тус гүүрний усыг чөлөөтэй урсгах зорилгоор гүүрний хойд талд 1.5 километр, урд талд 2 километр орчим шуудуу татаж, 184 тонн мөсийг зориулалтын техникээр зөөвөрлөжээ.


Мөн усны урсцыг сайжруулах зорилгоор гүүрний хойд хэсэгт тогтсон усанд давс, мөс хайлуулах бодис зэргийг хийсэн байна.


Хөрсний ус ихээр гарч халиа дошин үүсэх нь байгалийн хүчин зүйлээс шууд хамааралтай тул нөхцөл байдал дахин хүндэрсэн тохиолдолд тус ажлын хэсгийнхэн үргэлжлүүлэн ажиллана гэж Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.


Нийслэл рүү 15 машинаар 551 шуудай нүүрс оруулахаар завдсаныг илрүүлжээ

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.24





"Таван толгой түлш" компани өдөр тутамд 3,500 орчим тонн сайжруулсан түлшийг 615 цэгт түгээн борлуулж байгааг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр "Таван толгой түлш" ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал танилцууллаа. 


“Тус компани хэрэглэгчдээс ирсэн 5,100 тонн түлшний захиалгыг бүрэн нийлүүлсэн. Одоогийн байдлаар манай компанийн 16 шугам хэвийн ажиллаж, нийлүүлэлт хийж, 19,500 тонн түлшний нөөцтэй байна” гэлээ.


Түүнчлэн өнгөрсөн хоёр долоо хоногт 15 машинаар 551 шуудай нүүрс оруулж ирэхийг завдсан үйлдэл гарсан байна. Түүхий нүүрсийг нийслэл хотод оруулж ирэхээр завдаж буй тохиолдол гарсаар байгааг шалгаж, тодруулах үүргийг Хотын даргын зүгээс холбогдох албаныханд өгчээ.


Иргэдийн эзэнгүй нохойд уруулсан гэх гомдол нэмэгдсэн тул устгал хийж байна

 Эх сурвалж: gogo.mn, 2022.01.22







Нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд 2021 онд 20 мянга гаруй эзэнгүй муур, нохой устгалд оруулжээ.


Харин энэ жил эзэнгүй ноход, муурын тоо 35-36 мянгад хүрсэн бөгөөд иргэдээс эзэнгүй нохойд хазуулж, уруулсан гэх гомдол мэргэжлийн байгууллагад ирэх нь нэмэгдсэн.


Тиймээс нэгдүгээр сарын 21,22-ны өдрүүдэд 14 хүний бүрэлдэхүүнтэй, есөн техник хэрэгсэлтэйгээр нохой, муур устгалын ажлыг эхлүүллээ. Дээрх хугацаанд гэрийн тэжээвэр муур, нохойгоо иргэд уяж гадагш гаргахгүй байх талаар мэдээлэл хүргүүлсэн.


Мэргэжлийн байгууллагын хэлж буйгаар эзэнгүй нохой, муурын тоо өсөж буй шалтгаан нь гэр хорооллын айлууд тэжээвэр амьтныхаа үржлийг хянадаггүйтэй холбоотой байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Эрэн сурвалжлагдаж байсан есөн хүнийг олсон байна

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.17





Нийслэлийн цагдаагийн удирдах газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор энэ оны нэгдүгээр сарын 10-16-ны өдрүүдэд шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ.


Энэ үеэр бусдын биед гэмтэл учруулах хоёр хэргийг таслан зогоож, гэмт хэрэгт сэрдэгдсэн 2, шүүхийн хариуцагч 4, зөрчлийн улмаас эрэн сурвалжлагдаж байгаа 2, оршин суух газраасаа сураггүй алга болсон 1, нийт эрэн сурвалжлагдаж байсан 9 хүнийг олсон байна.

Мөн хууль тогтоомж зөрчсөн 34 зөрчлийг илрүүлэн шилжүүлж, 78 хүнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон 28 хүнийг яаралтай тусламжийн 103-т үзүүлэн, ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.


Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25, 42 дугаар хороонд Мягмар, Баасан гарагуудад хороо, дүүргийн ажилтнуудтай хамтран иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, зөвлөмж өгч хамтран ажиллаж байгаа аж.

Б.Алтанзул: Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт салхитай байсан учраас агаарын чанар сайн байлаа

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.17






"Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт агаарын чанар сайн байсан. Энэ нь 4 м/сек хүртэл салхитай байсантай холбоотой бөгөөд агаар дахь бохирдуулагч бодисуудын хэмжээ сийрэг байлаа. Харин амралтын өдрүүдэд агаар жаахан бохирдолтой байсан" хэмээн ОББҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Алтанзул хэлэв. 


Үргэлжлүүлэн тэрбээр "Өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын ихэнх цэгт агаар бага бохирдолтой хэмжээнд байна" хэмээн ярилаа.


Улаанбаатар хотод 2021 оны тооллогоор 195 мянган айл, түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй 182 яндан, миддлинг түлж буй 62 ААН, 652 мянган тээврийн хэрэгсэл болон цахилгаан дулааны станцууд жилд дунджаар 5.6 сая тонн түүхий нүүрс, 727 мянган тонн сайжруулсан шахмал түлш, мөн хүхэр өндөртэй Евро-2 стандартын шатахуун хэрэглэж байгаа нь агаарын бохирдолд нөлөө үзүүлж байгаа. Үүн дээр байгаль цаг уурын буюу инверс агаарын бохирдол нөлөөлж байдаг. 


Энэ талаар ОББҮХ-ны мэргэжилтэн н.Одонтунгалаг "Өвлийн улиралд Улаанбаатар хотын газрын гадаргад инверсийн үзэгдэл үүсдэг. Инверсийн доод хэсэгт салхигүй, агаарын хэвтээ чиглэлийн шилжилт хөдөлгөөн хязгаарлагдаж, үүний нөлөөгөөр дээр дурдсан эх үүсвэрүүдээс гарч буй утаа хуримтлагдаад агаарын бохирдол үүсэх нөхцөл бүрддэг юм. Өнгөрсөн долоо хоногт инверсийн зузаан дунджаар 420 метр, 6.1 градус цельсийн эрчимтэй байсан. Үүний нөлөөгөөр агаарын бохирдол ихээхэн нэмэгдсэн.


Зөвхөн өнөө өглөөний байдлыг харвал инверсийн зузаан дунджаар 330 метр, температурын инверс 11 градус цельс байгаа нь маш хүчтэй инверс юм" гэдгийг танилцууллаа.


С.Баржав: Эрх баригчид утааны асуудалд иргэдийг буруутгаж байгаад хамгийн их зэвүүцэж байна

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.17






Иргэн С.Баржав гэр бүлээрээ АНУ-д амьдарч байгаад шинэ оны өмнөхөн эх орондоо иржээ. 


Тусгаарлалтаас гараад хэдхэн хоноод байсан ч зургаан сартай хүүхэд нь агаарын дутагдалд орж, тархины даралт өвчний шинж тэмдэг илрэх болсон байна. Энэ асуудалд бухимдсан тэрбээр Улсын их дэлгүүрийн өмнө үзэл бодоо тайван замаар илэрхийлж лоозон барьж гурван өдөр зогсжээ. Гэсэн ч энэ сарын 13-ны өдөр ЦЕГ-аас дуудаж мэдүүлэг авч, улмаар зөвшөөрөл авахыг шаарджээ. Энэ үеэр цагдаа нар зөвшөөрөлгүй үзэл бодлоо илэрхийлсэн тохиолдолд торгуулийн арга хэмжээ авч цаашлаад цагдан хорих хүртэл хуулийн зохицуулалттайг анхааруулсан байна. Иргэн С.Баржавтай ярилцлаа.


- Та АНУ-д хэдэн жил амьдарсан бэ. Эх орон руугаа яарав уу?


- Эх орноо их саналаа. Ирэх гэж их ч яарлаа. Намайг явахад л утаа гамшгийн хэмжээнд хүрчихсэн байсан. Тэнд байх хугацаандаа утааны асуудал цэгцэрсэн тухай мэдээллийг цахимаас хараад баярлаж байсан юм. Гэтэл онгоцноос буугаад л бухимдал төрсөн. Утаа арилаагүй, өмнөхөөсөө ч аймшигтай болчихсон байна.


- Та утааны эсрэг үзэл бодлоо тайван замаар илэрхийлсэн байна лээ. Тантай хүмүүс нэгдсэн үү?


- Утаа гамшгийн нөхцөлд хүрчихсэн, эрүүл мэндэд заналхийлж байхад иргэд тэмцэхгүй, үзэл бодлоо илэрхийлэхгүй, ийм нөхцөл байдалд дасан зохицоод амьдраад байна.


Хамгийн зэвүү хүрмээр нь энэ ажлыг хариуцаж, шийдвэрлэх үүрэгтэй албан тушаалтнууд нь утааны асуудалд иргэдийг буруутгасан тайлбар хэлэх юм. Ингээд миний бие эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ төлөө гэрийнхээ ойролцоо УИД-ийн өмнө талбайд лоозон барьж үзэл бодлоо тайван замаар илэрхийлсэн.


- Тайван замаар үзэл бодлоо илэрхийлсэн тан руу цагдаагийн байгууллагаас хандсан байна лээ. Юу болсон юм бэ?


- Утааны асуудалд бухимдсан залуу надтай хамт үзэл бодлоо илэрхийлсэн юм.


Ингээд лоозон авч надаас жаахан зайтай зогсож үзэл бодлоо илэрхийлсэн. Гэтэл удсан ч үгүй цагдаа ирж зөвшөөрөлгүй жагсаал, цуглаан зохион байгууллаа гэх үндэслэлээр Цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр аваачиж гэрчийн мэдүүлэг авсан. Ингэхдээ хоёр ба түүнээс дээш хүн харьяа дүүрэгтээ мэдэгдэж байж эсэргүүцэл илэрхийлдэг тухай тайлбарлаж байсан. Бид барьж зогссон самбараа хураалгасан. Одоогоор биднийг шалгаж байна.


Зөрчлийн үйлдэл байвал 500 нэгжээр торгох юм уу 7-10 хоног саатуулах хуулийн зохицуулалттай байдаг юм байна. Миний зүгээс тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх зөвшөөрөлд хүссэн бичгээ дүүрэгт өгсөн байгаа. Уул нь бид ардчилсан орны иргэд. Миний зүгээс бослого юм уу, үймээн самуунд өдөөн турхираагүй, тайван замаар үзэл бодлоо илэрхийлсэн. Ийм нөхцөлд хууль сахиулагчид маань ч тайван байдаг бол зүгээр санагдах юм.


- Танаас хуулийн ямар зүйл заалтаар байцаалт авсан юм бэ?


- Байцаагч хуулийн олон заалт хэлж байна лээ. Заримыг нь санахгүй байна. Хэлж байгаа хуулиа нарийн тайлбарлаж өгөөгүй. Цар тахал болон Жагсаал цуглааны хуулийн тухай дурдана лээ.


- Та өөрөө эрх чөлөөний оронд амьдарч байгаад ирж. Эх орондоо ирээд тайван замаар үзэл бодлоо илэрхийлээд л цагдаагийн үүдээр эргэлдэх болж. Ямар сэтгэгдэл төрж байна вэ?


- Монгол Улсын Үндсэн хуульд хувь хүн өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гээд заасан байдаг. Би энэ эрхээ л эдлэхээр гарсан. Ганцаараа ч бай, хэдүүлээ ч бай үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлаж байгаа үйлдлийг хараад их гайхлаа.


Би үзэл бодлоо тайван замаар чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлмээр байна. АНУ-д хар арьстай хүн цагдаагийн ажилтанд боолгож нас барсны эсрэг одоо ч иргэд тэмцсээр байгаа. "Хар арьстай хүмүүс амьдрах эрхтэй" гэж бичээд гэрийнхээ гаднаа, цонхон дээрээ байрлуулаад л тавьчихсан байдаг.


Бид хуульд захирагдах ёстой. Тэгэхээр цаашид нөлөөлж болох хувилбараа олж тэмцэнэ. Ажлын газар болон гэрийнхээ гаднаа ч юм уу, уриа лоозон бичиж тавих төлөвлөгөөтэй байна. Одоогоор амны хаалт дээрээ биччихлээ. Цаашлаад олон нийтийн сүлжээгээр илэрхийлэх бодолтой байна.


- Та байцаагдсаны дараа Цар тахлын үеийн хуулийг эргэж харж амжсан уу?


- Энд нэг зүйлийг онцлоход дэлхийн аль ч оронд Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг цар тахлаас болж зөрчөөгүй.


Харин Монгол Улсад цар тахлаар далимдуулаад хүний үзэл бодлоо эдлэх эрхийг боомилж байгаа нь эрх баригчдын бүдүүлэг үйлдэл. Бухимдлыг нь илэрхийлүүлэхгүй, хорьж цагдах тусам удаан тэвчиж байгаад гаргахдаа маш буруу арга замаар илэрхийлэгдэнэ.


Хааж боох тусам л хүчтэй тэсэрч дэлбэрсэн жишээ олон бий. Тийм байдал үүсгэхгүйн тулд олон нийтийн хэлэлцүүлэг хийж, харилцан ойлголцож явах хэрэгтэй. Хуулийг буруу аргаар хэрэгжүүлээд байна.


Б.Энхбаяр: Төрийн өмчийн 107 байгууллага төрийн мэдлийн 104.2 га газар дээр нийтийн орон сууц барьж, зарсан байна

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.17





Газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх асуудлыг шийдэх гэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тус хуулийн талаар мэдээлэл өгсөн юм. Энэ үеэрээ тэрбээр төрийн өмчит байгууллагууд газар дээрээ орон сууц барьж, зарсан талаарх судалгаагаа танилцуулав. 


2020 онд улсын хэмжээнд хийсэн уг судалгаагаар Улаанбаатар хотод л гэхэд төрийн өмчийн 107 байгууллага төрийн мэдлийн буюу 104.2 га газар дээр нийтийн орон сууц барьж зарсан гэсэн дүгнэлт гарчээ. 


Тэрбээр “Өнгөрсөн 20, 30 жилд сургуулиудын хүүхдийн тоглоомын талбай, спорт талбай байхгүй болсон. Эмнэлгүүдийн газар байхгүй болсон. Төрийн гэж байж болох бүх газар байхгүй болсон. Хүүхдийн урлан бүтээх төв орон сууцны хороолол болсон. Ийм жишээ үй түм. “Найрамдал” зуслангийн газарт сайд байсан Эрдэнэ гэж хүн хувийн хашаа барьсан. Тэр хавь хувийн орон сууц болсон. Бүх эмнэлгийн газраас хулгайлаад зарж, орон сууцны хороолол болж хувирсан. 


Тэдгээр газрыг Засгийн газрын тогтоолоор гаргасан суурь үнэлгээгээр тооцохоор 99 тэрбум төгрөгийн үнэтэй газрыг ингэж зарсан байна” гэв. 


Үүнээс гадна орон сууцнуудын өмчлөлийн асуудал, СӨХ, дуусаагүй барилгад үл хөдлөхийн гэрчилгээ гарч байгаа зэрэг асуудлуудыг цэгцлэхээр хуулийн төсөлд тусгасан байгааг тэрбээр тайлбарлалаа.

"Айл өрхийн дулаан алдалтыг 70 хувиар багасгаснаар агаарын бохирдлыг бууруулахад бодит нөлөө үзүүлнэ"

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.16







Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр олон улсын санхүүжилттэй хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр дүнд үнэлэлт өгөх ажлыг салбарын яамнаас зохион байгуулж байна.


Энэ хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Европын холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Аксель Никэйз нар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд ажиллажээ.


Европын холбооноос 2018-2021 онуудад хэрэгжүүлсэн “Дулаан шийдэл төсөл нь” нийт 2.1 сая Еврогийн санхүүжилтээр хэрэгжсэн бөгөөд гэр байшингийн дулаан алдалтыг бууруулах, дэвшилтэд технологийг айл өрхүүдэд нэвтрүүлэн, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж байгаагаараа давуу талтай.


Цаашид төслийн үр дүнг нэмэгдүүлэх, ард иргэдэд бодит хүртээмжтэй байх чиглэлээр салбарын сайд анхаарч ажиллахаа онцоллоо. Айл өрхийн гэр байшингийн дулаан алдалтыг багасгаж эрчим хүчний зарцуулалтыг 70 хүртэл хувиар бууруулах төслийг үргэлжлүүлэх асуудлыг хэлэлцэж, Европын холбооноос нийт 2 сая гаруй еврогийн санхүүжилтийг шийдвэрлэн хамтран ажиллахаар боллоо.


Сүхбаатар дүүргийн 16 хорооны иргэн Эрдэнэбилэгийн 8:10 метрийн харьцаатай байшингийн бүрэн дулаалгыг төслийн хүрээнд шийдвэрлэхэд нийт 8 сая гаруй төгрөг зарцуулагдсан байна. Ингэснээр түлшний хэрэглээ өмнөхөөс 50-60 хувиар буурч эдийн засгийн хэмнэлттэй, ая тухтай амьдарч байгааг гэрийн эзэгтэй ярьж байна.

"Шахмал түлшнээс иргэдийн эрүүл мэндэд нөлөөлөх хоруу чанар гараагүй нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон"

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.13








Агаарын чанарын өөрчлөлттэй холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол бүхий 9, 28 дугаар хороодод холбогдох яамд, Нийслэл, дүүргийн удирдлагууд өнөөдөр ажиллалаа.


Тодруулбал, Байгаль орчин аялал жуучлалын сайд Н.Уртнасан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар “Тавантолгой түлш” ХХК, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон бусад удирдлагуудын хамт айл өрхүүдийн хэрэглээний түлшний чанар, бүтцийн үзүүлэлтийг тусгай зориулалтын багажаар хэмжиж, утаа ихэссэнтэй холбоотой иргэд, хороодын Засаг дарга нарын байр суурийг сонсов.


Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад нийслэлийн хэмжээнд агаарын бохирдол нэмэгдсэн талаар иргэд шүүмжлэлтэй хандаж буй бөгөөд холбогдох удирдлагууд агаарын бохирдуулагч эх үүсвэр өндөртэй бүсүүдэд ийнхүү биечлэн ажиллаж байгаа аж.


Энэ үеэр иргэд түлшний чанар, дулаан хадгалалт, шаталт, үнэр зэрэгт өөрчлөлт орсон нь мэдэгдэж байгааг хэлж байв.


Мөн “Таван толгой түлш” ХХК-ийн төлөөллүүд сайжруулсан түлштэй холбоотой иргэдийн гомдол, санал хүсэлтийн хариуд үйлдвэрлэл, технологи, хадгалалтын талаар холбогдох удирдлагуудад тайлбарлав.


Угаагаагүй түүхий нүүрсний илчлэг байдал 2,000-3,000 байдаг бол сайжруулсан шахмал түлшний илчлэг 5,700-6,000, чийг 1.7-2.5 хувь байдаг.


Мөн иргэдийн эрүүл мэндэд хоруу чанар гараагүй нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон гэдгийг "Таван толгой түлш" ХХК-ийн мэргэжилтнүүд хэлсэн юм гэж Сонгинохайрхан дүүргээс мэдээллээ.

Нүүрсэн яндангийн хулгайч ченжүүдийн шуналын төлөөсөнд сая гаруй хүний амь нас, эрүүл мэнд хохирч байна

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.12





ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн доктор, профессор Ц.Цэвэгжав “Нүүрсэн яндан буюу катализаторгүй тээврийн хэрэгсэл 300 орчим хорт бодисыг ялгаруулж агаар, орчин бохирдуулдаг” талаар онцолжээ.


Тодруулбал, дотоод шаталтын хөдөлгүүрээс утаа гарснаар азотын исэл, нүүрс хүчлийн хийг үүсгэдэг аж. Түлш агаар холилдож бүрэн шатсанаар нүүрс хүчлийн давхар ислийг үүсгэдэг юм байна. Энэ нь хүрээлэн буй орчинд хоргүй. Харин дутуу шаталтаас үүссэн хорт бодисууд нь хүн, байгаль орчинд маш хортой. Дутуу шаталтыг катализаторгүй автомашинууд бий болгож, 300 орчим төрлийн хорт бодис ялгаруулдаг юм байна. Хамгийн хор хөнөөлтэй нь нүүрс хүчлийн хий болон азотын исэл гэнэ.


Авто тээврийн үндэсний төвийн мэдээлж буйгаар нийслэлийн хэмжээнд 730 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас 500 орчим мянга нь замын хөдөлгөөнд тогтмол оролцдог аж. Эдгээрийн талаас илүү хувь нь Prius маркийн тээврийн хэрэгсэл байдаг.


Замын хөдөлгөөнд оролцож буй Prius маркийн тээврийн хэрэгслийн олонх нь үйлдвэрээс гарсан нүүрсэн яндангүйгээр Улаанбаатарын гудамжаар нүүрсхүчлийн хий болон азотын исэл ялгаруулаад явж байна.


Энэ асуудлын мөрөөр сурвалжиллаа.


НҮҮРСЭН ЯНДАНГИЙН ХУЛГАЙЧ ЧЕНЖҮҮДИЙН ШУНАЛЫН ТӨЛӨӨСӨНД САЯ ГАРУЙ ХҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД ХОХИРЧ БАЙНА

Эхлээд тээврийн хэрэгслийн төвлөрсөн худалдааны цэг “Да хүрээ" захыг зорьсон юм. Хил хаалттай ч тус захад тээврийн хэрэгслүүдийг ярайтал эгнүүлээд тавьсан харагдана. Эдгээрийн олонх нь өнгө өнгийн Prius-үүд байх аж.


Тээврийн хэрэгслийн ченж залуугаас цөөн асуултад тодруулга авлаа.


- Энд худалдаалагдаж буй Prius маркийн тээврийн хэрэгслүүд катализатортой юу?


- Одоогоос тав зургаан жилийн өмнө тээврийн хэрэгслүүд үйлдвэрийн яндантайгаа орж ирдэг байсан юм. Одоо тэгэхээ больсон. Миний rap дээр хятад яндантайгаа л ирдэг.


- Үйлдвэрээсээ хятад яндантай гарч байна уу. Тээвэрлэх замд хэн нэгэн сольж байна уу. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?


- Үйлдвэрээс бол катализатортой л гарч байгаа л даа. Бид эндээс захиалахдаа ч үйлдвэрийн яндантай нь л захиалдаг юм. Бидний гарт л хятад яндантай ирдэг. Тэр хол зам туулж ирсэн барааг буцаах арга байхгүй, тэр чигээр нь л худалдаалдаг.


- Гадуур нүүрсэн яндангийн эрэлт их байна уу. Энэ хавиар ч худалдаалдаг хүмүүс олон харагдлаа?


- Энэ хавиар авдаг, зардаг хүмүүс олон бий. Чамгүй үнэ ч хүрдэг. Сүүлийн үед бол ховордсон. Нүүрсэн яндантай машин ч цөөн болсон байх. Эрт онтой цөөхөн тээврийн хэрэгслүүдэд л байдаг. Тэр нь гол төлөв хөдөө орон нутагт байдаг гэх тайлбар хэлж байна.


“Да хүрээ’ захын орчимд нүүрсэн яндангийн эрэлт хэрэгцээ өндөр байна. Зөвхөн энэ төрлийн худалдаа эрхэлдэг хүмүүс ч байдаг бололтой. Гол төлөв бусдын тээврийн хэрэгслээс тоногдсон, буруу гарын зүйлс энд ирдгийг ч машины ченжүүд онцолж байв. Нүүрсэн яндан авч дамладаг гэх ченжүүдтэй уулзахад тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Учир нь энэ төрлийн яндан худалдаалахыг хориглодог болжээ. Зарсан тохиолдолд торгуулийн арга хэмжээ авдаг болж. Гэсэн ч ил далд хэлбэрээр энэ төрлийн бизнес оршсоор л байна. Бүр тодруулбал энэ төрлийн худалдаа цахим орчинд эрчээ авчээ. “Нүүрсэн яндан авна зарна, нүүрсэн яндан авч. шүүлтүүртэй яндан суулгаж өгч чекний гэрэл унтраана" гэсэн зар түгээмэл анзаарагдана. Иймэрхүү худалдааны зарын бүлгэмүүд ч хэдэн арваараа бий болж.


Энэ төрлийн худалдаа эрхэлдэг хүмүүсийн хэлж байгаагаар бол нүүрсэн яндангийн ханш 800.000-2 .000.000 төгрөгийн хооронд байна. Он болон машины төрөл маркаасаа шалтгаалаад үнэ нь өөр хоорондоо харилцан адилгүй байдаг аж. Хамгийн эрэлттэй нь сүүл оны Prius 20-ын яндан гэнэ. Зарим тохиолдолд гурван сая төгрөг ч хүрдэг аж.


Prius 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй иргэдийн байр суурийг сонслоо.


- Та энэ тээврийн хэрэгслийг унаад хэр удаж байна вэ. Таны гарт үйлдвэрийн яндантайгаа ирсэн үү?


- Шинэ машин буухад нь л аваад гурван жил болж байна. Хятад яндантай л миний гарт ирсэн. Шинэ машины үйлдвэрийн янданг хэн нь, хаана сольчихсон юм бүү мэд. Ийм яндан их амархан эдлэгддэг юм билээ. Машины явах ангид ч амархан гэмтэл үүснэ. Катализатор зарна гэх хүмүүс мэр сэр байдаг л юм билээ. Гэхдээ үнэ нь тэнгэрт хадчихсан. Шүүлтүүртэй хятад янданг нь сольж тавиад л явж байна.


- Та тээврийн хэрэгслээ оношилгоонд хэзээ оруулсан бэ. Энд хятад яндан шаардлага хангадаг юм уу?


- Ном журмынх нь дагуу ороод л явдаг. Ийм тийм яндантай гэсэн асуудал тавьж байгаагүй.


- Шүүлтүүртэй яндан дутуу шаталт явуулдаг, эрүүл мэнд байгаль орчинд хортой талаар та мэдэх үү?


- Ийм мэдээлэл сонсож л байсан. Өнөөдрийн нөхцөлд шүүлтүүртэй хятад яндан хэрэглэхээс өөр гарц гаргалгаа алга байна шүү дээ. Үйлдвэрийн янданг нь хэн хаана сугалаад авчихдаг юм. надад мэдэх юм үнэндээ алга. Тийм л их хортой юм бол төрийн зүгээс бодлогоор анхаарах асуудал шүү дээ. Тээврийн хэрэгслийн бүртгэл, оношилгоо дээр энэ бүхнийг шалгаад хариуцлагатайгаар шаардлага тавих хэрэгтэй. Өнөөдөр бол тээврийн хэрэгслийн техникийн үзлэг хийхэд аюулгүй байдал, стандарт харахаас илүү мөнгө хураах л зорилготой болсон юм шиг. Өдөрт хэдэн удаагийн зам тээврийн осол гарч жолооч нар эд хөрөнгөөрөө хохирдог билээ. Хэдэн хүн зам тээврийн ослоор амь насаа алдаж байна. Нэг талдаа жолооч нарын ур чадвар, ухамсрын асуудал яригдах ч нөгөө талд техникийн аюулгүй байдал хөндөгдөнө. Энэ хятад яндан ч үүнд нөлөөлж л байгаа шүү дээ. Хол замд явахад хайлаад бараг боломжгүй юм билээ. Энэ бүхнийг жолооч нар тэр бур анзаардаггүй. Ойлголттой байх шаардлагатай юм билээ. Мөн он хуучин тээврийн хэрэгслийнхээ янданг зарчихсан жолооч нар ч олон байна. Тэд шүүлтүүртэй хятад яндангийн байгаль орчин, эрүүл мэндэд учруулах хор хөнөөлийн талаар төдийлөн ойлголтгүй байдаг бололтой.


Бусад улс орнуудын тухайд энэ асуудалд ямар хяналт тавьдаг талаар автын инженер Ц.Амарсайханаас тодрууллаа. Түүний тухайд БНСУ-д авто техникийн чиглэлээр боловсрол дээшлүүлж ирээд хувийн засварын газар ажиллуулж байгаа юм.


- Нүүрсэн яндан буюу катализаторын үнэ өндөр байх юм. Зарим тохиолдолд гурван сая төгрөгөөр борлуулагдаж байна. энэ талаар бидэнд мэдээлэл өгөхгүй юу. яагаад ийм өндөр үнэтэй байна вэ?


- Катализатор өөрөө хатуу ган болох цагаан алт, паллади, хөнгөн цагааны исэл зэрэг үнэт металлын бүтэцтэй. Энэ эд анги нь маш богино хугацаанд азотын ислийн долоон нэгдэл, угаарын хий, нүүрстөрөгчийн ялгаварлалтыг багасгах зориулалттай байдаг юм. Өндөр үнэ хүрч байгаа шалтгаан нь энэ.


- Нийслэлд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийн дийлэнхийг Prius маркийн тээврийн хэрэгсэл эзэлдэг. Гэсэн ч нүүрсэн яндантай тээврийн хэрэгсэл бараг алга. Олон улсад ямар байдаг юм бэ?


- Өндөр хөгжилтэй улс орнуудад тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт өндөр шалгуур тавьдаг. Тодруулбал Евро-2, Евро-3 гэсэн стандарт бий. Үүнийг мөрдөж ажилладаг. Засгийн газар нь ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж байгаа үйлдэл шүү дээ. Манайд бол үүнд огт ач холбогдол өгдөггүй. Шүүлтүүртэй хятад яндан тавьж хорт хий ялгаруулаад түгжрээд зогсож л байдаг. Хаа нэгтээ машиндаа угаартаж нас барсан тухай мэдээ дуулдаж л байдаг. Үүнд анхаарч, ач холбогдол өгөх цаг нь ирсэн.


- Ямар гарц гаргалгаа байна?


- Хятад шүүлтүүртэй яндан бэхэлсэн автомашин үйлдвэрээс гарна гэж байхгүй. Ийм хорт бодис ялгаруулдаг яндантай тээврийн хэрэгсэл экспортлох ёс зүйтэй орон ч гэж байхгүй. Манай ченж гэх нөхдүүд л гаднаас орж ирмэгц нь янданг нь сольдог. Хил гааль. хууль хяналтын байгууллага үүнд онцгой анхаарах шаардлагатай цаг үе ирсэн. Энд ч хятад шүүлтүүртэй тээврийн хэрэгслийг торгох зохицуулалттай болж яагаад болохгүй гэж. хүн ам төвлөрсөн газар бол энэ ноцтой асуудал шүү. эхний ээлжид тэр янданг сугалж гадагш нь гаргаж зараад байгаа ченж гэх нөхдүүдийг илрүүлж, зогсоох хэрэгтэй" гэв.


Түүний хэлж буйгаар бол хилээр орж ирсэн Prius маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг сугалж аваад хятад яндан суурилуулдаг ченж гэх бүлэглэл байдаг болж. Сугалсан яндангаа бөөгнүүлж байгаад буцаагаад урагш нь гаргачихдаг байна.


Энэ талаар гаалиас тодруулсан ч тодорхой мэдээлэл өгсөнгүй. Үүнд ямар нэгэн хяналт байдаггүй бололтой.


Хар амиа бодсон хэдхэн нүүрсэн яндангийн хулгайч нарын эрх ашгийн ард нийслэлийн сая таван зуу гаруй иргэний эрүүл мэндэд ноцтой хохирол учирч байна. Агаарын бохирдлын 80 орчим хувийг гэр хорооллын утаа, үлдсэн 20 хувийг тээврийн хэрэгсэл болон үйлдвэрийн утаа эзэлдэг гэх судалгааг Байгаль орчны яамнаас гаргасан байна.


Үүнээс хүний эрүүл мэндэд хамгийн хортой нь тээврийн хэрэгслийн утаа гэдгийг мэргэжлийн эмч нар онцолж байна. Нүүрсэн яндангийн хулгайч хэдхэн ченж нийслэлчүүдийн эрүүл мэндийг устгах нь. Тэдний хэдэн халтар төгрөг олох шуналын төлөөсөнд сая гаруй хүний амь нас, эрүүл мэнд хохирч байна.

"Сайжруулсан түлш өмнөхөөсөө чийг ихтэй, нойтон, хатаалт муу учир утаа их гарч байна"

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.12







Нийслэл, дүүргийн удирдлагууд агаарын бохирдол ихэссэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн зарим сайжруулсан түлш борлуулалтын цэгт ажиллаж, зарим айлын иргэдтэй уулзаж сайжруулсан түлштэй холбогдуулан санал бодлоо солилцлоо.


Энэ үеэр сайжруулсан түлш борлуулж буй цэгүүдийн борлуулагчид, уулзсан иргэд "2022 онд борлуулагдаж байгаа сайжруулсан түлшний хувьд өмнөх үеийнхээс чийг ихтэй, нойтон, хатаалт муу учир утаа их гарч байгаа" талаар хэлэв.


Нийслэл, дүүргийн удирдлагуудын зүгээс гэр хорооллын бүсэд түүхий нүүрс тулж буй эсэх талаар шалгалтыг мэргэжлийн байгууллагатай хамтарч явуулсан. Үүний үр дүнд гэр хорооллын бүсэд амьдардаг иргэд түүхий нүүрс түлдэггүй, сайжруулсан түлш түлдэг гэх судалгаа гарсан.


Үүнтэй холбоотойгоор Таван толгой түлш компанийн түлш үйлдвэрлэлийн технологийг судалж, шийдвэрлэх шаардлагатай талаар зөвлөсөн юм.


Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт түүхий нүүрс түлдэг, эсхүл сайжруулсан түлш өмнөх үеэс их хэмжээгээр түлсэн зүйлс байхгүй бөгөөд дүүргийн товчоогоор түүхий нүүрс холбогдох хориглосон зүйлс ороогүй гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.


С.Даваасүрэн: Шахмал түлшний технологийг сайжруулах болон зуухны асуудлыг шийдэхгүй бол утаа буурахгүй

 Эх сурвалж: ikon.mn, 2022.01.11





Нийслэлийн агаарын бохирдол өнгөрсөн жилээс их байгаа нь иргэдийг багагүй бухимдуулж буй. Иргэдийн нэг хэсэг нь сайжруулсан түлш шаардлага хангахгүй байна гэж үзэж байгаа бол нөгөө нь иргэд дугуй, хог шатааж байгаагаас агаарын бохирдол бий боллоо гэж байгаа. Иймээс үүнд хэрхэн хяналт тавьж байгаа талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын дэд дарга С.Даваасүрэнтэй ярилцлаа.


-НМХГ-аас агаарын бохирдлын шалтгаан, нөхцөлд хяналт, шалгалт хийж байгаа юу?


-НМХГ-аас Улаанбаатар хотыг тойрсон товчоодод байнгын хяналт тавьж байгаа. Мөн “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн болон баруун үйлдвэрт улсын байцаагч хөдөлмөрийн аюулгүй байдал, технологид хяналт тавин ажиллаж байна. Түүнчлэн түүхий нүүрс түлэхийг хориглосон 99 хороонд улсын байцаагч томилогдон, өдөр бүр хяналт тавин ажилладаг.


Монгол Улсын Шадар сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу нэгдүгээр сарын 7-9-ны хооронд гурван өдөр МХЕГ-ын албан хаагч, НМХГ-ын нийт бүрэлдэхүүн, цагдаагийн албан хаагч, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болон хороо, дүүргийн мэргэжилтнүүд, хэсгийн ахлагч нар “Таван толгой түлш” ХХК-ийн ажилчидтай хамтран нийт 4000 гаруй хүн Улаанбаатар хотод хог хаягдал түлж байна уу, түүхий нүүрсний хэрэглээ байгаа эсэхэд хяналт тавин ажиллалаа. Энэ хугацаанд 99 хорооны 60 мянга орчим өрх, аж ахуйн нэгжид хяналт, шалгалт хийсэн.


Шалгалтад хамрагдсан нийт айл өрх, аж ахуйн нэгжийн 98.5 хувь нь сайжруулсан шахмал түлш хэрэглэж байна. 1.4 хувь нь цахилгаан хэрэглэж байгаа дүн гарсан. Шалгалтын үед мөн тодорхой хэмжээний зөрчил гарсныг тухай бүр арилгуулсан.


-Шалгалтаар ямар зөрчил илэрсэн бэ. Түүхий нүүрс, дугуй, хог хаягдал шатааж байгаа айл байна уу?


-Тоймолбол, нийт 11 зөрчил илэрсэн. Энэ зөрчлүүд нь Улаанбаатар хотын агаарын бохирдолд нөлөөлөхүйц байгаагүй. Тухайлбал, нэг айл зуухандаа хог, хаягдал хийсэн зөрчил илэрсэн. Хоёр аж ахуйн нэгж хэрэглэсэн тос шатааж, түлш гаргах үйл ажиллагаа явуулж байсныг газар дээр нь үйл ажиллагааг зогсоолоо.


Мөн хогийн цэг дээр үнсээ асгаж байгаа, кабель утас шатааж, зэсийг нь авч байгаа зөрчил гарсан.


-Хяналт, шалгалтын явцад иргэд ямар санал, гомдол хэлж байна вэ?


-Иргэд сайжруулсан түлштэй холбоотой гурван төрлийн санал, гомдол хэлж байна. Нэгдүгээрт, өмнөх жилүүдтэй харьцуулахад сайжруулсан түлшний илчлэг муу байна. Хоёрдугаарт, үйрмэг их байна. Гуравдугаарт, уугилт их байна гэсэн.


Бид “Таван толгой түлш” ХХК-ийн түлшний лабораторийн шинжилгээнд байнгын хяналт тавьдаг. Илчлэгийн хувьд өнгөрсөн найм, есдүгээр сард үйлдвэрлэсэн түлшний илчлэг өмнөх үзүүлэлтээс буурсан байсан. Стандартаар илчлэг 4,800 байх ёстой ч 6,000 гаруй байдаг байсан.


Харин өнгөрсөн найм, есдүгээр сард 5,000 руу орсон. Үүнийг тодруулахад, “Таван толгой түлш” ХХК мидлингээ маш ихээр нөөцөлж, гадаанаа удаадаг. Үүнээс болж илчлэг муудсан байх магадлалтай. Иймээс хоёр, гурван сараас биш, 14 хоногоор нөөцөлж, үйлдвэрлэлд оруулбал илчлэг өндөр байхаар байгаа юм. Нөгөө талаас сайжруулсан түлш түлж байгаа зуух шаардлага хангахгүй, түлшээ гүйцэд шатаахгүй, утаа их гарч байна.


Бид түлш бат бэх чанарт байнга хяналт тавьдаг. Уул уурхай, газрын тосны төв лаборатори болон SGS-ын лабораторид хийсэн шинжилгээг харьцуулсан байдлаар үзэхэд, түлшний бат бэх нь стандартын хэмжээнд байсан. Айл өрхөд очихдоо яагаад үйрмэгтэй байна вэ гэхээр тээвэрлэлт, зөөвөрлөлт их байгаагаас үүрмэг үүсэж байна. Мөн стандартад тодорхой хэмжээний өндрөөс төдөн кг-ыг унагаж, бат бэхийг үзнэ гэсэн байгаа. Уул уурхай, газрын тосны төв лаборатори болон SGS-ын лабораторийн дүн өөр гарсан. Нэг нь 95, нөгөө нь 85 хувь гарсан. Тодруултал, Уул уурхай, газрын тосны төв лаборатори нэг удаа унагадаг, SGS-ынх хоёр унагаж үздэг. Гэтэл стандарт хэд унагах тухай заагаагүй байдаг.


Уугилт их байна гэдэг чийглэгтэй холбоотой. Иргэд хөлдүү түлш ирж байна гэж байгаа. Сайжруулсан түлш чийглэг ихтэй байгаа учраас утаа ялгаруулж байх магадлалтай. Чийглэгийн стандарт 10 болон түүнээс бага байх ёстой. Гэтэл баруун үйлдвэрийнх нэг шугам нь 1.4, нөгөө нь 1.8, зүүн үйлдвэрийн нэг шугам нь 6.9, нөгөө нь 8 байна. Хэдий стандарт нь 10 ч гэлээ хоёр үйлдвэрийнх харьцангуй өөр гарч байгаа. Стандартын дагуу 10-аас доош гэсэн болохоор бид шаардлага хангасан дүгнэлт гаргадаг.


Иргэдийн хувьд өмнөх жилийнхтэй харьцуулахад уугилт их байна, утаа гарч байна, асахдаа муу байна гэж хэлж байгаа. Тиймээс “Таван толгой түлш” компанийнхан үйлдвэрлэж буй түлшний чийглэгт анхаарахад илүүдэхгүй нь. Чийглэг нь аль болох бага тусмаа сайн шүү дээ. Зүүн үйлдвэрийнхээ технологийн горимыг баруун үйлдвэрийнхтэй адил болгох ёстой.


-Танайхаас “Таван толгой түлш” ХХК-аас тайлбар авсан уу. Тус үйлдвэрт технологийн горим алдагдсан юм биш үү?


-“Таван толгой түлш” компани нэг хэсэг ажиллахгүй, горим алдаж байсан. Түлшээ гадаа, байгалийн аргаар хатааж байсан тохиолдол ч бий. Харин одоо бол үйлдвэрийнхээ шугамуудыг ажилд оруулсан. Цаашид хэвийн гарна гэсэн тайлбар хэлж байгаа. Бид лабораторийн шинжилгээнд дээж өгчихсөн. Хариу нь удахгүй гарах байх. Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс хориглох үндэслэл одоогоор байхгүй. Учир нь чийглэг 10 хүртэлх хэмжээтэй байх стандартын шаардлагыг хангачхаад байгаа юм.


Гагцхүү бид иргэдээс ирж буй шаардлагыг үндэс болгон зүүн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг барууныхтайгаа адилхан болгооч гэсэн шаардлагыг тавьж байгаа.


Мөн үйлдвэрлээд гаргасан түлшийг зориулалтын зууханд түлэхгүй бол үр дүн гарахгүй. Өөрөөр хэлбэл, сайжруулсан шахмал түлшийг бүрэн шатаадаг зуух хэрэглэхгүй бол нэгдүгээрт илчээ бүрэн гаргахгүй, хоёрдугаарт дутуу шатсан түлшнээс утаа их гарна. Анх сайжруулсан түлшийг гаргаснаараа агаар дахь утааг 50 хувь бууруулна гэж зорьж байсан. Тэр үед стандартын шаардлага хангасан зуух айл өрхүүдэд байсан. Одоо бол айл өрхийн олонх нь уламжлалт зуух ашиглаж байна.


Мэргэжлийн хяналтын байгууллага, Экологийн цагдаагийн албатай хамтран нийслэл хотын захад байрлах тээврийн товчоодод түүхий нүүрсний шалгалтыг байнга хийж байгаа. Эхэн үедээ түүхий нүүрс оруулах гэж үздэг байсан. Одоо ийм зөрчил байхгүй болсон.


Харин эсрэгээрээ сайжруулсан түлшийг Улаанбаатараас гаргаж, өөр газарт түлэх гэсэн зөрчил бүртгэгдэж байгаа. Нөгөөтээгүүр, хог хаягдал түлж байна гэсэн сэрдлэг бий. Нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд Улаанбаатар хотын зүгээс сайжруулсан түлш олгож байгаа. Бид хоёр ч удаагийн шалгалт хийсэн. Ийм төрлийн зөрчил илрээгүй.


-60 гаруй мянган айлд шалгалт хийсэн юм байна. Шалгалтаас ямар дүгнэлт гарсан бэ?


-Нийт айл өрхүүдийн 29 мянга гаруй нь энгийн зуухтай байсан. Стандарт хангасан сайжруулсан зуухтай нь 22 мянга гаруй байгаа юм. Шалгалтын явцад “Таван толгой түлш” ХХК-аас борлуулсан түлшинд харьцуулалт хийж үзсэн. 2021 оны арваннэг, арванхоёрдугаар сард борлуулсан шахмал түлшний хэмжээг 2019, 2020 оныхтой харьцуулсан. Ингэхэд өнгөрсөн онд 2020 оны арваннэг, арванхоёрдугаар сарынхаас 20 мянган тонн буюу 12.1 хувиар өссөн үзүүлэлт гарсан. 2019 оны мөн үетэй харьцуулахад 60 мянган тонн буюу 47 хувиар өссөн дүн гарсан. Тэгэхээр 2021 онд түлшний хэрэглээ дунджаар 56 хувиар өссөн дүнтэй байгаа юм.


-Цаашид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд юуг анхаарах вэ?


-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад нэгдүгээрт, “Таван толгой түлш” ХХК-аас гаргаж буй бүтээгдэхүүнийхээ технологийг сайжруулах шаардлагатай байна. Хоёр үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүний чийглэгийн хэмжээг адил түвшинд хүргэх хэрэгтэй юм. Зүүн үйлдвэрийн бүтээгдэхүүний чийглэгийг баруун үйлдвэрийн түвшинд хүргэж бууруулах бүрэн боломжтой гэж харж байгаа.


Хоёрдугаарт, зуухны асуудлыг шийдэх ёстой. Зуухаа өөрчлөхгүй тохиолдолд үр дүн хүлээнэ гэдэг хүндрэлтэй. Сайжруулсан түлшийг бүрэн шатаадаг зууханд түлж байж илчлэгээ бүрэн гаргаж, утаа бага гаргана шүү дээ. Үүнийг иргэд ойлгох хэрэгтэй байна. Энэ хоёр асуудлыг шийдээгүй тохиолдолд богино хугацаанд утаа буурахгүй.



Э.Есүй

Хайлааст орчимд РМ2.5 тоосонцор хүлцэх хэмжээнээс 23 ДАХИН ИХ байна

 Эх сурвалж: ikon.mn, 2022.01.11





Нийслэлийн гурван байршилд агаарын бохирдол ихтэй байна. Тодруулбал, Хайлааст орчимд агаарын бохирдол маш их хэмжээнд хүрсэн байгаа бол Баянхошуу, 5 буудалд их бохирдолтой байна. 


Хамгийн их бохирдолтой байгаа хэсэг буюу Хайлааст орчмын агаар дахь бохирдуулагч бодисуудын хэмжээг харвал, РМ2.5 тоосонцор хамгийн их хэмжээтэй буюу 1,178 мкг/м3 байгаа нь агаарын чанарын стандартад заасан хүлцэх хэмжээнээс 23 дахин их үзүүлэлт юм. Стандартад РМ2.5 тоосонцрын 24 цагийн дундаж хүлцэх хэмжээ 50 мкг/м3 хэмээн заасан байдаг. 





РМ2.5, РМ10 тоосонцор нь хатуу, шингэн төлөвтэй, нарийн ширхэгтэй. 10 микрометрээс бага хэмжээтэй тоосны богино /1 -24 цаг/ ба урт хугацааны /хэдэн жилийн/ нөлөөлөл нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтад хүргэдэг. Зүрх, судасны өвчтэй болон амьсгалын замын архаг хууч өвчтэй хүмүүс, хүүхэд, өндөр настнууд, жирэмсэн эмэгтэйчүүд өртөх эрсдэл бусад хүнийхээс илүү өндөр байдаг байна. 

Сайжруулсан шахмал түлш савлах шинэ шуудайны 35 хоногийн нөөцтэй байна

 Эх сурвалж: ikon.mn, 2022.01.10





Агаарын чанарын талаарх долоо хоног бүрийн ээлжит мэдээллийн үеэр сайжруулсан шахмал түлш савлах 25 кг-ын шинэ шуудайн 35 хоногийн нөөцтэй байгааг мэдээллээ.


Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн "Таван толгой түлш" компани хангамжийн 10 баазаараа дамжуулан сайжруулсан шахмал түлшний шуудайг буцаан худалдан авах ажлыг эхлүүлсэн. Нэг шуудайг 300 төгрөгөөр үнэлж худалдан авч байгаа. Хангамжийн долоон баазад иргэдээс худалдан авсан хуучин шуудайд дахин нүүрс савлаж ашиглаж байгаа бөгөөд хангалттай хэмжээний шуудай цугларч байгаа учраас шинэ шуудай хэрэглэхгүй байгааг мэдээлэв.


Харин шахмал түлшний үйлдвэрийн шугамд хуучин шуудай ашиглах боломжгүй байдаг тул шинэ шуудай ашиглаж байгаа. Одоогоор шинэ шуудайн 35 хоногийн нөөцтэй байгаа аж. 


ХОТЫН ТҮГЖРЭЛД НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ ГЭХ НИЙТ 63 ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Эх сурвалж: dnn.mn, 2022.01.03





Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор тодорхой байршлын сургуулиудын хичээл эхлэх болон тарах цагийг өөрчлөх эсэх асуудлыг хэлэлцэж эхэлжээ.


Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар Их тойруугийн гудамжинд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх, дуусах цагийн зохицуулалтыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн ажлын цагтай нягт уялдуулан уян хатан байхаар зохицуулах асуудлыг судалж, турших арга хэмжээ авахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарт даалгасан байна.


Энэ дагуу нийслэлийн Боловсролын газраас Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гарахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг үндэслэн нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулийн хичээл эхлэх, дуусах цагт өөрчлөлт оруулах асуудлаар судалгааны дүнг танилцуулах, санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.


Уулзалтад Улаанбаатар хотын Их тойруугийн гудамжинд байршилтай түгжрэлд нөлөө бүхий төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 36, нийт 63 ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд оролцов.


Төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын зарим сургуулийн хичээл эхлэх, дуусах хугацаа, төрийн болон төсөвт байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын цагт өөрчлөлт оруулах, багш нарыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх зэрэг асуудлаар санал боловсруулж, холбогдох газарт уламжлахаар бэлтгэл ханган ажиллаж байна гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.