Showing posts with label plan. Show all posts
Showing posts with label plan. Show all posts

“Хангарди терминал”, “Улаанбаатар экспо” үзэсгэлэнгийн танхим зэргийг шинээр байгуулна

Эх сурвалж: ikon.mn, 2022.04.14





Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо.


“Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-аас энэ онд хэрэгжүүлэх долоон төслийг дэмжүүлэх тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн танилцуулсан юм.


Тодруулбал, “Хангарди терминал”, Төмөр замын гаалийн хяналтын бүс, “Улаанбаатар экспо” үзэсгэлэнгийн танхим, Хүнс, барааны бөөний худалдааны төв гэсэн дөрвөн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ. Харин байгууллагын дотоод ажлын хүрээнд Авто сэлбэг, тос тосолгооны материал, дагалдах хэрэгслийн бөөний төв, Шувуут нуур, Мод үржүүлэг гэсэн гурван төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


Хангарди терминал байгуулах төсөл нь баруун болон төвийн 16 аймгийн холбосон 100 автобусны зогсоол, оффисын барилга, үйлчилгээний талбай, 300 автомашины зогсоол, нийтийн тээврийн дулаан зогсоол, засвар үйлчилгээ, жолооч үйлчлүүлэгчдийн амрах байраас бүрдэнэ.

Харин төмөр замыг ашиглан гаалийн хяналтын талбай бүхий ачаа тээврийн логистикийн төв байгуулснаар ажлын байр нэмэгдэж, нийслэлд татварын орлого төвлөрүүлж, төсөвт хувь нэмэр оруулахын зэрэгцээ замын хөдөлгөөний түгжрэл, дуу чимээ, агаар, хөрсний бохирдол, хүн амын төвлөрлийг тодорхой хувиар бууруулах юм.

Мөн Сонгинохайрхан уулын бэлд “Шувуут нуур”, Мод үржүүлгийн газар байгуулснаар ногоон байгууламж нэмэгдэн, хүн бүрийн очих дуртай газрын нэг болж, төслөөс орох орлого бүрийн гурван хувийг экологийн тэнцвэрт байдал болон байгаль орчны эерэг нөлөөллийн санд төвлөрүүлэхээр төлөвлөжээ.

Эдгээр төсөл нь Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлууд болох замын хэт ачаалал, агаар, хөрсний бохирдол, хүн амын төвлөрлийг бууруулахад чухал түлхэц болох юм.


Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг Авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ажилтай нийцүүлэн, тооцоо, судалгааг хийх, дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулахыг үүрэг болголоо. Мөн бусад төслийн хувьд дэмжин ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад чиглэл болгов.


 


Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар


Энэ онд 32,358 иргэнд газар үнэгүй өмчлүүлэх шийдвэр гарчээ

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.17


Засгийн газрын гуравдугаар сарын 16-ны буюу өчигдрийн хуралдаанаар “Монгол Улсын Иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг баталжээ.


Улсын хэмжээнд 2022 онд нийт 32,392 иргэнд 3967.8 га газрыг өмчлүүлэх бөгөөд үүнээс 32,358 иргэнд 3937.3 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй, 34 иргэнд 30.50 га газрыг аж ахуйн зориулалтаар үнээр нь тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн үүнээс нийслэлийн хэмжээнд нийт 5,538 иргэнд эзэмшиж буй 315.17 га газрыг өмчлүүлэхээр баталжээ.

Аймаг, нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн 2022 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтын талаарх саналыг тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулж ирүүлснийг хянаж нэгтгэн, Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны 2022 оны 02 сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн Засгийн газрын хуралдаанд танилцуулах санал гаргасан байна.





Д.Сумъяабазар: Тулгуурт гүүрэн байгууламжийн эхний 21.2 км-ийг 2024 оны тавдугаар сард ашиглалтад оруулна

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.17





Монголын Өдөр тутмын сонинуудын холбоо, Нийслэлийн ЗДТГ хамтран Түгжрэлийн шийдэл хэлэлцүүлгийн зохион байгуулж байна.


Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар түгжрэлийн гарц, шийдэл, боломжуудыг танилцууллаа.


Тэрбээр “Улаанбаатар хотын төлөвлөлтөд 1990-ээд оны үед алдаа гарсан гэж ойлгож болно. 30 орчим жилийн алдааг гурван сар, гурван жилийн дотор шууд шийдэх боломжгүй.


Улаанбаатар хотод шинэ тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх төслийн ажил маш амжилттай явж байгаа.


Тухайлбал, гуравдугаар сарын 31-нд эхний техник эдийн засгийн үндэслэл буюу бидний хийх эдийн засгийн тооцоолол, ажлын зураг бэлэн болж буй.


Ингээд 2022 оны тавдугаар сарын 15-нд Улаанбаатарт тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх төслийн ажил эхэлж, 2024 оны тавдугаар сарын 31-нд эхний 21.2 км-ийг туршилтын байдлаар ашиглалтад өгөхөөр төлөвлөгөө гаргаад Ерөнхий сайдад энэ сарын 26-нд танилцуулахаар бэлдэж байгаа.


Бид 2023 оны есдүгээр сарын 30-нд төмөр зам, бусад тулгуур байгууламжуудыг дуусгана. 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нд тулгуур байгууламжийн тавцан буюу дээд талын явах тавцанг дуусгах төлөвлөгөөтэй байна. Улмаар 2024 оны тавдугаар сарын 30-нд дохиолол, цахилгааны холболтуудыг хийгээд эхний туршилтын вагоныг явуулахаар төлөвлөн ажиллаж байгаа.


Хөрөнгө санхүүгийн хувьд төсөвт дарамт болохгүй, Засгийн газрын өрийн хязгаарт орохгүй байдлаар зохицуулалт хийхээр гарц шийдэл гарган танилцуулж буй.


Бидэнд бүрэн боломж бий. Бид зөв санхүүгийн графикийг 10 жилээр гаргаж, олон улсын санхүүгийн байгууллагад өөрсдийнхөө төсвийн орлогын тооцооллуудыг үзүүлээд LRT болон хурдны замын төслийг эхлүүлэхээр бэлдэж байгаа" хэмээн ярилаа.


Хэлэлцүүлэг үргэлжилж байна...

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.17





Өдөр тутмын сонинуудын холбооноос “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулж байна.


Хэлэлцүүлгийн эхэнд Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн түгжрэлийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцууллаа.


Улаанбаатар хот 1.6 сая орчим иргэнтэй, 414 мянган өрхтэй. Хотын хүн амын тоо жилд дунджаар 80 мянгаар нэмэгдэж байна. Өдгөө 659 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа. Энэ чигээрээ хоёр жил болоход Улаанбаатар хот тэг зогсолт хийхэд хүрчээ.

Тэрбээр "Их тойруу, Бага тойрууд буюу хотын төвд аж ахуйн нэгж, байгууллага, их сургуулийн олонх нь үйл ажиллагаа явуулж байгаа нь нягтаршил үүсгэж, нэг төвт хот болгож буй. Мөн сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ нь түгжрэлд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Тодруулбал, 100 мянга орчим хүүхэд сургууль, цэцэрлэгтээ хувийн тээврийн хэрэгслээр хүргүүлж байгаа юм. Иймээс сургууль, цэцэрлэгийг нэмэгдүүлж, нэг төвт хотоос олон төвт хот болгох, төвлөрлийг сааруулах дэд төвүүдийг байгуулах, уулзваруудыг хоёр түвшинд оруулах гэх мэт ажлуудыг хийж байгаа" хэмээн онцоллоо.


Түгжрэлийн гарц, шийдэл, боломжуудын талаар Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар танилцуулсан юм.


Тэрбээр “Улаанбаатар хотын сүүлийн 30 жилд төлөвлөлтийн алдаатай явж ирсэн. Энэ алдааг гурван сар, гурван жилийн хугацаанд шийднэ гэвэл эндүүрэл. Харин үе шаттай, судалгаа, төлөвлөгөөтэй ажлуудыг хийх шаардлагатай байна. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулсан. УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороо байгуулагдлаа. Засгийн газар, УИХ-аас нийслэлийг маш сайн дэмжиж байгаа.


Түгжрэлийг бууруулахад зөвхөн зам, гүүр, зогсоол тавиад, дугаарын хязгаарлалт хийгээд шийдчихгүй. Сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойрог, төлөвлөлт, зөв зохицуулалт, нийтийн тээврийн шинэ соёлыг нэвтрүүлэх, парк шинэчлэх, явган болон дугуйн замын тохижилт зэрэг маш олон хүчин зүйлээс хамааралтай. Бүх зүйл цогцоороо явж байж, энэ түгжрэлийг шийднэ” хэмээлээ.


2022-2024 онд нийслэлд шинээр 41 км гол гудамж зам, 43.2 км туслах гудамж зам, уулзварын дахин инженерчлэл 30 байршилд, мөн 98 км явган, дугуйн зам хийхээр төлөвлөөд байна.

Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулснаар 150 мянган иргэн, 50 мянга орчим өрх шилжин суурьших боломжтой гэв

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.16





Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 


Уг тогтоолын төсөлд:


Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх “Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс” байгуулсугай.

“Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс”-ийн газрын талбайн хэмжээг 1,000 га-аар тогтоож, газрын байршил, хилийн заагийн эргэлтийн цэгийн солбицлыг  хавсралт ёсоор баталсугай гэжээ. 

Хуулийн төслийн танилцуулгад “Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах нь газар зүйн байрлал, нутаг дэвсгэрийн сонголтын хувьд Чөлөөт бүсийн тухай хууль болон үзэл  баримтлалд нийцэж байгаа бөгөөд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх суурь болох юм.


“Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс”-д тогтвортой аялал жуулчлал, амралт зугаалгын ресорт, соёлын бүтээлч үйлдвэрлэл, олон улсын худалдааны төвүүд, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн бүсийг байгуулж, Евро-Азийг холбосон олон улсын тээвэр логистикийн төвийг хөгжүүлснээр уул уурхайн салбарын хамаарлаас хараат бус олон тулгуурт эдийн засагтай байх бодлогод нийцсэн алхам болно.


Түүнчлэн Хөшигийн хөндийд төлөвлөсөн шинэ суурьшлын бүс болох “Шинэ зуун мод”, “Их дээд сургуулиудын хотхон” байгуулах ажил бодитоор хэрэгжих боломж бүрдэнэ. Эдгээр хотыг орчин үеийн загвараар хүрээлэн байгаа орчинд ээлтэй, эдийн засгийн ашигтай, хүний амьдрах, ажиллах нэн таатай орчин бүрэлдсэн, тогтвортой, ногоон, эко ухаалаг хот байлгахаар төлөвлөж байна.


Хөшигийн хөндийд байгуулагдах дагуул хотод 150 мянган иргэн, 50  мянга орчим өрх шилжин суурьшиж, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол 10 орчим хувиар, замын түгжрэл 20 орчим хувиар буурна. Түүнчлэн 1 мкв талбайд оногдох хүн амын нягтрал 20 хувиар буурна.


Чөлөөт бүсэд нэвтрэх визийн тусгай дэглэмийг дагаж газар зүйн хувьд ойрхон, харьцангуй бага зардлаар ирэх боломжтой аялал жуулчлал, бизнес, эдийн засгийн бүсэд ая тухтай амрах, зугаалах, худалдан авалт хийх бололцоо бүрдэх тул жуулчдын тоо нэмэгдэж, гадаад худалдаа, үйлдвэрлэл хурдацтай хөгжих давуу тал бий болно.


Татварын таатай орчинд гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болсноор эдийн засаг, нийгмийн үр өгөөж өгч, 50.0-60.0 мянган ажлын байр шинээр бий болж, “Халамжаас-Хөдөлмөрт” шилжих Засгийн газрын бодлого хэрэгжихэд түлхэж болно.


Мөн тогтвортой хөгжлийн зорилтыг хангасан, дэлхийн жишигт нийцсэн, үндэсний соёл иргэншлийг хадгалсан эрүүл, ногоон, эко хот байгуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна" хэмээн дурджээ. 


УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

"Гуравдугаар сарын 15-наас цэцэрлэг, сургууль орчмын гараашуудыг буулгаж эхэлнэ"

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.14


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас газар чөлөөлөлттэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа.


-Өнгөрсөн онд нийтийн эдэлбэр газрыг нийтэд нь үлдээх шийдвэрийн дагуу I, III, IV, XI, XIII хорооллуудад зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, барилга, гараашийг буулгаж, газар чөлөөлсөн. Энэ ажлыг 2022 онд эрчимжүүлнэ гэж та өнгөрсөн жил хэлж байсан. Тус ажлыг хэзээнээс эхлэхээр төлөвлөж байна вэ?


-Социализмын үед хувийн өмч гэж огт байгаагүй шахам юм. Социализмын бүтээн байгуулалт, хүмүүсийн сэтгэлгээ ч тийм л байсан. Нийгмийн өмч, нийтийн хөрөнгө. Тэр хүрээнд  дөч, тавин мянгат, I, III, IV хороолол, бичил хорооллууд баригдсан. Тухайн үед орон сууцны барилгуудад гарааш байхаар төлөвлөлт, зохион байгуулалт хийгээгүй.


Ерээд оноос хойш иргэд маань хувийн өмчтэй, тэр дундаа хувийн машинтай болж, гарааш барих газар хүсэх нь олширч, тэр дагуу тухайн үеийн хотын удирдлагууд гарааш барих зөвшөөрөл өгөх болсон. Мөн орон сууцны нэг давхруудыг үйлчилгээний зориулалтаар ашиглаж, тэр хэрээр хашаа, хайс барих зэргээр анхны төлөвлөлтийг алдагдуулсан байдаг. Тэр бүхнийг өнөөдөр зөв, буруу гэж шүүхээс илүү яаж засах вэ гэдэгт анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн 30 жилийн алдаа, дутагдлыг засах бодлого хэрэгтэй. Бид зөв зохицуулалтыг эрэлхийлж, эхнээс нь суурийг нь тавиад явж байна. Тэгэхээр хотын эрх зүйн зохицуулалт, дүрэм, стандарт орчин үед ямар байх ёстой вэ гээд бодлого руу эргээд орж байгаа. Бүх юм хууль, эрх зүйн зохицуулалт, дүрэм, журам, стандартын дагуу явах ёстой.


Өнгөрсөн нэг жилийн хугацаанд гарааш буулгахдаа зарим нэг зөвшөөрөлтэйд нь нөхөн олговор олгож, зөвшөөрөлгүйг буулгаж ирсэн. Нийтдээ мянга орчим гараашийг буулгаж, газар чөлөөлсөн. Үүнд бухимдаж уурлах хүн ч цөөнгүй. Мянган гарааш гэдэг бол урьд өмнөх жилүүдэд буулгаж байснаас 10 дахин өндөр тоо. Буулгасан гарааш, хашаа, хайсны оронд ногоон байгууламж бий болгосон. Ингэснээр иргэд явган замаар зорчиход эрсдэлгүй болсны дээр ая тухтай орчин бүрдэж байна. Энэ бол нэг талдаа хотын зүгээс хийж буй ажил боловч нөгөө талдаа иргэдийн хүлээлт их байна. Иргэд энэ ажилд өндөр үнэлгээ өгч, дэмжиж байгаа. Одоо ч хүлээлттэй байгаа.


Хотын өнгө үзэмжийг нэмэх, орон зайн төлөвлөлтийг зөв болгох, иргэд чөлөөтэй орж гарах, алхах нөхцөлийг бүрдүүлэхийг олон нийт хүсэж байгаа. Энэ ажлыг энэ жил үргэлжлүүлнэ. 4800 орчим гарааш буулгах төлөвлөгөөтэй байгаа. Дээр нь хашаа хайсуудыг буулгана. Хотын төвөөр хашаа, хайсыг дураараа барих нь өнгө үзэмжгүй болгохын дээр газрын гэрчилгээтэй л бол хашаа хатгана гэсэн ойлголтыг хална.


Улаанбаатар хотын 188 байршилд 4,800 гарааш буулгах чиглэлийг есөн дүүргийн удирдлагуудад өгөөд байгаа. Газар зохион байгуулалтын алба энэ тал дээр эрчимтэй ажиллана. 4,800  гараашийг буулгахад хотын өнгө үзэмж эрс өөрчлөгдөнө. Харагдах байдал, орон зай өөр болно. Энэ жил ногоон байгууламжийг маш сайн гүйцэтгэхээр төлөвлөж байгаа. Гуравдугаар сарын 15-наас ажил эхэлнэ. Дөрөвдүгээр сарын 1-нээс бүтээн байгуулалт эхэлнэ. Нийт тендерийн 90 хувь нь гүйцэтгэлээр орж, тендер шалгаруулах процессдоо орсон байна.


Хавар, зуныг хэрхэвч алдаж болохгүй. Ялангуяа Улаанбаатар хотын төв буюу Бага тойруу, Их тойрууд орон зайн төлөвлөлтүүдийг хийх, онцгой чиг үүрэгтэй тээврийн хэрэгслүүдийн нэвтрэх бололцоог хангах, хүүхдийн парк болон бусад газрын төлөвлөлтүүдийг нарийвчилж хийхээр төлөвлөсөн. Улаанбаатар хотын Ерөнхий архитекторт үүрэг өгсөн. Энэ жилийг бүтээн байгуулалтын жил болгож, хувийн хэвшилтэйгээ хамтарсан, нийслэлийн зүгээс манлайлал үзүүлсэн, олон улсын түншлэлийн хэмжээнд зохицуулалт хийхээр олон ажил төлөвлөсөн.


-Газар чөлөөлөлтийн ажил гуравдугаар сарын 15-аас наймдугаар сарын 15-ныг хүртэл таван сарын хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацаанд зөвшөөрөлгүй барьсан объектуудыг буулгачихаад, дараа нь ямар бүтээн байгуулалт хийх вэ. Зорьж буй ажлаа хийж амжих болов уу. Гүйцэтгэгчдийг хэр шахаж ажиллаж байна вэ?


-Өнгөрсөн жил газар чөлөөлөлт, ногоон байгууламжийн ажилд нэлээдгүй туршлагажсан. Ажлын туршлага бол маш чухал шүү дээ. Өнгөрсөн жил 1,000 орчим гарааш буулгасан бол энэ жил 4,860 орчмыг буулгана. Энэ ажилдаа нэг их түүртэхгүй байх. Гол нь зохион байгуулалтаа сайн хийх үүргийг л өгч байгаа. Зарим газар нь шөнө нь гараашаа буулгаад, өглөөнөөс нь тохижилтоо хийж эхлэх хэрэгтэй. Хэмжээ багатай газрыг дор нь буулгаад л цэвэрлэх ёстой. Ногоон байгууламжтай, ая тухтай орчныг л бүрдүүлэх үүрэг, чиглэлийг дүүргүүд болон бусад харьяа байгууллагууд аваад, ажилдаа орж байгаа. Улаанбаатар хотын хувьд 2022 оныг иргэний жил болгон зарласан. Иргэнд ээлтэй байх, иргэн ажлын байртай байж, орлоготой байх ёстой шүү дээ. 2022 онд маш сайн зохион байгуулалтад ороод ажиллахад эерэг бодитой үр дүн, өөрчлөлтүүд нүдэнд илт харагдана гэж үзэж байна хэмээлээ.  


Г.Батзориг: Газруудыг зөвхөн чөлөөлөх бус, тохижилт, ногоон байгууламж хийнэ

2021 онд Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн зам талбайд стандартын бус, зохих зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчил бүхий гарааш, зөөврийн байгууламж, өргөтгөл, хашаа, хаалт, хайс, шон зэргийн 1,556 объектыг чөлөөлж, 43 байршилд тохижилтын ажил хийх боломжийг бүрдүүлсэн бөгөөд дөрвөн байршилд тохижилтын ажлыг хийж дуусгажээ. Энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзоригтой ярилцлаа.


-Өнгөрсөн жил Хотын дарга хоёр захирамж гаргаж, нийтийн эдэлбэр газрыг нийтэд нь үлдээх шийдвэрийн дагуу хэд хэдэн байршилд зөвшөөрөлгүй барьсан байгууламжууд буюу гараашийг чөлөөлсөн. Энэ жилийн хувьд ажил ямар шатандаа явж байна вэ?


-Энэ жил нийт зөвшөөрөлгүй 4,860 гарааш буулгаж, зөрчил арилгахаар ажиллаж байна. Газар чөлөөлөх ажлыг 2022 оны гуравдугаар сарын 15-наас хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эхлээд цэцэрлэг, сургууль орчмын гараашуудыг буулгаж эхэлнэ.


-Гарааш буулгах явцад олон нийтийн хандлага ямар байна вэ?


-Өнгөрсөн жил 1,000 орчим гарааш чөлөөлсөн. Иргэд маш идэвхтэй дэмжсэн. Энэ жил мөн дэмжиж байна. Эдгээр газруудыг зөвхөн чөлөөлөх бус, тохижилт хийх, ногоон байгууламж барих, зам талбай гаргах ажлууд хийнэ. Чөлөөлсөн талбайд ямар нэг барилга барихгүй. Тодорхой байршлуудад иргэдтэй зөвшилцөж байгаа. Нэг жишээ татахад I хорооллын ард 1900 орчим гарааш бий. Үүнд тохижилт хийх, ногоон байгууламж барих ерөнхий төлөвлөгөөг батлуулна.


-Нийтийн  эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг буулгаж, бүтээн байгуулалт хийхэд иргэд голчлон ямар саналтай байна вэ?


-Тухайн оршин суугчдаас санал авахын тулд нэлээн ажиллагаа хэрэгтэй байгаа. Доороо зогсоолтой байрнууд тусдаа, зогсоолгүй байрнууд бол давхар гарааштай, тоглоомын талбайтай гэх мэт олон янзаар яригдана. Бид газрыг буулгаж чөлөөлөөд, иргэдээс санал авч  байгаа. Энэ бол үе шаттай, тодорхой хугацаанд хийх ажил. Ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай нийслэлийн хэмжээнд их дутагдалтай байна.


-Өнгөрсөн жил чөлөөлсөн газруудад ямар бүтээн байгуулалтууд бий болсон бэ?


-Өнгөрсөн жил 1,500 орчим объект, зөрчлийг арилгасан. Нийт 37 мянган мк.в газрыг чөлөөлж, дөрвөн байршилд ногоон байгууламж, тоглоомын талбай хийсэн. Мөн 43 байршилд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай бий болох нөхцөлийг бүрдүүллээ.


НИТХ-ын 2019 оны тогтоолоор нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөх, хашаа хайсны журам гэж гарсан. Бид уг журмыг энэ жил дахин хэрэгжүүлнэ. Өнгөрсөн жилийн хувьд 1,500 орчим байршилд газар чөлөөлөлт хийсэн. Гэсэн ч газар чөлөөлөлт хийсэн байршилд дахин хашаа, хайс татсан асуудал гарсан. Тиймээс энэ жил 57 байршилд 400 орчим газрыг дахин чөлөөлнө. Хашаа, хайстай холбогдох журмыг мөрдүүлж, шон татаж, гинжилдэг байдалд арга хэмжээ авна.


-Өнгөрсөн жилүүдэд чөлөөлсөн газар дээр дахин хашаа, хайс барьсан асуудал гарсан гэж байна шүү дээ. Магадгүй энэ цаашид давтагдахыг үгүйсгэхгүй. Хэрэв нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлсний дараа дахин хашаа баривал ямар хариуцлага тооцох вэ?


-Өнгөрсөн жилийн тухайд уг ажлыг дан ганц Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба л хэрэгжүүлээд явдаг байсан. Энэ жил арай өргөжиж байгаа. Өөрөөр хэлбэл, Хотын стандарт, хяналтын газар, НМХГ, НОБГ зэрэг боломжит бүхий л харьяа байгууллагууд хамтран хэрэгжүүлж, хяналт тавихаар төлөвлөсөн. Шон, хайсыг буцааж бариулахгүй байх тал дээр нь анхаарах гэхчлэн бүх арга хэмжээг цогцоор нь авна.


Иргэд: Зөвшөөрөлгүй, ашигладаггүй гараашуудын оронд ногоон байгууламжийг нэмэгдүүлээсэй

Иргэд нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөхөд дараах байр суурийг илэрхийлж байна.


-Улаанбаатар хотод цэцэрлэгт хүрээлэн, хүүхэд залуучуудад зориулсан газар цөөхөн болохоор тиймэрхүү чиглэлийн бүтээн байгуулалт хийгээсэй гэж бодож байна.


-Гол нь буулгаж байгаа гараашууд нь зөвшөөрөлгүй байгаа тохиолдолд ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалт хийвэл зүгээр байх.


-Энд тэндгүй ашигладаггүй хуучин гараашуудтай. Хажуугаар нь зөрж өнгөрөхөд хүртэл хэцүү, хог шороо ихтэй, хүмүүс шээж, баагаад бас л хэцүүхэн л харагддаг шүү дээ.  Ялангуяа хүүхдийн цэцэрлэгийн урд ийм гарааш олон байдаг болохоор хурдан буулгаасай л гэж бодож байна.


-Тоосгон гараашууд  хотын өнгө үзэмжид муугаар нөлөөлөхүйц л харагддаг. Мэдээж хувь хүний өмч хөрөнгө байгаа л байх. Гэхдээ зөвшөөрөлгүй гарааштай бол нийтийн эрх ашгаа бодож нураах л хэрэгтэй болов уу.


-Ногоон байгууламжуудыг нэмэгдүүлбэл агаарын бохирдлыг ч бууруулахад дэмтэй. Тэгэхээр зөвшөөрөлгүй, ашигладаггүй гараашуудын оронд ногоон байгууламжийг нэмэгдүүлээсэй.


-Иргэдийнхээ эрүүл мэндийг бодоод ногоон байгууламжаа нэмж барихад түлхүү анхаарах хэрэгтэй байх.


-Тоосгон гараашууд чинь харагдах байдлаасаа ч муухай харагддаг. Тэгэхээр тэдгээрийг буулгаж, газар чөлөөлж байгаа ажил бол маш зөв гэж харж байгаа. Зөвшөөрөлгүй бол буулгасан нь л дээр.


Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР




Монгол улсад Ухаалаг хотыг дэмжих орон зайн мэдээллийн дэд бүтцийг бий болгох мастер төлөвлөгөө

Эх сурвалж: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар; 2022.03.11


Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай БНСУ-ын “Шинхан агаарын зураглал” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус компани нь БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны удирдлага доор орон зайн мэдээллийн өгөгдөл боловсруулах, зураглах, ТЭЗҮ боловсруулах, олон улсын төсөл хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг байна. 

Төлөөлөгчид “Монгол улсад Ухаалаг хотыг дэмжих орон зайн мэдээллийн дэд бүтцийг бий болгох мастер төлөвлөгөө гаргах” төслийн санал боловсруулах тал дээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ. 

ГЗБГЗЗГ-ын дарга А.Энхманлай төслийн санал хамтран боловсруулах, цаашид хамтын ажиллагаа өрнүүлэхэд татгалзах зүйлгүй бөгөөд бид Ухаалаг хотыг дэмжих орон зайн мэдээллийн дэд бүтцийн төлөвлөгөө гаргах хэрэгцээ, шаардлагыг холбогдох яамд болон байгууллагуудад уламжилсан байгаа иймд та бүхэн цаашид БНСУ-ын талаас төслийг батлуулах тал дээр анхаарч, Монгол дахь эрэлт, хэрэгцээний талаар Газар, дэд бүтэц, тээврийн яаманд танилцуулж, уламжлахыг хүслээ.

Мөн тус газраас Газрын удирдлын нэгдсэн системийг товч танилцуулж, цаашид хэрхэн сайжруулах, Ухаалаг хот байгуулахад хэрхэн нийцүүлэх талаар төслийн саналд тусгах шаардлагатайг дурьдлаа.

Уг төсөл нь өнөөгийн байдалд дүн шинжилгээ, судалгаа хийж Монгол улсын Ухаалаг хотын бодлогыг дэмжих орон зайн мэдээллийн нэн шаардлагатай дэд бүтцийг сайжруулах, дунд болон урт хугацааны хөгжлийн ерөнхий мастер төлөвлөгөөг боловсруулахад чиглэх юм. Төсөл нь Орон зайн өгөгдлийг шинэчлэх, ложистикийг дэмжих, Ухаалаг хотын менежментийн үйл ажиллагаа, тухайлбал эмнэлэг, гал түймэр, хамгаалалтын (цагдаа) гэх мэт жишиг тохиолдлыг хэрэгжүүлэхэд анхаарна.







“Хот, хөдөөгийн сэргэлт”, “Ногоон хөгжлийн сэргэлт”-ийн ерөнхий төлөвлөгөө боловсруулна

Эх сурвалж: gogo.mn, 2022.02.03





“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн явцын талаар Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан долоо хоног тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийж буй аж.


Үхэр жилийн сүүлийн хуралдаан өнгөрсөн мягмар гарагт болсон бөгөөд ээлжит танилцуулгатай холбоотойгоор “Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж, хөгжлийн төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Ерөнхий сайдын 2022 оны нэгдүгээр албан даалгаварт тусгагдсан “Хот, хөдөөгийн сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө”, “Ногоон хөгжлийн сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө”-г хамтран боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.


Ерөнхий сайдын албан даалгаварт үүрэг хүлээсэн төрийн байгууллагууд Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулах тайлан, мэдээг хугацаа алдалгүй цахим технологи ашиглан товч тодорхой, тоо баримтаар баталгаажуулан шуурхай ирүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатайг анхааруулсан байна.

Д.Сумъяабазар: Дөрөвдүгээр сарын 1-н гэхэд бүтээн байгуулалтын ажил эхэлнэ

 Эх сурвалж: ikon.mn, 2022.01.10





Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр яригдсан асуудлын талаарх мэдээллийг хүргэж байна.


Нийслэл хотын эдэлбэр газрыг тогтоох ажил ямар шатандаа явааг Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Нийслэлийн эдэлбэр газрын хэмжээ 88.3 мянган га байгаагаас Улаанбаатар хотынх 46.3 мянган га, дагуул хот, тосгоных 41.9 мянган га байна. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө эцэслэн батлагдсаны дараа НИТХ-д оруулна” хэмээв.


Хотын дарга Д.Сумъяабазар “Дөрөвдүгээр сарын 1-н гэхэд бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Гуравдугаар сарын 15-н гэхэд бэлтгэл ажил хангагдсан байх шаардлагатай. Улаанбаатар хот явган хүнд ээлтэй хот байх ёстой. Явган хүний замын стандартыг шинэчилж, иргэдийг чөлөөтэй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэх хэрэгтэй” гэлээ.


Нийслэлийн нийтийн тээвэр, такси үйлчилгээний зохицуулалтын талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр “Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллаж, төлөвлөлтүүд хийж байгаа. Эхний ээлжид гурван чиглэлд өөрчлөлт хийж байна. Цаашид 10 чиглэлд өөрчлөлт хийнэ” хэмээн танилцууллаа.


Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өгөв.


2022 онд улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын бэлтгэлийг сайтар хангах.

Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд инженерийн шугам сүлжээний аюулгүй байдлыг сайтар хангаж, иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарч, машин механизм, техник тоног төхөөрөмжөө бэлэн байлгаж ажиллах.

Сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүдийг түлшээр тасалдуулахгүй байхад анхаарч, тээвэрлэлтийн үйл ажиллагаа сайжруулж ажиллах.

Түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, хэрэглүүлэхгүй байх чиглэлээр хяналтыг сайжруулах, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар стандартад тогтмол хяналт тавьж ажиллах.

Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж, тархах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан төр, хувийн хэвшлийн байгууллагуудын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар илэрсэн үед авах арга хэмжээний тухай түр зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах.

Албан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хориглолт хязгаарлалтыг зөрчихгүй байхад анхаарч ажиллах.

Албан тушаалтнуудын сахилга, хариуцлагыг өндөржүүлж, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг сайжруулж, Төрийн албаны тухай хууль тогтоомж, төрийн албаны стандартыг мөрдүүлэх, албан хаагчдаа сургалтад үе шаттайгаар хамруулж, мэргэшүүлэх чиглэлд анхаарч ажиллах.

Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах.

Нийслэлийн төр, захиргааны шинэ байранд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчилж ажиллахыг үүрэг болгов.

Нийслэл хотод тулгуурт гүүрэн байгууламж барих төслийн ТЭЗҮ-г боловсруулна

 Эх сурвалж: 2021.11.10, Монгол Улсын Засгийн Газар





Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Нийслэл хотод тулгуурт гүүрэн байгууламж барих төслийн ТЭЗҮ-г боловсруулна

 

Нийслэл хотын нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд багтаамж ихтэй, шинэ төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх зорилгоор тулгуурт гүүрэн байгууламж барих төслийн ТЭЗҮ-г ирэх оны нэгдүгээр улиралд багтаан боловсруулах ажлыг гүйцэтгэх этгээдийг онцгой журмын дагуу шалгаруулж, ажлыг эхлүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт даалгав.

Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад чиглэсэн үндсэн ба гол зам, замын байгууламж, хөнгөн галт тэрэг, шинэ тойрог зам барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг “Хөгжлийн төсөл”-д хамруулахаар боллоо. 

“Хөгжлийн төсөл”-д хамрагдах дээрх төсөл, арга хэмжээний хөрөнгө оруулалтад зориулж Засгийн газраас, Хөгжлийн банкинд Засгийн газрын өрийн баталгаа гаргах, өрийн баталгааны шимтгэлээс чөлөөлнө. 

2022 оны улсын төсвийн төсөлд автозамын түгжрэлийг бууруулахад зориулсан 420 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаас шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл болох тулгуурт гүүрэн байгууламж барьж байгуулахтай холбоотой ногоон зээл авах, түүнтэй холбоотой хувь нийлүүлсэн компани байгуулах, хөрөнгийг санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар нарт даалгалаа.               


Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төслийн хамтарсан Ажлын хэсэг байгуулна

 

Нийслэл Улаанбаатар хотод хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төслийн урьдчилсан судалгаа, шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, хэрэгжүүлэх боломжит бүтцийг тодорхойлох хамтарсан ажлын хэсэг байгуулахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт даалгалаа.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлж хог шатааж эрчим хүч гаргадаг үйлдвэр байгуулбал 2024 оноос нийт хог хаягдлын 31,8 хувийг шатаах үйлдвэрт устгаж, төвлөрсөн хогийн цэгт  дарж булж байгаа хог хаягдлыг мөн хувиар бууруулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.  

Урьдчилсан тооцоогоор Улаанбаатар хот 2040 он гэхэд нийт хог хаягдлын 50 хувь буюу дахивар нөөцийг дахин боловсруулалтад оруулж, дахин боловсруулалтад оруулах боломжгүй 42 хувийг шатааж устган эрчим хүч гарган, төвлөрсөн хогийн цэгийн ландфилд дарж булшлах хог хаягдлын хэмжээг бууруулах зорилт тавьж ажиллаж байна.

 

Эдийн засгийн хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ

 

Эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар танилцуулж, Засгийн газрын дараагийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр боллоо.  

Ковид-19 цар тахлын улмаас манай улсын эдийн засаг сүүлийн 30 жилд байгаагүй түвшинд унаж, цар тахлаас өмнө дэвшүүлсэн урт болон дунд хугацааны зорилтод хүрэхэд нэмэлт хүндрэл бэрхшээлтэй болсон тул эдийн засгийн гол хязгаарлагч хүчин зүйлсийг тодорхойлж шийдвэрлэхэд чиглэсэн тусгай бодлого хэрэгжүүлэх нэн шаардлага үүсээд буй. Боомтын хүчин чадал, тээвэр логистик, эрчим хүч, ажиллах хүчний оролцоо, төрийн бүтээмж болон хязгаарлагдмал санхүүжилтийн эх үүсвэр нь эдийн засгийг хязгаарлагч хүчин зүйл болоод байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, тээвэр логистикийн дэд бүтцийг сайжруулан, эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авах юм.

Шинэ сэргэлтийн бодлогын хамрах хүрээ, суурь тооцоолол, бодлогын хувилбарыг энэ сард багтаан боловсруулна. Бодлогын төслийн хамрах хүрээг эдийн засгийн суурийг тэлэх, өсөлтийн үр шимийг дээшлүүлэх, эдийн засгийн тогтвортой орчныг бүрдүүлэх гэсэн гурван үндсэн зорилтын хүрээнд боловсруулж байна.

Автозамын түгжрэлийг бууруулахад жил бүр 420 тэрбум төгрөг зарцуулна

 Эх сурвалж: 2021.11.04, Монгол Улсын Засгийн Газар


Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо хуралдлаа.


Хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг. Тэрбээр хуралдааны эхэнд иргэдийг дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг уриалаад, ирэх оны төсвөөс 420 тэрбум төгрөг нийслэлд анх удаа шийдэж өгч байгааг онцлон тэмдэглэсэн юм. Өмнө нь замын түгжрэл, түүнийг тойрсон асуудалд жилд 30-50 тэрбум төгрөг зарцуулдаг байсан бол ирэх оноос 420 болж, автозамын түгжрэлийг бууруулах ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэхээр болж байна.


Иргэд нийслэлийн автозамын түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг өнгөрүүлдэг, энэ алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг, байдал хэвээр үргэлжилбэл 2025 он гэхэд энэ тоо 24 их наяд болох тооцоо судалгаа байгаа нь автозамын түгжрэлийг нэн яаралтай шийдвэрлэх арга хэмжээ болсныг Ерөнхий сайдын зөвлөх, уг үндэсний хорооны гишүүн Д.Амгаланбаатар хэллээ. Тэрбээр “Орон нутагт болон дагуул хаяа хотуудад үйлдвэрлэл, жижиг, дунд бизнес, нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэн, ажлын байрыг нэмэгдүүлэх, их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэх замаар хот хөдөөгийн хөгжлийн ялгааг багасгах бодлогын хүрээнд төлөвлөгөө боловсруулсан” гэлээ.


Тухайлбал, Улаанбаатар хотын хилийн цэсийг тогтоож, хотын зүй бус төвлөрлийг задалж, хотын дэд төвүүд, хаяа, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, хотын төв рүү чиглэсэн зорчилтын зорилго, чиглэлийн давхцалыг багасгах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгасан байна.  


Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1.1 сая тээврийн хэрэгсэл байгаагаас 54 хувь нь Улаанбаатарт замын хөдөлгөөнд оролцдог. 2007 онд нийтийн тээврийн хэрэгслээр нийслэлчүүдийн 67 хувь нь үйлчлүүдэг байсан бол энэ тоо өдгөө 54 хувь болж буурсан судалгаа байна. Мөн 2020 оны байдлаар нийслэлд 41364 иргэн орон нутгаас шилжиж ирсний 72 хувь нь ажил орлогоо нэмэгдүүлэх, боловрол эзэмших зорилготой байжээ. Тиймээс хотын автозамын түгжрэлийг сааруулахын тулд орон нутагт ая тухтай, таатай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 14 зорилттой 90 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгасныг Ерөнхий сайдын зөвлөх Д.Амгаланбаатар хэлж байлаа. Жишээ нь, Улаанбаатар болон дагуул хотод татварын ялгаатай бодлого хэрэгжүүлэх, орон нутагт бизнес эрхэлбэл татварын таатай орчин бүрдүүлэх, төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах, дэд төвүүдийг орон сууцжуулж, инженерийн дэд бүтцийг шийдэх гэхчлэн олон ажил багтсан байна.


Мөн Улаанбаатар хотын “Нэг төвт шугаман хот”-ын төрхийг задалж, “Олон төвт хот”-ын загварт шилжүүлж, хөгжүүлэх бодлоготой уялдуулж, автозамын түгжрэл болон нийтийн тээвэрт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээ холбогдох албаны төлөөлөл хэлж байв.


Үндэсний хорооны хурлын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ


- Үндэсний хорооныхон байр сууриа нэгтгэж, шийдэл гарган Засгийн газрын хуралдаанд асуудлаа танилцуулах

- Богдхан төмөр замын ажлыг эрчимжүүлэх

- Тойрог замын ТЭЗҮ-г ирэх оны хоёрдугаар сарын 1-нд бэлэн болгож, танилцуулах

- Цагийн зөрүүтэй байх шийдлийг судлах зэрэг чиглэлийг холбогдох албаны хүмүүст өглөө.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ БОГИНО ХУГАЦААНЫ ШИЙДЭЛ ТАНИЛЦУУЛЛАА

 Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР, www.zasag.mn, 2021.08.30







Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт болсон тус хорооны анхдугаар хуралдааны үеэр Ерөнхий сайд ажлын хэсгийнхэнд түгжрэлийг бууруулах богино хугацааны шийдэл танилцуулах үүрэг өгсөн. Энэ хүрээнд ажлын хэсгийнхэн өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг богино хугацаанд шийдвэрлэх 15 санал танилцууллаа.

Түгжрэлийн өртгийг мөнгөн дүнгээр тооцвол, өнгөрсөн 10 жилд 11.8 их наяд төгрөгт хүрчээ. Нэг үгээр хэлбэл, шатахууны болон цаг хугацааны зардлыг (ажлын бүтээмж буурах, эрүүл мэнд, стресс, дуу чимээ гэх мэт) ийн тооцсон байна. Нийт бүтээж буй баялгийнхаа найман хувийг түгжрэлд алдаж байгаа судалгаа гарч, иргэдийн 85 хувь түгжрэл дээд цэгтээ хүрсэн гэж хариулжээ. Түүнчлэн судалгаанд оролцсон иргэдийн 76 хувь түгжрэлийг шийдэх зоригтой алхам хийх цаг болсон гэсэн байна.

Ерөнхий сайдын зүгээс нийтийн тээврийн менежментэд хувийн хэвшилтэй хамтрах ямар боломж байгаа эсэх, орон нутгаас ирж байгаа тээврийн хэрэгслийн зорилгыг тодорхойлох, дугаарын хязгаарлалт үр дүнтэй шийдэл байж чадах уу, төрийн албан хаагчдыг ажлын нэг өдөрт цахимаар ажиллуулбал хэр үр дүнтэй вэ зэрэг 20 орчим асуудлыг судлахыг чиглэл болгосон билээ. Ажлын хэсгийнхэн нийтийн тээврээр зорчих иргэдийн тоог 50 хувиар нэмэгдүүлбэл автозамын түгжрэлийг 30 хувиар бууруулна гэж үзэж байна. Энэ хүрээнд улсын төсвийн болон төр-хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар эхний ээлжинд автобусны парк шинэчлэлт хийх, багтаамж ихтэй нийтийн тээврийн төрөл LRT нэвтрүүлэх нь чухал гэж үзжээ.

Одоо сургуулийн автобусаар 11 мянган сурагч зорчиж байгааг 20 мянга болговол автозамын түгжрэл 2.5-2.7 хувиар буурах боломжтой юм байна. Нэгдсэн зохион байгуулалтаар явуулж байгаа сургуулийн автобусыг 53, төрийн болон хувийн сургуулийн өөрийнх нь автобусыг 227 болгосноор өдөрт 10000-12000 сурагч буюу машины хөдөлгөөнийг бууруулна гэж тооцжээ. Ажлын нэг өдрийг цахимаар ажилладаг болговол дэмжихээ судалгаанд оролцсон төрийн албан хаагчдын 91 хувь хэлжээ. Хэрэв төрийн албан хаагчид нэг өдөр гэрээсээ цахимаар ажиллабал замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо өдөрт 15-25 мянгаар буурах тооцоо гарчээ.

Орон нутгаас нийслэлд сард дунджаар 28-30 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролдцог байна. Ихэвчлэн хувийн ажлаа амжуулах, автомашины татваар төлөх, хөдөлмөр эрхлэх, эмнэлгийн туслам авах, бараа бүтээгдэхүүн худалдаж авах зорилгоор ирдэг. Ялангуяа жил бүрийн нэг, наймдугаар сард орон нутгаас ирэх тээврийн хэрэгслийн тоо нэмэгддэг байна.

Ерөнхий сайдаас буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах, хэзээнээс боломжтой эсэхийг судлах чиглэл болгосон. Уг асуудлыг судлаад 2028 оноос Улаанбаатар хот 100 хувь зүүн жолооны хүрдтэй автомашинд шилжих, 2022 оноос долоогоос дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслийн импортын татварыг нэмэх, мөн ирэх жилээс шинэ автомашин худалдан авах зээлийн таатай нөхцөлийг бүрдүүлэх санал дэвшүүлжээ.

Ажлын хэсэг дугаарын хязгаарлалт хэр үр дүнтэй байгааг судлахад хэрэгжилт хангалтгүй гарчээ. Тиймээс үүний хэрэгжилтийг хангуулах нь түгжрэлийг бууруулахад дэмтэй гэж үзсэн байна. Түүнчлэн зарим автозамыг нэг урсгалтай болгох боломжтой эсэхийг судлахад манай автозамын нэвтрүүлэх чадвар муу учраас одоогийн нөхцөлд тохиромжгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Ажлын хэсгийнхний богино хугацаанд түгжрэлийг бууруулах санал:

- Тээврийн хэрэгслийн “ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭ” нэвтрүүлэх ажил (Замын хөдөлгөөний зохицуулалт төлөвлөлтийн нэгдсэн систем буюу RFID систем болон цахим тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэвтрүүлснээр зөрчил гаргасан, татвар хураамжаа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оруулахгүй байх)

- Ерөнхий болосвролын сургуулийг 5/9 шилжүүлэх

- Нийтийн тээврийн цагийг уртасгасан цагаар ажиллуулах, 05.30-00.00 цагт шилжүүлэх,

- Дугаарын хязгаарлалтын хэрэгжилтийг хангах,

- Төрийн албан хаагчдыг 1/5 онлайнд шилжүүлэх,

- Үзлэг, оношилгоонд ороогүй, татвар, даатгал төлөөгүй тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх,

- Тээврийн хэрэгслийн ослыг хурдан шуурхай шийдвэрлэдэг болгох,

- Хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг торгох, ачих ажиллагааг сайжруулах, чангаруулах,

- E-Police аппликейшныг иргэдэд сурталчлах, иргэдийг урамшуулах,

- Автомашингүй гудамж бий болгох,

- Зогсоолгүй бүс бий болгох,

- Зогсоолыг төлбөржүүлэх, нэгдсэн системд оруулах,

- Явган зам, дугуйн зам, автозамын гарц хаасан орц гарцыг чөлөөлөх,

- Байгууллагуудын ажлын цагийг уян хатан болгох,

- Уулзваруудын дахин инженерчлэл хийж нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх

Эдгээр 15 саналыг ирэх сараас хэрэгжүүлснээр автозамын түгжрэлийг 13-18 хувиар бууруулна гэж ажлын хэсэг үзжээ.

Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Одсүрэн түгжрэлийг бууруулах богино хугацааны шийдлийг Ерөнхий сайдад ийн танилцууллаа. Удахгүй дунд, урт хугацааны шийдлүүдээ танилцуулахаа ч энэ үеэр хэлсэн юм.




Integration of parking lots into e-system proposed


Source: Micheel Lkhasuren, The UB Post, 2021.09.01

Working group presented 15 proposals to quickly resolve the traffic congestion in Ulaanbaatar to Prime Minister L.Oyun-Erdene on August 30.

During the meeting of the National Committee on Balanced Urban and Rural Development and Traffic Congestion last week, the prime minister instructed the committee to study around 20 issues. This includes opportunities to partner with the private sector in public transport management, the effectiveness of enforcing driving restriction based on the last digits of car license plates, possibility of allowing civil servants to work remotely once day a week, as well as presenting a short-term solution to reduce congestion.

The working group estimates that increasing the number of people using public transportation by 50 percent could cut down traffic jam by 30 percent. To do this, the group views it’s important to renovate the public bus park and introduce high-capacity LRT system with state budget and public-private investment.

The public transport sector has not been renovated since 2009 and 531 buses will be decommissioned in 2021, 121 buses in 2022, 151 buses in 2023, and 60 buses in 2024. In other words, 81 percent of public transport buses will be out of service by 2024. Therefore, the government plans to renew public buses in stages from 2021 to 2024.

According to Secretary of the national committee B.Odsuren, if the number of school buses is increased by 11,000 to 20,000, traffic congestion could be reduced by 2.5 percent to 2.7 percent. It is estimated that increasing the number of public buses for children to 53 and the number of public and private school buses to 227 will reduce traffic considerably.

Ninety-one percent of civil servants surveyed said they would support working one day a week from home. It is estimated that if government employees work online from home once a week, the number of vehicles participating in traffic could decrease by 15,000 to 25,000 per day.

The working group proposed allowing only left-hand drive cars in Ulaanbaatar from 2028, raise the import tax on vehicles used for more than seven years from 2022, and improve loan terms for buying new cars next year.

The study conducted by the working group found that the driving restriction based on car license plates was ineffective. The committee advised to improve its implementation to better tackle traffic congestion.

The working group made the following recommendations to reduce traffic jam quickly:

• Introduce “Electronic Certification” system for vehicles. With the introduction of the integrated traffic management system and electronic vehicle certification, vehicles that have not paid taxes and fees or been inspected will not be allowed to be driven.

• Extend the working hours of public transportation by operating buses from 5:30 a.m. to midnight.

• Ensure the implementation of the driving restriction based on car license plates.

• Promptly resolve traffic accidents.

• Improve and toughen fines for traffic violations.

• Promote the e-Police application to citizens.

• Create car-free streets.

• Integrate parking lots into e-system.

• Open entrances and exits blocking roads.

• Make working hours of organizations flexible.

• Re-engineer road intersections and increase the capacity of intersections.

The working group expects that the implementation of these proposals starting next month will reduce traffic congestion by 13 percent to 18 percent. Over the past 10 years, traffic congestion is estimated to have caused loss of 11.8 trillion MNT, or 4.1 billion USD, in monetary value. According to a survey conducted in February 2021, 85 percent of survey participants emphasized the need to resolve traffic congestion, and raised the need to address issues related to public transportation services and parking spaces.