Showing posts with label history. Show all posts
Showing posts with label history. Show all posts

Монголын улсын түүхэн их таван бүтээн байгуулалт

Эх сурвалж: uid.mn

1961 он буюу Ардын хувьсгалын 40 жилийн ойд зориулж Монгол Шуудан буюу одоогийн Монгол Шуудан ХК нь 7 сери бүхий марк гаргасан түүхтэй. Уг цуврал маркд Их бүтээн байгуулалтын 5 барилга байгууламжаас гадна 2 төрлийн хөдөлмөрч нийгмийн 2 марк байдгаараа онцлогтой. Ийнхүү энэхүү барилга их бүтээн байгуулалтууд нь Монгол улсын түүхэн дурсгалт барилга байгууламжийн нэг, биет соёлын салшгүй өв бөгөөд олон жилийн түүх дурсамжийг агуулсаар одоог хүртэл сүндэрлэж байгаа билээ.

Сурвалжилга: "Гоожингийн өндөр"-ийг нурааж, цэцэрлэг барина

 Эх сурвалж: news.mn. 2022.08.02. А.Цээсүрэн


News.mn агентлаг 2019 оноос “Аврал эрсэн Гоожингийн өндөр”  сурвалжлагаараа түүхэн дурсгалт барилгын асуудлыг хөндсөн. Ад шоо үзэгдсэн энэ "балгас"-ыг нэн даруй авран хамгаалах шаардлагатайг судлаачид хэлж сануулсаар л байгаа.


Хотын дарга Д.Сумъяабазар шинэ оны босгон дээр /2021.12.29/ түүхэн барилгыг хамгаалалтад авах тухай захирамж гаргаж буйгаа зарлаж шоудсанаас хойш долоон сар өнгөрчээ. Мөн хувийн эзэмшилд очсон газар эзэмших эрхийг нь цуцалж, шүүхээр түүхэн барилгын үнэлгээг эцэслэн тогтоохоор болсон.


Гэвч өдийг болтол дорвитой ажил хийсэнгүй. Албаныхнаас энэ талаар тодруулахад судалгааны ажил хийж, үнэлгээг нь шүүхээр тогтоохоор ажиллаж байна гэх хариултыг өгдөг. Харамсалтай нь ахисан ажилгүй, тухайн газрын эзэдтэй ч уулзаагүй гэдгийг эх сурвалж мэдээлсэн юм. Тиймээс түүхэн барилгын өмчлөл болон сэргээн засварлах ажил хэзээ эхлэх талаар дахин сурвалжиллаа.


Оршин суугчдын зүгээс "Энэ түүхэн барилгыг сэргээн засварлана гэсэн боловч өдийг болтол юу ч хийсэнгүй. Үнэхээр засч янзлаад музей байгуулбал сайхан л байна" гэж байлаа.


"Гоожингийн өндөр"-ийг 1992 онд нийслэлийн өмчид шилжүүлэх тушаалыг тухайн үеийн Эдийн засгийн коллежийн захирал Р.Амаржаргал гаргаж байсан. Уг тушаалд 58.500 төгрөгийн үнэтэй "Гоожингийн өндөр" гэх есөн айлын хоёр давхар сууцыг актлан, данснаас хасч, түүхийн дурсгалт барилгын хувьд Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсүгэй гэжээ. Гэвч нийслэлийн удирдлагууд тухайн үед өмчөөр бүртгэж аваагүй. Одоо газар эзэмшигчид тэрбум төгрөгөөр газрыг үнэлж буй юм.


Нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.МӨНХ-ЭРДЭНЭ:


-“Гоожингийн өндөр” барилгын өмчлөлийн асуудлыг судалж, тогтоохоор нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан. Шүүх хурал нь түр хойшилсон. Бидний зүгээс шүүхийн шийдвэрээ дагана. Тухайн газрын эзэд харилцан тохиролцох санал тавьсан. Хотын дарга Д.Сумъяабазар шинэ оны босгон дээр /2021.12.29/ түүхэн барилгыг хамгаалалтад авах тухай захирамж гаргасан. Уг шийдвэрийн дагуу Ерөнхий сайд асан Т.Намнансүрэнгийн гэр музей болгон тохижуулах судалгаа хийж, зураг төсөл нь бэлэн болсон. Бид тухайн газар дээрээ музей болгон тохижуулах хатуу байр суурьтай байгаа. Түүхэн дурсгалт барилгын газар нь түүхтэй учраас миний хувьд нүүлгэн шилжүүлэхгүй гэж бодож буй. Газрын эздийн зүгээс байшингаа аваад, газраа өгчих гэдэг санал тавьсан. Бид зөвшөөрөөгүй. Хэрвээ тэрбум төгрөг нэхэмжлэх юм бол шүүхийн шатанд шинжээч томилж, ажиллана. Гэвч одоо тийм шатанд шүүх хурал болоогүй байна.


Хэрвээ тухайн газар дээр одоогийн барилгыг музей болгон сэргээн засварлавал мэргэжлийн сэргээн засварлагчидтай хамтран ажиллана. "Гоожингийн өндөр" барилгын 1988 онд сэргээн засварлах анхны зураг төслийг хийж байсан. Тэр үед зураг төсөл нь бидэнд бий.


Нийслэлийн Соёл урлагийн соёлийн хэлтсийн дарга Г.ЖАНЦАНСАМБУУ:


-"Гоожингийн өндөр"-ийн асуудал шүүхийн шатанд очоогүй байгаа. Манайхаас тухайн газрын эздэд сануулах бичиг хүргүүлсэн. Бид энэ асуудлаар дорвитой ажил хийгээгүй л байна.


Газрын эзэмших эрхийг цуцлахдаа үйл ажиллагаа явуулахгүй байна гэдгээр цуцалсан. Гэтэл тэнд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг өөрсдөө хориглож буй. Учир нь барилгыг нь нураах гэхээр соёлын өв гэнэ. Байшинг нь нураахгүй ашиглах гэхээр хүн амьдрах боломжгүй гэх мэргэжлийн хяналтын дүгнэлттэй. Тог цахилгаан, дулаан, ус ч байхгүй газар яаж үйл ажиллагаа явуулах вэ дээ.


Газар дээр нь байгаа үл хөдлөх хөрөнгийг нь авчих гэхээр ажил нь урагшилдаггүй. Анх үнэлгээ хийлгэхэд тэрбум төгрөг гэж гарсан. Гэвч бид соёлын өвийн барилгыг анх худалдаж авсан үнээр нь авчих гэдэг саналь тавьсан. Тэр үнийг нь хэлэх боломжгүй. Бид цэцэрлэг барих зөвшөөрөл гаргахдаа хэдэн давхар барилга барихаа хэлээд өгчих, өөр зориулалтаар барилга барьвал цуцалчих гэж нийслэлд хандсан. Биднийг Д.Мөнх-Эрдэнэ "Шүүхэд хандчих" гээд захиргааны хэргийн шүүхэд хандсан чинь анхан шатны шүүхээс хоорондоо эвлэрэх аман шийдвэр гарч, хурал нь хойшилсон" тухай ярилаа.


Архитектор Г.НЯМЦОГТ:


-Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах газрыг 1973 оноос байгуулсан түүхтэй. Хэрэв өдий хүртэл ажилласан бол үйл ажиллагаа нь цэгцэрчихсэн, олон улсын түвшинд хүрчихсэн байх байлаа. Гэвч 1993 хувьчлагдаж, үйл ажиллагаа нь бүрэн зогссон. Тус газар түүх соёлын дурсгалт барилгын бүх зураг төслийг хийж батлуулаад, сэргээн засварлалтын ажлыг хийдэг байсан. Дотроо мужааны цех, керамик үйлдвэр гээд сэргээн засварлалтын бүх төрөл багтдаг байв. Тэндээс төрөн гарсан доктор цолтой мэргэжилтэн олон бий. Одоо энэ газар ажиллаж байсан мэргэжилтнүүд ахмад настан болж, цөөн үлджээ.


Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах газар байх үед улсаас бодлогоор өв соёлын дурсгалт барилгуудыг ээлж дараагаар нь сэргээн засахаар ажиллаж байсан. “Гоожингийн өндөр” барилгын ойролцоо Улаанбаатар хотын музей, Г.Дэмид жанжны байшин, төмрийн завод гэх мэт түүх соёлын дурсгалт барилга олон бий.


Тэр дундаас 1988 онд “Гоожингийн өндөр”-т судалгаа хийж, сэргээн засварлалтын ажлын зургийг нь хүртэл хийсэн. Харамсалтай нь, газар нь хувьчлагдсаны улмаас энэ бүх ажил цаасан дээр л үлдсэн дээ.


Миний хувьд хоёр, гурван жилийн өмнө “Гоожингийн өндөр” барилга дээр Аса аварга Д.Дагвадоржтой хамт очсон. Өмнө нь ч хэд хэдэн удаа очиж байсан. Ер нь сэргээн засварлахдаа тухайн түүхэн барилгын дүр төрхийг хадгалах нь хамгийн чухал. “Гоожингийн өндөр” барилгыг нэн яаралтай хамгаалалтад авч, өмчлөлтэй болгож, тухайн газрыг цэвэрлэх шаардлагатай. Барилгын дотор тал нь шатсан.


Хоёрдугаарт, тухайн барилгын эргэн тойронд өндөр өндөр орон сууц бариад газар гэх юм үлдээгүй. Түүх, соёлын дурсгалт барилгыг буулгаад, эргүүлээд тэр чигээр нь өөр газар барьдаг нэг арга бий. Энэ бол олон улсад ашигладаг сэргээн засварлалтын арга. Энэ мэт түүхэн барилгыг авран хамгаалахын тулд Түүх, соёлын дурсгалт барилгыг сэргээн засварлах газрыг дахин байгуулах шаардлагатай. Монголын сэргээн засварлалтын мэргэжилтнүүд төсөв мөнгийг нь шийдээд өгвөл сайн ажиллаж чадна. Орчин цагт ур чадвартай мэргэжилтнүүд, техник технологи, багаж тоног төхөөрөмж хангалттай болсон" гэж өмнө нь хэлж байв.






















Түүхч Д.Өлзийбаатар: Шатсан “East” төвийн бууринд “Бат гүн” гэх шорон байсан

 Эх сурвалж: gogo.mn, 2022.06.30. Э.Оргил


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар төрийн шагналт түүхч, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатартай уулзлаа. Уулзалтаар Баянзүрх дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр, XIII хороолол буюу Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд талд байрлах шатсан “East” төв орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох тухай санаачилгаа танилцуулан, түүхийн талаас нь зөвлөлдөв. 


Түүхч Д.Өлзийбаатар “East” төвийн бууринд “Бат гүн” гэх шорон байсан. 1912 онд Олноо өргөгдсөн Богд хааны зарлигаар Их хүрээний зургийг бурхач Жүгдэрээр ахлуулан нэртэй бурхач, зураачид бүтээсэн. Тус бүтээлд “Бат гүн” шоронг тодорхой дүрслэн буулгасан байдаг.


Манжийн үеэс л улбаатай шорон байгаа юм. Хожим Ардын засгийн жилүүдэд өөрчлөгдөн, Төв гяндан буюу хорих байр болж, олноо “Бат цагаан” шорон хэмээн нэрлэгдэх болсон. Тухайн үеийн шоронгууд өндөр модон шургааган хашаатай байсан гэдэг. Тиймээс тэндээс хоригдлууд оргож чаддаггүйн дээр барилга нь цагаан өнгөтэй байсан тул олон түмэн тийн нэрийдсэн. Эх орныхоо төлөө тэмцэж байсан олон эр тэнд хоригдож байсан түүхтэй. 1950-иад оны сүүлчээр шоронгийн үйл ажиллагаа зогсож, арьс өнгөний эмнэлэг болсон. Эмнэлгийн байдлаар үйл ажиллагаагаа явуулж байгаад 1990-ээд оны үед барилга нь муудаж, жоом, бясаа үүрлэх болсон тул сууриар нь нураасан юм.


Удалгүй “East” төв гэх худалдаа, үйлчилгээний байгууламж бий болсон. Ер нь “East” төвийн тэр орчимд Богд хааны үеэс Америкийн пүүсүүдийн оффис байрлаж байсан тул “Американ дэнж” гэж нэрлэдэг байсан. Харин тэр хэсгээс зүүн тийш Офицеруудын ордон хүртэлх хэсгийг “Консулын дэнж” хэмээн нэрийддэг байв. “East” төвийн ойр орчим болоод түүнээс зүүн зүгт Энхтайваны өргөн чөлөөгөө дагасан замын хоёр талаар түүхэн дурсгалт барилга, байгууламж олон бий. Тиймээс  Хотын даргын гаргаж буй цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилгыг дэмжиж байгаа. Түүхчид маань ч дуу нэгтэйгээр дэмжих байх. Ер нь эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэж байсан олон хүнийг хүндэтгэж, түүхээ таниулсан дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох хэрэгтэй. Иргэд ч амралт, чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламжтай болно шүү дээ” хэмээв.


Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Бид иргэд рүүгээ чиглэж, иргэдийн амьдрах орчныг сайжруулж, ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгаа. Зөвшөөрөлгүй гарааш, хашаа, хайсыг ч үе шаттай буулгаж байна. Гэхдээ иргэдийн дунд гарааш, хашаа, хайсыг буулгаж, чөлөөлсөн талбарыг хэн нэгэн өмчлөөд авчихдаг гэх ойлголт байна. Өмнө нь тийм байсан байж болох ч одоо бол тийм зүйл байхгүй. Бид чөлөөлсөн талбаруудаа нийтийн эдэлбэрт бүртгэж, иргэд амарч, зугаалах таатай орчныг бүрдүүлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой” гэв.


Хотын дарга өнгөрсөн даваа гарагт “East” төвийн газар дээр ажиллаж, цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлаар эзэмшигч аж ахуйн нэгжийн удирдлагыг хэлэлцээрийн ширээнд урьсан юм. 







Г.Очбаяр: Нийслэл хүрээнээс өнөөг хүртэл хадгалсан 24 дурсгал бий

 Эх сурвалж: ikon.mn, 2022.02.09


НЗДТГ,  Нийслэлийн Архивын газар, Улаанбаатар хотын музей хамтран “Нийслэл Хүрээ 110” үзэсгэлэнг Монголын Үндэсний музейн танхимд өнөөдөр нээж, “Зарлигаар тогтоосон нийслэл” түүхэн баримтат нэвтрүүлгийг олны хүртээл болгож байна. “Нийслэл Хүрээ 110” үзэсгэлэнгийн талаар Улаанбаатар музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяртай ярилцлаа.


-Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог болоод сонирхолтой баримтуудын талаар танилцуулна уу?


-Одоогоос 110 жилийн өмнө буюу 1912 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Богд хаан зарлиг буулгаж, Улаанбаатар хотын үндэс суурь болсон Нийслэл хүрээг Монгол Улсын нийслэл хот хэмээн зарлан тунхагласан байдаг. Монгол Улсын нийслэлийн эрх зүйн байдал хуульчлагдсан баталгаажсаны түүхт 110 жилийн ойг тохиолдуулан  НЗДТГ,  Нийслэлийн Архивын газар, Улаанбаатар хотын музей хамтран “Нийслэл Хүрээ 110” үзэсгэлэнг олны хүртээл болгож байна. Энэхүү үзэсгэлэн хэд хэдэн хэсгээс бүрдэж  байгаа. Нэгдүгээрт, Автай сайн ханы үеэс 1911 он хүртэлх буюу Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээх хүртэлх үеийн түүхийг харуулсан. Энэ хэсэгт Өндөр гэгээн Занабазарын намтар түүх болоод хүрээний нүүдэл, Улаанбаатар хотын үүсэл хөгжилтэй холбоотой баримтууд багтаж байгаа.


Хоёрдугаар хэсэгт 1911-1921 он хүртэлх үе буюу Тусгаар тогтнолоо сэргээснээс Ардын хувьсгал ялах хүртэлх үеийн түүх багтсан. Тухайлбал, 1912 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Их хүрээг Нийслэл хүрээ хэмээн нэрийдэж, Монгол Улсын нийслэлээр тогтоосон зарлиг, тухайн үеийн эд өлөг, угсаатны зүйн холбогдолтой баримтууд тавигдсан. 1921-1924 онд холбогдох баримтууд дараагийн хэсэгт бий. Эндээс 1924 онд Хотын захиргааг байгуулсан, Ардын хувьсгалын үед хувьсгалчид тангараг өргөсөн зэрэг онцлог үйл явдлын архивын баримтуудыг үзэж болно. 1924 оны арваннэгдүгээр 26-ны өдөр Улсын анхдугаар их хурлаар Нийслэл хүрээг Улаанбаатар хот гэж нэрлэсэн баримт ч бий.


Түүнчлэн Нийслэл хүрээ гэх хуучин хотоос Улаанбаатар хотод түүх соёлын ямар ямар дурсгалууд хадгалагдан үлдсэнийг энэхүү үзэсгэлэнгээс харж болно. Тухайлбал, долоон сүм хийд, 14 барилга, гурван хөшөө, нийт 24 үл хөдлөх дурсгалт хөрөнгө өвлөгдөн үлдсэн байдаг.


-Онцлох үзмэрээс нэрлэвэл сонин байх болов уу?


-Онцлох үзмэрт Нийслэл хүрээний газрын зургийг нэрлэмээр байна. Энэ газрын зургийг 1913 онд Бүгд ерөнхийлөн захирах яамнаас хийлгэж, дөрвөн яаманд тарааж өгсөн байдаг. Тэрхүү газрын зургийг бүтээлгэсний учир нь тухайн үед Нийслэл хүрээнд гадаадын хөрөнгө оруулалттай болон гадаад эзэнтэй пүүс, худалдаачид олон байсан. Тэдгээрт 1910-аад оноос газар олгосон байсныг баталгаажуулж цэгцлэх гэж бүтээсэн гэдэг. Энэхүү зургаас харахад одоогийн Занабазарын музейгээс Урт цагаан, Бөмбөгөр хүртэлх гудамжийг Хүрээний их зээл буюу худалдааны гудамж гэж нэрлэж байсан. Энэ гудамжинд байгаа пүүс, худалдааны газруудын зураглалыг гаргаж тэмдэглэн үлдээсэн. Тухайлбал, Занабазарын музейн барилга 1913-1914 онд баригдсан бөгөөд Орос толгойн пүүс гэдэг нэртэй байсан байна. Энэ мэтчилэн газруудын нэршил, хэмжээг нарийвчлан зургийг гаргасан.


Хүрээний зурагт Зүүн, Баруун хүрээг онцлон тэмдэглэсэн. Энэ бол тухайн үеийн хотын төв гэсэн үг. Баруун хүрээ нь Гандантэгчинлэн хийд юм. Хятадын Баруун дамнуурчин буюу хятадын есөн гудамжийг дүрслэн гаргасан байна. Энэ гудамж нь Гэсэр сүмээс Тэнгис кино театр хүртэлх зайг эзэлсэн өргөн гудамж байсан нь зургаас харагдана. Монголчууд, хятадууд, гадаадын гол худалдааны пүүсүүдийг нарийн тэмдэглэн гаргасан түүхэн баримт юм.


-Үзэсгэлэнд дэлгэсэн газрын зураг эх хувь нь уу?


-Энэ бол хуулбар нь, Үндэсний номын санд байдаг, олон түмэнд үзүүлж таниулах зорилго бүхий хуулбар. Эх хувь нь монгол бичгээр бичигдсэн байдаг. Энд дэлгэсэн хувьд газрын нэрийг хүмүүст ойлгомжтой байлгах үүднээс  кирилл үсгээр хөрвүүлж тэмдэглэсэн онцлогтой.


-Нийслэл хүрээнээс үлдсэн барилга байшингаас хэд  нь хадгалагдаж байгаа бол?


-Нийслэл хүрээнээс нийт 24 үл хөдлөх дурсгал хадгалагдаж үлдсэн гэдгийг дээр дурдсан. Тэдгээрийн долоо нь сүм хийд. Тодруулбал, Богд хааны ордон музей, Гэсэр сүм, Маймаа хотын Дарь эхийн сүм, Чойжинламын сүм музей, Зүүн хүрээ 30 аймгийн дуганаас үлдсэн гурван дуган, Дамбадаржаа хийд хадгалагдан үлдсэн. Дамбадаржаалин хийд бол Улаанбаатар хотын хамгийн эртний архитектор дурсгал. Үүнээс гадна байшин барилгуудаас Занабазарын музейн барилга, Сөүлийн гудамжинд байдаг Чин ван Ханддоржийн барилга, Гоожингийн өндөр буюу Ерөнхий сайд Намнансүрэнгийн барилга, Улаанбаатар музей байрлаж буй Цогт Бадамжавын барилга, Бөхийн өргөөний хойд талын Холбооны анхны барилга, Зүүн хүрээний Консулын дэнжийн нууц бүлгэмийн байшин /Жуковын музейн чанх урд байдаг/ гэх мэт байшин барилгууд бий.


Мөн гурван арслангийн хөшөө байгаа. Арслантай гүүрэн дээрх хоёр арслан, МУИС-ийн нэгдүгээр байрны гадаах, Байгалийн түүхийн музейн өмнө байсан одоо Богд хааны ордон музейд аваачсан хоёр арслангийн хөшөөнүүд өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн.


-Үзэсгэлэн хэзээ хүртэл гарах вэ. Иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа юу?


-Тийм ээ, музейг үнэ төлбөргүйгээр олон нийтэд дэлгэж байгаа. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад хоёрдугаар сарын 23-ныг дуустал ирж үзэх боломжтой.  Өнөөдрөөс эхлэн 08:30-17:00 цагт үйлчлүүлээрэй гэж урьж байна.


 














Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

ФОТО: “Нийслэл Хүрээ 110” үзэсгэлэнг нээлээ

Эх сурвалж: gogo.mn, 2022.02.09


Нийслэл Хүрээг Монгол Улсын нийслэлээр тунхагласны 110 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Нийслэл Хүрээ 110” үзэсгэлэн, “Зарлигаар тогтоосон нийслэл” түүхэн баримтат нэвтрүүлгийг нээх ёслол боллоо.


Уг үзэсгэлэн болон баримтат нэвтрүүлгийг Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Архивын газар, Улаанбаатар хотын музейгээс эрхлэн бүтээсэн юм.