Showing posts with label architecture. Show all posts
Showing posts with label architecture. Show all posts

Сурвалжилга: "Гоожингийн өндөр"-ийг нурааж, цэцэрлэг барина

 Эх сурвалж: news.mn. 2022.08.02. А.Цээсүрэн


News.mn агентлаг 2019 оноос “Аврал эрсэн Гоожингийн өндөр”  сурвалжлагаараа түүхэн дурсгалт барилгын асуудлыг хөндсөн. Ад шоо үзэгдсэн энэ "балгас"-ыг нэн даруй авран хамгаалах шаардлагатайг судлаачид хэлж сануулсаар л байгаа.


Хотын дарга Д.Сумъяабазар шинэ оны босгон дээр /2021.12.29/ түүхэн барилгыг хамгаалалтад авах тухай захирамж гаргаж буйгаа зарлаж шоудсанаас хойш долоон сар өнгөрчээ. Мөн хувийн эзэмшилд очсон газар эзэмших эрхийг нь цуцалж, шүүхээр түүхэн барилгын үнэлгээг эцэслэн тогтоохоор болсон.


Гэвч өдийг болтол дорвитой ажил хийсэнгүй. Албаныхнаас энэ талаар тодруулахад судалгааны ажил хийж, үнэлгээг нь шүүхээр тогтоохоор ажиллаж байна гэх хариултыг өгдөг. Харамсалтай нь ахисан ажилгүй, тухайн газрын эзэдтэй ч уулзаагүй гэдгийг эх сурвалж мэдээлсэн юм. Тиймээс түүхэн барилгын өмчлөл болон сэргээн засварлах ажил хэзээ эхлэх талаар дахин сурвалжиллаа.


Оршин суугчдын зүгээс "Энэ түүхэн барилгыг сэргээн засварлана гэсэн боловч өдийг болтол юу ч хийсэнгүй. Үнэхээр засч янзлаад музей байгуулбал сайхан л байна" гэж байлаа.


"Гоожингийн өндөр"-ийг 1992 онд нийслэлийн өмчид шилжүүлэх тушаалыг тухайн үеийн Эдийн засгийн коллежийн захирал Р.Амаржаргал гаргаж байсан. Уг тушаалд 58.500 төгрөгийн үнэтэй "Гоожингийн өндөр" гэх есөн айлын хоёр давхар сууцыг актлан, данснаас хасч, түүхийн дурсгалт барилгын хувьд Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсүгэй гэжээ. Гэвч нийслэлийн удирдлагууд тухайн үед өмчөөр бүртгэж аваагүй. Одоо газар эзэмшигчид тэрбум төгрөгөөр газрыг үнэлж буй юм.


Нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.МӨНХ-ЭРДЭНЭ:


-“Гоожингийн өндөр” барилгын өмчлөлийн асуудлыг судалж, тогтоохоор нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан. Шүүх хурал нь түр хойшилсон. Бидний зүгээс шүүхийн шийдвэрээ дагана. Тухайн газрын эзэд харилцан тохиролцох санал тавьсан. Хотын дарга Д.Сумъяабазар шинэ оны босгон дээр /2021.12.29/ түүхэн барилгыг хамгаалалтад авах тухай захирамж гаргасан. Уг шийдвэрийн дагуу Ерөнхий сайд асан Т.Намнансүрэнгийн гэр музей болгон тохижуулах судалгаа хийж, зураг төсөл нь бэлэн болсон. Бид тухайн газар дээрээ музей болгон тохижуулах хатуу байр суурьтай байгаа. Түүхэн дурсгалт барилгын газар нь түүхтэй учраас миний хувьд нүүлгэн шилжүүлэхгүй гэж бодож буй. Газрын эздийн зүгээс байшингаа аваад, газраа өгчих гэдэг санал тавьсан. Бид зөвшөөрөөгүй. Хэрвээ тэрбум төгрөг нэхэмжлэх юм бол шүүхийн шатанд шинжээч томилж, ажиллана. Гэвч одоо тийм шатанд шүүх хурал болоогүй байна.


Хэрвээ тухайн газар дээр одоогийн барилгыг музей болгон сэргээн засварлавал мэргэжлийн сэргээн засварлагчидтай хамтран ажиллана. "Гоожингийн өндөр" барилгын 1988 онд сэргээн засварлах анхны зураг төслийг хийж байсан. Тэр үед зураг төсөл нь бидэнд бий.


Нийслэлийн Соёл урлагийн соёлийн хэлтсийн дарга Г.ЖАНЦАНСАМБУУ:


-"Гоожингийн өндөр"-ийн асуудал шүүхийн шатанд очоогүй байгаа. Манайхаас тухайн газрын эздэд сануулах бичиг хүргүүлсэн. Бид энэ асуудлаар дорвитой ажил хийгээгүй л байна.


Газрын эзэмших эрхийг цуцлахдаа үйл ажиллагаа явуулахгүй байна гэдгээр цуцалсан. Гэтэл тэнд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг өөрсдөө хориглож буй. Учир нь барилгыг нь нураах гэхээр соёлын өв гэнэ. Байшинг нь нураахгүй ашиглах гэхээр хүн амьдрах боломжгүй гэх мэргэжлийн хяналтын дүгнэлттэй. Тог цахилгаан, дулаан, ус ч байхгүй газар яаж үйл ажиллагаа явуулах вэ дээ.


Газар дээр нь байгаа үл хөдлөх хөрөнгийг нь авчих гэхээр ажил нь урагшилдаггүй. Анх үнэлгээ хийлгэхэд тэрбум төгрөг гэж гарсан. Гэвч бид соёлын өвийн барилгыг анх худалдаж авсан үнээр нь авчих гэдэг саналь тавьсан. Тэр үнийг нь хэлэх боломжгүй. Бид цэцэрлэг барих зөвшөөрөл гаргахдаа хэдэн давхар барилга барихаа хэлээд өгчих, өөр зориулалтаар барилга барьвал цуцалчих гэж нийслэлд хандсан. Биднийг Д.Мөнх-Эрдэнэ "Шүүхэд хандчих" гээд захиргааны хэргийн шүүхэд хандсан чинь анхан шатны шүүхээс хоорондоо эвлэрэх аман шийдвэр гарч, хурал нь хойшилсон" тухай ярилаа.


Архитектор Г.НЯМЦОГТ:


-Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах газрыг 1973 оноос байгуулсан түүхтэй. Хэрэв өдий хүртэл ажилласан бол үйл ажиллагаа нь цэгцэрчихсэн, олон улсын түвшинд хүрчихсэн байх байлаа. Гэвч 1993 хувьчлагдаж, үйл ажиллагаа нь бүрэн зогссон. Тус газар түүх соёлын дурсгалт барилгын бүх зураг төслийг хийж батлуулаад, сэргээн засварлалтын ажлыг хийдэг байсан. Дотроо мужааны цех, керамик үйлдвэр гээд сэргээн засварлалтын бүх төрөл багтдаг байв. Тэндээс төрөн гарсан доктор цолтой мэргэжилтэн олон бий. Одоо энэ газар ажиллаж байсан мэргэжилтнүүд ахмад настан болж, цөөн үлджээ.


Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах газар байх үед улсаас бодлогоор өв соёлын дурсгалт барилгуудыг ээлж дараагаар нь сэргээн засахаар ажиллаж байсан. “Гоожингийн өндөр” барилгын ойролцоо Улаанбаатар хотын музей, Г.Дэмид жанжны байшин, төмрийн завод гэх мэт түүх соёлын дурсгалт барилга олон бий.


Тэр дундаас 1988 онд “Гоожингийн өндөр”-т судалгаа хийж, сэргээн засварлалтын ажлын зургийг нь хүртэл хийсэн. Харамсалтай нь, газар нь хувьчлагдсаны улмаас энэ бүх ажил цаасан дээр л үлдсэн дээ.


Миний хувьд хоёр, гурван жилийн өмнө “Гоожингийн өндөр” барилга дээр Аса аварга Д.Дагвадоржтой хамт очсон. Өмнө нь ч хэд хэдэн удаа очиж байсан. Ер нь сэргээн засварлахдаа тухайн түүхэн барилгын дүр төрхийг хадгалах нь хамгийн чухал. “Гоожингийн өндөр” барилгыг нэн яаралтай хамгаалалтад авч, өмчлөлтэй болгож, тухайн газрыг цэвэрлэх шаардлагатай. Барилгын дотор тал нь шатсан.


Хоёрдугаарт, тухайн барилгын эргэн тойронд өндөр өндөр орон сууц бариад газар гэх юм үлдээгүй. Түүх, соёлын дурсгалт барилгыг буулгаад, эргүүлээд тэр чигээр нь өөр газар барьдаг нэг арга бий. Энэ бол олон улсад ашигладаг сэргээн засварлалтын арга. Энэ мэт түүхэн барилгыг авран хамгаалахын тулд Түүх, соёлын дурсгалт барилгыг сэргээн засварлах газрыг дахин байгуулах шаардлагатай. Монголын сэргээн засварлалтын мэргэжилтнүүд төсөв мөнгийг нь шийдээд өгвөл сайн ажиллаж чадна. Орчин цагт ур чадвартай мэргэжилтнүүд, техник технологи, багаж тоног төхөөрөмж хангалттай болсон" гэж өмнө нь хэлж байв.






















ШИНЭ СПОРТ ЦОГЦОЛБОРЫН МӨСӨН ТАЛБАЙ АШИГЛАЛТАД ОРНО

Эх сурвалж: dnn.mn, 2022.01.03






Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянгын 39 дүгээр сургуулийн хойд талд 1000 хүний суудалтай спорт цогцолборын мөсөн талбайн ажил эхэлжээ. Мөсөн талбайг ОХУ-аас мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, ЧД-ийн БТСГ-ын мэргэжилтнүүдтэй хамтран мөс тавих ажлыг гүйцэтгэж байна. Энэхүү байгууламж нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан, А, Б блоктой. Спорт заал, усан бассейн, оффис, мөсөн талбай гэсэн үндсэн хэсгүүдтэй. Өнгөрсөн зун оффисын хэсэг болон спорт заал, гурван зам бүхий 25 метрийн усан бассейн ашиглалтад орсон юм.

"Майдар эко хот” болгоно гэж улсын мөнгөөр бүтээсэн цогцолбор, "БУРХНЫ ХӨШӨӨ, СУВАРГА" болон дуусаж байна

Эх сурвалж: 2021.10.20, www.isee.mn


Эл хотод  54 метр өндөр Майдар бурхны бие лагшныг орчин цагийн урлагийн бүтээл болгон, 108 метр өндөр суварган байгууламжийн хамт босгож буй. Тэгвэл төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус хотын бүтээн байгуулалтын ажил хэрхэн өрнөж буйг бид сурвалжиллаа.


ХОТ БАЙГУУЛАХААР УЛСЫН ТӨСВӨӨС МӨНГӨ АВСАН Ч ХӨШӨӨ, СУВАРГААС ӨӨР ЗҮЙЛ БАРИГДААГҮЙ БАЙНА -


Улаанбаатар хотын ачааллыг багасгах, хүн амын төвлөрлийг сааруулах зорилгоор шинэ хот барих уг төсөл олон жил яригдсан. Дээр дурдсанчлан Ерөнхийлөгч асан Х.Баттулга анх санаачилга гаргаж, “Майдар эко хот” төслийг эхлүүлсэн байдаг. Гэвч санхүүжилтийн асуудлаас болж хот байгуулах дорвитой ажил хийгдэлгүй олон жилийг элээсэн. Харин Их Майдар бурхны бодьсатва дүрийг бүтээхэд Их Майдар сан төрийн бус байгууллага иргэдээс хандив цуглуулсан ч мөн л амжилт олоогүй, барилгын ажил гацсан. Улмаар Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос нэг жилийн дараа буюу 2018 онд Майдар хот сүндэрлэх 12 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж эхэлсэн юм.


Хотыг  дөрвөн үе шаттай барихаар төлөвлөсөн байдаг. Эхний үе шатанд хотод байх ёстой бүхий л зүйлс баригдана. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, театр, музей, эмнэлэг, онцгой байдлын газар цогцоороо баригдах бөгөөд 80-100 мянган оршин суугчтай байхаар төлөвлөжээ. Уг ажил 2030 он хүртэл үргэлжилж, эрэлт их байвал хоёрдугаар үе шатыг эхлүүлнэ гэж байв.


Төлөвлөгөө ёсоор бүтээн байгуулалтын ажлын эхний үе шат 2016 онд ашиглалтад орох байсан. Гэвч 2019 оны есдүгээр сарын 20-ны өдөр манай сурвалжлах багийг тус газар очиход “Их Майдар” бурхны биеийг дөнгөж босгож байсан юм. Тэгвэл өнөөдөр/2021.10.19/ Зарлиг увдисын суварга босгох барилгын ажил үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд Их Майдар бурхны бодьсатва дүр, Зарлиг увдисын суварга босгох ажил хийгдсэн ч хамгийн чухал зүйл болох “Майдар эко хот”-ын бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажил гэхээр зүйл хийгдээгүй байгаа юм. 


“МАЙДАР ЭКО ХОТ”, “АНДЛАЛЫН ӨРГӨӨ”-НИЙ ТҮҮХИЙГ ДАВТАХ УУ?


Ерөөс манай улсад хөшөө, суваргаар түрий барьж улсын мөнгө гарлагаддаг нь энгийн үзэгдэл мэт болсон. Үүний нэг сонгодог жишээ нь Андлалын өргөө. Тус цогцолборын нийт төсөв 5 тэрбум төгрөгөөр хэмжигдсэн гэх бөгөөд улсын төсвөөс 1.9 тэрбум орчим төгрөгийг зарцуулсан гэдэг. Харин анд бололцож буй биш тулалдаж буй мэт хоёр хүний хөшөө барилгыг Чингис хаан, хүлэг баатар Боорчи хоёрынх хэмээн ирсэн жуулчдад тайлбарлах нь даанч “нүүр улайм” хэмээн зарим иргэн шүүмжилж,  шоглосоор ирсэн. Тус хөшөө нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, барималч Д.Эрдэнэбилэг агсны бүтээл. Иймд түүний оюуны өмчийг янз бүрээр шоглож, шүүмжилж байгаад гэр бүл нь эмзэглэж, хөшөөг цааш нь үргэлжлүүлэн барих, оюуны өмчийг нь ашиглуулахгүй хэмээж, улсын төсөвт мөнгийг нь буцаан төлж, тус бүтээлийг Өвөрмонголд ашиглуулахаар болсон. Улмаар Андлалын өргөө цогцолборыг буулгасан билээ. Үүнийг өгүүлсний учир нь “Андлалын өргөө”,  “Их Майдар” цогцолбор нь нэг хүний бүтээл юм.


Төсөв, өртгийн хувьд Майдар эко хот “босоход” ойролцоогоор 40 тэрбум ам.доллар шаардлагатай гэж буй. Харин эхний үе шатыг хийхэд ойролцоогоор 2 тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагатай хэмээн Төслийн удирдагч Л.Баяртуул мэдэгдэж байж. Гэвч улсын төсвийн мөнгийг хот босгоход бус дахин нэгэн хөшөө, суварга босгоход зарцуулан “Андлалын Өргөө”-ний түүхийг давтах уу гэдэг болгоомжлол энд төрж байна.






Чингэлтэй дүүрэгт 150 хүүхдийн ортой цэцэрлэг нэгээр нэмэгдэхэд бэлэн боллоо

 Эх сурвалж: НХОГ, 2021.08.10





Чингэлтэй дүүргийн 16-р хороонд цэцэрлэгийн насны 1188 хүүхэд оршин суудаг. Тус хороо нь төрийн өмчийн хоёр, төрийн бус өмчийн гурван цэцэрлэгтэй бөгөөд 653 хүүхэд харьяа хорооны цэцэрлэгт хамрагддаг бол 229 хүүхэд өөр дүүрэг, хороонд хамрагдан сурч, 306 хүүхэд цэцэрлэгт огт хамрагдаж чаддаггүй гэсэн судалгаа бий.

Тэгвэл сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд 150 хүүхдийн ортой цэцэрлэгийг Чингэлтэй дүүргийн 16-р хороонд барьж байна.

Шинэ цэцэрлэгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Саран инж девелопмент” ХХК 2019 онд барьж эхэлсэн бөгөөд энэ оны хичээлийн шинэ жилээр ашиглалтад орохоор төлөвлөж байна.

Х.Чойбалсангийн өвлийн ордон




Улс төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин, ХХ зууны монголын удирдагчдын нэг Х.Чойбалсанд зориулан архитектор Н.М.Щепетильниковын 1943 онд зохиосон зураг төслөөр 1947 онд барьж ашиглалтад оруулжээ. Энэ байшинг Х.Чойбалсангийн өвлийн ордон, 30 дугаар байр, Маршалын өргөө хэмээн нэрлэдэг бөгөөд Х.Чойбалсан нас өөд болтлоо амьдарч байжээ.

Нэгдүгээр давхар нь будаалгын танхим, бильярд, хүлээлгийн болон хамгаалагч нар суудаг өрөө, хоёрдугаар давхар нь бичгийн өрөө, номын сан, нарийн бичгийн даргын тасалгаа, хоолны бага заал, унтлагын болон хүүхдийн зэрэг өрөөнөөс бүрдэж байжээ.
Анх зургаан өрөөтөй, айлын зориулалттай баригдсан энэ барилга нь 1986 онд өргөтгөл хийж 20 гаруй өрөө тасалгаагаар нэмэн тохижуулжээ.

1990 он хүртэл НАХЯ-ны III газрын харьяанд явж ирсэн “30 дугаар байр” 1990 оноос Төр, засгийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газарт, 1996 оноос Төрийн тусгай хамгаалалтын газарт харьяалагдах болсон байна. Маршалын өргөө хэмээн нэрлэх болсон энэ байранд зочид төлөөлөгчдийг хүлээн авах, төр засгийн зарим ёслол, хүлээн авалт хийх зэрэг ажлыг зохион байгуулж байна.

Эх сурвалж: Сайн байна уу Улаанбаатар минь

Гэрлэх ёслолын ордон



БНМАУ тунхагласны 50 жилийн ойн баярыг тэмдэглэх үед ЗХУ-ын Төрийн тэргүүн Л.И. Брежнев болон хүндэт зочид төлөөлөгч нар хүрэлцэн ирсэн байжээ. Монголын Төрийн тэргүүн Ю.Цэдэнбалын гэргий А.И.Цэдэнбал Филатова зочдод хандан ахан дүүсийн холбоогоо бататган нандин бэлэг барихыг хүссэн өгөөмөр санал дэвшүүлсэн бөгөөд энэ нь Улаанбаатар хотод залуу хос гал голомтоо бадраах бүрт төрөл садан, найз нөхдөө цуглуулан хуримын ёслол үйлдэх шинэ цагийн ариун хайрын орд өргөө хэрэгтэй байгааг дурдсан явдал юм. Ийнхүү ЗХУ-ын буцалтгүй тусламжаар “Гэрлэх ёслолын ордон”-г сүндэрлүүлэн босгох шийдвэр гарч их бүтээн байгуулалт өрнөн Монголд төдийгүй Төв Азид анх үүдээ нээсэн ордон болжээ.

Монгол Зөвлөлтийн барилгачин залуучууд богино хугацаанд барьж дотоод заслыг Ардын зураач Д.Амгалан, сийлбэрч Л.Чуваамид нарын уран бүтээлчид ур ухаанаа хослуулан бүтээжээ. Ордны барилга 1976 оны 6-р сарын 14-ний өдөр нээлтээ хийж Улаанбаатар хотын АДХГЗ-ны “Иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх хэлтэс” бөгөөд “Гэрлэх ёслолын ордон” хэмээх оноосон нэртэйгээр байгуулагдаж, мөн өдөр анхны хуримлагчдыг хүлээн авч гэр бүлийн баталгаа олгон, шинэ сууцны түлхүүр гардуулснаар энэ ордны түүхийн хуудас нээгджээ.

Эл үеэс эхлэн эхнэр нөхрийн ядам хуруунд хатан сүйх, хаан бугуйвчтай шижир алтан бөгж зүүдэг болсон байна. Өнөөг хүртэл 40 мянга гаруй хосын гэрлэлтийг бүртгэн авчээ. Сүүлийн жилүүдэд гэрлэж буй нийт хүмүүсийн 30 гаруй хувь нь тус ордонд ёслолоо хийж хоёр талын ах дүү, хамаатан садан, найз нөхдийнхөө өмнө бие биендээ үнэнч байхаа тангараглаж илүү бат бөх, үнэ цэнэтэй гэрлэлтийг буй болгодог болсон байна. Анх байгуулагдахад нь хуримаа хийж байсан хосууд 20, 30 жилийн дараа мөнгөн хуримаа дахин эл ордонд хийхээр ирдэг байна. Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Гэрлэх ёслолын ордны дэргэд 12 ханатай, 108 уньтай, сийлбэртэй “Их өргөө” гэрийг барьж 2010 оны 6-р сарын 21-ний өдөр нээлтээ хийж хуримын хүндэтгэл ёслолын үйл ажиллагаа болон сургалт семинар зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг болжээ.

Сонирхуулахад, 1924 онд Улаанбаатар хотын анхны захиргаа энэхүү хуримын ордон байгаа газар зургаан гэртэйгээр байгуулагдаж анхны засар даргаар М.Баяр томилогдон ажиллаж байжээ.

Эх сурвалж: Гэрлэх ёслолын ордон

Дээрх мэдээлэл дээр нэмж тэмдэглэхэд зөвхөн ЗХУ-ын мэргэжилтэн, барилгачдаас гадна Польш улсын мэргэжилтэн, барилгачид хамтран ажилласан мэдээлэл байна. Доорх бичлэгээс сонсоорой.


The Wedding Palace. Interview with S. Uuderuya from RedHero on Vimeo.

Гандантэгчинлэн хийд



Гандантэгчинлэн хийд Монголын бурхан шашны төв, гурван том хийдийн нэг юм. Гандантэгчинлэн хийдийн анхны сүмийг 1809 онд Далхын дэнжид Шар сүм нэртэйгээр байгуулжээ. Хожим Шар сүмийг Чойрын дацан болгожээ. Ламрим дуганыг 1924 онд, V Богд Жавзундамба хутагтад зориулсан Гандантэгчинлэн буюу “Их хот мандлын сүм”, Дашчойнхор, Ядгачойлин зэргийг 1838 онд, Цогчин дуганыг 1839 онд, Бадамёгог 1844 онд, Жүдийн сүмийг 1848 онд, Гунгаачойлин сүмийг 1909 онд, VIII Богдод зориулсан Мэгжид Жанрайсигийн сүмийг 1913 онд, V Богдын шарилын сүмийг 1841 онд, VII Богдын шарилын сүмийг 1869 онд, VIII Богдын шарилын сүмийг 1925 онд барьсан түүхтэй.

Гантантэгчинлэн хийдийн анхны барилгуудаас өдгөө 6 сүм үлджээ. 1944 онд сүмийн хурал номын ажлыг сэргээсэн юм. Гандантэгчинлэнд хадгалагдаж буй олон ховор ном судар, түүх соёлын үнэтэй дурсгалаас Өндөр гэгээний ээжийнхээ хүсэлтээр хийсэн хүрэл цутгамал, Балбын зандангаар хийсэн Локешварийн дүрс, ХХ зууны эхэнд Польш, Өвөр Монголд хийлгэсэн Аюуш бурхан, 1957 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Жавхарлал Неругийн бэлэглэсэн 2000 жилийн өмнө Энэтхэгийн урчууд бүтээсэн Буддын баримал, Буддын шарилын хэсэг зэрэг нь анхаарал татдаг.

Түүх соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газар хийдийн үлдсэн сүм дуганын гадуур гол асар хаалга, хоёр жижиг асар хаалга бүхий хэрэм хашааг шинээр 1981-1982 онд барьсан юм.

Гандантэгчинлэн хийдийг 1994 онд улсын тусгай хамгаалалтад авчээ. Тус хийдийн Очирдарийн сүмд алт, мөнгөөр Занабазарын бүтээсэн Очирдарийн баримал, ертөнцийн дөрвөн зүгийн сахиус Махранз, лам Самбалхүндэвийн монгол зургийн аргаар 1858 онд бүтээсэн эв зохицлыг бэлгэдсэн зураг хадгалагддаг.VII Богдын шарилыг оршуулахад зориулсан Зуугийн сүмд XIX зуунд Долнуурт бүтээгдсэн Бурхан багшийн хоёр шавьтайгаа байгаа баримал, сийлбэрч Ширчингийн модоор сийлсэн Лхамо охин тэнгэрийн сийлбэр хадгалагдаж байна. Дээрх хоёр сүм ур хийцийн хувьд адилхан. Алтадмал ганжир бүхий паалантай вааран дээвэртэй, чулуу, тоосго, мод оролцуулан барьсан сүм юм. Гандантэгчинлэн хийдийн номын санд 108 боть Ганжуур, түүний тайлбар 225 боть Данжуур, Богд Зонхав, Банчин богд, Далай лам болон Төвдийн бусад зохиолчдын сүмбүм, Агваанхайдав, Агваандандар, Ишбалжир нарын монголын дал гаруй эрдэмтэн мэргэдийн сүмбүм, монгол, ойрд, санскрит, деванагар, пали зэрэг үсгээр есөн эрдэнээр бичсэн олон тооны монгол, төвд судар байдаг.

Алтадсан ганжир, жанцан, чойжхорол, бодь гөрөөс, дээврийн амьтад, хонх зэрэг нь сүм дуганы барилгын үндсэн гоёл чимэглэл. Гандантэгчинлэн хийдийн барилгууд монгол, монгол-хятад, хятад-төвд хэлбэр маягтай.

Эх сурвалж: М. Сүхнар


1992 онд Монголын бурханы шашинтны анх дугаар чуулганаар Гандантэгчинлэн хийдийг Монголын Бурханы Шашинтны Төв гэдгийг баталгаажуулжээ.

Гандантэгчинлэн хийд /Төгс баясгалант их хүлгэн хийд/-ийн анхны сүмийг 1809 онд Талхын дэнж дээр Шар сүм нэртэйгээр байгуулж, дараа нь энэ сүмийг Чойрын дацан болгожээ. 1824 онд Ламрим дуган, 1838 онд тавдугаар Богд Жавзандамба хутагтад зориулж Гандантэгчинлэн буюу “Их хот мандлын сүм”, Дашчойнхор, Ядгайчойлин зэргийг байгуулжээ.

Талхын дэнж дээр Гандантэгчинлэн хийдийг байгуулсан цагаас хойш тус дэнжийг Гандангийн дэнж хэмээн нэрлэх болжээ. Гандан хийд нь 1930-иад оны хэлмэгдүүлэлтэд хамгийн түрүүнд өртсөн бөгөөд 20 суварга, 10 гаруй сүм дацангаас 6 сүм, дуган хадгалагдан үлджээ. 1944 оноос эхлэн хийдийн хурал номын үйл ажиллагааг хатуу хяналтан дор дахин сэргээсэн байна.

Хийдийн сүм дугануудыг 1981-1995 он хүртэл ээлж дараагаар сэргээн засварлаж 1992 онд Дүйнхор дацан, 1995 онд Дашчойнбол дацанг шинээр барьсан байна. Тус хийдийн Гандан хэмээх анхны дуганыг V Богд Жавзандамба өөрийн шийдвэрээр Монголын уран авьяаслаг урчуудыг цуглуулан шавар модоор голлон хийлгэхдээ монгол үндэсний хэв маяг оруулж, алт шармал орой ба ганжир бүхийгээр бүтээжээ.

Дуган дотор Өндөр гэгээн Занабазар эхийнхээ хүсэлтээр бүтээсэн өвгөн хутагтын хүрэл цутгамал дүр, XIX зууны үед монголын лам нараас хар цаасан дээр алтаар бичсэн Буддын зохиол Ганжуур 108 боть, 1956 онд Буддагийн 2500 жилийн ойг тохиолдуулан тус хийдийн Дамбадаржаа, Данзан нарын зэрэг лам нарын урлан бүтээсэн хөрөг, Энэтхэгийн ерөнхийлөгч агсан Джавахарлал Неругээс 1957 онд дурсгал болгон өгсөн 2000 гаруй жилийн өмнө бүтээсэн Буддын цутгамал дүр, ХХ зууны эхээр монголын захиалгаар Польшийн Варшав, Өвөрмонголын Долоон нуур хотод хийсэн Аюуш бурханы дүрүүд зэрэг олон бүтээлүүд бий.

Эх сурвалж: Улаанбаатар музей төсөл

Төрийн ордон баригдсан түүх





БНМАУ–ын засгийн газар 1930 онд барьсан хоёр давхар байшинд /одоогийн Боловсролын их сургуулийн төв байрны доод хоёр давхар/ байрлаж байв.Энэ байшинд Улсын бага хурал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, хянан байцаах газар, зохион зааварлах хэлтэс, Улсын төлөвлөгөөний комисс байрлаж байсан бөгөөд БНМАУ–ын Засгийн газрын Ерөнхий сайд Хорлоогийн Чойбалсан, түүний нэгдүгээр орлогч Ч.Сүрэнжав, Улсын Бага Хурлын дарга Г.Бумцэнд нар энд ажиллаж байжээ. Энэ байшин тухайн үеийн Төр, засгийн төв аппаратын өсөн нэмэгдэж байсан орон тоо, ажлын шаардлага хангахгүй болсноос гадна нийслэл хот байгуулалтад байршлаа олоогүй, төвөөсөө хазгай Сэлбэ голын эрэгт байлаа.

Ийм үед төрийн шинэ ордоныг хотын төв талбайн хоймор хэсэгт бариулахаар шийдвэрлэж ЗХУ–аас тусламж гуйхаар болжээ. Энэ тухай Ч.Сүрэнжав гуай, “Монгол Улсын Засгийн газрын ордон бариулахыг би санаачилж, Чойбалсанд хэлсэн юм. Чойбалсан түүнийг маш зүйтэй гэж дэмжээд намайг Москва руу явуулсан юм. Би Москвад очоод К.Е.Воршиловтай уулзаж "Монголын Засгийн газрыг ордонтой болгох санаатай байна. Намайг Чойбалсан явууллаа" гэхэд Воршилов намайг их уриалагхан хүлээж аваад бэлэн зураг үзүүлж энэ зургаар ордноо бариулвал зүгээр юм биш үү гэсэн. Би, "Тиймээ зүгээр юм байна" гэж хэлээд уг зургийг авчирч Чойбалсанд танилцуулсан. Засгийн газрын ордонд бариулах комисс томилж, комиссын даргаар намайг тавьсан юм.” гэв.
ЗХУ–аас авчирсан төрийн захиргааны барилгын бэлэн зургийг Засгийн газрын комисс нягтлан үзээд Монголын нөхцөл байдал, уламжлалд тохируулан зарим өөрчлөлт хийлгэжээ. Үүнд Монгол инженер Б.Мотоо, уран барималчин С.Чоймбол нар их үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэд барилгын хаалга, эмжээр, багана зэрэгт Монгол хэлбэр маяг оруулжээ.

Ордны барилгын суурийн ажил 1947 оны дөрөвдүгээр сард эхэлжээ. Уул барилгын ажлыг ордны барилгын дарга Лэгцэгийн Гончиг /ахлах дэслэгч/ Улсын барилгын хэрэг эрхлэх ерөнхий газрын нэгдүгээр орлогч хурандаа Д.Гончиг, мөн газрын орлогч Д.Жанцансамбуу, Улсын төлөвлөгөөний комиссын барилгын хэлтсийн дарга Ж.Агваанлувсан, зөвлөлтийн мэргэжилтэн Порпинов нар барилгын ажил эхлэхээс ашиглалтад ортол хариуцан гүйцэтгэжээ. Ордны барилгын баруун хэсгийн суурийн ажлыг японы олзлолдсон 300 цэрэг гүйцэтгэж 1947 оны аравдугаар сард нутагтаа буцжээ. Дараа нь засан хүмүүжүүлэх газраас 4000 хоригдлыг гэрээгээр, иргэдээс 400 ажилчдыг хөлсөөр авч ажиллуулж 1948 оны өвөл суурийн ажлыг дуусгажээ. Гэтэл 1949 оны зун тааз нь тавигдаж дууссан барилгын модон хэсгүүд нь шатаж зөвхөн төмөр, туйпуу хэсгүүд нь үлдсэн байна. Энэ тухай уул барилгын хариуцан бариулж байсан ахмад барилгачид Д.Жанцансамбуу гуай дурсан ярихдаа, “Д.Гончиг /сүүлд барилгын яамны сайд болсон/ бид хоёр барилгын нурсан хэсэг дээр гараад бууж чадахгүй дүүжингээр бууж байлаа. Барьсан хэсэг шатсаны дараа барилгачдыг жигдрүүлж дотоодын 300, Монголд ял эдлэж байсан гадаадын 500 иргэн, 400 хөлсний ажилчин гээд, бүгд 1200 хүн ажиллаж ордны барилгын ажлыг дуусгасан юм” гэв.

Барилгын ажилчид голдуу мэргэжлийн хүмүүс байсан бөгөөд сантехникийн мэргэжилтнээр ЗХУ–ын Федренко, цахилгааны мэргэжилтнээр мөн ЗХУ–ын Чембелюк түүнийг дагалдаж Даржаагийн Чойдог /сүүлд гавьяат барилгачин болсон/ нар ажиллажээ.
Уран барималч С.Чоймбол ордны барилгын зураг, баримал чимэглэлийг хийж хожим нь төрийн шагнал хүртжээ. Ордны барилгын тоосгыг Улаанхуаран, Ганц худгийн задгай тоосгоны үйлдвэрээс, шохойг Цагаан булгаас, суурийн чулууг Туул голын урд талын араас авч бэлтгэжээ. "Ордны чулуун суурь нь 4 метр зузаан тавигдсан тул ордныг долоон давхар өндөрлөх даацтай, хөрсний усгүй, IY зэргийн хайрган хөрстэй" гэж ахмад барилгачин Д.Жанцансамбуу, Ж.Агваанлувсан нар тодорхойлж байв.
Төрийн ордын шинэ барилга 4 жилд баригдан 1951 онд ашиглалтад оржээ. БНМАУ -ын Сайд нарын зөвлөлийн 1951 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн 130 дугаар тогтоолоор томилогдсон комисс 1951 оны арванхоёрдугаар сарын 30 -ны өдөр Засгийн газрын ордныг ашиглалтад хүлээж авсан актад гарын үсэг зуржээ.
Засгийн газрын ордны шинэ барилгад 1951 оноос багтаж Улсын Бага Хурал, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, зохион зааварлах хэлтэс, хянан шалгах газар, Намын төв хороо, "Үнэн" сонины газар, Улсын төлөвлөгөөний комисс, Шүүх яам, Хэвлэл утга зохиолыг хянах газар, Зохиолчдын эвлэлийн хороо шинээр нүүн байрлажээ.

Ордны шинэ байрны 3 дугаар давхрын нүүрний гол хэсэг одоогийн Соёмбот танхимын хэсэгт Х.Чойбалсан /Ерөнхий сайд/ мөн давхрын зүүн урд талд Ю.Цэдэнбал /МАХН -ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга/ ордны 2 дугаар давхрын зүүн урд хэсэгт Г.Бумцэнд /Улсын Бага Хурлын дарга/ мөн давхрын баруун урд талд Ч.Сүрэнжав /Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд/ нар байрлажээ.
Засгийн газрын ордны урд талын голын хаалгаар ордонд ажиллагсад, ар талын хаалгаар удирдлагууд нэвтэрдэг, тэдний машиныг ордны аркад тавьдаг байжээ.

Эх сурвалж: Монголын түүх

Улсын их дэлгүүр

Улсын их дэлгүүрийн Бэлэг дурсгалын тасагт гал гарсан тухай дуудлага 16:48 цагт Онцгой байдлын албанд иржээ. (www.ikon.mn)

Улсын Их дэлгүүрийн зургаан давхарт гал гарсан тухайн галын  дуудлага мэдээлэл Нийслэлийн Онцгой байдлын газарт 16.48 цагт ирсэн бөгөөд дуудлагын дагуу  гал унтраах, аврах ангийн гурван тасаг ажиллаж байна. Албаны эх сурвалжийн мэдээллээр "Улсын их дэлгүүрийн зургаан давхарт байрлах бэлэг дурсгалын тасгаас гал гарсан бөгөөд галын шалтгаан нөхцөлийг урьдчилан хэлэх боломжгүй” гэлээ. (www.news.mn)

Их дэлгүүрт гарсан галын талаар газар дээр нь ажилласан НОБГ-ын ажилтан Ц.Нямбаяр мэдээлэл өглөө: Чингэлтэй дүүргийн 10-р ангийн нэгдүгээр тасагт анх утаа тархсан гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу ирсэн албан хаагчид нэмэлт шаардлагатай хэмээн мэдэгдэж,  НОБГ-ын найман ангийн 100 орчим албан хаагч ажиллаж байна. Объектыг хамгаалалтад авсан. Улсын их дэлгүүрийн голын хэсэг нь хөндий буюу гонх хэсэгтэй, хоёр талаараа хэсгүүдтэй. Гал зургаан давхраас гарч, тус давхар гал гарсан, дөрөв, тавдугаар давхар галд өртсөн, шатлага их хэмжээгээ явагдсан учраас барилгын дотор хэсэг битүү утаа үүссэн байна. Гал гарахад хамгийн их нөлөөлсөн шалтгаан нь барилгын өөрийнх нь хийц, голын хөндий буюу гонхоос дээврийн хэсэгт гал маш хурдан тархсан байна. Дэлбэрэлт нь Улсын их дэлгүүрийн баруун урд хэсэгт болсон.

























УЛСЫН ИХ ДЭЛГҮҮРИЙН ТҮҮХ


























Улсын их дэлгүүр анх 1921 онд Зөвлөлт Холбоот Улсын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар суурь нь тавигдан “Төв дэлгүүр” нэртэйгээр байгуулагджээ. Дарга, сургагч, ахлах нягтлан бодогч, дансны сургагч, тооцооны нягтлан бодогч, дансны дагалдан, барааны сурган боловсруулах мэргэжилтэн зэрэг 10 орчим ажилтантайгаар нээгджээ. 1933 онд одоогийн Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн байранд орсон бөгөөд тус барилгыг анх Оросын худалдаачин Гудвинцал 1905 онд дэлгүүрийн зориулалтаар бариулсан байна. Эргэн тойрон нь тухайн үеийн Хүрээний төв байсан учраас түм түжигнэж, бум бужигнасан олон хөлийн газар байжээ. Чухам үүнийг олж харсан Гудвинцал европ загварын хоёр давхар, олон цонхтой байшинг бариулахад хавийн хүмүүс гайхан шагшиж, цонхонд нь дүрсээ харж өөрөө өөртэйгөө мэндэлж, том хаалгаар нь худалдаачид ачаа бараатай тэмээгээ тэр чигээр нь оруулчихдаг байжээ. Жинхэнэ худалдаа наймаа буцалдаг газар байсан учраас Монгол улсын “Төв дэлгүүр” улам өргөжин хөгжихөд нөлөөлсөн гэж үздэг.
1961 онд одоогийн энэ байранд шилжин ирж “Улсын их дэлгүүр” хэмээн нэрлэгдэх болжээ. 1961 оны зургадугаар сарын 28-ны өдөр "УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР"-ын барилгыг ашиглалтад оруулж байжээ. 1999 онд Засгийн газрын шийдвэрээр Улсын их дэлгүүрийг хувьчлахад хувьцааны ихэнхийг Номин холдинг компани худалдан авч, улмаар эдүгээ бүрэн хувьчилж авсан байна. Ийнхүү хувьчлагдсанаар тус дэлгүүрт менежментийн шинэчлэл хийгдэж улам бүр өнгө засан өргөжиж байгаа бөгөөд эдүгээ 600 гаруй ажилтан албан хаагчид энэ их дэлгүүрийн өдөр тутмын үйл ажиллагааг явуулж байна. 
Улсын их дэлгүүр 1921 онд байгуулагдсан бөгөөд 1961 онд одоогийн их дэлгүүрийн энэ барилга ашиглалтад орж, их дэлгүүрийг оруулсан түүхтэй. Энэхүү барилга нь их дэлгүүрийн 3 дахь барилга бөгөөд түүхэн барилгад бүртгэлтэй байдаг. Мөн их дэлгүүрийн дээр бгаа оныг 1924 он гэж тэмдэглээд бгаа нь буруу огноо юм.

УЛСЫН ИХ ДЭЛГYYРИЙН ТҮҮХ





























Бичсэн орчуулсан: Архитектор Н.Золжаргал
УЛСЫН ИХ ДЭЛГYYР-ын анхны үндэс суурь 1924 онд Зөвлөлт Холбоот Улсын худалдааны мэргэжилтнүүдийн тусламжтайгаар хүүхдийн, баримтат кино театрын байранд "Төв дэлгүүр" нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлснээр тавигджээ. Тухайн үедээ олон түмэнд "Өндөр хоршоо" хэмээн нэрлэгддэг байсан бөгөөд 1933 оноос Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн банкны барилгад шилжин байрлах болсоноор "Их дэлгүүр" хэмээн нэрлэгдэх болсон байна.
1959 онд буюу Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярын өмнө Засгийн газрын шийдвэрээр БНХАУ-аас Монгол Улсын нутаг дээгүүр дайран өнгөрөх төмөр замын 3 жилийн төлбөрт зориулан улсын хэмжээний худалдааны нэгдсэн төв барьж байгуулахаар төлөвлөж, 1961 оны 6 дугаар сарын 28-ний өдөр ашиглалтад оруулсанаар "УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР" хэмээн нэрлэгдэж, өнөөг хүртэл үйл ажиллагаагаа эрхлэн явуулж ирсэн.
УЛСЫН ИХ ДЭЛГYYР-барилгын архитектор нь Хятадын архитектор Гүн ДэШүн-ий зураг төсөл бөгөөд Бээжин хотын Бээжингийн их дэлгүүр (北京市百货大楼)-тэй хэмжээ болон дизайн нь маш төстэй юм. Архитектор Гүн ДэШүн нь өөрийнхөө номонд бичихдээ: "Монгол Улсын хүсэлтээр барьсан их дэлгүүр нь 22,000 метр квадрат талбай бүхий барилга бөгөөд үндсэн чиг үүрэг нь худалдааны төв, агуулах, дээд хэсэгт байрлах жижиг театр юм. Бээжингийн их дэлгүүрийн зураг төсөлийн дагуу гаргах хүсэлт Монголын талаас тавигдаж байгаа тул барилгын үндсэн фасад найрлага, харьцаа, хавтгай дээвэр зэрэгийг Бээжингийн их дэлгүүртэй маш төстэй хийсэн боловч нэмэлт чимэглэлгүйгээр нарийн боловсруулалт хийсэн, шугамууд нь энгийн, шулуун, давхарт нь том талбайтай Шилэн цонхтой. Тухайн үед Бээжингийн Барилгын яамны барилга байгууламжийн чимэглэсэнийн хэв маягийг ашиглан төмөр бетоныг ашиглан хавтгай дээвэртэй барилгийн зураг төслийг боловсруулжээ." гэж бичжээ.
1924-1933: Ашиглалтанд орсон төв дэлгүүр нь дарга, сургагч, ахлах нягтлан бодогч, дансны сургагч, тооцооны нягтлан бодогч, дансны дагалдан, барааны сурган боловсруулах мэргэжилтэн зэрэг 20 иод орон тоотой ажиллаж эхэлсэн.
1959: Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярын өмнө Монгол улсын засгийн газрын шийдвэрээр улсын хэмжээний нэгдсэн төв барьж байгуулахаар төлөвлөж, 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1961 оны 6 сарын 28- ний өдөр ашиглалтанд оруулснаар Хятад барилгачид барьж “УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР” хэмээн нэрлэж, өнөөг хүртэл олон түмний талархлыг хүлээсэн үйл ажиллагаагаа эрхлэн явуулж ирсэн.
1971: Монголд анх удаа УИД нь өөртөө үйлчлэх системийг нэвтрүүлж хэрэгжүүлсэн.
1981: Германаас шинэ тоног төхөөрөмж, тавилга ирж шинэчлэгдэн тохижсон.
2000: МУ-ын Засгийн Газраас 1996 онд УИД-ийг хувьчлах шийдвэр гаргасны дагуу УИД нь 2 удаа хувьчилагдсан. Эхний удаагийн хувьчилал явагдсан ч хувьчлал будилаантай гэсэн ажилчдын эсэргүүцэлтэй тулгарсанаас хүчингүй болгож 2000 онд дахин хувьчлалд оруулсан юм. Хувьчлагдах үед УИД –ийн дийлэнх хэсгийг тохиролцоорны лангуунууд эзлэж байлаа. Энэхүү хувьчлалаар Номин Холдинг ХХК 50 гаруй хувийг дуудлага худалдаагаар төрөөс авсан. Монголын хамгийн том номын дэлгүүрийг 2009 онд 6 давхарт нээсэн билээ.
Эх сурвалж: 
1. http://www.touristinfocenter.mn
2. “Архитектор Гүн ДэШүн“ ”建筑师龚德顺“ номноос