Showing posts with label cemetery. Show all posts
Showing posts with label cemetery. Show all posts

САМБАЛХҮНДЭВИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

 Эх сурвалж : Чингэлтэй дүүрэг. 2023.04.27


Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2015 онд Монгол Улсын Их Хурлаас баталсан Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд Самбалхүндэвийн оршуулгын газрыг олон улсын жишигт нийцүүлэн Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Уг төслийг нийслэлийн Засаг даргын 2021 оны А/733 тоот захирамжаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр болсон юм.

 

Энэ түншлэлийн хүрээнд “Нью Семетри” ХХК Чингэлтэй дүүргийн 20-дугаар хороо Далан давхар (Самбалхүндэв)-ийн оршуулгын газарт дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн бүхий оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв барих төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хоёр дахь шатны ажил болох тохижилт бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сарын 27-ны өдөр эхэллээ.

 

Бүтээн байгуулалт, ногоон байгууламж бүхий тохижилтын ажил 10 га талбайд 2 жилийн хугацаанд хийгдэж дуусах юм. Цэцэрлэгт хүрээлэнгийн 70 хувь нь ногоон байгууламж байх бол 30 хувьд нь буяны сүм, бурхан бологсдын чандар шүтээн залах хэсэг, иргэдийн зорчих явган зам, амрах суух хэсэг, орчны гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь шийдсэн тохижилтын ажлуудыг хийнэ.

 

Төслийн хүрээнд тус оршуулгын газрын 10 га талбай дахь талийгаачдын булшийг холбогдох хууль тогтоомж, стандарт, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуун, ёс заншилд нийцүүлэн газраас гарган чандарлаж, чандарыг шинээр байгуулах Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд залахаар төлөвлөжээ.







Самбалхүндэв /Далан давхар/-ийн оршуулгын газар дахь Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн энэ оны аравдугаар сард ашиглалтад орно

Эх сурвалж: ikon.mn, 2023.04.26


“Нью Семетри” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхзаяа: Жилийн өмнө бид хуучин оршуулгын газрыг дахин төлөвлөж Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн бүхий оршуулгын мэдээлэл үйлчилгээний төв байгуулах төслийг эхлүүлэх болсноо танилцуулж байсан бол өнөөдөр төслийн 2-р шат буюу Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил эхэлж байгааг танилцуулахад таатай байна.


Өнгөрсөн 2022 онд төслийн 10 га талбайгаас нийт 14323 бурхан болоочийн шарилыг зохих журмын дагуу зан үйл, ёс уламжлалын дагуу хүндэтгэлтэйгээр шилжүүлэн, Улаанбаатар Буян ХХК-ийн чандарлах цогцолборт чандарлан, түр хугацаанд хадгалж байна. Түүнчлэн, чөлөөлсөн газрын хөрсний ариутгал халдваргүйжүүлэлт, нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэж, эхний ээлжид 1000 ш улиас модыг тарьснаар төслийн эхний шат буюу газар чөлөөлөлтийн ажил бүрэн дууссан.


Монгол Улсад анх удаагаа хэрэгжиж байгаа төслийн хувьд тодорхойгүй, хүндрэлтэй зүйлс олон байсан хэдий ч иргэдийн, тэр дундаа талийгаачдын ар гэрийн санал хүсэлт, дэмжлэгтэйгээр төсөл амжилттай хэрэгжиж байна. Энэ ташрамд төслийг ойлгож, дэмжиж ажилласанд талархал илэрхийлье.


Бидний хувьд одсон болон одоо үлдэж байгаа, цаашлаад үр хойчид нь амар амгалан, тэгш сайхан байхын тухайтад бүх үйлчилгээндээ сэтгэл шингээж оршуулгын үйлчилгээнд шинэ жишгийг тогтоосоор ирсэн. Энэ ч утгаараа 2 га талбайд байгуулагдах Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн нь бурхан бологсдодоо үзүүлж байгаа хүндэтгэл төдийгүй ар гэрийн хувьд тавтай, тухтай орчинд хайртай дотны хүнээ дурсах, хүндэтгэх нөхцөлийг бүрдүүлсэн, нийслэл хотдоо нэг өнгө, утга нэмсэн бүтээн байгуулалт юм.


“Улаанбаатар буян” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Бумтүшиг: Манай компанийн хувьд үүсгэн байгуулагдсан цагаасаа үйл ажиллагаандаа байгаль экологид ээлтэй, нийгмийн хариуцлагатай  байх зарчмыг баримталж ирсэн.


Энэ ч утгаараа нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлэх, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах төслийг хамтран хэрэгжүүлж байгаадаа таатай байна.


“Улаанбаатар буян” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд оршуулга, түүнтэй холбоотой иргэдэд тулгамддаг хүндрэл, бэрхшээлийг бууруулахад онцгой анхаарч, үндэсний уламжлал, зан үйлийг дэвшилтэд технологитой хослуулан байгаль экологид ээлтэй чандарлан оршоох үйлчилгээг олон төрөл, сонголттойгоор үзүүлдэг бөгөөд төрөөс олгодог оршуулгын тэтгэмжид багтсан үнэ бүхий үйлчилгээг иргэд авах боломжтой юм.












Далан давхрын оршуулгын газрыг нүүлгэх ажил эхэллээ

Эх сурвалж: bolod.mn, 2022.04.14

Самбалхүндэвийн оршуулгын газар буюу олон нийтийн хэлж заншсанаар Далан давхрын оршуулгын нүүлгэх ажил эхэллээ.


Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэхээр НИТХ-ын тэргүүлэгчдийн 2021 оны тогтоолын дагуу нийслэлийн Засаг даргын захирамжаар Самбалхүндэвийн оршуулгын газрын 10 га талбайд “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулах юм.


Далан давхрын оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдаж, 1987 онд Ардын депутатуудын хурлын тогтоолоор хаагдсан боловч иргэд 2000 оны эхэн үеийг хүртэл бурхан бологчдоо нутаглуулсаар ирсэн. Төсөл хэрэгжүүлэх 10 га талбай дахь булшны тооллогыг 2021 оны дөрөвдүгээр сард хийсэн ба нийт 10.934 булш тоологдсон. Тэдгээрийн 48.4 хувь буюу 5291 булш нь нэр тодорхой, эзэнтэй бол үлдсэн 51.6 хувьд хамаарах 5643 булш тодорхой эзэнгүй, хаягдсан байна.




М.Мөнхзаяа: Далан давхарт дахин оршуулгын үйл ажиллагаа хийгдэхгүй

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.14


Хотын хойд хэсгийг эзлэн байдаг Далан давхарын оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох тухай шийд гарсан ч өнөөг хүртэл хэвээрээ байгаа.


Харин өнөө хавраас газрыг хэсэгчлэн чөлөөлж “Нью Семетри” компани өөрийн хөрөнгөөр хэсэгчилж дурсгалын цэцэрлэгт хүрээлэн барихаар ажлаа эхэлж байна. Тус компанийн захирал М.Мөнхзаяатай ярилцлаа.


- Нийслэл дэх оршуулгын газрыг цэгцлэх,  нүүлгэн шилжүүлж цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай олон жил яригдсан. Энэ оноос төсөл бодитой ажил хэрэг болох төлөвтэй. Танай байгууллага голлон зохион байгуулж байгаа гэв үү?


Тийм ээ. Нэн түрүүнд бид ач холбогдлыг чухалчилсан. Өмнө нь энэ хэмжээний төсөл манай улсын хувьд хийгдэж байгаагүй учраас иргэдийн хувьд хүлээлт их байсан.


“Нью Семетри” компанийн хувьд далд оршуулгын үйлчилгээг өөрийн орны уламжлалт зан үйл, олон улсын жишигт нийцүүлэн үзүүлэх зорилгоор 2006 онд байгуулагдсан, үйл ажиллагаандаа Байгаль орчны аюулгүй байдал, чанарын удирдлагын болон хөдөлмөрийн аюулгүй байдлын олон улсын стандартыг цогцоор хэрэгжүүлсэн далд оршоох үйлчилгээний цорын ганц компани болохыг онцолмоор байна.


Бидний хувьд одсон болон одоо үлдэж байгаа, цаашлаад үр хойчид нь амар амгалан, тэгш сайхан байхын тухайд бүх үйлчилгээндээ сэтгэл шингээж оршуулгын үйлчилгээнд шинэ жишгийг тогтоосоор ирсэн. Энэ нь ч утгаараа энэхүү төслийг өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх болсон хэд хэдэн шалтгаан байна.


1-рт, Монголчууд бидний хувьд эрт дээр үеэсээ ижий, аав, өвгөдөө ариун дагшин, тухтай, сайхан газар нутаглуулж, хүндэтгэх нь алс ирээдүйдээ зөв сайхан явахын эхлэл гэж үзэж ирсэн. Гэтэл өнөөдөр энэ сайхан өв уламжлалаа гээгдүүлж, оршуулгын газар нь эмх замбараагүй, булш, бунхан эвдэрч, сүйдсэн, хаягдсан байдалтай болсон.


2-рт, Суурьшлын бүсэд оршуулгын газар байгаа нь бидний болоод ирээдүйн хойч үеийн маань эрүүл аюулгүй орчинд амьдрахад ноцтой хохирол учруулах болсон.


3-рт, Нийслэлийг тойрсон оршуулгын газар нь хот хөгжих, тэлэх боломжийг хязгаарлаж байна.


Иймд бид нэн түрүүнд нийгмийн хариуцлагын хүрээнд олон улсын туршлага, жишигт нийцүүлэн хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, салбарын хөгжлийг тэтгэх, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, оршуулгын үйл ажиллагаатай холбогдолтой олон асуудлыг нэгдсэн цогц байдлаар шийдвэрлэх зорилгоор энэхүү төслийг өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх ажлыг санаачлан эхлүүлээд байна.


Эцэст нь олон жил нийгмийн хүлээлт үүсгэсэн, багагүй зориг шаардсан энэхүү онцлог төслийг хамтран хэрэгжүүлэх санаачилга гарган, бүхий л талаар дэмжин ажиллаж буй одоогийн хотын удирдлагад талархаж байгаагийн хамт төр, хувийн хэвшлийн сайн жишиг тогтооход анхаарч, хичээж ажиллах болно гэдгээ илэрхийлж байна.


- Төслийн хүрээнд Улаанбаатар хотын иргэдээс санал асуулга явуулсан мэдээлэл байсан. Үр дүн яаж гарав?


Өнгөрсөн хугацаанд бид  төслийн үе шат бүрд олон нийтийн хандлагыг тодорхойлох нээлттэй судалгааг явуулсан. Хамгийн эхэнд төслийн санал гаргахын өмнө төслийг дэмжих эсэх санал асуулгыг www.ikon.mn сайтаар, тухайн газрын оршин суугчдаас цаасаар авсан ба судалгаанд нийт 3340 хүн хамрагдсанаас 94,2 хувь нь дэмжсэн. Мөн 2022 оны 1 сараас төслийн талаарх мэдээллийг хүргэх явцад дахин судалгаагаа явуулахад 99 хувь нь дэмжсэн байдалтай байна. Цаг үеэ олсон, нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр хүлээгдэж байгаа төсөл болов уу гэж харж байна.


- Өмнө нь бурхан бологсдын шарилыг олноор нь нүүлгэн шилжүүлж байсан туршлага байгаа юу?


2018 онд нийт 26 мянган өрх айлыг цахилгаанаар хангах төслийн хүрээнд эрчим хүчний дэд станц барих зориулалтаар тус оршуулгын газрын 1.5 га талбай дахь 906 бурхан болоочийг холбогдох зан үйлийг гүйцэтгэн нүүлгэн шилжүүлж, суваргад шүтээнийг залсан. Мөн хот орчим дахь оршуулгын газруудыг цэгцлэх хүрээнд 2020-2021 онд нээлттэй уралдаант шалгаруулалтын үндсэн дээр 4 байршилд зөвшөөрөлгүй газарт оршуулсан нийт 206 шарилыг нүүлгэн шилжүүлж, газрыг бүрэн чөлөөлж, нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгээд байна.


- Шашны зан үйлийг хэрхэн шийдэж байгаа вэ?


Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны санаачилгаар 2022 оны 2 сард  “Оршуулгын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, оршуулгын зан үйл болон нийгмийн сэтгэл зүйд шашны байгууллагын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Гандантэгчэнлин хийд болон Монголын бурхны шашны хийдүүдийн тэргүүн нарын хамруулан зохион байгуулсан. Энэ үеэр төслийг  бүхэлд нь дэмжиж, Гандантэгчэнлин хийдийн нэгдсэн удирдлага, зохион байгуулалт дор төслийн талбай дахь шарилыг нүүлгэн шилжүүлэх явцад үйлдэх шашны зан үйл, шүнг хэлэлцүүлж, нэгдсэн аргачлал гаргах, мөн тэргүүн ээлжид номын багш нарын лагшин шүтээнийг гаргах өдөр шашны зан үйлийг бүрэн гүйцэтгэн гаргахаар тогтсон.


Төрийн төдийгүй, шашны төлөөлөл анх удаагаа хувийн байгууллагын санаачлан, хэрэгжүүлж буй төслийг дэмжиж, хамтран ажиллах болсон нь манай төслийн ач холбогдол, цар хүрээ, онцлогийг илтгэсэн онцлох үйл явдал гэж бид талархаж байгаа.


- Төсвөөс хөрөнгө мөнгө гарахгүй компани өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ гэсэн мэдээлэл байсан. Хэдий хэмжээний хөрөнгө, цаг хугацаа зарцуулах бол?


Самбалхүндэв /70 давхар/-н оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн бүхий Оршуулгын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв байгуулах төсөл нь 2022-2025 оны хугацаанд дараах байдлаар хэрэгжинэ.


Эхний ээлжид 10 га талбай дахь шарилыг 2022 оны 4 сарын 15-наас 2022 оны 9 сарын 30 хүртэл нүүлгэн шилжүүлж, чандарлах ба чандрыг 2023 оны 4 сар хүртэл хугацаанд “Улаанбаатар буян” ХХК-ийн Буяны төв цогцолборт хадгална. Үндсэн гурван чиглэлийн бүтээн байгуулалт хийгдэнэ.


Чөлөөлсөн газрын 2 га талбайд буяны сүм, хийд бүхий Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах ба чандар буюу шүтээнийг  цэцэрлэгт хүрээлэнгийн хөрсөнд эсхүл нийтийн суваргад залж, бүхий л нэрсийг дурсгалын хавтан дээр нэгдсэн байдлаар мөнхөлнө. Энэхүү шарилыг нүүлгэн шилжүүлэх, цэцэрлэгт хүрээлэн байгуулахад урьдчилсан байдлаар нийт 17,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай.


Мөн нас баралттай холбоотой тулгамдаж буй асуудлын нэг болох олон улсын стандартад нийцсэн эрүүл ахуйн болон бусад шаардлага хангасан цогцос хадгалах байрны хүрэлцээгүй байдлыг шийдвэрлэх хүрээнд 1 га хүртэл талбайг цогцос хадгалах байрны зориулалтаар чөлөөлж, Шүүх, эрдэм шинжилгээний хүрээлэнд хүлээлгэн өгнө.


Оршуулгын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төвийн тухайд иргэдэд оршуулгын үйл ажиллагаатай холбоотой төрийн болон хувийн байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал, салбарт хэрэгжиж буй төрийн бодлого, чиглэлийг таниулах, бодит мэдээллээр танхим, иргэдэд хууль зүйн болон сэтгэл заслын үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх болон ар гэрт эмгэнэл илэрхийлэх боломжийг хангах танхим, мөн гадна талбайд уламжлал, ёс заншилд нийцсэн олон нийтийг хамруулах боломж, нөхцөлийг хангасан задгай талбайн үдэх ёслолын өргөө зэрэг байхаар төлөвлөж байгаа ба өнөөдрийн байдлаар энэхүү бүтээн байгуулалтын зураг төслийн ажил эцэслэгдээгүй байгаатай холбоотойгоор хөрөнгө оруулалтын дүнг тодорхой хэлэх боломжгүй байна.  Иргэд энэ газарт шинээр оршуулгын үйл ажиллагаа хийгдэнэ, чандарлах газар болно гэсэн буруу ташаа ойлголт байна. Иймээс Далан давхарт дахин шинээр оршуулгын үйл ажиллагаа хийгдэхгүй гэдгийг онцгойлон хэлэх байна.


- Хуучны оршуулгын газруудад талийгаачдаа эргэж олоход хүндрэлтэй байдаг. 10 га газарт оршуулсан талийгаачдын нэгдсэн бүртгэл хийгдсэн үү? Ар гэрийнхний зүгээс ирж байгаа санал хүсэлт нь юу байгаа бол?


Бидэнд өнөөдрийн байдлаар тулгамдаж байгаа асуудал бол бурхан болоочийн ар гэрийг олж тогтоох явдал. Учир юунд вэ гэхээр холбогдох хууль тогтоомжийн дагуу иргэний бүртгэл нас барсны гэрчилгээ олгосноор дуусгавар болдог. Энэ нь бурхан болоочийг хэзээ, хаана, хэн, хэрхэн оршуулсан албан ёсны мэдээлэл байдаггүй.


Иймээс бид аль болох олон нийтэд мэдээлэх, ар гэрийнхнийг олж тогтоох тал дээр илүү ач холбогдол өгч ажиллаж байна.


Төслийн мэдээллийг олон нийтэд хүргэж эхэлснээс хойш нийт 4 мянга гаруй хүн вэб сайтаас мэдээлэл авсан байна. Мөн Утсаар 1400 орчим ар гэрийнхэн холбогдож тухайн бурхан болооч төслийн байршилд хамрагдсан эсэхийг тодруулж лавлахын зэрэгцээ төсөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авсан. Төслийн талбайд байгаа 170 орчим талийгаачийн ар гэр нь тодорхой болсон. Бидэнтэй холбогдсон ар гэрийнхэн төслийг маш нааштай хүлээн авч байгаа хандлага байна. Бурхан болоочоо эргэж тойрмоор байдаг. Байрлалыг нь олж чадахгүй бэрхшээл байсан. Харин та бүхний төслийн үр дүнд бид оллоо. Цэгцтэй хүндэтгэлтэй орчинд бурхан болоочоо залах нь ээ гэж баярласан талархсан сэтгэгдлүүд олонх нь байна. Мөн эсрэгээрээ бухимдал үүсгэж байгаа гол асуудал юу байна вэ гэвэл төсөлд хамрагдаагүй ар гэрийнхний хувьд нийтээр нь 73 га газраар нь чөлөөлөгдөхгүй байгаатай холбоотой санал хүсэлт давамгайлж байна.


Бидний хувьд, энэхүү төсөл нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сайн жишиг тогтоох, цаашлаад Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт тусгасны дагуу тус оршуулгын газрыг бүхэлд нь Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох ажлын эхлэл гэж харж хүндэтгэлтэй, хариуцлагатайгаар хичээн ажиллаж байна.


Бид төслийг бүхий л талаар нээлттэй байх зарчим баримталж байна. Энэ нь талийгаачийн ар гэрийн хувьд төслийн талаарх санал, хүсэлтээ илэрхийлэх, өөрийн талийгаачийн шарилыг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаанд биечлэн оролцохоос гадна зан үйл шашны хувьд нээлттэй, мөн төрийн эрх бүхий байгууллага болон иргэний нийгмийн байгууллагын зүгээс төслийн бүхий л шатанд оролцох, хамтран ажиллах, цаашлаад хяналт тавих боломжийг нээх зорилгоор шарилын хөдөлгөөнийг зайнаас хянах тусгай программ захиалан хийлгэх, нүүлгэн шилжүүлэлтийн явцыг баримтжуулах бичлэг  чиглэлээр бэлтгэл ажлыг хангаж байна.


Эцэст нь та бүхэн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай www.sambalkhundev.mn сайтад хандахаас гадна 7210-0101 утсаар холбогдох боломжтой.  




Ч.Гантүлхүүр: Далан давхрын оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил IV сард эхэлнэ

Сурвалж: gogo.mn, 2022.02.09





Самбалхүндэвийн оршуулгын газар буюу олон нийтийн хэлж заншсанаар Далан давхрын оршуулгын газрын 10 га талбайд “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв” байгуулахаар төлөвлөсөн. Тус төслийн явцын талаар “Нью семетри” ХХК-ийн төслийн мэргэжилтэн Ч.Гантүлхүүрээс тодрууллаа.


-Далан давхрын оршуулгын газарт хэдэн оноос хойш шарил тавих болсон бэ. Өдгөө хэчнээн шарил байна вэ?

-Далан давхрын оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдаж, 1987 онд Ардын депутатуудын хурлын тогтоолоор хаагдсан боловч иргэд 2000 оны эхэн үеийг хүртэл бурхан бологчдоо нутаглуулсаар ирсэн. Ийнхүү НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 86 дугаар тогтоол, 2015 оны 15 дугаар тогтоолоор тус оршуулгын газрыг нөөцгүйн улмаас хааж, хил хязгаарыг тогтоосон байдаг. 2015 оны байдлаар нийт 73.9 га талбайд 47.6 мянган булш байгаа гэх тоо гарсан бөгөөд нийт булшны 35.3 хувь нь эвдэрч, муудсан бол 1.1 хувь нь ухагдаж, тоногдсон байдалтай байна.


-“Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв” байгуулах ажлыг хэзээнээс санаачилсан бэ?

-Тус оршуулгын газар нь Чингэлтэй дүүргийн суурьшлын бүс, нийслэл хотын хүнсний гол захтай зэрэгцэн оршдог. Иймд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 109 дүгээр тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/733 дугаар захирамжаар Самбалхүндэвийн оршуулгын газрын 10 га талбайд “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулахаар шийдвэрлэсэн. Ийнхүү төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, "Нью семетри" ХХК болон “Улаанбаатар буян” ХХК хамтран тус төслийг хэрэгжүүлэхээр болсон юм. Уг төслийн хүрээнд оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв, эмгэг судлалын төв /цогцос хадгалах байр/, салах ёслолын өргөө, буяны сүм зэргийг байгуулна.

-Төсөл хэрэгжих 10 га талбайд орсон шарилуудын мэдээллийг гаргасан болов уу. Ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоож байгаа юу?

-Төсөл хэрэгжүүлэх 10 га талбай дахь булшны тооллогыг 2021 оны дөрөвдүгээр сард хийсэн ба нийт 10.934 булш тоологдсон. Тэдгээрийн 48.4 хувь буюу 5291 булш нь нэр тодорхой, эзэнтэй бол үлдсэн 51.6 хувьд хамаарах 5643 булш тодорхой эзэнгүй, хаягдсан байна. Бидний зүгээс нэрс нь тодорхой байгаа булшнуудын мэдээллийг www.sambalkhundev.mn сайтад байршуулан, мэдээллийн сан үүсгэсэн. Цэцэрлэгт хүрээлэн байгуулах талбайд орсон шарилыг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдон, бодит мэдээллээр хангах, санал хүсэлтийг хүлээн авахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар www.sambalkhundev.mn сайтад 1990 хүн хандан, талийгаачийнхаа талаар мэдээлэл авсан. Мөн 7210-0101 лавлах дугаарт 531 хүн холбогдсон бол 14 хүн биечлэн уулзаж, манай төсөлтэй танилцсан. Сар гаруйн хугацаанд 2600 орчим хүн төслийн багт хандан талийгчаа хайсан боловч төслийн талбайд орсон 62 шарилын ар гэрийнхэнтэй холбогдоод байна. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газар руу мэдээллүүдийг нь илгээж, ар гэртэй нь холбоо тогтоох ажил үргэлжилж байгаа.


-Талийгаачдын ар гэртэй холбогдсоны дараагаар шарилыг нүүлгэн шилжүүлэх үү. Нүүлгэн шилжүүлэх ажлыг хэзээнээс эхлэхээр төлөвлөсөн бэ?

-Төслийн хүрээнд шарил нүүлгэн шилжүүлэх, чандарлах ажлыг 2022 оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөсөн. Мэдээж шарилыг холбогдох хууль тогтоомж, стандарт, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуун, ёс заншилд нийцүүлэн, нэгдсэн журмаар хүндэтгэлтэйгээр газраас гарган чандарлаж, чандрыг шинээр байгуулах дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд зална.


-Төслийн бүтээн байгуулалт үргэлжлэх хугацаанд талийгаачдын шарилыг хаана хадгалах вэ?

-Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулагдах хүртэл “Улаанбаатар буян” ХХК-ийн Баруун болон Зүүн буяны төв цогцолборт шарилуудыг түр хадгалахаар төлөвлөсөн.


-Нэр тодорхойгүй 5000 гаруй булшийг хэрхэхээр төлөвлөсөн вэ?

-Нэр тодорхойгүй 5643 булшны 3964 нь хөшөө чулуугүй, 796 булшны хөшөө эвдэрсэн, зургаан булшны хөшөөний бичиг арилсан байдалтай байгааг тогтоосон. Эдгээр шарилын нэрсийг тогтоох боломжгүй тул хүндэтгэлтэйгээр тус бүрчлэн чандарлан, залах болно. Түүнчлэн БНХАУ-ын  178, ОХУ-ын  зургаан иргэний булш байгаа. Эдгээр булшийг шилжүүлэх тухай асуудлаар тус улсуудын Элчин сайдын яаманд хандаад байна.


-Төсөл төлөвлөгөөний дагуу үргэлжлэхэд хүндрэл үүсэж байна уу?

-Хүндрэл гэхээс илүүтэй бүтээн байгуулалтыг тогтсон цагт нь эхлүүлэх хэрэгтэй байна. Талийгаачдын ар гэртэй яаралтай холбоо тогтооход иргэд, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаа чухал шаардлагатай. Иймд тухайн байршилд талийгаач нь байгаа иргэд 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны таниулах хэсэг, “Улаанбаатар буян” ХХК-ийн төв байр, цахим мэдээллийн сан бүхий www.sambalkhundev.mn веб сайт болон 7210-0101 лавлах дугаарт яаралтай хандаарай гэж хүсмээр байна.


Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

"Далан давхар"-ын оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлнө

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.24









Нийслэлийн иргэдийн өмнө тулгамдаж байгаа нэн чухал асуудлын нэг нь Самбалхүндэв буюу Далан давхарын оршуулгын газар байсаар ирсэн.


Тус оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдаж, 1987 онд Ардын депутатын хурлын тогтоолоор хаагдсан ч иргэд 2000 оны эхэн үеийг хүртэл оршуулга хийсээр ирсэн байна. Нийт 73,9 га талбайг эзэлдэг бөгөөд Чингэлтэй дүүргийн дөрвөн хорооны нутаг дэвсгэрийг дамнан оршдог.


Монгол Улсын Улсын Их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага батлах тухай” бодлогын баримт бичигт тус оршуулгын газарт Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тусгагдсан хэдий ч хэрэгжээгүй өнөөг хүрсэн.  

Тэгвэл иргэдийн дунд удтал хүлээлт үүсгээд байсан Далан давхарын оршуулгын газрын асуудал бодитой ажил хэрэг болох нь.


НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 11-р сарын 06-ны өдрийн хуралдаанаар Далан давхарын оршуулгын газарт Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах асуудлыг хэлэлцэж 109 дүгээр тогтоол гарч, төсөл хэрэгжих талбайн солбицлын цэгийг баталсан байна. Мөн Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/733 дугаар захирамжаар уг төслийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд үүрэг болгожээ.


Энэхүү хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл 10 га талбайд хэрэгжих бөгөөд төсөл хэрэгжих талбайн байршлыг танилцуулж байна.


Төслийн хүрээнд шарил нүүлгэн шилжүүлэх, чандарлах ажлыг 2022 оны 4 сард эхлүүлэхээр төлөвлөж байгаатай тул тухайн байршилд талийгаач нь байгаа иргэд 2022 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн бүртгэл, мэдээллийн ажилтантай холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг:


Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны таниулах хэсэг;

“Улаанбаатар буян” ХХК-ийн төв байр;

Цахим мэдээллийн сан бүхий www.sambalkhundev.mn вэб сайт;

72100101 дугаараас;

авах боломжтой юм байна.


Далан давхрын оршуулгын газарт “Улаанбаатар буян" компанитай хамтран хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Эх сурвалж: ikon.mn, montsame.mn, 2022.01.04







  

Самбалхүндэвийн оршуулгын газар буюу олон нийтийн хэлж заншсанаар Далан давхрын оршуулгын газрыг шинэчлэн тохижуулж, “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв” байгуулахаар төлөвлөөд байна.

Чингэлтэй дүүргийн суурьшлын бүс, нийслэл хотын гол хүнсний захтай зэрэгцэн оршиж байгаа тул иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 109 дүгээр тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/733 дугаар захирамжаар Самбалхүндэвийн оршуулгын газрын 10 га талбайд “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулахаар шийдвэрлэсэн. Ийнхүү төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, "Нью семетри" ХХК болон “Улаанбаатар буян” ХХК хамтран тус төслийг хэрэгжүүлэх юм.

Самбалхүндэвийн оршуулгын газарт 2015 оны байдлаар нийт 73.9 га талбайд 47.6 мянган булш байгаа гэх тоо гарсан бөгөөд нийт булшны 35.3 хувь нь эвдэрч, муудсан бол 1.1 хувь нь ухагдаж, тоногдсон байдалтай байна. 

Харин төсөл хэрэгжүүлэх 10 га талбай дахь булшны тооллогыг 2021 оны дөрөвдүгээр сард хийсэн ба нийт 10,934 булш тоологдсон. Тэдгээрийн 48.4 хувь буюу 5,291 булш нь нэр тодорхой, эзэнтэй бол үлдсэн 51.6 хувьд хамаарах 5,643 нь тодорхой эзэнгүй, хаягджээ.

Нэрс нь тодорхой байгаа булшнуудын тухайд www.sambalkhundev.mn сайтад мэдээллийг санг бүрдүүлсэн байгаа. Цэцэрлэгт хүрээлэн байгуулах талбайд орсон шарилыг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдон, бодит мэдээллээр хангах, санал хүсэлтийг хүлээн авахаар ажиллаж байна. Ар гэртэй нь холбоо тогтоосны дараа шарилыг нэгдсэн журмаар газраас гаргаж, чандарлах ба Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулагдах хүртэл “Улаанбаатар буян” ХХК-ийн Баруун болон Зүүн буяны төв цогцолборт түр хадгалахаар төлөвлөжээ.

Талийгаачийн шарилыг  холбогдох хууль тогтоомж, стандарт, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуун, ёс заншилд нийцүүлэн хүндэтгэлтэйгээр газраас гарган чандарлаж, чандрыг шинээр байгуулах Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд залахаар төлөвлөсөн. Түүнчлэн БНХАУ-ын иргэн 178, ОХУ-ын иргэн зургаан булш байгаа. Эдгээрийг шилжүүлэх тухай асуудлыг тус улсуудын Элчин сайдын яаманд хандаад байна.

Харин нэр тодорхойгүй хаягдсан 5,643 булшны 3,964 нь хөшөө чулуугүй, 796 булшны хөшөө эвдэрсэн, зургаан булш хөшөөний бичилт арилсан байдалтай байгааг тогтоожээ. Хэрэв цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөгдсөн хэсэгт ойр, дотнын хүнээ оршуулсан бол 7210-0101  лавлах дугаар, www.sambalkhundev.mn сайтад хандан төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Мөн чөлөөлөлтийн талбайд орсон нэр тодорхой шарилын талаарх мэдээллийг хайлтын хэсгээс шүүх боломжтой юм.

Далан давхрын оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдаж, 1987 онд Ардын депутатуудын хурлын тогтоолоор хаагдсан боловч иргэд 2000 оны эхэн үеийг хүртэл бурхан болоочдоо нутаглуулсаар иржээ. Ийнхүү НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 86 дугаар тогтоол, 2015 оны 15 дугаар тогтоолоор тус оршуулгын газрыг нөөцгүйн улмаас хааж, хил хязгаарыг тогтоосон байдаг.

“Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн бүхий оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв” төслийн хүрээнд оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв, эмгэг судлалын төв /цогцос хадгалах байр/, салах ёслолын өргөө, буяны сүм зэргийг байгуулах аж.

Оршуулгын газар

  

facebook Syndicate Talk хуудсанд 2021 оны 8 сарын 23-нд тавигдсан бичлэг 

Самбалхүндэвийн оршуулгын газарт “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн” байгуулахыг дэмжив

Эх сурвалж: НИТХ, 2021.08.17




Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Самбалхүндэвийн оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэв. 


Самбалхүндэвийн буюу олны хэлж заншсанаар 70 давхрын оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдсан. 1987 онд хаагдсан боловч иргэд 2000-аад оны эхэн үе хүртэл бурхан болоочдоо нутаглуулсаар ирсэн юм. Тус оршуулгын газар нь Чингэлтэй дүүргийн 7, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр,  Дэнжийн мянга, Зурагт зэрэг гэр хорооллын дунд оршдог. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 15 дугаар тогтоолд нийт 73.9 га талбайтай, нөөцгүй гэж тусгасан байна. 2015 онд Улаанбаатар хотын ЗАА-наас хийсэн тооллогоор тус оршуулгын газарт 47.3 мянган шарил байгаагийн 15.6 мянга нь эвдэрч муудсан, ухагдаж, тоногдсон байдалтай байсан. Харин 2021 оны тооллогоор нэр нь тодорхойгүй булш, бунхны тоо 20 орчим хувиар нэмэгджээ. 


Газарт оршуулсан хүний цогцос 20 гаруй төрлийн хорт хийг дэгдээж, цогцос дахь хорт бодисууд хөрсөнд нэвчиж, олон жилийн хугацаанд өвчин үүсгэх чадвараа хадгалдаг. Мөн амьсгал болон ахуйн замаар тархаадаг нь байгаль экологи, хүн амын эрүүл ахуй, амьдрах орчинд аюул учруулж буй. Түүнээс гадна уламжлалт ёс заншил, соёлд үл нийцэх бусад сөрөг үр дагаврыг үүсгэсээр байна гэж үзэж байна. УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт тус оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тусгасан. Мөн Нийслэлийн ИТХ-ын 2014 оны тогтоолоор дээрх ажлыг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн боловч огт хэрэгжээгүй өнөөг хүрсэн байна. 


Тэгвэл уг оршуулгын газарт бурхан болоочдыг дурсан хүндэтгэх иж бүрэн тохижилт, барилга, байгууламж бүхий “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн”-г холбогдох хууль, тогтоомжийн дагуу хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр байгуулах асуудлыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд ЗАА-ны дарга Т.Гантөмөр мөн танилцууллаа. 






Төслийн хүрээнд Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, 2021-2024 оны хугацаанд дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн байна. 


Төсөлд нийт 10 га газрыг хамрах бөгөөд үүнд, дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн, цогцос хадгалах байр, оршуулгын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв зэрэг багтах юм. 


Тэргүүлэгчдийн хуралдаанаас уг тогтоолыг дэмжсэн бөгөөд, Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 15дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтад заасан Самбалхүндэвийн оршуулгын газрыг жагсаалтаас хасагдсан тооцох заалтыг нь түр хойшлуулав. Мөн НИТХ-ын нэгдсэн хуралдаанд тус оршуулгын газарт цэцэрлэгт хүрээлэн баригдахаас бусад газрыг хэрхэн ашиглах талаарх хэсэгчилсэн төлөвлөгөөг оруулж ирэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

 


Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын ашгаас 221,743.3 төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ

 


Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудын 2020 оны санхүүгийн тайлангийн цэвэр ашгаас 2021 онд нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн хувь, хэмжээг батлах асуудлыг хэлэлцлээ.  


Өнгөрсөн онд нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудаас “Улаанбаатар зам засвар арчлалтын газар”, “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар”, “Хот төлөвлөлт судалгааны институт” зэрэг гурван байгууллага ашигтай ажилласан бөгөөд эдгээрийн цэвэр ашгаас нийт 221,743.3 төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр тооцсоныг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн танилцуулав.





Нийслэлийн хэмжээнд 2020 оны жилийн эцсийн байдлаар нийт 32 газар үйл ажиллагаа явуулснаас нийслэлийн төсвийн санхүүжилттэй нь 15 байна. Харин өөрийн үйл ажиллагааны орлогоор санхүүждэг 17 аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байдгаас хоёрыг нь менежментийн хувьчлалын жагсаалтад оруулаад байгаа юм. Өнгөрсөн онд үйл ажиллагаа явуулсан 15 орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд нь нийт 267.9 тэрбум төгрөгийн орлого олж, 319.9 тэрбум төгрөгийн зардал гаргасан. Өөрөөр хэлбэл нийт 52.1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэсэн үг. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн дэмжиж, нэгдсэн хуралдаанд оруулахаар болов. 

 

Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавд зориулсан хүндэтгэлийн самбар байрлуулна





Ардын уран зохиолч, Төрийн шагналт, зохиолч, яруу найрагч Шаравын Сүрэнжавын гэгээн дурсгалд зориулсан хүндэтгэлийн самбарыг байрлуулах тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцлээ. 


Ш.Сүрэнжав агсан нь 2018 онд буюу 80 насандаа таалал төгссөн бөгөөд түүний дурсгалд зориулсан хүндэтгэлийн самбарыг нэрт яруу найрагчийн амьдарч байсан байранд байрлуулах хүсэлтийг гэр бүл, үр хүүхдүүд нь ирүүлсан аж. Тодруулбал, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, 120 мянгатын 2 дугаар байранд хүндэтгэлийн самбарыг байрлуулах бөгөөд үүнтэй холбоотойгоор гарах зардлыг Ш.Сүрэнжав агсны гэр бүлийнхэн хариуцах юм. Уг төслийг тэргүүлэгчдийн олонх нь дэмжив.


ТОВЧХОН


  • Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар “Орон сууцны VII нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах” асуудлыг хэлэлцүүлсэн. Улмаар тэргүүлэгчид уг төлөвлөгөөнд олон нийтийн саналыг тусгах үүрэг даалгаврыг өгсөн юм. Энэхүү даалгаврын биелэлтийг өнөөдөр Нийслэлийн Ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга тэргүүлэгчдэд танилцууллаа.
  • “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сэлбэ дэд төвд баригдаж ашиглалтад орсон Бизнес инкубатор, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авахыг хэлэлцэн, дэмжив. Азийн хөгжлийн банкны 5.2 тэрбум гаруй төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр барьсан уг байгууламжийг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн харьяанд шилжүүлж байгаа юм. Мөн Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-уул дүүргүүдийн нутаг дэвсгэрт шинээр баригдсан 12 барилга байгууламж, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт шинээр баригдсан 10 барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авах танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын орлогч ж.Сандагсүрэн танилцуулсныг тэргүүлэгчид дэмжив.
  • Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, нийслэлийн Хүрээ амаржих газрын 2 зоорийн барилгыг нийслэлийн өмч бүртгэлээс хасах саналыг дэмжлээ. Дээрх 2 зоорь нь 1959 онд ашиглалтад орсон, нийт 6 өрөө газар дор байрлах бөгөөд тоосгон ханатай, модон дээвэр, шороон хучилттай. Одоогоор ямар ч ашиглалтгүй байгаа уг байгууламжийг цаашид ашиглалтын шаардлага хангахгүй гэх дүгнэлтийг мэргэжлийн хяналтын байгууллагаас 2015 онд гаргаж байжээ.
  • Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газраас “Асгат”, “Багачууд хүнс”, “Өсвөр үе хүнс”, “Хүнс хангамж” орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын дүрэмд өөрчлөлт оруулж, сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг хүнсээр хангахаас гадна нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хүүхдийн хүнсний хангамжийг хариуцуулах саналыг дэмжлээ.
  • Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдааныг 2021.08.31-ний өдөр хуралдуулахаар товлолоо.  

Нүүлгэн шилжүүлэлтэнд хамрагдсан талийгаачдын чандар/шүтээнийг Самбалхүндэвийн оршуулгын газарт байрлах нийтийн суварганд зална.

 Эх сурвалж: Улаанбаатар Буян ХХК, 2021.08.09









2021 оны 8 дугаар сарын 6-7 ны өдрүүдэд Хан-Уул дүүрэг, 13-р хороо, Шувуун фабрик (Ламын энгэр) байршиж буй 100 гаруй шарилыг уламжлалт шашны зан үйл, холбогдох журам, стандартын дагуу ар гэрийн төлөөллийг оролцуулан шарилыг нүүлгэн, шилжүүлэх, чандарлах ажлыг “Улаанбаатар буян” ХХК гүйцэтгэлээ.


Нүүлгэн шилжүүлэлтийн мэдээллэх хугацаанд 30 гаруй талийгаачийн ар гэрээс холбогдсоноос ар гэрийн хүсэлтийн дагуу 10 гаруй шарилыг бусад зөвшөөрөлтэй оршуулгын газарт нүүлгэн шилжүүлсэн юм.

Мөн чөлөөлсөн талбайг тэгшлэн, ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, зүлэг тарих ажлыг хийж гүйцэтгэлээ.


Нүүлгэн шилжүүлэлтэнд хамрагдсан талийгаачдын чандар/шүтээнийг Самбалхүндэв (70 давхар)-н оршуулгын газарт байрлах нийтийн суварганд залах хүндэтгэлийн арга хэмжээ 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 9.30 цагт товлогдоод байна.

"Далан давхар" оршуулгын газрыг Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгоно

 Эх сурвалж: www.ikon.mn, Д.Тэмүүлэн, 2021 оны 4 сарын 14



Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Оршуулгын үйлчилгээний зохистой менежментийг бий болгох, Оршуулгын газруудыг ойжуулах, "Далан давхар" оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил тусгагдсан.


Уг зорилтыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, "Нью Семетри" ХХК нар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Далан давхар (Самбалхүндэв)-ийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн бүхий оршуулгын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв барих төслийг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа.


"Далан давхар"-ын оршуулгын газар нь нийт 70 га талбай бөгөөд эхний ээлжинд санамж бичгийн хүрээнд 10 га талбайд тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж байгаа аж.


Цаашид энэ чиглэлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттайгаар тохижилт бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх юм.

Өмнө нь 2015 онд уг ажлыг 40 гаруй тэрбум төгрөгийн концессийн гэрээгээр хийхээр төлөвлөөд байсан боловч уг төсөл арга хэмжээ хэрэгжээгүй зогссон.


Энэ удаа уг төслийг "Нью Семетри" ХХК нь төсвөөс дэмжлэг, санхүүжилт авахгүйгээр нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр хийхээр ийнхүү санамж бичгийг байгуулаад байгаа юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.




Санал асуулга: www.ikon.mn