Showing posts with label pedestrian. Show all posts
Showing posts with label pedestrian. Show all posts

Номын баяртай давхацсан тул автомашингүй өдөр, марафоныг зургаадугаар сарын 3-нд болгожээ

Эх сурвалж: Б.Манлай, www.ikon.mn, 2023.05.03






Олон улсын марафон тавдугаар сарын 27-нд болно, энэ өдөр автомашингүй өдөр байна хэмээн Нийслэлийн Биеийн тамир спортын газраас мэдээлж байв. Гэвч уг арга хэмжээ хойшлогдсон байна.


Энэ талаар тус газраас лавлаж асуулаа.


Нийслэлийн Биеийн тамир спортын газрын Спорт, нийтийн биеийн тамирын хэлтсийн дарга С.Саранцэцэг "Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагт олон улсын марафоныг зохион байгуулдаг.


Өнгөрсөн жил Соёлын тухай хуульд тавдугаар сарын гурав дахь долоо хоногт Сүхбаатарын талбайд номын баяр зохион байгуулахаар хууль батлагдсан тул 2022 онд тавдугаар сарын дөрөв дэх долоо хоногт олон улсын марафоныг зохион байгуулж байсан юм. Энэ жил мөн энэ хугацаандаа зохион байгуулахаар удирдамжаа гаргаад төлөвлөсөн байсан.


Гэвч тавдугаар сарын 20-д гаргаад манай улсад хоёр улсын ерөнхийлөгч ирэх гэж байгаа юм билээ. Энэ айлчлалтай холбогдуулаад номын баярыг хойшлуулах асуудал гарсан ч хуульчлагдсан учир хойшлуулаагүй. Харин олон улсын марафоныг 2023 оны зургаадугаар сарын 3-н хүртэл хойшлуулаад байна.


Олон улсын марафонд ирж оролцох гадаадын тамирчдын онгоцны тийз, зочид буудлын захиалгыг хойшлуулах ажлыг зохицууллаа. Кени улсаас хоёр эрэгтэй, нэг эмэгтэй элит тамирчин ирэхээр тийзээ захиалсан байсан.


Энэ жилийн гүйлтэд Япон, ОХУ, Кенийн тамирчид оролцоно.


Зургаадугаар сарын 3-ны Бямба гарагт болох Улаанбаатар марафон 09:00-17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тамирчид Сүхбаатарын талбайгаас барианаас гарна. Марафоны үеэр өглөө 06:00-18:00 цаг хүртэл маршрутын дагуу замын хөдөлгөөнийг хаадаг" гэв.


Харин Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө цахим хуудсандаа "Улаанбаатар марафон - 2023 олон улсын гүйлт 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр болно. Жич: Автомашингүй өдөр" хэмээн бичсэн байна.


Түүний мэдээлснээр, зургаадугаар сарын 3-нд олон улсын гүйлт болж, автомашингүй өдөр байх нь.


Гүйлтэд оролцох иргэдээс харьяа эрүүл мэндийн төвдөө даралтаа үзүүлж гүйж болох эсэх тухай эмчийн бичиг шаарддаг. Тухайн өдөр иргэний даралтыг бид үзсэн ч эрсдэлтэй байж болно. Бэлтгэлгүйгээр огцом гүйхэд булчин шөрмөс татах, толгой эргэх, даралт ихсэх хүндрэлүүд гардаг болохыг зөвлөв.


“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн онлайн бүртгэл, хураамжийг 2023 оны тавдугаар сараас 10-30-ны өдрийн 17:00 цаг хүртэл http://ubmarathon.hipay.mn цахим хуудас, hipay аппликэйшнээр явуулж байгаа аж.


Энэ жилийн марафонд 30,000 орчим хүн оролцох юм байна. Өнгөрсөн жил 24,000 хүн оролцож гүйжээ.

У.Санчир: Явган хүний зам дээр машинаа гаргаж тавьдаг үйлдлээс үүдэн тухайн замд эвдрэл, гэмтэл үүсэж байна

Эх сурвалж: П.Сайнжаргал, www.ikon.mn, 2023.05.03





“Авто замын салбар дахь асуудал шийдэл: Явган замын хавтан, авто замын хашлагын төлөвлөлт, гүйцэтгэл ба хяналт” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-ын байранд боллоо.


Энэ үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дугуйн ба явган хүний зам тохижилтын хэлтсийн ахлах ажилтан У.Санчирын танилцуулсан илтгэлийг хүргэж байна. 


"Явган хүний замд шон байрлуулах, хөтөч хавтан тасалдах зэрэг түгээмэл асуудал байна"

Тэрбээр "Улаанбаатар хотын хэмжээнд 1,064 километр явган хүний зам бий. Хийц бүтээцийн хувьд дийлэнх хэсэг нь бетон хавтан, байгалийн чулуу, бетон цутгамлаар хийсэн байгаа.


Тухайлбал, байгалийн чулуун хийцлэлтэй 70,000 метр квадрат талбай бүхий явган хүний замтай бөгөөд цаг агаарын байдлаас шалтгаалан халтиргаа гулгаа их үүсдэг.


Тэгвэл нийслэлийн явган хүний замыг бүхэлд нь бетон хучилтаар хийх боломжтой юу?


Зарим тохиолдолд газрын доор инженерийн байгууламж, шугам сүлжээ байдаг учраас бетон болон асфальт ашиглах боломжгүй болгодог.


Иймд тухайн замыг буцааж сэргээх бололцоогоор хангаж хавтан болон байгалийн чулуугаар нийслэлийн явган хүний замыг засаж, сайжруулж байна" гэдгийг илтгэлдээ дурдав. 


Явган зорчиход үүсдэг асуудлууд болон зам дээрх саадын талаар... 


Хараагүй хүний хөтөч хавтан дээр хогийн сав, сандал байрлуулах

Хөтөч хавтан тасалдах 

Явган хүний замд шон байрлуулах

Явган замын засвар үйлчилгээ дутмаг, хог хаягдлыг цэвэрлэдэггүй зэрэг асуудал үүсдэг. 

Мөн явган хүний зам дээр машинаа гаргаж тавьдаг үйлдлээс үүдэн тухайн замд эвдрэл, гэмтэл үүсэж байна. Энэ бол зам барихад гаргасан гүйцэтгэлийн алдаа бус иргэдийн ухамсрын асуудал гэдгийн нэмж хэллээ. 

"Энэ онд нийслэлийн хэмжээнд 69,000 метр квадрат явган хүний зам барихаар төлөвлөсөн"

Үргэлжлүүлэн энэ жил нийслэлд хийх зам засвар, бүтээн байгуулалтын талаар Дугуйн ба явган хүний зам тохижилтын хэлтсийн ахлах ажилтан У.Санчир мэдээлэл өгөв. 


Энэ тухай "Нийслэлийн зам хөгжлийн газраас 2022, 2023 онд нийт 60,000 гаруй метр квадрат явган зам барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд өнгөрсөн онд 18,000 метр квадрат замын ажил гүйцэтгэсэн. Энэ онд 44,000 метр квадрат явган хүний замын бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэнэ.


Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн 20 байршилд явган хүний зам барих шаардлагатай байршлуудын судалгааг гаргасан. 


Түрүүн дурдсанчлан Нийслэлийн зам хөгжлийн газрын 44,000 метр квадрат зам дээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 25,000 метр квадратыг нэмж хийж гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, энэ онд нийслэлийн хэмжээнд 69,000 метр квадрат явган хүний замын бүтээн байгуулалт хийх төлөвлөгөө гаргасан. 

Нийслэлийн тохижилт бүтээн байгуулалтын ажил улирлын чанартай байдаг. Тохижилтын ажил гол төлөв тавдугаар сараас эхэлж, аравдугаар сарын 15-н хүртэл хүртэл үргэлжилдэг" хэмээн ярилаа. 





“Явган хүний зам тавихдаа эхлээд зураг төслөө гаргадаггүй нь нэг том алдаа”


Эх сурвалж: Л.Амарцэцэг, www.gogo.mn, 2023.05.02







"Төрийн байгууллагууд явган хүний замын ажлын төлөвлөлтийг зөв тодорхойлох ёстой. Эд хүйтрээд, газар хөлдөх үеэр замаа ухаж, хуулаад тавьчихдаг.  


Сонгон шалгаруулалт, зураг төсөл боловсруулалтын хугацаанаас шалтгаалж оны сүүлд багтааж юм хийсэн болж харагдах гэж замаа эвдээд, хуулаад тавьчихдаг. Энэ зөвхөн гүйцэтгэгч компанийн буруу биш.


Захиалагч зураг төсөл гаргуулахдаа эхлэлийн цэгээ зөв тодорхойлж, маш сайн мэдэж байх ёстой" хэмээн БХТ-ийн Магадлалын хэлтсийн дарга Э.Хангал явган замын хавтан, авто замын хашлагын төлөвлөлт, гүйцэтгэл ба хяналт сэдэвт хэлэлцүүлгийн үеэр хэллээ.


Тэрээр “Барилгын дүрэм, норм, технологийн дарааллыг хуульчилсан байдаг. Стандарт бол тухайн бүтээгдэхүүнд чиглэдэг. Явган замын хавтан, материалд тусдаа стандарттай. Хотын стандартын бичиг баримтууд хангалттай сайхан байна. Хамгийн гол нь үүнийг сурталчлах хэрэгтэй. Зураг төсөл боловсруулж буй хүмүүст танилцуулах, шаардлага тавих ёстой.  


Явган хүний замын хавтангийн ажлыг мэргэшсэн инженер хийнэ гэж байхгүй. Харин мэргэшсэн инженерийн хяналтад явагдана. Стандарт тодорхой, нээлттэй байх ёстой. Гэтэл зам, засварын ажил дууссаны дараа шаардаж, шахвал хүнд суртлын асуудал бий болж эдийн засагт хүндрэл учирна.


Хотын стандартын бичиг баримтууд хангалттай сайхан байна. Хамгийн гол нь үүнийг сурталчлах хэрэгтэй


Явган хүний замын ажлын төлөвлөлтийг зөв тодорхойлох хэрэгтэй байна. Эд хүйтрээд, газар хөлдөх үеэр замаа ухаж, хуулаад тавьчихдаг. Сонгон шалгаруулалт, зураг төсөл боловсруулалтын хугацаанаас шалтгаалж 12 сард багтааж юм хийсэн болж харагдах гэж замаа эвдээд, хуулдаг. Энэ зөвхөн гүйцэтгэгч компанийн буруу гэж болохгүй.  


Мөн зураг төслийн болон захиалагчийн нэг алдаа байна. Төлөвлөлт, сонгон шалгаруулалт явагдаад, санхүүжилт орсны дараа зураг төслөө гүйцэтгэдэг. Захиалагч зургийн даалгавар өгөхдөө  эхлэлийн цэгээ маш сайн мэдэж байх ёстой" гэлээ.


Дугуйн ба явган хүний зам тохижилтын хэлтсийн ахлах ажилтан У.Санчир “Нийслэлийн хэмжээнд явган  хүний 1064 км зам байдаг. Хийц бүтээцийн хувьд ихэнх хэсэг нь бетон, хавтан, байгалийн чулуу, бетон цутгалмаар хийгдсэн байдаг. Байгалийн чулуун хийцлэлтэй 70 мянган м2 талбай бүхий явган хүний замтай. Тухайн замуудад цаг агаарын байдлаас шалтгаалан халтиргаа гулгаа их үүсдэг.  


лаанбаатарын явган хүний замыг бетон хучилтаар хийх боломжтой юу гэвэл инженерийн байгууламж, дулааны шугам, хоолой газар доор байдаг тул боломжгүй байдаг. Харин тухайн замыг буцааж сэргээгдэхээр хавтан болон байгалийн чулуугаар нийслэлийн явган хүний замыг засаж, сайжруулж байна. Өнгөрсөн онд 18,000 метр квадрат замын ажил гүйцэтгэсэн. Энэ жил нийслэлд 69 мянган метр2 явган хүний зам хийж гүйцэтгэнэ.


Тохижилт, бүтээн байгуулалтад бараа материалын чанар, техник, технологийн хөгжил, аж ахуй нэгжүүдийн боловсон хүчний асуудал тулгарч байна. Явцын дунд улирлын чанартай мөн жолооч машинаа явган хүний зам дээр тавьдгаас эвдэрч байна.


Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн 20 байршилд явган хүний зам барих шаардлагатай байршлуудын судалгааг гаргасан” гэв.


Хэлэлцүүлгээр явган замын стандарт, яагаад жил болгон замын хашлагыг сольдог вэ,үүний цаана авлигын ямар нэг шалтгаан, нөхцөл байна уу, цаашид авлига үүсгэхгүй байхад яаж анхаарах вэ, явган замын стандарт, хяналтыг  сайжруулах талаар хэлэлцсэн юм.


Г.Ганбат: Үнэн хэрэгтээ явган хүний зам, замын хашлага чинь өөрөө авлигын соёл болчихлоо

Эх сурвалж: П.Сайнжаргал, www.ikon.mn, 2023.05.03






“Авто замын салбар дахь асуудал шийдэл: Явган замын хавтан, авто замын хашлагын төлөвлөлт, гүйцэтгэл ба хяналт” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-ын байранд болсон юм. 


Энэхүү хэлэлцүүлэгт Барилгын Хөгжлийн Төв, Хотын стандарт, хяналтын газар, АТГ болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл оролцов. 


АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш: Сүүлийн жилүүдэд явган замын хавтан сольж байгаа үйл ажиллагаатай холбоотой иргэдийн өргөдөл, гомдол АТГ-ын 110 утсаар болон бичгээр их ирж байна.


Бодит жишээ яривал, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны авто замын тохижилтыг 2020 оны найм, есдүгээр сард гүйцэтгэсэн. Гэтэл хавтангууд нь шинээрээ байхад хүүхдийн хичээл эхлэхтэй зэрэг шинэ замыг хуулж эхэлсэн талаарх гомдол ирсэн. Иргэдийн зүгээс дөнгөж өмнөх жил нь сольсон хавтанг яагаад дахин засаж байгаа юм бэ гэх шүүмж хэлсэн. 


Түүнчлэн өмнөхөөс нь дордуулж тэгш бус гадаргуутай явган хүний зам тавьсан гэх асуудал байна. Энэ мэтчилэн замын хавтан, хашлагатай холбоотой маш олон жишээ бий. 


Явган хүний замын ажлыг хариуцаж, энэ чиглэлээр акц зохион байгуулж буй нэгжүүдийн авлигын эрсдэлийн түвшнийг харвал: 


Нийслэлийн ЗДТГ

Хот байгуулалт хөгжлийн газар дээгүүр байр эзэлж байна.

"Хэрэв авлигатай тэмцье, хариуцлага тооцъё гэвэл явган хүний замаас л эхлэх ёстой"


БХТ-ийн Магадлалын хэлтсийн дарга Э.Хангал: Явган хүний замын засварт захиалагч, гүйцэтгэгч аль аль тал хяналттай хандах нь чухал. Зураг төсөл, материал чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг хянах хэрэгтэй. Жишээлбэл, зураг төсөл дээрээ хөтөч хавтан нь харагддаг ч бодит байдалд хөтөч хавтангүй байх зэрэг асуудал бий. 


Хамгийн гол нь захиалагч зургийн даалгавар өгөхдөө хаанаас эхлэх вэ гэдгээ тодорхойлох ёстой.


АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат: Бүх шатанд хяналт тавих хэрэгтэй байна. Хотын стандарт байгаа ч хяналтгүй, улмаар Улаанбаатар өнөөдөр галзуу хүний хот болсон шүү дээ. 


Үнэн хэрэгтээ явган хүний зам, замын хашлага чинь өөрөө авлигын соёл болчихлоо. Монголын 3.4 сая хүн өдөр болгон тэр замаар алхаж байгаа. Алхах болгондоо дотроо гаслаад л зүгээр хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй явж байна. Үүнд ямар ч хяналт, хариуцлага алга. Хэрэв авлигатай тэмцье, хариуцлага тооцъё гэвэл явган хүний замаас л эхлэх ёстой. 


Өнгөрсөн жил 5 их наяд төгрөгийн авлигыг АТГ илрүүлэн ажиллаж байна. Энэ бол Монгол Улсын төсвийн тал хэсэг. Замын хашлагаас эхлээд л ийм их авлигын асуудал байна гэсэн үг. 

Н.Сугар: Гарааш чөлөөлсөн газар олон нийтийн амралт, зугаалгын талбай болно. Барилга барихгүй

Эх сурвалж: Б.Манлай, www.ikon.mn, 2023.04.28


Улаанбаатар хотын зарим байршлын гараашийг буулгаж буй. Уг ажлын талаар Хотын ерөнхий менежер мэдээлэл өглөө.


Ерөнхий менежер М.Баяраа "Нийслэлийн Засаг даргын захирамжаар 132 байршлын 2,355 гараашийг буулгаж, 46,418 га талбайг чөлөөллөө. Гарааш буулгах ажил нийслэлийн зургаан дүүрэгт явагдсан.


Баянгол дүүрэгт 33 байршлын 782

Баянзүрх дүүрэгт 21 байршлын 273

Чингэлтэй 5 байршлын 29

Сүхбаатар 30 байршлын 715

Хан-Уул дүүрэгт 21 байршлын 155

Сонгинохайрхан дүүрэгт 22 байршлын 401 гараашийг буулгаж, газрыг чөлөөллөө.

Тухайн чөлөөлсөн газарт оршин суугчдын хүсэлтийг харгалзан авто зогсоол, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын , спортын талбай байгуулах эсэхийг шийдэх юм.


Дөрөвдүгээр сарын 21-ний байдлаар зургаан байршилд тохижилтын ажлыг хийхээр төлөвлөсөн" хэмээн танилцууллаа.


Нийслэлийн Засаг даргын зөвлөх Н.Сугар "Гарааш буулгах ажил нь түгжрэлтэй холбоотой. Учир нь алхах орчин, амарч суух талбай тухтай болсноор иргэдийн алхах сонирхол нэмэгддэг. Тэгснээр ойрхон газарт тээврийн хэрэгслийг сонгохоос татгалздаг болох нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байгаа.


Гарааш чөлөөлсөн талбай дээр оффис, барилга байгууламж, орон сууц барихгүйг эхнээсээ хэлж байсан.


Хувь хүн эзэмшлийн газар дээрээ гарааш барьчихсан байж байгаад өөрийн газраа чөлөөлөөд объект барих цөөн тохиолдол бий.


Зарим байршилд тухайн ойр орчмын иргэд хорооны байр, өрхийн эмнэлэг барьж өгөх хүсэлтийн дагуу хийгдэж байгааг хэлье. Гэхдээ энэ нь маш цөөхөн.


Гарааш чөлөөлсөн газар олон нийтийн амралт, зугаалгын талбай болно гэдгийг нийслэлийн удирдлагуудын зүгээс хэлж байгаа юм" хэмээн мэдээллээ.




Мөнгөн завьяагийн автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ

Эх сурвалж: Б.Чимэг, gogo.mn, 2023.03.10





Нийслэлийн Засаг дарга дүүргүүдийн удирдлагад хууль, журмын дагуу арга хэмжээ авч, зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг албадан нүүлгэх үүрэг өгсөн.


Үүний дагуу Чингэлтэй дүүрэг Мөнгөн завьяагийн автобусны буудлын ТҮЦ-үүдийг өнөөдөр албадан нүүлгэж, газар чөлөөллөө. Цаашид явган хүний зам тагласан, нийтийн эзэмшлийн талбайд байрлуулсан, үзэгдэх орчин хязгаарласан, зөвшөөрөлгүйгээр цахилгаан татсан  ТҮЦ-үүдийг нүүлгэх аж. 



Зөвшөөрөлгүй контейнер, гараашийг чөлөөлөх ажил үргэлжилж байна

Эх сурвалж: Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын алба, 2022.03.24














Хан-Уул дүүрэгт зөвшөөрөлгүй контейнер, гараашийг чөлөөлөх ажил үргэлжилж байна. 

Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр талбайд зөвшөөрөлгүй газар ашиглаж байсан 22 контейнер, гараашийг чөлөөлөөд байна. 

Чөлөөлсөн байршлууд дээр иргэдэд нэн шаардлагатай ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын талбайн тохижилтын ажлыг эхлүүлнэ.

Эцэг эхчүүд таггүй траншей болон ухсан 76 нүх, эзэнгүй нохойтой зургаан байршлыг илрүүлжээ

Эх сурвалж: ikon.mn,  2022.03.24





Хүүхдийг орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Нэгдүгээрт шалга” аяныг Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан НЗДТГ-тай хамтран зохион байгууллаа.


Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн захиргааны 88 байгууллагын 5,012 ажилтан, албан хаагч оролцож,  нийслэлийн хүүхэд бүрийн төлөө эрсдэл болгоныг арилгуулах, илрүүлэх ажилд  хамтран оролцжээ.


Түүнчлэн цахим орчинд таны гэр болоод гэрийн тань орчимд болон сургууль, цэцэрлэг явах замд хүүхдэд ээлгүй зүйлс бий эсэхийг тодруулах “Гэрийн аюулгүй байдлын үнэлгээг” зохион байгуулахад нийт 22,600 эцэг эх оролцсон байна. Энэ нь мөн тооны хүүхдийг гэртээ болон гэрийнхээ ойр орчимд ахуйн хүрээний эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж чадлаа гэж Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.


Эцэг эхчүүд оршин суугаа газар болон гэрээс сургууль хүртэлх орчны аюулгүй байдлыг үнэлэхэд  хүүхдүүд өндрөөс унаж бэртэж болзошгүй  32, тог цахилгаанд цохиулах эрсдэлтэй 14, хүнд зүйлд дарагдаж мэдэх 10, автомашины эрсдэлтэй 19, таггүй траншей, ухсан 76 нүх, эзэнгүй нохойтой зургаан байршлыг илрүүлж, орчны байдлыг гэрэл зурагт буулган мэдээлсэн байна. Зөрчил бүрийг зураг, хаяг байршлаар нь тодотгон, холбогдох байгууллагуудад нь мэдэгдэн, зөрчлийг арилгаж эхэлжээ.  


Паркийн чөлөөлсөн газрыг нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгох саналыг БОАЖЯ-наас гаргажээ

Эх сурвалж: ikon.mn,  2022.03.22






Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн чөлөөлөгдсөн талбайг нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгох саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргажээ.


Энэ тухай албан бичгийг өчигдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хүргүүлсэн байна. 


Энэ талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Нийслэлд барилга, байгууламж багадаагүй. Харин иргэдэд очоод суух ногоон талбай, зугаалж алхах цэцэрлэгт хүрээлэн, чөлөөт цагаа өнгөрөөх газар талбай дутаж байна. Тиймээс "Үндэсний соёл, амралтын хүрээлэн"- ийн чөлөөлөгдсөн талбайг иргэдэд ээлтэй, нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгох саналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Долгорсүрэнгийн Сумъяабазарт Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хүргүүллээ. Дэмжинэ гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Д.Мөнх-Эрдэнэ: Хүүхдийн паркийн талбай дээр театр, галерей, музей зэрэг үйлчилгээний барилгыг шинээр барихгүй

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.21





Хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн /ҮСАХ/ хашааг өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр буулгасан.  Үүнтэй холбоотойгоор паркийн 6.9 га газарт битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кино театр, музей, галерей барина гэх мэдээлэл бий. Хүүхдийн паркийн үйл ажиллагааг чухам ямар зориулалтаар явуулах, цаашид ногоон байгууламж хэлбэрээр тохижилт үйлчилгээ хийх эсэх асуудлаар Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.


-Хүүхдийн паркийн хашааг өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт нурааж, буулгасан. Улмаар энэхүү нийтийн эзэмшлийн талбайд барилга байгууламж барина гэх мэдээлэл байна. Тэгвэл цаашид ҮСАХ-гийн үйл ажиллагааг ногоон байгууламж хэлбэрээр ашиглах уу, эсвэл бүтээн байгуулалт хийх юм уу?


-Хүүхдийн паркийн 31.4 га газар дээр оффис, орон сууц, зочид буудал гэх мэтчилэн барилга байгууламж бариулахгүй. Харин талбай дээр нь байрлах хуучны модон барилгыг засаж шинэчлэх ажлыг хийх төлөвлөгөөтэй байгаа.


Өөрөөр хэлбэл, цоо шинэ барилга барих бус, одоо байгаа барилгыг шинэчилнэ хэмээн ойлгох нь зүйтэй. Хамгийн гол нь нийслэлийн иргэд тоглодог, цугладаг, амардаг, тухалдаг газар болгон тохижуулахыг зорьж байгаа. Дээр дурдсан 31.4 га газрын 5.8 орчим га газар нь тоглоомын бүс юм. Түүнчлэн нуур болон тоглоомын бүсийг оруулж тооцвол нийт 14.9 орчим га газар тохижилттой байгаа гэсэн үг. Харин үлдсэн хэсэг нь ямар нэгэн тохижилт байхгүй.


-Тэгэхээр кино театр, галерей, музей гэх мэтчилэн үзвэр үйлчилгээний газрыг шинээр барихгүй хэмээн ойлгож болох уу?


-Тийм ээ. Одоо байгаа барилга дотроо л үйл ажиллагаа явуулна. Түүнчлэн 1,000 автомашины газар доорх зогсоолыг шийдэх тухай яригдаж байгаа. Өнөөдрийн байдлаар паркийн 2.2 га газар дээр автомашины ил зогсоол бий. Энэ ил зогсоолыг далд зогсоол хэлбэр рүү шилжүүлбэл тухайн газар нь чөлөөлөгдөх боломжтой. Тиймээс тэр хавийн газарт ногоон байгууламж, тохижилт хийх хувилбарыг ярьсан. Гэхдээ тус бүтээн байгуулалтын ажлыг иргэдийн санал асуулгыг авч шийдвэрлэнэ хэмээн хотын захирагч хэлсэн. Хэрэв шаардлагагүй гэж үзвэл заавал автомашины далд зогсоол барихгүй.


Дэлхийн жишиг паркууд жилийн дөрвөн улиралд нээлттэй ашиглагддаг. Тиймээс иргэд нь хэзээ ч ороод амрах бүрэн боломжтой байдаг. Ийм орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Хотын даргын зүгээс 20 гаруй га газрыг тохижуулж, жилийн дөрвөн улиралд хүүхэд залуус нь ирж амардаг тоглодог газар болгохоор шийдвэрлэж, хашааг нь буулгасан.


- Тохижилтын ажлын хүрээнд 2022 онд нийслэлээс 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ гэх мэдээлэл бий. Үүнийг тодруулбал?


-Мэдээж ногоон байгууламжийн ажлыг зүй ёсоор хийнэ. Мөн явган хүний зам, дугуйн зам, спортын талбай бий болгоно.


Өнөөдөр /2022.3.21/ Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хот байгуулалт хөгжлийн газар, Нийслэлийн зураг төслийн хүрээлэнд үүрэг даалгавар өгсөн. Энэ хүрээнд 20 гаруй га газарт төлөвлөлт хийнэ. Мөн төсөв боловсруулна.


Хэний ч өмнө нь нүүр улайхгүй, эрүүл аюулгүй тохилог орчныг бий болгож тохижуулах нь бидний зорилго.


Хүүхдийн паркийг хүн бүрд нээлттэй байлгах үүднээс хашааг нь буулгаж эхэллээ

Эх сурвалж: Нийслэлийн Мэдээ. 2022.03.18


Хүүхдийн парк буюу Үндэсний соёл, амралтын хүрээлэн /ҮСАХ/-гийн газрыг зориулалтын дагуу ашиглах, нийслэлийн иргэн бүрд нээлттэй байлгах  үүднээс хашаа, хайсыг буулгаж эхэллээ. ҮСАХ нь нийслэлийн иргэдэд хамгийн ээлтэй орчин байх ёстой гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр хашаа, хайс буулгах ажлыг эхлүүлэх үедээ онцолсон юм.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:


- ҮСАХ-гийн бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард эхэлнэ.

-“Иргэн төвтэй жил”-ийн хүрээнд юун түрүүнд паркийн хашааг буулгаж байна. Соёл амралтын хүрээлэн нь хашаатай, иргэд нь орж чаддаггүй ийм хот дэлхийн хаана ч байхгүй. Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх эхний алхам нь хашаа, хайснаас салгах юм. Өнгө үзэмж муутай, өндөр сараалжин хашаа барьснаас болж иргэд парк руу нэвтэрч чадахгүй олон жилийг үдсэн. 

Парк бол Улаанбаатар хотын уушги. Гэтэл ногоон байгууламжгүй, тав тухтай орчингүйн дээр хашиж, хааснаас болж паркийг иргэдэд зориулаагүй мэт,  иргэдийнх биш юм шиг болсон. Тиймээс ҮСАХ-гийн захиргаанд шуурхай ажиллаж, бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард яаравчлан эхэл гэсэн үүргийг өгсөн. Гүйцэтгэлийн хяналтыг илүү өргөн хүрээнд тавина. Иргэд ч бүтээн байгуулалтад хяналт тавих хэрэгтэй.


Үндэсний соёл, амралтын хүрээлэн ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мэндбаяр:


-Манай ҮСАХ нь нийтдээ 31 га газартай. Эхний ээлжийн хөгжүүлэлтийн дагуу өдгөө 14.89 га талбайд 22 тоглоомтойгоор ажиллаж байгаа. Энэ ондоо багтаж дөрвөн  шинэ тоглоом, ирэх 2023 онд дахин 5-6 шинэ тоглоом суурилуулж хүүхэд, залууст үйлчлэхээр төлөвлөсөн.  

Түүнчлэн хөгжүүлэлтийн II шатыг энэ онд эхлүүлнэ. Гурван жилийн хугацаанд өрнөх бүтээн байгуулалтын хүрээнд нийт 6.9 га газарт битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кино театр, музей, галерей, “Түмэн эх” чуулгын шинэ байр, хоол үйлчилгээ болон худалдаа үйлчилгээний төвүүд, 1000 автомашины газар доорх зогсоол зэргийг барих юм. ҮСАХ-д дөрвөн улирлын турш ажилладаг үйлчилгээний газруудыг нээнэ. Үлдэж буй газрыг бүхэлд нь Улаанбаатар хотын иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байдлаар хөгжүүлэхээр төлөвлөсөн. 

.















.


Эх сурвалж: ikon.mn

Нийслэлийн Засаг дарга 2022 оныг "Иргэн төвтэй жил" болгон зарласантай холбоотой нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хийж байгаа. Үүний дагуу өнөөдөр Хүүхдийн паркийн тохижилт хийгдээгүй хэсгийн хашааг нурааж, нийтийн эзэмшил, цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах ажлыг эхлүүлж байна. 

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Хүүхдийн парк хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн нэртэй 1966 онд ашиглалтад орж байсан. Энэ газарт нэг ч барилга байгууламж нэмж барихгүй. Ногоон байгууламжаар ашиглагдана. 

Ногоон байгууламж нэмж зүлэгжүүлэлт хиймээр байна. Барилга байгууламж барих эсэх асуудал дээр иргэдийн саналыг сонсож байж зөвшөөрөл өгөх ёстой.

Энэ ажил 2021 онд 29 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай байсан бол энэ онд 900 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт буюу 31 дахин нэмсэн. Тиймээс шуурхай ажиллах хэрэгтэй" гэлээ. 

Хүүхдийн паркийн тохижилт хийгдээгүй хэсгийн хашааг буулгах ажил одоо эхэлж байна. Тохижилтын зураг төслийн даалгавар өгсөн. Дөрөвдүгээр сарын 15-наас энэ ажил эхэлнэ гэсэн тайлбарыг албаны хүн өгөв. 











Замын цагдаагийн гүүрийн 295 метр явган хүний замыг наадмаас өмнө нээнэ

Эх сурвалж: ikon.mn. 2022.03.15

 

Замын цагдаагийн гүүрэн гарц буюу Олимпын гудамж, Их Монгол Улсын гудамжийг холбосон, дөрвөн эгнээтэй, 477 метр урт, төмөр бетон гүүрийн хөдөлгөөнийг 2019 оны есдүгээр сард нээсэн боловч явган хүний замгүй учраас иргэд шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Тэгвэл цар тахлын улмаас үүдэн удаашраад байсан гүүрийн ажлыг Улсын баяр наадмаас өмнө дуусгахаар төлөвлөсөн талаар нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэв.


Ингэснээр тус гүүрээр явган болон тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой 295 метр урт явган замыг налуу байдлаар шийдэж байгаа аж. 





“Алтай центр” худалдааны төв нийтийн эзэмшлийн авто зогсоолыг хашсан зөрчлийг арилгалаа

 Эх сурвалж: gogo.mn, 2022.02.09






Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Алтай центр” худалдааны төвийн зүүн талын нийтийн эзэмшлийн авто зогсоолыг хашиж, хаасан зөрчлийг арилгажээ. Иргэд, оршин суугчдаас удаа дараа гомдол ирсний үндсэн дээр 2021 онд уг талбайд байрлуулсан төмөр хашлагыг  тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас албадан буулгасан байдаг. Гэвч “Алтай центр” худалдааны төвөөс нийтийн эзэмшлийн зогсоолыг дахин хашаалжээ.


Иймд зөрчлийг арилгуулахаар Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тус байгууллагад газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн. Албан мэдэгдлийн дагуу “Алтай центр” худалдааны төв зөрчлөө арилган, төмөр хашлагыг буулгалаа. Газрын зөрчлийг дахин арилгахад нийслэл, дүүргийн төсвөөс ямар ч төсөв, хөрөнгө зарцуулагдаагүй гэдгийг холбогдох албан тушаалтнууд мэдэгдсэн юм.


Нийтийн эзэмшлийн зам, талбайг хувийн өмч мэт хашаалсан, удаа дараагийн шаардлага биелүүлээгүй аливаа аж ахуй нэгжид холбогдох байгууллагаас албан мэдэгдэл хүргүүлдэг. Албан мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авдаг байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хариуцлага тооцдог журамтай.

Бамбарууш кафены орчимд номын сан, үнэгүй интернэттэй “Өглөөний гудамж” нэмэгдлээ

 Эх сурвалж: Т.Саран, www.ikon.mn, 2021.08.30





Улаанбаатар хотын хоёр дахь “Өглөөний гудамж”-ийн нээлт өнөөдөр боллоо. 

Энэ талаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад "Энэхүү гудамж нь номын сантай. Ажлын зар байршуулж болно.


Иргэддээ зориулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас эрүүл аюулгүй орчныг бүрдүүллээ. Модоо ашиглаад сандал, хогийн сав хийсэн. Зарим нэг аж ахуйн нэгж олж авсан зүйлээ байршуулах уут зүүхийг дэмжиж хэрэгжүүлж эхлээд байна" гэлээ. 


“Өглөөний гудамж”-ийг нийтийн эзэмшлийн 600м2 талбайд богино хугацаанд орчин үеийн шийдлээр тохижуулжээ. Байгальд ээлтэй байлгах, хог хаягдлыг багасгах, хуванцар савны хэрэглээг багасгах зорилгоор уух зориулалттай цэвэршүүлсэн усны цорготой, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, моднуудын дор сандалтай, номын булантай, үнэгүй интернэт ашиглах боломжтой орчин бүрдүүлсэн байна. 

"Өглөөний гудамж" нь Жамъян гүний гудамж буюу Blue Sky-н урд талд байрлалтай. /Ийгл телевизтэй байр, хуучнаар Бамбарууш кафе хоёрын дунд гудамж/