Showing posts with label historical photo. Show all posts
Showing posts with label historical photo. Show all posts

Цайны зам





1689 оны 8-р сарын 28-нд одоогийн Дорнод аймгийн цаана байдаг Нэрчүү голын эрэг дэх Нэрчинск гацаанд Оросын Романов хааны болон Хятадын Чин династийн төлөөлөгчид нэгэн гэрээ байгуулсан нь энэ хоёр орны түүхэн дэх анхны гэрээ байсан бөгөөд хожим нь Нэрчүүгийн гэрээ гэж нэрлэгдсэн. Уг гэрээгээр хоёр улсын хилийг тогтоож, харилцан худалдаа хийхээр тохирсон ч зам харилцаа байхгүй, зарим зүйл нь тодорхойгүй байснаас болж уг гэрээний худалдаатай холбоотой заалт хэрэгжихгүй байсаар 1727 оны 8-р сарын 20-нд Буурын гэрээгээр хоёр улсын хилийг тодотгож, мөн оны 10-р сарын 21-нд байгуулагдсан Хиагтын гэрээгээр хоёр орны хооронд худалдаа хийх үндсэн зарчмуудыг тодорхойлсноор худалдаа хийх таатай нөхцлийг бүрдүүлжээ. 

Эдгээр гэрээний үндсэн дээр оросууд Хиагтад, хятадууд хилийн нөгөө талд нь Маймаачин нэртэй худалдааны боомт байгуулж хоёр орны худалдаа эдгээр боомтоор бараг 300 орчим жил явагдсан бөгөөд 1869 онд Суэцийн суваг нээгдэж, 1903 онд Транссибирийн төмөр зам ашиглалтад орсноор ач холбогдол нь нэлээд буурч улмаар 1911 оны Синхайн хувьсгал, Дэлхийн I дайн, Октябрийн болоод Ардын хувьсгалын улмаас үлэмж багассан хэдий ч 1927 он хүртэл тодорхой хэмжээгээр үргэлжилж байсан түүхтэй.

Хиагт-Маймаачингийн боомтоор Хятадын талаас зөөдөг гол ачаа нь цай байсан учраас уг боомтыг дайран өнгөрөх замыг “Цайны зам” гэж нэрлэх болжээ. Бараг 9000 км үргэлжлэх Цайны замын эцсийн цэг нь Оросын Москва хот байсан юм. Хятадын нутагт ургуулж хураасан цайг Хаалган хүргэж тэндээс Замын-Үүд, Чойр, Хүрээгээр дайруулан Хиагтад хүргэдэг байжээ. Цайг малын нойтон арьсанд боож тэмээн жингээр зөөнө. Нэг удаагийн жингийн цуваанд мянга хүртэл тэмээ явдаг, нэг тэмээ нуруундаа 200 кг, тэргэнд хөллөсөн үед 400 кг ачаа тээвэрлэдэг, хоногт 30-40 км замыг туулдаг байжээ. Байгаль, цаг уурын онцлогоос болж тэмээн жингийн тээврийг намар, өвлийн улиралд хийж, Хаалганаас Хиагт хүртэл говь хээр, уул тал бүхий урт замыг 30-40 хоногт туулдаг байжээ. Цайнаас гадна торго, шаазан эдлэл бас зөөдөг байв.

Тэмээн жин Хиагтаас буцахдаа голдуу ангийн арьс, ноосон даавуу (заримдаа бүр Англи, Германд үйлдвэрлэсэн), хөвөн даавуу зэрэг бараа зөөдөг байжээ. Хиагтаар хийдэг байсан худалдаа нь тухайн үеийн Оросын хувьд хамгийн ашигтай гадаад худалдаа байсан гэж судлаачид бичдэг. XIX зууны үед Хиагт саятан худалдаачдын тоогоороо Москвагийн дараа ордог байсан гэдэг. 1881 онд Хиагтад очсон АНУ-ын сэтгүүлч Ж.Кеннан тус боомтоор жилд 10-15 сая ам.долларын үнэ бүхий бараа орж гардаг тухай тэмдэглэн бичсэн байна. (энэ мөнгөн дүнг одоогийн ханшид шилжүүлбэл маш их тоо гарах юм) XIX зууны дунд үеийн Хиагтыг бас тухайн үеийн Хонконгтой ч зүйрлэсэн байдаг. Ерөнхийдөө Хиагт болон Маймаачинг чөлөөт худалдааны бүс байсан гэж хэлж болох юм.

Цайны зам нь Монголын, ялангуяа нийслэл хотын түүхэнд чухал нөлөө үзүүлсэн. Олон өдөр аялж яваа жинчид Сибирийн тайгын хамгийн өмнөд хэсэг, их аян замын бараг голд нь байрлах Богд уулын ар, хатан Туулын эрэгт заавал буудалладаг байсан ба энэ хотгор газарт Нийслэл Хүрээ буюу өнөөгийн Улаанбаатар өргөжин хөгжихөд санамсаргүй нөлөө үзүүлжээ.
Хүрээ нь Орос - Хятадыг холбосон худалдааны гол зам буюу Цайны зам дээр байгаа учраас тэнд 1786 оноос Манжийн амбан суурьших болж, 1861 оноос Оросын консулын газар байгуулагдсан нь Ар Монголд төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хот суурин газар болсныг нотолж өгсөн. Улмаар Хүрээ нь аажмаар Монголын засаг захиргаа, шашин шүтлэг, олон улсын худалдааны томоохон төв болтлоо хөгжсөн. Хятад, Оросоос ирсэн барааг Хүрээнээс Монголын бусад нутаг руу түгээх болжээ. Энэ утгаараа, монголчууд бараг 300 жилийн тэртээгээс Орос – Хятад төдийгүй Ази – Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн боомт газрын үүргийг гүйцэтгэж байсан гэж хэлж болно.

Шинэ цагийн Цайны зам: 1946 онд БНМАУ болон ЗСБНХУ-ын хооронд байгуулагдсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 1947 – 1956 оны хооронд тавигдсан “Улаанбаатар” төмөр замын маршрут нь Цайны замтай давхардаж байсан тул түүнийг “Шинэ цагийн Цайны зам” гэж нэрлэх үндэслэлтэй ажээ. Монголын төмөр зам өмнөх Цайны замын нэгэн адил Орос – Хятад хоёр улсыг төдийгүй Ази – Европыг холбосон худалдааны гол замын үүргийг эдүгээ ч амжилттай биелүүлж байна. Өнөөгийн Улаанбаатарын байшин барилгууд, Дархан, Эрдэнэт хотын үйлдвэржилт, бүтээн байгуулалтууд энэхүү төмөр замын ачаар л сүндэрлэн боссон. 

Дэлхийн II дайны дараа Монгол улсын тусгаар тогтнол олон улсын хэмжээнд баталгаажиж, хоёр хөрштэй найрсаг харилцааг хөгжүүлснээр өнгөрсөн зууны дундуур ЗХУ-ын тусламжаар баригдсан “Улаанбаатар” төмөр зам нь Монгол оронд урагшлах хөгжлийг авчирсан. Мөн Цайны замын дагуух төмөр замтай зэрэгцээд авто зам ч ашиглалтад орсон. Орос ба Хятадыг холбосон агаарын зам ч мөн энэ маршрутын дээгүүр өнгөрдөг.

Эх сурвалж: Монгол орны лавлах

Гэрлэх ёслолын ордон



БНМАУ тунхагласны 50 жилийн ойн баярыг тэмдэглэх үед ЗХУ-ын Төрийн тэргүүн Л.И. Брежнев болон хүндэт зочид төлөөлөгч нар хүрэлцэн ирсэн байжээ. Монголын Төрийн тэргүүн Ю.Цэдэнбалын гэргий А.И.Цэдэнбал Филатова зочдод хандан ахан дүүсийн холбоогоо бататган нандин бэлэг барихыг хүссэн өгөөмөр санал дэвшүүлсэн бөгөөд энэ нь Улаанбаатар хотод залуу хос гал голомтоо бадраах бүрт төрөл садан, найз нөхдөө цуглуулан хуримын ёслол үйлдэх шинэ цагийн ариун хайрын орд өргөө хэрэгтэй байгааг дурдсан явдал юм. Ийнхүү ЗХУ-ын буцалтгүй тусламжаар “Гэрлэх ёслолын ордон”-г сүндэрлүүлэн босгох шийдвэр гарч их бүтээн байгуулалт өрнөн Монголд төдийгүй Төв Азид анх үүдээ нээсэн ордон болжээ.

Монгол Зөвлөлтийн барилгачин залуучууд богино хугацаанд барьж дотоод заслыг Ардын зураач Д.Амгалан, сийлбэрч Л.Чуваамид нарын уран бүтээлчид ур ухаанаа хослуулан бүтээжээ. Ордны барилга 1976 оны 6-р сарын 14-ний өдөр нээлтээ хийж Улаанбаатар хотын АДХГЗ-ны “Иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх хэлтэс” бөгөөд “Гэрлэх ёслолын ордон” хэмээх оноосон нэртэйгээр байгуулагдаж, мөн өдөр анхны хуримлагчдыг хүлээн авч гэр бүлийн баталгаа олгон, шинэ сууцны түлхүүр гардуулснаар энэ ордны түүхийн хуудас нээгджээ.

Эл үеэс эхлэн эхнэр нөхрийн ядам хуруунд хатан сүйх, хаан бугуйвчтай шижир алтан бөгж зүүдэг болсон байна. Өнөөг хүртэл 40 мянга гаруй хосын гэрлэлтийг бүртгэн авчээ. Сүүлийн жилүүдэд гэрлэж буй нийт хүмүүсийн 30 гаруй хувь нь тус ордонд ёслолоо хийж хоёр талын ах дүү, хамаатан садан, найз нөхдийнхөө өмнө бие биендээ үнэнч байхаа тангараглаж илүү бат бөх, үнэ цэнэтэй гэрлэлтийг буй болгодог болсон байна. Анх байгуулагдахад нь хуримаа хийж байсан хосууд 20, 30 жилийн дараа мөнгөн хуримаа дахин эл ордонд хийхээр ирдэг байна. Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Гэрлэх ёслолын ордны дэргэд 12 ханатай, 108 уньтай, сийлбэртэй “Их өргөө” гэрийг барьж 2010 оны 6-р сарын 21-ний өдөр нээлтээ хийж хуримын хүндэтгэл ёслолын үйл ажиллагаа болон сургалт семинар зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг болжээ.

Сонирхуулахад, 1924 онд Улаанбаатар хотын анхны захиргаа энэхүү хуримын ордон байгаа газар зургаан гэртэйгээр байгуулагдаж анхны засар даргаар М.Баяр томилогдон ажиллаж байжээ.

Эх сурвалж: Гэрлэх ёслолын ордон

Дээрх мэдээлэл дээр нэмж тэмдэглэхэд зөвхөн ЗХУ-ын мэргэжилтэн, барилгачдаас гадна Польш улсын мэргэжилтэн, барилгачид хамтран ажилласан мэдээлэл байна. Доорх бичлэгээс сонсоорой.


The Wedding Palace. Interview with S. Uuderuya from RedHero on Vimeo.

Гандантэгчинлэн хийд



Гандантэгчинлэн хийд Монголын бурхан шашны төв, гурван том хийдийн нэг юм. Гандантэгчинлэн хийдийн анхны сүмийг 1809 онд Далхын дэнжид Шар сүм нэртэйгээр байгуулжээ. Хожим Шар сүмийг Чойрын дацан болгожээ. Ламрим дуганыг 1924 онд, V Богд Жавзундамба хутагтад зориулсан Гандантэгчинлэн буюу “Их хот мандлын сүм”, Дашчойнхор, Ядгачойлин зэргийг 1838 онд, Цогчин дуганыг 1839 онд, Бадамёгог 1844 онд, Жүдийн сүмийг 1848 онд, Гунгаачойлин сүмийг 1909 онд, VIII Богдод зориулсан Мэгжид Жанрайсигийн сүмийг 1913 онд, V Богдын шарилын сүмийг 1841 онд, VII Богдын шарилын сүмийг 1869 онд, VIII Богдын шарилын сүмийг 1925 онд барьсан түүхтэй.

Гантантэгчинлэн хийдийн анхны барилгуудаас өдгөө 6 сүм үлджээ. 1944 онд сүмийн хурал номын ажлыг сэргээсэн юм. Гандантэгчинлэнд хадгалагдаж буй олон ховор ном судар, түүх соёлын үнэтэй дурсгалаас Өндөр гэгээний ээжийнхээ хүсэлтээр хийсэн хүрэл цутгамал, Балбын зандангаар хийсэн Локешварийн дүрс, ХХ зууны эхэнд Польш, Өвөр Монголд хийлгэсэн Аюуш бурхан, 1957 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Жавхарлал Неругийн бэлэглэсэн 2000 жилийн өмнө Энэтхэгийн урчууд бүтээсэн Буддын баримал, Буддын шарилын хэсэг зэрэг нь анхаарал татдаг.

Түүх соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газар хийдийн үлдсэн сүм дуганын гадуур гол асар хаалга, хоёр жижиг асар хаалга бүхий хэрэм хашааг шинээр 1981-1982 онд барьсан юм.

Гандантэгчинлэн хийдийг 1994 онд улсын тусгай хамгаалалтад авчээ. Тус хийдийн Очирдарийн сүмд алт, мөнгөөр Занабазарын бүтээсэн Очирдарийн баримал, ертөнцийн дөрвөн зүгийн сахиус Махранз, лам Самбалхүндэвийн монгол зургийн аргаар 1858 онд бүтээсэн эв зохицлыг бэлгэдсэн зураг хадгалагддаг.VII Богдын шарилыг оршуулахад зориулсан Зуугийн сүмд XIX зуунд Долнуурт бүтээгдсэн Бурхан багшийн хоёр шавьтайгаа байгаа баримал, сийлбэрч Ширчингийн модоор сийлсэн Лхамо охин тэнгэрийн сийлбэр хадгалагдаж байна. Дээрх хоёр сүм ур хийцийн хувьд адилхан. Алтадмал ганжир бүхий паалантай вааран дээвэртэй, чулуу, тоосго, мод оролцуулан барьсан сүм юм. Гандантэгчинлэн хийдийн номын санд 108 боть Ганжуур, түүний тайлбар 225 боть Данжуур, Богд Зонхав, Банчин богд, Далай лам болон Төвдийн бусад зохиолчдын сүмбүм, Агваанхайдав, Агваандандар, Ишбалжир нарын монголын дал гаруй эрдэмтэн мэргэдийн сүмбүм, монгол, ойрд, санскрит, деванагар, пали зэрэг үсгээр есөн эрдэнээр бичсэн олон тооны монгол, төвд судар байдаг.

Алтадсан ганжир, жанцан, чойжхорол, бодь гөрөөс, дээврийн амьтад, хонх зэрэг нь сүм дуганы барилгын үндсэн гоёл чимэглэл. Гандантэгчинлэн хийдийн барилгууд монгол, монгол-хятад, хятад-төвд хэлбэр маягтай.

Эх сурвалж: М. Сүхнар


1992 онд Монголын бурханы шашинтны анх дугаар чуулганаар Гандантэгчинлэн хийдийг Монголын Бурханы Шашинтны Төв гэдгийг баталгаажуулжээ.

Гандантэгчинлэн хийд /Төгс баясгалант их хүлгэн хийд/-ийн анхны сүмийг 1809 онд Талхын дэнж дээр Шар сүм нэртэйгээр байгуулж, дараа нь энэ сүмийг Чойрын дацан болгожээ. 1824 онд Ламрим дуган, 1838 онд тавдугаар Богд Жавзандамба хутагтад зориулж Гандантэгчинлэн буюу “Их хот мандлын сүм”, Дашчойнхор, Ядгайчойлин зэргийг байгуулжээ.

Талхын дэнж дээр Гандантэгчинлэн хийдийг байгуулсан цагаас хойш тус дэнжийг Гандангийн дэнж хэмээн нэрлэх болжээ. Гандан хийд нь 1930-иад оны хэлмэгдүүлэлтэд хамгийн түрүүнд өртсөн бөгөөд 20 суварга, 10 гаруй сүм дацангаас 6 сүм, дуган хадгалагдан үлджээ. 1944 оноос эхлэн хийдийн хурал номын үйл ажиллагааг хатуу хяналтан дор дахин сэргээсэн байна.

Хийдийн сүм дугануудыг 1981-1995 он хүртэл ээлж дараагаар сэргээн засварлаж 1992 онд Дүйнхор дацан, 1995 онд Дашчойнбол дацанг шинээр барьсан байна. Тус хийдийн Гандан хэмээх анхны дуганыг V Богд Жавзандамба өөрийн шийдвэрээр Монголын уран авьяаслаг урчуудыг цуглуулан шавар модоор голлон хийлгэхдээ монгол үндэсний хэв маяг оруулж, алт шармал орой ба ганжир бүхийгээр бүтээжээ.

Дуган дотор Өндөр гэгээн Занабазар эхийнхээ хүсэлтээр бүтээсэн өвгөн хутагтын хүрэл цутгамал дүр, XIX зууны үед монголын лам нараас хар цаасан дээр алтаар бичсэн Буддын зохиол Ганжуур 108 боть, 1956 онд Буддагийн 2500 жилийн ойг тохиолдуулан тус хийдийн Дамбадаржаа, Данзан нарын зэрэг лам нарын урлан бүтээсэн хөрөг, Энэтхэгийн ерөнхийлөгч агсан Джавахарлал Неругээс 1957 онд дурсгал болгон өгсөн 2000 гаруй жилийн өмнө бүтээсэн Буддын цутгамал дүр, ХХ зууны эхээр монголын захиалгаар Польшийн Варшав, Өвөрмонголын Долоон нуур хотод хийсэн Аюуш бурханы дүрүүд зэрэг олон бүтээлүүд бий.

Эх сурвалж: Улаанбаатар музей төсөл

Төрийн ордон баригдсан түүх





БНМАУ–ын засгийн газар 1930 онд барьсан хоёр давхар байшинд /одоогийн Боловсролын их сургуулийн төв байрны доод хоёр давхар/ байрлаж байв.Энэ байшинд Улсын бага хурал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, хянан байцаах газар, зохион зааварлах хэлтэс, Улсын төлөвлөгөөний комисс байрлаж байсан бөгөөд БНМАУ–ын Засгийн газрын Ерөнхий сайд Хорлоогийн Чойбалсан, түүний нэгдүгээр орлогч Ч.Сүрэнжав, Улсын Бага Хурлын дарга Г.Бумцэнд нар энд ажиллаж байжээ. Энэ байшин тухайн үеийн Төр, засгийн төв аппаратын өсөн нэмэгдэж байсан орон тоо, ажлын шаардлага хангахгүй болсноос гадна нийслэл хот байгуулалтад байршлаа олоогүй, төвөөсөө хазгай Сэлбэ голын эрэгт байлаа.

Ийм үед төрийн шинэ ордоныг хотын төв талбайн хоймор хэсэгт бариулахаар шийдвэрлэж ЗХУ–аас тусламж гуйхаар болжээ. Энэ тухай Ч.Сүрэнжав гуай, “Монгол Улсын Засгийн газрын ордон бариулахыг би санаачилж, Чойбалсанд хэлсэн юм. Чойбалсан түүнийг маш зүйтэй гэж дэмжээд намайг Москва руу явуулсан юм. Би Москвад очоод К.Е.Воршиловтай уулзаж "Монголын Засгийн газрыг ордонтой болгох санаатай байна. Намайг Чойбалсан явууллаа" гэхэд Воршилов намайг их уриалагхан хүлээж аваад бэлэн зураг үзүүлж энэ зургаар ордноо бариулвал зүгээр юм биш үү гэсэн. Би, "Тиймээ зүгээр юм байна" гэж хэлээд уг зургийг авчирч Чойбалсанд танилцуулсан. Засгийн газрын ордонд бариулах комисс томилж, комиссын даргаар намайг тавьсан юм.” гэв.
ЗХУ–аас авчирсан төрийн захиргааны барилгын бэлэн зургийг Засгийн газрын комисс нягтлан үзээд Монголын нөхцөл байдал, уламжлалд тохируулан зарим өөрчлөлт хийлгэжээ. Үүнд Монгол инженер Б.Мотоо, уран барималчин С.Чоймбол нар их үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэд барилгын хаалга, эмжээр, багана зэрэгт Монгол хэлбэр маяг оруулжээ.

Ордны барилгын суурийн ажил 1947 оны дөрөвдүгээр сард эхэлжээ. Уул барилгын ажлыг ордны барилгын дарга Лэгцэгийн Гончиг /ахлах дэслэгч/ Улсын барилгын хэрэг эрхлэх ерөнхий газрын нэгдүгээр орлогч хурандаа Д.Гончиг, мөн газрын орлогч Д.Жанцансамбуу, Улсын төлөвлөгөөний комиссын барилгын хэлтсийн дарга Ж.Агваанлувсан, зөвлөлтийн мэргэжилтэн Порпинов нар барилгын ажил эхлэхээс ашиглалтад ортол хариуцан гүйцэтгэжээ. Ордны барилгын баруун хэсгийн суурийн ажлыг японы олзлолдсон 300 цэрэг гүйцэтгэж 1947 оны аравдугаар сард нутагтаа буцжээ. Дараа нь засан хүмүүжүүлэх газраас 4000 хоригдлыг гэрээгээр, иргэдээс 400 ажилчдыг хөлсөөр авч ажиллуулж 1948 оны өвөл суурийн ажлыг дуусгажээ. Гэтэл 1949 оны зун тааз нь тавигдаж дууссан барилгын модон хэсгүүд нь шатаж зөвхөн төмөр, туйпуу хэсгүүд нь үлдсэн байна. Энэ тухай уул барилгын хариуцан бариулж байсан ахмад барилгачид Д.Жанцансамбуу гуай дурсан ярихдаа, “Д.Гончиг /сүүлд барилгын яамны сайд болсон/ бид хоёр барилгын нурсан хэсэг дээр гараад бууж чадахгүй дүүжингээр бууж байлаа. Барьсан хэсэг шатсаны дараа барилгачдыг жигдрүүлж дотоодын 300, Монголд ял эдлэж байсан гадаадын 500 иргэн, 400 хөлсний ажилчин гээд, бүгд 1200 хүн ажиллаж ордны барилгын ажлыг дуусгасан юм” гэв.

Барилгын ажилчид голдуу мэргэжлийн хүмүүс байсан бөгөөд сантехникийн мэргэжилтнээр ЗХУ–ын Федренко, цахилгааны мэргэжилтнээр мөн ЗХУ–ын Чембелюк түүнийг дагалдаж Даржаагийн Чойдог /сүүлд гавьяат барилгачин болсон/ нар ажиллажээ.
Уран барималч С.Чоймбол ордны барилгын зураг, баримал чимэглэлийг хийж хожим нь төрийн шагнал хүртжээ. Ордны барилгын тоосгыг Улаанхуаран, Ганц худгийн задгай тоосгоны үйлдвэрээс, шохойг Цагаан булгаас, суурийн чулууг Туул голын урд талын араас авч бэлтгэжээ. "Ордны чулуун суурь нь 4 метр зузаан тавигдсан тул ордныг долоон давхар өндөрлөх даацтай, хөрсний усгүй, IY зэргийн хайрган хөрстэй" гэж ахмад барилгачин Д.Жанцансамбуу, Ж.Агваанлувсан нар тодорхойлж байв.
Төрийн ордын шинэ барилга 4 жилд баригдан 1951 онд ашиглалтад оржээ. БНМАУ -ын Сайд нарын зөвлөлийн 1951 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн 130 дугаар тогтоолоор томилогдсон комисс 1951 оны арванхоёрдугаар сарын 30 -ны өдөр Засгийн газрын ордныг ашиглалтад хүлээж авсан актад гарын үсэг зуржээ.
Засгийн газрын ордны шинэ барилгад 1951 оноос багтаж Улсын Бага Хурал, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, зохион зааварлах хэлтэс, хянан шалгах газар, Намын төв хороо, "Үнэн" сонины газар, Улсын төлөвлөгөөний комисс, Шүүх яам, Хэвлэл утга зохиолыг хянах газар, Зохиолчдын эвлэлийн хороо шинээр нүүн байрлажээ.

Ордны шинэ байрны 3 дугаар давхрын нүүрний гол хэсэг одоогийн Соёмбот танхимын хэсэгт Х.Чойбалсан /Ерөнхий сайд/ мөн давхрын зүүн урд талд Ю.Цэдэнбал /МАХН -ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга/ ордны 2 дугаар давхрын зүүн урд хэсэгт Г.Бумцэнд /Улсын Бага Хурлын дарга/ мөн давхрын баруун урд талд Ч.Сүрэнжав /Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд/ нар байрлажээ.
Засгийн газрын ордны урд талын голын хаалгаар ордонд ажиллагсад, ар талын хаалгаар удирдлагууд нэвтэрдэг, тэдний машиныг ордны аркад тавьдаг байжээ.

Эх сурвалж: Монголын түүх

Би 120 мянгатад амьдардаг

Эх нийтлэл: www.time.mn, 2016.10.18


Нийслэлийнхээ бүтээн байгуулалтад гар бие оролцсон хүндэт буурлуудаасаа ярилцлага авах нь бидний үүрэг гэж боддог. Профессор Ойдовын Сүхбаатар гуай Улаанбаатар хот ид баригдаж байх үед хүн ам зүйн судалгааг ахлаж байсан, газар зүйч мэргэжилтэй хүн. Түүний амьдрал 120 мянгаттай салшгүй холбогдох бөгөөд тэрбээр бидний урьд сонсож байгаагүй олон түүх, дурсамжуудыг хуучилсан юм.


Хэрсүүд газар зүйчийн бага нас 


1942 онд намайг төрөхөд манай гэр бүл ээжийн төрсөн нутаг Завхан аймгийн Сонгино сум руу шилжсэн ч буцаж хотдоо ирсэн гэдэг. Эцэг эх маань хоёул бичиг номтой жирийн иргэд байв. Ээж номын санд ажиллаж, аавыг өөд болсны дараа Оёдлын VI нэгдэлд орсон юм. Ээж маань их уран хүн байлаа. Тус нэгдлийн хамгийн сайн оёдолчдын нэг учраас шаардлагатай үед шөнө дүлээр ч гэсэн ажлаас нь дуудна. Гадаадын зочид гийчдэд монгол хувцас өмсгөдөг уламжлал тэр үеэс эхлэлтэй. Нэг сонирхолтой явдал болсныг би мартдаггүй юм. Комбужийн хаан хатантайгаа Монголд айлчлах сургаар ээж маань хоёр дээл бэлэн болгочихоод хүлээж байж л дээ. Гэтэл өнөө хаан чинь хоёр эхнэртэйгээ хүрээд ирж. Нэг эхнэр нь маш өндөр, биерхүү хүн байв. Тэгээд ажлынхан нь сандралдан, нэг шөнө ээжийг маань шөнийн 2.00 цагт ирж авч байлаа. Аав ээжийн аль аль талынхан нь хуучнаар Засагт хан, одоогийн Завхан аймгийн өөр өөр суманд ажиллаж амьдарсаар ирсэн. Аавын талынхан Хэрсүүд овогтой, ээжийн талынхан Алаг адуу овогтой. Аавын дээдэс ноёны үр сад, Боржигон овгийн бичиг номтой хүмүүс байсан гэдэг. Тэд Чингүүнжавын бослогын үед хэлмэгдэж, улмаар Боржигон овгоос хасуулан, хожим Хэрсүүд овогтой болсон түүхтэй. Миний хувьд Хүүхдийн номын ордны хуучин яслиас эхлээд 1962 онд нийслэлийн II сургуулийг дүүргэсэн. 1966 онд МУИС-ийг газар зүйн багш мэргэжлээр төгсөж, тэндээ цагийн багшаар ажиллангаа ШУА-д хүн амын газар зүйн чиглэлээр мэргэшиж, уг мэргэжлээрээ АШУҮИС-д хүн амын судалгаан дээр ажиллаж,  “Чингис хаан” дээд сургуульд багш, орлогч захирлаар, 2009 оноос одоог хүртэл МҮИС-д багшилж байна. 1966-1996 он хүртэл хүн амын шилжих хөдөлгөөн, байршил, хүн амын тооны хэтийн төлөвийн төслүүд дээр ажиллаж, төрийн болон төлөвлөгөөний байгууллагуудад товхимол хэлбэрээр зөвлөмж өгч байв. 

Мөн уудам эх орноо бүхлээр нь судалж, үржил шимтэй газрууд хаана байдаг, урьд нь хүн олноороо суурьшиж байсан ямар газрууд байдаг гэхчлэн судалдаг байлаа. Тухайн үед Монгол оронд 1200 гаруй агуй байгааг тогтоож, 400 гаруйгаар нь биечлэн очиж байв. Би Хүүхдийн парк орчмын гэр хороололд, мөн Үйлдвэрлэл урлалын коллежийн хавьд буюу хотын хамгийн хойд хэсэгт бага насаа өнгөрүүлсэн. Одоогийн 14 дүгээр сургуулиас Төмөр замын удирдах газар хүртэлх хэсгийг “Дүнжингаравын дэнж” гэдэг байлаа. Тэнд л бидний бага нас өнгөрсөн дөө. Багадаа шавилхан биетэй байсан учраас 10 нас хүртлээ хурдан морь унаж, түрүүлж, айрагдаж байлаа. Нийслэлийн I сургуульд тэр үед дан охид, IIсургуульд дан хөвгүүд сурдаг байсан юм. Гэхдээ төдхөн өөрчлөгдсөн л дөө. УДЭТ-ыг хандиваар босгоход суурийг нь ухах ажилд манай сургуулийнхан дайчлагдаж, VIII ангидаа би тэр ажилд оролцож байлаа. Гэвч насанд хүрээгүй хүүхдүүдээр хүнд ажил хийлгэлээ гэдэг үүднээс удалгүй болиулсан. Бид бас Хүүхдийн ордны суурийг ухсан. Эдгээр газраар орж гарч, тоглолт үзэхэд их сайхан байдаг. Амьдарч буй хоттойгоо ямар нэгэн сэжмээр холбогдсон гэдгээ мэдрэх сайхан шүү дээ.


Завханы товгор анхны “хороолол” болсон нь 


1956 онд анх хорооллын хэв шинжтэйгээр “Нэхмэлийн шар” орон сууцнуудыг хятадууд барьсан юм. Дараа нь 40 мянгатыг оросууд, 50 мянгатыг хятадууд, 40 мянгатын өргөтгөлийг оросууд, 120 мянгатыг хятадууд, XV хорооллыг оросууд, 220 мянгатыг хятадууд, III, IV хорооллыг оросууд барьж, хоорондоо “өрсөлдөж” байсан. Эдгээр барилга өөр өөр архитектуртай учир нийслэлийг ихээхэн чимдэг байв. Энхтайваны гүүр, Улсын их дэлгүүр, Улаанбаатар зочид буудлыг хятадууд барьж өгсөн гэдэг. Үнэндээ монголчууд хөрөнгийг нь гаргаж хятадуудаар бариулсан түүхтэй. Энэ талаар хүмүүс ташаа ойлголттой байдаг. Харин дээр дурдсан орон сууцны байруудыг хятадын хүүгүй зээлээр барьсан юм. Хороолол гэсэн тодотголтойгоор баригдсан анхны орон сууцнууд бол 120 мянгат. Энэ хавьд урьд нь баруун аймгийнхан, ялангуяа Завханыхан их төвлөрч байсан учраас “Завханы товгор” гэдэг байв. Хятадууд анхны барилгуудаа нисэх онгоцны буудлаас Засгийн газрын ордон хүрэх зам дагуу ил харагдаж байхаар барьсан нь тэдний өөрсдийнх нь сонголт юм. Ийнхүү 120 мянгатын 22 байрыг 1964-1965 онд ашиглалтанд оруулж, үлдсэнийг нь 1966 онд өгсөн. Тэр жилд нь Туул гол хүчтэй үерлэж, энэ байрнуудын I давхрын цонхыг даван ус хальсан ч дотогш бараг нэвтрээгүй. Эдгээр байр одоогийн шинэ барилгуудаас хавьгүй илүү бат бөх, чанартай. Хоёр голын салхи дээш доош зөрж салхилдаг учраас энэ хавьд утаа тогтохгүй, цэвэр агаартай, тохилог, бүх үйлчилгээ төвлөрсөн, Цэнгэлдэх хүрээлэнтэй болон байгальтайгаа ойр гээд хамгийн сайхан хороолол байлаа. 

Одоо бараг ширгэчихээд байгаа Дундгол сайхан зүлэгтэй, загас жараахайтай байсан юм шүү. Бид хүүхдүүдээ дагуулаад стадион, мөсөн гулгуурын талбай орж тоглоно. Богд уулын зэрлэг амьтад 1989 он хүртэл хот руу байнга орж ирдэг байлаа. Манай байрны дэргэд буга явж, стадион хавиар үнэг их ирнэ. Манай охин буганы яг хоншоор дээр талх тавьж өгнө гээд л талхаа үүрүүлж суудаг байсан юм. Сүүлдээ буганууд олширч, хааяа хужирсаад ирэхээрээ том дөрвөлжин хогийн сав руу орчихно. Нэг өдөр 52 дугаар сургуулийн манаач бугануудыг хөөтөл нэг нь манаачийг хашаатай хавсарч мөргөж билээ. Манай энэ хавийг ажилчны дүүрэг гэдэг ч 120 мянгатад ажилчид гэхээсээ урлагийнхан их амьдарна. Харин 19 дүгээр хороололд ихэнхдээ ажилчид амьдардаг. Бид хорооноос зохиосон арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцдог, урлаг соёлын сайхан тоглолтууд байнга болдог байлаа. МУГЖ, дуучин Л.Цэрэнпэл, МУАЖ Т.Хандсүрэн гээд урлагийн олон хүн энд амьдардаг байсан. Одоо хуучцуулаас хуруу дарам цөөн хүн үлдэж дээ. Өнгөрсөн жил 120 мянгат байгуулагдсаны 51 жилийн ой болж, олон сайхан арга хэмжээ зохион байгуулагдсан.


Хэзээд хуучиршгүй 120 мянгат 


Эхнэртэйгээ гэрлэсний дараа 1968-1972 он хүртэл 120 мянгатад хажуу өрөө хөлсөлж, бас хадмындаа амьдарч байлаа. 1972 оноос 19 дүгээр хорооллын 41 дүгээр байранд амьдарч, 2000 оноос одоог хүртэл 120 мянгатын V байранд оршин сууж байна. 120 мянгатын байрууд их дулаахан, түүнчлэн II давхарт амьдарч байгаа нь нас ахиж яваа бидний хувьд их тохиромжтой. Манай байр маш чанартай баригдсаны бас нэг шалгуур гэвэл дээд зэргээр хатаасан модон шалны завсраар зүү тэвнээс өөр юм орохооргүй нарийн шахаж хийсэн явдал. Хааяа ус алдахад доод давхрын айл руу ус нэвтэрнэ гэж байхгүй, хучаас нь тийм сайн. Гал тогооны өрөөний цонхон доор салхины нүхтэй, түүний наана шүүгээтэй. Энэ нүхээр гаднаас агаар орж ирэх тул байшин чийгтэх нь бага. Харин наад талынх нь шүүгээнд хүнсээ хийхээр зайрмагтаж хөлддөг. Бас унтлагын өрөөний хананд хувцасны шүүгээтэй. Энэ хавийн орон сууцны гадна талын будаг халцарч ховхрох нь бага. Тиймээс 1964-1990 он хүртэл нэг ч удаа засвар хийгээгүй. Сүүлийн 3-4 жилд л гадна талыг нь будах ажил хийсэн. Засвар хийхгүй байгаа болохоор одоо дээврээсээ шавар унах болсон.


Хотын барилгууд, тэдгээрт тулгамдаж буй асуудлууд 


Тухайн үеийн барилгууд бүгд өөр өөр дизайнтай, нэг нь ч давтагдахгүй. МУИС, Төв номын сан, УДЭТ, УДБЭТ, Хүүхдийн кино театр, Үйлдвэрчний төв зөвлөл, Хуримын ордон гээд бүгд их өвөрмөц. Засгийн газрын ордон урьд нь цасан цагаан өнгөтэй байсан. Их гоё харагддаг байлаа. Харин саарал өнгөтэй болсныхоо дараа БНАСУ-ын нэг хотын барилгатай их адилхан болсон шүү. Би зургийг нь харсан юм. Холоос Хүүхдийн ордон их далайд хөвж яваа том усан онгоц шиг харагддаг байсан бол одоо дэргэдүүр нь өндөр барилгууд баригдаад сүрийг нь дарчихжээ. Хүүхдийн урлан бүтээх төв нь герман, польшийн архитектурын хэв шинжтэйгээрээ ихээхэн онцлогтой. Хятадууд 19-ийн үйлчилгээний төвийн дизайнд Шанхай хотын архитектурын хэв шинжийг шингээх гэж оролдсон байдаг. Сүүлийн үед хуучны байруудыг маш ихээр акталж байна. Үнэндээ эдгээр байр бат бөхийн хувьд илүү сайн, мөн байршил сайтай. Байрууд хоорондоо хол зайтай учир тэрийг нь ашиглаж завсар чөлөөгүй барилга барьснаар 120 мянгат, 40 мянгат, Нэхмэлийн шар гэх мэт хуучин барилгуудын үнийг бууруулж, улмаар газрыг нь хувьчилж байна. 40 мянгат болон 120 мянгатын барилгын суурийг хэчнээн гүн ухсаныг бид мэднэ. Ний нуугүй хэлэхэд хотод хүчтэй газар хөдлөлөө гэхэд 120 мянгат, 40 мянгат, угсармал барилгууд л үлдэнэ. Шинэ барилгууд архитектур сайтай ч хятад арматур төмөр ашиглаж блокоор барьсан учраас найдваргүй. Ийм барилгууд 7-8 баллын хүчтэй газархөдлөлтөд тэсэх эсэхийг мэдэхгүй. Барилгуудыг дэндүү хурдан барьж байгаа нь осолтой. Бэхжилт байх ёстой атал бэхжүүлэхгүй байна. 


Угсармал байрууд хавтан хавтангаараа унадаг учир хамгийн аюултай гэж ярьдаг нь худлаа. Угсармал байшингууд Гитлерийн үед Германд бий болсон түүхтэй. Дэлхийн II дайны хөлд германчууд өч төчнөөн бөмбөгдүүлсэн ч бүгд угсармал байртай байсан учраас харьцангуй цөөн хүн амь алдсан байдаг. Угсармал байр дээрээс шууд дарж унадаггүй, дамнаж унадаг учир доор нь байгаа бүх хүн дарагддаггүй юм. Манайд хуучны гэж хэлэгддэг барилгууд үнэн хэрэгтээ хуучны барилгад тооцогдохгүй. Европ, Азийн зарим орнуудын барилга 100-1000 жилийн түүхтэй. Гадны орнуудад барилга сэргээн засварлах газрууд байдаг. Тэд барилгын чийгийг хянаж, тоосгыг нь хүртэл шинээр солин янзалдаг. Гол нь бага багаар яг хуучин загвараар нь засч шинэчилдэг. Харамсалтай нь манайд тийм байгууллага алга. 1990 оноос өмнө бол хотод хэт төвлөрөлт үүсэхээс сэргийлэн дагуул хотуудыг байгуулж, хөл хөдөлгөөний шилжилтэнд өндөр хяналт тавьдаг байсан. Монгол орон өргөн уудам нутаг дэвсгэртэй ч иргэд нь нийслэлдээ төвлөрч байгаа нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Хотод хүн амын хэт төвлөрөл үүссэнээр ажилгүйдэл ихээр бий болдог нь жам. 1992 онд Үндсэн хуулиараа хот, хөдөөгийн заагийг арилгасан. Иргэн хүн амьдрах газраа өөрийн дураар сонгох хууль нь хамгийн аюултай юм. Төр засаг тэр бүгдийг зохицуулж, шийдэж, байршлыг сонгох ёстой юм. Социализмын үед ийм дэгтэй байсан учраас Улаанбаатар маань цэгцтэй, цэвэрхэн, Азийн цагаан дагина байлаа. Одоо бол бүх зүйл эсрэгээрээ болжээ.


Ярилцлагыг: Д.Дашмөрөн 


Гэрэл зургийг: О.Төгсбилэг









Хүрээний Майдар эргэх ёслол

Эх сурвалж: ikon.mn, 2016.04.18


Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдэд Майдар эргэх их ёслол болсон билээ. Майдар бурхан Бурхан багшийн дараачаар Замбу тивд залран өөрийн сургаал номоо дэлгэрүүлэх сайн цагийн мянган бурхадын 5 дахь Бурхан юм байна. Их хүрээнд Майдар эргэх ёслолыг хэрхэн хийдэг байсан талаарх түүхээс хүргэж байна.


ХҮРЭЭНИЙ МАЙДАР ЭРГЭХ ЁСЛОЛ

Асрал нигүүслийн галаар хилэнг түлэн шатаагч

Аугаа билгүүний гэрлээр мунхагын харанхуйг арилгагч

Асар номын ялгуусны орлооч амьтны тусыг зохиогч

Ариун Түшитын оронд оршигч түүнд мөргөе.

Майдар бурхан бол энэрэл нигүүлсэл, эв нэгдэл, сэргэн мандалт, амар амгалан, хөгжил дэвшлийн бэлэг тэмдэг билээ.


Их хүрээнд хаврын адаг сар 10 ны орчим тогтмол өдөргүй тохирсон хоёр өдөр сонгож эхний өдөр нь "Их бурханы" өргөөнөөс "Чодин Жамба" гэдэг 80см орчим босоо дүрийг 4н дугуйтай өндөр том тэргэн дээр залж, "Их Майдар" гэж Зүүн хүрээний гадуур тойрон эргэж ёсолдог байв.


Энэ нь  Их Хүрээний  бүх аймгууд оролцдог нэгэн сонирхолтой зан үйлбайжээ. Дүг-шүхэр, Жанцан, Бадан, Тахил, Эрдэнэ зэрэг торгон чимэг хэрэгслүүдийг олон том, жижиг тэрэгнүүд дээр байрлуулж бэлтгэхийг гучин аймаг тус бүрд хувиарлан хариуцуулдаг байжээ.


Майдарын том тэрэгний орой дээр гол шүхрүүдийг Андуунар, Сангай, Зоогой гэх мэт аймгууд хариуцдагаас гадна Дүг-Шүхэр чимэг маш олон байсан учир аймгуудад 1-4 буюу 5-8 шүхэр, чимэгнүүд тус тус оногддог байжээ. Аймгууд чимэгнүүдээ жижигхэн 4-н дугуйтай модон тэргэн дээр авч явдаг бөгөөд үүнд "чимэг тулгуулах" гэж шүхэр чимгэндээ хор халгүй зөвхөн модон тэрэгнүүдээ хүчтэй тулгаж мөргөлүүлдэг байжээ.


Тийм учраас их хүрээний залуу лам нар өөрсдөө мөнгө төгрөгөө хуралдуулж энэхүү тэмцээнд зориулсан бөх бат хамгаалалт бүхий чимэгтэй тэрэгнүүдийг хоёр эгнэн урт оосроор чирч явахдаа өмнөө явсан нөгөө аймгуудын тэрэгнүүдтэй мөргөлдүүлэн тулгаж баяр хөөр болдог” байсан байна.


"Их бурханы"  Майдар эргэсний дараах өдөр нь  Богд хаан Живзундамба хутагтын орд өргөөний шар хашаан дотор "Дэргэдийн Майдар" гэж цөөн тооны голлох хүмүүс оролцсон Майдар эргэх ёслол болдог байжээ. Энэхүү Майдар эргэх хоёр ёслолын аль нь түрүүнд үүссэн талаар баримт алга хэмээн Д.Дамдинсүрэн "Их хүрээний нэрт урчууд" номондоо бичсэн байна. Мөн энэ ёслолын талаар А.М.Позднеев нэгэн тэмдэглэлдээ Их Майдар эргэх буюу ирээдүйн бурхан Майдарыг хүндэтгэх ёслол нь өргөөний хамгийн гайхалтай үйл явдалуудын нэг болдог байсан тухай бичсэн байна. Үүнээс үзэхэд Их Хүрээнд Майдар эргэх ёслол нь олон нийтийг хамарсан хамгийн чухал томоохон шашны зан  үйл байжээ.


Их Хүрээнд хэдий үеэс Майдар эргэх болсоныг Өндөр гэгээн Майдар бурханы суугаа босоо дүрүүдийг урласнаас эхэлэн Майдар эргэх ёслол бий болсон болвуу гэж бодож байна. Үүнийг цааш нь судлууштай юм.


Ирээдүй цагийн Майдар Бурханы морилон залрахыг билэгддэг энэ  ёслолыг "Зүүн хүрээ" Дашчойлин хийд нь хуучны хурал номын зан үйл, ёс заншилийн дагуу Майдар эргэх ёслолыг 1992 онд зуны эхэн сарын шинийн 3-ны өдөр дахин сэргээснээс хойш жил бүрийн зуны эхэн сарын шинийн 3-ны өдөр сүсэгтэн олонтойгоо хамтран үйлдэж байгаа билээ. 1992 онд анх Майдар эргэх ёслолд  Монгол түмнээ элчин багш хэмээн алдаршсан архад Күшок Бакула Түвдэнчогнор морилон ирж Майдар эргэх ёслолд оролцож байсан.


ХҮРЭЭ МАЙДАР

Энэрэн нигүүлсэхүй ирээдүй цагийн их шүтээн Майдар бурханы тайлбар оршвой.


Майдар бурхан Бурхан багшийн дараачаар Замбу тивд залран өөрийн сургаал номоо дэлгэрүүлэх сайн цагийн мянган бурхадын 5 дахь Бурхан юм.


Майдар бурхны тэргүүн дээр залран буй суврага нь түүний багш Бурхан Буддаг бэлгэддэг ба ирээдүйд дээдийн номыг дэлгэрүүлэхийн бэлгэдэл болгож Номын хүрдээр мутрын тэмдэг хийж, удахгүй Замбу тивд залрахын бэлгэдэл болгож хагас суугаа байдлаар залран байдаг бөлгөө.


Тийм ч учраас бурхны шашинт орнууд ирээдүй цагийн тус амгалангийн бэлгэдэл болсон Майдар бурхныг бүтээж, ирээдүйнхээ сайн сайхан бүхнээ даатган дээдлэн шүтэж ирсэн уламжлалтай. 


Хутагтын Их Хүрээ буюу өнөөгийн Монгол улсын Нийслэл Улаанбаатар хотод ирээдүй цагт залран ирэх Майдар бурханыг 1834 онд 5-р Жэвзүндамба хутагт Лувсан-Чүлтэм-Жигмэд-Дамбий-Жанцан богдын санаачилгаар олноо “Жидорын их хамба Агваанхайдав” хэмээн алдаршсан хамба номун хан Агваанхайдав голлон удирдан бүтээж нийт монголчуудын их шүтээн төдийгүй соёлын чухал нандин өв  болж байсан тухай гадаадын жуулчдын тэмдэглэл болон түүхийн баримтанд тодорхой дурьдагдсан байдаг.


Майдар бурхныг бүтээх их ажил өрнөн байх тэр үед ажлыг голлон удирдаж байсан хамба номон хан Агваанхайдавэнэхүү үйлс бүтэлтэй сайн болохын олон сайхан шинж, бэлгэ тэмдэгүүд үзэгдэж байсан гэдэг. Ялангуяа нэгэн удаад гэрийн гадаа нь үл мэдэгдэх бурхны өлмийн мөр тодоос тод үлджээ.


Хамба номон хан тэрхүү мөрийг сайтар үзэж шинжилсэний эцэст Майдар бурхны мөр болохыг тогтоон, тэрхүү өлмийн мөрний хэмжээнд үндэслэн, бүтээж буй Майдар бурхныхаа тиг хэмжээг тогтоосон ба энэ нь 5 настай балчир хүүхдийн тохойгоор хэмживэл 50 тохой болно хэмээн үзэж Хүрээ Майдар бурхныг дуганы хамт бүтээсэн түүхтэй.


МАЙДАР БУРХНЫГ ДОЛНУУР ХОТОД УРЛУУЛЖЭЭ


Майдар бурхны дуган нь Монгол, Төвд, Хятад үндэстэнүүүдийн уран барилгын онцлогыг нийлмэл цогц болгон тусгасан хэдий ч үндэснийхээ хэв шинжийг түлхүү хадгалсан 3 давхар модон дуган байсан.


Уг Майдар дацан нь шүтээн мөргөлийн дацан байсан бөгөөд шашин соёлын зан үйл, хурал номын үйлийг түлхүү эрхэлдэг ба жил бүрийн “Майдар эргэх” зан үйлийг голлон гүйцэтгэдэг байжээ.


Гэвч XX зууны 20-30 онуудын цаг төрийн өөрчлөлтөөр шашин номын үйл ажиллагааг хааж, сүм дугануудыг нураан газар дээр нь шинэ барилга байшингууд барьсанаар 1943 онд Майдар бурханыг дуганы хамт үгүй болгосон билээ.


1990-ээд оны эхэн үеэс Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн Тэргүүнхамба Ч.Дамбажав ламтан тэргүүлэн бусад лам нарын хамтуламжлалт шашин соёлын нандин өвболох ХүрээМайдар бурхныг дуганы хамт дахин сэргээх буянтай үйлсийг санаачлан эхлүүлсэн юм. Уг ажлыг амжилттай бүтээхийн үүднээс Хүрээ Майдар бурхан болон дуганы тухай судалгааны ажлыг хийж уг бурханыг Хутагтын Их хүрээнд бүтээсэн үйл ажиллагааны талаар тодруулж ажлынхаа суурь болгосон. Улмаар 2005 онд Хүрээ Майдар бурханыг дахин бүтээх ажлыг албан ёсоор нийтэд танилцуулж эрчимжүүлсэн бөгөөд хуучин уламжлалт хэв шинжийг хадгалж бүтээх судалгааг хийж дуусгасан.


2007 онд Хүрээ Майдар бурхны бүтээх эх загварыг Чойжин ламын сүм музейд залагдаж байгаа Анхдугаар богд Өндөр гэгээн Занбазарындэг сургуулийн дагуу бүтээгдсэн Майдар бурханаас хуулбарлан томруулах аргаар МУЭ-ийн барималч Н.Оргил 1.6 метрийн өндөртэй бүтээсэн.


Энэ нь Төвд, Хятад болон бусад бурханы шашинт азийн орнууд бүтээгдсэн Майдар бурхадаас ялгаатай, ур хийц, харагдах байдлын хувьд Өндөр гэгээн Занабазараас уламжлагдаж ирсэн монгол шинжийг агуулсан онцлогтой бүтээл болж чадсан. 2010 онд  БНХАУ-ын Бээжин хотын Найралт Найрамдах / Yong He Gong/ хийд нь Зүүн Хүрээ Дашчойлин хийдэд Хүрээ Майдар бурханыг өөрсдийн хөрөнгөөр бүтээж Монголын бурхан шашинтануудад үнэ төлбөргүй, буцалтгүй тусламж болгон өргөхөөр тохиролцож бурхан бүтээх ажил эхэлсэн.


2013 онд Хүрээ Майдар бурханыг БНХАУ-ын Сычуан мужийн Чэндү хотын “Sichuan Karma Bisno-Tibetan Artand Culture Development Co., LTD”компанид Төвд болон Балба урчууд барималч Н.Оргилын бүтээсэн эх загварын дагуу зэсээр бүтээж дууссан. Бид Чэндү хот руу Майдар бурханыг бүтээх үйл явц, эх загварын дагуу  бүтээж байгаа эсэхийг хянуулахаар ажлыг хэсгийг шаардлагатай үе болгонд явуулан ажиллуулж байсан.


2014 оны 06-р сарын 13-ны өдөр Хүрээ Майдар бурханыг Зүүн Хүрээ Дашчойлин хийдэд хүлээн авах ёслол болсон бөгөөд 2015 онд бурханаа барьж угсран бүрэн дуусгаж сүсэгтэн олондоо өргөн барихаар төлөвлөн ажиллаж байна.


Майдарын дуганы зураг төслийг “BALDAN’S” ХХК-ны архитекторч Д.Балдан хийж гүйцэтгэсэн. Дуганы хувьд орчин үеийн  барилгийн шаардлагад нийцсэн хүүхэд залуучууд, нийслэлийн иргэд,  сүсэгтэн олны эрэлт хэрэгцээг хангасан 5 давхар шилэн бүтээцтэй барилга байх бөгөөд давхар болгондоо олон нийтэд зориулсан шашин соёл,зан үйл, хурал цуглаан, дээдийн номын сургаалыг тайлбарлах лекц сименар, бясалгал хийх зэрэг өрөө танхимуудтай байхаар тусгасан. Мөн дуганы барилгад гал унтраах автомат төхөөрөмж, дохиолол мэдээлэл, теле хяналтын систем зэрэг орчин үеийн техник технологийг ашигласан SMARTшийдлийг нэвтрүүлсэн дуган байхаар төлөвлөн ажиллаж байна.


Хүрээ Майдар бурхныг дуганы хамт бүтээснээр нийслэл хотын маань өнгө үзэмжтэй нэгэн сайхан цогцолбороор нэмэгдэж, гадаад дотоодын жуулчин мөргөлчдийн очих дуртай эрхэм газруудын нэг болох нь дамжиггүй юм.Үүнээс гадна цаашид  бурхны шашинт орнуудад үйл ажиллагаагаа явуулж буй Майдарын төвүүдтэй холбоо тогтоон хамтран ажиллаж олон улсын Майдарын төв болгох эрхэм зорилготой болно.


Эх сурвалж: МБШТөв Гандантэгчэнлин хийд