Showing posts with label earthquake. Show all posts
Showing posts with label earthquake. Show all posts

"Улаанбаатарын уулархаг, хад чулуутай газар 7, Туул гол руугаа 8, 22-ын товчооны баруун зүгт 9 баллын газар хөдлөх эрсдэл бий"

Эх сурвалж: ikon.mn,  2022.03.24





Монгол орны газар хөдлөлтийн өнөөгийн нөхцөл байдал, анхаарах зүйлсийн талаар ОБЕГ болон бусад холбогдох байгууллагууд мэдээлэл хүргэлээ. Үүнтэй холбоотойгоор Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ц Батсайхан "Манай улс нь газар хөдлөлийн идэвхтэй бүсэд байрладаг. Ялангуяа 20 дугаар зуун гарсаар газар хөдлөлт найман магнитуд давсан байна.  Ийм газар хөдлөлт манайд дөрвөн удаа тохиолдсон байдаг. Өнгөрсөн оны байдлаар газар хөдлөх тоо 260 мянгад хүрсэн байгаа юм. Тухайлбал, 3.5 магнитудаас илүү хүчтэй 260 орчим газар хөдлөлт болжээ.


Сүүлийн арван жилийн дунжаас харвал 3.5-аас илүү хүчтэй газар хөдлөлтийн тоо нэмэгдэж байгаа нь эрсдэл, гамшиг ойртож буйн дохио юм.


Газар хөдлөлтийн магнитуд удаа дараа давтагдсаны дараа илүү хүчтэй газар хөдлөх эрсдэл нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, 6 магнитудын газар хөдлөлт хэд хэдэн удаа давтагдсаны дараа 7 магнитудын газар хөдлөлт болох магадлал өсдөг гэсэн үг.


Манай орны нутаг дэвсгэр дээр 6.5 магнитудын газар хөдлөлт сүүлийн үед хэд хэд ажиглагдлаа. Энэ нь 7 магнитудын газар хөдлөх, томоохон эрсдэл үүсэх дохио болж мэднэ" хэмээн хэлсэн юм. 


Тэрбээр нийслэл орчимд газар хөдлөх эрсдэл ямар байгаа талаар хэлэхдээ "Улаанбаатар хотын уулархаг, хад чулуутай газар 7 магнитуд, Туул гол руугаа 8 магнитуд, Хустайн нуруунаас нааш голомттой ойрхон 22-ын товчооны баруун зүгт 9 баллын газар хөдлөлт ажиглагдах эрсдэлийн судалгаа бий.


Ерөнхийдөө хөрсний зонхилох давтамж, барилга байгууламж болон аюулт долгионы зонхилох давтамж нэгдсэн тохиолдолд хүчтэй мэдрэгдэж, сандрал үзүүлнэ. Жишээлбэл, Улаанбаатар хотод өнгөрсөн онд гурван удаагийн газар хөдлөлт мэдрэгдсэн байдаг. Хэдийгээр байшин барилга эвдрээгүй ч маш тааламжгүй мэдрэмж төрүүлсэн" хэмээн мэдээлсэн юм. 


Д.Жаргал: Төв номын сан, Дуурь бүжгийн эрдмийн театр, Занабазарын музей зэрэг түүх соёлын барилгууд газар хөдлөлтөд тэсвэргүй

Эх сурвалж: ikon.mn,  2022.03.24






Манай улсын газар хөдлөлтийн өнөөгийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх ажлын талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэв.  Тодруулбал, БХБЯ, ОБЕГ, Одон орон геофизикийн хүрээлэн, МХЕГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран хэвлэлийн хурал зохион байгуулсан юм. 


Манай улсын барилга байгууламжууд газар хөдлөлтөд тэсвэртэй эсэх тухай МХЕГ-ын зүгээс мэдээлэл хүргэлээ. Энэ талаарх тоо баримтыг дурдвал, 


Улсын хэмжээнд нийт 130 мянга гаруй барилга байдгаас Улаанбаатарт 118 мянга орчим нь бий. Эдгээр барилга байгууламжийн 13.1 хувь буюу 17 мянган барилга газар хөдлөлтөд тэсвэргүй. 

Нийслэлийн хэмжээнд 340 орон сууцны насжилт хэтэрсэн учраас ашиглаж болохгүй гэх дүгнэлтийг гаргасан байдаг. Үүнээс 68 орон сууцны ашиглалтыг зогсоосон. Харин бусад барилга байгууламжууд нь засвар арчлалт хийх шаардлагатай байгаа. 

Нийт 609 соёлын холбогдолтой барилга байгаагаас 26.1 хувь нь газар хөдлөлтийн бат бөхийн шаардлагыг хангадаггүй. Тухайлбал,  Чойжин ламын музей, Занабазарын музей, Спортын төв ордон, Дуурь бүжгийн эрдмийн театр, Төв номын сан гэх мэтчилэн барилгууд газар хөдлөлтөд тэсвэргүй байгаа юм. 


МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал "Сүүлийн жилүүдэд барилга байгууламжийн ашиглалтын төлөв байдал, газар хөдлөлтийн тэсвэржилтэд анхаарах үүднээс МХЕГ-аас БХБЯ болон холбогдох яамтай хамтарч ажиллаж байгаа. Тиймээс аймаг, орон нутгийн барилгын судалгаа, эрсдэлийн төлөв байдлын талаарх санал зөвлөмжийг Соёлын яам болон Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлж байна" гэв. 


Д.Батзориг: Улсын хэмжээнд газар хөдлөлтөд тэсвэргүй 127 эмнэлэг, сургууль, цэцэрлэг байна

Эх сурвалж: ikon.mn,  2022.03.24





Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 66 хувь нь 7, 8, 9 баллын бүсчлэлд байдаг талаарх судалгааг холбогдох албанаас танилцууллаа.


БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзоригийн мэдээлсэн тоо баримтыг хүргэж байна. 


Улаанбаатар хотын Налайх, Багануур, Багахангай, Эмээлт дүүргүүдийн хэмжээнд нийт 57 мянган га газарт хөдлөлтийн судалгааг хийж үзсэн. Судалгааны дүн мэдээллээс харахад нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн 98 хувь нь газар хөдлөлтийн 7-8 баллын бүсчлэлд байна.

Тодруулбал, 7 баллд 47 хувь, 8 баллд 50 хувь, 9 баллд нийслэлийн газар нутгийн хоёр хувь хамаарч байна гэсэн судалгаа гарсан.

Улсын хэмжээнд ашиглалтын шаардлага хангаагүй, газар хөдлөлтөд тэсвэргүй 127 эмнэлэг, сургууль, цэцэрлэг байна. Эдгээр барилгыг буулгаж, шинээр барих зардалд 492 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм.

Мөн тэрбээр "2022 оны барилгын салбарын баримт бичгийн төлөвлөгөөнд найман төрлийн норм дүрмийг шинэчлэн боловсруулах ажлыг тусгаад байна" гэсэн юм.

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөрлөг

Эх сурвалж: ikon.mn,  2022.03.23


"Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр"-ийг угтаж тус арга хэмжээг өнөөдөр Чингэлтэй дүүрэгт зохион байгууллаа.


Харин маргааш 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулах юм. 


Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог гурван удаа дамжуулснаар иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж дадлага сургуульд орно. 







































Гуравдугаар сарын 24-ний 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын дохио дуугарна

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.17


Гуравдугаар сарын 24-ний өдрийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилалтыг зохион байгуулна.


Газар хөдлөлт болон томоохон хэмжээний аюулт үзэгдэл, осол тохиолдоход хэрэгжүүлэх өрхийн төлөвлөгөөг гэр бүлээрээ хамтран боловсруулж гаргасан төлөвлөгөөгөө энэхүү дадлага сургуулийн үеэр туршиж тодотгох, өрх гэрийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.


Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог 3 удаа дамжуулснаар иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж дадлага сургуульд оролцоно.

Эхний  дохио дуугарахад иргэн та “суу, нүүгд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ үү.


Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээнэ үү.


Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ үү.


Хоёр дахь дохио дуугарахад анги хамт олноороо байгаа бол толгойгоо халхлан яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна уу. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхаарна уу.


 Гурав дахь дохио дуугарахад та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, гэр бүлийн гишүүд, анги хамт олны мэдээллийг үнэн зөв тодорхой өгнө үү.


Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд идэвхтэй оролцохыг Онцгой байдлын ерөнхий газраас уриаллаа.




Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлнэ

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.12





Нийслэлийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн анхдугаар хуралдаан болж, 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлын биелэлт, 2022 онд төлөвлөсөн үйл ажиллагааны талаар хэлэлцжээ.


Хурлаас нийслэлийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулах, төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагааг байгууллагын болон холбогдох төлөвлөлтөд тусган хэрэгжилтийг хангуулан, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх, дүүргүүд 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг хангуулах үүрэг чиглэл өглөө.


Мөн Засгийн газрын 2021 оны “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны бүтэц, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны орон тооны хязгаарыг батлах тухай” 360 дугаар тогтоолын хүрээнд зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх захирамж гаргахыг чиглэл болголоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.