Showing posts with label interview. Show all posts
Showing posts with label interview. Show all posts

ГУТАЛ #18: "Төрийн банк хаалтаа намсгаасай, автобусны жолооч нар бордюрт шахаад зогсож байгаасай"

Эх сурвалж: Г.Тэгшсүрэн, gogo.mn, 2023.03.12


Гуталгүй, гутал өмсөх боломжгүй ч хүн байгаа.



Хар, цагаан. Бор, шар. Майжиг, жайжиг. Гялгар, гялтгар. Шороотой тоостой...Энэ хотод, эргэн тойронд хэчнээн олон хэлбэр маягтай гутал холхино вэ.


Гадаа хүйтэнд өдөржин хөл хавсран суух худалдаачны гутал. Баасан гарагийн орой бүдчин байж гэртээ харих шоучны гутал. Хавартай хамт хайр мөрөөсөж яаралгүй алхах залуугийн хөлдөө жийсэн байдаг л нэг ботинк.


Гутал бүр хаа нэг тийш яаравчилна. Зорилгогүй тэнэж яваа бололтой зүүн тийш, тэгснээ баруун тийш буцаж эргэн холхих гуталтай ч таарлаа. Ер нь энэ гутлууд хаа хүрдэг бол?.


Хүн бүр гуталтай. Гутал бүрийн цаана амьдрал бий. Үгүй ээ, бас гуталгүй, гутал өмсөх боломжгүй ч хүн байгаа.


"Би ажлынхаа хүнд "ГУТАЛ" нэртэй буланд оролцоно гэж ярьтал "Чи хамгийн гоё гутлаа өмсөх үү" гэж асуусан. Өвөл, хавар, намар, зун. Цастай, бороотой, шавхайтай, шавартай аль ч үед солилгүй өмсдөг ганц гутал минь миний тэргэнцэр шүү дээ" гэж тэр ярив. Түүний гутал том размертай. Үүнээс болж энэ хотод амьдрахын тулд эзэн, гутал хоёр нүд үзүүрлэгдэх тохиолдол цөөнгүй.


Өнөөдөр Мартын-8. Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Иймд тэргэнцэр гэх том "гутал"-тай, 30 гаруй насны залуу эмэгтэйн зөрчигддөг эрхийг Улаанбаатарын гудамжнаас хамт хайв.


1. Хавдрын эмнэлгийн хажуугийн байранд тэр амьдардаг. Автобусны ойрхон буудал бий. Гэвч тэндээс налуу шаттай автобус явахгүй тул Зүүндөрвөн замын автобусны буудал руу хүрч очно. Очих замд асуудлууд тулгарах юм аа. Авто замын бордюрыг явган хүний замтай уусгалгүй огцом налуу барьж, байгуулснаас болж хэн нэгнээс тусламж хүсэх шаардлага тулгарч байна. Ойр хавьд хүнгүй бол тэргэнцрээ эргүүлж байгаад ухарна. Ингэж гарахгүй бол хойш савж унах эрсдэлтэй.


Явсаар автобусны буудал дээр хүрч очоод олноос зайдуу захад зогсов. Уулзварын цаанаас ирж буй автобус руу алсаас гараа өргөвөл жолооч түүнийг харж бордюр руу шахаж зогслоо. Автобусны арын хаалга онгойвол зорчиж явсан хоёр залуу бууж ирж бүсгүйд тусалснаар тэр суулаа. Ингэж сэтгэлээрээ, санаачилгаараа тусалсан хүмүүс "Эмнэлэг орох гэж яваа юм уу" гэж асуух нь цөөнгүй гэнэ. Үгүй ээ, тэр ажилдаа явж байгаа юм. Түүний ажил ТБД андуудад.


Автобусны жолооч нар өнөөдрийнх шиг үргэлж найрсаг байдаггүй, орхиод явчихдаг тохиолдол бишгүй. Тэргэнцэртэй хүн тэр болгон нийтийн тээврээр үйлчлүүлэхгүй. Хаа нэг үйлчлүүлсэн тохиолдолд автобусны жолооч нар сэтгэлээсээ хандаад,  налуу зам байдаг бол гаргаж өгөөд замын бордюр руу шахаж зогсож суулгах, буух газрыг нь асуучихвал бүр ч тустай аж.


Төв замаар зөвхөн Ч:1 чиглэлийн урт автобусанд л сууж ажилдаа явах боломжтой байсан бол сүүлд шинэ автобуснууд оруулж ирснээр хоёр давхар, урт, улаан гэх сонголттой болжээ. Гэхдээ техникээ, автобусаа шинэчилж хүртээмжтэй нийтийн тээвэртэй боллоо ч жолооч нар налуу замаа дэлгэхээс залхуурдаг, зарим нь үүнийг хэрхэн ашиглахыг ч мэддэггүй, мөн тэргэнцэртэй хүнийг суулгаж, буулгахад сэтгэл нь дутдаг хэвээр аж. "Бид ч гэсэн нийгэмдээ идэвхтэй оролцоод ажиллаж, амьдармаар байна шүү дээ".


2. Хааяа таксидна. Гэтэл таксины жолооч нарын төвөгшөөх хандлага түүнийг хамгийн ихээр шантраана. Такси дуудлагын компанитай холбогдож километр нь таван мянгаар явах тав тухтай үйлчилгээг захиалсан. Нэмээд "Би тэргэнцэртэй юм аа" гэдгээ хэлэхэд зөвшөөрсөн. Лифтээр нэг давхарт буугаад, орцны үүдээр гарахын өмнө таван шат бий. Энэ шатыг ганцаар давах боломжгүй тул таксины жолоочийг "Та намайг буулгаад өгөх боломжтой юу" гэж тусламж хүсэхэд тийм үйлчилгээ тусдаа, түүнийг дуудахгүй яасан юм" гэж төвөгшөөжээ.


Зарим таксины жолоочийн бүдүүлэг үйлдэл бүр ч хэцүү аж. Хэд хэдэн таксины жолооч "Хөл чинь мэдрэх үү" гээд гуянд нь хүрсэн. Цаашлаад бэлгийн харилцаанд ороход яаж мэдэрдэг вэ гэх зэргээр хүний эрхэд маш бүдүүлгээр халдаж үг, үйлдлээрээ хүчирхийлсэн тэнэглэлтэй тэр таарчээ. "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өрөвдөөд, хөөрхийлөөд, даапаалаад ч байгаа юм шиг үйлдэл, хандлагаа болиосой".


3. Дараагийн асуудалтай банканд нүүр тулна. Жишээ нь, 13 дугаар хороолол, 25 дугаар эмийн сангийн орчимд байрлах Төрийн банкны ажилтан, үйлчлүүлэгч хоёрын дундах хаалт маш өндөр. Ингээд тэргэнцэртэй хүн үйлчлүүлэхэд ажилтны царай ч харагддаггүй гэнэ. "Хаалт нь өндөр учраас теллер хамт яваа хүнтэй минь л яриад байдаг. Уг нь би үйлчилгээ авч байгаа шүү дээ. Энэ мэтчилэн биднийг хүн биш юм шиг хандах нь таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Төрийн банкныхан хаалтаа намхан болгоосой".


4. Түүний амьдрах эрхийг зөрчдөг дараагийн нэг асуудал нь хандлага. Гадуур явж байхад нь 50-60 орчим насныхан гэнэтхэн толгойг нь илээд эвийлнэ. Эсхүл мөнгө өгнө. Тэр гуйгаагүй. Амьдарч буйнх нь төлөө бусдаас өөрөөр мэдрүүлэх гэсэн энэ мэт хандлагууд дахиад л таагүй сэтгэгдэл төрүүлдэг байна. "Автобусанд суух, довжоо давах зэрэг жижигхэн саад таарахад л найрсгаар туслаад өгчих. Тэгээд л боллоо, түүнээс битгий өрөвдөөрэй" гэж тэр хүссэн. Залуу хүн юм хойно, хааяа ажлынхантайгаа бүжгийн клуб орно. Гэтэл "Ямар мундаг юм бэ" гэж магтдаг. Хүрч ирээд тэвэрч аваад гар барина. Хөгжлийн бэрхшээлтэй хүн шоудах эрхгүй мэт хардаг. "Бид чинь бусадтай адил гармаар, ормоор байдаг. Амьдарч л байгаа юм чинь та бүхний мэдэрч буйг адилхан мэдэрмээр байдаг юм аа. Гэтэл харц чинь үнэхээр "аймар" байдаг шүү.


5. Түүний гутал нь тэргэнцэр. Бид таараагүй гутлаа өмсөхөд хөл холгодог. Үүнтэй адил тохирсон тэргэнцэр дээр суухгүй бол хүний ташаа, ахар сүүл, нуруу холгодог байна. Энэ нь даамжраад ясыг гэмтээх зэрэг илүү том асуудал үүсгэх магадлалтай гэнэ.


Монгол Улсад 20 гаруй мянган тэргэнцэртэй иргэн бий. Тэдэнд гурван жилдээ нэг удаа 250 мянган төгрөгийн үнэтэй тэргэнцэр олгодог аж. Хүн 250 мянган төгрөгийн үнэтэй гутал аваад түүнийгээ өвөл, зун, намар, хавар. Бороотой, шороотой, цастай гээд бүхий л хугацаанд өмсвөл гурван жил хэрэглэж чадах болов уу? Үүнийг тэрбээр халамж  батлаад сууж буй хүмүүсээс асуусан юм. "Тэргэнцэргүй бол бид нийгэмд оролцож чадахгүй, гадуур гарахгүй л гэсэн үг шүү дээ".


Түүний зөрчигддөг таван эрх бас таван хүсэл энэ. Өрөвдөхгүй тусалж, гайхдаг хандлагаа халж, Төрийн банк хаалтаа намхан болгоод, автобусны жолооч нар налуу замаа дэлгэж, бордюрт шахаад зогсоод өгөхөд л бүсгүй энэ хотод бэрхшээлгүй амьдарчихна.


Тэр 2013 онд хүзүүний нугас дарсан хавдрын мэс засалд орсон. Хагалгааг 100 хувь амжилттай болно гэж бодсон ч, хөл дээрээ босож чадахгүй болоод гарч иржээ. Хожим Францын хүзүү, нуруу, нугасны мэргэшсэн эмчид үзүүлэхэд "Харамсалтай, хагалгааг буруу хийсэн байна" гэжээ.


Нэг эмчийн хариуцлагагүй үйлдэл нэг амьдралыг өөрчилснөөс хойш 10 жил өнгөрчээ. "Өдий зэрэгтэй сэтгэлийн тэнхээтэй амьдралд хүрэх гэж би маш олон зүйл туулсан. Ээж байхгүй бол би байхгүй.  Эмч нар намайг асаргаа сайтай байна гэдэг. Энэ бол ээжийн минь намайг гэх хайр" гэж бүсгүй ярьсан.












Сурвалжилга: "Гоожингийн өндөр"-ийг нурааж, цэцэрлэг барина

 Эх сурвалж: news.mn. 2022.08.02. А.Цээсүрэн


News.mn агентлаг 2019 оноос “Аврал эрсэн Гоожингийн өндөр”  сурвалжлагаараа түүхэн дурсгалт барилгын асуудлыг хөндсөн. Ад шоо үзэгдсэн энэ "балгас"-ыг нэн даруй авран хамгаалах шаардлагатайг судлаачид хэлж сануулсаар л байгаа.


Хотын дарга Д.Сумъяабазар шинэ оны босгон дээр /2021.12.29/ түүхэн барилгыг хамгаалалтад авах тухай захирамж гаргаж буйгаа зарлаж шоудсанаас хойш долоон сар өнгөрчээ. Мөн хувийн эзэмшилд очсон газар эзэмших эрхийг нь цуцалж, шүүхээр түүхэн барилгын үнэлгээг эцэслэн тогтоохоор болсон.


Гэвч өдийг болтол дорвитой ажил хийсэнгүй. Албаныхнаас энэ талаар тодруулахад судалгааны ажил хийж, үнэлгээг нь шүүхээр тогтоохоор ажиллаж байна гэх хариултыг өгдөг. Харамсалтай нь ахисан ажилгүй, тухайн газрын эзэдтэй ч уулзаагүй гэдгийг эх сурвалж мэдээлсэн юм. Тиймээс түүхэн барилгын өмчлөл болон сэргээн засварлах ажил хэзээ эхлэх талаар дахин сурвалжиллаа.


Оршин суугчдын зүгээс "Энэ түүхэн барилгыг сэргээн засварлана гэсэн боловч өдийг болтол юу ч хийсэнгүй. Үнэхээр засч янзлаад музей байгуулбал сайхан л байна" гэж байлаа.


"Гоожингийн өндөр"-ийг 1992 онд нийслэлийн өмчид шилжүүлэх тушаалыг тухайн үеийн Эдийн засгийн коллежийн захирал Р.Амаржаргал гаргаж байсан. Уг тушаалд 58.500 төгрөгийн үнэтэй "Гоожингийн өндөр" гэх есөн айлын хоёр давхар сууцыг актлан, данснаас хасч, түүхийн дурсгалт барилгын хувьд Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсүгэй гэжээ. Гэвч нийслэлийн удирдлагууд тухайн үед өмчөөр бүртгэж аваагүй. Одоо газар эзэмшигчид тэрбум төгрөгөөр газрыг үнэлж буй юм.


Нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.МӨНХ-ЭРДЭНЭ:


-“Гоожингийн өндөр” барилгын өмчлөлийн асуудлыг судалж, тогтоохоор нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан. Шүүх хурал нь түр хойшилсон. Бидний зүгээс шүүхийн шийдвэрээ дагана. Тухайн газрын эзэд харилцан тохиролцох санал тавьсан. Хотын дарга Д.Сумъяабазар шинэ оны босгон дээр /2021.12.29/ түүхэн барилгыг хамгаалалтад авах тухай захирамж гаргасан. Уг шийдвэрийн дагуу Ерөнхий сайд асан Т.Намнансүрэнгийн гэр музей болгон тохижуулах судалгаа хийж, зураг төсөл нь бэлэн болсон. Бид тухайн газар дээрээ музей болгон тохижуулах хатуу байр суурьтай байгаа. Түүхэн дурсгалт барилгын газар нь түүхтэй учраас миний хувьд нүүлгэн шилжүүлэхгүй гэж бодож буй. Газрын эздийн зүгээс байшингаа аваад, газраа өгчих гэдэг санал тавьсан. Бид зөвшөөрөөгүй. Хэрвээ тэрбум төгрөг нэхэмжлэх юм бол шүүхийн шатанд шинжээч томилж, ажиллана. Гэвч одоо тийм шатанд шүүх хурал болоогүй байна.


Хэрвээ тухайн газар дээр одоогийн барилгыг музей болгон сэргээн засварлавал мэргэжлийн сэргээн засварлагчидтай хамтран ажиллана. "Гоожингийн өндөр" барилгын 1988 онд сэргээн засварлах анхны зураг төслийг хийж байсан. Тэр үед зураг төсөл нь бидэнд бий.


Нийслэлийн Соёл урлагийн соёлийн хэлтсийн дарга Г.ЖАНЦАНСАМБУУ:


-"Гоожингийн өндөр"-ийн асуудал шүүхийн шатанд очоогүй байгаа. Манайхаас тухайн газрын эздэд сануулах бичиг хүргүүлсэн. Бид энэ асуудлаар дорвитой ажил хийгээгүй л байна.


Газрын эзэмших эрхийг цуцлахдаа үйл ажиллагаа явуулахгүй байна гэдгээр цуцалсан. Гэтэл тэнд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг өөрсдөө хориглож буй. Учир нь барилгыг нь нураах гэхээр соёлын өв гэнэ. Байшинг нь нураахгүй ашиглах гэхээр хүн амьдрах боломжгүй гэх мэргэжлийн хяналтын дүгнэлттэй. Тог цахилгаан, дулаан, ус ч байхгүй газар яаж үйл ажиллагаа явуулах вэ дээ.


Газар дээр нь байгаа үл хөдлөх хөрөнгийг нь авчих гэхээр ажил нь урагшилдаггүй. Анх үнэлгээ хийлгэхэд тэрбум төгрөг гэж гарсан. Гэвч бид соёлын өвийн барилгыг анх худалдаж авсан үнээр нь авчих гэдэг саналь тавьсан. Тэр үнийг нь хэлэх боломжгүй. Бид цэцэрлэг барих зөвшөөрөл гаргахдаа хэдэн давхар барилга барихаа хэлээд өгчих, өөр зориулалтаар барилга барьвал цуцалчих гэж нийслэлд хандсан. Биднийг Д.Мөнх-Эрдэнэ "Шүүхэд хандчих" гээд захиргааны хэргийн шүүхэд хандсан чинь анхан шатны шүүхээс хоорондоо эвлэрэх аман шийдвэр гарч, хурал нь хойшилсон" тухай ярилаа.


Архитектор Г.НЯМЦОГТ:


-Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах газрыг 1973 оноос байгуулсан түүхтэй. Хэрэв өдий хүртэл ажилласан бол үйл ажиллагаа нь цэгцэрчихсэн, олон улсын түвшинд хүрчихсэн байх байлаа. Гэвч 1993 хувьчлагдаж, үйл ажиллагаа нь бүрэн зогссон. Тус газар түүх соёлын дурсгалт барилгын бүх зураг төслийг хийж батлуулаад, сэргээн засварлалтын ажлыг хийдэг байсан. Дотроо мужааны цех, керамик үйлдвэр гээд сэргээн засварлалтын бүх төрөл багтдаг байв. Тэндээс төрөн гарсан доктор цолтой мэргэжилтэн олон бий. Одоо энэ газар ажиллаж байсан мэргэжилтнүүд ахмад настан болж, цөөн үлджээ.


Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах газар байх үед улсаас бодлогоор өв соёлын дурсгалт барилгуудыг ээлж дараагаар нь сэргээн засахаар ажиллаж байсан. “Гоожингийн өндөр” барилгын ойролцоо Улаанбаатар хотын музей, Г.Дэмид жанжны байшин, төмрийн завод гэх мэт түүх соёлын дурсгалт барилга олон бий.


Тэр дундаас 1988 онд “Гоожингийн өндөр”-т судалгаа хийж, сэргээн засварлалтын ажлын зургийг нь хүртэл хийсэн. Харамсалтай нь, газар нь хувьчлагдсаны улмаас энэ бүх ажил цаасан дээр л үлдсэн дээ.


Миний хувьд хоёр, гурван жилийн өмнө “Гоожингийн өндөр” барилга дээр Аса аварга Д.Дагвадоржтой хамт очсон. Өмнө нь ч хэд хэдэн удаа очиж байсан. Ер нь сэргээн засварлахдаа тухайн түүхэн барилгын дүр төрхийг хадгалах нь хамгийн чухал. “Гоожингийн өндөр” барилгыг нэн яаралтай хамгаалалтад авч, өмчлөлтэй болгож, тухайн газрыг цэвэрлэх шаардлагатай. Барилгын дотор тал нь шатсан.


Хоёрдугаарт, тухайн барилгын эргэн тойронд өндөр өндөр орон сууц бариад газар гэх юм үлдээгүй. Түүх, соёлын дурсгалт барилгыг буулгаад, эргүүлээд тэр чигээр нь өөр газар барьдаг нэг арга бий. Энэ бол олон улсад ашигладаг сэргээн засварлалтын арга. Энэ мэт түүхэн барилгыг авран хамгаалахын тулд Түүх, соёлын дурсгалт барилгыг сэргээн засварлах газрыг дахин байгуулах шаардлагатай. Монголын сэргээн засварлалтын мэргэжилтнүүд төсөв мөнгийг нь шийдээд өгвөл сайн ажиллаж чадна. Орчин цагт ур чадвартай мэргэжилтнүүд, техник технологи, багаж тоног төхөөрөмж хангалттай болсон" гэж өмнө нь хэлж байв.






















Түүхч Д.Өлзийбаатар: Шатсан “East” төвийн бууринд “Бат гүн” гэх шорон байсан

 Эх сурвалж: gogo.mn, 2022.06.30. Э.Оргил


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар төрийн шагналт түүхч, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатартай уулзлаа. Уулзалтаар Баянзүрх дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр, XIII хороолол буюу Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд талд байрлах шатсан “East” төв орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох тухай санаачилгаа танилцуулан, түүхийн талаас нь зөвлөлдөв. 


Түүхч Д.Өлзийбаатар “East” төвийн бууринд “Бат гүн” гэх шорон байсан. 1912 онд Олноо өргөгдсөн Богд хааны зарлигаар Их хүрээний зургийг бурхач Жүгдэрээр ахлуулан нэртэй бурхач, зураачид бүтээсэн. Тус бүтээлд “Бат гүн” шоронг тодорхой дүрслэн буулгасан байдаг.


Манжийн үеэс л улбаатай шорон байгаа юм. Хожим Ардын засгийн жилүүдэд өөрчлөгдөн, Төв гяндан буюу хорих байр болж, олноо “Бат цагаан” шорон хэмээн нэрлэгдэх болсон. Тухайн үеийн шоронгууд өндөр модон шургааган хашаатай байсан гэдэг. Тиймээс тэндээс хоригдлууд оргож чаддаггүйн дээр барилга нь цагаан өнгөтэй байсан тул олон түмэн тийн нэрийдсэн. Эх орныхоо төлөө тэмцэж байсан олон эр тэнд хоригдож байсан түүхтэй. 1950-иад оны сүүлчээр шоронгийн үйл ажиллагаа зогсож, арьс өнгөний эмнэлэг болсон. Эмнэлгийн байдлаар үйл ажиллагаагаа явуулж байгаад 1990-ээд оны үед барилга нь муудаж, жоом, бясаа үүрлэх болсон тул сууриар нь нураасан юм.


Удалгүй “East” төв гэх худалдаа, үйлчилгээний байгууламж бий болсон. Ер нь “East” төвийн тэр орчимд Богд хааны үеэс Америкийн пүүсүүдийн оффис байрлаж байсан тул “Американ дэнж” гэж нэрлэдэг байсан. Харин тэр хэсгээс зүүн тийш Офицеруудын ордон хүртэлх хэсгийг “Консулын дэнж” хэмээн нэрийддэг байв. “East” төвийн ойр орчим болоод түүнээс зүүн зүгт Энхтайваны өргөн чөлөөгөө дагасан замын хоёр талаар түүхэн дурсгалт барилга, байгууламж олон бий. Тиймээс  Хотын даргын гаргаж буй цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилгыг дэмжиж байгаа. Түүхчид маань ч дуу нэгтэйгээр дэмжих байх. Ер нь эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэж байсан олон хүнийг хүндэтгэж, түүхээ таниулсан дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох хэрэгтэй. Иргэд ч амралт, чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламжтай болно шүү дээ” хэмээв.


Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Бид иргэд рүүгээ чиглэж, иргэдийн амьдрах орчныг сайжруулж, ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгаа. Зөвшөөрөлгүй гарааш, хашаа, хайсыг ч үе шаттай буулгаж байна. Гэхдээ иргэдийн дунд гарааш, хашаа, хайсыг буулгаж, чөлөөлсөн талбарыг хэн нэгэн өмчлөөд авчихдаг гэх ойлголт байна. Өмнө нь тийм байсан байж болох ч одоо бол тийм зүйл байхгүй. Бид чөлөөлсөн талбаруудаа нийтийн эдэлбэрт бүртгэж, иргэд амарч, зугаалах таатай орчныг бүрдүүлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой” гэв.


Хотын дарга өнгөрсөн даваа гарагт “East” төвийн газар дээр ажиллаж, цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлаар эзэмшигч аж ахуйн нэгжийн удирдлагыг хэлэлцээрийн ширээнд урьсан юм. 







Э.Золзаяа: Улаанбаатар хот маань олон улсын хөгжлийн нэгдсэн хэлээр хэлд орж, нүд тайлж, эрхэлж зөрүүдлэхээ болимоор байна

Эх сурвалж: ikon.mn, 2022.05.02





Нийслэлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зарим арга замын талаар урбанист Э.Золзаяатай ярилцлаа.


-Энэ оноос эхлэн түгжрэлийг бууруулах, Улаанбаатар хотын асуудлуудыг шийдвэрлэхэд зориулж улсын төсвөөс жил бүр 420 тэрбум төгрөгийг нийслэлд шилжүүлж байхаар болж байна. Энэ бол урьд өмнө байгаагүй их хөрөнгө оруулалт. Гэвч хотын асуудлыг шийдэхээр дэвшүүлж байгаа санал санаачилгууд иргэдийн шүүмжлэл дагуулаад байгаа. Та нийслэлээс гаргаж байгаа бодлогууд дээр ямар байр суурьтай байна вэ?


-Хотын хөгжлийн асуудалд олон улсад технологи, датанд суурилж маш их бүтээлчээр хандаж шийдвэр гаргалтдаа ашиглаж байна.


Улаанбаатар хотын хувьд яагаад гаргасан шийдвэр болгон нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа вэ гэхээр хөгжлийн бодлогоо олон нийтийн бодит оролцоотойгоор төлөвлөж чадахгүй, хот хөгжлийн олон улсын тренд онолыг судалж, цаг гаргадаггүйтэй холбоотой. Инновацлаг шийдэл ерөөсөө гаргаж чадахгүй, хэн нэгний сургаар олж сонссон асуудлыг шууд олон нийтэд ярьдаг. Энэ байдал сүүлийн жилүүдэд улам нэмэгдэж байна.

Иргэдийн хотдоо сайхан амьдрах мөрөөдлийг үгүй хийсээр...

Ингэснээр иргэдийн хотдоо сайхан амьдрах мөрөөдлийг үгүй хийсээр, залуус итгэл найдвар алдаж эхлээд байгаа.


Хотын хувьд нэн түрүүнд бодлогын урьдач салбаруудаа тодорхойлох шаардлагатай. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хотууд хүчтэй тэмцэж эхлээд байна. Дэлхийн нийт хүн амын тал орчим хувь нь хот суурин газраа амьдарч байгаа. 2050 хүн гэхэд дэлхийн хүн амын 70 орчим хувь нь хотдоо амьдрах төлөвтэй байна. Орон сууцны хүртээмж, хотын амьдрахад таатай байдлыг дээшлүүлэх нь чухал. Олон улсын шинжлэх ухаанч суурьтай мэдээллийг бодлогодоо тусгаж чадахгүй байгаа юм.


Тухайлбал, одоогийн хотын удирдлагууд иргэдийн амьдрахад таатай хотыг бүрдүүлэхийн төлөө юу хийх вэ гэсэн чиг баримжаатай ажиллах нь зүйтэй санагддаг. Энэ ажлыг хийхийн тулд Улаанбаатар хотыг дэлхийн хотуудын амьдрахад ээлтэй байдлын индексийн үзүүлэлттэй харьцуулж үзэх хэрэгтэй. Global livability index ашиглан дэлхийн хотууд өөрсдийгөө үнэлж хаана байгаагаа хардаг.


Үүнд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн хүртээмж, байгаль орчны аюулгүй байдал, хотын соёл, эдийн засгийн тогтвортой байдал зэрэг үзүүлэлтүүд багтдаг. Улмаар аль үзүүлэлт дээрээ сул байгаа вэ гэдгээ харж, түүн дээрээ бодлого боловсруулж ажиллах ёстой. Түүнээс биш иргэдээсээ шууд сонгогдоогүй Засаг дарга намын томилгоогоор томилогдоод сонссон бүхнээ олон нийтэд зарлаж, баримжаагүй хөгжвөл нөхцөл байдал сайжрах итгэл огтоос төрөхгүй байна.


Хотын удирдлагуудын гаргаж байгаа шийдвэр хоцрогдмол, жилийн жилд иргэдийг бухимдуулдаг байдал хэвээрээ байгаа тул одоо олон улсын бэнчмаркаа дагаад эхэлье л дээ ядаж.


-Залуучууд хотын удирдлагуудтай уулзъя гэж хүсэлт тавьсан уу? Уулзах хүсэлтийг хэрхэн хүлээн авч, хандлага ямар байсан бэ?


- Хотын чиглэлээр ажилладаг хот төлөвлөлтийн мэргэжилтэй олон залуу бий. Байгаль орчин болон уур амьсгалын бодлогын чиглэлээр ажилладаг олон залуус байдаг. Өмнөх жилүүдэд төрийн бус болон олон улсын байгууллагуудын зүгээс хот ингэх ёстой, тээврийн асуудал дээр ингэж ажиллавал зохистой гэх мэтээр удаа дараа хандсаар ирсэн. Хот өөрсдийн бодсон санаагаа иргэдэд нүсэр пиар, эргэлзээтэй хийгдсэн судалгааны ажлуудаар гүжирдэн тулгасаар ирлээ. Гэтэл хотын өдөр тутмын үйл явцад дата маш их бий. Түүнийгээ ашиглан шийдэл боловсруулах боломж өчнөөн бий.


Жишээ нь: Umoney картын платформ дээр хэн хаашаа хэдэн буудал яваад бууж байгаа вэ гэдэг өдөр тутмын дата логууд бий. Иргэдийн төвлөрөл зорчих эрэлт нь хаана хамгийн их байгаа вэ гэдгийг энэ дата харуулж чадна. Энэ мэт дата ашиглан автобусны чиглэлийг тодорхойлох, иргэдийн зорчих хөдөлгөөнийг таамаглах гэх мэтээр Азийн хөгжлийн банк хотын удирдлагуудтай хамтарч ажиллахаар хэд хэдэн удаа оролдсон. Энэ мэтээр арай өөр арга барилаар ажиллах гэхээр хотын удирдлагуудтай ойлголцож, хамтарч ажиллах нь туйлын төвөгтэй байдаг тул залуучууд ерөнхийдөө бууж өгч байна.


Ядаж Улаанбаатар хотын хөгжлийн түвшингөө олон улсын аргачлалаар тооцоолъё, иргэдэд таатай машинд биш хүндээ зориулсан төлөвлөлтийг онолын түвшинд нэвтрүүлэх арга барилаасаа хуваалцъя гэж мэт хотын захирагчтай уулзах хүсэлт гаргаад нэг сарын хугацаа өнгөрч байна. Гэхдээ энэ нь миний анхны тохиолдол биш. Удаа дараа хотын удирдлагуудын бүх шатны түвшинд бичгээр болон бусад хэлбэрээр уулзах хүсэлтээ тавихад дундаасаа замхардаг. Хотын иргэдэд нь тав тухтай ээлтэй болгох, хотоо хайрладаг болгох, мэдрэмжтэй байж хотын үйлчилгээг сайжруулах нь маш өндөр ёс суртахуун, эмпати, онолын мэдлэг, тасралтгүй судалгаа шаардана.


Нүсэр их зээл тавьж гаднынхны алдсаныг дахин алдаж үзэх гэж эрхлээд байна

-Дэлхийн хотууд нийтийн тээврийн асуудлаа хэрхэн шийдвэрлэж байна вэ?


-Дэлхийн хотуудын туршлагаас харахад тээврийн салбарт автомашинд зориулсан байдлаар буюу авто замыг өргөтгөх, хурдны зам барих гэх мэтээс татгалзаад 10 орчим жил болж байна. Ухаалаг хотууд стратегиа өөрчлөөд биднээс эсрэг зүг буцаж байгаа. Манай улсад үүнийг зориглон дагах, бусдын алдааг давтахгүй гээд олон улсын чиг хандлагаа судлах манлайлагч алга. Нэг ёсондоо дэлхийн хотуудын ухралт хийсэн зүйл дээр бид гөжүүдлэн дайрсаар байна. Иргэд алхах боломжтой, машинд биш хүндтэй ээлтэй орон зайг бүтээх дээр бүгд уралдан ажиллаж байхад бид эсрэгээр нь нүсэр их зээл тавьж тэдний алдсаныг дахин алдаж үзэх гэж эрхлээд байна.


Жишээлбэл, хэсэг залуус Бүтээлч 100 хөдөлгөөнийг өрнүүлээд явж байна. Автомашин явган хүний замыг тагласан, алхахад ээлгүй орон зайг тодорхойлоод түүн дээр дизайны шийдэл боловсруулах зорилготой юм. Гэхдээ энэ хөдөлгөөнийг ямар нэгэн байдлаар хоттой уялдуулах шаардлагатай. Жишээлбэл, хотын А бүсэд байгаа үнэгүй зогсоолуудыг багасгаж хүн алхах орон зай, дугуйн зогсоолыг бий болгох боломжтой. Энэ ажлыг залуучууд санаачлаад ажиллая гэхээр алхам тутамдаа хотын процесс залхаан цээрлүүлдэг. Сүүлдээ шантраад хөдөлгөөн нь түр идэвхгүй байдалд шилжсэн.


-Түгжрэлийг бууруулах гол шийдэл юу байж болох вэ?


- Дэлхийн хотуудын жишгээр замаа өргөсгөөд машинд зориулсан төлөвлөлтийг хийгээд байвал түгжрэл хэзээ ч буурахгүй. Түгжрэл бидний амьдралын чанарыг маш олон талаар доройтуулж байгаа. Гэхдээ эсрэгээрээ асуудал бүрд ухаалаг шийдлүүд олноороо гарч ирж байна. Технологийн тусламжтай иргэдийн урсгалыг хэмждэг аргачлалыг олон улсад түгээмэл ашиглаж байна. Хотын гудамжны хэд хэдэн хэсгүүдэд энэ хэмжилтийг хийсний дараа гудамжийг хэр өргөсгөх, тухайн орчныг хэрхэн автомашины зайнаас тусгаарлах, явган хүний урсгалыг хэрхэн тооцох зэрэг сайжруулалтыг хийх боломжтой.


Gehl institute гэх мэт олон улсын алдартай агентлагууд иргэдийн урсгалыг хэмжиж байж нотолгоонд суурилсан төлөвлөлт хийдэг. Жижиг оврын  богино зайд рейс хийдэг тээврийн шийдэл, эсвэл ачаалалтай дүүргүүдэд хувийн хэвшил оролцож тээврийн ачааллыг нь бууруулах resource sharing model, өглөө оройны бизнес тээвэр, хөршийн тээврийн сүлжээ гэх мэт судалбал өч төчнөөн шийдэл байгаа. Гол нь бүгд туршигдсан. Тиймээс энэ талаар сурсан, судалдаг залуучуудаа сонсож, онолд суурилсан шийдвэр гаргахад хотын дарга нар амбицаа жоохон дарах хэрэгтэй. 


-Хотын тулгамдсан асуудлуудын тухайд бодит үр дүн гарах боломжтой ямар санаачилга байгаа вэ?


-Засаг даргад уламжлахыг хүсэж буй зүйл бол амьдрахад таатай хотуудын индексийг Улаанбаатар хотынхтой харьцуулах суурь ажил эхлүүлэх юм. Энэ үзүүлэлтийг Австралийн хотууд сүүлийн жилүүдэд тэргүүлж байгаад Шинэ Зеландын Аукланд, Австрын Венн хотууд амьдрахад таатай дэлхийн шилдэг хот болж орж ирж байна. 


Бид тэргүүлэгч алхмаа ингэж олон улсын хотуудтай харьцуулж тодорхойлоод авах арга хэмжээний урьдач төслүүдээ эрэмбэлэх хэрэгцээтэй. Дотооддоо бүх асуудлыг барьж авах нэг дор шийдэх гээд бужигнаад л байвал мөддөө цэгцрэх найдвар харагдахгүй байна.


-Хотын дарга солигдох болгонд төрийн бодлогын залгамж халаа алдагддаг талаар шүүмжлэл их бий. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна?


- Хотууд байгаль орчин, тогтвортой хөгжил, уур амьсгалын бодлоготой байдаг. Улаанбаатар хот иргэдийнхээ амьдрахад таатай байдлын төлөө тусгайлан бодлого гаргаагүй, зогсонги байдалд ороод байна. Өөрөөр хэлбэл, одоо хүртэл мэдлэг онолд суурилсан бодлогогүй ажиллаж байгаа юм. Нийслэлийн 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөлтөд инновацлаг шинэ санал санаачилга харьцангуй дутмаг.  


Засаг даргын мөрийн хөтөлбөрөөс илүү урт хугацааны бодлогоо тодорхойлоод системтэйгээр ажиллах нь чухал байна. Гэхдээ тэр бодлогууд нь олон улсын бодлогуудтай агаар нэг, олон улсын хотуудын хөгжлийн чиглэлийг тусгасан, хэмжигдэхүйц, бас нэмээд суурь түвшин, хүрэх зорилтоо тусгасан байх хэрэгцээтэй.


-Эрүүл аюулгүй амьдрахад бодлогын түвшинд ямар шийдэл хэрэгтэй байна вэ? Бусад том хотууд энэ асуудлаа яаж шийддэг бол?


- Дэлхийн ихэнх хотуудад технологийн компаниуд нь хотын захиргаатайгаа уялдаж, иргэдийн амьдрахад таатай байдлыг сайжруулж байгаа. Гэмт хэргийн гаралт ихтэй гудамжнуудын төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр Скандинавын хотууд, технологийн шийдэл ашиглан осол аваар гарсан хэсгүүдийг мэппинг хийх талаар Энэтхэгийн хотууд манлайлдаг гэх мэт.


Шилдэг кэйсүүдийг тууштайгаар нэвтрүүлэн үр дүн гартал нь сайжруулан ажиллаж чадвал манай хотын асуудал тийм ч бүтэшгүй зүйл бас биш.


Сөүл хот хотоо амьдрахад таатай болгох туршлагаа хуваалцахад бэлэн байгаа

-Олон улсын судалгааны байгууллагуудтай хамтарч ажиллахад ямар шийдэл санал болгодог вэ? Хотын удирдлагуудтай  хамтраад төсөл хэрэгжүүлэх боломж байдаг уу?


-Ирээдүйн зорилтоо тодорхойлоод олон улсаас санхүүжилт татах боломжтой. Хүлэмжийн хийн ялгарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Монгол Улсын хүлээсэн үүрэг амлалт гэж бий. Түүнээс бараг тал орчим хувийг нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд бууруулах боломжтой. Тээврийн салбарт ийм төсөл хэрэгжүүлэхэд тэд орчим тонн хүлэмжийн хийг бууруулж, тийм хэмжээний ам.доллар хэрэгтэй гэсэн суурь судалгаа гаргаад хүсэлтээ өгөхөд олон улсын сангууд төсөв гаргаж өгөхөд бэлэн байгаа. Гагцхүү суурь хүлэмжийн хийн ялгарлаа тооцоолоод авчих хэрэгтэй. Ийм бодит судалгаатай ярьж чадахгүй байгаа.


Хотуудад өргөн боломж үүсээд байгаа энэ үед манайхан өөрсдийн асуудлыг олон улсын хэлээр, олон улсын тавцанд гарч дуугарч чадахгүй байна. Нэг ёсондоо хотын удирдлагууд хэлд орох хэрэгтэй байна. Нэг хэлээр ойлголцоод эхэлсний дараа олон улс туршлагаа хуваалцахад бэлэн байгаа. Токио хот эрчим хүчний салбар, Бээжин хот агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж байна. Мөн Сөүл хот хотоо амьдрахад таатай, алхахад таатай болгох туршлагаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.


Олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг хэд хэдэн байгууллага 2017 оноос хойш тасралтгүй ажиллаж байж, угсармал орон сууцнуудын барилгын дулаалгын ажлыг хийж байсан. Улмаар ногоон санд төсөл бичээд 18 сая еврогийн буцалтгүй тусламжийг хотын захиргаа авч байгаа. Энэ бол ногоон санхүүжилт татаж чадсан Улаанбаатар хотын сайн жишээ. 2022 оноос эхлэн санхүүжилт нь орж энэ ажил эхэлнэ. Хүлэмжийн хийн ялгарлын бодлого арга хэмжээгээ аль салбарт хэрхэн бууруулах тухайд дахин тодорхойлох хэрэгтэй. 


-Хотын захиргаатай хамтарч ажиллахад олон улсын байгууллагуудад ямар бэрхшээл тулгардаг вэ?


-Онол дээр суурилсан ийм арга хэмжээг хэрэгжүүлье гээд дайрах удирдлага хотод алга. Манлайлал байхгүй учраас хотын асуудлууд шийдэгдэхгүй байна. Үр дүнтэй ажиллагаа үүсэхгүй байгаа юм.  Гэхдээ зөвхөн хотын захиргаа, олон улсын байгууллагуудаас гадна иргэдийн оролцоог бодит утгаар нь сонсох хэрэгтэй. 


Амьдрахад таатай байдлын индексийн үзүүлэлт нь ямар вэ гэдгийг олон улсын байгууллагууд ойлгоё гэж байгаа. Гэтэл бид өөдөөс нь Засаг даргын мөрийн хөтөлбөр ч юм уу, хэтэрхий орон нутгийн шинж чанартай зүйл ярьдаг. Энэ нь олон улсад нэг хүний амбиц шиг сонсогдоно. 


-LRT буюу хөнгөн галт тэрэгний төслийг хэрэгжүүлэхээр яригдаж байна. Энэ нь хэр үр өгөөжтэй вэ?


-Энэ төслийг яагаад одоо хэрэгжүүлэх гэж байгаа юм гэж гайхаж байна. Одоо яригдаад байгаа маршрут нь бол Азийн Хөгжлийн Банкны санхүүжилттэй хийх гэж байсан BRT төсөлтэй төстэй байна. Энэ төсөл уг нь хэдийн жилийн өмнө батлагдаад санхүүжилт нь ороод хэрэгжихийн өмнөхөн зогссон. Тухайн үеийн удирдлагуудын ашиг сонирхлын зөрчлөөс болоод BRT гэх маш сайн туршигдсан, нүсэр биш, үр ашигтай төсөл зогсоочхоод одоо LRT гээд яриад эхлэхэд итгэл үнэмшил төрөхгүй байна.


BRT нь БНХАУ-ын олон хот, Сөүл хотод амжилттай хэрэгжсэн тусгай замын автобус төсөл шүү дээ. Өнөөдрийн яригдаж буйгаас хамаагүй илүү үр ашигтай. Гэтэл заавал ийм өндөр төсөвтэй, хэтэрхий нүсэр, үр ашиггүй төслийг хэрэгжүүлэх хэрэггүй. Логикийн хувьд ойлгомжгүй санагдаж байна.


Иргэдийн бодит урсгалыг маршруттай нь уялдуулж тооцоолсон уу? Жишээ нь Яармагаас ихэнх хүн хотын төв рүү явах магадлалтай гэж тооцох байтал Дүнжингарав, Сансар гээд тойроод явчихвал яах билээ? Дундаас нь буугаад өвлийн цагт алхах уу? Дараагийн шугамууд хүртэл яах билээ гэх мэт асуух зүйл маш их байна.

-Бид хөгжлийн бодлогоороо хамгийн адагт, хүн амьдрахад хамгийн таагүй дайнтай хотуудын жишигтэй ойролцоо нөхцөлд амьдарч байгаа талаар та нийтлэлдээ дурдсан. Ойрын хугацаанд энэ байдлаа сайжруулах ямар бодит боломж байна вэ?


-Бидний амьдралын чанарыг сайжруулахын тулд яг хэрхэн ажиллах гэж байгаагаа эхлээд нэг өгүүлбэрт багтаад хэлчихмээр байна. Одоо бид юунд ч итгэхээ байлаа. Яг л нэг өгүүлбэрт бидэнд 2025 он гэхэд ямар үзүүлэлтээр хэдэн хувь амьдрах орчин маань сайжрах вэ гэдгээ тоотой, баримттай амлалтаа өгөөч.


Жишээ нь Улаанбаатар хотын амьдрахад таатай байдлын индексийг 2025 он гэхэд хэдэн нэгж, 2030 он гэхэд хэдэн нэгжээр ахиулах вэ гэдгээ л хэлж чаддаг болох. Дээр өгүүлсэн индексүүдийн аль хэсэгт тааруу сул байгаагаа эхлээд үнэлэхгүйгээр, асуудлаа шийдэж чадахгүй. Тиймээс дотооддоо хэтэрхий удаан бужигнасан бол дэлхийн хотуудын мөрөөр суурь үнэлгээгээ эхлээд хийгээд үзэх хэрэгтэй байна.


Асуудал ихтэй хотод шийдэл бүр ч их бий. Гэхдээ олон улсад алдаа болсон шийдлүүдээ иргэдэд битгий тулгаач л гэж хэлмээр байна.

М.Мөнхзаяа: Далан давхарт дахин оршуулгын үйл ажиллагаа хийгдэхгүй

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.14


Хотын хойд хэсгийг эзлэн байдаг Далан давхарын оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох тухай шийд гарсан ч өнөөг хүртэл хэвээрээ байгаа.


Харин өнөө хавраас газрыг хэсэгчлэн чөлөөлж “Нью Семетри” компани өөрийн хөрөнгөөр хэсэгчилж дурсгалын цэцэрлэгт хүрээлэн барихаар ажлаа эхэлж байна. Тус компанийн захирал М.Мөнхзаяатай ярилцлаа.


- Нийслэл дэх оршуулгын газрыг цэгцлэх,  нүүлгэн шилжүүлж цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай олон жил яригдсан. Энэ оноос төсөл бодитой ажил хэрэг болох төлөвтэй. Танай байгууллага голлон зохион байгуулж байгаа гэв үү?


Тийм ээ. Нэн түрүүнд бид ач холбогдлыг чухалчилсан. Өмнө нь энэ хэмжээний төсөл манай улсын хувьд хийгдэж байгаагүй учраас иргэдийн хувьд хүлээлт их байсан.


“Нью Семетри” компанийн хувьд далд оршуулгын үйлчилгээг өөрийн орны уламжлалт зан үйл, олон улсын жишигт нийцүүлэн үзүүлэх зорилгоор 2006 онд байгуулагдсан, үйл ажиллагаандаа Байгаль орчны аюулгүй байдал, чанарын удирдлагын болон хөдөлмөрийн аюулгүй байдлын олон улсын стандартыг цогцоор хэрэгжүүлсэн далд оршоох үйлчилгээний цорын ганц компани болохыг онцолмоор байна.


Бидний хувьд одсон болон одоо үлдэж байгаа, цаашлаад үр хойчид нь амар амгалан, тэгш сайхан байхын тухайд бүх үйлчилгээндээ сэтгэл шингээж оршуулгын үйлчилгээнд шинэ жишгийг тогтоосоор ирсэн. Энэ нь ч утгаараа энэхүү төслийг өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх болсон хэд хэдэн шалтгаан байна.


1-рт, Монголчууд бидний хувьд эрт дээр үеэсээ ижий, аав, өвгөдөө ариун дагшин, тухтай, сайхан газар нутаглуулж, хүндэтгэх нь алс ирээдүйдээ зөв сайхан явахын эхлэл гэж үзэж ирсэн. Гэтэл өнөөдөр энэ сайхан өв уламжлалаа гээгдүүлж, оршуулгын газар нь эмх замбараагүй, булш, бунхан эвдэрч, сүйдсэн, хаягдсан байдалтай болсон.


2-рт, Суурьшлын бүсэд оршуулгын газар байгаа нь бидний болоод ирээдүйн хойч үеийн маань эрүүл аюулгүй орчинд амьдрахад ноцтой хохирол учруулах болсон.


3-рт, Нийслэлийг тойрсон оршуулгын газар нь хот хөгжих, тэлэх боломжийг хязгаарлаж байна.


Иймд бид нэн түрүүнд нийгмийн хариуцлагын хүрээнд олон улсын туршлага, жишигт нийцүүлэн хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, салбарын хөгжлийг тэтгэх, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, оршуулгын үйл ажиллагаатай холбогдолтой олон асуудлыг нэгдсэн цогц байдлаар шийдвэрлэх зорилгоор энэхүү төслийг өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх ажлыг санаачлан эхлүүлээд байна.


Эцэст нь олон жил нийгмийн хүлээлт үүсгэсэн, багагүй зориг шаардсан энэхүү онцлог төслийг хамтран хэрэгжүүлэх санаачилга гарган, бүхий л талаар дэмжин ажиллаж буй одоогийн хотын удирдлагад талархаж байгаагийн хамт төр, хувийн хэвшлийн сайн жишиг тогтооход анхаарч, хичээж ажиллах болно гэдгээ илэрхийлж байна.


- Төслийн хүрээнд Улаанбаатар хотын иргэдээс санал асуулга явуулсан мэдээлэл байсан. Үр дүн яаж гарав?


Өнгөрсөн хугацаанд бид  төслийн үе шат бүрд олон нийтийн хандлагыг тодорхойлох нээлттэй судалгааг явуулсан. Хамгийн эхэнд төслийн санал гаргахын өмнө төслийг дэмжих эсэх санал асуулгыг www.ikon.mn сайтаар, тухайн газрын оршин суугчдаас цаасаар авсан ба судалгаанд нийт 3340 хүн хамрагдсанаас 94,2 хувь нь дэмжсэн. Мөн 2022 оны 1 сараас төслийн талаарх мэдээллийг хүргэх явцад дахин судалгаагаа явуулахад 99 хувь нь дэмжсэн байдалтай байна. Цаг үеэ олсон, нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр хүлээгдэж байгаа төсөл болов уу гэж харж байна.


- Өмнө нь бурхан бологсдын шарилыг олноор нь нүүлгэн шилжүүлж байсан туршлага байгаа юу?


2018 онд нийт 26 мянган өрх айлыг цахилгаанаар хангах төслийн хүрээнд эрчим хүчний дэд станц барих зориулалтаар тус оршуулгын газрын 1.5 га талбай дахь 906 бурхан болоочийг холбогдох зан үйлийг гүйцэтгэн нүүлгэн шилжүүлж, суваргад шүтээнийг залсан. Мөн хот орчим дахь оршуулгын газруудыг цэгцлэх хүрээнд 2020-2021 онд нээлттэй уралдаант шалгаруулалтын үндсэн дээр 4 байршилд зөвшөөрөлгүй газарт оршуулсан нийт 206 шарилыг нүүлгэн шилжүүлж, газрыг бүрэн чөлөөлж, нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгээд байна.


- Шашны зан үйлийг хэрхэн шийдэж байгаа вэ?


Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны санаачилгаар 2022 оны 2 сард  “Оршуулгын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, оршуулгын зан үйл болон нийгмийн сэтгэл зүйд шашны байгууллагын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Гандантэгчэнлин хийд болон Монголын бурхны шашны хийдүүдийн тэргүүн нарын хамруулан зохион байгуулсан. Энэ үеэр төслийг  бүхэлд нь дэмжиж, Гандантэгчэнлин хийдийн нэгдсэн удирдлага, зохион байгуулалт дор төслийн талбай дахь шарилыг нүүлгэн шилжүүлэх явцад үйлдэх шашны зан үйл, шүнг хэлэлцүүлж, нэгдсэн аргачлал гаргах, мөн тэргүүн ээлжид номын багш нарын лагшин шүтээнийг гаргах өдөр шашны зан үйлийг бүрэн гүйцэтгэн гаргахаар тогтсон.


Төрийн төдийгүй, шашны төлөөлөл анх удаагаа хувийн байгууллагын санаачлан, хэрэгжүүлж буй төслийг дэмжиж, хамтран ажиллах болсон нь манай төслийн ач холбогдол, цар хүрээ, онцлогийг илтгэсэн онцлох үйл явдал гэж бид талархаж байгаа.


- Төсвөөс хөрөнгө мөнгө гарахгүй компани өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ гэсэн мэдээлэл байсан. Хэдий хэмжээний хөрөнгө, цаг хугацаа зарцуулах бол?


Самбалхүндэв /70 давхар/-н оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн бүхий Оршуулгын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв байгуулах төсөл нь 2022-2025 оны хугацаанд дараах байдлаар хэрэгжинэ.


Эхний ээлжид 10 га талбай дахь шарилыг 2022 оны 4 сарын 15-наас 2022 оны 9 сарын 30 хүртэл нүүлгэн шилжүүлж, чандарлах ба чандрыг 2023 оны 4 сар хүртэл хугацаанд “Улаанбаатар буян” ХХК-ийн Буяны төв цогцолборт хадгална. Үндсэн гурван чиглэлийн бүтээн байгуулалт хийгдэнэ.


Чөлөөлсөн газрын 2 га талбайд буяны сүм, хийд бүхий Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах ба чандар буюу шүтээнийг  цэцэрлэгт хүрээлэнгийн хөрсөнд эсхүл нийтийн суваргад залж, бүхий л нэрсийг дурсгалын хавтан дээр нэгдсэн байдлаар мөнхөлнө. Энэхүү шарилыг нүүлгэн шилжүүлэх, цэцэрлэгт хүрээлэн байгуулахад урьдчилсан байдлаар нийт 17,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай.


Мөн нас баралттай холбоотой тулгамдаж буй асуудлын нэг болох олон улсын стандартад нийцсэн эрүүл ахуйн болон бусад шаардлага хангасан цогцос хадгалах байрны хүрэлцээгүй байдлыг шийдвэрлэх хүрээнд 1 га хүртэл талбайг цогцос хадгалах байрны зориулалтаар чөлөөлж, Шүүх, эрдэм шинжилгээний хүрээлэнд хүлээлгэн өгнө.


Оршуулгын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төвийн тухайд иргэдэд оршуулгын үйл ажиллагаатай холбоотой төрийн болон хувийн байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал, салбарт хэрэгжиж буй төрийн бодлого, чиглэлийг таниулах, бодит мэдээллээр танхим, иргэдэд хууль зүйн болон сэтгэл заслын үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх болон ар гэрт эмгэнэл илэрхийлэх боломжийг хангах танхим, мөн гадна талбайд уламжлал, ёс заншилд нийцсэн олон нийтийг хамруулах боломж, нөхцөлийг хангасан задгай талбайн үдэх ёслолын өргөө зэрэг байхаар төлөвлөж байгаа ба өнөөдрийн байдлаар энэхүү бүтээн байгуулалтын зураг төслийн ажил эцэслэгдээгүй байгаатай холбоотойгоор хөрөнгө оруулалтын дүнг тодорхой хэлэх боломжгүй байна.  Иргэд энэ газарт шинээр оршуулгын үйл ажиллагаа хийгдэнэ, чандарлах газар болно гэсэн буруу ташаа ойлголт байна. Иймээс Далан давхарт дахин шинээр оршуулгын үйл ажиллагаа хийгдэхгүй гэдгийг онцгойлон хэлэх байна.


- Хуучны оршуулгын газруудад талийгаачдаа эргэж олоход хүндрэлтэй байдаг. 10 га газарт оршуулсан талийгаачдын нэгдсэн бүртгэл хийгдсэн үү? Ар гэрийнхний зүгээс ирж байгаа санал хүсэлт нь юу байгаа бол?


Бидэнд өнөөдрийн байдлаар тулгамдаж байгаа асуудал бол бурхан болоочийн ар гэрийг олж тогтоох явдал. Учир юунд вэ гэхээр холбогдох хууль тогтоомжийн дагуу иргэний бүртгэл нас барсны гэрчилгээ олгосноор дуусгавар болдог. Энэ нь бурхан болоочийг хэзээ, хаана, хэн, хэрхэн оршуулсан албан ёсны мэдээлэл байдаггүй.


Иймээс бид аль болох олон нийтэд мэдээлэх, ар гэрийнхнийг олж тогтоох тал дээр илүү ач холбогдол өгч ажиллаж байна.


Төслийн мэдээллийг олон нийтэд хүргэж эхэлснээс хойш нийт 4 мянга гаруй хүн вэб сайтаас мэдээлэл авсан байна. Мөн Утсаар 1400 орчим ар гэрийнхэн холбогдож тухайн бурхан болооч төслийн байршилд хамрагдсан эсэхийг тодруулж лавлахын зэрэгцээ төсөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авсан. Төслийн талбайд байгаа 170 орчим талийгаачийн ар гэр нь тодорхой болсон. Бидэнтэй холбогдсон ар гэрийнхэн төслийг маш нааштай хүлээн авч байгаа хандлага байна. Бурхан болоочоо эргэж тойрмоор байдаг. Байрлалыг нь олж чадахгүй бэрхшээл байсан. Харин та бүхний төслийн үр дүнд бид оллоо. Цэгцтэй хүндэтгэлтэй орчинд бурхан болоочоо залах нь ээ гэж баярласан талархсан сэтгэгдлүүд олонх нь байна. Мөн эсрэгээрээ бухимдал үүсгэж байгаа гол асуудал юу байна вэ гэвэл төсөлд хамрагдаагүй ар гэрийнхний хувьд нийтээр нь 73 га газраар нь чөлөөлөгдөхгүй байгаатай холбоотой санал хүсэлт давамгайлж байна.


Бидний хувьд, энэхүү төсөл нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сайн жишиг тогтоох, цаашлаад Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт тусгасны дагуу тус оршуулгын газрыг бүхэлд нь Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох ажлын эхлэл гэж харж хүндэтгэлтэй, хариуцлагатайгаар хичээн ажиллаж байна.


Бид төслийг бүхий л талаар нээлттэй байх зарчим баримталж байна. Энэ нь талийгаачийн ар гэрийн хувьд төслийн талаарх санал, хүсэлтээ илэрхийлэх, өөрийн талийгаачийн шарилыг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаанд биечлэн оролцохоос гадна зан үйл шашны хувьд нээлттэй, мөн төрийн эрх бүхий байгууллага болон иргэний нийгмийн байгууллагын зүгээс төслийн бүхий л шатанд оролцох, хамтран ажиллах, цаашлаад хяналт тавих боломжийг нээх зорилгоор шарилын хөдөлгөөнийг зайнаас хянах тусгай программ захиалан хийлгэх, нүүлгэн шилжүүлэлтийн явцыг баримтжуулах бичлэг  чиглэлээр бэлтгэл ажлыг хангаж байна.


Эцэст нь та бүхэн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай www.sambalkhundev.mn сайтад хандахаас гадна 7210-0101 утсаар холбогдох боломжтой.  




Улаанбаатар хот хувийн хэвшил, иргэдэд аж ахуй эрхлэх тааламжтай талбар байх ёстой

Эх сурвалж: news.mn, 2022.02.28





Бизнес эрхлэгчдийг дэмжиж, тэдэнд таатай орчин бүрдүүлж байж улсын хөгжил тодорхойлогддог. Гэтэл сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын нөлөөгөөр бизнес эрхлэгчид, ялангуяа олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулдаг  үйлчилгээний салбар хамгийн их уналтад орсон. Үүнд цар тахлын дүрэм, журам, цагийн хязгаарлалт зэрэг хүчин зүйл нөлөөлсөн. Ийм учраас Хотын дарга бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах тухай захирамж гаргаж, тэднийг дэмжих хэд хэдэн шийдвэр гаргасны нэг нь үйлчилгээ эрхлэх цагийн хязгаарыг цуцалсан явдал байлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай энэ талаар ярилцав.


 


-2022 он гарсан эхний өдрөөс Улаанбаатар хотод 74 нэр төрлийн үйлчилгээг зөвшөөрөл, батламжийн шаардлагагүйгээр эрхлэх боломж олгосон. Одоо улам төгөлдөржөөд, үйл ажиллагаа явуулах цагт нь  хязгаарлалт тогтоохооргүй болчихлоо. Энэ бол чөлөөт зах зээл, чөлөөт эдийн засаг руу шилжиж буй шилжилт гэж харж байна, зөв үү?


-Би бол үүнийг эдийн засагт сайн үр дагавар авчрах реформын эхлэл гэж харж байна. Реформыг системтэйгээр хийх ёстой. Реформ зөвхөн Хотын даргын шийдвэрээр  хийдэг ажил биш.  Эхний ээлжид хотынхоо дотоодын уялдаа холбоо, дараа нь УИХ, Засгийн газрын түвшинд уялдаа холбоотой ажиллах, шаардлагатай бол Ерөнхийлөгч, ҮАБЗ дээр  тайлбарлах ажлуудыг системтэйгээр хийж хэрэгжүүлэх юм. Улаанбаатар хот хөгжиж байж улсын дүн нуруу, үнэлгээ тооцоо олон улсын түвшинд яригдана. Улаанбаатар  хотгүйгээр Монгол Улсыг төсөөлөхийн аргагүй. Тэгэхээр энэ реформыг хийхийн тулд бид мэдээллийн урсгалыг иргэд олондоо жигд, зөв хүргэх системийг хийсэн. Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар ард иргэдээс ирж буй санал, гомдлуудыг нэгтгэх, буцаагаад хийж буй ажил, хэрэгжүүлэх төлөвлөгөөнүүдийг ард түмэнд тэгш хүргэх, түүнд суурилсан санал асуулгыг авах, ард иргэдийн санаа бодлыг сонсож, ингэж байж хотын шийдвэр гарч явна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулахад бидний оролцоогүйгээр үл үзэгдэгч гар явж байдаг. Үл үзэгдэгч гар гэдэг бол хүн хоорондын харилцааг хэлж буй хэрэг.


Хүнлэг ардчилсан нийгэм, чөлөөт зах зээл гэдэг бол бидний сонгосон нийгэм. Хөдөлмөр эрхлэх боломжийг Улаанбаатар хотын иргэдэд нээлттэйгээр хангаж өгөх ёстой. Бизнесийн салбар, хувийн хэвшил, иргэн хүн хувиараа аж ахуй эрхлэх талбарыг хотын зүгээс  бүх талаар дэмжих ёстой.


-Иргэд болон олон нийтийн саналд үндэслэж шийдвэр гаргаж байна гэлээ. Дээрх шийдвэрүүдийг гаргахад хэдэн хүнээс санал ирсэн бэ?


-10 мянга орчим хүнээс санал ирсэн. Ковидын үед ч тэр, түүнээс хойш ч цагийн хязгаарыг болиулж өгөөч гэсэн санал маш олон ирж байсан. Ялангуяа мэргэжлийн холбоод болон бизнес эрхлэгч залуучуудаас. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хотын эдийн засаг мөлхөө байдалтай байлаа шүү дээ. Цар тахлын улмаас заримынх нь үйл ажиллагаа нь зогссон, зарим нь татан буугдсан гээд харамсмаар зүйл олон гарсан. Тэдгээр аж ахуйн нэгжүүд бизнесээ босгох гэж маш их хичээсэн байж таарна. Бизнес босгоно гэдэг амар зүйл биш. Тиймээс унагаж болохгүй. Хүний хөдөлмөрийг хамгаалах үүрэг нь төрд байдаг. Төр аж ахуйн нэгжээ унагахгүй байх зохицуулалтыг хийх үүрэгтэй.  Нэг ч гэсэн ажлын байр, нэг ч гэсэн хүний ашиг, орлогыг хамгаалж байж зах зээлээ хамгаална. Дээрээс нь хяналт шалгалт хийх үүрэг бас бий гэсэн юм.


Бизнес эрхлэгчид юу өгүүлэв


Цар тахлын улбар шар түвшинг шар түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоолтой  холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, нийслэлийн хэмжээнд сар бүрийн 1-ний өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосон. Энэ нь нэг талаараа бизнес эрхлэгчдийг дэмжсэн, нөгөө талаараа соёлтой хэрэглээ, соён гэгээрүүлэх бодлогыг баримталж байгаа хэлбэр юм. Дэлхийн аль ч улсад согтууруулах ундааны хэрэглээг хорьж цагдсанаар үр дүнд хүрсэн жишээ байдаггүй. Согтууруулах ундаа худалдаалахыг хориглосноор тухайн хориглосон өдөр нь шагийн наймаа цэцэглэж,  хууль бус худалдаа гаараад зогсохгүй ахуйн архидалт хяналтгүй болж байгааг судалгаагаар тогтоосон байна. Тиймээс өмнө нь хэрэгжиж байсан сар болгоны 1-ний өдөр согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон зохицуулалт нь хэр үр дүнгээ өгсөн, сүүлд гаргасан  шийдвэр ямар нөлөөтэй болох талаар бизнес эрхлэгчдийн санаа бодлыг сонссон юм.


“Баатар тайж” ХХК-ийн захирал Б.Баясгалан:





-Сар бүрийн 1-ний өдөр согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон шийдвэрийг манай үйлчилгээний салбарынхан маш сайн дагаж мөрддөг байсан. Гэтэл нийгэмд эрэлт нь байсаар байдаг. Эрэлтээ дагаад шагийн бизнес эрхлэгчид гарч ирж, далд эдийн засаг хөгжихөд хүрсэн. Манай зоогийн газрын үүдээр ч шагийн бизнес эрхлэгчид эргэлддэг болчихсон байсан.


Харин одоо бол өөр болж байна. Согтууруулах ундааны худалдааг хориглосон өдрийг цуцалж,  үүрийн 05:00 цаг хүртэл ажиллах болсноороо хүмүүсийн соёлтой хэрэглээг дэмжиж, тэр хэрээр үйлчилгээний байгууллагуудын хөгжилд дэвшил ч нээлттэй болно гэдэгт итгэж байгаа.


Монголчууд маань хааж, хориглох тусам улам тэмүүлдэг. Монгол хүний сэтгэлгээний энэ онцлогийг харгалзах нь зүйтэй байх. Хориг саадгүйгээр чөлөөтэй худалдаад  эхлэхээр байж л байдаг юм чинь гээд шунаж хэрэглэхээ болино. Маргааш ажилтай гээд хэрэглээгээ багасгадаг болох зэргээр зохистой хэрэглээнд шилжиж, нийгмийн соёл төлөвшинө.


“Кафейна” ХХК-ийн захирал Ч.Цэндбаатар:





-Сар бүрийн 1-нд согтууруулах ундаа зарж борлуулахгүй  гэдгийг ард нийтээрээ бүгдээрээ мэдэж байгаа болохоор хүмүүс урьдчилж бэлтгэх юм уу, танил талаараа олж авах гэхчлэн далд эдийн засгийг хөгжүүлэхэд хүрч байсан. Хүмүүсийн хувьд 24:00 цагаас хойш үйлчлүүлэх сонирхол байдаг. Гэтэл хориг тогтоочихоор ямар нэг байдлаар үйлчлүүлэхийг хичээдэг. Үүнээс болж, татвар төлөлгүйгээр худалдаа, наймаа эрхлэгчид гарч ирж, далд эдийн засгийг хөгжихөд хүргэж байсан. Үйлчилгээний байгууллагуудын хувьд зөвхөн худалдан борлуулахаас гадна үйлчилгээний соёл түгээх, согтууруулах ундааг хоолтой хослуулж хэрэглэх дадал суулгах зэрэгт анхаарч ажилладаг.


“Bluefin” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Уянга:





-Сар бүрийн 1-ний өдрүүдэд архи, согтууруулах ундааг хориглосноороо далд бизнесээр дамжиж шагийн наймаа газар авч, ахуйн архидалт нэмэгддэг байсан. Ахуйн архидалтаас болж гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл өсөх зэрэг сөрөг үзэгдлүүд их байсан. Хүмүүс олон шалтгааны улмаас уулзаж, нийлж цугладаг. Цагийн хязгаарлалттай үед үдэш оройн цагаар нэгнийдээ очиж нийлж дарвих, ахуйн хүрээнд архидах байдал гаарч байсан. Одоо эсрэгээрээ соёлтой, хэр хэмжээндээ тааруулж үйлчлүүлж эхэлнэ.


Иргэд юу өгүүлэв


Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдан борлуулах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газрууд үүрийн 05:00 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрсөн шийдвэрийн талаарх иргэдийн санал сэтгэгдлийг сонслоо.


Иргэн 1:


-Одооноос эхлээд хэвийн амьдрал руугаа орсон нь зөв гэж бодож байна. Үйлчилгээ, бизнес эрхлэгч гэдэг чинь бас л нэг амьдралаа залгуулж буй, цаашлаад олон хүнд ажлын байр олгож буй хүмүүс. Тэгэхээр хэвийн амьдралдаа шилжихэд буруудах зүйлгүй гэж боддог.


Иргэн 2:


-Залуу хүний хувьд зөв гэж бодож байгаа. Харин аюулгүй байдлыг хангах, зөв боловсон үйлчлүүлэх соёлд суралцах шаардлагатай болов уу. Бизнесийг хааж боох нь зөв шийдэл биш. Бизнес эрхлэгчдийн ашиг, орлого нэмэгдэж байж эдийн засгийн эргэлт бий болох байх.


Иргэд ийм бодолтой байна. Дэлхийн бүхий л хотууд залуучуудын чөлөөт цагийг өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Энэ жишгээр цагийн хязгаарлалтгүй болж байгаа нь манай хотын хувьд чөлөөт худалдааг дэмжиж байгаа нэг хэлбэр юм.


Д.Сумъяабазар: Улаанбаатар хот зах зээлийг хүчээр зохицуулдаг тогтолцооноос салах ёстой


Хот бүхэн өвөрмөц үйлчилгээ, соёлоороо ялгарч байдаг. Тиймээс Хотын дарга чөлөөт зах зээлийг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжсэн шийдвэрийг гаргаж, харин тэднийг стандарт шаардлагад нийцсэн үйлчилгээ явуулахыг уриалж байгаа юм.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:


-Улаанбаатар хот шөнийн амьдрал руу үе шаттайгаар шилжих ёстой. Дэлхийн том хотуудад байдаг л амьдрал. Зохистой, зөв хэрэглээг дэмжих ёстой. Зохистой хэрэглэнэ гэдэг нь тухайн хүний ухамсраас шалтгаална. Гэтэл юм болгоныг хориглосон шийдвэр гаргаад байж болохгүй. Энэ бүхний ард дандаа эдийн засаг явж байдаг. Аж ахуйн нэгжийн ашиг орлогоос гадна  татвар, орлого нэмэгдэж, эдийн засаг эргэлтэд орж  байдаг.


Улаанбаатар хот зах зээлийг хүчээр зохицуулдаг тогтолцооноос салах ёстой. Би Хотын даргаар ажиллах хугацаандаа зах зээлийг хааж, боох, хориглох гэх мэтээр хүчээр зохицуулахгүй. Би залуустаа итгэж байгаа, хотын иргэдийн орлогыг дэмжинэ. Бид зохистой зөв хэрэглээнд суралцах ёстой. Улаанбаатарт шөнийн амьдрал, шөнийн бизнес байх ёстой. Зориулалтын байртай бол ганцхан баар, диско клуб бус, зоогийн газар, кофе шопууд, таваар үйлчилгээ ч өглөөний 05:00 цаг хүртэл ажиллаж, орлогоо нэмэгдүүлж, бизнесээ тэлэх боломжтой. Одоо урин дулаан цаг ирнэ, аялал жуулчлалын улирал эхэлнэ. Соёлтой орчин, цэвэр цэмцгэр байдал, шуурхай үйлчилгээг нэвтрүүлээд, хангалттай ажиллах боломжоор хангах бодлого барьж байна гэсэн юм.


Дэлхийн хотууд өөрсдийн онцлогт тохирсон соёл, уламжлалыг шингээсэн хоолны, худалдааны гудамжийг байгуулж, иргэд олон нийтээ орлоготой байлгах бодлогыг чухалчилсаар байна.  Манай хотын хувьд монгол зан заншил, соёл ахуй, үндэсний зоог, ахуйг сурталчилсан гудамжийг бий болгож, иргэд, аж ахуйн нэгжээ дэмжиж, цаад утгаараа аялал жуулчлал, бүтээн байгуулалтыг дэмжсэн бодлогыг Улаанбаатар хотод эрчимтэй хэрэгжүүлэхийг зорьж байгаа юм.


Гэр хорооллын хүнсний дэлгүүрүүд иргэдийн барьцаалан зээлдүүлэх ‘түнш’ болжээ

Эх сурвалж: news.mn, 2022.02.18


Хэдхэн хоногийн өмнө уламжлалт сар шинийн баяр болж өнгөрлөө. Гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ гэсэн ч иргэд байдгаа тавьж шинэлцгээсэн. Сар шинээр хуугаар нь хамсан иргэд одоо туйлдсан байдалтай байгаа талаар иргэд ч өөрсдөө их ярих болсон. Тиймээс иргэдийн өдөр тутмын амьдрал хэр байгааг ажиглах боломжтой газрыг гэр хорооллын хүнсний дэлгүүр хэмээн үзсэн тул Сүхбаатар дүүргийн 15-р хороо Дамбадаржаа хавиарх хүнсний дэлгүүрүүдээс энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ. 


Хүйтний улирал дуусч хаврын урь орлоо гэж баярлавч “молиго модон чихэр” гэдэг шиг өвлөөсөө хүйтэн жавартай хаврын өдрүүд үргэлжилсээр. Гудамжны үзүүрээс куртикныхаа энгэрийг зөрүүлэн тэвэрсэн залуу гүйсээр хүнсний дэлгүүр бараадав. Араас нь даган орвол “Хараа 0.5-тайгаас нь,  нэг зуугийн аягатай” гэчихэээд худалдагчтай “Танайхан сайн уу” гэх ойр зуурын үгс солилцоно. Уг дэлгүүрт бараагаа бичүүлэх гэж хүлээх шаардлагагүй. Учир нь, хотын төвийн дэлгүүрүүд шиг хүлээгээд байх олон хүн орохгүй.


 Дэлгүүрийн худалдагч “Цагаан сарын үеэр сүү, шар тос, бууз, ундаа гүйлгээтэй байлаа. Баярын дараах 2-3 хоногтоо иргэд бага сага зүйл авч байгаад мөнгөгүй болдог юм уу, яадаг юм гурав, дөрөв дэх өдрөөсөө худалдаж авахаас илүү зээлэх гэж орж ирэх нь их байна. Жишээ нь, уржигдар 15 ширхэг талх авсан. Өчигдөр гүрийсээр байгаад нэгийг нь өөрөө идээд, нөгөөхийг нь дүүдээ өгч дуусгаад өнөөдөр шинэ талх захьлаа. Ер нь худалдан авалт гэдэг чинь лөөлөө болчихоод байна. Өглөө цөөхөн хүн орж ирээд, өдөр нь хүнгүй, орой ажлаа тараад ганц нэгхэн хүн орж ирж байна даа” хэмээв.                       

Цахилгаан бараагаа үлдээгээд зээл авчихсан хүмүүс хүртэл байна


Цааш энхэл донхол замтай, хаа нэг нохой хуцах гудмаар явбал усны худагтай залгуулж барьсан улаан тоосгон дэлгүүр байх аж. Тухайн дэлгүүр рүү ороход 7 орчим насны хүү: Эгчээ тэрийг авъя.


-Худалдагч: Тэр гэж аль вэ, аль?


-Хүү: Тэр шар ууттай гоймонг.


-Худалдагч: Сайн асуугаад ирээ. Буруу юм аваад явах гэж байгаа юм гэсээр хүүд бэлэн гоймонг өгөөд явуулав. Тус дэлгүүрийн эзэн Дамбад долоон жил дэлгүүр ажиллуулж байгаа агаад өөрийнхөө гудамжны бараг бүх айлын аж амьдралыг мэддэг тул ихэнх айлд нь ойр зуурын зээл өгдөг аж. Мөн уг дэлгүүр “Алив гэрт хүн ирчихлээ. Хиам, зайдас, талх, боорцог, шил архи өгөөч” гэж сандарч ирэх хүмүүсийн хөлөөр тасардаггүй байна. Иргэдийн хувьд хагассайн, бүтэнсайн өдөр болохоор угаалгын нунтаг, савангаас эхлээд л зээл бас дахин зээл аж. Уг дэлгүүрт 5-210 мянган төгрөгийн зээлтэй хүмүүс их байгаа гэв. Тэдгээр дунд өдөртөө зээлээ төлдөг, 14 хоног, 1-2 сар хүлээлгэж төлдөг олон төрлийн хүмүүс байдаг байна. Иргэд нийт өрнийхөө жаахан хэсгийг төлөөд дахин өр тавих нь элбэг. Бүрмөсөн дарах ганц үе нь тэтгэвэр, халамж, хүүхдийн мөнгө буух үеэр нэрээ хараар эрээчүүлж нуруу нь тэнийнэ. Харин удалгүй талх, сүү, мах уутлаж аваад ээлжит ачаагаа үүрнэ. Өрийн дэвтэрт нэг гэрийн аав, хүү хоёр тус тусдаа нэрээ бичүүлсэн нь ч байв. “Сайн найзтайгаа харьцахыг хүсэхгүй байвал мөнгө зээл” гэх үг цахим орчинд өдөр бүр л харагддаг. Хэнийг нь ч сайн мэдэхгүй нэгэндээ хэдэн арван мянгын бараа зээлэх нь зарим иргэдийн нөхөрлөлөөс илүү андлалтай хүнсний дэлгүүр, туйлдсан иргэдийн тарчиг амьдрал. “Хүмүүс хүүхдийнхээ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, жолооний үнэмлэх гээд бүхий л бичиг баримтаа тавьж өдөр тутмын хоол хүнсний зүйлс болох талх, элэгний нухаш, сүү, тамхи голцуу авдаг байсан бол одоо гэрийн эд хогшлоо хүртэл тавих болсон” хэмээн дэлгүүрийн эзэн ярих зуураа лангууны ар талын хэсэг рүү зааж “Чи тэрийг хар л даа, тоос сорогчоо хүртэл үлдээчихсэн байгаа биздээ” гээд инээв. Энэ хооронд ганц нэг хүн орж ирэх ч лангууг хэд эргүүлж, тойруулж харж байгаад хоосон гараад явав. Авах зүйл нь байсангүй юу, эсвэл авах бараа нь гэсэн үнэтэй байв уу. Удалгүй бага ангийн хүүхдээ дагуулсан настан ширхгийн тамхи, нэг шуудай мод авч гарахын алдад “энийг авна” гэж хүүхэд нь тийчигнэнэ. Хичээл сургууль эхэлсэн учир өдөртөө хичээл тарах, эхлэх үед хэд хэдэн хүүхэд эцэг, эхийгээ чангаасаар дэлгүүрт орж ирдэг байна. Аргагүй эрхэнд зээлээр ч болтугай эцэг, эхчүүд авч өгөх аж. Гэхдээ зээл өгөхөд зарчим бий. Зээлээр архи, согтууруулах ундааг хэзээ ч дэлгүүрүүд олгодоггүй байна. Архи зээлээр зайлшгүй шаардлагатай байвал эхнэр, нөхөр хоёрын нөхөрт нь бус эхнэрт нь өгдөг аж. Нөхөр бол нэг төрлийн найдваргүй зээлдэгч. Найдваргүй зээлдэгчид хэзээ дахин зээл гарч байлаа даа.


        Бөөний гэх тодотголтой дэлгүүр, захууд гэр хорооллын дэлгүүрт хамаагүй хямд байна


Дараагийн дэлгүүр бол Долоон буудлын зам дагуу байрлах гудамжны үзүүрт байрладаг “Мөнгөн” дэлгүүр юм. Тус дэлгүүр орлого муутай, өдөрт ихдээ л 140 мянган төргөгийн орлоготой байгаа аж. Уг дэлгүүр талх, боорцог гэх гурилан бүтээгдэхүүн худалдан авалт муутай байгаа тул хугацаа нь дуусч  “шатах” тохиолдол гараад байгаагаас болж зарахаа больсон байна.


Дэлгүүрийн худалдагч гэх 40 гаруй насны эмэгтэйгээс иргэдийн худалдан авалтын талаар тодруулахад  “Цагаан сарын үеэр биднийг овоож оцойтлоо ихийг олж байна гэж бодоод байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд ямар ч баярын өмнөх долоо хоногт гэр хорооллын дэлгүүрүүд зогсонги байдалд ороод байдаг болчихсон. Ялангуяа Оргил, Номин, Е-Март гэх олон сүлжээ дэлгүүр хаа сайгүй байгуулагдсантай холбоотой иргэд бөөний төв гэх газруудаас баярын зүйлсээ авдаг болсноор гэр хорооллын дэлгүүрүүд эзгүйрдэг. Гэтэл бөөний гэх тодотголтой дэлгүүрүүд нь ихэвчлэн 1000-2000 төгрөг нэмж зардаг. Түүнийг нь иргэд авахдаа үнэтэй байна, бүх юм өсчихлөө гээд хашгичаад байдаг. Жишээлбэл,манайд бэлэн гоймонг 3100 төгрөгөөр зарж байхад сүлжээ дэлгүүрт 3800 төгрөгөөр зарагдаж байна. Аль нь яг бөөний төв болж таарав. Бөөний төв, зах гэхээр л иргэд хямд гэж ойлгодог. Гэтэл Хүчит-Шонхор, Барс, Нарантуул чинь жижиг дэлгүүрээс үнэтэй байна шүү дээ. Тэд үйлдвэрлэгчдээс 500-1000 төгрөг нэмж зарж байхад бид бөөний төвөөс бараа татаад ашиг харна гэвэл иргэд улам л туйлдах биз” хэмээн бухимдангуй ярив. Цалингаа буух бүрт хоол, хүнсээ цуглуулах гэсэн иргэд бөөний төвийг зорино. Харин иргэдийн худалдан авах сэтгэлээр “тоглож” бөөний бус ширхэгийн үнээр зарах нь элбэг аж.


Сүүлийн дэлгүүр болох “Хүнсний мухлаг” гэх бичигтэй жижиг мухлагт орлоо. Ороход нэг нь цай барьсан, нөгөөх нь гал өрдөж суух 70 гаруй насны эхнэр, нөхөр хоёр байв. Тэд хөдөө агаарт гарах сонирхолтой ч эхнэр нь харвалттай тул эмчийн хяналтад байх шаардлагатай юмсанж. Дан ганц хэвтээд байж чадалгүй мухлаг ажиллуулж амжиргаагаа залгуулдаг байна.Тэтгэвэр нь 350 мянгаас 500 мянга болсон нь сайшаалтай ч эм тарианд байдгаа барж байгаа тул арай гэж л хүргэж, оюутангүй тулдаа эмчилгээ оношлогооныхоо мөнгийг илүүчилж байгаагаа учирлав. Тухайн мухлаг сүүлийн 2 сарын хугацаанд бараг л бараа татаагүй аж. Иргэд гэлтгүй энэ хэдэн дэлгүүр нь хүртэл орлого нь өрөндөө  явах болж. Энэ мэтчилэн нийтдээ найман дэлгүүр оров. Иргэдийн худалдан авалт аль алинд нь муу, зээлээс зээлийн хооронд л байгааг худалдагчид ярив. Одоо хаврын бус хухай хоосон хоногийн хоолоо аргацаах зээлийн улирал гэж нэрлэх дээрээ тулжээ.