Showing posts with label sub center. Show all posts
Showing posts with label sub center. Show all posts

Н.Сугар: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг нүүлгэхэд 1.5 тэрбум биш, 90 сая төгрөг зарцуулж байна

Эх сурвалж: ikon.mn, 2021.12.27





Монгол Улсын Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 8-ны хуралдаанаар Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн ИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа алба, агентлагуудад энэ ондоо багтан Яармагт барьсан Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор руу нүүх үүрэг өгсөн.


Засгийн газраас өгсөн үүргийн дагуу хотын захиргааныхан өнгөрсөн бямба гарагаас нүүж эхэлсэн. Гэвч зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нүүлгэх зардалд 1.5 тэрбум төгрөг зарцуулж байгаа гэх ташаа мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодрууллаа.


- Нүүлгэх зардалд 1.5 тэрбум төгрөг зарцуулж байна гэх ташаа мэдээлэл гараад байгаа. Яг хэдэн төгрөг зарцуулж байгаа вэ?


- Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборт нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагыг шилжүүлэн байршуулах ажлыг зохион байгуулахад 500 сая төгрөгийг нийслэлийн 2021 оны төсөвт тусгасан.


Тэрнээс хэвлэлээр бичээд, мэдээлээд байгаа шиг 1.5 тэрбум төгрөг зарцуулсан зүйл байхгүй. Нүүлгэлтийн ажил, тээвэрлэлтийн зардалд 90 сая төгрөг төсөвлөсөн. Цар тахлын үе учраас нийслэлийн хувьд аль болох бага зардлаар нүүхээр төлөвлөж, энэ дагуу дотоод нөөц, бололцоогоо ашиглан ажлуудаа хийж байгаа.


-500 сая төгрөгөөр чухам ямар ажлууд хийх вэ?


- Энэ нь Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборт нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд шилжин байрлахад шаардлагатай үйл ажиллагааны зардал. Нийт есөн төрлийн үйл ажиллагаанд зарцуулах төсөв нь 500 сая төгрөг гэсэн үг.


Тодруулбал, цэвэрлэгээ, үйлчилгээ, материалын зардал, цэвэрлэгээний багаж, тоног төхөөрөмжийн зардал, интернэт сүлжээ, сервер, дотоод сүлжээ, тоног төхөөрөмж, суурийн утасны шилжүүлгийн тохиргоо үйлчилгээ, тоног төхөөрөмжийн зардал орж байгаа. Мөн нүүлгэлтийн ажил, тээвэрлэлтийн зардал, А корпусын зоогийн газарт шаардлагатай тоног төхөөрөмж, төрийн тусгай хамгаалалтын тоног төхөөрөмж, нэвтрэх болон олон нийтийн талбайд байрлуулах ариутгал халдваргүйтгэлийн тоног төхөөрөмжийн зардал зэрэг багтаж байна.


- Хувийн хэвшлээ дэмжих чиглэлээр нүүлгэлтийн ажилд хамтарч ажиллаж болохгүй байсан уу гэх шүүмжлэл байна?


- Нийслэлийн зүгээс эдийн засгаа сэргээх, аж ахуйн нэгжүүдээ дэмжих чиглэлээр боломжит бүх бодлогын дэмжлэгийг үзүүлж байгаа. Гэхдээ нүүлгэлтийн ажлын хувьд төсвөөс гарах зардлыг хэмнэх ёстой. Тиймээс дотоод нөөц, бололцоогоо дайчлан ажиллаж байна.


Тухайлбал, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний цэргийн ангийн дүйцүүлэх албаны алба хаагчдыг дайчлан ажиллуулж байгаа. Нүүлгэлтийн компаниудын хувьд маш өндөр үнэ санал болгосон тул хамтарч ажиллах боломжгүй байсан.


- Нийт хэчнээн байгууллага нүүх вэ?


- Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар зэрэг зургаан албан байгууллага буюу 400 ажлын байр Яармаг руу эхний ээлжид нүүнэ. Одоо ашиглалтад орсон барилга 400 хүн хүлээн авах хүчин чадалтай байгаа.


Нийслэлийн агентлагууд Яармаг дахь шинэ байр руугаа нүүж эхэлжээ

 Эх сурвалж: ikon.mn, 2021.12.25








2021 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө Нийслэлийн захиргааг Яармаг дахь шинэ байр руу нүүх чиглэлийг Засгийн газар өгсөн.


Тэгвэл нийслэлийн зарим агентлаг Яармагийн шинэ цогцолбор байр руу нүүж эхэлж байгааг хотын даргын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Тодруулбал, өнөөдөр нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба шинэ байр руугаа нүүж байна.


НЗДТГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд "Нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой энэ жилийн төсвийн тодотголд суулгасан тодорхой хөрөнгө бий. Хөрөнгийн зарцуулалттай холбоотой асуудлууд төлөвлөгдөж байна. Нүүлгэн шилжүүлэх байгууллагууд болон орох зохион байгуулалттай холбоотой асуудлуудыг удахгүй танилцуулна. Энэ сард бэлтгэл байдал хангагдаж, нүүхээр зэхэж байна" гэдгийг сарын эхээр хэлж байв. 









Амгалангийн дулааны станцыг өргөтгөнө

Сурвалж: Монгол Улсын Эрчим Хүчний Яам, facebook хуудас


Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох болон холбогдох албаны хүмүүс “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн үйл ажиллагаа, төсөл хэрэгжүүлэх талбайд ажиллалаа. 


“Амгалан дулааны станц” ТӨХК нь Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн 11 хувийг эзэлдэг, өвлийн оргил ачааллын үед хотын зүүн бүсийн хэрэглэгчдийг найдвартай дулааны эрчим хүчээр ханган ажилладаг. 


Сайд Н.Тавинбэх “Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулааны эрчим хүчний хэрэглээг хаахад тус станц ихээхэн үүрэгтэй. Мөн Дулааны гуравдугаар цахилгаан станцыг өргөтгөх үед ачааллыг шилжүүлэх шаардлагатай. Амгалангийн дулааны станцын одоо ажиллаж байгаа хүчин чадлыг 116МВт буюу 100 Гкал/цаг-ийн хүчин чадалтай нэг зуухаар өргөтгөнө. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг богино хугацаанд бага зардлаар хийх боломжтой” гэдгийг онцоллоо.


Төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсэд 11.000 айл өрх, 340 орчим барилга байгууламжийг дулааны эрчим хүчээр хангахаас гадна дулааны гуравдугаар цахилгаан станцын ачаалал хөнгөрч хотын төвийн болон урд хэсгийн хэрэглэгчид рүү ачаалал шилжүүлэх боломж бүрдэх юм. Барилга угсралтын ажлыг 2022 оны гуравдугаар сард эхлүүлэн 18 сарын хугацаанд хийж гүйцэтгэн ашиглалтад хүлээн авахаар төлөвлөөд байна.








"Майдар эко хот” болгоно гэж улсын мөнгөөр бүтээсэн цогцолбор, "БУРХНЫ ХӨШӨӨ, СУВАРГА" болон дуусаж байна

Эх сурвалж: 2021.10.20, www.isee.mn


Эл хотод  54 метр өндөр Майдар бурхны бие лагшныг орчин цагийн урлагийн бүтээл болгон, 108 метр өндөр суварган байгууламжийн хамт босгож буй. Тэгвэл төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус хотын бүтээн байгуулалтын ажил хэрхэн өрнөж буйг бид сурвалжиллаа.


ХОТ БАЙГУУЛАХААР УЛСЫН ТӨСВӨӨС МӨНГӨ АВСАН Ч ХӨШӨӨ, СУВАРГААС ӨӨР ЗҮЙЛ БАРИГДААГҮЙ БАЙНА -


Улаанбаатар хотын ачааллыг багасгах, хүн амын төвлөрлийг сааруулах зорилгоор шинэ хот барих уг төсөл олон жил яригдсан. Дээр дурдсанчлан Ерөнхийлөгч асан Х.Баттулга анх санаачилга гаргаж, “Майдар эко хот” төслийг эхлүүлсэн байдаг. Гэвч санхүүжилтийн асуудлаас болж хот байгуулах дорвитой ажил хийгдэлгүй олон жилийг элээсэн. Харин Их Майдар бурхны бодьсатва дүрийг бүтээхэд Их Майдар сан төрийн бус байгууллага иргэдээс хандив цуглуулсан ч мөн л амжилт олоогүй, барилгын ажил гацсан. Улмаар Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос нэг жилийн дараа буюу 2018 онд Майдар хот сүндэрлэх 12 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж эхэлсэн юм.


Хотыг  дөрвөн үе шаттай барихаар төлөвлөсөн байдаг. Эхний үе шатанд хотод байх ёстой бүхий л зүйлс баригдана. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, театр, музей, эмнэлэг, онцгой байдлын газар цогцоороо баригдах бөгөөд 80-100 мянган оршин суугчтай байхаар төлөвлөжээ. Уг ажил 2030 он хүртэл үргэлжилж, эрэлт их байвал хоёрдугаар үе шатыг эхлүүлнэ гэж байв.


Төлөвлөгөө ёсоор бүтээн байгуулалтын ажлын эхний үе шат 2016 онд ашиглалтад орох байсан. Гэвч 2019 оны есдүгээр сарын 20-ны өдөр манай сурвалжлах багийг тус газар очиход “Их Майдар” бурхны биеийг дөнгөж босгож байсан юм. Тэгвэл өнөөдөр/2021.10.19/ Зарлиг увдисын суварга босгох барилгын ажил үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд Их Майдар бурхны бодьсатва дүр, Зарлиг увдисын суварга босгох ажил хийгдсэн ч хамгийн чухал зүйл болох “Майдар эко хот”-ын бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажил гэхээр зүйл хийгдээгүй байгаа юм. 


“МАЙДАР ЭКО ХОТ”, “АНДЛАЛЫН ӨРГӨӨ”-НИЙ ТҮҮХИЙГ ДАВТАХ УУ?


Ерөөс манай улсад хөшөө, суваргаар түрий барьж улсын мөнгө гарлагаддаг нь энгийн үзэгдэл мэт болсон. Үүний нэг сонгодог жишээ нь Андлалын өргөө. Тус цогцолборын нийт төсөв 5 тэрбум төгрөгөөр хэмжигдсэн гэх бөгөөд улсын төсвөөс 1.9 тэрбум орчим төгрөгийг зарцуулсан гэдэг. Харин анд бололцож буй биш тулалдаж буй мэт хоёр хүний хөшөө барилгыг Чингис хаан, хүлэг баатар Боорчи хоёрынх хэмээн ирсэн жуулчдад тайлбарлах нь даанч “нүүр улайм” хэмээн зарим иргэн шүүмжилж,  шоглосоор ирсэн. Тус хөшөө нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, барималч Д.Эрдэнэбилэг агсны бүтээл. Иймд түүний оюуны өмчийг янз бүрээр шоглож, шүүмжилж байгаад гэр бүл нь эмзэглэж, хөшөөг цааш нь үргэлжлүүлэн барих, оюуны өмчийг нь ашиглуулахгүй хэмээж, улсын төсөвт мөнгийг нь буцаан төлж, тус бүтээлийг Өвөрмонголд ашиглуулахаар болсон. Улмаар Андлалын өргөө цогцолборыг буулгасан билээ. Үүнийг өгүүлсний учир нь “Андлалын өргөө”,  “Их Майдар” цогцолбор нь нэг хүний бүтээл юм.


Төсөв, өртгийн хувьд Майдар эко хот “босоход” ойролцоогоор 40 тэрбум ам.доллар шаардлагатай гэж буй. Харин эхний үе шатыг хийхэд ойролцоогоор 2 тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагатай хэмээн Төслийн удирдагч Л.Баяртуул мэдэгдэж байж. Гэвч улсын төсвийн мөнгийг хот босгоход бус дахин нэгэн хөшөө, суварга босгоход зарцуулан “Андлалын Өргөө”-ний түүхийг давтах уу гэдэг болгоомжлол энд төрж байна.






Сэлбэ дэд төвийн дулааны станцын гүйцэтгэл 95 хувьтай байна

Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.06.03


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Сэлбийн хурдны зам болон Сэлбэ дэд төвийн дулааны станцтай танилцсан юм. 

Азийн хөгжлийн банк, НЗДТГ-ын хөрөнгө оруулалтаар “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Сэлбэ дэд төвийн 28 МВт хүчин чадал бүхий дулааны станцыг 2019 оноос барьж эхэлсэн. Станцын барилга, шугам сүлжээний угсралтын ажлын гүйцэтгэл 95 хувьтай байна. 





ГХХХОДХ төслийн хүрээнд хийж байгаа цахилгаан хангамжийн ажлууд

2020.09.07

Эх сурвалж: ГХХХОДХ төсөл

Төслийн хүрээнд хийж байгаа Цахилгаан хангамжийн ажлууд: 

Төслийн 1-р үе шат болох Баянхошуу болон Сэлбэ дэд төв нийт 17км урт цахилгааны шугам сүлжээ шинээр бий болгож, Хаалттай дэд өртөө нийт 9ш, КТПН дэд өртөө нийт 11ш, 10кВ-ийн хувиарлах байгууламж 1ш, дэд төв тус бүрд 35/10 цахилгааны дэд станц болон Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төв барьж байна. 

Цахилгаан хангамжийн эдгээр ажлуудыг хийснээр Гэр хорооллын айлуудын цахилгааны хүчдэл сайжруулаж одоо байгаа болон цаашид шинээр ашиглалтад орох барилга байгууламжуудыг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангахаас гадна хотын гэр хорооллын бүсийн айл өрхүүд IPTV болох UNIVISION, SKYMEDIA үзэх, өндөр хурдны 4G сүлжээ ашиглах боломжтой болох юм. 



Сэлбэ дулааны станц

2020.08.27

Сурвалж: ГХХХОДХ төсөл

Төслийн хүрээнд Сэлбэ, Дамбадаржаа болон Дэнжийн мянга дэд төвүүдэд тус бүр 1 Дулааны станц барина. 
Одоогоор Сэлбэ дэд төвд барьж буй 28МВт хүчин чадалтай 3 зуух бүхий Дулааны станцын барилга угсралтын ажлын явц 80 орчим хувьтай үргэлжилж байна. Уг станцын эхний зуухыг энэ оны 10-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.



Сургалт, үйлдвэрлэлийн төв

2020.08.27

Сурвалж: ГХХХОДХ төсөл

ГХХХОДХ төсөл хэрэгжүүлэх нэгж болон USAID, "Хөгжлийн Шийдэл" ТББ-ууд дэд төвүүдийн бизнес эрхлэгчдэд хэрэгцээт бизнесийн болон санхүүгийн сургалт, семинар, уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулах, банк санхүүгийн байгууллагаас санхүүжилт авахад нь дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах зорилгоор 2023 оныг дуустал хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.


Сэлбэ дэд төв

2020.08.05 

Сурвалж: А.Намуун, www.ikon.mn, НГЗБА

Сүхбаатар дүүргийн 13, 14 хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 хорооны 417 нэгж талбарын 156,000 м2 талбайг хамран хэрэгжиж байгаа Сэлбэ дэд төвийн нөлөөлөлд өртсөн газрыг нөхөн олговортойгоор чөлөөлснөөр бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн газар зохион байгуулагч Д.Доржбат "Сэлбэ дэд төв төслийн хүрээнд дулаан хангамжийн чиглэлээр 9.97 км дулаан дамжуулах шугам сүлжээ болон ус, дулаан дамжуулах 14 төв, 6.01 км ус хангамжийн сүлжээ, 9.77 км хорооллын доторх бохир усны шугам, 6.7 км урттай 14 м өргөнтэй хатуу хучилттай авто зам, 2.4 км үер усны хамгаалалт бүхий далан сувгийн ажил хийгдэж байна. Мөн 240 хүүхдийн ортой улсын цэцэрлэг, бизнес инкубатор, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг барилга, байгууламж ашиглалтад орохоос гадна орон сууцны хороолол барих, орчин үеийн дахин төлөвлөлт бүхий шинэ хот бий болох дэд бүтцийг улсын зардлаар хийж байна" гэлээ.