Showing posts with label land. Show all posts
Showing posts with label land. Show all posts

20 жилийн хугацаанд Монгол Улсын хүн амын 19.9 хувь нь газраа өмчлөн авчээ

Эх сурвалж: Г.Мөрөн, www.ikon.mn, 2023.04.28


Газрын харилцааны тулгамдсан асуудлыг оновчтой тодорхойлон, шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх, газар өмчлөлийн 20 жилийн туршлагыг хэлэлцэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, өндөр түвшний судалгааны арга зүйн шинэ технологи, программыг нэвтрүүлэх зорилготой “Газрын харилцааны тулгамдсан асуудал ба газар өмчлөл 20” онол, практикийн бага хурал өчигдөр боллоо.


Энэ үеэр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ж.Батсайхан "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг баталсны 20 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд Монголын хүн амын 19.9 хувь нь газраа өмчилж авсан" хэмээн танилцуулав.


Харин нийслэлд газар өмчлөлийн явц 12.7 хувь байна. Тухайлбал, гэр хорооллын 7,238.4 га газрыг 132,238 иргэн өмчилсөн байгаа бол зуслангийн бүсэд 3,515 иргэн 209.6 га газар өмчилжээ. 


Дүүргээр нь авч үзвэл Сонгинохайрхан дүүрэгт 73,661 иргэн 3,978 га газар өмчилсөн нь бусад дүүргээс тэргүүлэх үзүүлэлт болж байна.









Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс


Н.Сугар: Гарааш чөлөөлсөн газар олон нийтийн амралт, зугаалгын талбай болно. Барилга барихгүй

Эх сурвалж: Б.Манлай, www.ikon.mn, 2023.04.28


Улаанбаатар хотын зарим байршлын гараашийг буулгаж буй. Уг ажлын талаар Хотын ерөнхий менежер мэдээлэл өглөө.


Ерөнхий менежер М.Баяраа "Нийслэлийн Засаг даргын захирамжаар 132 байршлын 2,355 гараашийг буулгаж, 46,418 га талбайг чөлөөллөө. Гарааш буулгах ажил нийслэлийн зургаан дүүрэгт явагдсан.


Баянгол дүүрэгт 33 байршлын 782

Баянзүрх дүүрэгт 21 байршлын 273

Чингэлтэй 5 байршлын 29

Сүхбаатар 30 байршлын 715

Хан-Уул дүүрэгт 21 байршлын 155

Сонгинохайрхан дүүрэгт 22 байршлын 401 гараашийг буулгаж, газрыг чөлөөллөө.

Тухайн чөлөөлсөн газарт оршин суугчдын хүсэлтийг харгалзан авто зогсоол, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын , спортын талбай байгуулах эсэхийг шийдэх юм.


Дөрөвдүгээр сарын 21-ний байдлаар зургаан байршилд тохижилтын ажлыг хийхээр төлөвлөсөн" хэмээн танилцууллаа.


Нийслэлийн Засаг даргын зөвлөх Н.Сугар "Гарааш буулгах ажил нь түгжрэлтэй холбоотой. Учир нь алхах орчин, амарч суух талбай тухтай болсноор иргэдийн алхах сонирхол нэмэгддэг. Тэгснээр ойрхон газарт тээврийн хэрэгслийг сонгохоос татгалздаг болох нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байгаа.


Гарааш чөлөөлсөн талбай дээр оффис, барилга байгууламж, орон сууц барихгүйг эхнээсээ хэлж байсан.


Хувь хүн эзэмшлийн газар дээрээ гарааш барьчихсан байж байгаад өөрийн газраа чөлөөлөөд объект барих цөөн тохиолдол бий.


Зарим байршилд тухайн ойр орчмын иргэд хорооны байр, өрхийн эмнэлэг барьж өгөх хүсэлтийн дагуу хийгдэж байгааг хэлье. Гэхдээ энэ нь маш цөөхөн.


Гарааш чөлөөлсөн газар олон нийтийн амралт, зугаалгын талбай болно гэдгийг нийслэлийн удирдлагуудын зүгээс хэлж байгаа юм" хэмээн мэдээллээ.




"СУРУГА МОНГОЛ"-ын хэрэгт Генерал Б.Хурц, ЦЕГ-ын дарга асан М.Ганболд, Хууль зүйн дэд сайд асан Ц.Уугангэрэл, УЕП асан М.Энх-Амгалан, "буурал" А.Гансүх нарыг ШАЛГАЖ БАЙНА

 Эх сурвалж: ergelt.mn. 2022.09.12. Ц.Амундра


ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР "СУРУГА МОНГОЛ"-ЫН ХОХИРОГЧИЙГ ЯПОНООС АВЧРАХААР ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ХӨӨЦӨЛДӨЖ БАЙГАА. 70 ГАРУЙ НАСНЫ ХҮН БАЙДАГ. ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ДЭЭРЭМДДЭГ БАЙДЛЫГ ЭЦЭС БОЛГОНО" ГЭЖ МЭДЭГДЭВ. ТЭГВЭЛ "СУРУГА МОНГОЛ"-ЫН ХЭРЭГТ ГЕНЕРАЛ Б.ХУРЦ, ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАН, ЦЕГ-ЫН ДАРГА АСАН М.ГАНБОЛД, ХУУЛЬ ЗҮЙН ДЭД САЙД АСАН Ц.УУГАНГЭРЭЛ, "БУУРАЛ" ХОЧИТ А.ГАНСҮХ, "МОН-УРАН"-НЫ Б.НАРАНХҮҮ НАР ОРОЛЦСОНЫГ ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАХ НЭГДЭЛ"-ЭЭС НОЦТОЙ БАРИМТААР ИЛЧИЛЖ БАЙНА






2017 оны аравдугаар сарын 17-нд “Суруга Монгол” ХХК-иас “Нью даун таун” гэх компани 10 га газар авсан байдаг. Анхаарал татсан зүйл нь, “Нью даун таун” ХХК өмнө нь үйл ажиллагаа явуулж байгаагүй буюу үүсгэн байгуулагдсанаасаа ердөө 15-хан хоногийн дараа “Суруга Монгол” ХХК-иас 10 га газар авсан болж таарав. Байгуулагдаад ердөө 15 хоногийн дараа хотын “А” зэрэглэлийн бүсэд байршилтай 10 га газрыг эзэмшиж эхэлсэн гэхээр энэ компанийн цаана чухам хэн байна вэ гэдэг хардлага эрхгүй төрнө. Эндээс хардлагаас хөвөрдөж цааш хөөвөл маш ноцтой гэмт хэргийн сэжүүр илэрч байна. 


Тодруулбал, “Нью даун таун” ХХК анх долоон хувьцаа эзэмшигчтэй, бүгд яг ижил 16 хувийн хувьцаатайгаар байгуулагджээ. Тухайлбал, Маньбадрахын Ганболд, Цогоогийн Уугангэрэл, Бибишийн Билэгсайхан, Цэрэнбатын Чинбаяр, Наранхүүгийн Эрдэнэ, Батсүхлангийн Одончимэг, Даваадоржийн Энэрэл нар анхны хувьцаа эзэмшигч буюу үүсгэн байгуулагчаар бүртгэгдсэн байна. Хамгийн ноцтой нь тэд цөм өндөр албан тушаалтнууд буюу “Суруга Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, УИХ-ын гишүүний төрсөн хүү, төрсөн эгч, Тагнуулын ерөнхий газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хууль зүйн дэд сайд зэрэг өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн хамтран байгуулсан компани болох нь илэрч байгаа юм.


“Нью даун таун” ХХК-ийг үүсгэн байгуулагчид

 

1.Маньбадрахын Ганболд- Хууль зүйн ухааны доктор, Хошууч генерал цолтой. 1997 онд ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн анхны дарга, 2001 онд Эрүүгийн цагдаагийн газрын дарга, 2006 онд Цагдаагийн Ерөнхий газрын дарга, 2008 онд буюу Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга, 2012 онд Монгол Улсаас БНАСАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар тус тус томилогдож ажилласан. 





2.Цогоогийн Уугангэрэл- Цагдаагийн Ерөнхий газрын Тусгай тасгийн дарга, Тагнуулын ерөнхий газрын Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, Гаалийн ерөнхий газрын дэд дарга, Хууль зүйн дэд сайдаар тус тус томилогдон ажиллаж байсан. Мөн дээр дурдсан хошууч генерал М.Ганболдтой хамт “Хос харцага” ХХК-ийн эзэмшдэг. 





3.Наранхүүгийн Эрдэнэ- УИХ-ын 2012, 2016 оны сонгуулиар Дундговь аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдож ажилласан М.Наранхүүгийн төрсөн хүү. Н.Эрдэнэ нь аавынхаа “Дүнжингарав трейд” ХХК, “Дүнжингарав констракшн” ХХК, “Мон-Уран” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. 

 

4.Батсүхлангийн Одончимэг- УИХ-ын 2012, 2016 оны сонгуулиар Дундговь аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдож ажилласан М.Наранхүүгийн төрсөн эгч.





5.Даваадорж Энэрэл- Түүний ээжийг Батын Болор гэдэг. Б.Болор нь Авлигатай тэмцэх газрын дэд дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын төрсөн эгч. 

 

6.Бибиш Билэгсайхан- “Суруга стандарт” ХХК, “Суруга трейдинг” ХХК, “Суруга партнерс” ХХК, “Суруга моторс” ХХК, “Суруга урбан центр” ХХК-иудыг “Проконсалтинг” ХХК-иар дамжуулан эзэмшихээс гадна гүйцэтгэх захирлаар нь ажилладаг. 

 

7.Цэрэнбат Чинбаяр- “Суруга Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд “Суруга рөүд” ХХК, “Суруга инвестмент” ХХК, “Суруга жапан” ХХК-иудыг эзэмшдэг. 

 

        Тэгвэл хэн, ямар зорилгоор, бас яагаад УИХ-ын гишүүн, Тагнуулын ерөнхий газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хууль зүйн яамны дэд сайд зэрэг өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсээр хувьцаа эзэмшигчдээ бүрдүүлсэн “Нью даун таун” ХХК-ийг байгуулж, тэгээд болоогүй “Суруга Монгол” ХХК-иас 10 га таслаж өгөх болов гэдэг ноцтой асуулт гарч ирнэ.

 

Энэ асуултад хариулт хайж эргэн санавал, 2012 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр “Суруга Монгол” ХХК-ийн Япон захирал 67 настай Цүнэяки Хара Хан-Уул дүүрэгт байрлах “Палас” зочид буудлын 609 тоот өрөөнөөс хар тамхины хэргээр баривчлагдсан байдаг. Улмаар Цүнэяки Харад эрүүгийн хэрэг үүсгэж, дөрвөн сар шахам хорьсон бөгөөд 2012 оны зургадугаар сард шүүх хурал нь болсон. Хачирхалтай нь, шүүхээс Цүнэяки Хараг хар тамхи хэрэглээгүй гэж үзээд, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Цагдаагийн байгууллагаас “Хар тамхи хэрэглэж байхад нь үйлдэл дээр нь баривчилсан” хэмээн зарласан атал шүүхээс “Хар тамхи хэрэглээгүй” гэж дүгнэсэн нь зохион байгуулалттай гэмт хэргийн сэжүүр болсон. Өөрөөр хэлбэл, Цүнэяки Харад хэн нэгэн, хэсэг бүлэг этгээдүүд зохион байгуулалттайгаар хуурамч хар тамхины хэрэг тохсон юм биш биз гэх хардлага гарч ирсэн. Улмаар “Суруга Монгол” ХХК-д ажиллаж байсан болон Цүнэяки Харагийн орчуулагчийн нөхөр гэх Г.Г, Ц.Б нарыг бусдын захиалгаар Цүнэяки Харагийн зочид буудлын өрөөнд хар тамхи нуусан, ингэхдээ цагдаагийнхантай хамтарсан байж болзошгүй хэрэгт татсан. Гэвч энэ хэрэг шүүх дээр очоод хэрэгсэхгүй болсон байдаг. Ингээд хэн тэдэнд Цүнэяки Хараг хар тамхины хэрэг холбогдуулах захиалга өгсөн, хэргийн гол зохион байгуулагч нь хэн байв гэдэг асуултын хариулт олдолгүй байсаар хэрэг намжсан. “Суруга Монгол” ХХК-ийн захирал Цүнэяки Хараг ч энэ хэргээс болж, эндэх бүх зүйлээ хаяад нутаг буцсан байдаг. 


Тэгвэл “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийг хардах нэг өнцөг байна. Тодруулбал, дээр дурдсанчлан 2012 оны хоёрдугаар сард “Суруга Монгол” ХХК-ийн захирал Цүнэяки Хара ХУД-т байрлах “Палас” зочид буудлын 609 тоот өрөөнөөс хар тамхины хэргээр баривчилсан. Бүтэн дөрвөн сар мөрдөн байцааж, хорьсны эцэст 2012 оны зургадугаар сард шүүхээс Цүнэяки Хараг хар тамхи хэрэглээгүй буюу буруугүй гэж цагаатгасан. Харин энэ хэргийг “Суруга Монгол” ХХК-ийг газар шунасан бүлэглэл  хууль хяналтын байгууллагынхны оролцоотойгоор, маш нарийн төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулалттайгаар үйлдсэн байж болох хардлага гарч байсан. Тэгвэл “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид буюу Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар дарга, Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан дээрх хүмүүс “Суруга Монгол” ХХК-ийн Япон захиралд хар тамхины хэрэг “тохоход” оролцсон хүмүүс байж болзошгүй хардлага байна. Өөрөөр хэлбэл, Цүнэяки Харад хар тамхины хэрэг тохсоныхоо хариуд нь 10 га газраар “шагнуулсан” байж болох хардлага байгаа юм. 


Харин А.Гансүх “Нью даун таун” ХХК-тай ямар холбоотой вэ гэдэг асуулт гарч ирнэ. Нэгдүгээрт, А.Гансүхийн төрсөн дүү А.Ганболд “Монгол корпорэйшн” ХХК-ийг эзэмшилдээ авснаасаа хойш  2017 оны аравдугаар сарын 12-нд “Суруга Монгол” ХХК-иас 23 га газар авч байсан. Түүнд ийнхүү 23 га газраа найр тавьж өгсөн хүн нь хар тамхины хэрэгт холбогдсоноосоо хойш Монголыг орхисон Цүнэяки Харагаас хойш “Суруга Монгол” ХХК-ийг удирдах болсон, одоогийн гүйцэтгэх захирал Ц.Чинбаяр. Харин Ц.Чинбаяр нь “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигч юм. Ингээд харвал, А.Гансүх, түүний төрсөн дүү А.Ганболд нь “Нью даун таун” ХХК-тай, ялангуяа “Суруга Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Чинбаяртай салшгүй холбоотой нь нотлогдож байгаа юм. Хоёрдугаарт, Зам, тээврийн сайд асан А.Гансүх өөрийнх нь эрүүгийн хэрэг прокурорт шилжсэн 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгаланг “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болгож, анхны долоон хувьцаа эзэмшигчээс нэгийг нь хассан байна. Ингэхээр энэ компанийн цаад эзэн нь А.Гансүх буюу хувьцаа эзэмшигчдээс хэнийг хасаг, хэнийг оронд нь оруулахыг тэр шийддэг дүр зураг харагдаж байна. Ийнхүү Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгалан хотын “А” зэрэглэлийн бүсэд 10 га газартай “Нью даун таун” ХХК-ийн долоон хувьцаа эзэмшигчийн нэг болсноор 1.4 га газартай болсон гэсэн үг юм. 





А.ГАНСҮХИЙГ ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ДЭД САЙД БАЙХ ҮЕД "СУРУГА МОНГОЛ" ХХК 37 ГА ГАЗРАА "МОНГОЛ КОРПОРЭЙШН" ХХК-Д АЛДАЖ БАЙЖЭЭ


Зам, тээврийн сайд асан А.Гансүхийг “Суруга Монгол” ХХК-тай хэзээнээс, хэрхэн яаж холбогдсон тухай түүхийг сөхвөл аль 2012 оноос эхэлдэг ажээ.

 

          Тодруулбал, Барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт 50 жилийн туршлагатай Японы “Суруга корпораци” 2003 оны нэгдүгээр сард Монголд “Суруга Монгол” гэх охин компаниа байгуулжээ. Ингээд “Суруга Монгол” ХХК нь нийслэлийн Хан-Уул дүүргийн XV хороо буюу Удирдлагын академаас зүүн тийш Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэлх эзгүй байсан 88 га газрыг эзэмшиж эхлэв. Тэд энэ газарт “Дөрвөн улирлын цэцэрлэг” хороолол буюу 3000 орчим айлын тансаг зэрэглэлийн нийтийн орон сууц, 400 орчим айлын амины орон сууц барихаар ажлаа эхлэв. Хоёр жилийн дараа, 2005 онд эхний гурван орон сууц буюу “Жапан таун” хотхон ашиглалтад орлоо. Улмаар УИХ-ын гишүүд, урлаг соёлын алдартнууд, уул уурхайн эзэд гээд эд хөрөнгөтэй, эрх мэдэлтэй бүхэн энэ хотхон руу цувж эхлэв. Тухайн үед “Жапан таун” хотхоны 140 м2 орон сууц л гэхэд 120 мянган ам.доллараар зарагдаж байсан нь зөвхөн баячуудын л төлж чадах үнэ байсан учраас тэр.


Эхний гурван орон сууц нь цөм борлуулагдаж, тансаг зэрэглэлийн хотхон гэдгээрээ танигдаад байтал 2012 онд “Суруга Монгол” ХХК-ийн барилгын тусгай зөвшөөрөл нь гэнэт үндэслэлгүйгээр цуцлагдав. Хууль ёсоор эзэмшдэг газартаа холбогдох хууль тогтоомжийн дагуу барилгаа барьсан, оршин суугчид нь гомдол санал гаргаагүй байтал ямар учраас барилгын тусгай зөвшөөрөл нь цуцлагдсаныг “Суруга Монгол” ХХК-ийнхан хайгаад олоогүй байгаа юм. Тэр үед Зам, тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайдаар А.Гансүх ажиллаж байлаа. Өөрөөр бол, “Суруга Монгол” ХХК-ийг Улаанбаатарт барилга барих, барихгүйг шийдэх эрх мэдэл нь А.Гансүхэд байжээ гэсэн үг. 

 

Арга мухардсан “Суруга Монгол” ХХК-ийнхан “авлига” болгож “Монгол корпорэйшн” гэх компанид 37 га газар өгч байж барилгын тусгай зөвшөөрлөө сэргээлгэжээ. Хамгийн ноцтой нь, тухайн үед “Монгол корпорэйшн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ц.Буянцогтоо ажиллаж байсан байгаа юм. Ц.Буянцогтоо бол хожим нь УИХ-ын дарга асан З.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан буюу ардчилсан хувьсгалаас хойш түүнээс “салаагүй” хүн. А.Гансүх ч мөн адил З.Энхболдыг Төрийн өмчийн хорооны дарга болсон цагаас нь дэргэд нь байж, Төрийн өмчийн хорооны хууль эрхзүйн хэлтсийн даргаар ажиллаж явсан түүний хүн байв. Өөрөөр бол, А.Гансүх “Суруга Монгол” ХХК-ийг барилгын тусгай зөвшөөрлөөр нь “шантааж” хийх замаар З.Энхболдын хамаарал бүхий “Монгол корпорэйшн” ХХК-д 37 га газрыг нь тасдан олгуулсан гэх дүр зураг харагдаж байгаа юм. Ингээд “Монгол корпорэйшн” ХХК-ийнхан “Суруга Монгол” ХХК-иас салгаж авсан 37 га газар газраа хоёр хувааж, талыг нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Хурд” группт өгсөн бөгөөд одоо тэр газарт “Хүннү-2222” хороолол сүндэрлэсэн. Харин үлдсэн тал газартаа “Монгол корпорэйшн” ХХК-ийнхан өөрсдөө орон сууцны хотхон захиалан бариулж байгаа ажээ. 


Хамгийн ноцтой нь, “Монгол корпорэйшн” ХХК удалгүй А.Гансүхийн мэдэлд иржээ. Тодруулбал, А.Гансүхийн төрсөн дүү А.Ганболд нь “Эм Жэй Ти” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг. Тэгвэл энэ компани нь “Монгол корпорэйшн” ХХК-ийн хувьцааны 99.8 хувийг эзэмшиж эхэлсэн байна. Түүгээр зогсохгүй, А.Ганболд “Монгол корпорэйшн” ХХК-ийг хувьдаа авсныхаа дараа “Суруга Монгол” ХХК-иас 2017 оны аравдугаар сарын 2-нд дахин 23 га газар авсан байна. Ингэж Японы “Суруга Монгол” ХХК-ийн мэдэлд байсан 60 га газар А.Гансүхээр дамжин “Монгол корпорэйшн” ХХК-д иржээ. 


Нэгтгэж харвал, А.Гансүх Зам, тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд, сайд байхдаа “Суруга Монгол” ХХК-ийн барилгын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Улмаар “Суруга Монгол” ХХК-иас “Монгол корпорэйшн” ХХК-иар дамжуулан 37 га газар “авлига” хэлбэрээр авч, хариуд нь барилгын тусгай зөвшөөрлийг нь сэргээж өгсөн. Үүнийхээ дараа “Монгол корпорэйшн” ХХК-ийг төрсөн дүү А.Ганболдынхоо эзэмшилд авч, “Суруга Монгол” ХХК-иас дахин 23 га газар авсан. Нөгөөтээгүүр, "Суруга Монгол" ХХК-ийн Япон захирлыг Монголоос хөөж явуулах төлөвлөгөөнд оролцсон. Үүнд нь оролцсон хууль хяналтынханд “шагнал”-ыг нь өгөхийн тулд “Нью даун таун” ХХК-ийг байгуулж, тэднийгээ хувьцаа эзэмшигч болгосон. Улмаар Ц.Чинбаяртай “тохиролцсон” ёсоор “Нью даун таун” ХХК-д 10 га газар гаргуулж, хувьцаа эзэмшигч тус бүрд 1.4 га газар өгсөн. Гэвч тооцоолоогүй асуудал дэгдэж, өөрийнх нь шинэ төмөр замтай эрүүгийн хэрэг прокурорт шилжсэн. Тэгмэгц нь Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд “Нью даун таун” ХХК-ийн 16 хувийн хувьцаа буюу 1.4 га газар санал болгосон. Тэд тохиролцож, М.Энх-Амгалангийн дүү М.Бат-Амгалан “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болж, А.Гансүхийн эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон дүр зураг харагдаж байгаа юм. 


"СУРУГА МОНГОЛ"-ын хэрэгт Генерал Б.Хурц, ЦЕГ-ын дарга асан М.Ганболд, Хууль зүйн дэд сайд асан Ц.Уугангэрэл, УЕП асан М.Энх-Амгалан, "буурал" А.Гансүх нарыг ШАЛГАЖ БАЙНА






Нийслэлийн нутаг дэвсгэрт 17 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэнэ

Эх сурвалж: ikon.mn, 2022.04.14





2019 онд 32 байршлын 57.66 га, 2020 онд 38 байршлын 130 га газар, 2021 онд 38 байршлын 20.67 га газар буюу нийт 108 байршлын 208.33 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэжээ.


Нийтийн эдэлбэрийн газарт хамааруулж болохуйц байршил, бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бүхий байршлуудын газар ашиглалтын байдалд судалгаа хийсэн байна. Судалгаагаар 25 байршлыг тодорхойлон, нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан нийт 17 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэх асуудлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэв. Тодруулбал


Баянгол дүүрэгт дөрвөн байршил бүхий 0.52 га

Баянзүрх дүүрэгт зургаан байршил бүхий 13.95 га

Сонгинохайрхан дүүрэгт гурван байршил бүхий 0.59 га

Сүхбаатар дүүрэгт таван байршилд 0.65 га

Багануур дүүрэгт таван байршилд 0.84 га

Налайхад хоёр байршил бүхий 0.49 га газар байгаа юм.

Ингэснээр нийслэлийн нутаг дэвсгэрт олон нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах, хамгаалах боломж бүрдэх юм. Үүнээс гадна нийтийн эдэлбэрт бүртгэснээр тухайн газар хэн нэгэн хувь хүн, аж ахуйн нэгжийн эзэмшил болдоггүй байна.


Энэ жил нийт 4,860 гарааш чөлөөлөхөөс өнгөрсөн хугацаанд 35 байршилд 1,025 гарааш чөлөөлсөн

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг "Энэ жил нийт 4,860 гарааш чөлөөлөхөөс өнгөрсөн хугацаанд 35 байршилд 1,025 гарааш чөлөөлсөн. ​​​​​​​Нийтийн эдэлбэрт бүртгэх 25 байршлын 16-д тохижилт хийхээр төлөвлөсөн" гэв.


Харин үлдсэн есөн байршлыг ногоон байгууламж, тоглоомын талбай хэвээр үйл ажиллагааг нь явуулахаар төлөвлөжээ.


Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, гишүүдийн саналыг тусган 17 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэх асуудлыг НИТХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхээр болов.

Усан парктай холбоотой газарт баригдаж буй орон сууцны барилгад МХЕГ-аас Ажлын хэсэг гарган шалгаж эхэлжээ

Эх сурвалж: 2022.04.14, ikon.mn


Энхтайваны гүүрний зүүн талд буюу Дунд гол урсдаг хэсэгт усан парк, спорт цогцолбор, соёл амралтын хүрээлэн барина гэж байсан ч орон сууцны хороолол барьж эхэлсэн асуудал олны анхаарлыг татаад буй.


Харин “Эм энд Жи” констракшны захирал А.Амарбаясгалан “Усан паркийн төслийг зогсоогоогүй бөгөөд уг төсөл 2028 онд дуусгах төлөвлөгөөтэй байгаа” хэмээн Мягмар гарагт мэдэгдсэн юм.


Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар (МХЕГ)-аас Ажлын хэсэг гарган өнөөдрөөс шалгаж эхэлжээ.


Энэ тухай МХЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Манайхаас Ажлын хэсэг гарган өнөөдрөөс шалгаж эхэлсэн.


Өөрөөр хэлбэл, тухайн барилгын ажил явагдаж буй газарт очиж шалгалт хийсэн бөгөөд одоо тус газрын зөвшөөрөл, барилга барих зөвшөөрөл, эрсдэл болон усан парк ямар зураг төслийн дагуу баригдаж байгаа гээд бүгдийг нь шалгаж байгаа. Шалгаж дуусаад тодорхой мэдээлэл өгнө” хэмээн мэдээлэв.


Ташрамд дурдахад, "Эм Энд Жи" констракшны эзэмшлийн 11.8 га газрыг анх 2008 оны есдүгээр сарын 17-нд орон сууцны зориулалтаар олгож байжээ.


Тус газрын эзэмших эрхийг 2020 оны есдүгээр 30-ны захирамжаар цуцалж, ногоон байгууламж болгох шийдвэр гарсан.


Гэвч Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, газрын эрхийг сэргээсэн талаар Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар өмнө нь мэдээлсэн юм.









28 ширхэг гараашийг буулгаж, газрыг бүрэн чөлөөллөө

 Эх сурвалж: Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын алба, 2022.04.02





Дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/69 дүгээр "Газар албадан чөлөөлөх" захирамжийн дагуу дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 39 дүгээр байрны зүүн талд нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байсан 28 ширхэг гараашийг буулгаж, газрыг бүрэн чөлөөллөө.







Зөвшөөрөлгүй контейнер, гараашийг чөлөөлөх ажил үргэлжилж байна

Эх сурвалж: Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын алба, 2022.03.24














Хан-Уул дүүрэгт зөвшөөрөлгүй контейнер, гараашийг чөлөөлөх ажил үргэлжилж байна. 

Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр талбайд зөвшөөрөлгүй газар ашиглаж байсан 22 контейнер, гараашийг чөлөөлөөд байна. 

Чөлөөлсөн байршлууд дээр иргэдэд нэн шаардлагатай ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын талбайн тохижилтын ажлыг эхлүүлнэ.

Нэг газрыг гурван иргэнд давхардуулан олгосон зөрчил илэрчээ

Эх сурвалж: ikon.mn,  2022.03.22







Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж өнөөдөр НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл” салбарт иргэдтэй уулзав.


Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэн Д.Атарболд “Миний бие 2021 оны есдүгээр сараас өөрийн өмчлөлийн дөрвөн давхар барилгадаа давхар нэмэх барилгын ажлыг эхлүүлсэн.


Гэтэл барилга барьж эхлээд гурав хонож байтал Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас барилгын ажлыг зогсоосон. Уг нь Хот байгуулалт, хөгжлийн газраас зөвшөөрөл авсан байсан. Барилгадаа давхар нэмэхийн тулд банкнаас зээл авсан. Одоо урин цагт барилгаа үргэлжлүүлж барих асуудлыг шийдэж өгнө үү” гэсэн юм.


Тухайн иргэний асуудлыг нарийвчлан судлахад давхар нэмж барьж буй барилгыг Д.Атарболд дангаар өмчилдөггүй, давхар бүрийг бусдад худалдсан бөгөөд тэдгээр өмчлөгчдийн нэг нь давхар нэмж бариулахгүй хэмээн гомдол гаргасан байжээ.


Иргэн төрийн байгууллагад анхнаасаа мэдээллээ үнэн зөв өгөөгүй, ганцхан өөрийн өмч мэтээр шийдвэр гаргуулснаас энэхүү асуудал үүссэн болохыг Ерөнхий архитектор Н.Нацагдорж тайлбарласан юм. Тиймээс тухайн иргэнийг өмчлөгчийн маргаанаа зохих журмын дагуу шийдвэрлэж, барилгын давхар нэмэхийг эсэргүүцээд буй иргэнтэй зөвшилцөхийг санал болгосны сацуу холбогдох хууль, дүрэмд захиалагч байгууллага үнэн зөв эсэхийг бүрэн хариуцна гэж заасан байдгийг сануулав. 


Харин Налайх дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Ц.Болд 2015 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт 1,610 ам метр газрыг амины орон сууцны зориулалтаар таван жил эзэмших эрх авсан. Мөн ондоо эзэмших эрхээ үйлчилгээний зориулалтаар сольжээ.


Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар уг газрыг гурван иргэнд давхцуулан олгосон байна. Энэхүү асуудлыг шийдэж өгөхийг Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдоржоос хүсэв. 


Ерөнхий архитектор Н.Нацагдорж “Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албадтайгаа уялдаатай ажиллахгүй бол энэ  мэт гомдол санал тасрахгүй. Үүнээс үүдэн иргэд хохирдог байж таарахгүй. Иргэн Ц.Болдод Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмших эрх өгсөн байтал дүүргийн Засаг дарга өөр бусдад өмчлүүлэх шийдвэрийг давхардуулан гаргасан байна. Тэгэхээр иргэн Ц.Болд шүүхэд хандан, асуудлаа шийдүүлэх боломжтой” гэв.


Иргэдтэй уулзсан уулзалтын мэдээллийг тэмдэглэл хөтлөн Нийслэлийн Засаг дарга болон холбогдох албаныханд танилцуулж, шийдүүлэх ажлыг шуурхай зохин байгуулдаг гэдгийг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хэлж байв.


Хүүхдийн паркийг хүн бүрд нээлттэй байлгах үүднээс хашааг нь буулгаж эхэллээ

Эх сурвалж: Нийслэлийн Мэдээ. 2022.03.18


Хүүхдийн парк буюу Үндэсний соёл, амралтын хүрээлэн /ҮСАХ/-гийн газрыг зориулалтын дагуу ашиглах, нийслэлийн иргэн бүрд нээлттэй байлгах  үүднээс хашаа, хайсыг буулгаж эхэллээ. ҮСАХ нь нийслэлийн иргэдэд хамгийн ээлтэй орчин байх ёстой гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр хашаа, хайс буулгах ажлыг эхлүүлэх үедээ онцолсон юм.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:


- ҮСАХ-гийн бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард эхэлнэ.

-“Иргэн төвтэй жил”-ийн хүрээнд юун түрүүнд паркийн хашааг буулгаж байна. Соёл амралтын хүрээлэн нь хашаатай, иргэд нь орж чаддаггүй ийм хот дэлхийн хаана ч байхгүй. Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх эхний алхам нь хашаа, хайснаас салгах юм. Өнгө үзэмж муутай, өндөр сараалжин хашаа барьснаас болж иргэд парк руу нэвтэрч чадахгүй олон жилийг үдсэн. 

Парк бол Улаанбаатар хотын уушги. Гэтэл ногоон байгууламжгүй, тав тухтай орчингүйн дээр хашиж, хааснаас болж паркийг иргэдэд зориулаагүй мэт,  иргэдийнх биш юм шиг болсон. Тиймээс ҮСАХ-гийн захиргаанд шуурхай ажиллаж, бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард яаравчлан эхэл гэсэн үүргийг өгсөн. Гүйцэтгэлийн хяналтыг илүү өргөн хүрээнд тавина. Иргэд ч бүтээн байгуулалтад хяналт тавих хэрэгтэй.


Үндэсний соёл, амралтын хүрээлэн ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мэндбаяр:


-Манай ҮСАХ нь нийтдээ 31 га газартай. Эхний ээлжийн хөгжүүлэлтийн дагуу өдгөө 14.89 га талбайд 22 тоглоомтойгоор ажиллаж байгаа. Энэ ондоо багтаж дөрвөн  шинэ тоглоом, ирэх 2023 онд дахин 5-6 шинэ тоглоом суурилуулж хүүхэд, залууст үйлчлэхээр төлөвлөсөн.  

Түүнчлэн хөгжүүлэлтийн II шатыг энэ онд эхлүүлнэ. Гурван жилийн хугацаанд өрнөх бүтээн байгуулалтын хүрээнд нийт 6.9 га газарт битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кино театр, музей, галерей, “Түмэн эх” чуулгын шинэ байр, хоол үйлчилгээ болон худалдаа үйлчилгээний төвүүд, 1000 автомашины газар доорх зогсоол зэргийг барих юм. ҮСАХ-д дөрвөн улирлын турш ажилладаг үйлчилгээний газруудыг нээнэ. Үлдэж буй газрыг бүхэлд нь Улаанбаатар хотын иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байдлаар хөгжүүлэхээр төлөвлөсөн. 

.















.


Эх сурвалж: ikon.mn

Нийслэлийн Засаг дарга 2022 оныг "Иргэн төвтэй жил" болгон зарласантай холбоотой нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хийж байгаа. Үүний дагуу өнөөдөр Хүүхдийн паркийн тохижилт хийгдээгүй хэсгийн хашааг нурааж, нийтийн эзэмшил, цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах ажлыг эхлүүлж байна. 

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Хүүхдийн парк хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн нэртэй 1966 онд ашиглалтад орж байсан. Энэ газарт нэг ч барилга байгууламж нэмж барихгүй. Ногоон байгууламжаар ашиглагдана. 

Ногоон байгууламж нэмж зүлэгжүүлэлт хиймээр байна. Барилга байгууламж барих эсэх асуудал дээр иргэдийн саналыг сонсож байж зөвшөөрөл өгөх ёстой.

Энэ ажил 2021 онд 29 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай байсан бол энэ онд 900 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт буюу 31 дахин нэмсэн. Тиймээс шуурхай ажиллах хэрэгтэй" гэлээ. 

Хүүхдийн паркийн тохижилт хийгдээгүй хэсгийн хашааг буулгах ажил одоо эхэлж байна. Тохижилтын зураг төслийн даалгавар өгсөн. Дөрөвдүгээр сарын 15-наас энэ ажил эхэлнэ гэсэн тайлбарыг албаны хүн өгөв.