Showing posts with label standard. Show all posts
Showing posts with label standard. Show all posts

7 сар буюу түүнээс дээш хугацаанд угсралтын ажил нь зогссон барилга байгууламжуудыг хамгаалалтын горимд шилжүүлнэ

Эх сурвалж: ikon.mn,  2022.03.23





НМХГ-ын дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга барилга байгууламжтай холбоотой осол аваар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.


Тэрбээр "2022 он гарснаас хойш гуравдугаар сарын 18-ны байдлаар НМХГ-т нийт зургаан осол бүртгэгдсэн. Эдгээрийн тав нь хөдөлмөрийн аюулгүй байдалтай, нэг нь лифттэй холбоотой осол гарсан. Зөрчлийн тухай хуулиар эдгээр ослууд цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагч нар мэдлэг, ажил үүргийн хүрээний хувьд оролцоод явж байгаа.


Он гарснаас хойш өргөх байгууламжийн аюулгүй ажиллагааны зөвлөмжийг СӨХ, лифт хариуцсан байгууллагуудад хүргүүлсэн. Лифт эзэмшигч 2,800 гаруй, 696 лифт ашиглагч, эзэмшигч иргэн, ААН-д мэдэгдлийг хүргүүлсэн.


Мөн барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа 260 барилга байгууламжийн захиалагч, гүйцэтгэгч, ААН, иргэдэд хөдөлмөрийн болон орчны аюулгүй байдлаа хангаж ажиллахыг зөвлөж, тусалсан. Үүнд угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа 16, дотор засал хийж байсан 90, гадна засал буюу фасадны ажил хийж байгаа 36 барилга байгууламж багтлаа.


НМХГ-т оны эхний гурван сарын байдлаар 1,644 албан бичиг, 806 өргөдөл, гомдол ирснээс барилга, байгууламжтай холбоотой 132 байсан.


барилга байгууламжийн дулаан алдагдалтай холбоотой 31

онхны цанталтын талаар 28

эвдрэл гэмтэл 12

барилгын хийцлэл өөрчилсөн 37

өвлийн улиралд барилга угсралтын ажил хийж байгааг шалгуулах 5

зөвшөөрөлгүй барилга барьж байна гэсэн 27 гомдол ирсэн.

Эдгээр 132 гомдлын дагуу улсын байцаагч нар хяналт шалгалт хийж, 14 ААН, таван иргэнд 53 сая төгрөгийн торгууль, зөвшөөрөлгүй 27 барилгад прокурорын албан даалгавар гаргуулж үйл ажиллагааг нь зогсоосон байгаа.


Орчны аюулгүй байдлыг хангуулах талаар тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. Тухайлбал Улаанбаатарын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа болон 7 сар буюу түүнээс дээш хугацаанд барилга угсралтын үйл ажиллагаа зогссон, орчиндоо эрсдэл учруулж болзошгүй барилга байгууламжуудыг хамгаалалтын горимд шилжүүлэх үүрэг, даалгаврыг захиалагч 54 ААН, иргэдэд хүргүүллээ. Үүнд:


Баянзүрх дүүрэгт 12

Баянгол дүүрэгт 12

Сүхбаатар дүүрэгт 8

Сонгинохайрхан дүүрэгт 6

Чингэлтэй дүүрэгт 5

Хан-Уул дүүрэгт 11 барилга байгууламжид орчны аюулгүй байдлыг хангуулах болон хамгаалалтын горимд шилжүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн.

Нийтийн эзэмшлийн гудамж талбайн орц, гарцыг хаасантай холбоотой 12 гомдол ирсэн. Хяналт шалгалт хийгдэж байна. Хариуцсан хорооны болон дүүргийн Засаг дарга, барилга байгууламжийг хариуцсан эзэмшигч, гүйцэтгэгч нарт хугацаатай албан шаардлага хүргүүлсэн" гэв.

Улаанбаатар хотын стандартын 97 төрлийн баримт бичгийн төслийг хэлэлцэж, НИТХ-аар батлуулахаар төлөвлөв

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.07





Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдралын орчин, хэрэглэх бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын шаардлагыг хангахад чиглэсэн хотын стандартыг боловсруулан батлуулж хэрэгжүүлэх ёстой.


Дээрх хуулийг хэрэгжүүлэхийн тулд Нийслэлийн Засаг даргын 2021 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн А/1033 дугаар захирамжаар Ажлын хэсэг байгуулагдаж хотын стандартыг боловсруулж батлуулахаар ажиллаж буй аж.


Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва ахлан ажиллаж байгаа юм.


Өнөөдөр тус Ажлын хэсэг хуралдаж Хотын стандарт, хяналтын газраас 2020-2021 онд судлан боловсруулсан хотын стандартын 97 төрлийн баримт бичгийн төслийг хэлэлцэж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэв.


Нийслэлийн иргэдийн ажил, амьдралд нэн шаардлагатай хотын стандартуудыг 2022 оны эхний улиралд багтаан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн барьж батлуулах юм. Цаашид хотын стандартыг боловсруулах, хянан хэлэлцэх үүрэг бүхий “Хотын стандартын зөвлөл”-үүдийг мэргэжлийн салбар, чиглэл бүрээр байгуулан ажиллуулах нийтлэг дүрмийн төслийг боловсруулжээ.


Нийслэлийн хөгжлийн гол шалгуур үзүүлэлтийн нэг болсон хотын стандартыг бий болгож мөрдүүлснээр жижиг дунд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадвар нэмэгдэхийн зэрэгцээ хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалахад чухал үр нөлөөтэй гэж үзэж байна.  


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс