Showing posts with label smoke. Show all posts
Showing posts with label smoke. Show all posts

Нүүрсний хэрэгт холбогдуулан 7,457 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 142 нэгжлэгийн ажиллагаа явуулжээ

 Эх сурвалж: www.ikon.mn. 2023.01.18. П.Зоригт





Улсын Ерөнхий Прокурорын Газар(УЕПГ)-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 


Энэ үеэр нүүрсний хэрэгт холбогдуулан 92 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Үүнээс 44 нь нийтийн албан тушаалтан, 48 нь аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх, удирдах албан тушаалтан болон бусад иргэн байгааг Нийслэлийн Прокурорын Газар (НПГ)-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од хэллээ. 


Тэрбээр "Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргүүдийг шалгаж, шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор УЕПГ-ын шийдвэрээр АТГ болон цагдаа, тагнуулын байгууллагын мөрдөгч нар ажиллаж байна.


Тодруулбал, НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 11 прокурор, орон нутгаас зургаан прокурор нэмэлтээр ажиллаж байгаа юм. Хамтарсан ажлын хэсгээс нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой нийт 46 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүний 28 нь хэрэг бүртгэлтийн хэрэг, 18 нь мөрдөн байцаалтын хэрэг юм" гэлээ. 


Үргэлжлүүлэн "Одоогийн байдлаар дээрх 46 хэргээс 23 хүнд холбогдох дөрвөн хэрэгт нь НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Хэрэг бүртгэлтийн 28 хэрэг, мөрдөн байцаалтад 12 хэрэг бий.


Прокурорын байгууллага 28 хүнд холбогдох хоёр хэргийг хянаж байна. Тухайлбал,


Гашуунсухайт дахь Гаалийн газрын улсын байцаагч болон Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын хилийн шалган нэвтрүүлэх албан хаагчдад холбогдож байгаа юм.

Хил хамгаалах ерөнхий газрын хилийн 131 дүгээр ангийн 0325 дугаар салбарын алба хаагчид албаны чиг үүрэгт хамааралгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд хахууль авсан хэрэгт холбогдуулан НПГ-аас хянаж байна.

Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргүүдэд АТГ-ын 25 мөрдөгч, цагдаагийн байгууллагын 78 нийт 103 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Өнгөрсөн хугацаанд хамтарсан ажлын хэсгийн мөрдөгчид нийт 7,457 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 331 үзлэг, 142 нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.


Цагдаагийн байгууллага 90,941 хуудас цаасан баримт, АТГ 547 хавтас, цаасан суурьтай баримтыг тус тус хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэдгийг хэлэв.

Н.Шинэбаатар: Өнгөрсөн онд угаарын хийн 457 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, 26 хүн амь насаа алдсан

Эх сурвалж: www.ikon.mn. 2023.01.17. П.Зоригт





ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Шинэбаатартай иргэдийг угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.



-Өнгөрсөн онд угаарын хийд хордож амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол цагдаагийн байгууллагад хэд бүртгэгдсэн бэ?


-Гадаа хүйтэрч, галлагааны улирал эхэлсэнтэй холбоотой айл өрхүүд угаарын хийд хордох, цаашлаад амь насаараа хохирох эрсдэл нэмэгддэг.


Угаарын хийд хордож, амь нас эрүүл мэндээрээ хохирсон гэх дуудлага мэдээллийг өнгөрсөн онтой харьцуулахад 2022 онд 457 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, үүнээс хүний амь нас хохирсон 26 тохиолдол бүртгэгдсэн байна.


-Он гарснаас хойш угаарын хийд хордсон гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн үү?


-Цагдаагийн байгууллагад сүүлийн гурван хоногийн хугацаанд гэхэд л 39 хүн хүнд болон хөнгөн хэлбэрээр угаартаж, гурван хүний амь нас хохирсон дуудлага, мэдээлэл бүртгэгдээд байна. Угаарын хийн хордлогын шалтгаан, нөхцөлийг цагдаагийн байгууллагаас судалж үзэхэд хувь хүний өдөр тутмын дадал, амьдралын хэв маягаас шалтгаалж угаарын хийн хордлогод өртөж амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох асуудлууд гарч байна. Тухайлбал: Зуух, ханан пийшин эвдэрсэн, битүүмжлэл муутай, зуух яндангийн холбоос засвартай, яндан их хэмжээний хөө тортогтой, түлш буруу түлсэн гэх зэргээс шалтгаалан угаарын хийд хордох тохиолдол гарч байна.


-Иргэд угаартсан гэдгээ мэдэх боломжтой юу?


-Угаарын хий нь өнгөгүй, үнэргүй, амтгүй учир иргэд өөрсдийгөө угаартаж байгаагаа мэдэх боломжгүй. Харин угаарын хий мэдрэгч төхөөрөмж угаарын хийг мэдрэн дохио өгдөг. Тиймээс л айл, өрхүүдийг угаарын хий мэдрэгчээ тогтмол ажиллуулахыг зөвлөж байгаа юм.


Засгийн газрын шийдвэрийн дагуу нийслэлийн гэр хорооллын 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулсан.


Угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь улаан, ногоон, шар гэсэн гурван өнгийн гэрэлтэй. Ердийн үед 30 секунд тутамд ногоон өнгийн гэрэл асна. Энэ нь тухайн төхөөрөмж хэвийн ажиллаж байна гэсэн үг. Шар гэрэл анивчиж байвал төхөөрөмж алдаа заасан, улаан гэрэл анивчиж дохиолол дуугарвал тухайн орчинд угаар байна гэсэн үг. Төхөөрөмжид улаан гэрэл асаж, дуут дохио өгсөн тохиолдолд иргэд гэртээ  агаар сэлгэлт хийх, угаарын хийн агууламжийн найрлагыг дэлгэц дээр гарч буй тоон үзүүлэлтээс харах, хэрэглэгчийн гарын авлагад буй заавар, зөвлөгөөг харах хэрэгтэй. Тиймээс иргэд угаарын хий мэдрэгчийн хэвийн үйл ажиллагааг хянаж шалган, анхааралтай байхыг зөвлөж байна.


-Цагдаагийн байгууллагаас угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үе шаттай ажил, арга хэмжээ зохион байгуулсан. Энэ нь үр дүнгээ хэр өгч байна вэ?


-Цагдаагийн байгууллага угаарын хийн хордлогод өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулах чиглэлээр аян, арга хэмжээнүүдийг жил бүр шат дараатайгаар зохион байгуулж ирсэн. Тухайлбал: Байгаль, орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, бусад төрийн болон төрийн бус байгууллагаас “Яндангаа хөөлье”, “Утааг үдье”, “Орчны бохирдлыг бууруулъя”, “Өнтэй өвөлжье” зэрэг хэд хэдэн нөлөөллийн ажил, арга хэмжээг зохион байгуулсан.


Энэ онд угаарын хийн хордлогын шалтгаан нөхцөл, хор аюулын талаар иргэд, олон нийтэд ойлголт, мэдээлэл өгөх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, зөв галлагаа, угаар мэдрэгчийг хэрхэн зөв ажиллуулах талаарх заавар, зөвлөгөө, зөвлөмж өгөх зорилгоор зөвлөмж, сэрэмжлүүлэг бүхий 31 төрлийн зурагт хуудас, богино хэмжээний 13 төрлийн видео, 3 нэвтрүүлэг, 3 нийтлэл, нийт 50 мэдээ, мэдээлэл бэлтгэн цахим орчинд түгээсэн нь 1.098.640 хүнд хүрч, угаарын хийн хордлогын улмаас амь насаа алдсан тохиолдол өмнөх оны  мөн үетэй харьцуулахад 15 нэгжээр буюу 36.6 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.


-Угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд зөвлөгөө өгнө үү.


-Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд зуух, яндангийнхаа бүрэн бүтэн байдлыг шалгах, угаарын хий мэдрэгч дохиоллыг гэртээ байршуулах, зай нь дууссан бол аюулгүй байдлаа хангаж яаралтай солих шаардлагатай. Мөн яндангаа тогтмол хөөлөх, гал түлэх аюулгүй ажиллагааг бүрэн эзэмшиж, галлагааны үед зөв галлах зааварчилгаа баримталснаар таны болон гэр бүлийн тань аюулгүй байдал хангагдах учиртайг анхаарах хэрэгтэй.


 


Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар

Байшин сууцны чанарыг сайжруулахад зориулсан зээл олгох, хүүг бууруулах цогц шийдлийг салбар яамд Засгийн газарт танилцуулна

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.26






Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн мягмар гарагт Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо болон тус яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Гүнболд нарыг хүлээн авч уулзжээ. Мөн уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж, Орчин бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Алтанзул, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Энхмөнх нар оролцсон байна. 


Хоёр яамны удирдлагуудын уулзалтын зорилго нь агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд эдийн засагт дарамт үүсгэхгүйгээр инженерийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх боломжийг судлах, хийж буй ажлуудаа танилцуулж харилцан санал солилцох байв. 


Уулзалтын эхэнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “2021 байдлаар ипотекийн зээлд хамрагдсан өрхийн 30 хувь нь гэр хорооллоос орон сууцанд шилжсэн бол 70 хувь нь орон сууцнаас орон сууцанд шилжсэн байна. Гэр хорооллын иргэд орон сууцанд орох гэхэд урьдчилгаа төлбөр бүрдүүлэхэд хүндрэлтэй, өрхийн орлого банкны шалгуурт хүрдэггүй зэрэг олон шалтгаан байдаг. Иймд зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг бодлогоор дэмжих шаардлагатай. Айл өрхүүдэд эдийн засгийн дарамт үүсгэлгүй амьдарч буй байшин сууцанд инженерийн дэд бүтцийг шийдэх, хийн болон бусад шинэ технологийг нэвтрүүлэх, олон улсын хөрөнгө оруулалт татаж төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг салбарын яамд хамтран эхлүүлэх нэн шаардлагатай байна” хэмээн онцоллоо. 


Мөн тэрбээр агаарын бохирдол, утааны асуудлаас гадна Улаанбаатар хотын хөрсний бохирдол аюул дагуулж байгааг дурдаад “Ногоон стандартын эрхзүйн орчныг бүрдүүлж, төрөөс татварын бодлогоо гаргаж олон улсын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх боломжийг нээхэд салбарын яамд хамтран ажиллах нь зүйтэй. Иргэд өрхийн орлогоороо зээлээ төлөх боломжийг бүрдүүлж өгснөөр тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд ихээхэн түлхэц болно” гэдгийг дахин тодотгов. 


"Гэр хорооллын 220 мянган өрхийн 1% нь бие даасан байдлаар цахилгаан, дулаан, бохирын дэд бүтцээ шийдсэн"

Энэ үеэр Барилга хот байгуулалтын яамнаас танилцуулга хийсэн юм. Танилцуулгад “Нийслэлийн гэр хороололд буй 220 мянган айл өрхийн нэг орчим хувь нь өөрсдөө бие даасан байдлаар цахилгаан, дулаан, бохирын дэд бүтцээ шийдсэн байдаг. Харин төрөөс бодлогоор гэр хорооллыг дахин төлөвлөх хүрээнд 25 байршилд 74 хэсэгчилсэн талбайд орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх, эдгээрийн инженерийн шугам сүлжээг шийдвэрлэх үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд жишээлбэл, Чингэлтэй дүүргийн VII хороонд дулаан, цахилгааны асуудлыг шийдвэрлэх Дэд төв байгуулж гэр хорооллын айл өрхийг дэд бүтцээр хангах төслийг хэрэгжүүлж байгаа” тухайг дурдсан юм. 


Танилцуулгатай холбогдуулан хоёр яамны удирдлагууд гэр хорооллуудыг бүхэлд нь нэг дор төвийн шугамд холбох боломжгүй. Иймд Дэд төвүүдийг байгуулах ажлыг эрчимжүүлэх, захын хорооллуудын дэд бүтцийг сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдвэрлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.


Улмаар “Гэр хорооллын нийт айл өрхийн 100 мянга орчим нь монгол гэрт, үлдсэн 110 мянга гаруй нь байшин сууцанд амьдарч байна. Байшин сууцны чанарыг сайжруулж, дулаан алдалтгүй болгож стандартад нийцүүлэн барих, “С” ангиллаас дээш амины орон сууц барихад хөнгөлөлттэй зээл олгох, ногоон технологийг дэмжих, зээлийн хүүг бууруулах зэрэг цогц шийдлийг салбар яамд нэгдсэн бодлогоор гаргаж Засгийн газарт танилцуулан шийдвэрлэх нь зүйтэй” гэдэг дээр санал нэгдэв.  

Уулзалтын төгсгөлд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Төсөв хүрэлцээгүй, газрын асуудал маргаантай гэх мэт шалтаг тоочоод хойш суугаад байвал хэзээ ч урагшлахгүй. Тиймээс олон улсын туршлага, дотоод бололцоондоо тулгуурлан шийдэл гаргаж бодит ажилд хамтран ажиллахыг чухалчилж байгаа” гэдгийг онцлон хэлээд жишээ болгож ӨМӨЗО-ны Ордос хотыг богино хугацаанд барьж, хүн амын төвлөрлийг сааруулах хүрээнд нүүлгэн шилжүүлэлтийг амжилттай зохион байгуулж байсан туршлагыг дурдсан  байна.

Нийслэл рүү 15 машинаар 551 шуудай нүүрс оруулахаар завдсаныг илрүүлжээ

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.24





"Таван толгой түлш" компани өдөр тутамд 3,500 орчим тонн сайжруулсан түлшийг 615 цэгт түгээн борлуулж байгааг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр "Таван толгой түлш" ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал танилцууллаа. 


“Тус компани хэрэглэгчдээс ирсэн 5,100 тонн түлшний захиалгыг бүрэн нийлүүлсэн. Одоогийн байдлаар манай компанийн 16 шугам хэвийн ажиллаж, нийлүүлэлт хийж, 19,500 тонн түлшний нөөцтэй байна” гэлээ.


Түүнчлэн өнгөрсөн хоёр долоо хоногт 15 машинаар 551 шуудай нүүрс оруулж ирэхийг завдсан үйлдэл гарсан байна. Түүхий нүүрсийг нийслэл хотод оруулж ирэхээр завдаж буй тохиолдол гарсаар байгааг шалгаж, тодруулах үүргийг Хотын даргын зүгээс холбогдох албаныханд өгчээ.


Хотын даргын орлогч болон Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.17








21:49


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын захирамж гарчээ. 


Тодруулбал НЗД-ын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.


Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу хариуцлага тооцох захирамжийг боловсруулж буйг өнөөдөр мэдээлж байсан юм.



15:18


"Д.Ихбаяр, Б.Пүрэвсүрэн нарт хариуцлага тооцохоор боллоо"

"Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарт хариуцлага тооцохоор боллоо. Засаг даргын захирамжийн төсөл боловсруулагдаж байна" хэмээн Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.


Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын агаарын бохирдол хариуцсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох үүргийг хотын даргад өгсөн юм.

Б.Алтанзул: Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт салхитай байсан учраас агаарын чанар сайн байлаа

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.17






"Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт агаарын чанар сайн байсан. Энэ нь 4 м/сек хүртэл салхитай байсантай холбоотой бөгөөд агаар дахь бохирдуулагч бодисуудын хэмжээ сийрэг байлаа. Харин амралтын өдрүүдэд агаар жаахан бохирдолтой байсан" хэмээн ОББҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Алтанзул хэлэв. 


Үргэлжлүүлэн тэрбээр "Өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын ихэнх цэгт агаар бага бохирдолтой хэмжээнд байна" хэмээн ярилаа.


Улаанбаатар хотод 2021 оны тооллогоор 195 мянган айл, түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй 182 яндан, миддлинг түлж буй 62 ААН, 652 мянган тээврийн хэрэгсэл болон цахилгаан дулааны станцууд жилд дунджаар 5.6 сая тонн түүхий нүүрс, 727 мянган тонн сайжруулсан шахмал түлш, мөн хүхэр өндөртэй Евро-2 стандартын шатахуун хэрэглэж байгаа нь агаарын бохирдолд нөлөө үзүүлж байгаа. Үүн дээр байгаль цаг уурын буюу инверс агаарын бохирдол нөлөөлж байдаг. 


Энэ талаар ОББҮХ-ны мэргэжилтэн н.Одонтунгалаг "Өвлийн улиралд Улаанбаатар хотын газрын гадаргад инверсийн үзэгдэл үүсдэг. Инверсийн доод хэсэгт салхигүй, агаарын хэвтээ чиглэлийн шилжилт хөдөлгөөн хязгаарлагдаж, үүний нөлөөгөөр дээр дурдсан эх үүсвэрүүдээс гарч буй утаа хуримтлагдаад агаарын бохирдол үүсэх нөхцөл бүрддэг юм. Өнгөрсөн долоо хоногт инверсийн зузаан дунджаар 420 метр, 6.1 градус цельсийн эрчимтэй байсан. Үүний нөлөөгөөр агаарын бохирдол ихээхэн нэмэгдсэн.


Зөвхөн өнөө өглөөний байдлыг харвал инверсийн зузаан дунджаар 330 метр, температурын инверс 11 градус цельс байгаа нь маш хүчтэй инверс юм" гэдгийг танилцууллаа.


С.Баржав: Эрх баригчид утааны асуудалд иргэдийг буруутгаж байгаад хамгийн их зэвүүцэж байна

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.17






Иргэн С.Баржав гэр бүлээрээ АНУ-д амьдарч байгаад шинэ оны өмнөхөн эх орондоо иржээ. 


Тусгаарлалтаас гараад хэдхэн хоноод байсан ч зургаан сартай хүүхэд нь агаарын дутагдалд орж, тархины даралт өвчний шинж тэмдэг илрэх болсон байна. Энэ асуудалд бухимдсан тэрбээр Улсын их дэлгүүрийн өмнө үзэл бодоо тайван замаар илэрхийлж лоозон барьж гурван өдөр зогсжээ. Гэсэн ч энэ сарын 13-ны өдөр ЦЕГ-аас дуудаж мэдүүлэг авч, улмаар зөвшөөрөл авахыг шаарджээ. Энэ үеэр цагдаа нар зөвшөөрөлгүй үзэл бодлоо илэрхийлсэн тохиолдолд торгуулийн арга хэмжээ авч цаашлаад цагдан хорих хүртэл хуулийн зохицуулалттайг анхааруулсан байна. Иргэн С.Баржавтай ярилцлаа.


- Та АНУ-д хэдэн жил амьдарсан бэ. Эх орон руугаа яарав уу?


- Эх орноо их саналаа. Ирэх гэж их ч яарлаа. Намайг явахад л утаа гамшгийн хэмжээнд хүрчихсэн байсан. Тэнд байх хугацаандаа утааны асуудал цэгцэрсэн тухай мэдээллийг цахимаас хараад баярлаж байсан юм. Гэтэл онгоцноос буугаад л бухимдал төрсөн. Утаа арилаагүй, өмнөхөөсөө ч аймшигтай болчихсон байна.


- Та утааны эсрэг үзэл бодлоо тайван замаар илэрхийлсэн байна лээ. Тантай хүмүүс нэгдсэн үү?


- Утаа гамшгийн нөхцөлд хүрчихсэн, эрүүл мэндэд заналхийлж байхад иргэд тэмцэхгүй, үзэл бодлоо илэрхийлэхгүй, ийм нөхцөл байдалд дасан зохицоод амьдраад байна.


Хамгийн зэвүү хүрмээр нь энэ ажлыг хариуцаж, шийдвэрлэх үүрэгтэй албан тушаалтнууд нь утааны асуудалд иргэдийг буруутгасан тайлбар хэлэх юм. Ингээд миний бие эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ төлөө гэрийнхээ ойролцоо УИД-ийн өмнө талбайд лоозон барьж үзэл бодлоо тайван замаар илэрхийлсэн.


- Тайван замаар үзэл бодлоо илэрхийлсэн тан руу цагдаагийн байгууллагаас хандсан байна лээ. Юу болсон юм бэ?


- Утааны асуудалд бухимдсан залуу надтай хамт үзэл бодлоо илэрхийлсэн юм.


Ингээд лоозон авч надаас жаахан зайтай зогсож үзэл бодлоо илэрхийлсэн. Гэтэл удсан ч үгүй цагдаа ирж зөвшөөрөлгүй жагсаал, цуглаан зохион байгууллаа гэх үндэслэлээр Цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр аваачиж гэрчийн мэдүүлэг авсан. Ингэхдээ хоёр ба түүнээс дээш хүн харьяа дүүрэгтээ мэдэгдэж байж эсэргүүцэл илэрхийлдэг тухай тайлбарлаж байсан. Бид барьж зогссон самбараа хураалгасан. Одоогоор биднийг шалгаж байна.


Зөрчлийн үйлдэл байвал 500 нэгжээр торгох юм уу 7-10 хоног саатуулах хуулийн зохицуулалттай байдаг юм байна. Миний зүгээс тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх зөвшөөрөлд хүссэн бичгээ дүүрэгт өгсөн байгаа. Уул нь бид ардчилсан орны иргэд. Миний зүгээс бослого юм уу, үймээн самуунд өдөөн турхираагүй, тайван замаар үзэл бодлоо илэрхийлсэн. Ийм нөхцөлд хууль сахиулагчид маань ч тайван байдаг бол зүгээр санагдах юм.


- Танаас хуулийн ямар зүйл заалтаар байцаалт авсан юм бэ?


- Байцаагч хуулийн олон заалт хэлж байна лээ. Заримыг нь санахгүй байна. Хэлж байгаа хуулиа нарийн тайлбарлаж өгөөгүй. Цар тахал болон Жагсаал цуглааны хуулийн тухай дурдана лээ.


- Та өөрөө эрх чөлөөний оронд амьдарч байгаад ирж. Эх орондоо ирээд тайван замаар үзэл бодлоо илэрхийлээд л цагдаагийн үүдээр эргэлдэх болж. Ямар сэтгэгдэл төрж байна вэ?


- Монгол Улсын Үндсэн хуульд хувь хүн өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гээд заасан байдаг. Би энэ эрхээ л эдлэхээр гарсан. Ганцаараа ч бай, хэдүүлээ ч бай үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлаж байгаа үйлдлийг хараад их гайхлаа.


Би үзэл бодлоо тайван замаар чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлмээр байна. АНУ-д хар арьстай хүн цагдаагийн ажилтанд боолгож нас барсны эсрэг одоо ч иргэд тэмцсээр байгаа. "Хар арьстай хүмүүс амьдрах эрхтэй" гэж бичээд гэрийнхээ гаднаа, цонхон дээрээ байрлуулаад л тавьчихсан байдаг.


Бид хуульд захирагдах ёстой. Тэгэхээр цаашид нөлөөлж болох хувилбараа олж тэмцэнэ. Ажлын газар болон гэрийнхээ гаднаа ч юм уу, уриа лоозон бичиж тавих төлөвлөгөөтэй байна. Одоогоор амны хаалт дээрээ биччихлээ. Цаашлаад олон нийтийн сүлжээгээр илэрхийлэх бодолтой байна.


- Та байцаагдсаны дараа Цар тахлын үеийн хуулийг эргэж харж амжсан уу?


- Энд нэг зүйлийг онцлоход дэлхийн аль ч оронд Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг цар тахлаас болж зөрчөөгүй.


Харин Монгол Улсад цар тахлаар далимдуулаад хүний үзэл бодлоо эдлэх эрхийг боомилж байгаа нь эрх баригчдын бүдүүлэг үйлдэл. Бухимдлыг нь илэрхийлүүлэхгүй, хорьж цагдах тусам удаан тэвчиж байгаад гаргахдаа маш буруу арга замаар илэрхийлэгдэнэ.


Хааж боох тусам л хүчтэй тэсэрч дэлбэрсэн жишээ олон бий. Тийм байдал үүсгэхгүйн тулд олон нийтийн хэлэлцүүлэг хийж, харилцан ойлголцож явах хэрэгтэй. Хуулийг буруу аргаар хэрэгжүүлээд байна.


Хоёр сайдаар ахлуулсан Ажлын хэсгийн шалгалтаар шахмал түлш стандартын шаардлага хангаж байгаа нь тогтоогдсон гэв

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.17





Агаарын чанарын талаар БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, ЦЕГ, ОБЕГ, НМХГ, ЦУОШГ, Таван Толгой түлш ХХК болон бусад холбогдох албаныхан долоо хоног бүрийн Даваа гарагт мэдээлэл хийж байгаа.


Энэ долоо хоногийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр "Таван толгой түлш" компанийн үйлдвэрийн дарга Х.Галымбек сайжруулсан шахмал түлшний технологи, үйлдвэрлэл, түгээлтийн талаар мэдээлэл өглөө. 


Тэрбээр "Таван толгой түлш компанийн хоёр үйлдвэр нийтдээ 22 шугамтай. Одоогийн байдлаар 17 шугам ажиллаж байна. Гурван шугамд засвар үйлчилгээ хийж байгаа бол хоёр нь нөөц шугам юм. Өдөрт 3,400 тонн түлш үйлдвэрлэж, 600 гаруй борлуулалтын цэгээр борлуулж байгаа. Барьцалдуулагч бодис болон шуудайн нөөц хангалттай буюу энэ өвлийн хэрэгцээг хангахаар хэмжээнд байна. 


Түлшний үйлдвэр стандартын дагуу түлшээ үйлдвэрлэж байгаа" гэдгийг хэллээ. 


"Таван толгой түлш" компанийн Түлшний чанарын хяналтын хэлтсийн дарга н.Баттулга "Компанийн чанарын хяналтын хэлтэс үйлдвэрээс гарч байгаа бүх бүтээгдэхүүнд нэг бүрчлэн хяналт тавьж ажилладаг. Ингээд чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг ард иргэдэд нийлүүлэн ажиллаж байгаа. 


Өнгөрсөн долоо хоногт БОАЖ-ын сайд Н.Уртнасан, ЭХ-ний сайд Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын хэсэг сайжруулсан шахмал түлшний чанар стандартад хяналт шалгалт хийсэн. Уг шалгалтын дүнгээр Таван толгой  түлш компанийн бүтээгдэхүүн стандартын хэмжээнд байгаа нь тодорхойлогдсон. Мөн айл өрхүүдээр гэнэтийн байдлаар орж хяналт шалгалтууд хийсэн. Ингэхэд нунтгийн агууламж, чийг өндөртэй тохиолдол гарсангүй. Ажлын хэсгийнхэн баруун, зүүн бүсийн үйлдвэрийн үйл ажиллагаатай мөн танилцсан. 


Чанарын хяналтын хэлтэс гарч байгаа шуудай бүрийг хянаж гаргадаг" хэмээн ярилаа. 


Мэргэжлийн хяналтын байгууллагаас сайжруулсан шахмал түлшний орц найрлага, үйлдвэр болон агуулах дахь түлшнээс дээж авч шинжилжээ. Уг шинжилгээний дүнгээр стандартын шаардлага хангаагүй зүйл байгаагүйг мэдээллээ. 

"Айл өрхийн дулаан алдалтыг 70 хувиар багасгаснаар агаарын бохирдлыг бууруулахад бодит нөлөө үзүүлнэ"

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.16







Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр олон улсын санхүүжилттэй хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр дүнд үнэлэлт өгөх ажлыг салбарын яамнаас зохион байгуулж байна.


Энэ хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Европын холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Аксель Никэйз нар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд ажиллажээ.


Европын холбооноос 2018-2021 онуудад хэрэгжүүлсэн “Дулаан шийдэл төсөл нь” нийт 2.1 сая Еврогийн санхүүжилтээр хэрэгжсэн бөгөөд гэр байшингийн дулаан алдалтыг бууруулах, дэвшилтэд технологийг айл өрхүүдэд нэвтрүүлэн, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж байгаагаараа давуу талтай.


Цаашид төслийн үр дүнг нэмэгдүүлэх, ард иргэдэд бодит хүртээмжтэй байх чиглэлээр салбарын сайд анхаарч ажиллахаа онцоллоо. Айл өрхийн гэр байшингийн дулаан алдалтыг багасгаж эрчим хүчний зарцуулалтыг 70 хүртэл хувиар бууруулах төслийг үргэлжлүүлэх асуудлыг хэлэлцэж, Европын холбооноос нийт 2 сая гаруй еврогийн санхүүжилтийг шийдвэрлэн хамтран ажиллахаар боллоо.


Сүхбаатар дүүргийн 16 хорооны иргэн Эрдэнэбилэгийн 8:10 метрийн харьцаатай байшингийн бүрэн дулаалгыг төслийн хүрээнд шийдвэрлэхэд нийт 8 сая гаруй төгрөг зарцуулагдсан байна. Ингэснээр түлшний хэрэглээ өмнөхөөс 50-60 хувиар буурч эдийн засгийн хэмнэлттэй, ая тухтай амьдарч байгааг гэрийн эзэгтэй ярьж байна.

"Шахмал түлшнээс иргэдийн эрүүл мэндэд нөлөөлөх хоруу чанар гараагүй нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон"

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.13








Агаарын чанарын өөрчлөлттэй холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол бүхий 9, 28 дугаар хороодод холбогдох яамд, Нийслэл, дүүргийн удирдлагууд өнөөдөр ажиллалаа.


Тодруулбал, Байгаль орчин аялал жуучлалын сайд Н.Уртнасан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар “Тавантолгой түлш” ХХК, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон бусад удирдлагуудын хамт айл өрхүүдийн хэрэглээний түлшний чанар, бүтцийн үзүүлэлтийг тусгай зориулалтын багажаар хэмжиж, утаа ихэссэнтэй холбоотой иргэд, хороодын Засаг дарга нарын байр суурийг сонсов.


Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад нийслэлийн хэмжээнд агаарын бохирдол нэмэгдсэн талаар иргэд шүүмжлэлтэй хандаж буй бөгөөд холбогдох удирдлагууд агаарын бохирдуулагч эх үүсвэр өндөртэй бүсүүдэд ийнхүү биечлэн ажиллаж байгаа аж.


Энэ үеэр иргэд түлшний чанар, дулаан хадгалалт, шаталт, үнэр зэрэгт өөрчлөлт орсон нь мэдэгдэж байгааг хэлж байв.


Мөн “Таван толгой түлш” ХХК-ийн төлөөллүүд сайжруулсан түлштэй холбоотой иргэдийн гомдол, санал хүсэлтийн хариуд үйлдвэрлэл, технологи, хадгалалтын талаар холбогдох удирдлагуудад тайлбарлав.


Угаагаагүй түүхий нүүрсний илчлэг байдал 2,000-3,000 байдаг бол сайжруулсан шахмал түлшний илчлэг 5,700-6,000, чийг 1.7-2.5 хувь байдаг.


Мөн иргэдийн эрүүл мэндэд хоруу чанар гараагүй нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон гэдгийг "Таван толгой түлш" ХХК-ийн мэргэжилтнүүд хэлсэн юм гэж Сонгинохайрхан дүүргээс мэдээллээ.

Нүүрсэн яндангийн хулгайч ченжүүдийн шуналын төлөөсөнд сая гаруй хүний амь нас, эрүүл мэнд хохирч байна

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.12





ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн доктор, профессор Ц.Цэвэгжав “Нүүрсэн яндан буюу катализаторгүй тээврийн хэрэгсэл 300 орчим хорт бодисыг ялгаруулж агаар, орчин бохирдуулдаг” талаар онцолжээ.


Тодруулбал, дотоод шаталтын хөдөлгүүрээс утаа гарснаар азотын исэл, нүүрс хүчлийн хийг үүсгэдэг аж. Түлш агаар холилдож бүрэн шатсанаар нүүрс хүчлийн давхар ислийг үүсгэдэг юм байна. Энэ нь хүрээлэн буй орчинд хоргүй. Харин дутуу шаталтаас үүссэн хорт бодисууд нь хүн, байгаль орчинд маш хортой. Дутуу шаталтыг катализаторгүй автомашинууд бий болгож, 300 орчим төрлийн хорт бодис ялгаруулдаг юм байна. Хамгийн хор хөнөөлтэй нь нүүрс хүчлийн хий болон азотын исэл гэнэ.


Авто тээврийн үндэсний төвийн мэдээлж буйгаар нийслэлийн хэмжээнд 730 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас 500 орчим мянга нь замын хөдөлгөөнд тогтмол оролцдог аж. Эдгээрийн талаас илүү хувь нь Prius маркийн тээврийн хэрэгсэл байдаг.


Замын хөдөлгөөнд оролцож буй Prius маркийн тээврийн хэрэгслийн олонх нь үйлдвэрээс гарсан нүүрсэн яндангүйгээр Улаанбаатарын гудамжаар нүүрсхүчлийн хий болон азотын исэл ялгаруулаад явж байна.


Энэ асуудлын мөрөөр сурвалжиллаа.


НҮҮРСЭН ЯНДАНГИЙН ХУЛГАЙЧ ЧЕНЖҮҮДИЙН ШУНАЛЫН ТӨЛӨӨСӨНД САЯ ГАРУЙ ХҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД ХОХИРЧ БАЙНА

Эхлээд тээврийн хэрэгслийн төвлөрсөн худалдааны цэг “Да хүрээ" захыг зорьсон юм. Хил хаалттай ч тус захад тээврийн хэрэгслүүдийг ярайтал эгнүүлээд тавьсан харагдана. Эдгээрийн олонх нь өнгө өнгийн Prius-үүд байх аж.


Тээврийн хэрэгслийн ченж залуугаас цөөн асуултад тодруулга авлаа.


- Энд худалдаалагдаж буй Prius маркийн тээврийн хэрэгслүүд катализатортой юу?


- Одоогоос тав зургаан жилийн өмнө тээврийн хэрэгслүүд үйлдвэрийн яндантайгаа орж ирдэг байсан юм. Одоо тэгэхээ больсон. Миний rap дээр хятад яндантайгаа л ирдэг.


- Үйлдвэрээсээ хятад яндантай гарч байна уу. Тээвэрлэх замд хэн нэгэн сольж байна уу. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?


- Үйлдвэрээс бол катализатортой л гарч байгаа л даа. Бид эндээс захиалахдаа ч үйлдвэрийн яндантай нь л захиалдаг юм. Бидний гарт л хятад яндантай ирдэг. Тэр хол зам туулж ирсэн барааг буцаах арга байхгүй, тэр чигээр нь л худалдаалдаг.


- Гадуур нүүрсэн яндангийн эрэлт их байна уу. Энэ хавиар ч худалдаалдаг хүмүүс олон харагдлаа?


- Энэ хавиар авдаг, зардаг хүмүүс олон бий. Чамгүй үнэ ч хүрдэг. Сүүлийн үед бол ховордсон. Нүүрсэн яндантай машин ч цөөн болсон байх. Эрт онтой цөөхөн тээврийн хэрэгслүүдэд л байдаг. Тэр нь гол төлөв хөдөө орон нутагт байдаг гэх тайлбар хэлж байна.


“Да хүрээ’ захын орчимд нүүрсэн яндангийн эрэлт хэрэгцээ өндөр байна. Зөвхөн энэ төрлийн худалдаа эрхэлдэг хүмүүс ч байдаг бололтой. Гол төлөв бусдын тээврийн хэрэгслээс тоногдсон, буруу гарын зүйлс энд ирдгийг ч машины ченжүүд онцолж байв. Нүүрсэн яндан авч дамладаг гэх ченжүүдтэй уулзахад тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Учир нь энэ төрлийн яндан худалдаалахыг хориглодог болжээ. Зарсан тохиолдолд торгуулийн арга хэмжээ авдаг болж. Гэсэн ч ил далд хэлбэрээр энэ төрлийн бизнес оршсоор л байна. Бүр тодруулбал энэ төрлийн худалдаа цахим орчинд эрчээ авчээ. “Нүүрсэн яндан авна зарна, нүүрсэн яндан авч. шүүлтүүртэй яндан суулгаж өгч чекний гэрэл унтраана" гэсэн зар түгээмэл анзаарагдана. Иймэрхүү худалдааны зарын бүлгэмүүд ч хэдэн арваараа бий болж.


Энэ төрлийн худалдаа эрхэлдэг хүмүүсийн хэлж байгаагаар бол нүүрсэн яндангийн ханш 800.000-2 .000.000 төгрөгийн хооронд байна. Он болон машины төрөл маркаасаа шалтгаалаад үнэ нь өөр хоорондоо харилцан адилгүй байдаг аж. Хамгийн эрэлттэй нь сүүл оны Prius 20-ын яндан гэнэ. Зарим тохиолдолд гурван сая төгрөг ч хүрдэг аж.


Prius 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй иргэдийн байр суурийг сонслоо.


- Та энэ тээврийн хэрэгслийг унаад хэр удаж байна вэ. Таны гарт үйлдвэрийн яндантайгаа ирсэн үү?


- Шинэ машин буухад нь л аваад гурван жил болж байна. Хятад яндантай л миний гарт ирсэн. Шинэ машины үйлдвэрийн янданг хэн нь, хаана сольчихсон юм бүү мэд. Ийм яндан их амархан эдлэгддэг юм билээ. Машины явах ангид ч амархан гэмтэл үүснэ. Катализатор зарна гэх хүмүүс мэр сэр байдаг л юм билээ. Гэхдээ үнэ нь тэнгэрт хадчихсан. Шүүлтүүртэй хятад янданг нь сольж тавиад л явж байна.


- Та тээврийн хэрэгслээ оношилгоонд хэзээ оруулсан бэ. Энд хятад яндан шаардлага хангадаг юм уу?


- Ном журмынх нь дагуу ороод л явдаг. Ийм тийм яндантай гэсэн асуудал тавьж байгаагүй.


- Шүүлтүүртэй яндан дутуу шаталт явуулдаг, эрүүл мэнд байгаль орчинд хортой талаар та мэдэх үү?


- Ийм мэдээлэл сонсож л байсан. Өнөөдрийн нөхцөлд шүүлтүүртэй хятад яндан хэрэглэхээс өөр гарц гаргалгаа алга байна шүү дээ. Үйлдвэрийн янданг нь хэн хаана сугалаад авчихдаг юм. надад мэдэх юм үнэндээ алга. Тийм л их хортой юм бол төрийн зүгээс бодлогоор анхаарах асуудал шүү дээ. Тээврийн хэрэгслийн бүртгэл, оношилгоо дээр энэ бүхнийг шалгаад хариуцлагатайгаар шаардлага тавих хэрэгтэй. Өнөөдөр бол тээврийн хэрэгслийн техникийн үзлэг хийхэд аюулгүй байдал, стандарт харахаас илүү мөнгө хураах л зорилготой болсон юм шиг. Өдөрт хэдэн удаагийн зам тээврийн осол гарч жолооч нар эд хөрөнгөөрөө хохирдог билээ. Хэдэн хүн зам тээврийн ослоор амь насаа алдаж байна. Нэг талдаа жолооч нарын ур чадвар, ухамсрын асуудал яригдах ч нөгөө талд техникийн аюулгүй байдал хөндөгдөнө. Энэ хятад яндан ч үүнд нөлөөлж л байгаа шүү дээ. Хол замд явахад хайлаад бараг боломжгүй юм билээ. Энэ бүхнийг жолооч нар тэр бур анзаардаггүй. Ойлголттой байх шаардлагатай юм билээ. Мөн он хуучин тээврийн хэрэгслийнхээ янданг зарчихсан жолооч нар ч олон байна. Тэд шүүлтүүртэй хятад яндангийн байгаль орчин, эрүүл мэндэд учруулах хор хөнөөлийн талаар төдийлөн ойлголтгүй байдаг бололтой.


Бусад улс орнуудын тухайд энэ асуудалд ямар хяналт тавьдаг талаар автын инженер Ц.Амарсайханаас тодрууллаа. Түүний тухайд БНСУ-д авто техникийн чиглэлээр боловсрол дээшлүүлж ирээд хувийн засварын газар ажиллуулж байгаа юм.


- Нүүрсэн яндан буюу катализаторын үнэ өндөр байх юм. Зарим тохиолдолд гурван сая төгрөгөөр борлуулагдаж байна. энэ талаар бидэнд мэдээлэл өгөхгүй юу. яагаад ийм өндөр үнэтэй байна вэ?


- Катализатор өөрөө хатуу ган болох цагаан алт, паллади, хөнгөн цагааны исэл зэрэг үнэт металлын бүтэцтэй. Энэ эд анги нь маш богино хугацаанд азотын ислийн долоон нэгдэл, угаарын хий, нүүрстөрөгчийн ялгаварлалтыг багасгах зориулалттай байдаг юм. Өндөр үнэ хүрч байгаа шалтгаан нь энэ.


- Нийслэлд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийн дийлэнхийг Prius маркийн тээврийн хэрэгсэл эзэлдэг. Гэсэн ч нүүрсэн яндантай тээврийн хэрэгсэл бараг алга. Олон улсад ямар байдаг юм бэ?


- Өндөр хөгжилтэй улс орнуудад тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт өндөр шалгуур тавьдаг. Тодруулбал Евро-2, Евро-3 гэсэн стандарт бий. Үүнийг мөрдөж ажилладаг. Засгийн газар нь ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж байгаа үйлдэл шүү дээ. Манайд бол үүнд огт ач холбогдол өгдөггүй. Шүүлтүүртэй хятад яндан тавьж хорт хий ялгаруулаад түгжрээд зогсож л байдаг. Хаа нэгтээ машиндаа угаартаж нас барсан тухай мэдээ дуулдаж л байдаг. Үүнд анхаарч, ач холбогдол өгөх цаг нь ирсэн.


- Ямар гарц гаргалгаа байна?


- Хятад шүүлтүүртэй яндан бэхэлсэн автомашин үйлдвэрээс гарна гэж байхгүй. Ийм хорт бодис ялгаруулдаг яндантай тээврийн хэрэгсэл экспортлох ёс зүйтэй орон ч гэж байхгүй. Манай ченж гэх нөхдүүд л гаднаас орж ирмэгц нь янданг нь сольдог. Хил гааль. хууль хяналтын байгууллага үүнд онцгой анхаарах шаардлагатай цаг үе ирсэн. Энд ч хятад шүүлтүүртэй тээврийн хэрэгслийг торгох зохицуулалттай болж яагаад болохгүй гэж. хүн ам төвлөрсөн газар бол энэ ноцтой асуудал шүү. эхний ээлжид тэр янданг сугалж гадагш нь гаргаж зараад байгаа ченж гэх нөхдүүдийг илрүүлж, зогсоох хэрэгтэй" гэв.


Түүний хэлж буйгаар бол хилээр орж ирсэн Prius маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг сугалж аваад хятад яндан суурилуулдаг ченж гэх бүлэглэл байдаг болж. Сугалсан яндангаа бөөгнүүлж байгаад буцаагаад урагш нь гаргачихдаг байна.


Энэ талаар гаалиас тодруулсан ч тодорхой мэдээлэл өгсөнгүй. Үүнд ямар нэгэн хяналт байдаггүй бололтой.


Хар амиа бодсон хэдхэн нүүрсэн яндангийн хулгайч нарын эрх ашгийн ард нийслэлийн сая таван зуу гаруй иргэний эрүүл мэндэд ноцтой хохирол учирч байна. Агаарын бохирдлын 80 орчим хувийг гэр хорооллын утаа, үлдсэн 20 хувийг тээврийн хэрэгсэл болон үйлдвэрийн утаа эзэлдэг гэх судалгааг Байгаль орчны яамнаас гаргасан байна.


Үүнээс хүний эрүүл мэндэд хамгийн хортой нь тээврийн хэрэгслийн утаа гэдгийг мэргэжлийн эмч нар онцолж байна. Нүүрсэн яндангийн хулгайч хэдхэн ченж нийслэлчүүдийн эрүүл мэндийг устгах нь. Тэдний хэдэн халтар төгрөг олох шуналын төлөөсөнд сая гаруй хүний амь нас, эрүүл мэнд хохирч байна.

Хайлааст, I хороолол, Амгалан, 100-н айл орчимд сүүлийн 21 хоногийн турш агаар "Бохирдолтой", "Их бохирдолтой" түвшинд байна

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.12





2022 оны нэгдүгээр сарын 3-9-нд Улаанбаатар хотын агаарын чанар хяналт шинжилгээний дүнгээр Хайлааст орчимд “Маш их бохирдолтой” болон “Их бохирдолтой” байжээ. Мөн I хороолол, 100-н айл, Зурагт, 5-н буудал, Амгалан орчим “Бохирдолтой”, бусад цэгт “Бага бохирдолтой” түвшинд байсан байна. Эдгээр


Хайлааст, I хороолол, Амгалан орчим, 100-н айл орчимд сүүлийн гурван долоо хоногийн турш агаар "Бохирдолтой", "Их бохирдолтой" түвшинд байгаа юм. 

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойлдог. Нэгдүгээр сарын 3-9-ний өдрүүдэд стандартад заасан хүлцэх хэмжээнээс хамгийн их давсан нь хүхэрлэг хий /SO2/ байжээ. 


Бохирдлын хэмжээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж харвал:





Засгийн газраас сайжруулсан түлшний чанарт шалгалт хийж, дүнг яаралтай танилцуулах үүрэг өгөв

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.12





Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр сайжруулсан түлшний үндсэн түүхий эд болох мидлинг болон түлшний чанарт шалгалт хийж, лабораторийн дүгнэлт гаргах шийдвэр гаргав. Мөн түлшний стандартыг дахин хянах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, стандартын зөвлөлөөр хэлэлцүүлж дүнг Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрчим хүчний сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт үүрэг болгожээ.    


“Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний баруун бүсийн нэгдүгээр үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийг засварлах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар нарт үүрэг болголоо. Үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийг засварлах санхүүжилтийг шийдвэрлэж ажиллахыг “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн ТУЗ-д даалгасан байна. 


 


Эх сурвалж: ЗГХМОНХГ

"Сайжруулсан түлш өмнөхөөсөө чийг ихтэй, нойтон, хатаалт муу учир утаа их гарч байна"

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.12







Нийслэл, дүүргийн удирдлагууд агаарын бохирдол ихэссэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн зарим сайжруулсан түлш борлуулалтын цэгт ажиллаж, зарим айлын иргэдтэй уулзаж сайжруулсан түлштэй холбогдуулан санал бодлоо солилцлоо.


Энэ үеэр сайжруулсан түлш борлуулж буй цэгүүдийн борлуулагчид, уулзсан иргэд "2022 онд борлуулагдаж байгаа сайжруулсан түлшний хувьд өмнөх үеийнхээс чийг ихтэй, нойтон, хатаалт муу учир утаа их гарч байгаа" талаар хэлэв.


Нийслэл, дүүргийн удирдлагуудын зүгээс гэр хорооллын бүсэд түүхий нүүрс тулж буй эсэх талаар шалгалтыг мэргэжлийн байгууллагатай хамтарч явуулсан. Үүний үр дүнд гэр хорооллын бүсэд амьдардаг иргэд түүхий нүүрс түлдэггүй, сайжруулсан түлш түлдэг гэх судалгаа гарсан.


Үүнтэй холбоотойгоор Таван толгой түлш компанийн түлш үйлдвэрлэлийн технологийг судалж, шийдвэрлэх шаардлагатай талаар зөвлөсөн юм.


Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт түүхий нүүрс түлдэг, эсхүл сайжруулсан түлш өмнөх үеэс их хэмжээгээр түлсэн зүйлс байхгүй бөгөөд дүүргийн товчоогоор түүхий нүүрс холбогдох хориглосон зүйлс ороогүй гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.


С.Даваасүрэн: Шахмал түлшний технологийг сайжруулах болон зуухны асуудлыг шийдэхгүй бол утаа буурахгүй

 Эх сурвалж: ikon.mn, 2022.01.11





Нийслэлийн агаарын бохирдол өнгөрсөн жилээс их байгаа нь иргэдийг багагүй бухимдуулж буй. Иргэдийн нэг хэсэг нь сайжруулсан түлш шаардлага хангахгүй байна гэж үзэж байгаа бол нөгөө нь иргэд дугуй, хог шатааж байгаагаас агаарын бохирдол бий боллоо гэж байгаа. Иймээс үүнд хэрхэн хяналт тавьж байгаа талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын дэд дарга С.Даваасүрэнтэй ярилцлаа.


-НМХГ-аас агаарын бохирдлын шалтгаан, нөхцөлд хяналт, шалгалт хийж байгаа юу?


-НМХГ-аас Улаанбаатар хотыг тойрсон товчоодод байнгын хяналт тавьж байгаа. Мөн “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн болон баруун үйлдвэрт улсын байцаагч хөдөлмөрийн аюулгүй байдал, технологид хяналт тавин ажиллаж байна. Түүнчлэн түүхий нүүрс түлэхийг хориглосон 99 хороонд улсын байцаагч томилогдон, өдөр бүр хяналт тавин ажилладаг.


Монгол Улсын Шадар сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу нэгдүгээр сарын 7-9-ны хооронд гурван өдөр МХЕГ-ын албан хаагч, НМХГ-ын нийт бүрэлдэхүүн, цагдаагийн албан хаагч, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болон хороо, дүүргийн мэргэжилтнүүд, хэсгийн ахлагч нар “Таван толгой түлш” ХХК-ийн ажилчидтай хамтран нийт 4000 гаруй хүн Улаанбаатар хотод хог хаягдал түлж байна уу, түүхий нүүрсний хэрэглээ байгаа эсэхэд хяналт тавин ажиллалаа. Энэ хугацаанд 99 хорооны 60 мянга орчим өрх, аж ахуйн нэгжид хяналт, шалгалт хийсэн.


Шалгалтад хамрагдсан нийт айл өрх, аж ахуйн нэгжийн 98.5 хувь нь сайжруулсан шахмал түлш хэрэглэж байна. 1.4 хувь нь цахилгаан хэрэглэж байгаа дүн гарсан. Шалгалтын үед мөн тодорхой хэмжээний зөрчил гарсныг тухай бүр арилгуулсан.


-Шалгалтаар ямар зөрчил илэрсэн бэ. Түүхий нүүрс, дугуй, хог хаягдал шатааж байгаа айл байна уу?


-Тоймолбол, нийт 11 зөрчил илэрсэн. Энэ зөрчлүүд нь Улаанбаатар хотын агаарын бохирдолд нөлөөлөхүйц байгаагүй. Тухайлбал, нэг айл зуухандаа хог, хаягдал хийсэн зөрчил илэрсэн. Хоёр аж ахуйн нэгж хэрэглэсэн тос шатааж, түлш гаргах үйл ажиллагаа явуулж байсныг газар дээр нь үйл ажиллагааг зогсоолоо.


Мөн хогийн цэг дээр үнсээ асгаж байгаа, кабель утас шатааж, зэсийг нь авч байгаа зөрчил гарсан.


-Хяналт, шалгалтын явцад иргэд ямар санал, гомдол хэлж байна вэ?


-Иргэд сайжруулсан түлштэй холбоотой гурван төрлийн санал, гомдол хэлж байна. Нэгдүгээрт, өмнөх жилүүдтэй харьцуулахад сайжруулсан түлшний илчлэг муу байна. Хоёрдугаарт, үйрмэг их байна. Гуравдугаарт, уугилт их байна гэсэн.


Бид “Таван толгой түлш” ХХК-ийн түлшний лабораторийн шинжилгээнд байнгын хяналт тавьдаг. Илчлэгийн хувьд өнгөрсөн найм, есдүгээр сард үйлдвэрлэсэн түлшний илчлэг өмнөх үзүүлэлтээс буурсан байсан. Стандартаар илчлэг 4,800 байх ёстой ч 6,000 гаруй байдаг байсан.


Харин өнгөрсөн найм, есдүгээр сард 5,000 руу орсон. Үүнийг тодруулахад, “Таван толгой түлш” ХХК мидлингээ маш ихээр нөөцөлж, гадаанаа удаадаг. Үүнээс болж илчлэг муудсан байх магадлалтай. Иймээс хоёр, гурван сараас биш, 14 хоногоор нөөцөлж, үйлдвэрлэлд оруулбал илчлэг өндөр байхаар байгаа юм. Нөгөө талаас сайжруулсан түлш түлж байгаа зуух шаардлага хангахгүй, түлшээ гүйцэд шатаахгүй, утаа их гарч байна.


Бид түлш бат бэх чанарт байнга хяналт тавьдаг. Уул уурхай, газрын тосны төв лаборатори болон SGS-ын лабораторид хийсэн шинжилгээг харьцуулсан байдлаар үзэхэд, түлшний бат бэх нь стандартын хэмжээнд байсан. Айл өрхөд очихдоо яагаад үйрмэгтэй байна вэ гэхээр тээвэрлэлт, зөөвөрлөлт их байгаагаас үүрмэг үүсэж байна. Мөн стандартад тодорхой хэмжээний өндрөөс төдөн кг-ыг унагаж, бат бэхийг үзнэ гэсэн байгаа. Уул уурхай, газрын тосны төв лаборатори болон SGS-ын лабораторийн дүн өөр гарсан. Нэг нь 95, нөгөө нь 85 хувь гарсан. Тодруултал, Уул уурхай, газрын тосны төв лаборатори нэг удаа унагадаг, SGS-ынх хоёр унагаж үздэг. Гэтэл стандарт хэд унагах тухай заагаагүй байдаг.


Уугилт их байна гэдэг чийглэгтэй холбоотой. Иргэд хөлдүү түлш ирж байна гэж байгаа. Сайжруулсан түлш чийглэг ихтэй байгаа учраас утаа ялгаруулж байх магадлалтай. Чийглэгийн стандарт 10 болон түүнээс бага байх ёстой. Гэтэл баруун үйлдвэрийнх нэг шугам нь 1.4, нөгөө нь 1.8, зүүн үйлдвэрийн нэг шугам нь 6.9, нөгөө нь 8 байна. Хэдий стандарт нь 10 ч гэлээ хоёр үйлдвэрийнх харьцангуй өөр гарч байгаа. Стандартын дагуу 10-аас доош гэсэн болохоор бид шаардлага хангасан дүгнэлт гаргадаг.


Иргэдийн хувьд өмнөх жилийнхтэй харьцуулахад уугилт их байна, утаа гарч байна, асахдаа муу байна гэж хэлж байгаа. Тиймээс “Таван толгой түлш” компанийнхан үйлдвэрлэж буй түлшний чийглэгт анхаарахад илүүдэхгүй нь. Чийглэг нь аль болох бага тусмаа сайн шүү дээ. Зүүн үйлдвэрийнхээ технологийн горимыг баруун үйлдвэрийнхтэй адил болгох ёстой.


-Танайхаас “Таван толгой түлш” ХХК-аас тайлбар авсан уу. Тус үйлдвэрт технологийн горим алдагдсан юм биш үү?


-“Таван толгой түлш” компани нэг хэсэг ажиллахгүй, горим алдаж байсан. Түлшээ гадаа, байгалийн аргаар хатааж байсан тохиолдол ч бий. Харин одоо бол үйлдвэрийнхээ шугамуудыг ажилд оруулсан. Цаашид хэвийн гарна гэсэн тайлбар хэлж байгаа. Бид лабораторийн шинжилгээнд дээж өгчихсөн. Хариу нь удахгүй гарах байх. Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс хориглох үндэслэл одоогоор байхгүй. Учир нь чийглэг 10 хүртэлх хэмжээтэй байх стандартын шаардлагыг хангачхаад байгаа юм.


Гагцхүү бид иргэдээс ирж буй шаардлагыг үндэс болгон зүүн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг барууныхтайгаа адилхан болгооч гэсэн шаардлагыг тавьж байгаа.


Мөн үйлдвэрлээд гаргасан түлшийг зориулалтын зууханд түлэхгүй бол үр дүн гарахгүй. Өөрөөр хэлбэл, сайжруулсан шахмал түлшийг бүрэн шатаадаг зуух хэрэглэхгүй бол нэгдүгээрт илчээ бүрэн гаргахгүй, хоёрдугаарт дутуу шатсан түлшнээс утаа их гарна. Анх сайжруулсан түлшийг гаргаснаараа агаар дахь утааг 50 хувь бууруулна гэж зорьж байсан. Тэр үед стандартын шаардлага хангасан зуух айл өрхүүдэд байсан. Одоо бол айл өрхийн олонх нь уламжлалт зуух ашиглаж байна.


Мэргэжлийн хяналтын байгууллага, Экологийн цагдаагийн албатай хамтран нийслэл хотын захад байрлах тээврийн товчоодод түүхий нүүрсний шалгалтыг байнга хийж байгаа. Эхэн үедээ түүхий нүүрс оруулах гэж үздэг байсан. Одоо ийм зөрчил байхгүй болсон.


Харин эсрэгээрээ сайжруулсан түлшийг Улаанбаатараас гаргаж, өөр газарт түлэх гэсэн зөрчил бүртгэгдэж байгаа. Нөгөөтээгүүр, хог хаягдал түлж байна гэсэн сэрдлэг бий. Нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд Улаанбаатар хотын зүгээс сайжруулсан түлш олгож байгаа. Бид хоёр ч удаагийн шалгалт хийсэн. Ийм төрлийн зөрчил илрээгүй.


-60 гаруй мянган айлд шалгалт хийсэн юм байна. Шалгалтаас ямар дүгнэлт гарсан бэ?


-Нийт айл өрхүүдийн 29 мянга гаруй нь энгийн зуухтай байсан. Стандарт хангасан сайжруулсан зуухтай нь 22 мянга гаруй байгаа юм. Шалгалтын явцад “Таван толгой түлш” ХХК-аас борлуулсан түлшинд харьцуулалт хийж үзсэн. 2021 оны арваннэг, арванхоёрдугаар сард борлуулсан шахмал түлшний хэмжээг 2019, 2020 оныхтой харьцуулсан. Ингэхэд өнгөрсөн онд 2020 оны арваннэг, арванхоёрдугаар сарынхаас 20 мянган тонн буюу 12.1 хувиар өссөн үзүүлэлт гарсан. 2019 оны мөн үетэй харьцуулахад 60 мянган тонн буюу 47 хувиар өссөн дүн гарсан. Тэгэхээр 2021 онд түлшний хэрэглээ дунджаар 56 хувиар өссөн дүнтэй байгаа юм.


-Цаашид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд юуг анхаарах вэ?


-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад нэгдүгээрт, “Таван толгой түлш” ХХК-аас гаргаж буй бүтээгдэхүүнийхээ технологийг сайжруулах шаардлагатай байна. Хоёр үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүний чийглэгийн хэмжээг адил түвшинд хүргэх хэрэгтэй юм. Зүүн үйлдвэрийн бүтээгдэхүүний чийглэгийг баруун үйлдвэрийн түвшинд хүргэж бууруулах бүрэн боломжтой гэж харж байгаа.


Хоёрдугаарт, зуухны асуудлыг шийдэх ёстой. Зуухаа өөрчлөхгүй тохиолдолд үр дүн хүлээнэ гэдэг хүндрэлтэй. Сайжруулсан түлшийг бүрэн шатаадаг зууханд түлж байж илчлэгээ бүрэн гаргаж, утаа бага гаргана шүү дээ. Үүнийг иргэд ойлгох хэрэгтэй байна. Энэ хоёр асуудлыг шийдээгүй тохиолдолд богино хугацаанд утаа буурахгүй.



Э.Есүй

Хайлааст орчимд РМ2.5 тоосонцор хүлцэх хэмжээнээс 23 ДАХИН ИХ байна

 Эх сурвалж: ikon.mn, 2022.01.11





Нийслэлийн гурван байршилд агаарын бохирдол ихтэй байна. Тодруулбал, Хайлааст орчимд агаарын бохирдол маш их хэмжээнд хүрсэн байгаа бол Баянхошуу, 5 буудалд их бохирдолтой байна. 


Хамгийн их бохирдолтой байгаа хэсэг буюу Хайлааст орчмын агаар дахь бохирдуулагч бодисуудын хэмжээг харвал, РМ2.5 тоосонцор хамгийн их хэмжээтэй буюу 1,178 мкг/м3 байгаа нь агаарын чанарын стандартад заасан хүлцэх хэмжээнээс 23 дахин их үзүүлэлт юм. Стандартад РМ2.5 тоосонцрын 24 цагийн дундаж хүлцэх хэмжээ 50 мкг/м3 хэмээн заасан байдаг. 





РМ2.5, РМ10 тоосонцор нь хатуу, шингэн төлөвтэй, нарийн ширхэгтэй. 10 микрометрээс бага хэмжээтэй тоосны богино /1 -24 цаг/ ба урт хугацааны /хэдэн жилийн/ нөлөөлөл нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтад хүргэдэг. Зүрх, судасны өвчтэй болон амьсгалын замын архаг хууч өвчтэй хүмүүс, хүүхэд, өндөр настнууд, жирэмсэн эмэгтэйчүүд өртөх эрсдэл бусад хүнийхээс илүү өндөр байдаг байна. 

Агаарын бохирдол

 Эх сурвалж: ikon.mn;  Парламент телевиз, 2022.01.11


"Шахмал түлшний хэрэглээ хоёр дахин нэмэгдсэн нь агаарын бохирдол ихсэх шалтгаан болж байна"





УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протоколд (Кигалийн) оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Улаанбаатар хотын агаарын бохирдол нэмэгдсэн шалтгааныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасангаас тодрууллаа.


БОАЖ-ын сайд Н.Уртнасан "Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөрт агаарын бохирдлын хэмжээг 80 хүртэл хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн байгаа.


Энэ жилийн агаарын бохирдлын үндсэн шалтгааныг бохирдуулагч эх үүсвэр тус бүрээр нь судалсан. Ингэхэд үндсэндээ агаар бохирдуулагч тоосонцорын хоёр төрөл, химийн төрөл байна гэж үзсэн.


Түүнчлэн бидний агаарын бохирдолтой тэмцэж байгаа үйл ажиллагааны цар хүрээ, зардлын хэмжээ агаар бохирдуулагч эх үүсвэр нэмэгдэж байгаа үйл явцтай уялдахгүй байна.


Агаарын бохирдлын хамгийн эхний шалтгаан бол шахмал түлшний хэрэглээ. 2019-2020 онд 320 мянган тонн шахмал түлш хэрэглэж байсан бол 2020-2021 онд 430, 2021-2022 онд 620 мянган тонн буюу шахмал түлшний хэрэглээ бидний анх хэрэглэж байснаас хоёр дахин нэмэгдсэн. Үүнийг үнэтэй нь холбож тайлбарлаж байгаа зүйл бий.


Өнөөдөр түүхий нүүрс 8,000 мянган төгрөгийн үнэтэй байна. 8,000 төгрөгөөр нүүрс авах уу, 1,875 төгрөгөөр шахмал түлш авах уу гэдэг сонголтоос иргэд шахмал түлшийг түлхүү авч байна" гэдэг хариулт өглөө. 


Агаарын бохирдол нэмэгдсэн нь шахмал түлшний чанар муудсантай холбоотой гэж иргэд үзэж байна



Өнөөдрөөс зорилтот 6,098 өрхөд сайжруулсан шахмал түлш олгож эхэллээ

  Эх сурвалж: ikon.mn, 2022.01.10








Нэгдүгээр сарын 3-9-нийг хүртэлх агаарын чанарын мэдээлэл, сайжруулсан шахмал түлш борлуулах цэг, агаарын чанартай холбоотой нийслэлд хийж буй хяналт шалгалтын талаар холбогдох албанаас мэдээлэл хийлээ.


“Таван толгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа “Өнгөрсөн долоо хоногт нэгдүгээр сарын 6-нд манай баруун бүсийн үйлдвэрийн нэгдүгээр цехийн хатаах төхөөрөмжид гал гарсан. Галын нөхцөл, шалтгааныг тогтоохоор Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн I хэлтэс болон холбогдох байгууллагууд ажиллаж байна.


Нэгдүгээр сарын 20-нд үйлдвэрийн хоёр шугамыг бүрэн ажиллагаанд оруулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 21,353 тонн сайжруулсан түлшний нөөцтэй. Хоногт 3,200-3,600 тонн түлшийг борлуулалтын цэгээр дамжуулан хүргэж байгаа” гэв.


Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Сайжруулсан шахмал түлшний хоногийн үйлдвэрлэл борлуулалтаа гүйцэж байгаа. Мөн энэ долоо хоногоос эхлэн Цагаан сарын өдрүүдийг дуустал борлуулалтын явуулын цэг байгуулахаар төлөвлөж байна.


Өндөрлөг, алслагдмал цэгүүд, түлш авахад хүндрэлтэй байршлуудад явуулын цэг ажиллана. Түүнчлэн зорилтот 6,098 өрхөд өнөөдрөөс эхлэн долоо хоногийн зургаан шуудайгаар тооцож, сайжруулсан шахмал түлшийг олгож эхэллээ.


Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 142-р тушаалаар Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсгийн хэрэгжүүлж буй 18 ажлын 15 нь хяналт шалгалт руу чиглэсэн. Тухайлбал, гэр хорооллын айлуудад түүхий нүүрсний хэрэглээ байгаа эсэх, галлагааны бус материал хэрэглээнд ямар байгаа талаар болон түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй 20 аж ахуйн нэгжийн 182 зуухын шүүлтүүрт хяналт шалгалт хийж байна. 195 мянган айл стандартын болон стандартын бус таван төрлийн зуух хэрэглэдэг.


Зуух болгонд хэмжилт, галлагааны дарааллыг гаргаж, иргэд, олон нийтэд танилцуулах ажлыг бид зохион байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт стандартын зуух үйлдвэрлэдэг, импортолдог аж ахуйн нэгж, иргэдтэй уулзалт хийлээ.


Жилд 15-20 мянган зуух борлогддог байсан бол цар тахлаас шалтгаалан 2021 онд зуух үйлдвэрлэн, импортолдог аж ахуйн нэгжүүдийн борлуулсан зуух нийлээд 2,000 хүрэхгүй байна. Үүнээс үзэхэд стандарт зуухны худалдаа 10 дахин буюу эрс багасжээ” хэмээв.


Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Д.Өнөрбат “Хүхэрлэг хийн агууламж 2021 онд долоо хоногийн дунджаар 164 байсан бол 2022 онд 149 болж багассан. Хамгийн их хүхэрлэг хийн агууламж илэрсэн Зурагт орчимд агаарын чанарын стандартаас 13.1 дахин их байна. Азотын давхар исэл 2021 оны долоо хоногийн дунджаар 48, 2022 онд 60 байна. PM 10 тоосонцор долоо хоногийн дунджаар 112 байсан бол 2022 онд 159 байна. Харин PM 2.5 тоосонцор 2021 оны долоо хоногийн дундаж агууламж 83 мкг байсан бол 2022 онд 130 мкг байна” хэмээн мэдээлэв.


Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэргэжилтэн Д.Одонтунгалаг “Агаар бохирдуулах ихэнх бодис буюу хүхэр, азот, тоосонцор стандартаас давсан. Улаанбаатар хотод 188 мянган айл сайжруулсан түлш хэрэглэж байна. Мөн дулааны станц болон дэд төвүүдэд түүхий нүүрс шатааж байгаа. Түүнчлэн авто тээврийн хэрэгсэлд ашиглаж байгаа түлшний 88 хувь нь хүхэр өндөртэй байгаа нь Улаанбаатар хотын агаарын бохирдолд нөлөө үзүүлж байна” гэдгийг онцолж байлаа.


Суурин 617 цэгт сайжруулсан шахмал түлшний худалдаа хэвийн үргэлжлэх бөгөөд шахмал түлшний үнэ дөрөвдүгээр сарын 1-н хүртэл 50 хувийн хямдралтай хэвээр худалдаалагдах нь. 25 кг-ын шуудайтай сайжруулсан шахмал түлшний үндсэн үнэ 3,750 төгрөгөөс 50 хувь хямдарч 1,875 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм.