Showing posts with label service. Show all posts
Showing posts with label service. Show all posts

CU брэнд CIRCLE K сүлжээний 12 салбарыг шилжүүлэн авах хэлцэлд гарын үсэг зурж баталгаажууллаа

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.14





CU конвиниенс дэлгүүрийн мастер франчайз эрх эзэмшигч Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК (МХБ: CUMN) нь Сиркл Чейн ХХК-ийн Circle K сүлжээ дэлгүүрийн 12 салбарыг худалдан авах хэлцэлд гарын үсэг зурж баталгаажууллаа. 2021 оны 12-р сард хоёр тал хэлэлцээрээ эхлүүлсэн бөгөөд ийнхүү тохиролцоонд хүрснээр тус 12 байршилд CU конвиниенс дэлгүүрүүд үйл ажиллагаа явуулахаар болж байна.

Гэрээг баталгаажуулсны дараа Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг: “Бид Сиркл Чейн ХХК-тай уг гэрээг амжилттай байгуулж чадсандаа баяртай байна. Гэрээ байгуулах явцад Сиркл Чейн ХХК-ийн баг хамт олонтой хамтран ажиллахад таатай байлаа. Эдгээр 12 дэлгүүр нь Улаанбаатар хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй бүсэд байршдаг бөгөөд ингэснээр CU брэнд үйлчлүүлэгчдэдээ улам ойртон, үйлчилгээгээ илүү хүртээмжтэй болгож байна. 2023 он гэхэд CU брэнд 360 салбартай сүлжээ дэлгүүр болох зорилготой ажиллаж байна” хэмээн дурджээ.


Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК (МХБ: CUMN) нь өнөөдрийн байдлаар CU брэндийн нийт 182 салбар конвиниенс дэлгүүрийг ажиллуулж байна. CU конвиниенс дэлгүүр нь Монголын конвиниенс дэлгүүрийн зах зээлд тэргүүлэгч бөгөөд хэрэглэгчдэд 24 цагийн туршид халуун хоол, хүйтэн зууш, халуун кофе, ундаа, өдөр тутмын хэрэгцээт бүтээгдэхүүн болон ая тухтай цэвэр орчин, нийтийн ариун цэврийн өрөө, утасгүй интернэтээр үйлчилдэг.


Доорх салбаруудад CU брэнд үйл ажиллагаагаа явуулна.



Улаанбаатар хот хувийн хэвшил, иргэдэд аж ахуй эрхлэх тааламжтай талбар байх ёстой

Эх сурвалж: news.mn, 2022.02.28





Бизнес эрхлэгчдийг дэмжиж, тэдэнд таатай орчин бүрдүүлж байж улсын хөгжил тодорхойлогддог. Гэтэл сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын нөлөөгөөр бизнес эрхлэгчид, ялангуяа олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулдаг  үйлчилгээний салбар хамгийн их уналтад орсон. Үүнд цар тахлын дүрэм, журам, цагийн хязгаарлалт зэрэг хүчин зүйл нөлөөлсөн. Ийм учраас Хотын дарга бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах тухай захирамж гаргаж, тэднийг дэмжих хэд хэдэн шийдвэр гаргасны нэг нь үйлчилгээ эрхлэх цагийн хязгаарыг цуцалсан явдал байлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай энэ талаар ярилцав.


 


-2022 он гарсан эхний өдрөөс Улаанбаатар хотод 74 нэр төрлийн үйлчилгээг зөвшөөрөл, батламжийн шаардлагагүйгээр эрхлэх боломж олгосон. Одоо улам төгөлдөржөөд, үйл ажиллагаа явуулах цагт нь  хязгаарлалт тогтоохооргүй болчихлоо. Энэ бол чөлөөт зах зээл, чөлөөт эдийн засаг руу шилжиж буй шилжилт гэж харж байна, зөв үү?


-Би бол үүнийг эдийн засагт сайн үр дагавар авчрах реформын эхлэл гэж харж байна. Реформыг системтэйгээр хийх ёстой. Реформ зөвхөн Хотын даргын шийдвэрээр  хийдэг ажил биш.  Эхний ээлжид хотынхоо дотоодын уялдаа холбоо, дараа нь УИХ, Засгийн газрын түвшинд уялдаа холбоотой ажиллах, шаардлагатай бол Ерөнхийлөгч, ҮАБЗ дээр  тайлбарлах ажлуудыг системтэйгээр хийж хэрэгжүүлэх юм. Улаанбаатар хот хөгжиж байж улсын дүн нуруу, үнэлгээ тооцоо олон улсын түвшинд яригдана. Улаанбаатар  хотгүйгээр Монгол Улсыг төсөөлөхийн аргагүй. Тэгэхээр энэ реформыг хийхийн тулд бид мэдээллийн урсгалыг иргэд олондоо жигд, зөв хүргэх системийг хийсэн. Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар ард иргэдээс ирж буй санал, гомдлуудыг нэгтгэх, буцаагаад хийж буй ажил, хэрэгжүүлэх төлөвлөгөөнүүдийг ард түмэнд тэгш хүргэх, түүнд суурилсан санал асуулгыг авах, ард иргэдийн санаа бодлыг сонсож, ингэж байж хотын шийдвэр гарч явна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулахад бидний оролцоогүйгээр үл үзэгдэгч гар явж байдаг. Үл үзэгдэгч гар гэдэг бол хүн хоорондын харилцааг хэлж буй хэрэг.


Хүнлэг ардчилсан нийгэм, чөлөөт зах зээл гэдэг бол бидний сонгосон нийгэм. Хөдөлмөр эрхлэх боломжийг Улаанбаатар хотын иргэдэд нээлттэйгээр хангаж өгөх ёстой. Бизнесийн салбар, хувийн хэвшил, иргэн хүн хувиараа аж ахуй эрхлэх талбарыг хотын зүгээс  бүх талаар дэмжих ёстой.


-Иргэд болон олон нийтийн саналд үндэслэж шийдвэр гаргаж байна гэлээ. Дээрх шийдвэрүүдийг гаргахад хэдэн хүнээс санал ирсэн бэ?


-10 мянга орчим хүнээс санал ирсэн. Ковидын үед ч тэр, түүнээс хойш ч цагийн хязгаарыг болиулж өгөөч гэсэн санал маш олон ирж байсан. Ялангуяа мэргэжлийн холбоод болон бизнес эрхлэгч залуучуудаас. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хотын эдийн засаг мөлхөө байдалтай байлаа шүү дээ. Цар тахлын улмаас заримынх нь үйл ажиллагаа нь зогссон, зарим нь татан буугдсан гээд харамсмаар зүйл олон гарсан. Тэдгээр аж ахуйн нэгжүүд бизнесээ босгох гэж маш их хичээсэн байж таарна. Бизнес босгоно гэдэг амар зүйл биш. Тиймээс унагаж болохгүй. Хүний хөдөлмөрийг хамгаалах үүрэг нь төрд байдаг. Төр аж ахуйн нэгжээ унагахгүй байх зохицуулалтыг хийх үүрэгтэй.  Нэг ч гэсэн ажлын байр, нэг ч гэсэн хүний ашиг, орлогыг хамгаалж байж зах зээлээ хамгаална. Дээрээс нь хяналт шалгалт хийх үүрэг бас бий гэсэн юм.


Бизнес эрхлэгчид юу өгүүлэв


Цар тахлын улбар шар түвшинг шар түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоолтой  холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, нийслэлийн хэмжээнд сар бүрийн 1-ний өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосон. Энэ нь нэг талаараа бизнес эрхлэгчдийг дэмжсэн, нөгөө талаараа соёлтой хэрэглээ, соён гэгээрүүлэх бодлогыг баримталж байгаа хэлбэр юм. Дэлхийн аль ч улсад согтууруулах ундааны хэрэглээг хорьж цагдсанаар үр дүнд хүрсэн жишээ байдаггүй. Согтууруулах ундаа худалдаалахыг хориглосноор тухайн хориглосон өдөр нь шагийн наймаа цэцэглэж,  хууль бус худалдаа гаараад зогсохгүй ахуйн архидалт хяналтгүй болж байгааг судалгаагаар тогтоосон байна. Тиймээс өмнө нь хэрэгжиж байсан сар болгоны 1-ний өдөр согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон зохицуулалт нь хэр үр дүнгээ өгсөн, сүүлд гаргасан  шийдвэр ямар нөлөөтэй болох талаар бизнес эрхлэгчдийн санаа бодлыг сонссон юм.


“Баатар тайж” ХХК-ийн захирал Б.Баясгалан:





-Сар бүрийн 1-ний өдөр согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон шийдвэрийг манай үйлчилгээний салбарынхан маш сайн дагаж мөрддөг байсан. Гэтэл нийгэмд эрэлт нь байсаар байдаг. Эрэлтээ дагаад шагийн бизнес эрхлэгчид гарч ирж, далд эдийн засаг хөгжихөд хүрсэн. Манай зоогийн газрын үүдээр ч шагийн бизнес эрхлэгчид эргэлддэг болчихсон байсан.


Харин одоо бол өөр болж байна. Согтууруулах ундааны худалдааг хориглосон өдрийг цуцалж,  үүрийн 05:00 цаг хүртэл ажиллах болсноороо хүмүүсийн соёлтой хэрэглээг дэмжиж, тэр хэрээр үйлчилгээний байгууллагуудын хөгжилд дэвшил ч нээлттэй болно гэдэгт итгэж байгаа.


Монголчууд маань хааж, хориглох тусам улам тэмүүлдэг. Монгол хүний сэтгэлгээний энэ онцлогийг харгалзах нь зүйтэй байх. Хориг саадгүйгээр чөлөөтэй худалдаад  эхлэхээр байж л байдаг юм чинь гээд шунаж хэрэглэхээ болино. Маргааш ажилтай гээд хэрэглээгээ багасгадаг болох зэргээр зохистой хэрэглээнд шилжиж, нийгмийн соёл төлөвшинө.


“Кафейна” ХХК-ийн захирал Ч.Цэндбаатар:





-Сар бүрийн 1-нд согтууруулах ундаа зарж борлуулахгүй  гэдгийг ард нийтээрээ бүгдээрээ мэдэж байгаа болохоор хүмүүс урьдчилж бэлтгэх юм уу, танил талаараа олж авах гэхчлэн далд эдийн засгийг хөгжүүлэхэд хүрч байсан. Хүмүүсийн хувьд 24:00 цагаас хойш үйлчлүүлэх сонирхол байдаг. Гэтэл хориг тогтоочихоор ямар нэг байдлаар үйлчлүүлэхийг хичээдэг. Үүнээс болж, татвар төлөлгүйгээр худалдаа, наймаа эрхлэгчид гарч ирж, далд эдийн засгийг хөгжихөд хүргэж байсан. Үйлчилгээний байгууллагуудын хувьд зөвхөн худалдан борлуулахаас гадна үйлчилгээний соёл түгээх, согтууруулах ундааг хоолтой хослуулж хэрэглэх дадал суулгах зэрэгт анхаарч ажилладаг.


“Bluefin” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Уянга:





-Сар бүрийн 1-ний өдрүүдэд архи, согтууруулах ундааг хориглосноороо далд бизнесээр дамжиж шагийн наймаа газар авч, ахуйн архидалт нэмэгддэг байсан. Ахуйн архидалтаас болж гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл өсөх зэрэг сөрөг үзэгдлүүд их байсан. Хүмүүс олон шалтгааны улмаас уулзаж, нийлж цугладаг. Цагийн хязгаарлалттай үед үдэш оройн цагаар нэгнийдээ очиж нийлж дарвих, ахуйн хүрээнд архидах байдал гаарч байсан. Одоо эсрэгээрээ соёлтой, хэр хэмжээндээ тааруулж үйлчлүүлж эхэлнэ.


Иргэд юу өгүүлэв


Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдан борлуулах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газрууд үүрийн 05:00 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрсөн шийдвэрийн талаарх иргэдийн санал сэтгэгдлийг сонслоо.


Иргэн 1:


-Одооноос эхлээд хэвийн амьдрал руугаа орсон нь зөв гэж бодож байна. Үйлчилгээ, бизнес эрхлэгч гэдэг чинь бас л нэг амьдралаа залгуулж буй, цаашлаад олон хүнд ажлын байр олгож буй хүмүүс. Тэгэхээр хэвийн амьдралдаа шилжихэд буруудах зүйлгүй гэж боддог.


Иргэн 2:


-Залуу хүний хувьд зөв гэж бодож байгаа. Харин аюулгүй байдлыг хангах, зөв боловсон үйлчлүүлэх соёлд суралцах шаардлагатай болов уу. Бизнесийг хааж боох нь зөв шийдэл биш. Бизнес эрхлэгчдийн ашиг, орлого нэмэгдэж байж эдийн засгийн эргэлт бий болох байх.


Иргэд ийм бодолтой байна. Дэлхийн бүхий л хотууд залуучуудын чөлөөт цагийг өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Энэ жишгээр цагийн хязгаарлалтгүй болж байгаа нь манай хотын хувьд чөлөөт худалдааг дэмжиж байгаа нэг хэлбэр юм.


Д.Сумъяабазар: Улаанбаатар хот зах зээлийг хүчээр зохицуулдаг тогтолцооноос салах ёстой


Хот бүхэн өвөрмөц үйлчилгээ, соёлоороо ялгарч байдаг. Тиймээс Хотын дарга чөлөөт зах зээлийг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжсэн шийдвэрийг гаргаж, харин тэднийг стандарт шаардлагад нийцсэн үйлчилгээ явуулахыг уриалж байгаа юм.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:


-Улаанбаатар хот шөнийн амьдрал руу үе шаттайгаар шилжих ёстой. Дэлхийн том хотуудад байдаг л амьдрал. Зохистой, зөв хэрэглээг дэмжих ёстой. Зохистой хэрэглэнэ гэдэг нь тухайн хүний ухамсраас шалтгаална. Гэтэл юм болгоныг хориглосон шийдвэр гаргаад байж болохгүй. Энэ бүхний ард дандаа эдийн засаг явж байдаг. Аж ахуйн нэгжийн ашиг орлогоос гадна  татвар, орлого нэмэгдэж, эдийн засаг эргэлтэд орж  байдаг.


Улаанбаатар хот зах зээлийг хүчээр зохицуулдаг тогтолцооноос салах ёстой. Би Хотын даргаар ажиллах хугацаандаа зах зээлийг хааж, боох, хориглох гэх мэтээр хүчээр зохицуулахгүй. Би залуустаа итгэж байгаа, хотын иргэдийн орлогыг дэмжинэ. Бид зохистой зөв хэрэглээнд суралцах ёстой. Улаанбаатарт шөнийн амьдрал, шөнийн бизнес байх ёстой. Зориулалтын байртай бол ганцхан баар, диско клуб бус, зоогийн газар, кофе шопууд, таваар үйлчилгээ ч өглөөний 05:00 цаг хүртэл ажиллаж, орлогоо нэмэгдүүлж, бизнесээ тэлэх боломжтой. Одоо урин дулаан цаг ирнэ, аялал жуулчлалын улирал эхэлнэ. Соёлтой орчин, цэвэр цэмцгэр байдал, шуурхай үйлчилгээг нэвтрүүлээд, хангалттай ажиллах боломжоор хангах бодлого барьж байна гэсэн юм.


Дэлхийн хотууд өөрсдийн онцлогт тохирсон соёл, уламжлалыг шингээсэн хоолны, худалдааны гудамжийг байгуулж, иргэд олон нийтээ орлоготой байлгах бодлогыг чухалчилсаар байна.  Манай хотын хувьд монгол зан заншил, соёл ахуй, үндэсний зоог, ахуйг сурталчилсан гудамжийг бий болгож, иргэд, аж ахуйн нэгжээ дэмжиж, цаад утгаараа аялал жуулчлал, бүтээн байгуулалтыг дэмжсэн бодлогыг Улаанбаатар хотод эрчимтэй хэрэгжүүлэхийг зорьж байгаа юм.


Гэр хорооллын хүнсний дэлгүүрүүд иргэдийн барьцаалан зээлдүүлэх ‘түнш’ болжээ

Эх сурвалж: news.mn, 2022.02.18


Хэдхэн хоногийн өмнө уламжлалт сар шинийн баяр болж өнгөрлөө. Гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ гэсэн ч иргэд байдгаа тавьж шинэлцгээсэн. Сар шинээр хуугаар нь хамсан иргэд одоо туйлдсан байдалтай байгаа талаар иргэд ч өөрсдөө их ярих болсон. Тиймээс иргэдийн өдөр тутмын амьдрал хэр байгааг ажиглах боломжтой газрыг гэр хорооллын хүнсний дэлгүүр хэмээн үзсэн тул Сүхбаатар дүүргийн 15-р хороо Дамбадаржаа хавиарх хүнсний дэлгүүрүүдээс энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ. 


Хүйтний улирал дуусч хаврын урь орлоо гэж баярлавч “молиго модон чихэр” гэдэг шиг өвлөөсөө хүйтэн жавартай хаврын өдрүүд үргэлжилсээр. Гудамжны үзүүрээс куртикныхаа энгэрийг зөрүүлэн тэвэрсэн залуу гүйсээр хүнсний дэлгүүр бараадав. Араас нь даган орвол “Хараа 0.5-тайгаас нь,  нэг зуугийн аягатай” гэчихэээд худалдагчтай “Танайхан сайн уу” гэх ойр зуурын үгс солилцоно. Уг дэлгүүрт бараагаа бичүүлэх гэж хүлээх шаардлагагүй. Учир нь, хотын төвийн дэлгүүрүүд шиг хүлээгээд байх олон хүн орохгүй.


 Дэлгүүрийн худалдагч “Цагаан сарын үеэр сүү, шар тос, бууз, ундаа гүйлгээтэй байлаа. Баярын дараах 2-3 хоногтоо иргэд бага сага зүйл авч байгаад мөнгөгүй болдог юм уу, яадаг юм гурав, дөрөв дэх өдрөөсөө худалдаж авахаас илүү зээлэх гэж орж ирэх нь их байна. Жишээ нь, уржигдар 15 ширхэг талх авсан. Өчигдөр гүрийсээр байгаад нэгийг нь өөрөө идээд, нөгөөхийг нь дүүдээ өгч дуусгаад өнөөдөр шинэ талх захьлаа. Ер нь худалдан авалт гэдэг чинь лөөлөө болчихоод байна. Өглөө цөөхөн хүн орж ирээд, өдөр нь хүнгүй, орой ажлаа тараад ганц нэгхэн хүн орж ирж байна даа” хэмээв.                       

Цахилгаан бараагаа үлдээгээд зээл авчихсан хүмүүс хүртэл байна


Цааш энхэл донхол замтай, хаа нэг нохой хуцах гудмаар явбал усны худагтай залгуулж барьсан улаан тоосгон дэлгүүр байх аж. Тухайн дэлгүүр рүү ороход 7 орчим насны хүү: Эгчээ тэрийг авъя.


-Худалдагч: Тэр гэж аль вэ, аль?


-Хүү: Тэр шар ууттай гоймонг.


-Худалдагч: Сайн асуугаад ирээ. Буруу юм аваад явах гэж байгаа юм гэсээр хүүд бэлэн гоймонг өгөөд явуулав. Тус дэлгүүрийн эзэн Дамбад долоон жил дэлгүүр ажиллуулж байгаа агаад өөрийнхөө гудамжны бараг бүх айлын аж амьдралыг мэддэг тул ихэнх айлд нь ойр зуурын зээл өгдөг аж. Мөн уг дэлгүүр “Алив гэрт хүн ирчихлээ. Хиам, зайдас, талх, боорцог, шил архи өгөөч” гэж сандарч ирэх хүмүүсийн хөлөөр тасардаггүй байна. Иргэдийн хувьд хагассайн, бүтэнсайн өдөр болохоор угаалгын нунтаг, савангаас эхлээд л зээл бас дахин зээл аж. Уг дэлгүүрт 5-210 мянган төгрөгийн зээлтэй хүмүүс их байгаа гэв. Тэдгээр дунд өдөртөө зээлээ төлдөг, 14 хоног, 1-2 сар хүлээлгэж төлдөг олон төрлийн хүмүүс байдаг байна. Иргэд нийт өрнийхөө жаахан хэсгийг төлөөд дахин өр тавих нь элбэг. Бүрмөсөн дарах ганц үе нь тэтгэвэр, халамж, хүүхдийн мөнгө буух үеэр нэрээ хараар эрээчүүлж нуруу нь тэнийнэ. Харин удалгүй талх, сүү, мах уутлаж аваад ээлжит ачаагаа үүрнэ. Өрийн дэвтэрт нэг гэрийн аав, хүү хоёр тус тусдаа нэрээ бичүүлсэн нь ч байв. “Сайн найзтайгаа харьцахыг хүсэхгүй байвал мөнгө зээл” гэх үг цахим орчинд өдөр бүр л харагддаг. Хэнийг нь ч сайн мэдэхгүй нэгэндээ хэдэн арван мянгын бараа зээлэх нь зарим иргэдийн нөхөрлөлөөс илүү андлалтай хүнсний дэлгүүр, туйлдсан иргэдийн тарчиг амьдрал. “Хүмүүс хүүхдийнхээ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, жолооний үнэмлэх гээд бүхий л бичиг баримтаа тавьж өдөр тутмын хоол хүнсний зүйлс болох талх, элэгний нухаш, сүү, тамхи голцуу авдаг байсан бол одоо гэрийн эд хогшлоо хүртэл тавих болсон” хэмээн дэлгүүрийн эзэн ярих зуураа лангууны ар талын хэсэг рүү зааж “Чи тэрийг хар л даа, тоос сорогчоо хүртэл үлдээчихсэн байгаа биздээ” гээд инээв. Энэ хооронд ганц нэг хүн орж ирэх ч лангууг хэд эргүүлж, тойруулж харж байгаад хоосон гараад явав. Авах зүйл нь байсангүй юу, эсвэл авах бараа нь гэсэн үнэтэй байв уу. Удалгүй бага ангийн хүүхдээ дагуулсан настан ширхгийн тамхи, нэг шуудай мод авч гарахын алдад “энийг авна” гэж хүүхэд нь тийчигнэнэ. Хичээл сургууль эхэлсэн учир өдөртөө хичээл тарах, эхлэх үед хэд хэдэн хүүхэд эцэг, эхийгээ чангаасаар дэлгүүрт орж ирдэг байна. Аргагүй эрхэнд зээлээр ч болтугай эцэг, эхчүүд авч өгөх аж. Гэхдээ зээл өгөхөд зарчим бий. Зээлээр архи, согтууруулах ундааг хэзээ ч дэлгүүрүүд олгодоггүй байна. Архи зээлээр зайлшгүй шаардлагатай байвал эхнэр, нөхөр хоёрын нөхөрт нь бус эхнэрт нь өгдөг аж. Нөхөр бол нэг төрлийн найдваргүй зээлдэгч. Найдваргүй зээлдэгчид хэзээ дахин зээл гарч байлаа даа.


        Бөөний гэх тодотголтой дэлгүүр, захууд гэр хорооллын дэлгүүрт хамаагүй хямд байна


Дараагийн дэлгүүр бол Долоон буудлын зам дагуу байрлах гудамжны үзүүрт байрладаг “Мөнгөн” дэлгүүр юм. Тус дэлгүүр орлого муутай, өдөрт ихдээ л 140 мянган төргөгийн орлоготой байгаа аж. Уг дэлгүүр талх, боорцог гэх гурилан бүтээгдэхүүн худалдан авалт муутай байгаа тул хугацаа нь дуусч  “шатах” тохиолдол гараад байгаагаас болж зарахаа больсон байна.


Дэлгүүрийн худалдагч гэх 40 гаруй насны эмэгтэйгээс иргэдийн худалдан авалтын талаар тодруулахад  “Цагаан сарын үеэр биднийг овоож оцойтлоо ихийг олж байна гэж бодоод байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд ямар ч баярын өмнөх долоо хоногт гэр хорооллын дэлгүүрүүд зогсонги байдалд ороод байдаг болчихсон. Ялангуяа Оргил, Номин, Е-Март гэх олон сүлжээ дэлгүүр хаа сайгүй байгуулагдсантай холбоотой иргэд бөөний төв гэх газруудаас баярын зүйлсээ авдаг болсноор гэр хорооллын дэлгүүрүүд эзгүйрдэг. Гэтэл бөөний гэх тодотголтой дэлгүүрүүд нь ихэвчлэн 1000-2000 төгрөг нэмж зардаг. Түүнийг нь иргэд авахдаа үнэтэй байна, бүх юм өсчихлөө гээд хашгичаад байдаг. Жишээлбэл,манайд бэлэн гоймонг 3100 төгрөгөөр зарж байхад сүлжээ дэлгүүрт 3800 төгрөгөөр зарагдаж байна. Аль нь яг бөөний төв болж таарав. Бөөний төв, зах гэхээр л иргэд хямд гэж ойлгодог. Гэтэл Хүчит-Шонхор, Барс, Нарантуул чинь жижиг дэлгүүрээс үнэтэй байна шүү дээ. Тэд үйлдвэрлэгчдээс 500-1000 төгрөг нэмж зарж байхад бид бөөний төвөөс бараа татаад ашиг харна гэвэл иргэд улам л туйлдах биз” хэмээн бухимдангуй ярив. Цалингаа буух бүрт хоол, хүнсээ цуглуулах гэсэн иргэд бөөний төвийг зорино. Харин иргэдийн худалдан авах сэтгэлээр “тоглож” бөөний бус ширхэгийн үнээр зарах нь элбэг аж.


Сүүлийн дэлгүүр болох “Хүнсний мухлаг” гэх бичигтэй жижиг мухлагт орлоо. Ороход нэг нь цай барьсан, нөгөөх нь гал өрдөж суух 70 гаруй насны эхнэр, нөхөр хоёр байв. Тэд хөдөө агаарт гарах сонирхолтой ч эхнэр нь харвалттай тул эмчийн хяналтад байх шаардлагатай юмсанж. Дан ганц хэвтээд байж чадалгүй мухлаг ажиллуулж амжиргаагаа залгуулдаг байна.Тэтгэвэр нь 350 мянгаас 500 мянга болсон нь сайшаалтай ч эм тарианд байдгаа барж байгаа тул арай гэж л хүргэж, оюутангүй тулдаа эмчилгээ оношлогооныхоо мөнгийг илүүчилж байгаагаа учирлав. Тухайн мухлаг сүүлийн 2 сарын хугацаанд бараг л бараа татаагүй аж. Иргэд гэлтгүй энэ хэдэн дэлгүүр нь хүртэл орлого нь өрөндөө  явах болж. Энэ мэтчилэн нийтдээ найман дэлгүүр оров. Иргэдийн худалдан авалт аль алинд нь муу, зээлээс зээлийн хооронд л байгааг худалдагчид ярив. Одоо хаврын бус хухай хоосон хоногийн хоолоо аргацаах зээлийн улирал гэж нэрлэх дээрээ тулжээ.




Нөөцийн махны худалдааг ирэх сард зохион байгуулна

Эх сурвалж: ikon.mn, 2022.02.10





Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн хүн амын 2022 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулан нөөцийн мах бүрдүүлэхэд анхаарч байна.


Энэ хүрээнд 13 мянган тонн махны нөөц бүрдүүлэхээр 23 аж ахуйн нэгж ажиллаж, бэлтгэл ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байгаа юм. Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжүүд 12 мянган тонн мах нөөцөлжээ. 


Өнгөрсөн жил зуншлага сайн байсантай холбоотойгоор махны чанар, өнгө үзэмж сайн байна. Чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлын хувьд малын өвчин гараагүй бүс нутаг, аймаг, сум, багаас бэлтгэх шаардлагыг онцгойлон тавьж, мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгээр давхар хянан баталгаажуулж байна. 

Нөөцийн махны худалдааг ирэх гуравдугаар сард Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулна хэмээн ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Сар шинийн өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн амрах хуваарийг танилцуулж байна

 Эх сурвалж: gogo.mn, 2022.02.01


Энэ жилийн цагаан сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 2-ны өдөр тохиож байна. Сар шинийн өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд харилцан адилгүй амарч байгаа бөгөөд хоёрдугаар сарын 16 гэхэд бүх худалдааны төвүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллахаар төлөвлөжээ.


Тухайлбал, “Нарантуул” худалдааны төв хоёрдугаар сарын 2-15-ныг хүртэл амрах бөгөөд 16-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм. “Барс” худалдааны төв хоёрдугаар сарын 6-наас, “Баянзүрх”, “Бөмбөгөр” худалдааны төвүүд хоёрдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ. Харин “Хархорин”, “Дүнжингарав”, “Лавай” худалдааны төвүүд хоёрдугаар сарын 8-наас эхлэн энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм.


Тэгвэл ихэнх сүлжээ дэлгүүрүүд хоёрдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн хуучин цагийн хуваарийн дагуу ажиллана.


Иргэд та бүхэн доорх хүснэгтээс дүүрэг тус бүрд байрлах томоохон зах, худалдааны төвүүд болон сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.












Замын-Үүдээс ачаа ачсан тээврийн хэрэгслүүдийн 117 нь Улаанбаатар хот руу, 27 нь орон нутаг руу гарчээ

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.17






Замын-Үүд-Эрээн боомтод чингэлэг тээвэрлэлт 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр 24 чингэлгээр эхэлсэн.


Тэгвэл энэ сарын 16-ны байдлаар өдөрт 60 орчим ачаатай чингэлэг хилээр нэвтэрч байна гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.


Тэрбээр "2022 оны нэгдүгээр сарын 11-16-ны өдрүүдэд Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор нийт ачаатай 301 чингэлэгт 5,200 орчим тонн ачаа хилээр нэвтэрсэн байна.


Замын-Үүд сумаас ачаа ачсан 117 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу, 27 тээврийн хэрэгсэл бусад аймаг орон нутаг руу гарчээ" хэмээн бичжээ.

С.Амарсайхан: Өнөөдөр Эрээнээс 60 чингэлэг ачаа татан авлаа

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.13





Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-нд Замын-Үүд боомтоор Эрээн хотоос 60 чингэлэг ачаа, бараа бүтээгдэхүүнийг татан авсан болохыг Шадар сайд С.Амарсайхан мэдэгдлээ.


Өчигдөр хилийн боомтын үйл ажиллагаа жигдэрч, 49 чингэлэг бүхий 1,000 гаруй тонн ачаа барааг Эрээний боомтоос татан авсан тухай мэдээлсэн.


БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сар орчим саатсан ачаа тээврийг яаралтай хил нэвтрүүлэх арга хэмжээний хүрээнд Халдвар хамгааллын дэглэм сахиулах үүднээс хоёр улсын хилийн голд “0” цэг байгуулан, чингэлэг тээврээр ачаа барааг нэвтрүүлэх горимд шилжүүлж, тээврийн хэрэгслийн жолооч нарыг хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагаас дайчилж нэгдсэн зохион байгуулалтад оруулан ажиллаж байгаа юм.

ШИНЭ СПОРТ ЦОГЦОЛБОРЫН МӨСӨН ТАЛБАЙ АШИГЛАЛТАД ОРНО

Эх сурвалж: dnn.mn, 2022.01.03






Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянгын 39 дүгээр сургуулийн хойд талд 1000 хүний суудалтай спорт цогцолборын мөсөн талбайн ажил эхэлжээ. Мөсөн талбайг ОХУ-аас мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, ЧД-ийн БТСГ-ын мэргэжилтнүүдтэй хамтран мөс тавих ажлыг гүйцэтгэж байна. Энэхүү байгууламж нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан, А, Б блоктой. Спорт заал, усан бассейн, оффис, мөсөн талбай гэсэн үндсэн хэсгүүдтэй. Өнгөрсөн зун оффисын хэсэг болон спорт заал, гурван зам бүхий 25 метрийн усан бассейн ашиглалтад орсон юм.

'Буянт-Ухаа'-г нөөц нисэх буудлаар ажиллуулна

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.03;  itoim.mn













“Буянт-Ухаа” нисэх буудал олон улс болон орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудлаар ажиллах боломжтой болж, ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан гэрчилгээг нь гардууллаа.

Засгийн газрын 2019 оны 455 дугаар тогтоолоор “Буянт-Ухаа” нисэх буудлыг олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар ИНЕГ-ын харьяанд ажиллуулахаар шийдвэрлэсэн билээ.

Засгийн газрын 455 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангах ажлын хүрээнд “Буянт-Ухаа” аэродром нь ИНД-139 “Аэродромын үйл ажиллагаа, гэрчилгээжүүлэлт” дүрэмд нийцүүлэн гэрчилгээжих шаардлагатай байсан юм.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 онд шинэчлэн баталсан ИНД-139 “Аэродромын үйл ажиллагаа, гэрчилгээжүүлэлт” дүрмийн дагуу “Буянт-Ухаа” нисэх буудал нь холбогдох бэлтгэл ажлыг хангаж, НААХЗА-аас тавигдсан шаардлагуудыг хэрэгжүүлсний дүнд хязгаарлагдмал нөхцөлтэйгөөр аэродромын үйл ажиллагаа явуулах эрх буюу “Хязгаарлагдмал аэродромын гэрчилгээ”-ээг ИНЕГ-аас авснаар олон улсын болон орон нутгийн нөөц нисэх буудлаар үйл ажиллагаа явуулах боломжтой болж, Засгийн газрын 455 дугаар тогтоол бүрэн  хэрэгжиж эхэллээ.

Засгийн газраас “Буянт-Ухаа” нисэх буудлыг үндсэн зориулалтаар буюу иргэний нисэхийн чиглэлээр ашиглах, нисэхийн аюулгүй ажиллагааг хангах,  зорилгоор 2021 онд тус нисэх буудлын газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан юм.



CU брэнд Петровис Групптэй хамтран салбарын тоогоо нэмэгдүүлнэ

Эх сурвалж: ikon.mn, 2021.12.27






CU олон улсын конвиниенс дэлгүүр хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ цаг завыг хэмнэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг олон байршлаас хүргэх зорилгын хүрээнд Петровис групптэй хамтран шатахуун түгээх газруудад түшиглэсэн салбарын тоогоо нэмэгдүүлэн ажиллаж байна.


Хэрэглэгчид зогсоолын асуудалд санаа зовохгүй хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай авахаас гадна жолооч нарт зориулсан автомашины тос, тосолгооны бүтээгдэхүүн, жижиг сэлбэг хэрэгсэл зэрэг бараа бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг бүрдүүлсэн нь үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээгээд байна.


Олон улсад шатахуун түгээх газруудад суурилсан конвиниенс дэлгүүрийн хэрэгцээ шаардлага маш эрэлттэй байдаг төдийгүй автомашинтайгаа олон цагийг өнгөрүүлж, ажил амьдралаа зохицуулж буй манай улсын иргэдийн хувьд ч цаг үеэ олсон үйлчилгээ болж байна.


CU брэнд нь 2020 оны 3-р сараас эхлэн Петровис Групптэй хамтран шатахуун түгээх станцад түшиглэсэн салбарын тоогоо эрчимтэй нэмэгдүүлэн өнөөдрийн байдлаар 10 ШТС-д үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хотын аль ч хэсэгт автомашинтайгаа зорчиж буй үйлчлүүлэгчдэд хүрэх зорилготойгоор шат дараатайгаар салбарын тэлэлтээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.