Showing posts with label cultural. Show all posts
Showing posts with label cultural. Show all posts

ФОТО: Өнөөдөр П.И.Чайковскийн “Хунт нуур” балет тоглоно

Эх сурвалж: А.Мишээл, gogo.mn, 2023.03.12





Дуурь бүжгийн эрдмийн театр П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг өнөөдөр тоглох гэж байна.


“Хунт нуур” балет нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглож орон бүрийн үзэгчдийн нандин, эрхэмсгийн дээдийн дээд бүтээл болсон юм.


Үзэсгэлэнт гүнж Одетта болон ханхүү Зигфрид хоёрын хайр сэтгэлийн тухай гарах энэхүү бүжгэн жүжигт хорон санаат Ротбардын хун болгон хувиргасан гүнж Одеттаг гунигт бүжгээ хийж байхыг ан хийж явсан ханхүү Зигфрид хараад дурладаг. Тэр бүсгүй зөвхөн шөнийн цагаар л хүн төрхөндөө хувирдаг байж. Ингээд дурласан ханхүү хорон санаатантай тулалдаж хайртай бүсгүйгээ сулладаг.


“Хунт нуур” балет ДБЭТ-ын тайзнаа 1975 оны зургадугаараар сарын 28-ны өдөр удирдаач УГЗ Ж.Чулуун, балетмейстер Ардын жүжигчин, Төрийн шагналт, ХБ Б.Жамъяндагвын дэглэлтээр анх тоглож байсан.


Энэ удаагийн тоглолт  32 хунтайгаар  тоглох гэж байгаагаараа онцлогтой юм байна.


Дүрүүдэд:


Балетын гоцлооч Б.Марал /МУСТА/ - ОДЕТТА /тэргүүн цагаан хун/, ОДИЛЛИЯ /Ротбардын охин хар хун/,

А.Тэмүүлэн /МУСТА/ - ЗИГФРИД /Ханхүү/,

О.Идэрбат - РОТБАРД /хорон санаат хар шувуу/,

Ц.Мөнгөншагай - ШУТ /алиа салбадай/

Удирдаач Т.Гэрэлцэцэг /МУСТА/,

Симфони найрал хөгжимчид,

Балетын жүжигчид,

Найрал дуучид, МУК-ын оюутнууд.
















Сурвалжилга: "Гоожингийн өндөр"-ийг нурааж, цэцэрлэг барина

 Эх сурвалж: news.mn. 2022.08.02. А.Цээсүрэн


News.mn агентлаг 2019 оноос “Аврал эрсэн Гоожингийн өндөр”  сурвалжлагаараа түүхэн дурсгалт барилгын асуудлыг хөндсөн. Ад шоо үзэгдсэн энэ "балгас"-ыг нэн даруй авран хамгаалах шаардлагатайг судлаачид хэлж сануулсаар л байгаа.


Хотын дарга Д.Сумъяабазар шинэ оны босгон дээр /2021.12.29/ түүхэн барилгыг хамгаалалтад авах тухай захирамж гаргаж буйгаа зарлаж шоудсанаас хойш долоон сар өнгөрчээ. Мөн хувийн эзэмшилд очсон газар эзэмших эрхийг нь цуцалж, шүүхээр түүхэн барилгын үнэлгээг эцэслэн тогтоохоор болсон.


Гэвч өдийг болтол дорвитой ажил хийсэнгүй. Албаныхнаас энэ талаар тодруулахад судалгааны ажил хийж, үнэлгээг нь шүүхээр тогтоохоор ажиллаж байна гэх хариултыг өгдөг. Харамсалтай нь ахисан ажилгүй, тухайн газрын эзэдтэй ч уулзаагүй гэдгийг эх сурвалж мэдээлсэн юм. Тиймээс түүхэн барилгын өмчлөл болон сэргээн засварлах ажил хэзээ эхлэх талаар дахин сурвалжиллаа.


Оршин суугчдын зүгээс "Энэ түүхэн барилгыг сэргээн засварлана гэсэн боловч өдийг болтол юу ч хийсэнгүй. Үнэхээр засч янзлаад музей байгуулбал сайхан л байна" гэж байлаа.


"Гоожингийн өндөр"-ийг 1992 онд нийслэлийн өмчид шилжүүлэх тушаалыг тухайн үеийн Эдийн засгийн коллежийн захирал Р.Амаржаргал гаргаж байсан. Уг тушаалд 58.500 төгрөгийн үнэтэй "Гоожингийн өндөр" гэх есөн айлын хоёр давхар сууцыг актлан, данснаас хасч, түүхийн дурсгалт барилгын хувьд Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсүгэй гэжээ. Гэвч нийслэлийн удирдлагууд тухайн үед өмчөөр бүртгэж аваагүй. Одоо газар эзэмшигчид тэрбум төгрөгөөр газрыг үнэлж буй юм.


Нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.МӨНХ-ЭРДЭНЭ:


-“Гоожингийн өндөр” барилгын өмчлөлийн асуудлыг судалж, тогтоохоор нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан. Шүүх хурал нь түр хойшилсон. Бидний зүгээс шүүхийн шийдвэрээ дагана. Тухайн газрын эзэд харилцан тохиролцох санал тавьсан. Хотын дарга Д.Сумъяабазар шинэ оны босгон дээр /2021.12.29/ түүхэн барилгыг хамгаалалтад авах тухай захирамж гаргасан. Уг шийдвэрийн дагуу Ерөнхий сайд асан Т.Намнансүрэнгийн гэр музей болгон тохижуулах судалгаа хийж, зураг төсөл нь бэлэн болсон. Бид тухайн газар дээрээ музей болгон тохижуулах хатуу байр суурьтай байгаа. Түүхэн дурсгалт барилгын газар нь түүхтэй учраас миний хувьд нүүлгэн шилжүүлэхгүй гэж бодож буй. Газрын эздийн зүгээс байшингаа аваад, газраа өгчих гэдэг санал тавьсан. Бид зөвшөөрөөгүй. Хэрвээ тэрбум төгрөг нэхэмжлэх юм бол шүүхийн шатанд шинжээч томилж, ажиллана. Гэвч одоо тийм шатанд шүүх хурал болоогүй байна.


Хэрвээ тухайн газар дээр одоогийн барилгыг музей болгон сэргээн засварлавал мэргэжлийн сэргээн засварлагчидтай хамтран ажиллана. "Гоожингийн өндөр" барилгын 1988 онд сэргээн засварлах анхны зураг төслийг хийж байсан. Тэр үед зураг төсөл нь бидэнд бий.


Нийслэлийн Соёл урлагийн соёлийн хэлтсийн дарга Г.ЖАНЦАНСАМБУУ:


-"Гоожингийн өндөр"-ийн асуудал шүүхийн шатанд очоогүй байгаа. Манайхаас тухайн газрын эздэд сануулах бичиг хүргүүлсэн. Бид энэ асуудлаар дорвитой ажил хийгээгүй л байна.


Газрын эзэмших эрхийг цуцлахдаа үйл ажиллагаа явуулахгүй байна гэдгээр цуцалсан. Гэтэл тэнд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг өөрсдөө хориглож буй. Учир нь барилгыг нь нураах гэхээр соёлын өв гэнэ. Байшинг нь нураахгүй ашиглах гэхээр хүн амьдрах боломжгүй гэх мэргэжлийн хяналтын дүгнэлттэй. Тог цахилгаан, дулаан, ус ч байхгүй газар яаж үйл ажиллагаа явуулах вэ дээ.


Газар дээр нь байгаа үл хөдлөх хөрөнгийг нь авчих гэхээр ажил нь урагшилдаггүй. Анх үнэлгээ хийлгэхэд тэрбум төгрөг гэж гарсан. Гэвч бид соёлын өвийн барилгыг анх худалдаж авсан үнээр нь авчих гэдэг саналь тавьсан. Тэр үнийг нь хэлэх боломжгүй. Бид цэцэрлэг барих зөвшөөрөл гаргахдаа хэдэн давхар барилга барихаа хэлээд өгчих, өөр зориулалтаар барилга барьвал цуцалчих гэж нийслэлд хандсан. Биднийг Д.Мөнх-Эрдэнэ "Шүүхэд хандчих" гээд захиргааны хэргийн шүүхэд хандсан чинь анхан шатны шүүхээс хоорондоо эвлэрэх аман шийдвэр гарч, хурал нь хойшилсон" тухай ярилаа.


Архитектор Г.НЯМЦОГТ:


-Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах газрыг 1973 оноос байгуулсан түүхтэй. Хэрэв өдий хүртэл ажилласан бол үйл ажиллагаа нь цэгцэрчихсэн, олон улсын түвшинд хүрчихсэн байх байлаа. Гэвч 1993 хувьчлагдаж, үйл ажиллагаа нь бүрэн зогссон. Тус газар түүх соёлын дурсгалт барилгын бүх зураг төслийг хийж батлуулаад, сэргээн засварлалтын ажлыг хийдэг байсан. Дотроо мужааны цех, керамик үйлдвэр гээд сэргээн засварлалтын бүх төрөл багтдаг байв. Тэндээс төрөн гарсан доктор цолтой мэргэжилтэн олон бий. Одоо энэ газар ажиллаж байсан мэргэжилтнүүд ахмад настан болж, цөөн үлджээ.


Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах газар байх үед улсаас бодлогоор өв соёлын дурсгалт барилгуудыг ээлж дараагаар нь сэргээн засахаар ажиллаж байсан. “Гоожингийн өндөр” барилгын ойролцоо Улаанбаатар хотын музей, Г.Дэмид жанжны байшин, төмрийн завод гэх мэт түүх соёлын дурсгалт барилга олон бий.


Тэр дундаас 1988 онд “Гоожингийн өндөр”-т судалгаа хийж, сэргээн засварлалтын ажлын зургийг нь хүртэл хийсэн. Харамсалтай нь, газар нь хувьчлагдсаны улмаас энэ бүх ажил цаасан дээр л үлдсэн дээ.


Миний хувьд хоёр, гурван жилийн өмнө “Гоожингийн өндөр” барилга дээр Аса аварга Д.Дагвадоржтой хамт очсон. Өмнө нь ч хэд хэдэн удаа очиж байсан. Ер нь сэргээн засварлахдаа тухайн түүхэн барилгын дүр төрхийг хадгалах нь хамгийн чухал. “Гоожингийн өндөр” барилгыг нэн яаралтай хамгаалалтад авч, өмчлөлтэй болгож, тухайн газрыг цэвэрлэх шаардлагатай. Барилгын дотор тал нь шатсан.


Хоёрдугаарт, тухайн барилгын эргэн тойронд өндөр өндөр орон сууц бариад газар гэх юм үлдээгүй. Түүх, соёлын дурсгалт барилгыг буулгаад, эргүүлээд тэр чигээр нь өөр газар барьдаг нэг арга бий. Энэ бол олон улсад ашигладаг сэргээн засварлалтын арга. Энэ мэт түүхэн барилгыг авран хамгаалахын тулд Түүх, соёлын дурсгалт барилгыг сэргээн засварлах газрыг дахин байгуулах шаардлагатай. Монголын сэргээн засварлалтын мэргэжилтнүүд төсөв мөнгийг нь шийдээд өгвөл сайн ажиллаж чадна. Орчин цагт ур чадвартай мэргэжилтнүүд, техник технологи, багаж тоног төхөөрөмж хангалттай болсон" гэж өмнө нь хэлж байв.






















Түүхч Д.Өлзийбаатар: Шатсан “East” төвийн бууринд “Бат гүн” гэх шорон байсан

 Эх сурвалж: gogo.mn, 2022.06.30. Э.Оргил


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар төрийн шагналт түүхч, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатартай уулзлаа. Уулзалтаар Баянзүрх дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр, XIII хороолол буюу Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд талд байрлах шатсан “East” төв орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох тухай санаачилгаа танилцуулан, түүхийн талаас нь зөвлөлдөв. 


Түүхч Д.Өлзийбаатар “East” төвийн бууринд “Бат гүн” гэх шорон байсан. 1912 онд Олноо өргөгдсөн Богд хааны зарлигаар Их хүрээний зургийг бурхач Жүгдэрээр ахлуулан нэртэй бурхач, зураачид бүтээсэн. Тус бүтээлд “Бат гүн” шоронг тодорхой дүрслэн буулгасан байдаг.


Манжийн үеэс л улбаатай шорон байгаа юм. Хожим Ардын засгийн жилүүдэд өөрчлөгдөн, Төв гяндан буюу хорих байр болж, олноо “Бат цагаан” шорон хэмээн нэрлэгдэх болсон. Тухайн үеийн шоронгууд өндөр модон шургааган хашаатай байсан гэдэг. Тиймээс тэндээс хоригдлууд оргож чаддаггүйн дээр барилга нь цагаан өнгөтэй байсан тул олон түмэн тийн нэрийдсэн. Эх орныхоо төлөө тэмцэж байсан олон эр тэнд хоригдож байсан түүхтэй. 1950-иад оны сүүлчээр шоронгийн үйл ажиллагаа зогсож, арьс өнгөний эмнэлэг болсон. Эмнэлгийн байдлаар үйл ажиллагаагаа явуулж байгаад 1990-ээд оны үед барилга нь муудаж, жоом, бясаа үүрлэх болсон тул сууриар нь нураасан юм.


Удалгүй “East” төв гэх худалдаа, үйлчилгээний байгууламж бий болсон. Ер нь “East” төвийн тэр орчимд Богд хааны үеэс Америкийн пүүсүүдийн оффис байрлаж байсан тул “Американ дэнж” гэж нэрлэдэг байсан. Харин тэр хэсгээс зүүн тийш Офицеруудын ордон хүртэлх хэсгийг “Консулын дэнж” хэмээн нэрийддэг байв. “East” төвийн ойр орчим болоод түүнээс зүүн зүгт Энхтайваны өргөн чөлөөгөө дагасан замын хоёр талаар түүхэн дурсгалт барилга, байгууламж олон бий. Тиймээс  Хотын даргын гаргаж буй цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилгыг дэмжиж байгаа. Түүхчид маань ч дуу нэгтэйгээр дэмжих байх. Ер нь эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэж байсан олон хүнийг хүндэтгэж, түүхээ таниулсан дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох хэрэгтэй. Иргэд ч амралт, чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламжтай болно шүү дээ” хэмээв.


Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Бид иргэд рүүгээ чиглэж, иргэдийн амьдрах орчныг сайжруулж, ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгаа. Зөвшөөрөлгүй гарааш, хашаа, хайсыг ч үе шаттай буулгаж байна. Гэхдээ иргэдийн дунд гарааш, хашаа, хайсыг буулгаж, чөлөөлсөн талбарыг хэн нэгэн өмчлөөд авчихдаг гэх ойлголт байна. Өмнө нь тийм байсан байж болох ч одоо бол тийм зүйл байхгүй. Бид чөлөөлсөн талбаруудаа нийтийн эдэлбэрт бүртгэж, иргэд амарч, зугаалах таатай орчныг бүрдүүлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой” гэв.


Хотын дарга өнгөрсөн даваа гарагт “East” төвийн газар дээр ажиллаж, цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлаар эзэмшигч аж ахуйн нэгжийн удирдлагыг хэлэлцээрийн ширээнд урьсан юм. 







Япон улсын түргэн хоолны сүлжээ ресторан YOSHINOYA Монголд нээлтээ хийлээ

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.14





Япон улсын түргэн хоолны сүлжээ ресторан ЁОШИНОЯА брэнд өчигдөр буюу 1-р сарын 13-нд Монгол улсад анхны салбараа амжилттай нээлээ.


Ёошинояа брэнд нь тэртээх 1899 онд Япон улс, Токио хотын Нихонбаши хэмээх хөл хөдөлгөөнтэй загасны зах дээр үүссэн бөгөөд “Энгийн, Амттай, Түргэн” гэсэн уриан доор 122 жилийн турш Япончуудын төдийгүй дэлхийн бусад орны хүмүүсийн хамгийн идэх дуртай түргэн хоолнуудын нэг болж чаджээ. Өдгөө Ёошинояа олон улсын франчайз түргэн хоолны сүлжээ ресторан нь Дэлхийн 12 оронд, 2100 гаруй салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна.


Ёошинояа брэндийн хамгийн алдартай хоол нь Gyudon буюу Үхрийн махтай боул юм. Энэ нь сайн чанарын цагаан будаа, том хэрчсэн сонгино, Австрали Ангус үйлдрийн үхрийн махыг 122 жилийн турш өнөөг хүртэл уламжлагдан ирж, таашаагдсан тусгай жорын шөлөнд чанаж бэлтгэсэн хоол юм.


Монгол улсaaс Ёошинояа брэндийн албан ёсны франчайз эрхийг “Улаанбаатар Групп” ХХК амжилттай авч чадсан бөгөөд 2 жилийн турш судалгаа, шинжилгээ хийсний эцэст анхны салбар ресторанаа амжилттай нээлээ.


Энэ тухай “Улаанбаатар Групп” ХХК-ийн дэд захирал О.Гэрэл:


“Юуны өмнө 122 жилийн турш дэлхийд таашаагдсан, Япон улсын №1 түргэн хоолны сүлжээ ресторан болох Ёошинояаг Монголчууддаа хүргэж байгаад маш их баяртай байна. Манай Ёошинояа брэнд Монголчуудад хамгийн тохиромжтой түргэн хоол гэж хэлмээр байна.


Өмнө нь Ёошинояа брэндийн франчайз эрхийг авахаар Монгол улсаас 50 гаруй албан байгууллага, 30 гаруй хувь хүмүүс холбогдож байсан ч манай “Улаанбаатар Групп” ХХК уг эрхийг амжилттай авч чадсандаа баяртай байна. Бид ирэх 5 жилд 15 салбар ресторан нээж, Ёошинояа брэндээр дамжуулж их хотын түргэн хоолны салбарт ЯПОН ЧАНАР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТЫГ нэвтрүүлэх болно. Мөн бид Ёошинояа брэндийн 122 жилийн түүхэнд анх удаа Монгол хүнд зориулж Монгол хонины махтай хоолыг цэсдээ  оруулж өгч, Монгол махны амт чанар, стандартыг сайжруулж дэлхийд гаргах болно” гэж хэлсэн.


Нээлтийн арга хэмжээнд маш олон зочид үйлчлүүлэгчид ирснээс Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Мобиком Корпорацийн ерөнхий захирал Хамада Тацуяа, Шинэ нисэх онгоцны буудлын захирал Като Такэо, УИХ-ын гишүүн Н.Учрал, гэргий Ч. Сэлэнгэ зэрэг нэр хүндтэй хүмүүс болон Япон улсын бизнес эрхлэгчид оролцож Ёошинояа-н хоолыг амтархан иджээ.


Ташрамд дурдахад элчин сайд Кобаяши Хироюки болон Мобиком компанийн ерөнхий захирал Хамада Тацуяа нар арга хэмжээний үеэр хүүхэд байхаасаа хойш идэж өссөн Ёошинояа-н яг тэр амтыг Монгол улсад дахин мэдэрч чадсандаа маш их баяртай байгаагаа илэрхийлсэн юм.


Байршил: ХУД 15 хороо, Махатма Гандигийн гудамж, The One Center /Хуучнаар HomePlaza 2/


Цагийн хуваарь: 11:00 - 21:00


Утас: +(976) 7555-7775