Showing posts with label place. Show all posts
Showing posts with label place. Show all posts

"Шинэ цэвэрлэхийн барилгын ажил 426 хүний хүчээр 67%-тай өрнөж байна. Ирэх оны 10 сард ашиглалтад оруулна"

Эх сурвалж: Б.Манлай, www.ikon.mn, 2023.05.03





Шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил тавдугаар сарын 1-нээс үргэлжилнэ хэмээн Хотын инженерийн байгууламжийн хэлтсээс мэдээлж байв. Харин шинэ байгууламжтай болсноор Улаанбаатарт өмхий үнэр гарахгүй байх эсэх, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн технологийн инженер Б.Анхбатаас тодрууллаа.


- Цэвэрлэх байгууламжийн барилгын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн үү, ажлын явц хэдэн хувьтай байгаа вэ?


- Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын бэлтгэл ажил 2023 оны гуравдугаар сарын 28-наас эхэлсэн. Үндсэн 17 барилгыг угсрах ажил 67%-тай хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын талбай дээр нийт 426 хүн ажиллаж байгаагийн 200 орчим нь хятад ажилчин. Үлдсэн нь монголчууд.


Энэ жил барилга угсралтын ажлыг 85%-д хүргэж, дуусгах төлөвлөгөөтэй. Ирэх жил тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах, тохируулах, турших ажлууд хийгдэнэ. Ингээд шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг 2024 оны аравдугаар сард дуусгахаар төлөвлөж байна. Ямар нэг саад гарахгүй бол хугацаандаа ашиглалтад орно.


Өнгөрсөн жилүүдийн хувьд цар тахлаас шалтгаалаад ажиллах хүчний хомсдолд орж, бараа материалын татан авалт гацаж, ашиглалтад орох цаг хугацаанаас хойш татсан. Мөн тээврийн өртөг, цемент, арматурын үнэ өссөн нь төслийн үйл ажиллагаанд нөлөөллөө.


Энэ жилийн хувьд хил нээгдэж, бараа материалын татан авалт, барилгын бүтээн байгуулалтын ажил хэвийн явагдаж байна. Санхүүжилт гүйцэтгэлээр тооцогддог. Гэхдээ ханшийн зөрүүгээс шалтгаалсан санхүүжилтийн асуудал гарч байна.


- Шинэ цэвэрлэх байгууламж нь хэдэн объекттой байх бол?


- Төслийн хүрээнд нийт 33 объект баригдана. Харуулын байр, дулаан хуваарилах, үнэргүй болгох систем, цахилгааны дэд станц, гарааш, агуулах, захиргааны гээд барилгууд бий.


Технологитой холбоотой 25 барилга байна.


- Технологийн хувьд өмхий үнэр гарахгүй байх уу, ямар онцлогтой вэ?


- Одоо баригдаж байгаа цэвэрлэх байгууламж нь битүү. Өөрөөр хэлбэл, ашиглалтад орсны дараа өмхий үнэр гарахгүй.


Хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй байна. Манайд тусгайлан зориулж тоног төхөөрөмж үйлдвэрлэж байгаагаараа онцлогтой. Азидаа эхний 10-т орох томоохон байгууламж. 


Байгууламжийн тоног төхөөрөмж Герман, Швед, Япон зэрэг улсаас нийлүүлэгдэнэ. Зарим тоног төхөөрөмж Хятадад байдаг хамтарсан үйлдвэрээс ирнэ. Тухайлбал, насос гэхэд атомын цахилгаан станцын насос үйлдвэрлэдэг үйлдвэрүүдээс авна. Хамгийн сайн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг сонгож байгаа.


Шинэ цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хоногт 250,000 метр куб бохир ус хүлээн авч цэвэрлэнэ. Одоо ажиллаж байгаа цэвэрлэх байгууламж хоногт 180,000 орчим метр куб бохир ус цэвэрлэдэг. Хүн амын тоогоор нь авч үзвэл, нэг сая орчим хүнд тохирсон хүчин чадалтай. ААН, үйлдвэрийн бохирыг тооцоололд оруулсан.


Технологийн хувьд механик болон биологийн цэвэрлэгээтэй, лагийн бүрэн боловсруулалт хийгдэнэ. Лагийн бүрэн боловсруулалт гэдэг нь лагийн тодорхой хэсгийг эсгээд хий гарган шатааж өөрийн дотоодын дулаан, цахилгаанаа хангах ашигт үйлийн коэффициент өндөртэй байгууламж гэж ойлгож болно.


Гэхдээ үйлдвэрүүдийн урьдчилан цэвэрлээгүй ус буюу стандарт хангаагүй өндөр бохирдолтой ус нийлүүлэгдвэл цэвэрлэх байгууламж ажиллахгүй. Учир нь үйлдвэрийн хэт өндөр бохирдолтой ус нийлүүлж болохгүй. Өөрөөр хэлбэл, үйлдвэрүүд үс ноос байвал цэвэрлэх, бүх хогоо бохиртоо хийхгүй, ангилах стандартаа барих хэрэгтэй, бүх хогоо 00 руугаа хийхгүй байхыг хичээнэ гэсэн үг.


Бусад улсад үйлдвэрүүд хэт бохирдолтой ус цэвэрлэх байгууламжид нийлүүлбэл шууд хааж, торгууль ногдуулдаг туршлага байдаг. 


Одоо гарч байгаа өмхий үнэрийг арилгах ажлыг Ус Сувгийн Удирдах Газар хариуцдаг. Бохирыг дөрвөн жил байгалийн аргаар хатаадаг байсныг өдөрт нь хатаадаг болгосон байсан. Хуучин цэвэрлэх байгууламжийн хүчин чадлаас хэд дахин их бохир нийлүүлэгдэхээр цэвэрлэж чадахгүй байгаагаас өмхий үнэртэж байгаа байх.


Цэвэрлэх байгууламж нь нэг хүнээс гарах бохирдлыг тооцоолоод цэвэрлэдэг стандарттай. Дэлхийн бүх улсад ингэж тооцоолдог.


Манай улсад мах, ноос боловсруулах үйлдвэрүүд, эмнэлгүүд бохироо урьдчилсан цэвэрлэх байгууламжтай байх ёстой. Одоо ажиллаж байгаа цэвэрлэх байгууламж ахуйн зориулалттай. Тиймээс эко үйлдвэр байхын тулд заавал бохироо урьдчилсан цэвэрлэх байгууламжийг хийх хэрэгтэй. Энэ стандартыг мөрдөх нь сул байна.


- Байгууламжийн төслийн нийт өртөг нь хэд вэ?


- Төслийн нийт өртөг 262.7 сая ам.доллар. БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр баригдана. 262.7 сая ам.долларын 95%-ийг Хятадын зээлээс үлдсэн 5%-ийг Монгол Улсын Засгийн газраас гаргаж байгаа.


Байгууламжийн бүтээн байгуулалтыг БНХАУ-ын "Төмөр зам IV анги" гүйцэтгэж байна.

БНСУ-ын сүлжээ кофе шоп “Coffee namu” Монголд нээгдлээ

Эх сурвалж: www.ikon.mn, 2023.05.03


Nomadd брэнд БНСУ-ын сүлжээ кофе шоп “Coffee Namu”-гийн мастер франчайзын эзэмшигч боллоо

Nomadd брэнд дэлгүүрээ Шангри Ла моллд нээгээд 2 жил орчим үйл ажиллагаа явуулсан билээ. Энэ хугацаанд тус брэндийн менежментийн баг хэрэглэгчдэдээ арай өөр төрлийн experience (туршлага) мэдрүүлэхийг зорин, сүүлийн үеийн чиг хандлагуудыг судалж байв. Ингээд ихэвчлэн цайны цагаар, эсвэл ажлаа тараад дэлгүүрээр үйлчлүүлдэг хэрэглэгчдийн хувьд бүтээгдэхүүн худалдан авах зуураа тав тухтай орчинд түр амсхийх хэрэгцээ шаардлага байгааг олж харжээ.


Магадгүй цайны цагаараа тав тухтай, халуун дулаан орчинд аяга кофе ууж, зүсэм бялуу амтлах зуураа таалагдсан бүтээгдэхүүнээ худалдан аваад, завгүй амьдралаасаа түр амсхийх таатай мэдрэмжийг өөртөө бэлэглэх завшаан юм.


Ингээд Nomadd-ын хамт олон БНСУ-ын сүлжээ кофе шоп “Coffee Namu”-гийн Монгол дахь мастер франчайз эзэмшигч болж, 2020 онд салбаруудаа нээхээр төлөвлөж байв. Гэвч цар тахлын улмаас нээлтийн үйл ажиллагаа хойшилсоор төлөвлөсөн хугацаанаасаа 3 жилийн дараа буюу өдгөө 2023 оны 5 сарын 1-нд албан ёсоор нээгдэж байна. 


2023 оны 5 сарын 1-нээс 5 сарын 5-ны хооронд нээлтийн урамшуулал зарласан байгаа тул та бүхэн Coffee namu кофе шопоор зочлон аяга кофе, зүсэм бялуу амтлан тав тухтай үйлчлүүлээрэй.


Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, IC Tower 2 давхарт


Утас: 7570-4422, 7772-4422


www.facebook.com/coffeenamumongolia


www.instagram.com/coffeenamumongolia








Н.Сугар: Гарааш чөлөөлсөн газар олон нийтийн амралт, зугаалгын талбай болно. Барилга барихгүй

Эх сурвалж: Б.Манлай, www.ikon.mn, 2023.04.28


Улаанбаатар хотын зарим байршлын гараашийг буулгаж буй. Уг ажлын талаар Хотын ерөнхий менежер мэдээлэл өглөө.


Ерөнхий менежер М.Баяраа "Нийслэлийн Засаг даргын захирамжаар 132 байршлын 2,355 гараашийг буулгаж, 46,418 га талбайг чөлөөллөө. Гарааш буулгах ажил нийслэлийн зургаан дүүрэгт явагдсан.


Баянгол дүүрэгт 33 байршлын 782

Баянзүрх дүүрэгт 21 байршлын 273

Чингэлтэй 5 байршлын 29

Сүхбаатар 30 байршлын 715

Хан-Уул дүүрэгт 21 байршлын 155

Сонгинохайрхан дүүрэгт 22 байршлын 401 гараашийг буулгаж, газрыг чөлөөллөө.

Тухайн чөлөөлсөн газарт оршин суугчдын хүсэлтийг харгалзан авто зогсоол, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын , спортын талбай байгуулах эсэхийг шийдэх юм.


Дөрөвдүгээр сарын 21-ний байдлаар зургаан байршилд тохижилтын ажлыг хийхээр төлөвлөсөн" хэмээн танилцууллаа.


Нийслэлийн Засаг даргын зөвлөх Н.Сугар "Гарааш буулгах ажил нь түгжрэлтэй холбоотой. Учир нь алхах орчин, амарч суух талбай тухтай болсноор иргэдийн алхах сонирхол нэмэгддэг. Тэгснээр ойрхон газарт тээврийн хэрэгслийг сонгохоос татгалздаг болох нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байгаа.


Гарааш чөлөөлсөн талбай дээр оффис, барилга байгууламж, орон сууц барихгүйг эхнээсээ хэлж байсан.


Хувь хүн эзэмшлийн газар дээрээ гарааш барьчихсан байж байгаад өөрийн газраа чөлөөлөөд объект барих цөөн тохиолдол бий.


Зарим байршилд тухайн ойр орчмын иргэд хорооны байр, өрхийн эмнэлэг барьж өгөх хүсэлтийн дагуу хийгдэж байгааг хэлье. Гэхдээ энэ нь маш цөөхөн.


Гарааш чөлөөлсөн газар олон нийтийн амралт, зугаалгын талбай болно гэдгийг нийслэлийн удирдлагуудын зүгээс хэлж байгаа юм" хэмээн мэдээллээ.




Д.Мөнх-Эрдэнэ: Театрын өмнөх машины зогсоолын асуудлыг ирэх долоо хоногт шийднэ

Эх сурвалж: П.Сайнжаргал, www.ikon.mn, 2023.04.27


Драмын театрын урд талын талбайн автомашины зогсоолын талаарх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд өрнөсөн.


Тэгвэл театрын өмнөх зогсоолыг хэрхэн ашиглаж, ямар арга хэмжээ авах талаар Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.


Тэрбээр "Төлбөртэй, төлбөргүй ч бай төв театрынхаа өмнө машины зогсоол ажиллуулж байгаа нь зохимжгүй. Театрын өмнөх талбай нь өргөн цэлгэр, тохилог орчин байх ёстой. Гэтэл шороотой олон машины тоосыг арчаад л явцгааж байна. 


Зогсоолын зориулалтаар ашиглах бус, уужим талбай байх нь зүйтэй. Энэ талаар ирэх долоо хоногоос шийдвэр гарна. Тэр үед мэдээлэл өгөх боломжтой" хэмээн хэлэв. 







Мөнгөн завьяагийн автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ

Эх сурвалж: Б.Чимэг, gogo.mn, 2023.03.10





Нийслэлийн Засаг дарга дүүргүүдийн удирдлагад хууль, журмын дагуу арга хэмжээ авч, зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг албадан нүүлгэх үүрэг өгсөн.


Үүний дагуу Чингэлтэй дүүрэг Мөнгөн завьяагийн автобусны буудлын ТҮЦ-үүдийг өнөөдөр албадан нүүлгэж, газар чөлөөллөө. Цаашид явган хүний зам тагласан, нийтийн эзэмшлийн талбайд байрлуулсан, үзэгдэх орчин хязгаарласан, зөвшөөрөлгүйгээр цахилгаан татсан  ТҮЦ-үүдийг нүүлгэх аж. 



Сурвалжилга: "Гоожингийн өндөр"-ийг нурааж, цэцэрлэг барина

 Эх сурвалж: news.mn. 2022.08.02. А.Цээсүрэн


News.mn агентлаг 2019 оноос “Аврал эрсэн Гоожингийн өндөр”  сурвалжлагаараа түүхэн дурсгалт барилгын асуудлыг хөндсөн. Ад шоо үзэгдсэн энэ "балгас"-ыг нэн даруй авран хамгаалах шаардлагатайг судлаачид хэлж сануулсаар л байгаа.


Хотын дарга Д.Сумъяабазар шинэ оны босгон дээр /2021.12.29/ түүхэн барилгыг хамгаалалтад авах тухай захирамж гаргаж буйгаа зарлаж шоудсанаас хойш долоон сар өнгөрчээ. Мөн хувийн эзэмшилд очсон газар эзэмших эрхийг нь цуцалж, шүүхээр түүхэн барилгын үнэлгээг эцэслэн тогтоохоор болсон.


Гэвч өдийг болтол дорвитой ажил хийсэнгүй. Албаныхнаас энэ талаар тодруулахад судалгааны ажил хийж, үнэлгээг нь шүүхээр тогтоохоор ажиллаж байна гэх хариултыг өгдөг. Харамсалтай нь ахисан ажилгүй, тухайн газрын эзэдтэй ч уулзаагүй гэдгийг эх сурвалж мэдээлсэн юм. Тиймээс түүхэн барилгын өмчлөл болон сэргээн засварлах ажил хэзээ эхлэх талаар дахин сурвалжиллаа.


Оршин суугчдын зүгээс "Энэ түүхэн барилгыг сэргээн засварлана гэсэн боловч өдийг болтол юу ч хийсэнгүй. Үнэхээр засч янзлаад музей байгуулбал сайхан л байна" гэж байлаа.


"Гоожингийн өндөр"-ийг 1992 онд нийслэлийн өмчид шилжүүлэх тушаалыг тухайн үеийн Эдийн засгийн коллежийн захирал Р.Амаржаргал гаргаж байсан. Уг тушаалд 58.500 төгрөгийн үнэтэй "Гоожингийн өндөр" гэх есөн айлын хоёр давхар сууцыг актлан, данснаас хасч, түүхийн дурсгалт барилгын хувьд Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсүгэй гэжээ. Гэвч нийслэлийн удирдлагууд тухайн үед өмчөөр бүртгэж аваагүй. Одоо газар эзэмшигчид тэрбум төгрөгөөр газрыг үнэлж буй юм.


Нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.МӨНХ-ЭРДЭНЭ:


-“Гоожингийн өндөр” барилгын өмчлөлийн асуудлыг судалж, тогтоохоор нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан. Шүүх хурал нь түр хойшилсон. Бидний зүгээс шүүхийн шийдвэрээ дагана. Тухайн газрын эзэд харилцан тохиролцох санал тавьсан. Хотын дарга Д.Сумъяабазар шинэ оны босгон дээр /2021.12.29/ түүхэн барилгыг хамгаалалтад авах тухай захирамж гаргасан. Уг шийдвэрийн дагуу Ерөнхий сайд асан Т.Намнансүрэнгийн гэр музей болгон тохижуулах судалгаа хийж, зураг төсөл нь бэлэн болсон. Бид тухайн газар дээрээ музей болгон тохижуулах хатуу байр суурьтай байгаа. Түүхэн дурсгалт барилгын газар нь түүхтэй учраас миний хувьд нүүлгэн шилжүүлэхгүй гэж бодож буй. Газрын эздийн зүгээс байшингаа аваад, газраа өгчих гэдэг санал тавьсан. Бид зөвшөөрөөгүй. Хэрвээ тэрбум төгрөг нэхэмжлэх юм бол шүүхийн шатанд шинжээч томилж, ажиллана. Гэвч одоо тийм шатанд шүүх хурал болоогүй байна.


Хэрвээ тухайн газар дээр одоогийн барилгыг музей болгон сэргээн засварлавал мэргэжлийн сэргээн засварлагчидтай хамтран ажиллана. "Гоожингийн өндөр" барилгын 1988 онд сэргээн засварлах анхны зураг төслийг хийж байсан. Тэр үед зураг төсөл нь бидэнд бий.


Нийслэлийн Соёл урлагийн соёлийн хэлтсийн дарга Г.ЖАНЦАНСАМБУУ:


-"Гоожингийн өндөр"-ийн асуудал шүүхийн шатанд очоогүй байгаа. Манайхаас тухайн газрын эздэд сануулах бичиг хүргүүлсэн. Бид энэ асуудлаар дорвитой ажил хийгээгүй л байна.


Газрын эзэмших эрхийг цуцлахдаа үйл ажиллагаа явуулахгүй байна гэдгээр цуцалсан. Гэтэл тэнд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг өөрсдөө хориглож буй. Учир нь барилгыг нь нураах гэхээр соёлын өв гэнэ. Байшинг нь нураахгүй ашиглах гэхээр хүн амьдрах боломжгүй гэх мэргэжлийн хяналтын дүгнэлттэй. Тог цахилгаан, дулаан, ус ч байхгүй газар яаж үйл ажиллагаа явуулах вэ дээ.


Газар дээр нь байгаа үл хөдлөх хөрөнгийг нь авчих гэхээр ажил нь урагшилдаггүй. Анх үнэлгээ хийлгэхэд тэрбум төгрөг гэж гарсан. Гэвч бид соёлын өвийн барилгыг анх худалдаж авсан үнээр нь авчих гэдэг саналь тавьсан. Тэр үнийг нь хэлэх боломжгүй. Бид цэцэрлэг барих зөвшөөрөл гаргахдаа хэдэн давхар барилга барихаа хэлээд өгчих, өөр зориулалтаар барилга барьвал цуцалчих гэж нийслэлд хандсан. Биднийг Д.Мөнх-Эрдэнэ "Шүүхэд хандчих" гээд захиргааны хэргийн шүүхэд хандсан чинь анхан шатны шүүхээс хоорондоо эвлэрэх аман шийдвэр гарч, хурал нь хойшилсон" тухай ярилаа.


Архитектор Г.НЯМЦОГТ:


-Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах газрыг 1973 оноос байгуулсан түүхтэй. Хэрэв өдий хүртэл ажилласан бол үйл ажиллагаа нь цэгцэрчихсэн, олон улсын түвшинд хүрчихсэн байх байлаа. Гэвч 1993 хувьчлагдаж, үйл ажиллагаа нь бүрэн зогссон. Тус газар түүх соёлын дурсгалт барилгын бүх зураг төслийг хийж батлуулаад, сэргээн засварлалтын ажлыг хийдэг байсан. Дотроо мужааны цех, керамик үйлдвэр гээд сэргээн засварлалтын бүх төрөл багтдаг байв. Тэндээс төрөн гарсан доктор цолтой мэргэжилтэн олон бий. Одоо энэ газар ажиллаж байсан мэргэжилтнүүд ахмад настан болж, цөөн үлджээ.


Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах газар байх үед улсаас бодлогоор өв соёлын дурсгалт барилгуудыг ээлж дараагаар нь сэргээн засахаар ажиллаж байсан. “Гоожингийн өндөр” барилгын ойролцоо Улаанбаатар хотын музей, Г.Дэмид жанжны байшин, төмрийн завод гэх мэт түүх соёлын дурсгалт барилга олон бий.


Тэр дундаас 1988 онд “Гоожингийн өндөр”-т судалгаа хийж, сэргээн засварлалтын ажлын зургийг нь хүртэл хийсэн. Харамсалтай нь, газар нь хувьчлагдсаны улмаас энэ бүх ажил цаасан дээр л үлдсэн дээ.


Миний хувьд хоёр, гурван жилийн өмнө “Гоожингийн өндөр” барилга дээр Аса аварга Д.Дагвадоржтой хамт очсон. Өмнө нь ч хэд хэдэн удаа очиж байсан. Ер нь сэргээн засварлахдаа тухайн түүхэн барилгын дүр төрхийг хадгалах нь хамгийн чухал. “Гоожингийн өндөр” барилгыг нэн яаралтай хамгаалалтад авч, өмчлөлтэй болгож, тухайн газрыг цэвэрлэх шаардлагатай. Барилгын дотор тал нь шатсан.


Хоёрдугаарт, тухайн барилгын эргэн тойронд өндөр өндөр орон сууц бариад газар гэх юм үлдээгүй. Түүх, соёлын дурсгалт барилгыг буулгаад, эргүүлээд тэр чигээр нь өөр газар барьдаг нэг арга бий. Энэ бол олон улсад ашигладаг сэргээн засварлалтын арга. Энэ мэт түүхэн барилгыг авран хамгаалахын тулд Түүх, соёлын дурсгалт барилгыг сэргээн засварлах газрыг дахин байгуулах шаардлагатай. Монголын сэргээн засварлалтын мэргэжилтнүүд төсөв мөнгийг нь шийдээд өгвөл сайн ажиллаж чадна. Орчин цагт ур чадвартай мэргэжилтнүүд, техник технологи, багаж тоног төхөөрөмж хангалттай болсон" гэж өмнө нь хэлж байв.






















Түүхч Д.Өлзийбаатар: Шатсан “East” төвийн бууринд “Бат гүн” гэх шорон байсан

 Эх сурвалж: gogo.mn, 2022.06.30. Э.Оргил


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар төрийн шагналт түүхч, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатартай уулзлаа. Уулзалтаар Баянзүрх дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр, XIII хороолол буюу Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд талд байрлах шатсан “East” төв орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох тухай санаачилгаа танилцуулан, түүхийн талаас нь зөвлөлдөв. 


Түүхч Д.Өлзийбаатар “East” төвийн бууринд “Бат гүн” гэх шорон байсан. 1912 онд Олноо өргөгдсөн Богд хааны зарлигаар Их хүрээний зургийг бурхач Жүгдэрээр ахлуулан нэртэй бурхач, зураачид бүтээсэн. Тус бүтээлд “Бат гүн” шоронг тодорхой дүрслэн буулгасан байдаг.


Манжийн үеэс л улбаатай шорон байгаа юм. Хожим Ардын засгийн жилүүдэд өөрчлөгдөн, Төв гяндан буюу хорих байр болж, олноо “Бат цагаан” шорон хэмээн нэрлэгдэх болсон. Тухайн үеийн шоронгууд өндөр модон шургааган хашаатай байсан гэдэг. Тиймээс тэндээс хоригдлууд оргож чаддаггүйн дээр барилга нь цагаан өнгөтэй байсан тул олон түмэн тийн нэрийдсэн. Эх орныхоо төлөө тэмцэж байсан олон эр тэнд хоригдож байсан түүхтэй. 1950-иад оны сүүлчээр шоронгийн үйл ажиллагаа зогсож, арьс өнгөний эмнэлэг болсон. Эмнэлгийн байдлаар үйл ажиллагаагаа явуулж байгаад 1990-ээд оны үед барилга нь муудаж, жоом, бясаа үүрлэх болсон тул сууриар нь нураасан юм.


Удалгүй “East” төв гэх худалдаа, үйлчилгээний байгууламж бий болсон. Ер нь “East” төвийн тэр орчимд Богд хааны үеэс Америкийн пүүсүүдийн оффис байрлаж байсан тул “Американ дэнж” гэж нэрлэдэг байсан. Харин тэр хэсгээс зүүн тийш Офицеруудын ордон хүртэлх хэсгийг “Консулын дэнж” хэмээн нэрийддэг байв. “East” төвийн ойр орчим болоод түүнээс зүүн зүгт Энхтайваны өргөн чөлөөгөө дагасан замын хоёр талаар түүхэн дурсгалт барилга, байгууламж олон бий. Тиймээс  Хотын даргын гаргаж буй цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилгыг дэмжиж байгаа. Түүхчид маань ч дуу нэгтэйгээр дэмжих байх. Ер нь эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэж байсан олон хүнийг хүндэтгэж, түүхээ таниулсан дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох хэрэгтэй. Иргэд ч амралт, чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламжтай болно шүү дээ” хэмээв.


Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Бид иргэд рүүгээ чиглэж, иргэдийн амьдрах орчныг сайжруулж, ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгаа. Зөвшөөрөлгүй гарааш, хашаа, хайсыг ч үе шаттай буулгаж байна. Гэхдээ иргэдийн дунд гарааш, хашаа, хайсыг буулгаж, чөлөөлсөн талбарыг хэн нэгэн өмчлөөд авчихдаг гэх ойлголт байна. Өмнө нь тийм байсан байж болох ч одоо бол тийм зүйл байхгүй. Бид чөлөөлсөн талбаруудаа нийтийн эдэлбэрт бүртгэж, иргэд амарч, зугаалах таатай орчныг бүрдүүлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой” гэв.


Хотын дарга өнгөрсөн даваа гарагт “East” төвийн газар дээр ажиллаж, цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлаар эзэмшигч аж ахуйн нэгжийн удирдлагыг хэлэлцээрийн ширээнд урьсан юм. 







ФОТО: Төв талбайдаа тухалж буй нийслэлчүүд

Эх сурвалж: ikon.mn, 2022.05.03


Нийслэлийн төв талбайд өнөөдөр хиймэл зүлэг дэвслээ.


Ногоон байгууламж ховортой Улаанбаатар хотод энэ нь онцгой үйл явдал байв. Зүлгэн дээр залуус гутлаа тайлж амрах, гар бөмбөг тоглох, ном унших гэх мэтээр цагийг өнгөрүүлж байна.


Дээрх талбайд "Нийтийн хөл бөмбөг" төслийн хүрээнд Улаанбаатар хотын хөл бөмбөгийн аварга шалгаруулах “UB cup” тэмцээнд зориулан зассан аж. Нээлтийн өдөрлөг тавдугаар сарын 8-18-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох юм байна.