"Маш сайн төлөвлөгөө хамгийн зөв алхам болдог"

Эх сурвалж: gogo.mn, 2012.09.11





ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЦОО ШИНЭ АРГА ЗАМ ХЭРЭГТЭЙ


Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Японы Газар дэд бүтэц, зам, тээвэр, аялал жуулчлалын яам хамтран Монгол-Японы хамтарсан хот байгуулалтын семинарийг зохион байгууллаа.


Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам болон Японы Газар дэд бүтэц, зам, тээвэр, аялал жуулчлалын яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд энэхүү семинарийг зохион байгуулж байгаа юм. Улаанбаатар хот анх 500 мянган хүн амтай байхаар төлөвлөгдөж байсан бол өнөөдөр 1.2 сая хүн амтай, энэхүү төвлөрлийг хот төлөвлөлт нь дийлэхээргүй хэмжээнд хүрээд буй. Иймд хотын дахин төлөвлөлт, хот байгуулалтын цоо шинэ арга замуудыг эрэлхийлэхээс өөр аргагүй болсон. Япон улс хотын дахин төлөвлөлтөө хамгийн зөв шийдлээр хийсэн улс орнуудын тоонд ордог. Тийм ч учраас энэ арга хэмжээ нь тус улсын туршлагаас хуваалцах, хамтран ажиллах боломжуудыг судлах боломжийг олголоо.


Семинарийн үеэр Хот байгуулалтын салбарт төрөөс баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчин, Нийтийн тээвэрт цогцоор шийдсэн тогтвортой хот байгуулалтын асуудал, Японы зарим хотуудын жишээ, Улаанбаатар хотын дэд бүтцийн төлөвлөлт ба бүтээн байгуулалт, нэг сая хүнтэй хотын тохижилтод нийтийн тээврийн үзүүлэх дэмжлэг, хот байгуулалт болон төмөр замын цогц хөгжүүлэлт, хүйтэн уур амьсгалтай бүс дэх хот тохижуулалт сэдвээр хоёр улсын холбогдох яамдын төлөөлөгчид илтгэл тавилаа. Түүнчлэн Японы хүйтэн бүсийн зам хучилтын технологи, Хот байгуулалтын хөгжил, үр дүн бизнесийн харилцаа, хот байгуулалтад гүүрэн байгууламжийн гүйцэтгэх үүрэг, барилга угсралтын технологи ба анхаарах зүйл, хотын орчны агаарын дүүжин замын тээврийн систем, хот байгуулалтын салбар дахь Монгол Японы хамтын ажиллагааны хэтийн төлөв зэрэг илтгэлүүд оролцогчдын анхаарлыг татаж байлаа.


ТОКИОД Ч УЛААНБААТАР ШИГ ЗАМБАРААГҮЙ БОЛЖ БАЙСАН ҮЕ БИЙ


Энэ арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э. Бат-Үүл оролцлоо. Тэрбээр,


-Японы Токио болон зарим хот нь бас манай Улаанбаатар хот шиг замбараагүй болж ирсэн үе бий гэнэ. Ялангуяа дэлхийн хоёрдугаар дайны үед маш замбараагүй байдалтай болж ирсэн байдаг юм байна. Тэр үед хотын дахин төлөвлөлтийн хууль гаргаж, шинээр хотынхоо зохион байгуулалтын ажлыг хийсэн туршлага энэ улсад байна. Бид өнөөдөр заавал шинэ зүйл сэдэх гэж цаг алдах шаардлага байхгүй, бэлэн туршлагаас нь аваад л монголын хөрсөн дээр буулгачих хэрэгтэй юм. Хотын дахин төлөвлөлтийн тал дээр япончуудаас суралцах зүйл их байгаа. Тус улсад дахин төлөвлөлтийн ажил 20 гаруй жил үргэлжилсэн гэдэг. Анхдагчийн хувьд ийм хугацаа зарцуулсан бол бид бэлэн туршлага хэрэгжүүлэх гэж байгаа учраас үүнээс бага хугацаанд хотоо шинэ буюу дахин төлөвлөлтөөр хөгжүүлэх боломж байна гэж харж байна. Мөн газар хөдлөлтөд тэсвэртэй технологийг япончууд л гаргасан. Энэ тал дээр суралцах шаардлага ч бий. Ер нь Япон улстай хамтран ажилласан бүх ажил маш үр дүнтэй болж байсан гэдэг утгаараа итгэлтэй түнш болсон энэ улстай хамтран метро байгуулах ажлын судалгааг эхлүүлээд байгаа юм. Энэ бол өнөөдрийн семинарийн томоохон сэдэв байлаа гэсэн юм.


Дэлхийн бусад хотуудын туршлагаас харахад нэг сая буюу түүнээс дээш хүн амтай хотуудад метро байгуулахад тохиромжтой байдаг байна. Улаанбаатар хотын хүн ам аль хэдийнээ 1 сая 200 мянга болчихсон. Энэ тоо 2030 он гэхэд 2 сая болох тооцоотой байгаагаас үзэхэд метро байгуулах асуудал бидний хамгийн гол чухал ажил болоод байгаа юм. Монгол Улсын Зам, тээврийн болон барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/ -тай хамтран метро байгуулах төсөл хэрэгжүүлэх судалгааг хийж байгаа. Хот байгуулалтын салбарын чадавхийг сайжруулах төсөл нэртэй уг судалгааны багийн дэд менежер Нагаяама Кацухидэ,


-Одоогийн байдлаар метро байгуулах судалгааны ажил ид явагдаж байна. Бидний төлөвлөж буйгаар 2020 он гэхэд Улаанбаатар хот метротой болох юм. Метроны бүтээн байгуулалтын ажил 5 жил үргэлжилнэ гэсэн тооцоо судалгаа гарсан. Метро байгуулахад нийтийн тээвэр болон бусад дэд бүтцийн асуудалд ямар нэгэн хүндрэл учруулахгүй байх боломж бүрэн бий. Метро байгуулахад гарах нийт зардал нь 1.5 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо урьдчилсан байдлаар гараад байгаа. 18 километр урттай, баруунаас зүүн тийш Энхтайвны өргөн чөлөөний дагуу шулуун тэнхлэгт тавигдах юм. Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл 6 км орчим зам нь газар доогуур, бусад хэсэгт нь өргөгдсөн гүүрэн хэлбэрээр тавигдах зураг төсөл гаргаад байгаа. Хөрөнгө оруулалтыг хаанаас шийдэх вэ гэдгээс хамаараад хэмжээ нь өөрчлөгдөх боломжтой. Энэ бол Монгол Улсын үндэсний хэмжээний маш том төсөл болох учиртай. Тэр хэмжээгээр хөрөнгө оруулалт ч маш их шаардлагатай. Энэ том хөрөнгө оруулалтыг хийснээр Улаанбаатар хот, цаашлаад Монгол Улсын эдийн засагт, мөн бусад салбарт маш олон талын эерэг нөлөө үзүүлэх юм. Бидний судалгааны ажил энэ ондоо багтаж дуусна. Тийм болохоор хөрөнгө оруулалт хаанаас гарах нь эцсийн байдлаар шийдэгдээгүй байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын захиргаа болон Зам, тээврийн яамтай хамтарсан байдлаар хөрөнгө оруулалтыг шийдэх тухай ярьж байгаа юм гэв.


МАШ САЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ХАМГИЙН ЗӨВ АЛХАМ БОЛДОГ

Японы Газар дэд бүтэц, зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Хот байгуулалтын газрын Барилгажилт тохижилтын албаны дарга Мочизуки Акихико:

-Улаанбаатар хотыг хөгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд хот доторх замын түгжрэлийг сааруулах шаардлагатай. Мөн хотын төв орчмын хуучирсан барилга байгууламж, гэр хорооллын асуудлыг төлөвлөгөөтэйгөөр нэн тэргүүнд шийдвэрлэж эхлэхгүй бол асуудал нь нэлээд хүндэрсэн байна гэж би харлаа. Энэ олон асуудлаас гарахын тулд маш сайн төлөвлөгөө боловсруулж, тэрхүү төлөвлөгөөнийхөө дагуу зөв алхам хийх хэрэгтэй. Тэр асуудлыг системтэйгээр хэрэгжүүлэхийн тулд эхлээд богино хугацаанд хийж болох ажлын төлөвлөгөө, дараа нь урт хугацаанд юу хийхээ сайтар төлөвлөвөл ажил харьцангуй хялбар үргэлжилдэг. Мөн замын түгжрэлийг багасгах нэг алхам бол гэрлэн дохионы зөв, шинэ шийдэл.

Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын  газрын дарга Ц.Баярбат:

-Өнөөдөр Улаанбаатар хотын маань замын түгжрэл ямар хэмжээнд хүрээд байгаа билээ. Энэ мэт асуудлыг шийдвэрлэх арга зам нь төлөвлөлт. Төлөвлөлт гэдэг зүйл дотроо маш олон янз. Тухайлбал нийтийн тээвэрт үндэслэсэн хот төлөвлөлт гэж бий. Энэ тал дээр Япон улс маш их туршлагатай. Тус улс нийтийн тээврийг хөгжүүлснээр хүн амын төвлөрлийг задалж чадсан. Мөн дагуул хотуудаа хөгжүүлсэн нь асуудлыг шийдэх нэг гарц болсон байдаг. Энэ арга туршлагаасаа Япончууд бидэнтэй хуваалцлаа. Ялангуяа Японы хойд нутаг, хүйтэн бүсийн барилгажилт, зам, хот төлөвлөлт нь ямар байдаг вэ гэдгийг энд ярьснаараа чухал ач холбогдолтой боллоо.

“Nippon Cable” компанийн ерөнхий менежер Хидэхико Сато:

-Манай компани байгуулагдаад 60 гаруй жил болсон багагүй туршлага хуримтлуулсан компани. Бид өнөөдрийн энэ арга хэмжээн дээр дүүжин галт тэрэг, автомашины давхар зогсоолыг Япон улсад ямар байдлаар ашигладаг, үүний ач холбогдолтой тал нь юу байдаг вэ гэдэг талаар сонирхууллаа. Улаанбаатарт өнөөдөр газрын асуудал анхаарал татаад байгааг анзаарч байна. Тийм болохоор автомашины олон давхар зогсоол бол эдийн засгийн хувьд маш их хэмнэлттэйгээс гадна зай талбай их эзлэхгүй, хот төлөвлөлтийн тал дээр ч зохион байгуулалт сайтай хэлбэр болж чадах юм.

 Г.Уран