"Маш сайн төлөвлөгөө хамгийн зөв алхам болдог"

Эх сурвалж: gogo.mn, 2012.09.11





ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЦОО ШИНЭ АРГА ЗАМ ХЭРЭГТЭЙ


Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Японы Газар дэд бүтэц, зам, тээвэр, аялал жуулчлалын яам хамтран Монгол-Японы хамтарсан хот байгуулалтын семинарийг зохион байгууллаа.


Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам болон Японы Газар дэд бүтэц, зам, тээвэр, аялал жуулчлалын яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд энэхүү семинарийг зохион байгуулж байгаа юм. Улаанбаатар хот анх 500 мянган хүн амтай байхаар төлөвлөгдөж байсан бол өнөөдөр 1.2 сая хүн амтай, энэхүү төвлөрлийг хот төлөвлөлт нь дийлэхээргүй хэмжээнд хүрээд буй. Иймд хотын дахин төлөвлөлт, хот байгуулалтын цоо шинэ арга замуудыг эрэлхийлэхээс өөр аргагүй болсон. Япон улс хотын дахин төлөвлөлтөө хамгийн зөв шийдлээр хийсэн улс орнуудын тоонд ордог. Тийм ч учраас энэ арга хэмжээ нь тус улсын туршлагаас хуваалцах, хамтран ажиллах боломжуудыг судлах боломжийг олголоо.


Семинарийн үеэр Хот байгуулалтын салбарт төрөөс баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчин, Нийтийн тээвэрт цогцоор шийдсэн тогтвортой хот байгуулалтын асуудал, Японы зарим хотуудын жишээ, Улаанбаатар хотын дэд бүтцийн төлөвлөлт ба бүтээн байгуулалт, нэг сая хүнтэй хотын тохижилтод нийтийн тээврийн үзүүлэх дэмжлэг, хот байгуулалт болон төмөр замын цогц хөгжүүлэлт, хүйтэн уур амьсгалтай бүс дэх хот тохижуулалт сэдвээр хоёр улсын холбогдох яамдын төлөөлөгчид илтгэл тавилаа. Түүнчлэн Японы хүйтэн бүсийн зам хучилтын технологи, Хот байгуулалтын хөгжил, үр дүн бизнесийн харилцаа, хот байгуулалтад гүүрэн байгууламжийн гүйцэтгэх үүрэг, барилга угсралтын технологи ба анхаарах зүйл, хотын орчны агаарын дүүжин замын тээврийн систем, хот байгуулалтын салбар дахь Монгол Японы хамтын ажиллагааны хэтийн төлөв зэрэг илтгэлүүд оролцогчдын анхаарлыг татаж байлаа.


ТОКИОД Ч УЛААНБААТАР ШИГ ЗАМБАРААГҮЙ БОЛЖ БАЙСАН ҮЕ БИЙ


Энэ арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э. Бат-Үүл оролцлоо. Тэрбээр,


-Японы Токио болон зарим хот нь бас манай Улаанбаатар хот шиг замбараагүй болж ирсэн үе бий гэнэ. Ялангуяа дэлхийн хоёрдугаар дайны үед маш замбараагүй байдалтай болж ирсэн байдаг юм байна. Тэр үед хотын дахин төлөвлөлтийн хууль гаргаж, шинээр хотынхоо зохион байгуулалтын ажлыг хийсэн туршлага энэ улсад байна. Бид өнөөдөр заавал шинэ зүйл сэдэх гэж цаг алдах шаардлага байхгүй, бэлэн туршлагаас нь аваад л монголын хөрсөн дээр буулгачих хэрэгтэй юм. Хотын дахин төлөвлөлтийн тал дээр япончуудаас суралцах зүйл их байгаа. Тус улсад дахин төлөвлөлтийн ажил 20 гаруй жил үргэлжилсэн гэдэг. Анхдагчийн хувьд ийм хугацаа зарцуулсан бол бид бэлэн туршлага хэрэгжүүлэх гэж байгаа учраас үүнээс бага хугацаанд хотоо шинэ буюу дахин төлөвлөлтөөр хөгжүүлэх боломж байна гэж харж байна. Мөн газар хөдлөлтөд тэсвэртэй технологийг япончууд л гаргасан. Энэ тал дээр суралцах шаардлага ч бий. Ер нь Япон улстай хамтран ажилласан бүх ажил маш үр дүнтэй болж байсан гэдэг утгаараа итгэлтэй түнш болсон энэ улстай хамтран метро байгуулах ажлын судалгааг эхлүүлээд байгаа юм. Энэ бол өнөөдрийн семинарийн томоохон сэдэв байлаа гэсэн юм.


Дэлхийн бусад хотуудын туршлагаас харахад нэг сая буюу түүнээс дээш хүн амтай хотуудад метро байгуулахад тохиромжтой байдаг байна. Улаанбаатар хотын хүн ам аль хэдийнээ 1 сая 200 мянга болчихсон. Энэ тоо 2030 он гэхэд 2 сая болох тооцоотой байгаагаас үзэхэд метро байгуулах асуудал бидний хамгийн гол чухал ажил болоод байгаа юм. Монгол Улсын Зам, тээврийн болон барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/ -тай хамтран метро байгуулах төсөл хэрэгжүүлэх судалгааг хийж байгаа. Хот байгуулалтын салбарын чадавхийг сайжруулах төсөл нэртэй уг судалгааны багийн дэд менежер Нагаяама Кацухидэ,


-Одоогийн байдлаар метро байгуулах судалгааны ажил ид явагдаж байна. Бидний төлөвлөж буйгаар 2020 он гэхэд Улаанбаатар хот метротой болох юм. Метроны бүтээн байгуулалтын ажил 5 жил үргэлжилнэ гэсэн тооцоо судалгаа гарсан. Метро байгуулахад нийтийн тээвэр болон бусад дэд бүтцийн асуудалд ямар нэгэн хүндрэл учруулахгүй байх боломж бүрэн бий. Метро байгуулахад гарах нийт зардал нь 1.5 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо урьдчилсан байдлаар гараад байгаа. 18 километр урттай, баруунаас зүүн тийш Энхтайвны өргөн чөлөөний дагуу шулуун тэнхлэгт тавигдах юм. Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл 6 км орчим зам нь газар доогуур, бусад хэсэгт нь өргөгдсөн гүүрэн хэлбэрээр тавигдах зураг төсөл гаргаад байгаа. Хөрөнгө оруулалтыг хаанаас шийдэх вэ гэдгээс хамаараад хэмжээ нь өөрчлөгдөх боломжтой. Энэ бол Монгол Улсын үндэсний хэмжээний маш том төсөл болох учиртай. Тэр хэмжээгээр хөрөнгө оруулалт ч маш их шаардлагатай. Энэ том хөрөнгө оруулалтыг хийснээр Улаанбаатар хот, цаашлаад Монгол Улсын эдийн засагт, мөн бусад салбарт маш олон талын эерэг нөлөө үзүүлэх юм. Бидний судалгааны ажил энэ ондоо багтаж дуусна. Тийм болохоор хөрөнгө оруулалт хаанаас гарах нь эцсийн байдлаар шийдэгдээгүй байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын захиргаа болон Зам, тээврийн яамтай хамтарсан байдлаар хөрөнгө оруулалтыг шийдэх тухай ярьж байгаа юм гэв.


МАШ САЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ХАМГИЙН ЗӨВ АЛХАМ БОЛДОГ

Японы Газар дэд бүтэц, зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Хот байгуулалтын газрын Барилгажилт тохижилтын албаны дарга Мочизуки Акихико:

-Улаанбаатар хотыг хөгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд хот доторх замын түгжрэлийг сааруулах шаардлагатай. Мөн хотын төв орчмын хуучирсан барилга байгууламж, гэр хорооллын асуудлыг төлөвлөгөөтэйгөөр нэн тэргүүнд шийдвэрлэж эхлэхгүй бол асуудал нь нэлээд хүндэрсэн байна гэж би харлаа. Энэ олон асуудлаас гарахын тулд маш сайн төлөвлөгөө боловсруулж, тэрхүү төлөвлөгөөнийхөө дагуу зөв алхам хийх хэрэгтэй. Тэр асуудлыг системтэйгээр хэрэгжүүлэхийн тулд эхлээд богино хугацаанд хийж болох ажлын төлөвлөгөө, дараа нь урт хугацаанд юу хийхээ сайтар төлөвлөвөл ажил харьцангуй хялбар үргэлжилдэг. Мөн замын түгжрэлийг багасгах нэг алхам бол гэрлэн дохионы зөв, шинэ шийдэл.

Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын  газрын дарга Ц.Баярбат:

-Өнөөдөр Улаанбаатар хотын маань замын түгжрэл ямар хэмжээнд хүрээд байгаа билээ. Энэ мэт асуудлыг шийдвэрлэх арга зам нь төлөвлөлт. Төлөвлөлт гэдэг зүйл дотроо маш олон янз. Тухайлбал нийтийн тээвэрт үндэслэсэн хот төлөвлөлт гэж бий. Энэ тал дээр Япон улс маш их туршлагатай. Тус улс нийтийн тээврийг хөгжүүлснээр хүн амын төвлөрлийг задалж чадсан. Мөн дагуул хотуудаа хөгжүүлсэн нь асуудлыг шийдэх нэг гарц болсон байдаг. Энэ арга туршлагаасаа Япончууд бидэнтэй хуваалцлаа. Ялангуяа Японы хойд нутаг, хүйтэн бүсийн барилгажилт, зам, хот төлөвлөлт нь ямар байдаг вэ гэдгийг энд ярьснаараа чухал ач холбогдолтой боллоо.

“Nippon Cable” компанийн ерөнхий менежер Хидэхико Сато:

-Манай компани байгуулагдаад 60 гаруй жил болсон багагүй туршлага хуримтлуулсан компани. Бид өнөөдрийн энэ арга хэмжээн дээр дүүжин галт тэрэг, автомашины давхар зогсоолыг Япон улсад ямар байдлаар ашигладаг, үүний ач холбогдолтой тал нь юу байдаг вэ гэдэг талаар сонирхууллаа. Улаанбаатарт өнөөдөр газрын асуудал анхаарал татаад байгааг анзаарч байна. Тийм болохоор автомашины олон давхар зогсоол бол эдийн засгийн хувьд маш их хэмнэлттэйгээс гадна зай талбай их эзлэхгүй, хот төлөвлөлтийн тал дээр ч зохион байгуулалт сайтай хэлбэр болж чадах юм.

 Г.Уран

Хар Хот - Мөхсөн хотын түүх

Эх сурвалж: mongoliaexpeditions.blogspot.com, 2011.03.03





Монголчууд түүхэндээ олон хот тосгод байгуулж, хөгжүүлж ирсэн ард түмэн. Монголчуудын байгуулж хөгжүүлж байсан хот балгадаас бидний үед бүтэн үлдэж ирсэн нь бараг байхгүй байгаа нь түүхийн үнэн. Энд Их Монгол, Юань улсын үед цэцэглэн хөгжиж Хятад, Монгол, Дундад Азийг холбож, их торгоны замын гол уулзварт байсан Хар хотын тухай өгүүлье. Их говийн элсэнд дарагдаж, сураг тасарсан энэ хотын тухай хүмүүсийн дунд чөтгөр шүглэсэн, хий үзэгдлийн хот гэсэн яриа ам дамжигдан яригдсаар 20-р зуунд хүрчээ. Энэ хотын тухай анхны мэдээллийг Марко Поло анх Европчуудад хүргэсэн. 20-р зууны эхээр оросын нэрд гараагүй судлаач П.К.Козлов төв азиар аялж байхдаа нутгийнханы мэдээллийн дагуу олж илрүүлсэн байдаг. Түүний олсон энэ хот Тангудын Хар хот болох нь батлагдаж тэрээр дэлхийд нэрээ гаргасан том археологич болсон юм. БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Алшаа аймаг Эзний голын эрэг орчим газарт Хар хотын балгас бий. Монгол улсын хилээс холгүй 100 орчим км-т байдаг. Хар хоттой холбоотой олон домог яриа байдаг. Хар хотыг цэргийн бэхлэлт хүрээ хэлбэрээр Баруун Сяо буюу Тангудууд 1032 онд байгуулагдсан гэж үздэг. 1032-1227 оныг хүртэл Тангудын мэдэлд байв. Хар хот нь Монголын их хаадын сонирхолыг ямагт татсан цэрэг стратегийн түшиц гол хотуудын нэг байсан бөгөөд Чингис, Өгөөдэй, Мөнх хаадын өмнө зүгт хийсэн аян дайны гол түшиц газар байв. 1227 онд Чингис Тангуд улсыг дайлаар мордохдоо Хар хотод их цэргийн хүрээг байгуулж байв. Энэ цагаас Хар хот нь 145 жилийн туршид Монголчуудын хяналтан дор байжээ. Хар хот нь элсэн цөлийн дундах ногоон арал байжээ. Орчин нутаг нь үржил шимтэй нүүдэлчдэд их тааламжтай нутаг байв. 



Монголын эзэнт улсын үед (1280-1368 он Юанийн үе) Хар хот нь Хархорум, Хами, Шанд хотуудыг холбосон чухал дамжлага болж байжээ. Тэр үед Хар хот дамжлагын чухал үүрэг гүйцэтгэж байсан тухай Марко Поло бичихдээ "Эндээс дөчин өдрийн хүнс төхөөрч гараад хойт зүг чиглэн дөчин хоногийн турш орон байр, айл хүнгүй талаар аялан явна" гэж бичсэн байдаг. Монголын ноёрхолын үед Хар хотын орчин нутагт тарианы талбай услах шинэ суваг шуудуу байгуулжээ. Тэндээс олдсон албан баримтад "Голын сувгийн ажлыг эрхлэх газар" гэж дурдсан байна. Мөн хотын хэрмийг засаж, баруун хойт хэсгийг нийт хэрмийн зохион байгуулалтаас нилээд намхан, өргөн болгожээ. Мөн тэр үед зарим ордыг өөрчлөн засаж, бас бус сүм дуган бариулжээ. Юань улсын сударт тэмдэглэснээр Хар хотод байнга байдаг 1550 орчим өрх айлтай байсан талаар дурдсан байдаг. Хар хотод Монгол, тангуд, хятад хүмүүс гол төлөв амьдарч байсан бөгөөд торгоны замаар зорчих перс, араб худалдаачид түр суурьшиж байжээ. Хар хот нь монголчуудын мэдэлд байх үедээ ид цэцэглэн хөгжин олны хөлийн газар болсон бөгөөд тангудын мэдэлд байх үеэсээ цар хүрээний хувьд 2 дахин томорсон байдаг. Хар хотод буддын, лалын, загалмайтны шашины сүм хийдүүд байсан нь энд Монголын хаадын баримтладаг байсан хүмүүсийн шүтэх бишрэлийг хөнддөггүй зарчим хадгалагдаж байв.



1368 онд Тогоонтөмөр хаан улаан алчууртны бослогыг дарж чадалгүй Бээжингээс хөөгдөж төрөлх Монгол нутагтаа ирсэн бөгөөд Умард Юань улсыг Монгол нутагт байгуулж Мингийн эсрэг тэмцэх болсон. Түүх эргэж Монголчууд хятадыг дайрдаг байсан бол хятадууд Монгол руу довтлох болов. Мин улс Тогоонтөмөр (1370 онд Инчаны ойролцоо насан эцэслэсэн) хааны болзошгүй довтолгоог таслан зогсоохын тулд түүний цэргийн түшиц газруудыг ээлж дараалан цохиж эхлэв. Тийм газруудын нэг нь Хар хот байлаа. Тогоонтөмөр хаан Бээжингийн эргүүлэн авахын тулд Хар хотод цэргийн хүчийг төвлөрүүлэх, аян дайны бэлтгэл хийж эхэлсэн нь Мин улсад түгшүүр төрүүлж байв. Мингийн цэрэг 1372 онд Хар хотын хэрмэнд тулж ирэв. Хотыг нэвтэршгүй хана хэрмийг Монголын хүчирхэг цэрэг хамгаалан байлдаж байсан тул эзлэн авахад боломжгүй байв. Мингийн цэрэг арми энэ хатмал цөлд удаан хугацаагаар байх боломжгүй тул Мингийн цэргийн жанжин хотын хамгаалалтыг сэтлэх арга сэтгэж, Хар хотын усны эх булгийг таслах шийдвэр гаргасан байдаг. Тэд Эзэн голын усыг суваг шуудуу ухан урсгалын чигийг нь өөрчилж, Эзний голын гольдрилыг элс шороогоор дүүргэж хотыг усгүй болгожээ. Ингэснээр тэд усгүй хатсан ангамал хотод нэвтрэн орж чаджээ. Түүхэн сурвалжид: "Хуньугийн тав дахь жил (1372 он) Фэн Шэн жанжин цэрэг эрсийн хамт Инзинайлу-д хүрчээ. Хот хамгаалагч жанжин Буянтөмөр буужээ" гэж тэмдэглэсэн байдаг. Домогт өгүүснээр: Хар хотыг хамгаалж байсан цэргийн жанжин Хар баатар Мингийн цэрэгт хот эзлэгдэх нь тодорхой болмогц гүн худаг ухаж өөрийн эхнэр хүүхдүүдийн амийг хороон худагт хийж, тэдний дээрээс алт эрдэнэсээ хийж нуусан гэх домог яриа бий. Энэ нь эхнэр хүүхэд, алт эрдэнэсийг дайсныхаа гарт орохоос сэрэмжилсэн явдал байв. Хар хотыг хамгаалж байсан цэргүүд Мингийн цэргийг хотод орж ирэхэд бүгд амиа егүүтсэн байсан бөгөөд тэдний хүүр хотын төв талбайгаар нэг хөглөрч байсан байна.. Энэ нь хотыг хамгаалагчид оюун санаагаараа хятадад хэзээ ч эзлэгдэхгүй гэсэн утгаар ийм үйлдэл хийсэн болох нь тодорхой юм. Хотод орж ирсэн хятад цэргүүд Хар хотын нуусан эрдэнэсийг цөхрөлтгүй эрж хайсан боловч догшин жанжины хорогдсон сүнсний илгээсэн маш олон улаан, ногоон могойг л олж харсан гэдэг. Хар хотыг хятад цэрэг түйвээснээс хойш хотыг зорих худалдаачдын тоо цөөрч, хүн суурьшихаа больж, худалдааны зам баларч хот аажимдаа орхигдон мартагджээ. Хар хот элсэнд дарагдаж, хаана байдгийг нь ч хүмүүс мэдэхгүй болсон ч, энэ хотын тухай, нуусан эрдэнэсийн тухай домог яриа хүмүүсийн дунд яригдсаар л байжээ.



Энэ хотыг оросын судлаач Н.М.Пржевалский, Г.Н.Потанин нар энэ хотыг эрж хайсан боловч олоогүй байдаг. Харин энэ хотыг бүхэл бүтэн 500 гаруй жилийн дараа оросын судлаач, хурандаа П.К.Козловын экспедици 1908 онд олж, хотын бүдүүвч зураглалыг хийж аван 1909 оны хавраас эхлэн малтлага хийжээ. Хожим П.К.Козлов Хар хотыг олсон тухайгаа дурсан ярихдаа: Г.Н.Потанины номноос Хар хотын тухай олж уншснаас хойш Хар хотыг олох нь миний амьдралын утга учир болсон гэж хэлсэн байдаг. Монголоос хөдөлсөн П.К.Козловын Монгол-Сычуаний экспедици Юм бэйсийн хүрээ, Шар хулсны баянбүрд, Бага Маажинсан уул гэсэн маршрутаар явж Эзний голын хөндийд орж ирсэн гэдэг. Түүнийг Эзний голд ирэхэд нутгийн ард иргэд түүнд энэ хавийн элсэн дунд чөтгөр шулам шүглэсэн, хий үзэгдэлтэй нэгэн учир битүүлэг балгас байдаг тухай мэдээлжээ. Нутгийнханы үг сонирхолтой байсан тул тэрээр Эзний голын зүүн эрэгт орших уг балгасыг үзжээ. Эндээс шинжлэх ухааны үнэлж баршгүй эрдэнэсийг илрүүлсэн юм. Говийн өмнөд хэсгийн элсэн дунд орхигдсон Хар хотын тухай домог оросын аялагчдыг сонирхолыг ямагт татдаг байлаа. Николай Пржевальскийн шавь Петр Козлов үүнийг их сонирхож байсан юм. Тэрээр энэ сөнөсөн хотыг илрүүлж, нууцыг нь тайлахыг мөрөөддөг байжээ. Монгол-Сычуанийн экспидиц 1907 оны 11-р сард Монголыг зорив. Хятад, монголын захиргаа эртний хотын үлдэгдэл байгаа газрыг оросын аялагчдаас чанд нууж байв. Торгууд бэйлийн нутгийн ван, мөн хөтөч Батын дэмжлэгээр Козловын экспидици Эзэн голын тохойд орших сөнөсөн хотод дөхөж очжээ. Аялагчид дөрвөлжин хэлбэртэй өндөр хэрэм ханатай тулсан байна. Баруун хэсэгт нэг нь бүрэн сүйдсэн 2 суварга байв. Ханын баруун хэсгээс бусад нь орой хүртэлээ элсэнд дарагджээ. Археологичид малталгаа хийж эхлэв. Малтлагын эхний өдөр ном, захидал, металл болон цаасан мөнгө, эмэгтэй хүний гоел чимэглэл, гэр ахуйн хэрэгсэл зэрэг үнэ цэнэтэй эд илрүүлсэн байна.Энэ бүхнийг Петербургийн Газар зүйн нийгэмлэгт илгээжээ. Сөнөсөн хот түүхийн ямар үед хамаарах вэ? Ямар хүмүүс оршин суудаг байв. Энэ асуулт экспидицийнхний амраасангүй. Удалгүй Петербургээс хариу иржээ. Хар хот нь эрт дээр үед буддын шашин шүтдэг си-сяо ард түмний тангуд улсын нийслэл байжээ. Ажил нэгт нөхөд нь Козловт шинжлэх ухааны нээлт хийсэнд баяр хүргэв. Козловт малтлага хийхийг зөвшөөрч, 1909 оны 5-р сард экспидицийнхэн Хар хотод ирж, ажлаа сэргээжээ.



Шинэ олдворын дунд "Хуурамчаар үйлдсэн хүнийг цаазаар авна" гэсэн бичигтэй Юань гүрний мөнгө олдсон байна. Цайзаас гадна орших 2 суваргад судлаачид ихээхэн анхаарал хандуулжээ. Энэ суварга цайзын хананаас 4 мод газрын зайд байдаг. Гарцаагүй шашны зүтгэлтэнг суугаа чигээр нь оршуулсан байв. Хожмоо "Алдартан" хэмээн нэр зүүх болсон энэ суваргаас эрдэмтэд 2000 орчим боть ном, олон тооны буддын шашны бурханы зураг, гар бичмэл, металл болон модон дүрс олсон байна. Хуурай, цөлөрхөг уур амьсгалд бүх олдвор сайн хадгалагджээ. "Алдартан" суваргын суурийн төв хэсэгт босоо мод бэхэлж, түүнийг тойруулан өндрөөрөө хүнтэй чацуу 20 орчим барималыг нүүрийг нь төв хэсэг рүү харуулан байрлуулжээ.  Тэдний урд хэдэн зуугаар нь давхарласан, си-сяо бичээс бүхий асар том гар бичмэл байсан аж. Олон тооны номон дунд си-сяо хэлний толь олдох аз тохиогоогүй байсан бол тангад бичгийг тайлж чадахгүй, нууц хэвээр үлдэх байсан биз ээ. Толь бичгийн ачаар эхийг уншжээ. Хар хотын цайзнаас янз бүрийн агуулгатай монгол бичиг баримт олдсон байна. Тухайлбал Хятад загвараар бүтээсэн мэргийн ном юм. Номын төгсгөлд адууны төрөл бүрийн өвчнийг анагаах эм бэлдэх жорын тухай бичжээ. Хятад хэлтэй монгол малчин их сонирхох учраас их элэгдсэнээс нь үзвэл байнга хэрэглэгддэг байсан байж болзошгүй мэргийн номонд энэ жорыг оруулжээ. Нэг хэсэгт нь Чингис хааны сургаалиаас 14 мөр оруулсан байна. Чингис хааны 1226-1227 оны байлдан дагуулалтын үеэр си-ся буюу тангадууд монголын их гүрний бүрэлдэхүүнд орсон гэж академич В.Котлов Хар хотоос олдсон монголын бичгийн дурсгалын тухай ийнхүү бичжээ. Зовж зүдэрч байсан ч, тус улсын үндэсний, соёлын амьдрал унтраагүй болохыг тангадын өргөн хүрээтэй уран зохиол, бичиг соёл баталж байна. Хар хотоос олдсон баримт бичигт тодорхой он цаг заагаагүй байгаа ч, эдгээр баримтыг тухайн үед монголчуудын Хятадад гаргаж байсан цаасан мөнгөтэй хамт олсон учраас энэ түүхэн дурсгалыг монголчуудыг дэлхийг ноёлж байсан үе буюу 1368 онд хамааруулах үндэслэлтэй юм. Козлов хотын хэрэмнээс баруун тийш 400 орчим метрт орших нэг суваргыг малтах явцдаа олон тооны ном, модон бар олжээ. Үүнээс үзэхэд Хар хот нь хэвлэх үйлдвэр, гар урлал нилээд хөгжсөн суурин байжээ. Хэдийгээр Козловын олсон баримт бичгийн дийлэнхийг хятад хэлээр бичсэн байх боловч зарим албан хэрэг, аж ахуйн баримт бичиг, тааврын тайлбар ном, сургаалыг монгол хэлээр бичсэн байна. Эзний голоос олдсон номын дотор монгол хэлээр уйгар галигаар бичсэн хэвлэмэл ном хоёр байжээ. Баруун зүгийн улстай холбоо харилцаа өргөжсөний үр дүнд Хар хотод лалын шашин нэвтрэн иржээ. Хотын баруун өмнө талд лалын сүм барьжээ. Түүний дэргэдээс П. К. Козлов араб,, перс хэл дээр бичигдсэн олон ном олсон юм. Тэдгээр номд лалын мөргөлийг гол төлөв бичжээ. Тийм номын нэг нь ойрхи дорнодод их дэлгэрсэн. "Долоон сургаалын ном" гэдгээс хэсэглэн авсан өгүүлэл байв. Хар хотыг Тангудын үед "Хэйшүчен" гэж нэрлэдэг байсан бөгөөд, үгчлэн орчуулбал "Хар усны хот" гэсэн утгатай юм. Хар хотын хамгийн сонирхолтой үлдэц бол гол хэрэм юм. Хар хотын хэрэм нь тэгш өнцөгт хэлбэртэй 374X421 метр хэмжээтэй, хэрмэн хана нь гурван давхар модон бэхэлгээтэй, 9 м өндөр, 12 м өргөн суурьтай бөгөөд дээшлэх тутам нарийсан нарийсаж 4 м өргөн оройтой болно. Хэрмийн оройг тоосгоны босоо өнцгөөр араа шиг арзгар өрсөн байжээ. Мөн хэрэмний дөрвөн өнцөгт цамхаг бариулсан байжээ. Ийм цамхаг хэрэмний хойт талд нь зургаа, өмнө талд нь тав, баруун зүүн талд түс бүр дөрөв байна. Хэрэм нь баруун зүүн тал руу нэвт гарсан 5.5 метр өргөн хаалгатай ба хаалга нь Г үсгийн хэлбэртэй дүнхийж урагшаа гарсан далавчин саравчтай болно. 


Козловын судалгааны экспедициэс хойш 1917 онд унгар гаралтай английн археологич Марк Аурел Штейн Хар хотыг 8 өдрийн хугацаатайгаар судлан нилээдгүй олон тооны ховор зүйлсийг олж, Хар хотын нарийвчилсан зураглалыг хийсэн байдаг. Түүний хийгдсэн Козловын экспедици дорвитой томоохон олдворуудыг бараг бүгдийг хамсан тул түүнд зөвхөн хэсэг эмтэрхий, эвдэрч хагарсан зүйлс их олдсон байна. Гэхдээ түүний олсон ховор ном гар бичмэлүүд дотор 1290-1360 оны хооронд холбогдох 9 ширхэг баримт бичиг олдсон нь Тангуд улс мөхснөөс хойш энэ хот цэцэглэн хөгжиж байсныг баталдаг юм. Аурел Штейн мөн хэрэмни суваргуудын хэлбэр хэмжээ зургийг буулган авсан байдаг. Хар хотоос олдсон олон тооны гар бичмэл, модон барын олдворууд нь Тангуд нууцыг тайлахад ихээхэн дөхөм болсон. Тангуд нь өөрийн гэсэн бичиг үсэгтэй соёлт улс байв. Тангуд нь ханзтай адил дүрс үсэг ашигладаг улс байсан бөгөөд хятад ханзнаас тэс өөр байжээ. Энэ нь Тангуд нь хятадаас өөр соёлтой, тусгаар тогтносон улс байсныг баталдаг. Тангуд үсэг бичгийг тайлж уншихад Козловын олсон Тангуд - Хятад толь бичиг ихээхэн ач холбогдолтой байв. Тангуд хэл нь Тангуд улс мөхсөнөөс хойш Монголын ноёрхолын хязгаарлагдмал хүрээтэй хэрэглэгдэж байгаад Мингийн цэрэгт Монголчууд цохигдсноос хойш Хятад бүрэлдэхүүнд орж аажмаар уусан алга болж мөхжээ. Козловын үнэтэй олдворууд олдсны дараахнаас Францад Тангудын хэл соёлыг судлах төв байгуулагдаж Тангуд судлал хөгжиж эхэлсэн байна. Хар хотын тухай доорхи бичлэгээс үзээрэй.



Дэлгэрэнгүй

Хорооллын журмаар барьсан анхны байгууламж

Эх сурвалж: gogo.mn, 2009.11.27


Нийслэлийн төв хэсгийг бид элдэв нэмэлт тодотголгүйгээр дөч, тавин мянгат гэхэд л ойлгодог. Их хотын гал голомт, соёл, урлаг, үйлчилгээний том төв болсон энэ хэсэг Улаанбаатарыг орчин үеийн том хот болох хамгийн анхны шанг татсан газар.


Анхны орон сууцны хороолол бүрэн утгаараа энд бий болж, нийслэлийн гэх унаган хүн ам чухам эндээс үүссэн гэхэд хилс болохгүй юм. Энэ хорооллыг Монгол-Зөвлөлт хоёр улсын Засгийн газрын төлөөлөгчдийн хэлэлцээрээр ЗХУ-ын санхүү, материал-техникийн тусламжаар Улаанбаатар хотод 40 мянган ам метр ашигтай талбай бүхий орон сууцны барилгыг соёл үйлчилгээний газруудын хамт барьж байгуулахаар тохиролцсоноор барьж босгосон юм. Уг хэлэлцээрийн дагуу Москва хотын ГИПРОГОР институтээс нэгдүгээр 40 мянгатын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөөг зохиожээ.


Тэр төлөвлөгөөгөөр 1958-1961 онд 1093 айл амьдрах орон сууцны гурван давхар орчин үеийн тохилог олон арван байшингаас гадна сургууль, хүүхдийн цэцэрлэг, ясли, дэлгүүр, гуанз зэрэг соёл үйлчилгээний хэд хэдэн барилгыг барьж ашиглалтад оруулсан. Тэдгээрийн дотроос 30 айлын сууцны байшин /22 дугаар байр/-г 1958 оны наймдугаар сарын 29-нд анх ашиглалтад оруулжээ. Нэгдүгээр 40 мянгатын орон сууц бол нийслэл хотын хорооллын журмаар барьсан анхны барилга байгууламж юм.


Дөч, тавин мянгат хэмээн энэ хорооллыг чухамдаа эзлэн оршиж буй талбайн хэмжээнээс нь хамааран нэрлэсэн юм билээ. 40 мянган ам метр ашигтай талбай бүхий орон сууцны гурав дөрвөн давхар барилгууд, БНХАУ-ын тусламжаар 50 мянган ам метр ашигтай талбай бүхий хорооллыг босгосон. Сүхбаатарын талбайгаас баруун тийш хуучин Их Хүрээний баруун хорооны өмнөд хэсэг, мөн Баруун дамнуурчны өмнөд хэсэг, Түшээт ханы болон Ханд чин вангийн хашаа, Усны гудамж, бараан зах, хуучин худалдааны гудамжуудыг буулгаж нэгдүгээр 40 мянгат хэмээх газар доороо зоорьтой, гол төлөв дөрвөн давхар, төмөр бетон суурьтай 64 см зузаан тоосгон ханатай адрын хөндий бүхий нимгэн төмөр хуудсаар бүрсэн дээвэртэй орон сууцны хорооллыг ЗХУ-ын зураг төслөөр барьжээ.


Цаашид үргэлжлүүлэн хоёрдугаар 40 мянгат хэмээх орон сууцны хорооллыг мөн газар доороо зоорьтой төмөр бетон суурьтай 64 см зузаан тоосгон ханатай, давхар хоорондын хучилтыг төмөр бетон хавтангаар хучсан дээвэртэй, гол төлөв дөрвөн давхар сууцны барилгуудыг ЗХУ-ын төслөөр хятад ажилчид барьжээ. Үүний зэрэгцээ 50 мянгат хэмээн нэрлэгдсэн сууцны барилгуудыг Улсын барилгын зургийн газартай хамтран хийсэн зураг төслөөр хятад барилгачид Энхтайваны гудамжны хоёр талаар барьжээ.


Эдгээр хороололд сууцны барилгуудыг хашаа мэт хороолсон байршилтай, тэдний дунд хүүхдийн цэцэрлэг, ясли, 23,24 дүгээр сургуулийн хичээлийн хичээлийн байр, мөн мэргэжилтний 20 дугаар дэлгүүр /одоогийн Голомт банкны картын төв/ баригджээ. Нэг, хоёрдугаар 40 мянгатын орон сууцны хорооллыг барих үед хуучин худалдааны гудамжийг өргөтгөж, гудамжны хойт талд үйлчилгээний нэгдсэн төвийн барилгыг архитектор Б.Дамбийнямын зураг төслөөр босгосон нь Урт цагаан хэмээн олны дунд нэрлэгдэх болжээ.


Г.Очбаяр