Түүхийн дурсгалт барилгуудын тухай заавал мэдэх ёстой баримтууд

Улаанбаатар хотын дүр төрхийг бүрдүүлдэг, өвөрмөц загвар, хийцтэй барилга болох Байгалийн түүхийн музей, Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр зэргийг нураах шийдвэрийг Засгийн газраас гаргаад байгаа. Зарим нь хуучин барилгуудаа сэргээн засаж, хадгалан үлддэг жишиг олон улсад байдгийг онцолж байхад нөгөө хэсэг нь буулгаж шинээр барих нь зөв гэж үзэж байна. Энэ тухайд бид Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяртай холбогдож, Улаанбаатарт байдаг түүхэн дурсгалт барилгуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авлаа. Түүний өнгөрсөн сарын 26-нд олон нийтэд хүргэсэн "Устаж үгүй болсон өв" илтгэлээс танилцуулж байна. Уг жишээнүүд нь Улаанбаатар хотын хувьд устгасан, буулгасан, нураасан, орон зайд халдсан бүх дурсгал биш бөгөөд зөвхөн хүмүүсийн сайн мэддэг дурсгалуудыг сонгож оруулжээ.

Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр "Улаанбаатар хотын хамгийн сэтгэл татам архитектуртай барилгууд 1945-1961 онд буюу Социализмын үед баригдсан бөгөөд тэрхүү бүтээн байгуулалт хотын төвийн өнөөгийн түүхэн дүр төрхийг бий болгосон юм. Дуурь, Драм, Номын сан, Хөрөнгийн бирж, Байгалийн музей, Гадаад харилцааны яам, Төв поликлиник, Хотын захиргааны барилгууд энд орно. Неоклассик загвартай эдгээр барилга баригдсанаар хотын төвийн Бага тойруугийн архитектурын ансемблийг бий болгосон.

Одоо буулгахаар ярьж байгаа 4 барилгыг анх барьснаар Монголын орчин үеийн хот байгуулалтын түүх эхэлсэн. Тиймээс орчин үеийн хот төлөвлөлтийн түүхийн гэрч юм. Буулгавал түүхээ хамт устгана.

Мөн эдгээр барилгыг буулгаснаар хүмүүсийн дурсамжийг хамт үгүй хийнэ. Учир нь энэ барилгууд тухайн үеийн монголчуудыг соён гэгээрүүлэхэд зориулагдаж, алтан үеийнхэн тэнд амьдарч, ажиллаж байсан. Тиймээс монголчуудыг соён гэгээрүүлж байсан барилгаа дурсамжтай нь хамт арчина гэсэн үг" гэлээ.

2019 оны байдлаар Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл мэдээллийн санд 217 дэсийн 479 дурсгал бүртгэлтэй байна. 

Үүнээс: (дэсийн тоогоор):
Улсын хамгаалалтад: 11
Нийслэлийн хамгаалалтад: 15
Дүүргийн хамгаалалтад: 121
Соёлын өвд шинээр бүртгэн авсан: 91 дурсгал байна.





БУУЛГАЖ, НУРААСАН СОЁЛЫН ӨВҮҮД

1. ЗҮҮН ХҮРЭЭНИЙ НУУЦ БҮЛГЭМИЙН БАЙШИН
Байршил: Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, хуучин Лениний музейн ард талд
Тус барилга нь 1907 онд баригдсан. 1918-1919 онд С.Данзан, Д.Сүхбаатар тэргүүтэй Зүүн хүрээний нууц бүлгэм байрлаж байсан. Засгийн 2008 оны 175-р тогтоолоор НИЙСЛЭЛИЙН хамгаалалтад авсан.
Энэ тогтоол нь одоо ч хүчинтэй. 2011.07.11-ний орой буулгаж нураасан.

2. АХМАДЫН ХОЛБООНЫ БАРИЛГА
Байршил: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Блю скай цамхагийн зүүн талд
1930 онд баригдсан. 1945 онд "Цогт тайж" киноны зураг авалтын зарим хэсгийг энд хийсэн. Монгол кино үйлдвэр, Филормони байрлаж байсан. Тус барилгыг 2014 онд буулгажээ.

3. ХҮҮХДИЙН НОМЫН ОРДОН
Байршил: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Зориг сангийн зүүн талд
Тус барилгыг 1930-аад оны үед барьжээ. Болгарын элчин сайдын яам байрлаж байгаад дараа нь Хүүхдийн номын ордон байрлаж байсан. 2011 онд буулгаж, суурин дээр барилга барьсан.

4. Олон улсын коммунист ажилчны хөдөлгөөний нэрт зүтгэлтэн В.Каларов, Б.Шмераль болон Чойбалсан нарын сууж байсан байшин.
Байршил: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Зориг сангийн зүүн талд, Хүүхдийн номын ордны хашаан дотор байсан.
1920-аад оны үед баригдсан. 1935-1937 онд Х.Чойбалсан энэхүү байшинд амьдарч байсан. Мөн В.Каларов, Б.Шмераль нар сууж байжээ. 1971, 1994 онд хамгаалалтад авсан ч 1998 онд хамгаалалтын зэрэглэлээс хассан.

5. НИСЭХИЙН ЦАГААН ХААЛГА
Байршил: Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Наадамчдын гудамжинд байсан.
1957 онд ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн дарга К.Е.Ворошиловыг Монгол Улсад айлчлан ирэхийг угтаж босгосон. НЗД-ын 2008 оны 357-р захирамжаар ДҮҮРГИЙН хамгаалалтад авсан. Энэ шийдвэр одоо ч хүчинтэй. 2012 онд нураасан.

6. ХАН-УУЛЫН ЦАГААН ХААЛГА
Байршил: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөөнд байсан.
1957 онд ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн дарга К.Е.Ворошиловыг Монгол Улсад айлчлан ирэхийг угтаж босгосон. НЗД-ын 2008 оны 357-р захирамжаар ДҮҮРГИЙН хамгаалалтад авсан. Энэ шийдвэр одоо ч хүчинтэй. 2012 онд нураасан.

7. МАГСАРЖАВЫН БАЙШИН
Байршил: Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Дамбадаржаа хийдийн зүүн талд байсан.





ЭХ ТӨРХ БАЙДЛАА АЛДСАН ДУРСГАЛТ БАРИЛГА

1. АНХНЫ ЕВРОП ХОЁР ДАВХАР БАРИЛГА
Байршил: Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Рерихийн музейн баруун талд.
1863-1865 онд Оросын консул сайдад зориулан барьсан. Улаанбаатар хотын анхны европ хийцийн хоёр давхар барилга. 1995-1996 онд хуучин модон барилгыг буулгаж, дахин шинэ хэвээр барихдаа өмнөх дүр төрхийг өөрчилсөн. Засгийн газрын 2008 оны 175-р тогтоолоор Нийслэлийн хамгаалалтад авсан.

2. ЕРӨНХИЙ САЙД Ц.ЖИГЖИДЖАВЫН БАЙШИН
Байршил: Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жигжиджавын гудамж, Хангарди ордны зүүн хойно.
1920-иод оны үед баригдсан. Монгол Улсын найм дахь Ерөнхий сайд Цэнгэлтийн Жигжиджав 1933 онд нас барах хүртлээ энд амьдарч байв. 2015 онд соёлын өвд бүртгэн авсан. 2016-2018 онд дээврийг нурааж, түүний дээр өргөтгөлийн төмөр карказ босгож, оффисын барилга барьж, эх төрх байдлыг алдагдуулсан. Ингэснээр барилгын орон зай, архитектурын үнэ цэнийг бууруулсан.




СҮҮДЭРТ ОРСОН СОЁЛЫН ӨВҮҮД

1. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ
Байршил: Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Гэндэнгийн гудамж.
1904-1908 онд баригдсан. Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын төрсөн дүү Лувсанхайдавт зориулан барьсан. Хамгийн сүүлд Засгийн газрын 2008 оны 175-р тогтоолоор улсын хамгаалалтад авсан байна. Сүмийн зүүн талд оффисын өндөр барилгуудыг хамгаалалтын бүсэд оруулан барьсан.

2. ГООЖИНГИЙН ӨНДӨР
Байршил: Баянзүрх дүүргийн 6-р хороо, 21-р сургуулийн зүүн хойд талд.
1914 онд баригдсан. Монгол Улсын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулсан барьсан. НЗД-ын 2008 оны 357-р тогтоолоор дүүргийн хамгаалалтад авчээ. Эргэн тойронд орон сууцны хороллууд барьсан бөгөөд энэ барилгыг хадгалах асуудал орхигдож, одоо балгас болсон.

3. УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙН БАЙШИН
Байршил: Баянзүрх дүүргийн 15-р хороо, Бөхийн өргөөний зүүн хойд талд.
1918-1919 онд баригдсан. Цогтбадамжав хэмээх Буриад худалдаачин өөрийн хувийн сууцны зориулалтаар анх барьжээ. Засгийн газрын 2008 оны 175-р тогтоолоор Улсын хамгаалалтад авсан. 2004 онд зүүн талынхаа газрыг алдаж, зүүн талд 2009-2010 онд 10 давхар орон сууц барьсан байна.

4. ХҮРЭН ОРДНЫ ЦОГЦОЛБОРООС ҮЛДСЭН БАРИЛГА
Байршил: Хан-Уул дүүргийн 11-р хороо, Удирдлагын академийн зүүн урд талд.
1910-аад оны үед баригдсан. Богдын Хүрэн ордны доторх Дондогдулам хатны цагаан хоолны газар байсан гэдэг. Дүүргийн хамгаалалтад байдаг. Энэхүү түүхэн дурсгалт барилгын урд талд орон сууцны барилга барьсан.

5. ЕРӨНХИЙ САЙД П.ГЭНДЭНГИЙН АМЬДАРЧ БАЙСАН БАРИЛГА
Байршил: Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Гадаад харилцааны яамны баруун урд талд.
1930 онд баригдсан. 1930-1936 онд Ерөнхий сайд П.Гэндэн амьдарч байсан. Нийслэлийн хамгаалалтад байдаг. Барилгын баруун талд зэрэгцүүлж оффиссын барилга барьжээ.




ХУУЛЬ БУСААР ХУВИЙН ӨМЧИД ШИЛЖСЭН БАРИЛГУУД

1. АНХНЫ ХОЛБООНЫ БАЙШИН
Байршил: Баянзүрх дүүргийн 6-р хороо, Бөхийн өргөөний хойд талд.
1913 онд баригдсан. Анх Богдын хөгжимчид байрлаж байсан. 1914 онд Төмөр утасны хороо энэ байшинд байгуулагдсан түүхтэй. Засгийн 2008 оны 175-р тогтоолоор Нийслэлийн хамгаалалтад авсан. 1999 оны 64-р тогтоолоор түүхэн дурсгалт барилга, байгууламжийг хувийн өмчид шилжүүлэхийг хориглосон. 2001 онд хувийн өмчид шилжүүлсэн.

2. ГООЖИНГИЙН ӨНДӨР
Байршил: Баянзүрх дүүргийн 6-р хороо, 21-р сургуулийн зүүн хойд талд.
1914 онд баригдсан. Монгол Улсын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулсан барьсан. НЗД-ын 2008 оны 357-р тогтоолоор дүүргийн хамгаалалтад авсан. 1999 оны 64-р тогтоолоор түүхэн дурсгалт барилга, байгууламжийг хувийн өмчид шилжүүлэхийг хориглосон ч 2008 онд хувийн өмчид шилжүүлсэн.




БУУЛГАХ ГЭЖ БАЙГАА АРХИТЕКТУРЫН ДУРСГАЛТ БАРИЛГУУД

1. БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН БАРИЛГА
Байршил: Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Самбуугийн гудамжны хойд талд.
1956 онд баригдсан. Анх мал, хөдөө аж ахуйн сургуулийн зориулалтаар баригдсан ч Төв музей энд орсон. Неоклассик загвартай. 2015 онд Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл мэдээллийн санд “Архитектурын дурсгал” гэдгээр Соёлын өвд бүртгэн авсан. 2019 онд тус дурсгалт барилгыг буулгах ТЕНДЕР зарлагдсан.

2. УЛСЫН ДУУРЬ, БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТРЫН БАРИЛГА
Байршил: Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Төв талбайн зүүн урд талд.
1946-1949 онд баригдсан. Анх төв театр нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Неоклассик загвартай.
2015 онд Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл мэдээллийн санд “Архитектурын дурсгал” гэдгээр Соёлын өвд бүртгэн авсан. 2019 онд Ерөнхий сайд буулгаж, яг тэр хэвээр томруулан барина гэж мэдэгдсэн.

3. УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРЫН БАРИЛГА
Байршил: Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Сөүлийн гудамжны зүүн эхэнд.
1958-1960 онд баригдсан. Анх Залуучуудын ордны зориулалтаар зураг төслийг хийж барьсан. Неоклассик загвартай. 2015 онд Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл мэдээллийн санд “Архитектурын дурсгал” гэдгээр Соёлын өвд бүртгэн авсан. 2019 онд Ерөнхий сайд буулгаж, яг тэр хэвээр томруулан барина гэж мэдэгдсэн.

4. ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН БАРИЛГА
Байршил: Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөөний зүүн талд.
1946-1951 онд баригдсан. Орчин цагийн анхны номын сангийн зориулалттай барилга юм. Неоклассик загвартай. 2015 онд Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл мэдээллийн санд “Архитектурын дурсгал” гэдгээр Соёлын өвд бүртгэн авсан. 2019 онд Ерөнхий сайд буулгаж, яг тэр хэвээр томруулан барина гэж мэдэгдсэн.


Сурвалж: www.ub.life, Э.Намуун, 2019.10.07