Сурвалж:
Т.Болор-Эрдэнэ
2019.12.23
Хөдөөний айл, хөдөөний хүн гэхээр л шалдар булдар, мэдээ, мэдээллээс хоцрогдсон, боловсрол тааруу, харанхуй бүдүүлэг гэх ойлголт хэдийн ард хоцорч. Хөдөө гэрээсээ интернэтээр хотынхон болон орон нутгийн иргэдэд онлайнаар англи хэлний сургалт явуулахын зэрэгцээ эрүүл хэв маягийн зөвлөгөө өгдөг, гэргий нь гэрээсээ Стэнфорд, Мюнхений их сургуульд суралцаж, төгссөн, англи хэлээр хэвлүүлсэн номоо дэлхийн хамгийн алдартай “Amazon” цахим худалдааны сайтаар борлуулдаг, нэгэн өрх айлын хосыг онцолъё.
Ч.Ерөөлтүвшингийнх ам бүл дөрөв. Хүү нь цэцэрлэгийн насных бол охин нь найман сартай. Тэрбээр хуульч, эрх зүйч мэргэжилтэй ч, амьдралын дасгалжуулагч(life coach) болоод 10 жил болж байна. Өмнө нь Ерөөлтүвшин тамхи татдаг, архитай ширээнд суувал балгачихдаг байж. Харин эрүүл амьдралын хэв маягт дурласнаар архинаас татгалзаж, тамхийг хаяжээ. Түүний гэргий С.Буянтогтох олон улсын хоол зүйч, иогийн багш мэргэжилтэй. Анх “Гуалиг ээжүүд” фэйсбүүк хуудас (өдгөө “Хөдөөний айл” хуудас 115 мянган дагагчтай) хөтөлж, өөрийн хуримтлуулсан мэдлэг, туршлагаа, бусдад зөвлөж, түгээдэг байжээ.
“Гуалиг ээж” Буянтогтох анхандаа төрсний дараа гэдэсний булчингаа хэрхэн чангалах, стрессээ яаж зөв тайлах, гуалиг жирэмсэлье болон хүүхэдтэй холбоотой зөвлөгөөгөөг фэйсбүүк сүлжээнд оруулдаг байсан. Дараа нь нөхөртэйгөө хамт жин хасах арга туршлага, уушги цэвэрлэх амьсгалын дасгал, англи хэлийг хэрхэн бие дааж сурах аргачлал болон хөдөөний амьдрал болон нүүдэл суудал, байшингаа барих үйл явцынхаа талаар влог хийжээ. Үүнээс гадна дархлаагаа сайжруулах, дэмжих, арьсаа арчлах, нярайлсан ээжүүдэд туршлагаа хуваалцах зэрэг олон төрлийн зөвлөмж, эерэг мэдээллийг тогтмол хүргэдэг.
Ерөөлтүвшин, Буянтогтох нар зургаан жилийн өмнө амьдралаа холбосон үеэсээ эхлэн хуримтлал үүсгэжээ. Улаанбаатар хот агаарын бохирдолтойн дээр жирэмсэн болон нярай, нялх хүүхдүүд хүчил төрөгчийн дутагдалд орох эрсдэлтэй. Тиймээс хосууд бага хүүхдээ хэвлийдээ байхад нь хотоос холдож, цэвэр агаарт гарах шаардлагууд тулгарах болж. Ийн тэд хоёр хүүхдийнхээ болон өөрсдийн эрүүл мэндийн төлөө Улаанбаатар хотоос орон нутаг руу нүүх шийдвэр гаргажээ.
Тэд хагас жил гаруйн өмнөөс Төв аймгийн Батсүмбэр суманд гурван сарын хугацаатай айлын байшин түрээсэлжээ. Ийн тухайн нутаг оронд идээшиж, дасах боломж байгааг ойлгож, газар авч байшингаа барьсан юм. Ингэхдээ үндэсний үйлдвэрлээ дэмжиж, халаалт, дулаан зэрэг асуудлаа эко аргаар шийдсэн байна.
Энэ талаараа өрхийн тэргүүн “Эхнэр бид хоёр хуримтлуулсан мөнгөөрөө газраа аваад, байшингаа барьчихсан. Банк, лизинг гэдэг үг монгол хүн бүрийн амны уншлага болж. Өндөр хүүтэй зээл авч материаллаг зүйлд шунаж байснаас олсон орлогоосоо бага гэж гололгүй цааш нь хийж, хурааж хуримтлуулах хэрэгтэй.
Орон нутгийн дэд бүтэц сайн хөгжсөн. Ихэнх сум аймгийн төвтэй холбогдсон. Аймгийн төвүүд ч нийслэл рүү засмал замтай. Манай гэр бүл “Хөдөөний айл” онлайн төсөл эхлүүлсэн учраас хотоос хэт холдоод дэмий гэж шийдсэн. Хүмүүс өөрсдөө л голохгүй бол хөдөө ажлын байр байна. Манайханд нэг дутмаг тал бий. Тэр нь Төрийн гар хараад халамжийн бодлогод найдаад байдаг. Манай суманд урагшаа, хойшоо хил давж наймаа хийдэг, уул уурхайн компанид ажилладаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, БНСУ-д очиж ажилладаг гээд олон төрлийн ажил хийдэг хүмүүс бий.
Хөдөө амьдарна гэхээрээ хүмүүс хоёр зүйлд л санаа зовоод байгаа харагддаг. Нэгдүгээрт, цалин мөнгө, хоёрдугаарт, үр хүүхдийн боловсролын асуудал. Манай суманд хүнд хэрэгцээтэй, шаардлагатай зүйлс цөм бий. Магадгүй материаллаг зүйлд дуртай хүнд юм бүр дутуу санагдах байх. Хүн гэдэг амьтан эрүүл, аз жаргалтай байхад л болдог шүү дээ. Харин энэ хоёр зүйлийг амтлах боломж хөдөө бүрэн бий.
Улаанбаатар хотын захаар буюу Баянхошуу, Толгойтод амьдардаг хэрнээ хүүхдийнхээ боловсролд анхаарал хандуулж байна гээд хотын төвийн сургуульд элсүүлдэг эцэг эхчүүд байдаг. Үүн дээр дөрөөлөөд нийслэлийн зарим улсын сургуулийн удирдлага сурагч элсүүлэхдээ гар хардаг болчихсон. Авлига өгч эсвэл танил талаараа тухайн сургуульд элсүүллээ гэхэд анги дүүргэлт хэвийн хэмжээнээс хэтэрчихсэн байдаг. Би орон нутгийн багш нартай хамтран ажиллахдаа хэд хэдэн зүйл анзаарсан. Эндэхийн багш нарын заах арга зүй маш сайн байна. Анги дүүргэлт стандартын дагуу. Хүүхэд боловсрол эзэмшихэд нэн тэргүүн дээрх хоёр зүйл чухал” гэж байв.
Ч.Ерөөлтүвшин, С.Буянтогтох нар сурагчдын хичээлгүй өдрөөр буюу бямба гарагт англи хэлний дугуйлан хичээллүүлж байгаа аж. Ингэхдээ сумын сурагчдын англи хэлний хичээл дээр үзсэн мэдлэгийг бататгаж, ярианы чадварыг нь хөгжүүлдэг. Тэд өмнө нь нийслэлд энэ төрлийн дугуйлан хичээллүүлэхэд суралцагчдын тоо өдөр ирэх тусам цөөрч байсан бол орон нутагт хичээлээс хичээл бүрт нэмэгддэг талаар хэллээ.
Төв аймгийн Батсүмбэр сумаас Улаанбаатар хот руу явдаг хоёр замтай аж. Эхний замаар явахад хот руу 70 орчим км бол тойруу замаар нь нийслэл ороход 80 гаруй км. Ч.Ерөөлтүвшин төрийн бус байгууллагынхаа ажлаар болон гэрээнд гарын үсэг зурах, ажил хэргийн хамтрагчид болон бусад хүмүүстэй уулзаж ярилцах шаардлага гарсан үед л Улаанбаатар явдаг гэнэ. Тэрнээс бусад ажлаа цахим сүлжээ, гар утас, и-мэйлээр амжуулчихдаг.
Тэрбээр “Намайг бага байхад аав “Хөдөө том хүн байдаггүй” гэж хэлдэг байсан. Одоо бол тэр цаг үе өөр болсон. Өндөр боловсрол эзэмшсэн, гадаад хэлтэй олон хүн хөдөө амьдарч байна. Хуучин шиг хөдөө хотын ялгаа одоо цагт байхгүй болсон.
Дэлхий нийтийн хандлагаас хараад байхад хүмүүс байгаль руугаа тэмүүлж байна. Монголд ч мөн адил. Зөвхөн манай гэр бүл л хөдөө гараад амьдарчихсан юм биш. Орон нутгаас нийслэлийг чиглэх хөдөлгөөний эсрэг, хотоос хөдөө рүү нүүж буй олон хүн, өрх айл бий. Мөн манайд ирдэг, бид хоёртой уулздаг хүмүүсийн тоо ч нэмэгдэж байна” гэв.
Тэдний гэр бүл монгол хүн хөдөө сайхан амьдарч болно гэдгийг амьдралаараа үлгэрлэн харуулах, мөн эрүүл амьдралын энгийн аргачлалуудыг бусдад түгээх үндсэн хоёр зорилготой хөдөөг зорьжээ. Өдгөө энэ зорилгоо биелүүлж байна. Үүнээс гадна тэд сум нь мод багатай учир Батсүмбэрийн иргэдээ уриалаад мод тарих аян эхлүүлэх зорилготой аж. Мөн Эрүүл амьдралын энгийн аргачлалыг зааж, сургах, хэвшүүлэх сургалтын төв байгуулах төсөл бичжээ. Энэ талаар Ерөөлтүвшин “Биднийг дэмжих, хамтрагчаа олчихвол сургалтын төвөө сумандаа байгуулна. Манай төвд ирсэн гэр бүлийн хүүхдүүд цэвэр агаарт тоглож, амрах хугацаанд эцэг эхчүүдэд нь стрессгүй орчинд зөв амьсгалах дасгалаас эхлүүлээд эрүүл амьдралын аргачлалыг бүрэн зааж сургана. Тухайн гэр бүл байгальтай ойр, эрүүл саруул орчинд тодорхой хугацаанд сургалтад хамрагдаж, өөрчлөлтийг өөрсдийн биеэр мэдэрснээр хэв маягаа өөрчлөх, хотоос хөдөө рүү шилжих талаар бодож үзэх, шийдвэр ч гаргах байх.
Эхнэр бид хоёроос үлгэр дуурайлал авсан найз нөхөд, надтай холбогдсон хүмүүсээс 20 гаруй хүн “Танай сум руу нүүнэ. Газар мэдэж байгаарай” гэж хэлсэн. Тэднээс тав нь ирж уулзсан. Газрын үнэ орон нутагт хотоос хямд. Мөн амьжиргааны өртөг ч хямд. Хөдөө амьдарснаар органик бүтээгдэхүүнийг хотоос хэд дахин хямд үнээр хэрэглэж байна. Улаанбаатарт үнээний савласан үйлдвэрийн сүү литр нь 2500-3000 төгрөгийн үнэтэй байдаг. Харин энд үхэртэй айлаас сүү литрийг нь 800 төгрөгөөр худалдаж авч байгаа. Мөн манайх таргаа өөрсдөө бүрж уудаг. Дэлхийн төлөвийг харахад Улаанбаатар тав, арван жилийн дараа гэхэд бүрэн сийрэгжинэ. Орон нутгийн иргэдийн тухайд хотынхон шиг утаа униар, түгжрэл зэрэг элдэв асуудалтай тулгардаггүй учир стресс багатай, хэл ам хийгээд байдаггүй санагдсан” хэмээв.
Хот суурин газар руу нүүх шийдвэр гаргаж буй хүмүүст юуг зөвлөх вэ гэхэд, хөдөөний айлын өрхийн тэргүүн Ерөөлтүвшин “Өссөн, төрсөн нутаг орон руугаа нүүж буй олон айл бий. Манайхан нэг нэгэнтэйгээ барьцацгаадаг. Бусдыг дагаж хот руу нүүлээ гэж бодоход эрүүл мэнд, сэтгэл санаа, ашиг орлого, үр хүүхдийн тань олж авах боловсрол орон нутагтаа байснаас дээрдэх үү гэдгийг судлах хэрэгтэй. Хотод гэр хорооллын болон автомашины утаа, хөрсний бохирдол зэргээс үүдэн иргэдийн эрүүл мэндэд маш их эрсдэл учирч байгаа. Өвдсөн хүн биеэ эмчлүүлэхийн тул мөнгө төгрөг зарна. Эрүүл амьдралын хэв маягийг баримтлах гол хүчин зүйл нь цэвэр агаар, стрессгүй орчин. Стрессээс ангид, цэвэр агаартай газар хаана байдаг вэ мэдээж байгаль. Байгаль гэдэг чинь хөдөө шүү дээ” хэмээн захив.