Энэхүү нийтлэл нь “Монголын үнэн” сонины
2020.11.03-ны өдрийн №211-д хэвлэгдсэн болно.
МОНГОЛЫН ХОТУУДАД ЗЭРЭГЛЭЛ, СТАТУС ТОГТООХ АСУУДАЛ
ХӨГЖЛИЙН ОРОН ЗАЙН АНАЛИЗ-СУДАЛГААНЫ ҮР ДҮНД ТУЛГУУРЛАСАН БОДЛОГЫН САНАЛ, ЗӨВЛӨМЖ
ҮНДЭСЛЭЛ, ЛОГИК ОЙЛГОЛТ
Хүн ам цөөн, газар нутаг том, далайд гарцгүй Монгол Улсын хувьд байгалийн болон хөдөө аж ахуйн арвин нөөц, газар зүйн байршлын давуу талаа ашиглан бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэх, хөрш орнуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гүүр болох, эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдээ дэмжих, хурдацтай өсгөх бүрэн боломж бий. Үүний тулд Үндэсний түвшинд нийт нутаг дэвсгэрийн хөгжлийн бодлогын орон зайн төлөвлөлтөө шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох, эрэмбэлэх, төлөвлөх, төсөвлөх зайлшгүй шаардлага байна.
Эдийн засгийн орон зайн тэлэлт, тогтвортой өсөлтийг бий болгох үндсэн концепц бүхий Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн бодлого, мөн “зоос”-ны нөгөө тал болох хүн амыг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлж, тогтвортой хот байгуулах, нутаг дэвсгэрийн хэмжээнд бүс нутаг, хот, засаг захиргааны оновчтой бүтэц, тогтолцоог бүрдүүлэх үндсэн концепц бүхий Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн бодлого (ууд) нь Үндэсний хэмжээнд хөгжлийн орон зайн нэгдсэн төлөвлөлтийн баримт бичиг бөгөөд салбар хоорондын уялдааг хангаж, хамгийн гол нь Үндэсний хөгжлийн эрх ашгийн үүднээс хөрөнгө оруулалтын эрэмбийн тодорхойлдог.
Тус хүрээлэнд 1) Хот, сум суурингийн хөгжлийн потенциалыг тодорхойлох үнэлгээ; 2) Хот, суурин газарт зэрэглэл, статус тогтоох, тэдгээрийн чиг үүргийн тодорхойлох; 3) Үндэсний хэмжээнд дэд бүтцийн босоо болон хэвтээ тэнхлэг тодорхойлох үнэлгээ; 4) Дотоодын болон хил дамнасан аялал жуулчлалын чиглэлүүдийн хөгжлийн потенциалын үнэлгээ; 5) Бүс нутгийн түвшинд хот хоорондын кластер хөгжүүлэх боломж, тэдгээрийн хэлбэрийг тодорхойлох; 6) Бүс нутгийн эдийн засгийн интеграци, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын асуудлаар орон зайн анализ судалгаа хийгдэж байна. Эдгээр нь Үндэсний хэмжээнд хөгжлийн орон зайн нэгдсэн төлөвлөлт хийхэд зайлшгүй харгалзан үзэх физик хүчин зүйлс юм.
Энэхүү цуврал нийтлэлээр Монгол Улсын хот, сууринд зэрэглэл, статус тогтоох, тэдгээрийн чиг үүргийг тодорхойлох асуудлыг хөндөж байна.
ХОТЫН ЭРХЗҮЙН БАЙДАЛ
2019.11.14-ний өдрийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотууд, мөн тосгон байж болох эрхзүйн үндсийг тогтоож өгсөн. Мөн 1993 онд батлагдсан Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд хотын зэрэглэл, статусын хувьд 500-15000 оршин суугчтай бол тосгон, 15000-гаас доошгүй оршин суугчтай бол улсын болон аймгийн зэрэглэлтэй хот, 50000-гаас дээш (шаардлагатай гэж үзвэл 50000 хүртэл) оршин суугчтай хотод Улсын зэрэглэл тогтоож болохоор зохицуулж өгсөн.
Хэдийгээр хот, тосгоны эрхзүйн үндэс бүрдсэн ч Үндэсний хэмжээнд улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд гүйцэтгэх үүрэг, газарзүйн байршил, бүсчилсэн хөгжил, эдийн засгийн интеграци, коридор, хотжилтын хөгжлийн түвшин зэргийг харгалзан аль нэг хотод Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот болгох статус олгоогүй өдийг хүрчээ. Одоо энэ асуудлаар Төрөөс бодлогын шийдэл гаргахаар хэлэлцэгдэж байгаа бөгөөд энэхүү нийтлэлээр бодлогын хувилбар, шийдэл дэвшүүлж байна.
Хөгжлийн үүднээс “хот”-той холбоотой тулгамдсан асуудлыг товч дурьдвал...
Өнгөрсөн 30 жил төлөвлөлтгүй явж ирсний үр дагавар. Бид суурьшлын хувьд хот, хөдөөг хосолсон эдийн засаг, амьдралын хэв маягтай орон. 1970 онд 44% нь хотод, 1990 онд 57% нь, харин 2019 оны байдлаар нийт хүн амын 68% нь хот суурин газарт суурьшиж байгаа бөгөөд үүнээс Улаанбаатар хотод 46% нь амьдарч байна. Шилжилт хөдөлгөөний хувьд 1995-2015 онд (20 жил) нийт 500 орчим мянган иргэн хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод шилжин ирсэн бөгөөд энэ нь бүтэн 6 аймагтай тэнцэх хүн ам юм. Цаашид энэхүү тодорхойгүй байдлаар үргэлжилбэл, нийт хүн амын 65 орчим хувь нь зөвхөн Улаанбаатар хотод суурьшиж, бусад бүс, орон нутгийн түвшинд ямар ч өсөлт харагдахгүй байх сөрөг үр дагавар хүлээж байна. Энэ хачир дээрээ том хотын боловсрол, эрүүл мэнд, соёл, эдийн засгийн татах хүч мэт боловч, начир дээрээ Үндэсний хэмжээнд хөгжлийн орон зайн төлөвлөлтгүй явж ирсэн, хүн нутагшилт суурьшил, хот байгуулалтын бодлого алдагдсан, батлагдсан (2001) Бүсчилсэн хөгжлийн бодлогоо хэрэгжүүлээгүйн сөрөг үр дагавар юм.
Сумын статустай аймгийн төв хотууд. Бид одоогийн 21 аймгийн төвийг “хот” гэдэг ч эрхзүйн байдлын хувьд сумын статустай. Дархан-Уул аймгийн төв Дархан хот нь Дархан сум, Ховд аймгийн төв Ховд хот нь Жаргалант сум, Дорнод аймгийн Чойбалсан хот нь Хэрлэн сум болно. Эрхзүйн хувьд сумын статустай байх нь хөгжлийн бодлого төлөвлөлтийн хувьд хот нь бүс, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой үүрэг, рольтой оролцогч байх агуулгаар төлөвлөлт хийх ёстой байтал асуудалд уялдаа холбоог авч үзэхгүйгээр сумын түвшинд хандах сөрөг үр дагавар, мөн төсөв боловсруулах, хөрөнгө оруулах, батлах, зарцуулахтай холбогдсон асуудалд сумын статусаар харилцааг зохицуулахад хүргэж байна. Хотын төлөвлөлт, төсөвтэй холбоотой хууль, эрхзүйн орчин ийм зохицуулалттай байна.
“ХОТ”-ын хөгжилд гүйцэтгэх үүргийн тухай. Дэлхийн хуурай газрын 2%-ийг хот суурин газар эзэлж буй хэдий ч Дэлхийн нийт хүн амын 55% нь хотод амьдарч, эдийн засгийн 70%-ийг хотод үйлдвэрлэж, эрчим хүчний 60%-ийг хотод хэрэглэж, хүлэмжийн хийн ялгаруулалтын 70%-ийг хот, суурин газраас ялгаруулж байна. Цаашид 2050 он гэхэд Дэлхийн хүн амын 68% нь хотод суурьшихаар байна. Энэхүү хотжих процесс нь Монголд ч бас явагдаж байгаа. Энэ агуулгаар Дэлхийн түвшинд хотуудыг хөгжүүлэх асуудалд анхаарч НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн 17 зорилгын хүрээнд “хот, хүн амын суурьшил”-тай холбоотой 11 дахь зорилгын дэвшүүлж, тодорхой зорилт, шалгуурыг тодорхойлсон байдаг. 2016 онд Эквадор Улсын Кито хотноо болсон НҮБ-ийн ХАБИТАТ III хурлаас “Шинэ хотжилтын хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд Монгол бас энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Товчхондоо, “хот” бол Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтуудын хэрэгжилтийг хангахад тодорхой үүрэгтэйгээр оролцогч байхын зэрэгцээ Үндэсний болоод бүс, орон нутгийн түвшний нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой үүрэг гүйцэтгэгч байх ёстой. Энэхүү гүйцэтгэх үүрэг нь тухайн хотод тогтоосон зэрэглэл, статусын түвшинд харгалзуулан тодорхойлсон чиг үүргийн тухай ойлголт бөгөөд энэ нь тухайн хотын хөгжлийн төлөвлөлт хийх үндэс болдог.
Гэтэл Монголын аль ч “хот”-д зэрэглэл, статус олгоогүй бөгөөд хотууд нь сумын статустай явж ирсэн. Энэ нөхцөлд Монголын хотуудаас хөгжил, дэвшил, үр дүн хүлээх боломжгүй юм. Иймд хотуудад зэрэглэл, статус тогтоох, тэдгээрийн чиг үүргийг тодорхойлох нь цаг үеэ олсон чухал асуудал бөгөөд энэ асуудалд Үндэсний аюулгүй байдал болон Үндэсний хөгжлийн эрх ашгийн үүднээс шинжлэх ухааны үндэслэл, судалгаатай хандах ёстой бөгөөд зөвхөн Дархан, Эрдэнэтийг хот болгох асуудал хөндөгдөхгүй юм.
ХОТУУДАД ЗЭРЭГЛЭЛ, СТАТУС ТОГТООХ СУДАЛГААНЫ ДҮН, БОДЛОГЫН САНАЛ, ЗӨВЛӨМЖ
Юуны өмнө Монголын онцлог нөхцөлд тохирсон “Хотын зэрэглэл, статус, чиг үүрэг”-ын тогтолцоо, тэдгээрийн гол үзэл санаа, шалгуур үзүүлэлтийг оновчтой тодорхойлох ёстой. Улсын болон аймгийн зэрэглэлтэй хотуудын нийт 5 эрэмбэ бүхий статус, тэдгээрт харгалзах хүн ам, эдийн засаг, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээ болон газарзүйн байршлын шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлж, уг шалгуурын дагуу орон зайн анализ хийсэн. Судалгааны дүнд тулгуурлан Монголын хотуудад тогтоох зэрэглэл, статус, тэдгээрийн чиг үүргийг тодорхойлж, бодлогын санал, зөвлөмж өгч байна.
Хотын зэрэглэл | Хотын эрэмбэ, статус | Хотууды чиг үүрэг | |
Улсын зэрэглэлтэй хот | I | Улсын нийслэл хот | Олон үүрэгтэй Нийслэл хот |
II | Хөгжлийн стратегийн төв хот | Засаг захиргаа, бүсийн эдийн засаг, аж үйлдвэр, тээвэр, логистик, үйлчилгээний олон үүрэгтэй хот | |
III | Улсын чанартай хот | Засаг захиргаа, аж үйлдвэр, үйлчилгээний үүрэгтэй хот | |
Аймгийн зэрэглэлтэй хот | IV | Орон нутгийн хөгжлийн төв хот | Засаг захиргаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн үүрэгтэй хот |
V | Орон нутгийн хот | Засаг захиргаа, үйлчилгээний үүрэгтэй хот |
Үндэсний хэмжээнд эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой үүрэг рольтой, Улаанбаатар хоттой өрсөлдөхүйц, бүсийн түвшинд боловсрол, эрүүл мэнд, соёл, шинжлэх ухаан, эдийн засаг, үйлдвэрлэлийн төвлөрөл бүхий Улсын зэрэглэлтэй Хөгжлийн стратегийн төв 3 хотыг эхний ээлжид хөгжүүлэх саналыг дэвшүүлж байна. Үүнд Дархан, Ховд, Чойбалсан хотуудыг тодорхойлж байна. Харин Улсын зэрэглэлтэй Улсын чанартай хотын статус олгох 5 хотыг дэвшүүлж байна. Бусад хотууд аймгийн зэрэглэлтэй хотын хүрээнд орон нутгийн хөгжлийн төв хот болон Орон нутгийн хотын статустай байхаар судалгааны үр дүнг дэвшүүлж байна (зураг харна уу).
Ийнхүү хотуудад зэрэглэл, статусыг тогтоож өгснөөр бүс нутгйин түвшинд эдийн засгийн нийтлэг болон ялгавартай бодлого явуулах суурь нөхцөл, мөн Үндэсний хэмжээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн дараах боломжууд нээгдэнэ гэж харж байна. Үүнд,
- Монголын 21 аймгийн төв хотыг, бүсийн хөгжлийн тулгуур төв 8 хотыг нэгэн зэрэг жигд хөгжүүлэх эдийн засгийн чадавх нөөц, боломж хомс. Иймд эхний ээлжид Улсын зэрэглэлтэй хотуудыг үе шаттайгаар хөгжүүлэх бодлого баримтлах нөхцөл бүрдэнэ.
- Газарзүйн байршлын давуу талаа ашиглан Бүс нутгийн эдийн засгийн интеграци (Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (CAREC), Их түмэн санаачлага, GTI)-д нэгдэхэд, мөн Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга, ОХУ-ын Засгийн газраас “Евразийн эдийн засгийн холбоо”-ны хүрээнд хэрэгжүүлж байгаа зам тээвэр, эрчим хүч, дэд бүтцийн төслүүдтэй уялдуулан Үндэсний хэмжээнд хөгжлийн орон зайн төлөвлөлтийг хийхэд Улсын зэрэглэлтэй хотууд түлхүү үүрэг, хариуцлага хүлээж оролцох боломж нээгдэнэ. Тодруулбал, Монгол Улс Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн интеграцид харилцан үр ашигтай, идэвхи санаачилгатайгаар нэгдэхэд Улсын зэрэглэлтэй хөгжлийн стратегийн төв Ховд хот, харин Зүүнхойд Азийн бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэхэд мөн Улсын зэрэглэлтэй хөгжлийн стратегийн төв Чойлбалсан хот гол зангилаа, тулгуур, түшиц, холбоос бүхий хотууд байх ёстой.
- Улсын зэрэглэлтэй хотуудын хөгжлийн төлөвлөлтийг Үндэсний хэмжээнд бүс нутгийн тувшинд уялдаа холбоотой бодлогын төлөвлөлт хийх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар Үндэсний болоод бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжилд гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
- Улсын зэрэглэлтэй хотуудад татвар, хөнгөлөлт, урамшууллын ялгаатай бодлого хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Тухайлбал, Улсын зэрэглэлтэй хотод бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж ажлын байр нэмэгдүүлсэн компанид татвар, хөнгөлөлтийн ялгаатай механизм үйлчилж болно.
- Улсын зэрэглэлтэй хотуудад эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн байгууллагууд, тэдгээрийн салбарыг түлхүү байгуулах, шилжүүлэх боломжтой. Тухайлбал, Улаанбаатар хотын их, дээд сургуульд элсэх оюутны тоог эрс хязгаарлах бүсчилсэн бодлого баримтлах.
- Улсын зэрэглэлтэй хотуудад дэд бүтцийн хүрэлцээ, орон сууцны хангамжийг эрс нэмэгдүүлэх, улмаар хөнгөлөлттэй зээл, тусламжаар олгох замаар Хөгжлийн стратегийн төв хотуудад шилжин ирж суурьших, ажлын байр нэмэгдүүлэхийг дэмжих боломжтой.
- Эдгээр нь Улаанбаатар хотын хүн амын механик өсөлтийг бууруулах, тогтвортой байдлыг хангах суурь нөхцөл болно.
М.Алтанбагана, Ph.D, дэд профессор.
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн
Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын дарга