Аврал эрсэн "Гоожингийн өндөр"-ийг арчлах төр байна уу

Эх сурвалж: news.mn, 2021.10.25








Энэ нурах дөхсөн шавар тагз уг нь түүхийн үнэт өв соёл. "Гоожингийн өндөр" гэж түүхт барилга юм. Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулан наймдугаар Богд Жавзандамба 1914 онд бариулж байсан түүхтэй. Товчхондоо Монголын анхны Ерөнхий сайдын сууж байсан барилга. Гэвч өдгөө эргэн тойронд нь орон сууцны хорооллууд сүндэрлэж, бэлтэйхэн айлын зуслангийн байшингаас дор дүр төрхтэй болжээ. Учир нь, энэхүү түүхийн өв соёл хайрлах эзэн, хайхрах хүнгүйн улмаас шавар балгас болоод удаж байна. Харин түүнийг нурааж, орчин үеийн өндөр орон сууц барихаар иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн гэх мэдээлэл ч цацагдав.


Дэлхийн улс орнуудад түүх дурсгалын барилгууд нь орчин үеийн олон давхар өндөр шил толь болсон барилгуудаас үнэ цэнэтэйд тооцогддог. Харин Монголд эсрэгээрээ. Соёлын  үнэт өв, түүхийн дурсгалт барилга, бүтээлүүдийг хайрлан хамгаалах үүрэгтэй Соёлын яам нь сохор, дүлий хүн шиг байна.


Хаа байсан Хэнтийд "Андлалын хөшөө" гэж хэн ч тоож үзэхгүй шавах балгас барьж байхаар энэ мэт соёлын үнэт өвөө хайрлан хамгаалж, аялал жуучлалын гол бүтээгдэхүүн болгох боломж бий. Даанч, төр засгийнхэн нь барилгын үнэт өвөө хамгаалахаас илүү байшингийнх нь газарт шунан дурлах нь цөөнгүй.


Олны хэлж заншсанаар “Гоожингийн өндөр” хэмээх энэ түүхэн барилга одоогийн Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг. Энэ мэт төр засагтаа тоогдохоо  больсон түүхэн дурсгалт барилга Улаанбаатар хотод хэд хэд бий.


Ер нь Монголын төр засаг хамгаалж үлдэх, нэн яаралтай сэргээн засварлах шаардлагатай түүхэн барилгаа авран хамгаалах ажил огт хийдэггүй гэж хэлж болно. Харин оронд нь шинэ байшин барьж, мөнгө  босгох далд санаархал агуулдаг.  Энэ асуудалд маш хойрго хандсаар ирснийг ч судлаачид шүүмжилдэг.


Гоожингийн өндөр нэртэй түүхэн дурсгалт барилгыг 1912-1914 онд анх Богд хаант Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулан барьж, тэрээр амьдарч байсан түүхтэй. Энэ барилгад сүүлд ЗХУ-ын түшмэл Козин гэдэг мэргэжилтэн ирж, ажиллаж амьдардаг байсан. Тиймээс монголчууд тэр хүний нэрийг монголчилж, “Гоожин” гэж нэрлэсэн гэдэг.


Энэ түүхэн дурсгалт барилгыг өнгөрсөн 2008 онд Нийслэлийн Засаг даргын 357 дугаар захирамжаар тус дүүргийн хамгаалалтад авсан байдаг. Энэ барилгыг сэргээн засварлах бүрэн боломжтойг судлаачид хэлж буй.


Улаанбаатар хотод 1921 оноос өмнө буюу одоогоос 100 жилийн өмнө насжилттай 25 түүхэн дурсгалт барилга байдаг. Энэ нь маш цөөн тоо гэдгийг судлаачид хэлсэн юм. Жишээлбэл, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, хуучин циркийн барилга, Дамбадаржаа хийд, Анхны холбооны байр, Улаанбаатар хотын музей, Гоожингийн өндөр зэрэг нэн даруй сэргээн засварлах шаардлагатай түүхэн барилгууд бий.


2019 оны байдлаар Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл мэдээллийн санд 217 дэсийн 479 дурсгал бүртгэлтэй байна. Үүнээс улсын хамгаалалтад 11, нийслэлийн хамгаалалтад 15, дүүргийн хамгаалалтад 121, Соёлын өвд шинээр бүртгэн авсан 91 дурсгал байгаа ажээ.