Нийслэл хотод тулгуурт гүүрэн байгууламж барих төслийн ТЭЗҮ-г боловсруулна

 Эх сурвалж: 2021.11.10, Монгол Улсын Засгийн Газар





Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Нийслэл хотод тулгуурт гүүрэн байгууламж барих төслийн ТЭЗҮ-г боловсруулна

 

Нийслэл хотын нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд багтаамж ихтэй, шинэ төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх зорилгоор тулгуурт гүүрэн байгууламж барих төслийн ТЭЗҮ-г ирэх оны нэгдүгээр улиралд багтаан боловсруулах ажлыг гүйцэтгэх этгээдийг онцгой журмын дагуу шалгаруулж, ажлыг эхлүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт даалгав.

Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад чиглэсэн үндсэн ба гол зам, замын байгууламж, хөнгөн галт тэрэг, шинэ тойрог зам барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг “Хөгжлийн төсөл”-д хамруулахаар боллоо. 

“Хөгжлийн төсөл”-д хамрагдах дээрх төсөл, арга хэмжээний хөрөнгө оруулалтад зориулж Засгийн газраас, Хөгжлийн банкинд Засгийн газрын өрийн баталгаа гаргах, өрийн баталгааны шимтгэлээс чөлөөлнө. 

2022 оны улсын төсвийн төсөлд автозамын түгжрэлийг бууруулахад зориулсан 420 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаас шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл болох тулгуурт гүүрэн байгууламж барьж байгуулахтай холбоотой ногоон зээл авах, түүнтэй холбоотой хувь нийлүүлсэн компани байгуулах, хөрөнгийг санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар нарт даалгалаа.               


Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төслийн хамтарсан Ажлын хэсэг байгуулна

 

Нийслэл Улаанбаатар хотод хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төслийн урьдчилсан судалгаа, шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, хэрэгжүүлэх боломжит бүтцийг тодорхойлох хамтарсан ажлын хэсэг байгуулахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт даалгалаа.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлж хог шатааж эрчим хүч гаргадаг үйлдвэр байгуулбал 2024 оноос нийт хог хаягдлын 31,8 хувийг шатаах үйлдвэрт устгаж, төвлөрсөн хогийн цэгт  дарж булж байгаа хог хаягдлыг мөн хувиар бууруулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.  

Урьдчилсан тооцоогоор Улаанбаатар хот 2040 он гэхэд нийт хог хаягдлын 50 хувь буюу дахивар нөөцийг дахин боловсруулалтад оруулж, дахин боловсруулалтад оруулах боломжгүй 42 хувийг шатааж устган эрчим хүч гарган, төвлөрсөн хогийн цэгийн ландфилд дарж булшлах хог хаягдлын хэмжээг бууруулах зорилт тавьж ажиллаж байна.

 

Эдийн засгийн хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ

 

Эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар танилцуулж, Засгийн газрын дараагийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр боллоо.  

Ковид-19 цар тахлын улмаас манай улсын эдийн засаг сүүлийн 30 жилд байгаагүй түвшинд унаж, цар тахлаас өмнө дэвшүүлсэн урт болон дунд хугацааны зорилтод хүрэхэд нэмэлт хүндрэл бэрхшээлтэй болсон тул эдийн засгийн гол хязгаарлагч хүчин зүйлсийг тодорхойлж шийдвэрлэхэд чиглэсэн тусгай бодлого хэрэгжүүлэх нэн шаардлага үүсээд буй. Боомтын хүчин чадал, тээвэр логистик, эрчим хүч, ажиллах хүчний оролцоо, төрийн бүтээмж болон хязгаарлагдмал санхүүжилтийн эх үүсвэр нь эдийн засгийг хязгаарлагч хүчин зүйл болоод байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, тээвэр логистикийн дэд бүтцийг сайжруулан, эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авах юм.

Шинэ сэргэлтийн бодлогын хамрах хүрээ, суурь тооцоолол, бодлогын хувилбарыг энэ сард багтаан боловсруулна. Бодлогын төслийн хамрах хүрээг эдийн засгийн суурийг тэлэх, өсөлтийн үр шимийг дээшлүүлэх, эдийн засгийн тогтвортой орчныг бүрдүүлэх гэсэн гурван үндсэн зорилтын хүрээнд боловсруулж байна.