Эх сурвалж: ikon.mn, 2022.05.01
Шугам хоолойд гэмтэл гарснаас Сэлбэ голд бохир ус нийлүүлж байсныг засварлуулж байна.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, "Сэлбэ голд бохир ус нийлүүлж байна" гэсэн мэдээллийг иргэд Туул голын сав газрын захиргаанд цахимаар дамжуулжээ.
Мэдээллийн дагуу шалгахад Ус суваг удирдах газрын хамаарал бүхий бохир усны шугам хоолойд гэмтэл гарсны улмаас халилт үүсэж бохир ус нийлж байсныг шуурхай удирдлагын төвд нь мэдээлэл өгч засварлах ажлыг хийлгэж байгаа аж.
“Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Хаягдал ус. Ерөнхий шаардлага MNS 4943:2015” стандартын шаардлагыг хангасан ус нийлүүлэх ёстой.
Стандартаас давсан агууламжтай хаягдал усанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/635 дугаар тушаалаар батлагдсан “Ус бохирдуулсны нөхөн төлбөрийг шатлан өсгөх хэлбэрээр ногдуулах журам”-ын дагуу төлбөр тооцдог гэж Туул голын сав газрын захиргаанаас мэдээллээ.
Түүнчлэн иргэд Нээлттэй туул нэртэй фэйсбүүк хуудсаар иргэний хяналтаа хэрэгжүүлэх боломжтой аж.