Б.Тамир: Хотын төвөөр шинэ автобус явуулаад зах руугаа явуулахгүй гэсэн зорилго байхгүй

Эх сурвалж: www.ikon.mn. 2023.01.16. Б.Манлай






Улаанбаатарт БНХАУ-аас 117 шинэ автобус авчраад буй. Эдгээр автобусны 30-ыг нь өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд гаргажээ. Энэ талаар холбогдох албаны хүн мэдээлэл өглөө.


Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Б.Тамир "Өнөөдрийн байдлаар зургаан чиглэлд тус бүр таван шинэ автобусыг үйлчилгээнд гаргасан. Тодруулбал, “Чингэлтэй-Зүрх уул”, “Хайлааст-МУБИС”, “Таван шар-Ботаник” чиглэлд явж байгаа.


Нийтийн тээврийн газраас шинэ суурьшлын бүс рүү иргэдэд 19 чиглэлд 56, богино эргэлтээр 10 чиглэлд 44 автобусыг үйлчилгээнд гаргахаар төлөвлөсөн. Тухайлбал, Шинэ Яармаг хороолол, Нисэхийн эцэс, Туул гарден, Хан хилс хотхон руу нийтийн тээврийн автобус явуулна.


Богино эргэлтийн тухайд Тоосгоны үйлдвэр-Сансрын тойрог-Жанжин клуб-Кино үйлдвэр гээд нэг уртын чиглэлийг Тоосгоны үйлдвэр-Сансрын тойрог, Жанжин клуб-Кино үйлдвэр гэсэн хоёр хэсэг болгосон. Ингэснээр тухайн чиглэлд явж байгаа автобусны хурд нэмэгдэж, зорчигчийн хүлээгдлийн хугацаа багасаж байгаа юм.


Шинэ автобусыг Улаанбаатарын нийт зорчигчдодоо хүргэнэ. Хотын төвөөр шинэ автобус явуулаад зах руугаа явуулахгүй гэсэн зорилго байхгүй. Гол гол үндсэн чиглэлд шинэ автобуснуудаа явуулна.


Ирэх хоёрдугаар сард орж ирэх 107 автобусыг шинэ төлөвлөлтөөр явуулна. Хотын хэмжээнд шинэ автобуснуудыг явуулах цогц төлөвлөгөө хийгдэж байна" хэмээн ярилаа.