"Улаанбаатарын уулархаг, хад чулуутай газар 7, Туул гол руугаа 8, 22-ын товчооны баруун зүгт 9 баллын газар хөдлөх эрсдэл бий"

Эх сурвалж: ikon.mn,  2022.03.24





Монгол орны газар хөдлөлтийн өнөөгийн нөхцөл байдал, анхаарах зүйлсийн талаар ОБЕГ болон бусад холбогдох байгууллагууд мэдээлэл хүргэлээ. Үүнтэй холбоотойгоор Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ц Батсайхан "Манай улс нь газар хөдлөлийн идэвхтэй бүсэд байрладаг. Ялангуяа 20 дугаар зуун гарсаар газар хөдлөлт найман магнитуд давсан байна.  Ийм газар хөдлөлт манайд дөрвөн удаа тохиолдсон байдаг. Өнгөрсөн оны байдлаар газар хөдлөх тоо 260 мянгад хүрсэн байгаа юм. Тухайлбал, 3.5 магнитудаас илүү хүчтэй 260 орчим газар хөдлөлт болжээ.


Сүүлийн арван жилийн дунжаас харвал 3.5-аас илүү хүчтэй газар хөдлөлтийн тоо нэмэгдэж байгаа нь эрсдэл, гамшиг ойртож буйн дохио юм.


Газар хөдлөлтийн магнитуд удаа дараа давтагдсаны дараа илүү хүчтэй газар хөдлөх эрсдэл нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, 6 магнитудын газар хөдлөлт хэд хэдэн удаа давтагдсаны дараа 7 магнитудын газар хөдлөлт болох магадлал өсдөг гэсэн үг.


Манай орны нутаг дэвсгэр дээр 6.5 магнитудын газар хөдлөлт сүүлийн үед хэд хэд ажиглагдлаа. Энэ нь 7 магнитудын газар хөдлөх, томоохон эрсдэл үүсэх дохио болж мэднэ" хэмээн хэлсэн юм. 


Тэрбээр нийслэл орчимд газар хөдлөх эрсдэл ямар байгаа талаар хэлэхдээ "Улаанбаатар хотын уулархаг, хад чулуутай газар 7 магнитуд, Туул гол руугаа 8 магнитуд, Хустайн нуруунаас нааш голомттой ойрхон 22-ын товчооны баруун зүгт 9 баллын газар хөдлөлт ажиглагдах эрсдэлийн судалгаа бий.


Ерөнхийдөө хөрсний зонхилох давтамж, барилга байгууламж болон аюулт долгионы зонхилох давтамж нэгдсэн тохиолдолд хүчтэй мэдрэгдэж, сандрал үзүүлнэ. Жишээлбэл, Улаанбаатар хотод өнгөрсөн онд гурван удаагийн газар хөдлөлт мэдрэгдсэн байдаг. Хэдийгээр байшин барилга эвдрээгүй ч маш тааламжгүй мэдрэмж төрүүлсэн" хэмээн мэдээлсэн юм.