Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа спорт цогцолбор орчимд “Орлогод нийцсэн орон сууц”-ны төслийн хүрээнд 940 айлын орон сууцны барилгын ажлыг "Дорнын их гэгээ" компани Нийслэлийн Орон Сууцны Корпораци ХК-тай хамтран 2019 оны тавдугаар сарын 14-нд эхлүүлсэн юм.
Нийт зургаан блок 940 айлын орон сууц баригдахаас энэ жил дөрвөн блок 896 айлын орон сууц баригдаж байна.
Нийслэлээс олгосон газар дээр компани өөрийн хөрөнгөөр барилга бариад тодорхой хувийг нь нийслэлд өгч, үлдсэн хувиа зах зээлийн зарчмаар зарах юм. Байрны нэг м.кв нь 1 сая 450 мянга байхаар компанитай гэрээ байгуулжээ.
Энэ оны 3-р улирлын байдлаар барилга угсралтын ажил 90 гаруй хувьтай, 2020 оны хоёрдугаар хагаст ашиглалтанд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Мөн Хан-Уул дүүргийн 10-р хороо, Морингийн даваа орчимд нийт 129 га талбайд сургууль, цэцэрлэг, төрийн бүхий л үйлчилгээг төвлөрүүлсэн “Орлогод нийцсэн орон сууц” төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Эхний ээлжинд 46 га талбайд төлөвлөлт хийж, дэд бүтцийг нийслэлээс шийдэж өгнө. Төсөл хэрэгжүүлэх компаниудын сонгон шалгаруулалт зарлахад бэлэн болжээ. Эхний ээлжийн 46 га талбай дээр төсөл хэрэгжүүлэх 15-16 компани шалгаруулах бөгөөд компаниуд нэгдэн орж болох юм.
Компаниудыг барьсан барилгынхаа хэдэн хувийг нь газар болон дэд бүтцийнхээ төлбөрт нийслэлд өгч, хэдэн хувийг нь хямд өртгөөр борлуулах боломжтой вэ гэдгийг нь харгалзан үзэж шалгаруулна. Хямд өртгөөр борлуулах эрхтэй орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд санал болгоно. Газрын төлбөрт өгч байгаа орон сууцнуудыг энгийн түрээс болон газар чөлөөлөхөд зарцуулахаар төлөвлөжээ. Биокомбинатад 2870 айлын орон сууц, Баянголын аманд 2000, Цайз хотхонд 712, Баянхошуу, Улиастайд 256 айлын орон сууц барихаар зураг төсөл нь гарсан байна. Ингэснээр ирэх таван жилд багадаа 55 мянган өрхийг орон сууцжуулна гэж тооцжээ.
Орлогод нийцсэн орон сууц гэдэг нь хямдхан, чанаргүй, орчин нөхцөл нь тааламжгүй газар биш хамгийн өндөр чанартай, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн, нийгмийн байгууламжуудыг шийдсэн байхаар төсөлд тусгажээ.
Сурвалж: Монголын Барилгын Үндэсний Ассоциаци
2019.12
Сурвалж: Монголын Барилгын Үндэсний Ассоциаци
2019.12