Улаанбаатар хотын музейд 3200 гаруй үзмэр хадгалагддагаас байрны багтаамжаас шалтгаалж 100 гаруй үзмэрийг л олон нийтэд дэлгэн үзүүлдэг.
Бөхийн өргөөний зүүн талд байрлах бөгөөд байшинг Оросын буриад худалдаачин Цогтбадамжав 1914 онд хувийн хөрөнгөөр бариулсан гэдэг. Эл байшинд 1921 оны 7, 8 дугаар сард МАНТХороо, Засгийн газар, Бүх цэргийн жанжин штаб байрлаж, нэг тасалгаанд нь жанжин Д.Сүхбаатар ажиллаж байжээ. 1930-1944 онд Тува улсын элчин сайдын яам, 1944-1953 онд Д.Сүхбаатарын музей, 1953-1956 онд Хэвлэлийн төв газар тус тус байрлаж байгаад 1956 оны 7 дугаар сарын 9-нд Нийслэл Улаанбаатар хотын түүхэн замнал, хөгжил дэвшлийг хотын иргэд, зочид гийчдэд танилцуулах зорилгоор “Улаанбаатар хотын түүхийн үзэсгэлэн” нэртэй музейг байгуулжээ. 1960 онд Төв Хорооны шийдвэрээр “Улаанбаатар хотын түүх шинэчлэн байгуулалтын музей” болгон өргөтгөж, 1971 онд музейн байшинг улсын 2 дугаар зэрэглэлийн хамгаалалтанд авчээ. 2011 онд Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор “Улаанбаатар хотын музей” болгон өөрчилсөн байна.
Тус музейн гурван танхимд Улаанбаатар хотын түүхийг 1639-1911, 1911-1924, 1924-1954, 1954-1990, 1990 оноос хойш гэж үечлэн танилцуулжээ. Музейд ховор чухал үзмэр нэлээд байдгаас онцлон дурдвал, 1946 онд зураач Д.Манибадарын даавуун дээр хуулбарлан зурсан “Нийслэл хүрээ” (1914-1915 онд зурагдсан Жүгдэр хэмээх зураачийн бүтээл, эх зураг нь Богд хааны ордон музейд буй.) хэмээх 148 х 282 см хэмжээтэй бүтээл, одоогийн Амгалан хавиас олдсон эртний хөхтөн арслан зааны дунд чөмөгний яс, шүд зэрэг палеонтологийн олдвор, одоогийн Сонгинохайрхан уул орчмоос олдсон хуучин чулуун зэвсгийн үед хамаарах чулуун зэвсэг, Хүннүгийн үеийн ваар сав гэх мэт археологийн олдворууд хадгалагдаж байдаг.
1924 онд Улсын анхдугаар их хурлаар “Улаанбаатар хотын төв захиргааны дүрэм”-ийг баталсан бол 1925 онд “Улаанбаатар хотын төв захиргааны дагах дүрэм”-ийг тогтоож, “Улаанбаатар хотын жинхэнэ иргэн” гэдэг үнэмлэх олгохоор болжээ. Эдгээр дүрэм журам, үнэмлэх зэрэг нь жинхэнэ эхээрээ тус музейд хадгалагдаж байдаг. “Улаанбаатар хотын жинхэнэ иргэн” гэдэг үнэмлэх нь 1940 онд шинээр хэвлэгдэн хотын иргэдэд тараагдаж байсан байна. 1924 онд хэрэглэж байсан “Улаанбаатар хотын 3 дугаар хорооны тамга”, 1932 онд хэрэглэж байсан “Улаанбаатар хотыг захирах яамны тамга”, хотын анхны дарга Моононгийн Баярын хэрэглэж байсан хотын захиргааны анхны бичгийн машин (Монгол үсгийн машин бөгөөд Америкт захиалж хийлгүүлжээ.) зэрэг чухал үзмэрүүд хадгалагдаж байдаг.
Сонирхолтой үзмэрийн нэг бол 1920-иод оны сүүлээр Нийслэл Хүрээнд “Ломбард буюу мөнгө барьцаалан зээлдүүлэх газар” байгуулагдаж байсныг гэрчлэх тухайн ломбардаас зээлдэгчид олгож байсан баримт бичиг юм. Мөн “Богдын лүндэн” хэмээх зарлиг бичиг байх бөгөөд YIII Богд хаан Их Хүрээг “Нийслэл Хүрээ” хэмээн нэрлэх тухай заасан зарлигийн хуулбар юм.
Тус музейд социализмын үеийн алдартай уран бүтээлчдийн бүтээлүүд нэлээд бий. Тухайлбал, зураач Ү.Ядамсүрэнгийн 1971 онд зурсан “Улаанбаатар” зураг, С.Сэнгээгийн 1974 онд бүтээсэн “Түүхт Улаанбаатар” зааны соёон дээр хийсэн сийлбэр, М.Чуваамидийн 1974 онд бүтээсэн “БНМАУ мандтугай” модон сийлбэр, А.Цэрэнхүүгийн 1982 онд бүтээсэн “Брежневийн хөрөг” торгон хатгамал гэх мэт хосгүй үнэт бүтээлүүд, тухайн үеийн ах дүү социалист хотуудын дарга нараас бэлэглэж байсан дурсгалын зүйлс, 1911 оноос хойшхи хотын байдлыг харуулсан хар болон өнгөт түүхэн фото зургуудыг байрлуулсан байдаг.