Эх сурвалж: gogo.mn, Н.Лхагва. 2011.03.11
Ардын хувьсгалын өмнө Нийслэл хүрээнд хийж байсан газрын зургийн тухай түүхэн баримт хараахан олдоогүй гэдэг. Нийслэл хүрээг Улаанбаатар гэж нэрлэх болсон цагаас хойш орчин цагийн барилга байшин баригдах болж хотын нутаг дэвсгэрийн, геодези, байр зүйн зураглал гаргах шаардлага гарчээ.
Анхны том барилга байгууламж Аж үйлдвэрийн комбинатыг барих гэж ихээхэн ажил өрнөсөн гэдэг. Хаа хол хөдөө хонь хариулж явсан хүн хотод комбинат барих гэж хонио бэлчээр дээр нь орхичихоод аянчин дагаад хотод орж ирсэн хүн олон байдаг. Ийнхүү барилга байгууламжийн зураглал хийх эхийг тавьжээ.
Нийслэл хүрээнд 1862 онд Америкийн байгаль судлалын музей геологийн судалгаа, 1895 онд Оросын экспедици архелогийн судалгаа, 1924 онд Оросын ШУА-ийн газар зүйн нийгэмлэг талбайн судалгаа хийжээ.
1930 оны эхэнд нийслэл Улаанбаатарын голлох барилга нь сүм хийд, дуган, арилжаа наймааны нарийн гудамж бүхий бага хэмжээний хорооллоос бүрдсэн байдаг. 1924 онд Манай Шинжлэх ухааны хүрээлэнгийн хүсэлтээр хотын нутаг дэвсгэрт хөрсний бүтэц геологийн судалгааг Туул голын сав газруудад, усны найрлага шинжилгээг Сэлбэ голын сав газруудад хийлгэжээ.
Монголын засгийн газрын хүсэлтээр Налайхын нүүрсний болон зарим барилгын материалын орд газрын хайгуулын судалгааг З.А.Лебедевийн удирдсан эрдэм шинжилгээний экспедици хийж 1:00000-ын масштабын зураглал хийсэн тухай мэдээ байдаг. Энэ ажилд Оросын алдарт эрдэмтэн П.К.Козловыг ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж ярьдаг.
1932 оноос Оросын ШУА-ийн хайгуул судалгааны экспедициэс хот орчмын газруудад тоосгоны шавар ба ашигт малтмалын хайгуул, геологийн судалгаа, усны нөөц, ундаргыг тодорхойлох, хими болон бактерлогийн шинжилгээ хийснээс гадна барилгын талбайн инженерийн судалгааг хийсэн байна. Тэр үед Алтан тэвшийн хөндийд Туулаас гадна арав гаруй гол горхи урсаж байжээ.
Барилга баригдах эх үүсвэр тавигдаж Аж үйлдвэрийн комбинат, Гадаад явдлын яам, Монгол улсын их сургуулийн барилгын талбайд гүйцэтгэх судалгааны тоймчилсон газрын зураг үйлдэж байжээ. 1929 онд Монгол, Орос хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу Нийслэл хотод анхны том бүтээн байгуулалт болох Аж үйлдвэрийн комбинатын барилга байгууламжийг барих "Проммонголстрой" байгууллагын зураг төсөл, шинжилгээний экспедиц 1930 онд ирж дээрх үйлдвэрийг барих газрыг Туул голын баруун эрэг, Богд хааны зуны ордны баруун талд сонгож 70
орчим га талбайд газрын зураг шинжилгээний ажлыг эхлүүлсэн түүхтэй.
1930 оны дунд үеэс Богдхан, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрхт үндсэн эгнээний цэгүүдийг байгуулснаас гадна нийслэлийн дундуур улсын өндрийн сүлжээний шугамыг дайруулан хийжээ. Энэ ажил нь хожим хот дүүргийн нутаг дэвсгэрийг зурагжуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг.
Өнөөдөр нийслэлийн бүс нутгийн хөгжлийн үзэл баримтлал цаашид хамгийн эрчимтэй таталцлын үе шатандаа хөгжих ирээдүйгээ харуулж байна. Нийслэлийг мал аж ахуй эрхлэх бүс, Улаанбаатарын бичил бүс, Багануур төвтэй аж үйлдвэржсэн бичил бүс, Багахангай төвтэй аж үйлдвэрийн бичил бүс гэхчлэн хөгжүүлэх гэж байна.