Эх сурвалж: www.ikon.mn, Д.Тэмүүлэн, 2021 оны 4 сарын 14
Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Оршуулгын үйлчилгээний зохистой менежментийг бий болгох, Оршуулгын газруудыг ойжуулах, "Далан давхар" оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил тусгагдсан.
Уг зорилтыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, "Нью Семетри" ХХК нар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Далан давхар (Самбалхүндэв)-ийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн бүхий оршуулгын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв барих төслийг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа.
"Далан давхар"-ын оршуулгын газар нь нийт 70 га талбай бөгөөд эхний ээлжинд санамж бичгийн хүрээнд 10 га талбайд тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж байгаа аж.
Цаашид энэ чиглэлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттайгаар тохижилт бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх юм.
Өмнө нь 2015 онд уг ажлыг 40 гаруй тэрбум төгрөгийн концессийн гэрээгээр хийхээр төлөвлөөд байсан боловч уг төсөл арга хэмжээ хэрэгжээгүй зогссон.
Энэ удаа уг төслийг "Нью Семетри" ХХК нь төсвөөс дэмжлэг, санхүүжилт авахгүйгээр нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр хийхээр ийнхүү санамж бичгийг байгуулаад байгаа юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Санал асуулга: www.ikon.mn