Налайх

facebook / Нийслэлийн мэдээ хуудсанд 2021 оны 5 сарын 21-нд нийтлэгдсэн зураг, текст

Баянзүрх дүүргийн 11-р хороо Хонхор орчим, Налайх дүүргийн 1, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинэ суурьшлын бүс байгуулах санал гаргаад байгаа. Жишиг суурьшлын бүсийн зорилго нь ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хот байгуулалтын бодлоготой хослуулсан, эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн, ухаалаг амьдралыг хэвшүүлсэн, ажлын байртай, амьдрахад таатай орчин бүрдүүлэх юм. Налайх дүүрэгт байгуулах шинэ суурьшлын бүсийн нутаг дэвсгэрт 4.725 өрхийн 16.065 хүн ам байнга оршин сууна. Төслийн хүрээнд 6400 ажлын байр бий болгохоор төлөвлөөд байна. Шинэ суурьшлын бүсэд 900 мянган төгрөгөөс дээш орлоготой иргэд хамрагдах боломжтой бөгөөд санал асуулгад оролцсон иргэдийн 54.1 хувь нь боломжтой гэсэн хариу өгчээ.

Шинэ суурьшлын бүсийг нийт таван газар байгуулахаар төлөвлөж байгаа. Газруудыг нарийвчлан судлах үүргийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өглөө. Суурьшлын бүсийг 2021-2025 он, 2026-2030 он, 2031-2040 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 











Нийслэлийн мэдээ хуудсанд 2021.07.27-нд нийтлэгдсэн мэдээлэл

Налайх дүүрэг нь Улаанбаатар хотоос зүүн урагш 36 км зайд оршдог. Монгол Улсын авто замын босоо болон хэвтээ тэнхлэгийн огтлолцолд оршдог төдийгүй авто зам, төмөр зам, агаарын тээвэр хөгжсөн, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй дүүрэг юм. Нийслэлийг цэвэр усаар хангаж байгаа дээд эх үүсвэртэй шууд холбогдсон бөгөөд Улаанбаатар хотын аялал жуулчлалын гол бүс нутагт хамаардаг. Налайх дүүргийн хүн амын дийлэнхийг залуучууд болон хөдөлмөрийн насныхан эзэлдэг.

2015 онд Налайх дүүргийн иргэдийн санал асуулгын дагуу НИТХ-аас дагуул хот болгох шийдвэр гарсан. Тус дагуул хотын ерөнхий төлөвлөгөөг 2015 онд баталсан бөгөөд 2030 оны түвшинд 22 мянган өрхийн 77 мянган хүн амтай байхаар тооцсон юм. Энэ хугацаанд

16373 суралцагчийн сургууль
5243 хүүхдийн цэцэрлэг
565 ортой төрөлжсөн эмнэлэг
Нэг хүнд ноогдох ногоон байгууламж 40 ам метр
7 км авто зам бий болгохоор төлөвлөсөн.
Налайх дагуул хот нь дараах тэргүүлэх чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, Улаанбаатар хотын дагуул хот болон хөгжинө. Үүнд:
Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк
Барилгын материалын бөөний худалдаа
Тээвэр логистик
Их, дээд сургууль
Жижиг дунд үйлдвэрлэл орно.