Эх сурвалж: А.Төгөлдөр, www.ikon.mn, 2021.08.27
Төрийн буруу бодлогын уршгаар үндэсний 70 гаруй үйлдвэр хаалгаа барихад хүрсэн талаар "Үндэсний технологийн уур үйлдвэрлэгчдийн холбоо"-ноос мэдээлэл хийлээ. Тодруулбал, нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглосноор барилгын материалын үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон талаар олон нийтэд хандав.
Тус холбооны тэргүүн Б.Саруул-Эрдэнэ “Үндэсний үйлдвэрлэлүүд устах аюулд ороод байгаа талаар мэдээлэл хийж байна.
Засгийн газрын 62 дугаар тогтоолоор зөвхөн сайжруулсан шахмал түлшийг Улаанбаатарт түлэхээр болсон. Ингэхдээ нийслэлийн агаарын чанарыг бүсэд шахмал түлшнээс бусад түүхий нүүрс оруулахгүй болсон. Үүнээс үүдэлтэйгээр Улаанбаатарт байрладаг технологидоо түүхий нүүрс ашиглан бүтээгдэхүүн боловсруулдаг үйлдвэрүүд зогсонги байдалд ороод байна.
Агаарын бохирдол бидэнд тулгамдаад байсан асуудал. Бид агаарын бохирдлыг бууруулахыг дэмжиж байгаа. Гэхдээ гаргасан шийдвэр нь ямар ч уялдаа холбоогүй, цаашид шат дараатай авч хэрэгжүүлэх арга зам байхгүй байна. Засгийн газраас цар тахлын үед жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэг ч гаргасан тушаал, шийдвэр нь бодит байдалтай нийцэхгүй байна.
Өнгөрсөн жил хотын ерөнхий менежер Т.Гантөмөртэй уулзахад бидэнд “Та нар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ямар нэгэн техникийн дэвшил хий” гэсэн. Бидний ШУТИС-ийн эрдэмтэн, багш нартай хамтарч хийсэн судалгаагаар түүхий нүүрсний оронд шахмал түлшний найрлагын 95 хувийг хангадаг мидлингийг түлснээр агаарын бохирдлыг 30-50 хувиар бууруулах боломжтой гэж гарсан. Энэ дагуу бид мидлингийг ашиглаж эхлэх гэсэн боловч хот руу оруулахыг хориглосон хэвээр байна.
Манай холбоонд түүхий нүүрс ашиглан уур гаргаж тоосго, хөөсөнцөр, блок, бетон хийц үйлдвэрлэдэг компаниудаас гадна махны үйлдвэрүүд багтаж байгаа. Бид технологидоо нүүрс шатааж, уур үүсгэн, тэрхүү уураар бүтээгдэхүүнээ боловсруулдаг.
Гэтэл сайжруулсан шахмал түлш бидний технологид шаардлагатай даралтыг үүсгэж чаддаггүй. Бид энэ оны тавдугаар сарын 15-наас хойш зогсонги байдалтай байна. Сүүлийн үед барилгын материалын үнэ өсөж, хомсдол бий болоод байгаагийн нэг шалтгаан нь үүнтэй холбоотой.
Тиймээс Засгийн газар болон Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд хандаж бидэнтэй уулзаж, тулгамдаад байгаа асуудлыг маань шийдэж өгөөч гэж хүсч байна.
Яаралтай арга хэмжээ авахгүй бол бид ажилчдаа алдаж, эдийн засгийн боломжгүй болж байна. Түүнээс гадна үйлдвэрийн район буюу төвийн ууртай холбоотой бүсэд хятадын хөрөнгө оруулалттай компаниуд газар аваад, үйлдвэрээ бариад, бидний бүтээгдэхүүнийг орлох бүтээгдэхүүнийг хийж эхэлж байна.
Бид дампуурлын ирмэгт ирээд байгаа учраас энэхүү мэдээллийг хийж байна” гэв.