Showing posts with label finance. Show all posts
Showing posts with label finance. Show all posts

Д.Батням: Арматурын үнэ буурсан бол цементийнх тогтворжсон

Эх сурвалж: Б.Манлай, www.ikon.mn, 2023.05.04





Барилгын материалын үнэ ханш, чанарын талаар Барилгын хөгжлийн төвөөс өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.


"Монгол Улсын хэмжээнд импортолж буй барилгын материалын ихэнх хувийг БНХАУ, ОХУ-аас авдаг. Энэ жилийн барилгын олон улсын үзэсгэлэнд БНСУ, Итали, Турк, Казахстан улсын барилгын технологийг нэвтрүүлэхээр оролцуулж байна. 


Барилгын материалын үнийн судалгааг 2-3 төрлөөр гаргадаг. Цар тахлын үед барилгын материалын үнэ өссөнөөс ААН-үүдэд дарамттай их байлаа.


Сайдын өгсөн тушаалын дагуу 890 нэр төрлийн барилгын материалын үнийн судалгааг гаргаж, ААН-үүдийн үнийн өсөлтийг мөн тооцож ажилласан.


Одоогийн байдлаар барилгын материалын үнэ харьцангуй тогтворжсон. Арматурын үнэ 12%-аар буурсан бол цементийн үнэ тогтвортой байна. Гэхдээ цар  тахлын өмнөх үеийн үнэд хүрээгүй. Цаашид барилгын материалын үнэ буурах хандлагатай.


Барилга экспо үзэсгэлэнд БНХАУ болон бусад улсын барилгын материал үйлдвэрлэгчдийг оролцуулж байгаа. Ингэснээр барилгын материалыг үйлдвэрээс нь шууд авах боломжтой болж байгаа юм" хэмээн Барилгын Хөгжлийн Төвийн Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батням мэдээллээ.


Барилгын материалын чанарын тухай тэрбээр "Барилгын чанарт анхаарч, шалгалт хийдэг. Сая арматурын шалгалтыг хийж багагүй зөрчил илрүүлсэн. Барилгын тухай хуульд зааснаар тохирлын гэрчилгээгээр барилгын материалын чанарыг тодорхойлдог. Тохирлын гэрчилгээ авах шаардлагыг дотоодын болон импортын бараанд тавьдаг" гэв.

Г.Батсүх: Орон сууцны үнэ цаашид буурах хандлагатай

Эх сурвалж: Б.Манлай, www.ikon.mn, 2023.05.04





Барилгын хөгжлийн төвөөс өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулах үеэр барилгын салбарын сэргэлт, орон сууцны үнийн талаар мэдээлэл өглөө.


Барилга.мн-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Г.Батсүх "Эдийн засгийн өсөлт, бууралтаас барилгын салбарын өсөлт, бууралт хоцорч явдаг. Цар тахлын үед бага зэргийн уналттай байсан. Одоо барилгын ажлууд төдийлөн эхлээгүй. Энэ сараас барилгын ажил эхэлж, сэргэж байна.


Цар тахлын үед эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөр, ипотекийн зээлийн хэмжээ нэмэгдэж, бэлэн мөнгөний урсгал их орсонтой холбоотойгоор орон сууц, үл хөдлөх хөрөнгийн эрэлт огцом нэмэгдсэн юм. Үүнээс шалтгаалаад шинэ, хуучин орон сууцны үнэ өссөн.  Зах зээлийн хоёр дахь арилжаа явагдаж байгаа учраас ямар нэгэн зохицуулалт байдаггүй. Иргэдийн хувьд эрэлт, нийлүүлэлтийн зарчмаараа үнийн өсөлт бууралтаа хариуцаад явдаг.


Барилгын материалын үнэ цар тахлын үед дунджаар 85%-аар өссөн. Төсөвт өртөг ч энэ хэмжээгээр өссөн учир шинэ орон сууцны үнэ нэмэгдсэн. Шинээр орон сууц барьж буй компаниуд үнээ өсгөсөн тал бий.


2023 он гараад ипотекийн зээлийн хэмжээ буурч, эдийн засаг дахь бэлэн мөнгийг хумих бодлого явагдсан. Үүнийг дагаад өнөөдрийн байдлаар орон сууц, үл хөдлөх хөрөнгийн үнэ бага зэрэг буурч байна.


Импортын барилгын материалын үнэ буурч байгаа болохоор орон сууцны үнэ цаашид харьцангуй буурах хандлагатай байна гэж ойлгож болно" хэмээн ярилаа.

Д.Тунгалаг: Орон сууц худалдан авсны болон оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг өнөөдрөөс олгож эхэллээ

Эх сурвалж: Б.Манлай, www.ikon.mn, 2023.05.01





Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголтыг хэзээнээс иргэдийн данс руу шилжүүлэх талаар Татварын Ерөнхий Газрын ОХБОХ-ийн дарга Д.Тунгалагаас тодрууллаа.


- ХХОАТ-ын буцаан олголт хэзээ иргэдийн дансанд орох вэ?


- Иргэдийн 2022 оны иргэдийн орон сууц, сургалтын төлбөр, бусад татварын хөнгөлөлтийг нийслэлд тавдугаар сарын 1-нээс эхлэн олгож байна.


Орон нутгийн хувьд буцаан олголтыг данс руу нь шилжүүлээд эхэлсэн. Одоогоор Дорнод, Сүхбаатар, Дархан-Уул, Ховд, Булган, Говьсүмбэр, Орхон, Хэнтий аймгууд буцаан олголтоо 100% аваад байна.


Төв төрийн сангийн “багц”-ын гүйлгээний дансанд  иргэдийн буцаан олголтыг санхүүжилтийг орон нутгийн Төрийн сангаас шилжүүлсэн тухай бүр Татварын удирдлагын нэгдсэн системийн тусламжтайгаар өдөрт олгох үйл ажиллагааг Татварын Ерөнхий газар нь Сангийн яамны Төрийн сангийн газартай хамтран хэрэгжүүлдэг.


- Нийт хэчнээн иргэнд хэдэн төгрөгийн татварын хөнгөлөлтийг буцаан олгохоор байна вэ?


- Хувь хүний орлогын албан татварын тайлан 2022 оны тайланг 293,963 иргэн  ирүүлснээс 54,153 иргэн нь татварын хөнгөлөлтөд хамрагдах хүсэлт гаргажээ.


Хүсэлт гаргасан иргэдийн 2022 онд төлсөн 64.4 тэрбум төгрөгийн татварыг нь буцаан олгохоор байна.


Тухайлбал хувьдаа анх удаа орон сууц худалдан авсан болон барьсан 32,560 иргэнд 55 тэрбум төгрөг буцаан, төрсөн болон үрчлэн авсан хүүхдийн сургалтын төлбөр төлсөн 21,452 иргэнд 9.2 тэрбум төгрөгийн төлсөн татварыг нь буцаан олгоно.


Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд татварын алба “Татварын боловсролын жил” болгон зарлаж, иргэд, бизнес эрхлэгчдийн татварын боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн олон талт үйл ажиллагааны үр дүнд иргэдийн тушаасан тайлангийн тоо 222 мянгаас 294 мянга болж 33 хувиар өссөн байна.


Түүнчлэн татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд шинээр орж ирсэн зохицуулалт болох татварын хялбаршуулсан горимоор 77 мянган иргэн татвараа тайлагнасан.


Энэ нь татвар төлөгчдийн хуулийн мэдлэг сайжирч, татвар төлөгчийн үүргээ биелүүлсэн бол эрхээ эдлэх эрх зүйн өндөр чадамжтай болсныг харуулж байна. Жишээлбэл: Соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлахад зориулж өгсөн хандив нь баримтаар нотлогдож байгаа бол тухайн хандивтай тэнцэх хэмжээний жилийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг болон алсын зайн хөнгөлөлтийг үйл ажиллагааны орлоготой иргэд эдэлж эхэлсэн байна.


-Хувь хүний татвар төлөлтийг сайжруулах чиглэлээр Монголын татварын албанаас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?


- Татварын албанаас иргэдийн татварт хамрагдалтыг нэмэгдүүлэх, татвараа тайлагнах, төлөх процессыг хялбар болгох, хөнгөвчлөх талаар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал төлбөрийн баримт хэвлэх кассын систем, хэвлэх төхөөрөмж ашиглах боломжгүй бизнес эрхлэгчдэд QR код үүсгэн өгч, худалдан авагч тухайн QR кодыг и-баримт аппликэйшнээр уншуулан өөртөө худалдан авалтын баримт үүсгэн авах боломж бүрдүүлсэн.


Татвар төлөгчдөд бүх төрлийн хөрөнгийн албан татварын нэхэмжлэхийг татварын төлөгчийн гар утас, цахим хаягаар хүргүүлж байна.


Түүнчлэн НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоосоо албан татвараа хялбар төлөх үйл ажиллагааг хэрэгжүүлснээр 2023 оны нэгдүгээр улирлын урамшууллаараа нийт 54,363 татвар төлөгч 755.1 сая төгрөгийн албан татвараа ямар ч гүйлгээний шимтгэлгүй төлсөн байна.


Өнөөдрийн байдлаар малчид хөрөнгийн, малын болон бусад бүх төрлийн албан татвараа ибаримт аппликэйшнээрээ  гэрээсээ төлөх боломжтой болсон.


-Иргэд хэдэн төгрөгийн татвар төлдөг вэ?


-Татварын албанд 2.9 сая иргэн татвар төлөгчөөр бүртгэлтэй байдаг. Эдгээр иргэн нь 2022 онд 3 их наяд төгрөгийн татвар төлсөн нь татварын байгууллагын улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татварын 33 хувийг бүрдүүллээ.


Тухайлбал орлогын татвар буюу цалин түүнтэй адилтгах орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсан шилжүүлсний орлогоос 1.40 их наяд төгрөг, хэрэглээний татвар буюу НӨАТ, ОАТ, НХАТ-аар 1.56 их наяд төгрөг, хөрөнгийн татвар буюу ҮХЭХ, автотээврийн хэрэгсэл, галт зэвсэг, малын хөлийн татвараар 85 тэрбум төгрөгийн татварыг төлсөн байна.

Нүүрсний хэрэгт холбогдуулан 7,457 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 142 нэгжлэгийн ажиллагаа явуулжээ

 Эх сурвалж: www.ikon.mn. 2023.01.18. П.Зоригт





Улсын Ерөнхий Прокурорын Газар(УЕПГ)-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 


Энэ үеэр нүүрсний хэрэгт холбогдуулан 92 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Үүнээс 44 нь нийтийн албан тушаалтан, 48 нь аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх, удирдах албан тушаалтан болон бусад иргэн байгааг Нийслэлийн Прокурорын Газар (НПГ)-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од хэллээ. 


Тэрбээр "Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргүүдийг шалгаж, шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор УЕПГ-ын шийдвэрээр АТГ болон цагдаа, тагнуулын байгууллагын мөрдөгч нар ажиллаж байна.


Тодруулбал, НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 11 прокурор, орон нутгаас зургаан прокурор нэмэлтээр ажиллаж байгаа юм. Хамтарсан ажлын хэсгээс нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой нийт 46 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүний 28 нь хэрэг бүртгэлтийн хэрэг, 18 нь мөрдөн байцаалтын хэрэг юм" гэлээ. 


Үргэлжлүүлэн "Одоогийн байдлаар дээрх 46 хэргээс 23 хүнд холбогдох дөрвөн хэрэгт нь НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Хэрэг бүртгэлтийн 28 хэрэг, мөрдөн байцаалтад 12 хэрэг бий.


Прокурорын байгууллага 28 хүнд холбогдох хоёр хэргийг хянаж байна. Тухайлбал,


Гашуунсухайт дахь Гаалийн газрын улсын байцаагч болон Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын хилийн шалган нэвтрүүлэх албан хаагчдад холбогдож байгаа юм.

Хил хамгаалах ерөнхий газрын хилийн 131 дүгээр ангийн 0325 дугаар салбарын алба хаагчид албаны чиг үүрэгт хамааралгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд хахууль авсан хэрэгт холбогдуулан НПГ-аас хянаж байна.

Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргүүдэд АТГ-ын 25 мөрдөгч, цагдаагийн байгууллагын 78 нийт 103 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Өнгөрсөн хугацаанд хамтарсан ажлын хэсгийн мөрдөгчид нийт 7,457 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 331 үзлэг, 142 нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.


Цагдаагийн байгууллага 90,941 хуудас цаасан баримт, АТГ 547 хавтас, цаасан суурьтай баримтыг тус тус хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэдгийг хэлэв.

Нийтийн тээврийн 224 автобусыг БНХАУ-аас 59.5 тэрбум төгрөгөөр авчээ

Эх сурвалж: www.ikon.mn. 2023.01.17. Б.Манлай





Улаанбаатарын нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийж 117 шинэ автобус авчраад байгаа. Ирэх сард 107 автобусыг авснаар нийт 224 шинэ автобустай болохыг албаныхан мэдээлээд буй. Харин эдгээр автобусыг ямар үнээр авсныг ил болгохыг олон нийтийн сүлжээгээр иргэд шаардаж байсан. НЗДТГ-аас шинэ автобусны үнийг нийтэд зарлажээ.


Тодруулбал, БНХАУ-ын "Xiamen Golden Dragon" үйлдвэрээс шинэ автобусыг нэг ширхгийг нь 561,081 юань буюу 265,300,000 төгрөгөөр авчээ. Ингэснээр 224 автобусыг 59.5 тэрбум төгрөгөөр гэрээлсэн байна. Эрээн хотоос автобуснуудыг зөөж авч ирэх зардал нь 11,825,000 төгрөг.

Автобус худалдан авах тендерт БНСУ, БНХАУ-ын нийт долоон компани саналаа ирүүлснээс хамгийн хямд үнэтэйг нь сонгосон гэв.


Энэ долоо хоногт эхний 30 шинэ автобусыг техникийн хяналтад оруулан үйлчилгээнд гаргасан бол үлдсэнийг нь Лхагва, Баасан гарагт явуулах аж.


Шинэ автобусны техникийн үзүүлэлтүүд:


Евро стандартын шаардлага хангасан, 8,400 cc хүчин чадалтай, евро V дизель хөдөлгүүртэй

Хана, тааз, шал зэрэг эд анги нь гал, усанд тэсвэртэй, туршилтаар нотлогдсон

Хажуу цонх нь нэг комоос бүрдсэн, бууралттай, цантдаггүй, давхар вакум шилтэй, гулсаж онгойдог

Заал агааржуулалтын болон иж бүрэн дулаацуулгын системтэй

Жолоочийн суудал зөөлрүүлэгчтэй, зориулалтын арьсаар бүрсэн, чанга яригчтай

Нийтийн тээвэрт тавигдах хотын стандартын дагуу уламжлалыг хадгалсан өнгө үзэмж, гадна загвартай

Тусгай хэрэгцээт иргэнийг тээвэрлэхэд зориулагдсан налуу шат болон тэргэнцрийн бэхэлгээтэй

Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн дугаар, хаяг бүхий цахим дэлгэцийг автобусны урд, баруун, хойд талд байрлуулсан

Хөдөлгүүрийн хэсэгт галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчтай юм байна. 

"270 тэрбум төгрөгөөр дэд бүтэц байгуулбал гэр хорооллын 128 мянган өрхийг орон сууцанд оруулах боломжтой"

Эх сурвалж: ikon.mn, 2022.05.03








Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл 2010 оноос хэрэгжиж эхэлсэн.


Өдгөө гэр хорооллын нийт 28 байршилд 43 төсөл хэрэгжүүлэгч шалгаран ажиллаж, энэ хугацаанд 2,519 нэгж талбарт газар чөлөөлөн, 11,755 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна. Тэгвэл өнөөдөр гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн анхны хаалтын ажиллагаа болж, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлсэн “Монтед констракшн” ХХК-ийн ажлыг дүгнэж, төслийн үр дүнг хүлээн авлаа.


Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл нь Сүхбаатар дүүргийн долдугаар хороолол орчимд газар чөлөөлснөөр анх эхэлж байсан. 2014 онд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Монтед констракшн” ХХК өнөөдөр ажлаа хүлээлгэн өгч байна. Компаниуд маань эхнээсээ ийн ажлаа хүлээлгэж өгч байгаатай зэрэгцээд олон талбарт гэр хорооллыг орон сууцжуулах ажил эхэлж байна. Инженерийн шугам сүлжээ татах, түүний төсөвт өртгийг нийслэлээс үе шаттай шийдэж байгаа” хэмээлээ.


“Монтед констракшн” ХХК нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо “Ү” хэсэгчилсэн талбайн нийт 4.8 га, 79 нэгж талбар бүхий газарт үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд 36 айлын газар чөлөөлж, нийт 875 айлын 11 блок орон сууц барьж, ашиглалтад оруулжээ. Инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц татах нь л хамгийн хүндрэлтэй байсан гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал, төслийн удирдагч Г.Энхболд хэлж байлаа.


Нийслэлийн иргэдийн 50 хувь нь орон сууц, 50 хувь нь гэр хороололд амьдарч байна. Гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд дэд бүтэц хүрэх боломжтой 128 мянган өрхийг хамруулах боломж бий. Үүнд 270 тэрбум орчим төгрөг шаардлагатай. Инженерийн шугам сүлжээ хүрэх боломжгүй үлдсэн талбарт гэр хорооллын шинэчилсэн зохион байгуулалт төслийг хэрэгжүүлнэ гэдгийг албаныхан онцолж байлаа.


Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар


Нийслэлд зарлагдсан тендерүүдийн 193-т нь ямар нэг аж ахуйн нэгж оролцоогүй байна

Эх сурвалж: ikon.mn, 2022.05.02





Нийслэлийн Засаг Даргын Шуурхай зөвлөгөөн Даваа гараг бүр болдог билээ.


Өнөөдрийн зөвлөгөөнөөр хэлэлцэж буй асуудлын нэг нь тендер юм. Бүтээн байгуулалтыг эрт эхлүүлэх зорилгоор тендерийг оны эхнээс зарласан. Гэвч өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд зарлагдсан тендерүүдээс 193-т нь ямар нэг аж ахуйн нэгж оролцоогүйг нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэв.


Түүнчлэн тэрбээр "82 тендерт шаардлага хангасан компани оролцоогүйн улмаас тендерийн ажлууд гацжээ. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс болж тендер бүтэлгүйдэх тохиолдол их байна" хэмээлээ.

Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны үнэ хамгийн өндөр буюу нэг метр квадрат нь дунджаар ₮3.4 сая байна

Эх сурвалж: ikon.mn, 2022.04.14






Үндэсний статистикийн хороо болон Монголбанк хамтран орон сууцны үнийн хэлбэлзлийг тодорхойлжээ. 


Үүнээс үзэхэд, Улаанбаатар хотод шинээр ашиглалтад орсон орон сууцны үнэ 2022 оны гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар, өмнөх сараас 3.7 хувиар тус тус өссөн байна. 


Тодруулбал, өнгөрсөн сард шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 3.12 сая төгрөг болсон бөгөөд байршлаар нь ангилбал Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.39 сая төгрөг байна.

Харин хуучин орон сууцны хувьд өмнөх жилээс үнэ нь 29 хувиар өсөж, 1 м.кв талбайн дундаж үнэ 3.05 сая төгрөг болжээ. Хуучин орон сууцны үнэ Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу нэг метр квадрат нь 3.75 сая төгрөг байгаа юм.

Э.Золбоо: Нийт дөрвөн үйлдвэр цементийн үнийг 16-28 хувиар өсгөсөн байна

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.16





Барилга хот байгуулалтын яамны /БХБЯ/ удирдлагууд цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хүргэв. Тодруулбал, цементийн үйлдвэрүүд бараа материалын үнийг шалтгаангүй нэмсэн тухай Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо хэлэхдээ "Манай улс өнөөдрийн байдлаар цементийг зуун хувь дотоодоосоо ханган нийлүүлж байгаа. Энэ төрлийн бараа хомстолгүй байгаа ч өнгөрсөн долоо хоногт цементийн үнийг дотоодын үйлдвэрүүд өсгөсөн. Тухайлбал, нийт дөрвөн үйлдвэр 16-28 хувиар үнийг өсгөсөн үзүүлэлттэй байна.


Энэ өсөлт бодит эсэхийг яаралтай шалгаж тогтоохоор ажлын хэсэг ШӨХТГ-т чиглэл өгсөн. 


Бид цементийн үйлдвэрүүдийн төлөөлөлтэй уулзахад тэдний зүгээс "Өнгөрсөн онд цементийн үнийг огт нэмээгүй, алдагдалтай ажилласан. Тиймээс 2022 оны бүтээн байгуулалтад оролцохын тулд заавал тодорхой хэмжээнд үнэ өсгөхөөс өөр аргагүйд хүрсэн" хэмээх байр суурийг илэрхийлсэн.

 Үйлдвэрүүд тохиролцсон ёсоор энэ оны үнийн өсөлтийг холбогдох яамандаа мэдэгдэх ёстой. Гэвч өссөний дараа хойноос нь хөөцөлдөж байгаа нь үнэн Жишээлбэл,


Цементийг бүрдүүлдэг түлш 30 хувь

Үнс 14 хувь

Сэлбэг тээвэр 70 хувь

Нүүрс 20 хувь, төмрийн хүдрийн үнэ 25 хувь тус тус өссөн хэмээн үйлдвэрүүдийн зүгээс тайлбарласан. Энэ асуудлыг ШӨХТГ-аас чиг үүргийнхээ дагуу удахгүй шалгалтаа хийж бодит өсөлт мөн эсэхийг тодорхойлох байх" гэв.

Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хэлэхдээ "2021 онд үнийн барилгын материалын үнэ тодорхой түвшинд өсөж, бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулсан нь үнэн. Улмаар төсөвт өртөг хүрэлцэхгүй болж, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа зогсонги байдалд орох асуудлууд тулгамдсан. Тийм учраас БХБЯ санаачилж үнийн индекс боловсруулах, төсөвт өртөгт өөрчлөлт оруулах санаачилгыг Сангийн яамтай хамтарч ярилцсан. Улмаар 2022 оны улсын төсвийг батлан гаргахдаа дагалдаж 88 дугаар тогтоолыг батлуулсан. Үүнд:


Нэгдүгээрт, Барилгын материалын үнийн индексийг тооцож батлуулах,

Хоёрдугаарт, Төсөвт өртөгт нөлөөлөх хүчин зүйлийг судалж тодорхой өөрчлөлтийг УИХ-д танилцуулах үүргийг өгсөн" хэмээн хэллээ.


Б.Энхбаяр: Дамбын Хишгээ гэдэг нөхөр Хөшигийн хөндийд газар авчхаад түүнийгээ улсад зарах гээд байна

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.16





Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийллээ.


Тэрбээр “Чөлөөт бүс байгуулах асуудлыг дэмжиж байгаа. Гэхдээ хуулийн төслийн үзэл баримтлалд “Хөшигийн хөндийд төлөвлөсөн шинэ суурьшлын бүс болох Шинэ зуун хот, Майдар хотуудыг байгуулах ажил бодитоор хэрэгжих боломж бүрдэнэ” гэдэг өгүүлбэр байна.


Майдар гэдэг хот байгуулсан төрийн шийдвэр байгаа юу. Үндсэн хуульд УИХ-ын шийдвэрээр хот байгуулдаг. Майдар хотыг байгуулсугай гэдэг УИХ, Засгийн газрын шийдвэр байхгүй. Энэ хаана байдаг хот вэ.


Нэг хүн цаасан хот байгуулаад баахан хүнээс мөнгө татсан. Энэ төрийн байгуулж байгаа хот уу, хувь хүний хот уу.


Майдар хот нэрээр баахан бурхан зарсан байгууллага нь төрийн бус байгууллагын халхавчаар олон хүнээс мөнгө татсан. Эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулснаар Майдар хот албан ёсных болох уу.


Үүнээс гадна Дамбын Хишгээ гэдэг нөхөр Хөшигийн хөндийд маш том газар авсан. Тэнд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах гэтэл улсад газраа шахах гэж байна гэж ойлгоод байгаа. Улсын төсвөөс Дамбын Хишгээ гэдэг нөхөрт мөнгө өгөх үү. Энэ нөхөр хэдэн га газар авчхаад улсад зарна гээд мөнгө угаалт хийгээд байгаа юм гэдгийг тодруулмаар байна" гэв.


Түүний асуултад Эдийн засаг, хөгжлийн яамны газрын дарга н.Батжаргал: 2012 онд найман жилийн хугацаатай Майдар хотын төлөвлөлтийг хийх Засгийн газрын шийдвэр гарсан байдаг.


Харин Шинэ зуун мод хотын тухайд “ЖАЙКА”-ийн судалгааны багийн оролцоотойгоор урьдчилсан судалгаанууд хийж байсан. Энэ судалгааны дата мэдээллийг Хөшигийн хөндийд шинэ суурьшлын бүс байгуулах асуудалд ашиглаж байгаа.


Түүнээс биш Майдар хот, Шинэ зуун мод хотуудад улсын төсвөөс ямар нэгэн төсөв зардал суулгаагүй.


Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол: Орон нутгийн зэрэглэлтэй Майдар, Шинэ зуун мод хотыг байгуулах УИХ-ын 2020 оны тогтоол гарсан байдаг.


Улсын тусгай хэрэгцээнд авсан 12 мянган га газарт Майдар хотыг төлөвлөн, тодорхой ажил эхлүүлсэн юм билээ.


Хөшигийн хөндийд улсын тусгай хэрэгцээнд авсан 31 мянган га газарт Майдар хотын газар орохгүй. Шинэ зуун мод хотын газар ч мөн орохгүй.


Хөшигийн хөндийн чөлөөт бүсийн 31 мянган га газарт Дамбын Хишгээгийн 500 га газар бий. Тус аж ахуйн нэгжид 41 байршилд газар олголт хийсэн байсан.


Гурван шатны шүүхийн шийдвэрээр энэ газар маргаангүй, үйл ажиллагаа явуулах боломжтой гэдэг шийдвэр гарсан байдаг.


Тухайн хүмүүс бидэнтэй уулзаж Засгийн газраас гаргасан ерөнхий төлөвлөлттэй уялдуулан хамтран ажиллана гэдэг байдалтайгаар ажил үргэлжилж байна.


100 хувь төрийн өмчийн 1,000 га газрын асуудлыг өнөөдөр хэлэлцэж байна. Энд маргаантай газар огт байхгүй.


УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Энэ Дамбын Хишгээ гэдэг хүн аймгийн Засаг дарга, сумын Засаг даргын шийдвэрээр газар аваад байдаг юм уу. Монгол Улс Хөшигийн хөндийд бүтээн байгуулалт хийгээд байдаг. Гэтэл мэдээлэлд ойр байдлаа ашиглан газар авчхаад түүнийгээ улсад зарах гээд суугаад байдаг.


Энэ хүн 500 га газраа хэдэн төгрөгөөр зарах гээд суугаад байдаг юм бэ.


Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол: Дамбын Хишгээ өөрөө Засгийн газар бодлогоор хот төлөвлөлт хийнэ гэвэл газрыг бүтнээр нь авч болно гэдэг санал тавьдаг юм билээ. Гэхдээ үнэ хэлж байхыг нь би сонсоогүй.


Улаанбаатарт орон сууцны үнэ өмнөх сараас нэг хувиар буурчээ

Эх сурвалж: ikon.mn. 2022.03.15

 

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2022 оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар өсөж, өмнөх сараас нэг хувиар буурчээ.


Өнгөрсөн сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.08 сая төгрөг болсон бөгөөд Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 3.58 сая төгрөг байна.


Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 2.94 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 3.52 сая төгрөг байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд үнэтэй байна хэмээн ҮСХ-ноос мэдээллээ.







Гэр хорооллын хүнсний дэлгүүрүүд иргэдийн барьцаалан зээлдүүлэх ‘түнш’ болжээ

Эх сурвалж: news.mn, 2022.02.18


Хэдхэн хоногийн өмнө уламжлалт сар шинийн баяр болж өнгөрлөө. Гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ гэсэн ч иргэд байдгаа тавьж шинэлцгээсэн. Сар шинээр хуугаар нь хамсан иргэд одоо туйлдсан байдалтай байгаа талаар иргэд ч өөрсдөө их ярих болсон. Тиймээс иргэдийн өдөр тутмын амьдрал хэр байгааг ажиглах боломжтой газрыг гэр хорооллын хүнсний дэлгүүр хэмээн үзсэн тул Сүхбаатар дүүргийн 15-р хороо Дамбадаржаа хавиарх хүнсний дэлгүүрүүдээс энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ. 


Хүйтний улирал дуусч хаврын урь орлоо гэж баярлавч “молиго модон чихэр” гэдэг шиг өвлөөсөө хүйтэн жавартай хаврын өдрүүд үргэлжилсээр. Гудамжны үзүүрээс куртикныхаа энгэрийг зөрүүлэн тэвэрсэн залуу гүйсээр хүнсний дэлгүүр бараадав. Араас нь даган орвол “Хараа 0.5-тайгаас нь,  нэг зуугийн аягатай” гэчихэээд худалдагчтай “Танайхан сайн уу” гэх ойр зуурын үгс солилцоно. Уг дэлгүүрт бараагаа бичүүлэх гэж хүлээх шаардлагагүй. Учир нь, хотын төвийн дэлгүүрүүд шиг хүлээгээд байх олон хүн орохгүй.


 Дэлгүүрийн худалдагч “Цагаан сарын үеэр сүү, шар тос, бууз, ундаа гүйлгээтэй байлаа. Баярын дараах 2-3 хоногтоо иргэд бага сага зүйл авч байгаад мөнгөгүй болдог юм уу, яадаг юм гурав, дөрөв дэх өдрөөсөө худалдаж авахаас илүү зээлэх гэж орж ирэх нь их байна. Жишээ нь, уржигдар 15 ширхэг талх авсан. Өчигдөр гүрийсээр байгаад нэгийг нь өөрөө идээд, нөгөөхийг нь дүүдээ өгч дуусгаад өнөөдөр шинэ талх захьлаа. Ер нь худалдан авалт гэдэг чинь лөөлөө болчихоод байна. Өглөө цөөхөн хүн орж ирээд, өдөр нь хүнгүй, орой ажлаа тараад ганц нэгхэн хүн орж ирж байна даа” хэмээв.                       

Цахилгаан бараагаа үлдээгээд зээл авчихсан хүмүүс хүртэл байна


Цааш энхэл донхол замтай, хаа нэг нохой хуцах гудмаар явбал усны худагтай залгуулж барьсан улаан тоосгон дэлгүүр байх аж. Тухайн дэлгүүр рүү ороход 7 орчим насны хүү: Эгчээ тэрийг авъя.


-Худалдагч: Тэр гэж аль вэ, аль?


-Хүү: Тэр шар ууттай гоймонг.


-Худалдагч: Сайн асуугаад ирээ. Буруу юм аваад явах гэж байгаа юм гэсээр хүүд бэлэн гоймонг өгөөд явуулав. Тус дэлгүүрийн эзэн Дамбад долоон жил дэлгүүр ажиллуулж байгаа агаад өөрийнхөө гудамжны бараг бүх айлын аж амьдралыг мэддэг тул ихэнх айлд нь ойр зуурын зээл өгдөг аж. Мөн уг дэлгүүр “Алив гэрт хүн ирчихлээ. Хиам, зайдас, талх, боорцог, шил архи өгөөч” гэж сандарч ирэх хүмүүсийн хөлөөр тасардаггүй байна. Иргэдийн хувьд хагассайн, бүтэнсайн өдөр болохоор угаалгын нунтаг, савангаас эхлээд л зээл бас дахин зээл аж. Уг дэлгүүрт 5-210 мянган төгрөгийн зээлтэй хүмүүс их байгаа гэв. Тэдгээр дунд өдөртөө зээлээ төлдөг, 14 хоног, 1-2 сар хүлээлгэж төлдөг олон төрлийн хүмүүс байдаг байна. Иргэд нийт өрнийхөө жаахан хэсгийг төлөөд дахин өр тавих нь элбэг. Бүрмөсөн дарах ганц үе нь тэтгэвэр, халамж, хүүхдийн мөнгө буух үеэр нэрээ хараар эрээчүүлж нуруу нь тэнийнэ. Харин удалгүй талх, сүү, мах уутлаж аваад ээлжит ачаагаа үүрнэ. Өрийн дэвтэрт нэг гэрийн аав, хүү хоёр тус тусдаа нэрээ бичүүлсэн нь ч байв. “Сайн найзтайгаа харьцахыг хүсэхгүй байвал мөнгө зээл” гэх үг цахим орчинд өдөр бүр л харагддаг. Хэнийг нь ч сайн мэдэхгүй нэгэндээ хэдэн арван мянгын бараа зээлэх нь зарим иргэдийн нөхөрлөлөөс илүү андлалтай хүнсний дэлгүүр, туйлдсан иргэдийн тарчиг амьдрал. “Хүмүүс хүүхдийнхээ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, жолооний үнэмлэх гээд бүхий л бичиг баримтаа тавьж өдөр тутмын хоол хүнсний зүйлс болох талх, элэгний нухаш, сүү, тамхи голцуу авдаг байсан бол одоо гэрийн эд хогшлоо хүртэл тавих болсон” хэмээн дэлгүүрийн эзэн ярих зуураа лангууны ар талын хэсэг рүү зааж “Чи тэрийг хар л даа, тоос сорогчоо хүртэл үлдээчихсэн байгаа биздээ” гээд инээв. Энэ хооронд ганц нэг хүн орж ирэх ч лангууг хэд эргүүлж, тойруулж харж байгаад хоосон гараад явав. Авах зүйл нь байсангүй юу, эсвэл авах бараа нь гэсэн үнэтэй байв уу. Удалгүй бага ангийн хүүхдээ дагуулсан настан ширхгийн тамхи, нэг шуудай мод авч гарахын алдад “энийг авна” гэж хүүхэд нь тийчигнэнэ. Хичээл сургууль эхэлсэн учир өдөртөө хичээл тарах, эхлэх үед хэд хэдэн хүүхэд эцэг, эхийгээ чангаасаар дэлгүүрт орж ирдэг байна. Аргагүй эрхэнд зээлээр ч болтугай эцэг, эхчүүд авч өгөх аж. Гэхдээ зээл өгөхөд зарчим бий. Зээлээр архи, согтууруулах ундааг хэзээ ч дэлгүүрүүд олгодоггүй байна. Архи зээлээр зайлшгүй шаардлагатай байвал эхнэр, нөхөр хоёрын нөхөрт нь бус эхнэрт нь өгдөг аж. Нөхөр бол нэг төрлийн найдваргүй зээлдэгч. Найдваргүй зээлдэгчид хэзээ дахин зээл гарч байлаа даа.


        Бөөний гэх тодотголтой дэлгүүр, захууд гэр хорооллын дэлгүүрт хамаагүй хямд байна


Дараагийн дэлгүүр бол Долоон буудлын зам дагуу байрлах гудамжны үзүүрт байрладаг “Мөнгөн” дэлгүүр юм. Тус дэлгүүр орлого муутай, өдөрт ихдээ л 140 мянган төргөгийн орлоготой байгаа аж. Уг дэлгүүр талх, боорцог гэх гурилан бүтээгдэхүүн худалдан авалт муутай байгаа тул хугацаа нь дуусч  “шатах” тохиолдол гараад байгаагаас болж зарахаа больсон байна.


Дэлгүүрийн худалдагч гэх 40 гаруй насны эмэгтэйгээс иргэдийн худалдан авалтын талаар тодруулахад  “Цагаан сарын үеэр биднийг овоож оцойтлоо ихийг олж байна гэж бодоод байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд ямар ч баярын өмнөх долоо хоногт гэр хорооллын дэлгүүрүүд зогсонги байдалд ороод байдаг болчихсон. Ялангуяа Оргил, Номин, Е-Март гэх олон сүлжээ дэлгүүр хаа сайгүй байгуулагдсантай холбоотой иргэд бөөний төв гэх газруудаас баярын зүйлсээ авдаг болсноор гэр хорооллын дэлгүүрүүд эзгүйрдэг. Гэтэл бөөний гэх тодотголтой дэлгүүрүүд нь ихэвчлэн 1000-2000 төгрөг нэмж зардаг. Түүнийг нь иргэд авахдаа үнэтэй байна, бүх юм өсчихлөө гээд хашгичаад байдаг. Жишээлбэл,манайд бэлэн гоймонг 3100 төгрөгөөр зарж байхад сүлжээ дэлгүүрт 3800 төгрөгөөр зарагдаж байна. Аль нь яг бөөний төв болж таарав. Бөөний төв, зах гэхээр л иргэд хямд гэж ойлгодог. Гэтэл Хүчит-Шонхор, Барс, Нарантуул чинь жижиг дэлгүүрээс үнэтэй байна шүү дээ. Тэд үйлдвэрлэгчдээс 500-1000 төгрөг нэмж зарж байхад бид бөөний төвөөс бараа татаад ашиг харна гэвэл иргэд улам л туйлдах биз” хэмээн бухимдангуй ярив. Цалингаа буух бүрт хоол, хүнсээ цуглуулах гэсэн иргэд бөөний төвийг зорино. Харин иргэдийн худалдан авах сэтгэлээр “тоглож” бөөний бус ширхэгийн үнээр зарах нь элбэг аж.


Сүүлийн дэлгүүр болох “Хүнсний мухлаг” гэх бичигтэй жижиг мухлагт орлоо. Ороход нэг нь цай барьсан, нөгөөх нь гал өрдөж суух 70 гаруй насны эхнэр, нөхөр хоёр байв. Тэд хөдөө агаарт гарах сонирхолтой ч эхнэр нь харвалттай тул эмчийн хяналтад байх шаардлагатай юмсанж. Дан ганц хэвтээд байж чадалгүй мухлаг ажиллуулж амжиргаагаа залгуулдаг байна.Тэтгэвэр нь 350 мянгаас 500 мянга болсон нь сайшаалтай ч эм тарианд байдгаа барж байгаа тул арай гэж л хүргэж, оюутангүй тулдаа эмчилгээ оношлогооныхоо мөнгийг илүүчилж байгаагаа учирлав. Тухайн мухлаг сүүлийн 2 сарын хугацаанд бараг л бараа татаагүй аж. Иргэд гэлтгүй энэ хэдэн дэлгүүр нь хүртэл орлого нь өрөндөө  явах болж. Энэ мэтчилэн нийтдээ найман дэлгүүр оров. Иргэдийн худалдан авалт аль алинд нь муу, зээлээс зээлийн хооронд л байгааг худалдагчид ярив. Одоо хаврын бус хухай хоосон хоногийн хоолоо аргацаах зээлийн улирал гэж нэрлэх дээрээ тулжээ.




"Ипотекийн зээл авах иргэд харилцагч банкандаа хандан хүсэлтээ гаргана"

Эх сурвалж: ikon.mn, 2022.02.10





Хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 онд Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 1,012 тэрбум төгрөгийн зээлийг 13 мянга гаруй өрхөд олгосон байна. 


2022 онд нийт 700 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээл олгогдохоос оны эхний 2 сарын санхүүжилтэд зориулж Монголбанк болон банкны эх үүсвэрээр 103 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хөтөлбөрт оролцогч банкуудад хуваарилаад байна. Хөтөлбөр хэвийн үргэлжилж байгаа тул зээл хүссэн иргэн өөрийн харилцагч банкандаа хандан хүсэлтээ гаргаж болно хэмээн Монголбанкнаас мэдээллээ. 


Дүрслэл 1. Ипотекийн хөтөлбөрийн зээлийн дүн (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо, оноор


Захын гэр хорооллын "Зээлийн дэвтэр"

Эх сурвалж: Г.Даша, www.eagle.mn. 2019.02.28





Сүүлийн 15 жилийн хугацаанд Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөн нэмэгдэж, хотын хүн ам 55 хувиар өссөн. 2018 оны байдлаар нийслэлийн оршин суугчдын бараг хагас нь буюу 790 мянган хүн гэр хороололд амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ.  Гэр хорооллын иргэдийн дийлэнх нь худалдан авах чадвар сул, зээлээр хоногийн хоолоо залгуулж байгаа гэх мэдээлэл чих дэлсэх болоод удсан. Бид өнөөдөр бодит байдал дээр ямар байгааг сурвалжиллаа.




/Сурвалжилга хийсэн дэлгүүрийг зургийг оруулаагүй болно/


Сонгинохайрхан дүүрэгт байрлах захын гэр хорооллын найман нэрийн хүнсний дэлгүүрийг зорин очлоо. Гэр хороолол дунд байрлах найман нэрийн дэлгүүрийн эзэн бидний хүсэлтийг уриалгахан хүлээн авч яриа өрнүүлсэн юм. Тэрээр 6 жилийн өмнө 4 дүгээр хороололд зургаан нэрийн хүнсний жижиг дэлгүүр ажиллуулж эхлэн өдгөө Сонгинохайрхан дүүрэгт найман нэрийн томхон дэлгүүртэй болжээ. Манайд дууссан, дуусаагүй хэд хэдэн зээлийн дэвтэр бий. Хамгийн сүүлд хэрэглэж байгаа хоёр дэвтрээ харуулъя хэмээн дэлгүүрийн эзэн өгүүлснээр бидний яриа өрнөсөн юм. Төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮХС-гийн зээлийг тэрбум тэрбумаар нь авч хувийн бизнесээ тэлж, толгой эргэм ашиг олж байгаа бол харин гэр хорооллын иргэд хоногийн хоол, хүнсээ граммлан зээлээр авч байна. Үүнийг дэлгүүрийн эзний ярианаас харж болно. 




"Орж ирж үйлчлүүлж байгаа хүн бүр л зээл авах гэдэг. Гэхдээ бид байнгын үйлчлүүлдэг хүмүүстээ тодорхой итгэлцлийн үндсэн дээр зээл олгодог. Манай энэ хавьд л гэхэд 80-120 айл манайхаар байнга үйлчлүүлдэг. Тэдний дунд ижил нэртэй хүмүүс олон. Зээл олгохдоо нэр ижил хүмүүсийг хийж байгаа ажил мэргэжил бусдаас содон тэмдгээр нь үсчин Баярмаа, өндөр Баярмаа, худгийн Баярмаа гээд л тэмдэглээд зээл өгнө шүү дээ. Өлөн боловсруулах цехэд ажилладаг гэр бүлийн хоёр, шар куртикт, гэрийн модны ах, түргэний жолооч, барилгын Баяраа, хойд байшингийнхан, сүүний хүү, Дорж ахын том хүү, Жерри, шар охидууд, сүмийн охин гээд өгсөн зээлүүдээ бичнэ. Зээлээ цаг хугацаанд нь төлдөг нэгэн байхад зээл аваад таг болдог нь байна. Цагаан сарын өмнө бид 100 мянгаас дээш төлөгдөөгүй зээлүүдээ нэгтгэхэд нэг сая гаран төгрөг болсон. Зарим нь улирлын чанартай ажил хийдэг болохоор яалт ч үгүй удаах нь бий.  Олон хүнтэй удаан хугацаанд харилцахаар хэн нь хаана юу хийдэг, хэзээ цалингаа авдаг гээд бүхий талын мэдээлэлтэй болно шүү.





Нөхөр бид хоёр төв рүү болон гэр хороололд хүнсний дэлгүүр ажиллуулж үзэж байсан. Гэр хорооллынхон карт уншуулахаасаа илүүтэй дандаа бэлэн мөнгөтэй явдаг. Учир нь тэд банктай бараг харьцдаггүй болохоор банкны зээлийг зөвхөн тэтгэврийн хөгшчүүл л авдаг. Ажил хөдөлмөр эрхэлдэг залуу хүмүүс банктай харьцаад байдаггүй болохоор тэр бүр амьжиргаа нь дээшлэхгүй хувиараа хөдөлмөр эрхлэн нийгмийн даатгал төлдөггүй тул банк тэдэнд зээл өгдөггүй. Энэ хавийнхан хүнс, хэрэгцээний бүтээгдэхүүнээ л авдаг.


Хотын төвийн үйлчлүүлэгчид ихэнх нь байр, машины зээл төлнө гээд бэлэн мөнгө багатай худалдан авалт муу хийдэг. Манайх 4 дүгээр хороололд хүнсний дэлгүүр ажиллуулж байхад иргэд жижиг дэлгүүр гэхээсээ илүүтэй томоохон сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэх сонирхолтой байгаа нь ажиглагдсан.


Гэр хорооллын иргэд бол ойроос хүнсний хэрэгцээний зүйлсээ авдаг. Тэр тусмаа нэг үйлчлүүлдэг дэлгүүрээрээ байнга үйлчлүүлдэг. Ингэснээр тухайн дэлгүүрээсээ зээл авна гээд л. Гэхдээ хүнсээ бөөндөж ихээр авдаггүй. Хүмүүс 5 кг төмс тэр бүр авахгүй ч өдөр бүр 4 ширхэг төмс, нэг сонгино, нэг лууван граммлаж аваад явна. Нийтийн байр ойр газар хүнсний дэлгүүр ажиллуулах их хэцүү юм билээ. Нийтийн байрныхан байнга үйлчлүүлж итгэл төрүүлэн зээл аваад нэг  л өдөр нүүгээд алга болдог. Ийм тохиолдол нэг бус удаа гарч байсан.


Өвөө, эмээ нар зээлээр архи авна. Өгөхгүй гэхээр уурлана. Арга ядаад өгөхөөр хүүхдүүд нь орж ирж архи өглөө гээд загнана. Гэхдээ бид аль болох архины хамааралтай иргэдэд архи зээлээр өгдөггүй.  Гэр хорооллынхон зээлээр л амьдарч байна" хэмээв.





-Хэрвээ талх таллаад тавибал авна-


Мөн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн тухайд тэрээр "Бараа бүтээгдэхүүний үнэ ханш бага багаар байнга өссөөр байгаа. Гэр хорооллын иргэдийн хувьд олсон хэдэн төгрөг нь яг л хүнсэндээ таардаг болохоор амьдардаг орчин, унасан унаа, өмссөн хувцсандаа тэр бүр мөнгө зарцуулж чаддаггүй.


Хэрвээ талх таллаад тавибал авна. "Атар" талхыг өнөөдөр бид бөөний үнээр нь 1200 төгрөгөөр борлуулдаг. Зургаан жилийн өмнө бидний дэлгүүр ажиллуулж эхэлж байхад 850 төгрөг байсан. Жишээ нь 6 жилийн өмнө 6 нэрийн жижиг дэлгүүр ажиллуулж байхад 300 гаран мянган төгрөгөөр МСS-ээс ундаа авахад бараг дүүрдэг байсан. Тэр үед "Түмний ундаа" 2400 төгрөг байсан. Гэтэл одоо 700 мянган төгрөгөөр ундаа авахад 7-8 авдар л ундаа ирнэ. "Түмний ундаа" 3000 төгрөг болсон. Жилд 1-2 удаа ундааны үнэ 100 төгрөгөөр нэмэгддэг. Гэр хороололд архидалт дэндүү шүү. Бүүр дээд цэгтээ тулсан гэж хэлж болно. Нэг айлд нэг архины хамааралтай хүнтэй байгаа гэхэд буруудахгүй. Аав, ээж, хүү нь ууж байна. Архины үнэ нэмэгдэн өндөр үнэтэй байхыг би дэмждэг. Боломжтой нь авч хэрэглэнэ биз. Төвийн дэлгүүрүүд "Хараа", "Ерөө" архины борлуулалт муутай гэдэг бол захын гэр хорооллын манайх шиг дэлгүүрт бол хамгийн гайгүй архи нь болдог. Түүнээс доош "Нутаг", "Сүлд" гээд хямдхан архинууд долоо хоногт 5-6 авдраараа борлуулагддаг.


Манайд өнөөдөр хамгийн хямд үнэтэй 0.75-ын том архи 5500 төгрөг. Гэтэл аав нь хүүгээ дагуулж орж ирэн өөртөө 5500 төгрөгөөр архи авчхаад хүүгээ 100 төгрөгийн чихэр авах гэхэд "Мөнгөгүй байхад битгий илүү дутуу юм нэхээд бай" гээд загнах нь өр өвтгөмөөр шүү. Харин тэр 5500 төгрөгөөрөө бууз, оройн хоолны материалаа аваад харьсан бол олон хүн баярлах байлаа даа гэж харамсдаг.


Түүнчлэн энэ хавийн айлуудыг ямар хоол хийхэд ямар материал ордгийг хүртэл мэднэ шүү. Тэр харагдаж байгаа таван ханатай гэрээс жижиг модон байшинд аав, ээж, охин, хүү, хүргэн, бэр, хүүхдүүд нь гээд  8 хүн амьдардаг. Тэднийх цуйван хийх бол 8 хэрчсэн гурил, будаатай хурга хийх бол 1.5 кг будаа авдаг. Мөн л гэрт нь ажил хийдэг цалинтай хүн цөөн учраас зээл тавин тэтгэвэр, халтуурын ажил хийж олсон мөнгөөрөө өрөө дардаг" гэв.





Өнөөдөр захын гэр хорооллын зээлийн дэвтэр дээр иргэдийн нэр, зээл ийнхүү бичигджээ. Гэхдээ энэ дэвтэр маргааш гэхэд хаагдахгүй. Бүгд л амласан хугацаандаа зээлээ төлж нэрээ хар дэвтрээс хасуулахаар ажил хөдөлмөр эрхэлж байгаа.


-Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг-


Тоо баримт танилцуулъя. Үндэсний статистикийн хорооноос 2018 оны дөрөвдүгээр улирлаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 161 мянган төгрөгөөр өссөн талаар мэдээлсэн. Нөгөө талаас нэг өрхийн сарын дундаж зарлага мөн  1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 117600 төгрөгөөр өсжээ. Монгол Улсын нийт өрхийн 8.3 хувь нь 300 мянгаас доош мөнгөн орлоготой байгаа  Харин хамгийн өндөр буюу 2.1 сая төгрөгөөс дээш мөнгөн орлоготой өрх нийт өрхийн 9 хувийг эзэлж байна


Бодит нөхцөл байдал газар дээрээ ямар байгааг харуулахын тулд өөр нэг жишээ дурдъя. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9-р хорооны хүн амын тоо 6550, өрхийн тоо 1488. Тэдгээр өрхүүдээс 67 нь ядууралтай бөгөөд хүнсний талон авдаг. Харин 250 өрх нь тэднээс арай дээгүүр орлоготой буюу харьцангуй бага гэх хэсэгт  хамаардаг аж.