Хоёр сайдаар ахлуулсан Ажлын хэсгийн шалгалтаар шахмал түлш стандартын шаардлага хангаж байгаа нь тогтоогдсон гэв

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.17





Агаарын чанарын талаар БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, ЦЕГ, ОБЕГ, НМХГ, ЦУОШГ, Таван Толгой түлш ХХК болон бусад холбогдох албаныхан долоо хоног бүрийн Даваа гарагт мэдээлэл хийж байгаа.


Энэ долоо хоногийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр "Таван толгой түлш" компанийн үйлдвэрийн дарга Х.Галымбек сайжруулсан шахмал түлшний технологи, үйлдвэрлэл, түгээлтийн талаар мэдээлэл өглөө. 


Тэрбээр "Таван толгой түлш компанийн хоёр үйлдвэр нийтдээ 22 шугамтай. Одоогийн байдлаар 17 шугам ажиллаж байна. Гурван шугамд засвар үйлчилгээ хийж байгаа бол хоёр нь нөөц шугам юм. Өдөрт 3,400 тонн түлш үйлдвэрлэж, 600 гаруй борлуулалтын цэгээр борлуулж байгаа. Барьцалдуулагч бодис болон шуудайн нөөц хангалттай буюу энэ өвлийн хэрэгцээг хангахаар хэмжээнд байна. 


Түлшний үйлдвэр стандартын дагуу түлшээ үйлдвэрлэж байгаа" гэдгийг хэллээ. 


"Таван толгой түлш" компанийн Түлшний чанарын хяналтын хэлтсийн дарга н.Баттулга "Компанийн чанарын хяналтын хэлтэс үйлдвэрээс гарч байгаа бүх бүтээгдэхүүнд нэг бүрчлэн хяналт тавьж ажилладаг. Ингээд чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг ард иргэдэд нийлүүлэн ажиллаж байгаа. 


Өнгөрсөн долоо хоногт БОАЖ-ын сайд Н.Уртнасан, ЭХ-ний сайд Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын хэсэг сайжруулсан шахмал түлшний чанар стандартад хяналт шалгалт хийсэн. Уг шалгалтын дүнгээр Таван толгой  түлш компанийн бүтээгдэхүүн стандартын хэмжээнд байгаа нь тодорхойлогдсон. Мөн айл өрхүүдээр гэнэтийн байдлаар орж хяналт шалгалтууд хийсэн. Ингэхэд нунтгийн агууламж, чийг өндөртэй тохиолдол гарсангүй. Ажлын хэсгийнхэн баруун, зүүн бүсийн үйлдвэрийн үйл ажиллагаатай мөн танилцсан. 


Чанарын хяналтын хэлтэс гарч байгаа шуудай бүрийг хянаж гаргадаг" хэмээн ярилаа. 


Мэргэжлийн хяналтын байгууллагаас сайжруулсан шахмал түлшний орц найрлага, үйлдвэр болон агуулах дахь түлшнээс дээж авч шинжилжээ. Уг шинжилгээний дүнгээр стандартын шаардлага хангаагүй зүйл байгаагүйг мэдээллээ.