1689 оны 8-р сарын 28-нд одоогийн Дорнод аймгийн цаана байдаг Нэрчүү голын эрэг дэх Нэрчинск гацаанд Оросын Романов хааны болон Хятадын Чин династийн төлөөлөгчид нэгэн гэрээ байгуулсан нь энэ хоёр орны түүхэн дэх анхны гэрээ байсан бөгөөд хожим нь Нэрчүүгийн гэрээ гэж нэрлэгдсэн. Уг гэрээгээр хоёр улсын хилийг тогтоож, харилцан худалдаа хийхээр тохирсон ч зам харилцаа байхгүй, зарим зүйл нь тодорхойгүй байснаас болж уг гэрээний худалдаатай холбоотой заалт хэрэгжихгүй байсаар 1727 оны 8-р сарын 20-нд Буурын гэрээгээр хоёр улсын хилийг тодотгож, мөн оны 10-р сарын 21-нд байгуулагдсан Хиагтын гэрээгээр хоёр орны хооронд худалдаа хийх үндсэн зарчмуудыг тодорхойлсноор худалдаа хийх таатай нөхцлийг бүрдүүлжээ.
Эдгээр гэрээний үндсэн дээр оросууд Хиагтад, хятадууд хилийн нөгөө талд нь Маймаачин нэртэй худалдааны боомт байгуулж хоёр орны худалдаа эдгээр боомтоор бараг 300 орчим жил явагдсан бөгөөд 1869 онд Суэцийн суваг нээгдэж, 1903 онд Транссибирийн төмөр зам ашиглалтад орсноор ач холбогдол нь нэлээд буурч улмаар 1911 оны Синхайн хувьсгал, Дэлхийн I дайн, Октябрийн болоод Ардын хувьсгалын улмаас үлэмж багассан хэдий ч 1927 он хүртэл тодорхой хэмжээгээр үргэлжилж байсан түүхтэй.
Хиагт-Маймаачингийн боомтоор Хятадын талаас зөөдөг гол ачаа нь цай байсан учраас уг боомтыг дайран өнгөрөх замыг “Цайны зам” гэж нэрлэх болжээ. Бараг 9000 км үргэлжлэх Цайны замын эцсийн цэг нь Оросын Москва хот байсан юм. Хятадын нутагт ургуулж хураасан цайг Хаалган хүргэж тэндээс Замын-Үүд, Чойр, Хүрээгээр дайруулан Хиагтад хүргэдэг байжээ. Цайг малын нойтон арьсанд боож тэмээн жингээр зөөнө. Нэг удаагийн жингийн цуваанд мянга хүртэл тэмээ явдаг, нэг тэмээ нуруундаа 200 кг, тэргэнд хөллөсөн үед 400 кг ачаа тээвэрлэдэг, хоногт 30-40 км замыг туулдаг байжээ. Байгаль, цаг уурын онцлогоос болж тэмээн жингийн тээврийг намар, өвлийн улиралд хийж, Хаалганаас Хиагт хүртэл говь хээр, уул тал бүхий урт замыг 30-40 хоногт туулдаг байжээ. Цайнаас гадна торго, шаазан эдлэл бас зөөдөг байв.
Тэмээн жин Хиагтаас буцахдаа голдуу ангийн арьс, ноосон даавуу (заримдаа бүр Англи, Германд үйлдвэрлэсэн), хөвөн даавуу зэрэг бараа зөөдөг байжээ. Хиагтаар хийдэг байсан худалдаа нь тухайн үеийн Оросын хувьд хамгийн ашигтай гадаад худалдаа байсан гэж судлаачид бичдэг. XIX зууны үед Хиагт саятан худалдаачдын тоогоороо Москвагийн дараа ордог байсан гэдэг. 1881 онд Хиагтад очсон АНУ-ын сэтгүүлч Ж.Кеннан тус боомтоор жилд 10-15 сая ам.долларын үнэ бүхий бараа орж гардаг тухай тэмдэглэн бичсэн байна. (энэ мөнгөн дүнг одоогийн ханшид шилжүүлбэл маш их тоо гарах юм) XIX зууны дунд үеийн Хиагтыг бас тухайн үеийн Хонконгтой ч зүйрлэсэн байдаг. Ерөнхийдөө Хиагт болон Маймаачинг чөлөөт худалдааны бүс байсан гэж хэлж болох юм.
Цайны зам нь Монголын, ялангуяа нийслэл хотын түүхэнд чухал нөлөө үзүүлсэн. Олон өдөр аялж яваа жинчид Сибирийн тайгын хамгийн өмнөд хэсэг, их аян замын бараг голд нь байрлах Богд уулын ар, хатан Туулын эрэгт заавал буудалладаг байсан ба энэ хотгор газарт Нийслэл Хүрээ буюу өнөөгийн Улаанбаатар өргөжин хөгжихөд санамсаргүй нөлөө үзүүлжээ.
Хүрээ нь Орос - Хятадыг холбосон худалдааны гол зам буюу Цайны зам дээр байгаа учраас тэнд 1786 оноос Манжийн амбан суурьших болж, 1861 оноос Оросын консулын газар байгуулагдсан нь Ар Монголд төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хот суурин газар болсныг нотолж өгсөн. Улмаар Хүрээ нь аажмаар Монголын засаг захиргаа, шашин шүтлэг, олон улсын худалдааны томоохон төв болтлоо хөгжсөн. Хятад, Оросоос ирсэн барааг Хүрээнээс Монголын бусад нутаг руу түгээх болжээ. Энэ утгаараа, монголчууд бараг 300 жилийн тэртээгээс Орос – Хятад төдийгүй Ази – Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн боомт газрын үүргийг гүйцэтгэж байсан гэж хэлж болно.
Шинэ цагийн Цайны зам: 1946 онд БНМАУ болон ЗСБНХУ-ын хооронд байгуулагдсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 1947 – 1956 оны хооронд тавигдсан “Улаанбаатар” төмөр замын маршрут нь Цайны замтай давхардаж байсан тул түүнийг “Шинэ цагийн Цайны зам” гэж нэрлэх үндэслэлтэй ажээ. Монголын төмөр зам өмнөх Цайны замын нэгэн адил Орос – Хятад хоёр улсыг төдийгүй Ази – Европыг холбосон худалдааны гол замын үүргийг эдүгээ ч амжилттай биелүүлж байна. Өнөөгийн Улаанбаатарын байшин барилгууд, Дархан, Эрдэнэт хотын үйлдвэржилт, бүтээн байгуулалтууд энэхүү төмөр замын ачаар л сүндэрлэн боссон.
Дэлхийн II дайны дараа Монгол улсын тусгаар тогтнол олон улсын хэмжээнд баталгаажиж, хоёр хөрштэй найрсаг харилцааг хөгжүүлснээр өнгөрсөн зууны дундуур ЗХУ-ын тусламжаар баригдсан “Улаанбаатар” төмөр зам нь Монгол оронд урагшлах хөгжлийг авчирсан. Мөн Цайны замын дагуух төмөр замтай зэрэгцээд авто зам ч ашиглалтад орсон. Орос ба Хятадыг холбосон агаарын зам ч мөн энэ маршрутын дээгүүр өнгөрдөг.
Эх сурвалж: Монгол орны лавлах