Гандантэгчинлэн хийд Монголын бурхан шашны төв, гурван том хийдийн нэг юм. Гандантэгчинлэн хийдийн анхны сүмийг 1809 онд Далхын дэнжид Шар сүм нэртэйгээр байгуулжээ. Хожим Шар сүмийг Чойрын дацан болгожээ. Ламрим дуганыг 1924 онд, V Богд Жавзундамба хутагтад зориулсан Гандантэгчинлэн буюу “Их хот мандлын сүм”, Дашчойнхор, Ядгачойлин зэргийг 1838 онд, Цогчин дуганыг 1839 онд, Бадамёгог 1844 онд, Жүдийн сүмийг 1848 онд, Гунгаачойлин сүмийг 1909 онд, VIII Богдод зориулсан Мэгжид Жанрайсигийн сүмийг 1913 онд, V Богдын шарилын сүмийг 1841 онд, VII Богдын шарилын сүмийг 1869 онд, VIII Богдын шарилын сүмийг 1925 онд барьсан түүхтэй.
Гантантэгчинлэн хийдийн анхны барилгуудаас өдгөө 6 сүм үлджээ. 1944 онд сүмийн хурал номын ажлыг сэргээсэн юм. Гандантэгчинлэнд хадгалагдаж буй олон ховор ном судар, түүх соёлын үнэтэй дурсгалаас Өндөр гэгээний ээжийнхээ хүсэлтээр хийсэн хүрэл цутгамал, Балбын зандангаар хийсэн Локешварийн дүрс, ХХ зууны эхэнд Польш, Өвөр Монголд хийлгэсэн Аюуш бурхан, 1957 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Жавхарлал Неругийн бэлэглэсэн 2000 жилийн өмнө Энэтхэгийн урчууд бүтээсэн Буддын баримал, Буддын шарилын хэсэг зэрэг нь анхаарал татдаг.
Түүх соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газар хийдийн үлдсэн сүм дуганын гадуур гол асар хаалга, хоёр жижиг асар хаалга бүхий хэрэм хашааг шинээр 1981-1982 онд барьсан юм.
Гандантэгчинлэн хийдийг 1994 онд улсын тусгай хамгаалалтад авчээ. Тус хийдийн Очирдарийн сүмд алт, мөнгөөр Занабазарын бүтээсэн Очирдарийн баримал, ертөнцийн дөрвөн зүгийн сахиус Махранз, лам Самбалхүндэвийн монгол зургийн аргаар 1858 онд бүтээсэн эв зохицлыг бэлгэдсэн зураг хадгалагддаг.VII Богдын шарилыг оршуулахад зориулсан Зуугийн сүмд XIX зуунд Долнуурт бүтээгдсэн Бурхан багшийн хоёр шавьтайгаа байгаа баримал, сийлбэрч Ширчингийн модоор сийлсэн Лхамо охин тэнгэрийн сийлбэр хадгалагдаж байна. Дээрх хоёр сүм ур хийцийн хувьд адилхан. Алтадмал ганжир бүхий паалантай вааран дээвэртэй, чулуу, тоосго, мод оролцуулан барьсан сүм юм. Гандантэгчинлэн хийдийн номын санд 108 боть Ганжуур, түүний тайлбар 225 боть Данжуур, Богд Зонхав, Банчин богд, Далай лам болон Төвдийн бусад зохиолчдын сүмбүм, Агваанхайдав, Агваандандар, Ишбалжир нарын монголын дал гаруй эрдэмтэн мэргэдийн сүмбүм, монгол, ойрд, санскрит, деванагар, пали зэрэг үсгээр есөн эрдэнээр бичсэн олон тооны монгол, төвд судар байдаг.
Алтадсан ганжир, жанцан, чойжхорол, бодь гөрөөс, дээврийн амьтад, хонх зэрэг нь сүм дуганы барилгын үндсэн гоёл чимэглэл. Гандантэгчинлэн хийдийн барилгууд монгол, монгол-хятад, хятад-төвд хэлбэр маягтай.
Эх сурвалж: М. Сүхнар
1992 онд Монголын бурханы шашинтны анх дугаар чуулганаар Гандантэгчинлэн хийдийг Монголын Бурханы Шашинтны Төв гэдгийг баталгаажуулжээ.
Гандантэгчинлэн хийд /Төгс баясгалант их хүлгэн хийд/-ийн анхны сүмийг 1809 онд Талхын дэнж дээр Шар сүм нэртэйгээр байгуулж, дараа нь энэ сүмийг Чойрын дацан болгожээ. 1824 онд Ламрим дуган, 1838 онд тавдугаар Богд Жавзандамба хутагтад зориулж Гандантэгчинлэн буюу “Их хот мандлын сүм”, Дашчойнхор, Ядгайчойлин зэргийг байгуулжээ.
Талхын дэнж дээр Гандантэгчинлэн хийдийг байгуулсан цагаас хойш тус дэнжийг Гандангийн дэнж хэмээн нэрлэх болжээ. Гандан хийд нь 1930-иад оны хэлмэгдүүлэлтэд хамгийн түрүүнд өртсөн бөгөөд 20 суварга, 10 гаруй сүм дацангаас 6 сүм, дуган хадгалагдан үлджээ. 1944 оноос эхлэн хийдийн хурал номын үйл ажиллагааг хатуу хяналтан дор дахин сэргээсэн байна.
Хийдийн сүм дугануудыг 1981-1995 он хүртэл ээлж дараагаар сэргээн засварлаж 1992 онд Дүйнхор дацан, 1995 онд Дашчойнбол дацанг шинээр барьсан байна. Тус хийдийн Гандан хэмээх анхны дуганыг V Богд Жавзандамба өөрийн шийдвэрээр Монголын уран авьяаслаг урчуудыг цуглуулан шавар модоор голлон хийлгэхдээ монгол үндэсний хэв маяг оруулж, алт шармал орой ба ганжир бүхийгээр бүтээжээ.
Дуган дотор Өндөр гэгээн Занабазар эхийнхээ хүсэлтээр бүтээсэн өвгөн хутагтын хүрэл цутгамал дүр, XIX зууны үед монголын лам нараас хар цаасан дээр алтаар бичсэн Буддын зохиол Ганжуур 108 боть, 1956 онд Буддагийн 2500 жилийн ойг тохиолдуулан тус хийдийн Дамбадаржаа, Данзан нарын зэрэг лам нарын урлан бүтээсэн хөрөг, Энэтхэгийн ерөнхийлөгч агсан Джавахарлал Неругээс 1957 онд дурсгал болгон өгсөн 2000 гаруй жилийн өмнө бүтээсэн Буддын цутгамал дүр, ХХ зууны эхээр монголын захиалгаар Польшийн Варшав, Өвөрмонголын Долоон нуур хотод хийсэн Аюуш бурханы дүрүүд зэрэг олон бүтээлүүд бий.
Эх сурвалж: Улаанбаатар музей төсөл