Эх сурвалж: gogo.mn, 2022.02.09
Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Алтай центр” худалдааны төвийн зүүн талын нийтийн эзэмшлийн авто зогсоолыг хашиж, хаасан зөрчлийг арилгажээ. Иргэд, оршин суугчдаас удаа дараа гомдол ирсний үндсэн дээр 2021 онд уг талбайд байрлуулсан төмөр хашлагыг тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас албадан буулгасан байдаг. Гэвч “Алтай центр” худалдааны төвөөс нийтийн эзэмшлийн зогсоолыг дахин хашаалжээ.
Иймд зөрчлийг арилгуулахаар Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тус байгууллагад газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн. Албан мэдэгдлийн дагуу “Алтай центр” худалдааны төв зөрчлөө арилган, төмөр хашлагыг буулгалаа. Газрын зөрчлийг дахин арилгахад нийслэл, дүүргийн төсвөөс ямар ч төсөв, хөрөнгө зарцуулагдаагүй гэдгийг холбогдох албан тушаалтнууд мэдэгдсэн юм.
Нийтийн эзэмшлийн зам, талбайг хувийн өмч мэт хашаалсан, удаа дараагийн шаардлага биелүүлээгүй аливаа аж ахуй нэгжид холбогдох байгууллагаас албан мэдэгдэл хүргүүлдэг. Албан мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авдаг байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хариуцлага тооцдог журамтай.