Эх сурвалж: Нийслэлийн Мэдээ. 2022.03.18
Хүүхдийн парк буюу Үндэсний соёл, амралтын хүрээлэн /ҮСАХ/-гийн газрыг зориулалтын дагуу ашиглах, нийслэлийн иргэн бүрд нээлттэй байлгах үүднээс хашаа, хайсыг буулгаж эхэллээ. ҮСАХ нь нийслэлийн иргэдэд хамгийн ээлтэй орчин байх ёстой гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр хашаа, хайс буулгах ажлыг эхлүүлэх үедээ онцолсон юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
- ҮСАХ-гийн бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард эхэлнэ.
-“Иргэн төвтэй жил”-ийн хүрээнд юун түрүүнд паркийн хашааг буулгаж байна. Соёл амралтын хүрээлэн нь хашаатай, иргэд нь орж чаддаггүй ийм хот дэлхийн хаана ч байхгүй. Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх эхний алхам нь хашаа, хайснаас салгах юм. Өнгө үзэмж муутай, өндөр сараалжин хашаа барьснаас болж иргэд парк руу нэвтэрч чадахгүй олон жилийг үдсэн.
Парк бол Улаанбаатар хотын уушги. Гэтэл ногоон байгууламжгүй, тав тухтай орчингүйн дээр хашиж, хааснаас болж паркийг иргэдэд зориулаагүй мэт, иргэдийнх биш юм шиг болсон. Тиймээс ҮСАХ-гийн захиргаанд шуурхай ажиллаж, бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард яаравчлан эхэл гэсэн үүргийг өгсөн. Гүйцэтгэлийн хяналтыг илүү өргөн хүрээнд тавина. Иргэд ч бүтээн байгуулалтад хяналт тавих хэрэгтэй.
Үндэсний соёл, амралтын хүрээлэн ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мэндбаяр:
-Манай ҮСАХ нь нийтдээ 31 га газартай. Эхний ээлжийн хөгжүүлэлтийн дагуу өдгөө 14.89 га талбайд 22 тоглоомтойгоор ажиллаж байгаа. Энэ ондоо багтаж дөрвөн шинэ тоглоом, ирэх 2023 онд дахин 5-6 шинэ тоглоом суурилуулж хүүхэд, залууст үйлчлэхээр төлөвлөсөн.
Түүнчлэн хөгжүүлэлтийн II шатыг энэ онд эхлүүлнэ. Гурван жилийн хугацаанд өрнөх бүтээн байгуулалтын хүрээнд нийт 6.9 га газарт битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кино театр, музей, галерей, “Түмэн эх” чуулгын шинэ байр, хоол үйлчилгээ болон худалдаа үйлчилгээний төвүүд, 1000 автомашины газар доорх зогсоол зэргийг барих юм. ҮСАХ-д дөрвөн улирлын турш ажилладаг үйлчилгээний газруудыг нээнэ. Үлдэж буй газрыг бүхэлд нь Улаанбаатар хотын иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байдлаар хөгжүүлэхээр төлөвлөсөн.
.
.
Эх сурвалж: ikon.mn
Нийслэлийн Засаг дарга 2022 оныг "Иргэн төвтэй жил" болгон зарласантай холбоотой нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хийж байгаа. Үүний дагуу өнөөдөр Хүүхдийн паркийн тохижилт хийгдээгүй хэсгийн хашааг нурааж, нийтийн эзэмшил, цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах ажлыг эхлүүлж байна.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Хүүхдийн парк хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн нэртэй 1966 онд ашиглалтад орж байсан. Энэ газарт нэг ч барилга байгууламж нэмж барихгүй. Ногоон байгууламжаар ашиглагдана.
Ногоон байгууламж нэмж зүлэгжүүлэлт хиймээр байна. Барилга байгууламж барих эсэх асуудал дээр иргэдийн саналыг сонсож байж зөвшөөрөл өгөх ёстой.
Энэ ажил 2021 онд 29 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай байсан бол энэ онд 900 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт буюу 31 дахин нэмсэн. Тиймээс шуурхай ажиллах хэрэгтэй" гэлээ.
Хүүхдийн паркийн тохижилт хийгдээгүй хэсгийн хашааг буулгах ажил одоо эхэлж байна. Тохижилтын зураг төслийн даалгавар өгсөн. Дөрөвдүгээр сарын 15-наас энэ ажил эхэлнэ гэсэн тайлбарыг албаны хүн өгөв.