Суурьшлын хөгжлийн хөтөлбөрийг АХБ-тай хамтран хэрэгжүүлнэ

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.07







Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын холбогдох албан тушаалтнууд АХБ-ны “Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн хөтөлбөр” техник, туслалцааны төслийн Зөвлөх багийн дэд ахлагч Ш.Энхцэцэг, Вэбэд суурилсан газрын зураглалын мэргэжилтэн П.Алтанцэцэг нартай уулзаж, санал солилцлоо.

“Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн хөтөлбөр” техник, туслалцааны төсөл нь Монгол Улсад хамгийн дээгүүр эрэмбэлэгддэг хот төлөвлөлт, хот байгуулалт, орон зайн цогц төлөвлөгөө болох “Хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төсөл”-ийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Төсөл 5 бүрэлдэхүүн хэсгийг багтаажээ. Үүнд:

Аймгийн хөгжлийн чиг баримжаа, 21 aймаг тус бүрт нутаг дэвсгэрийн дүн шинжилгээ, хөгжлийн хөдөлгөх хүч, өрсөлдөх давуу байдал, стратегийн алсын хараа, хот суурины тогтолцоо болон үйл ажиллагааны хөтөлбөр багтана.

Үндэсний цогц стратеги, бодлогыг Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагатай хамтран боловсруулах,

Үүнд үндэсний болон бүс нутгийн түвшинд зориулсан Жайка байгууллагын чиг хандлагад нийцсэн бүс нутгийн хөгжлийн ерөнхий бүтэц бэлтгэл ажил орно.

Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, дагалдах дүрэм, журам боловсруулах;

Вебэд суурилсан зураглал болон аймгийн И-атлас гүйцэтгэх юм.

Төслийг хот төлөвлөлт болон хот байгуулалтын чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийн зохицуулалтаар 2019 оны 8 дугаар сард хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ оны 6 дугаар сард дуусах төлөвлөгөөтэй байна. Ковид цар тахлын улмаас 2019 оны 12 дугаар сараас хойш 2021 оны 10 сар хүртэл олон улсын зөвлөхүүд орон нутагт томилолтоор ажиллах, аймаг, сумдын газар дээрх судалгааг хийх боломжгүй болсон. Харин үндэсний зөвлөхүүд аймаг, сумдын газар дээрх судалгааг 21 аймгийн 100 гаруй суманд хийж гүйцэтгээд байна.

Улаанбаатар хотын стандартын 97 төрлийн баримт бичгийн төслийг хэлэлцэж, НИТХ-аар батлуулахаар төлөвлөв

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.07





Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдралын орчин, хэрэглэх бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын шаардлагыг хангахад чиглэсэн хотын стандартыг боловсруулан батлуулж хэрэгжүүлэх ёстой.


Дээрх хуулийг хэрэгжүүлэхийн тулд Нийслэлийн Засаг даргын 2021 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн А/1033 дугаар захирамжаар Ажлын хэсэг байгуулагдаж хотын стандартыг боловсруулж батлуулахаар ажиллаж буй аж.


Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва ахлан ажиллаж байгаа юм.


Өнөөдөр тус Ажлын хэсэг хуралдаж Хотын стандарт, хяналтын газраас 2020-2021 онд судлан боловсруулсан хотын стандартын 97 төрлийн баримт бичгийн төслийг хэлэлцэж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэв.


Нийслэлийн иргэдийн ажил, амьдралд нэн шаардлагатай хотын стандартуудыг 2022 оны эхний улиралд багтаан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн барьж батлуулах юм. Цаашид хотын стандартыг боловсруулах, хянан хэлэлцэх үүрэг бүхий “Хотын стандартын зөвлөл”-үүдийг мэргэжлийн салбар, чиглэл бүрээр байгуулан ажиллуулах нийтлэг дүрмийн төслийг боловсруулжээ.


Нийслэлийн хөгжлийн гол шалгуур үзүүлэлтийн нэг болсон хотын стандартыг бий болгож мөрдүүлснээр жижиг дунд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадвар нэмэгдэхийн зэрэгцээ хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалахад чухал үр нөлөөтэй гэж үзэж байна.  


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

2021 онд Монгол Улсын суудлын автомашин 55,237, ачааны машин 26,526-аар нэмэгдэв

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.07





Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 2021 онд 16 тэрбум ам.долларт хүрсний 6.9 тэрбум доллар нь импорт байв. Цар тахлын өмнөх үетэй харьцуулахад буурсан ч 2020 оныхоос 29% өссөн үзүүлэлт юм. 


Импортоор нийлүүлэгдсэн барааны 


96 хувийг валютын төлбөртэй худалдаа

1.4 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа

0.6 хувийг гадаадын тусламжийн бараа

1.9 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа

0.04 хувийг боловсруулалтын бараа эзэлжээ. 

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 1.3 тэрбум ам.доллар буюу 18.2 хувийг эзэлсэн байна. Энэ нь импортын дүнд эрдэс бүтээгдэхүүний дараа бичигддэг гол төрөл юм. 


Гаалийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр 2021 онд Монгол Улс нийт 770 сая ам.долларын үнэ бүхий 81,763 суудлын болон ачааны автомашин импортолжээ. Импортолсон машины тоо хэмжээ 2020 онтой харьцуулахад 7.7 мянгаар өссөн бол үнийн дүн 36% буюу 204 сая ам.доллароор өссөн байна. 


2020 онд импортолсон суудлын автомашины дундаж үнэ 5.6 мянган доллар байсан бол 2021 онд 6.9 мянган доллар болж 25% нэмэгджээ. 

ТТТ: Галыг унтраасан, шахмал түлшний үйлдвэрлэл тасалдахгүй, 22 хоногийн нөөц байна

Эх сурвалж: ikon.mn, montsame.mn, 2022.01.06





Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрт гал гарч байна гэх дуудлага пүрэв гаригийн үүрийн 05.06 цагт НОБГ-т иржээ.

“Таван толгой түлш” ХХК-иас энэ талаар тодруулахад “Үүрийн 05.00 цагийн орчимд зүүн бүсийн үйлдвэрт гал гарсан талаар Онцгой байдлын албанд мэдээлсэн. Галыг бүрэн унтраасан. Хүний гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Одоогоор урьдчилсан байдлаар нэгдүгээр үйлдвэрийн хатаах шугам дээр гал гарсан гэж үзэж байна.


Баруун бүсийн үйлдвэрт нийт дөрвөн үйлдвэр байдаг. Нэгдүгээр үйлдвэрийн хатаах шугам дээр гал гарсан. Галын улмаас нэгдүгээр үйлдвэрийн гурван шугамын нэг нь үндсэндээ ажиллах боломжгүй болсон. Харин баруун бүсийн үлдсэн гурван үйлдвэр хэвийн ажиллаж байна.


Зүүн бүсийн үйлдвэр дээр аюулгүйн нөөцөд хоёр шугам байдаг. Нэгийг нь өнөөдрөөс ажиллагаанд оруулна. Тиймээс хоногт 3000-3250 тонн шахмал түлш үйлдвэрлэдэг үйлдвэрлэл хэвийн хүчин чадлаараа үргэлжилнэ гэж ойлгож болно. Мөн борлуулалт, түгээлтийн ажил хэвийн явагдаж байна” гэлээ.  


Харин Нийслэлийн Онцгой байдлын газраас нөхцөл байдлыг тодруулахад “Гал унтраах, аврах ангийн нийт таван багийн 50 гаруй алба хаагч түймрийн газар дээр ажиллаж, галыг унтраасан. Одоогоор галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна” гэсэн юм.













Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороон дахь “Таван толгой” ХХК-ийн баруун түгээх төвийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт өнөөдөр үүрийн 5.04 цагт гал гарчээ. 


Дуудлагын дагуу очиход үйлдвэрийн хатаалгын 60х12 метрийн хэмжээтэй барилгын 2, 3 дугаар шугам, 50х100 метрийн хэмжээтэй үйлдвэрийн 1 дүгээр цех, савалгааны цех галд өртжээ. Гал түймрийг 10.28 цагт бүрэн унтраажээ.


Гал түймэр унтраахад гал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 14, 29 дүгээр ангийн алба хаагчид оролцсон байна.


Үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжүүдэд гал түймрийг тархаан дэлгэрүүлээгүй бөгөөд үйлдвэрийн 10 шугамаас 3 шугам гал түймэрт өртсөн, 7 шугам хэвийн ажиллаж байна.


Гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор Нийслэлийн Цагдаагийн газар, СХД-ийн Цагдаагийн газар, МШУТ-ийн гал түймрийн шинжээчдийн бүрэлдэхүүн ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

"Баруун бүсийн шахмал түлшний үйлдвэрт гарсан галыг бүрэн унтраахаар ажиллаж байна"

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.06





Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт урд шөнө гал гарчээ.


Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Таван толгой түлш” ХХК-ийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн 100х50 метр, 60х30 метр, 60х30 метр нийт гурван ширхэг барилга шатаж байна гэсэн дуудлага нэгдүгээр сарын 6-ны 05:06 цагт НОБГ-т иржээ.


Дуудлагын дагуу гал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 14, 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон бүрэн унтраахаар ажиллаж байгааг онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.

Далан давхрын оршуулгын газарт “Улаанбаатар буян" компанитай хамтран хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Эх сурвалж: ikon.mn, montsame.mn, 2022.01.04







  

Самбалхүндэвийн оршуулгын газар буюу олон нийтийн хэлж заншсанаар Далан давхрын оршуулгын газрыг шинэчлэн тохижуулж, “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв” байгуулахаар төлөвлөөд байна.

Чингэлтэй дүүргийн суурьшлын бүс, нийслэл хотын гол хүнсний захтай зэрэгцэн оршиж байгаа тул иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 109 дүгээр тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/733 дугаар захирамжаар Самбалхүндэвийн оршуулгын газрын 10 га талбайд “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулахаар шийдвэрлэсэн. Ийнхүү төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, "Нью семетри" ХХК болон “Улаанбаатар буян” ХХК хамтран тус төслийг хэрэгжүүлэх юм.

Самбалхүндэвийн оршуулгын газарт 2015 оны байдлаар нийт 73.9 га талбайд 47.6 мянган булш байгаа гэх тоо гарсан бөгөөд нийт булшны 35.3 хувь нь эвдэрч, муудсан бол 1.1 хувь нь ухагдаж, тоногдсон байдалтай байна. 

Харин төсөл хэрэгжүүлэх 10 га талбай дахь булшны тооллогыг 2021 оны дөрөвдүгээр сард хийсэн ба нийт 10,934 булш тоологдсон. Тэдгээрийн 48.4 хувь буюу 5,291 булш нь нэр тодорхой, эзэнтэй бол үлдсэн 51.6 хувьд хамаарах 5,643 нь тодорхой эзэнгүй, хаягджээ.

Нэрс нь тодорхой байгаа булшнуудын тухайд www.sambalkhundev.mn сайтад мэдээллийг санг бүрдүүлсэн байгаа. Цэцэрлэгт хүрээлэн байгуулах талбайд орсон шарилыг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдон, бодит мэдээллээр хангах, санал хүсэлтийг хүлээн авахаар ажиллаж байна. Ар гэртэй нь холбоо тогтоосны дараа шарилыг нэгдсэн журмаар газраас гаргаж, чандарлах ба Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулагдах хүртэл “Улаанбаатар буян” ХХК-ийн Баруун болон Зүүн буяны төв цогцолборт түр хадгалахаар төлөвлөжээ.

Талийгаачийн шарилыг  холбогдох хууль тогтоомж, стандарт, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуун, ёс заншилд нийцүүлэн хүндэтгэлтэйгээр газраас гарган чандарлаж, чандрыг шинээр байгуулах Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд залахаар төлөвлөсөн. Түүнчлэн БНХАУ-ын иргэн 178, ОХУ-ын иргэн зургаан булш байгаа. Эдгээрийг шилжүүлэх тухай асуудлыг тус улсуудын Элчин сайдын яаманд хандаад байна.

Харин нэр тодорхойгүй хаягдсан 5,643 булшны 3,964 нь хөшөө чулуугүй, 796 булшны хөшөө эвдэрсэн, зургаан булш хөшөөний бичилт арилсан байдалтай байгааг тогтоожээ. Хэрэв цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөгдсөн хэсэгт ойр, дотнын хүнээ оршуулсан бол 7210-0101  лавлах дугаар, www.sambalkhundev.mn сайтад хандан төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Мөн чөлөөлөлтийн талбайд орсон нэр тодорхой шарилын талаарх мэдээллийг хайлтын хэсгээс шүүх боломжтой юм.

Далан давхрын оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдаж, 1987 онд Ардын депутатуудын хурлын тогтоолоор хаагдсан боловч иргэд 2000 оны эхэн үеийг хүртэл бурхан болоочдоо нутаглуулсаар иржээ. Ийнхүү НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 86 дугаар тогтоол, 2015 оны 15 дугаар тогтоолоор тус оршуулгын газрыг нөөцгүйн улмаас хааж, хил хязгаарыг тогтоосон байдаг.

“Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн бүхий оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв” төслийн хүрээнд оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв, эмгэг судлалын төв /цогцос хадгалах байр/, салах ёслолын өргөө, буяны сүм зэргийг байгуулах аж.

ШИНЭ СПОРТ ЦОГЦОЛБОРЫН МӨСӨН ТАЛБАЙ АШИГЛАЛТАД ОРНО

Эх сурвалж: dnn.mn, 2022.01.03






Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянгын 39 дүгээр сургуулийн хойд талд 1000 хүний суудалтай спорт цогцолборын мөсөн талбайн ажил эхэлжээ. Мөсөн талбайг ОХУ-аас мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, ЧД-ийн БТСГ-ын мэргэжилтнүүдтэй хамтран мөс тавих ажлыг гүйцэтгэж байна. Энэхүү байгууламж нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан, А, Б блоктой. Спорт заал, усан бассейн, оффис, мөсөн талбай гэсэн үндсэн хэсгүүдтэй. Өнгөрсөн зун оффисын хэсэг болон спорт заал, гурван зам бүхий 25 метрийн усан бассейн ашиглалтад орсон юм.

ХОТЫН ТҮГЖРЭЛД НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ ГЭХ НИЙТ 63 ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Эх сурвалж: dnn.mn, 2022.01.03





Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор тодорхой байршлын сургуулиудын хичээл эхлэх болон тарах цагийг өөрчлөх эсэх асуудлыг хэлэлцэж эхэлжээ.


Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар Их тойруугийн гудамжинд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх, дуусах цагийн зохицуулалтыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн ажлын цагтай нягт уялдуулан уян хатан байхаар зохицуулах асуудлыг судалж, турших арга хэмжээ авахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарт даалгасан байна.


Энэ дагуу нийслэлийн Боловсролын газраас Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гарахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг үндэслэн нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулийн хичээл эхлэх, дуусах цагт өөрчлөлт оруулах асуудлаар судалгааны дүнг танилцуулах, санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.


Уулзалтад Улаанбаатар хотын Их тойруугийн гудамжинд байршилтай түгжрэлд нөлөө бүхий төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 36, нийт 63 ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд оролцов.


Төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын зарим сургуулийн хичээл эхлэх, дуусах хугацаа, төрийн болон төсөвт байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын цагт өөрчлөлт оруулах, багш нарыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх зэрэг асуудлаар санал боловсруулж, холбогдох газарт уламжлахаар бэлтгэл ханган ажиллаж байна гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.


Ц.Мөнх-Очир: Нийслэлийн гэрлэн дохионуудыг шинэчлэхэд 20 сая доллар зарцуулна

Эх сурвалж: toim.mn, 2022.01.03







Улаанбаатар хотын гэрлэн дохионуудыг шинэчлэх шаардлагатай болжээ. Тодруулбал, Улаанбаатар хотын гэрлэн дохио хуучирч, програм хангамж, сервер, эд анги, сэлбэг нь муудсан байна.

Манай улс түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Дэлхийн банкнаас 100 сая ам.долларын зээл авахаар болсон. Тэгвэл үүний 20 сая ам.долларыг нь гэрлэн дохиог цогцоор нь шинэчлэхэд ашиглах юм байна. Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн /ЗХУТ/ Мэдээллийн технологи, техник ашиглалтын хэлстсийн дарга Ц.Мөнх-Очироос тодрууллаа.


-Дэлхийн банкны санхүүжилтээр гэрлэн дохиог шинэчлэхээр болсон. Ямар, ямар шинэчлэл хийх вэ?


-Улаанбаатар хотод 155 гэрлэн дохио байдгаас 67 нь 2010 оных. Анх Замын хөдөлгөөний удирдлагын төв 2010 онд ашиглалтад ороход хотын хэмжээнд байсан 67 гэрлэн дохиог одоо шинэчлэх юм. Гэрлэн дохионуудыг солих шаардлага гарсан нь програм хангамж, сервер, хөдөлгөөн мэдрэгчтэй холбоотой. Анх ашиглалтад орсноос хойш дорвитой шинэчлэл хийгээгүй.


Гэрлэн дохионууд ЗХУТ-өөс сүлжээгээр холбоотой бөгөөд эндээс удирдах боломжтой байдаг. Энэ бүгдийг удирддаг програм хангамж нь 2008 оных учир муудсан. Сервер нь, хөдөлгөөн мэдрэх төхөөрөмж ч муудсан. Үүнийг цогцоор нь шинэчлэхгүй бол болохгүй. Тиймээс ЗХУТ-өөс энэ бүгдийг шинэчлэхээр Дэлхийн банкинд саналаа өгөөд байна.


-Програм хангамж, сервер, хөдөлгөөн мэдрэх төхөөрөмж, зарим гэрлэн дохиог шинэчлэх юм байна. Гэрлэн дохиог ямар ямар байршилд шинэчлэх вэ?


-Нарны зам дагуу байрлах гэрлэн дохионууд, Төв шуудангийн уулзварын гэрлэн дохио, Цаг уур орчны шинжилгээний газрын уулзварын гэрлэн дохио, Баруун дөрвөн зам, Зүүн дөрвөн зам гэх мэтчилэн Улаанбаатар хотод шинэчлэх шаардлагатай 67 гэрлэн дохио байгаа. Ер нь бол 10-аас дээш жилийн насжилттай гэрлэн дохионуудыг шинэчилнэ.


-Дэлхийн банкинд гэрлэн дохиог цогцоор нь шинэчлэх саналаа өгсөн гэсэн. Саналд хэдэн төгрөг зарцуулахаар тусгасан бэ?


-Дэлхийн банкинд бид ЗХУТ-ийн хянах дэлгэц, серверийн өрөө, цахилгаан хангамж, програм хангамж зэрэг тоног төхөөрөмж, гэрлэн дохио, сүлжээгээ өргөтгөх, камержуулалтын өргөтгөл хийхэд 20 сая ам.долларын санал өгсөн. Одоо ТЭЗҮ боловсруулах шатанд явж байна.


-Камержуулалтын өргөтгөл хийнэ гэлээ. Нэмж камер байршуулна гэсэн үг үү?


-Камер таваас дээш жил ажиллахаар хэвийн ажиллагаа нь алдагддаг. Улаанбаатар хот эрс тэрс уур амьсгалтай учир өвөлд нь хөлдөх, зунд нь халах зэргээс болж эвдэрч байна. Ер нь ийм тоног төхөөрөмжүүд дунджаар таван жилийн насжилттай байдаг. Тиймээс ийм камеруудыг солино.


-Камер хаана тавих байршил нь тодорхой болсон уу?


-Одоохондоо тодорхой болоогүй байна.


-Энэ бүгдийг ойрын хугацаанд шинэчлэхгүй бол ямар эрсдэл үүсэх вэ?


-Ямар ч тохиолдолд бид бүхэн эрсдэл гаргахгүй байхын төлөө ажиллана. Хэрвээ шинэчлэхгүй бол гэрлэн дохиог ЗХУТ-өөс удирдаж чадахгүй болно гэсэн үг. Сүүлийн үед сервер, програм хангамж муудаж, саатдаг болсон. Гэхдээ энэ нь зам дээрх гэрлэн дохионуудын ажиллагаанд нөлөөлдөггүй. Гэрлэн дохионууд өөрийн гэсэн програм хангамжтай учир горимоороо ажиллана. Бид шаардлагатай үед л төвөөс удирддаг.


-Замын хөдөлгөөний ид ачааллын үед гол уулзваруудын гэрлэн дохио унтарсан, цагдаа зохицуулж байгаа харагддаг. Энэ нь гэрлэн дохио хуучирсантай холбоотой юу?


-Гэрлэн дохио унтрахад олон шалтгаан бий. Тухайн тоног төхөөрөмж дээр гэмтэл гарсан байх боломжтой. Үүнийг засах хугацаанд түр унтраадаг. Гэхдээ энэ нь жилдээ 2-3 удаа тохиолдоно. Заримдаа тог тасарснаас болж унтарна. Мөн төлөвлөгөөт засвартай бол бас унтраадаг.

57 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, 160 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

Эх сурвалж: toim.mn, 2022.01.03





Нийслэлийн хэмжээнд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд ахуйн гал түймрийн 42, аврах ажиллагааны 1 удаагийн буюу нийт 43 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.


Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын алба хаагчид ажиллаж, гал түймрийн утаажилтын бүсээс 57 иргэнийг гаргаж, 160 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа.


Дуудлагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 7,1 хувиар буурсан дүнтэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

2022 оны 1-р сарын 1-нээс усны үнэ шинэ тарифаар мөрдөгдөнө

Эх сурвалж: toim.mn, 2022.01.03








Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйл, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 78 дугаар тогтоолын дагуу Ус Сувгийн Удирдах Газар 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн усны үйлчилгээний үнэ тарифийн өөрчлөлтийн дагуу төлбөр тооцоог хийхээр боллоо.


Жишээ нь : Гэр хорооллын иргэдийн ус түгээх байруудад 2022 оны 01 сарын 01-ээс литр ус бүрийг 2 төгрөгөөр борлуулна 


Хэрэглэгчдийн дунд явуулсан санал асуулгаар 84% нь усны үнэ тарифын өөрчлөлтийг дэмжсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт 56 иргэн угаартаж, нэг иргэн энджээ

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.03







Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 102 дугаарын утсанд угаартсан гэх 20 дуудлага ирж, нэг иргэн энджээ. Мөн 56 иргэн хүнд, хөнгөн хэлбэрээр угаартаж эмнэлгийн тусламж авсан байна. Угаартсан иргэдийн 56.1 хувь нь хүүхэд байжээ. 


Угаартах болсон шалтгаан нөхцөлийг тодруулахад,


Гар хийцийн буюу энгийн зуухтай, ханан пийшингийн битүүмж муутайгаас утаа гарсан

Угаар мэдрэгчтэй боловч зай нь дууссан, эвдэрсэн

Яндангийн соролтыг хязгаарлаж, хаасан байсныг албаныхан мэдээллээ. 

Мөн хугацаанд түүхий нүүрс түлж байж болзошгүй талаар долоон дуудлага ирсний хоёр нь тогтоогдож, шалгалтын үйл ажиллагаа явагдаж байгаа ажээ. 

"Зорилтот бүлгийн 6,094 өрхөд зургаан долоо хоногийн турш нийт 36 шуудай түлш олгон

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.03; toim.mn






Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллага, “Таван Толгой Түлш” ХХК-аас агаар, орчны бохирдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 


"Арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 22,100 тонн шахмал түлш нөөцтэй байна"


Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн "Баяр амралтын өдрүүдээр сайжруулсан шахмал түлш борлуулах нийт 608 цэг ажилласан. Хоногийн дундаж борлуулалт 4,000 орчим тонн байлаа. Түгээлт, борлуулалт дээр ямар нэгэн асуудал үүсээгүй бөгөөд арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 22,100 тонн шахмал түлш нөөцтэй байсан. Энэ нөөцөөрөө сар шинийн баярыг өнгөрүүлэх төлөвлөлттэй байгаа. 


Өнгөрсөн 7 хоногийн Даваа гарагт нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу зорилтот бүлгийн өрхүүдэд шахмал түлш олгох үүрэг хүлээж авсан. Энэ хүрээнд нийслэлийн Нийгмийн халамжийн газраас 6,094 өрхийн мэдээллийг гаргаж өгснийг үндэслэн шахмал түлш олгох гэж байна. Тухайн өрхүүдийн шахмал түлшний картыг цэнэглэж өгөх бөгөөд иргэд өөрсдөө очиж түлшээ авах зохицуулж хийж байгаа. 


Цагдаагийн 102 дугаар иргэдийн мэдээлэл маш их ирж байна. Хэдийгээр үнэн биш дуудлагууд ирсэн ч гэсэн мэдээлж байгаа нь зөв юм. Иргэд хөршдөө, хажуу айлдаа анхаарал хандуулж, хар утаа гарч байгаа талаар мэдээлж байгаа нь чухал. 


Нийслэлийн айл өрхүүдийг стандартын шаардлага хангасан зуухаар хангах асуудлыг үе шаттайгаар зохион байгуулах эрх зүй, эдийн засгийн бааз суурь бий болгох тал дээр ахиц гаргахыг хичээнэ. Нэг удаа төрөөс үнэгүй олгосон, дахин тийм боломж байхгүй. Тиймээс ногоон зээл, өөр санхүүгийн боломжуудыг судална" гэдгийг хэллээ. 


Өнгөрсөн долоо хоногт хийсэн хяналт шалгалтын үеэр түүхий нүүрс түлж байсан нэг зөрчил, Улаанбаатар хотоос сайжруулсан шахмал түлш гаргах гэж байсан хоёр удаагийн үйлдлийг илрүүлжээ. 


Зорилтот бүлгийн 6,098 өрхөд хүндрэл чирэгдэлгүй байх үүднээс долоо хоног бүр зургаан шуудай нүүрсийг зургаан долоо хоногийн турш олгох юм байна. 




"Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа ОНӨТҮГ татан буугдсанаар төсөл хэрэгжүүлэх ажилд өөрчлөлт орохгүй"

 Эх сурвалж: ikon.mn, 2022.01.03






Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ыг татан буулгасан.


Үүнтэй холбоотойгоор Дүүжин тээвэр нэвтрүүлэх төсөл хэрхэн үргэлжлэх талаар Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан албаны эх сурвалжаас тодруулахад "Уг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн статус нь л өөрчлөгдөж байгаа.


Өөрөөр хэлбэл, уг төсөл цааш хэвээр үргэлжлэх бөгөөд Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа ОНӨТҮГ татан буугдсанаар төсөл хэрэгжүүлэх ажилд ямар нэг өөрчлөлт орохгүй.


Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар гэдэг статус нь буруу гэж үзсэн тул зөвхөн статусыг нь өөрчилсөн. Одоо тус газар нь Франц улсын Засгийн газрын зээлийн хөрөнгөөр төсөл хэрэгжүүлэгчийн л статустай болсон гэсэн үг.


Нийслэлийн нийтийн тээвэрт Дүүжин зам тээвэр нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэхээр Франц болон Монгол Улсын Засгийн газрын хооронд хийсэн гэрээ бий. Тиймээс энэ төсөл Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалаар баталсан журмын дагуу явагдах ёстой" гэсэн тайлбар өгөв.


"Дүүжин тээвэр нэвтрүүлэх төслийн маршрут чиглэлд нь бага зэрэг өөрчлөлт орж байгаа"

Мөн энэ тухай Шадар сайд С.Амарсайхан “Энэ төсөл зогсохгүй. Өмнө нь байгуулагдсан ажлын хэсэг, төслийн нэгжийн зохион байгуулалтыг өөрчилж, шинэчилж байгаа.


Үүний ажлын хэсэг Сангийн яам дээр байгуулагдах бөгөөд нийслэлтэй хамтарч энэ төслийг цааш хэрэгжүүлэхээр болж буй гэсэн үг.


Түүнээс УИХ-аар батлагдсан төсөл зогсоно гэдэг асуудал байхгүй. Миний ойлгож байгаагаар, зарим маршрут чиглэлд нь бага зэрэг өөрчлөлт орж байгаа.


Дүүжин тээвэр бол хамгийн зөв шийдлүүдийн нэг. Учир нь газар чөлөөлөлт бага орохоос гадна байгаль орчинд ээлтэй. Мөн дэлхийн олон хот ихээхэн нэвтрүүлж байгаа нийтийн тээвэр” хэмээн өнөөдөр хэвлэлүүдэд ярилцлага өгсөн юм.


Эргэн сануулахад,  Анх Улаанбаатар хотод Агаарын дүүжин тээврийг нэвтрүүлнэ хэмээн УОК-ын дарга С.Амарсайхан нийслэлийн Засаг дарга байх үедээ танилцуулахдаа "2021 оны зургаадугаар сард эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3,4 дүгээр хороолол чиглэл ашиглалтад орно" хэмээн хэлж байв. 


Улмаар 2020 оны долдугаар сарын 31-ний өдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар "Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулж, түүнээс хойш сар орчмын дараа төслийн гүйцэтгэгч компани болох Пома групп рүү 16.2 тэрбум төгрөг Эжис рэйл ХХК-руу 6.1 тэрбум төгрөгийг эхний урьдчилгаа болгон тус тус шилжүүлсэн мэдээлэл "Шилэн данс" системд байршсан байсан. 


Түүнчлэн 2021 онд Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа ₮51.9 саяар эд хогшил авч, ₮242.9 саяыг цалинд зарцуулсан бөгөөд 2022 онд нийслэлийн төсөвт дахин 490 гаруй сая төгрөгийг суулгаад байгаа юм.

Улаанбаатарын иргэдийн ЭРХ, ҮҮРЭГ

Сурвалж: ikon.mn, 2022.01.03






Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлт 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж байна. Энэхүү хуульд нийслэлийн иргэдийн эрх, үүргийг зааж өгчээ. Хуулиас иргэдэд хамаатай заалтуудыг хүргэж байна.


32 дугаар зүйл.Нийслэл хотын оршин суугчийн эрх, үүрэг


ЭРХ


  • Нийслэл хотын оршин суугч Монгол Улсын Үндсэн хууль бусад хуульд заасан үндсэн эрх, эрх чөлөөг эдлэхээс гадна дараах эрхтэй:
  • нийслэл хотын удирдлагын шийдвэрийн талаар мэдээлэл авах;
  • хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, эдэлбэр газрын бүсчлэлийн дүрэм боловсруулахад санал өгөх, хэрэгжүүлэхэд оролцох;
  • нийслэл хотын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал гаргах, хувь нэмэр оруулах;
  • хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, бүсчлэлд заасан суурьшлын бүсэд оршин суугаа бол дэд бүтцийн үйлчилгээгээр хангагдах;
  • хуульд заасан бусад.


ҮҮРЭГ


  • нийслэл хотын удирдлагаас гаргасан шийдвэрийг биелүүлэх;
  • хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд заасан суурьшлын бүсэд оршин суух;
  • нийслэл хотын дүрэм, стандартыг дагаж мөрдөх;
  • нийтийн эзэмшлийн эд зүйлийг зохистой ашиглах, орчныг цэвэр байлгах;
  • хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, бүсчлэлийн дүрмийн дагуу орон байр, орчноо тохижуулах;
  • хуульд заасан бусад.
  • Нийслэл хотод зорчигч этгээд энэ хууль, бусад хууль тогтоомж, нийслэл хотын удирдлагаас хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрийг сахин биелүүлэх үүрэгтэй.
  • Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага


Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ хэмээн заажээ.


ХУУЛЬ БҮРЭН ЭХЭЭРЭЭ ЭНД